Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтдэлгэр: “18 нас” дууг дуулж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн босгоор алхаж байлаа

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Б.Цогтдэлгэртэй ярилцлаа.


-Монголын рок попын ХХ зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн босгоор хэрхэн алхаж байв. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-“Соёл-Эрдэнэ”-д орохоос өмнө 1986 онд би Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх “Кума” хамтлагийн гоцлол дуучин байлаа. 1990 онд олон аймаг, хотын залуус оролцдог эстрадын дуу дуулаачдын “Одод 90” нэртэй уралдааныг соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай зохион байгуулж байсан. Энэ уралдаанд би хамтлагийнхаа Маштөгстэй хамт оролцоод тэргүүн байр эзэлж байлаа. Тэр үед л анх “Соёл-Эрдэнэ” хамтлаг алдарт “18 нас” дууг дуулж шалгаруулалтад орж байлаа. Харин албан ёсоор хамтлагийн гишүүн болсон нь 1993 он юм даа. Тэр жилээ би бас СУИС-д орж дуурийн дуу дуулаачийн ангид хоёр жил сурч төгссөн.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагтай хэд хэдэн олон улсын дууны уралдаанд амжилттай оролцож байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Олон улсын дуулаачдын тэмцээнд олон удаа оролцож байсан шүү. Анх 1997 онд БНАСАУ-ын Пхеньянд болсон “Хаврын баяр” наадамд “Соёл- Эрдэнэ” хамтлагаа төлөөлж оролцоод, “Алтан цом” авчирч байлаа. Сүүлд 2005 онд энэ наадамд түрүүлсэн.

-“Соёл-Эрдэнэ”-д байхдаа гол төлөв хөгжмийн зохиолч З.Зундарийн уран бүтээлүүдийг дуулдаг байжээ?

-З.Зундарь гэдэг чинь Монголын рок попын том эцэг хүн л дээ. Том гавьяа байгуулсан хүн. Энэ эрхмийн зохиосон эрэгтэй талын бүх л уран бүтээлийг дуулсан даа. “Сайхан аа”, “Сэтгэлийн уянга” гэх мэт тухайн үеийн залуусын амны уншлага болсон сайхан уран бүтээлээр тайзан дээрээс мэндчилж байлаа. Өнөө хэр нь дуулагдсаар байдаг даа.

-Нэгэн үеийн дуучдынхаа талаар дурсахгүй юу?

-Ардчиллын буянаар дуучид, уран бүтээлчид бүтээлээ чөлөөтэй туурвиж эхэлсэн. Шуудхан хэлэхэд орцонд гитартай дуулж байсан залуус нэгэн тайзан дээр хамтдаа гарч уралдаан тэмцээнд орж, уран бүтээлээрээ өөр хоорондоо өрсөлдөж байлаа. “Харанга”, “Харш”, “Айзам” гээд рок попын сор болсон хамтлагуудын суурь энэ үед л тавигдсан. Одоо хэр нь дуунууд нь залуусыг байлдан дагуулсаар л яваа шүү дээ.

-Та “Соёл-Эрдэнэ” хамтлагт байхдаа “Сэтгэлийн жигүүр” дууг олон ч тоглолтод дуулж байсан. Энэ дуу төрсөн түүх нь сонин байх?

-Олон ч жил эгшиглэж байна даа. “Сэтгэлийн жигүүр” дууны шүлгийг бичсэн Базарвааний Мангалжав 1978 онд бурхны оронд одсон хүн. Түүний энэ шүлгэнд 1971 онд хөгжмийн зохиолч Цэндсономын Чимиддорж ая хийж радиогийн дуучин Л.Оюунчимэгээр дуулуулж бичүүлснийг үзэгч, сонсогчид мөн ч сайхан хүлээн авсан. 1973 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт ороод удаагүй байсан З.Зундарь шарлаж Мангалжав эмчийн ажилладаг Халдвартын эмнэлэгт хэвтсэн байдаг. Сар гаруйн дараа бие нь сайжирсан Зундарь эмчийн өрөөнд орж эмчлүүлсэн тухай тодорхойлолт бичиг авах үедээ дор нь байсан ганц хоёр цаастай нь хамт авч гарсны дотор “Сэтгэлийн жигүүр”, “Сайхнаа чи минь” гэсэн дууны үг байсан юм билээ. З.Зундарь гэртээ харьсан хойноо шүлгүүдийг олж үзээд “Мангалжав эмч надад ая хийгээрэй гэж өгсөн байх” гэж бодоод өнгөрсөн гэсэн. Гэтэл гэргийдээ зориулсан тэр хоёр дууны шүлгээ Мангалжав эмч “Цог” сэтгүүлд хэвлүүлэхээр бичгийн машинаар цохиулаад ширээн дээрээ тавьчихсан нь тэр байж. Ийм л нэгэн үл ойлголцлын эцэст Монголын эстрад урлаг, рок хөгжмийн сонгодог дууны нэг, алдарт “Сэтгэлийн жигүүр” дуу төрсөн түүхтэй.

Бага тойргийн 60 айлын орон сууцанд амьдардаг Мангалжав эмчийнхээр хөгжмийн залуу зохиолчид аз туршиж их гүйсэн ч хэн нь ч амжилтад хүрээгүй дээ. Гайхамшиг ганц л байдаг юм билээ. З.Зундарийн ая “Сэтгэлийн жигүүр”, “Сайхнаа чи минь” зэрэг дууг алдарт дуучин Б.Баяраа дуулж ард түмнийхээ зүрх сэтгэлд хүргэсэн юм.

-Олон хүний сэтгэлд хоногшсон “Түүнд би хайртай байсан дуу” хэрхэн бүтэж байв?

-Одоогоос 45 жилийн тэртээ 1973 онд яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг гэж эмэгтэй энэ дууны шүлгийг тэрлэсэн байдаг. Үүнээс арав гаруй жилийн дараа 1988 онд миний багш хөгжмийн зохиолч Алтангэрэлийн Батсүх аялгууг нь хийж надад өвлүүлж байсан түүхтэй. Багшийнхаа уран бүтээлийг анх тайзан дээр дуулж байснаа ердөө мартдаггүй юм.

-Удахгүй болох тоглолтоо “Түүнд би хайртай байсан дуу”-гаараа нэрлэсэн байсан?

-Миний хамгийн анх дуулсан, намайг олонд таниулсан уран бүтээл л дээ. Тийм ч учраас анхны дуугаа бэлгэдэж энэ нэрийг сонгосон хэрэг. Анх дуулснаас хойш 30 жил өнгөрчээ. Чанартай сайн бүтээл гэдэг 30 битгий хэл, 100 жил ч оршин тогтнодог гэдгийг баталж байгаа дуу гэж дотроо боддог юм. Энэ уран бүтээлээрээ олон улсын уралдаанд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан түүхтэй.

-Энэ дуу “VOICE” шоуны тайзан дээр эгшиглэсэн нь олон хүнийг уулга алдуулсан шүү?

-Монголын томоохон шоу нэвтрүүлэгт оролцож нэрийн хуудас болсон дуугаа өргөсөн нь залуу үеийн сонсогчдод 1990-ээд оны урлагийн гоё сайхныг мэдрүүлэх зорилготой байсан. Ярих юмгүй, зохион байгуулалт дээд зэргээр хангагдсан сайхан шоу болсон доо.

-Тоглолтынхоо талаар ярихгүй юу. 1990-ээд оны сор болсон уран бүтээлчид нэгэн тайзанд чуулах нь ээ?

-Урлагийн төлөө 30 зүтгэхдээ хийсэн уран бүтээлүүдээсээ шилж сонгож байгаад л тоглолт дээрээ дуулахаар болсон. Үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээл эгшиглэх болно. “Хотын гэрэлт гудамж”, “18 нас” зэрэг олон уран бүтээлийн чимэглэл, найруулгыг хийж байсан Батболд маань 20 жилийн дараа миний хүндэтгэлийн цэнгүүнд гоцлол даралтат хөгжимчний үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ мэт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн сүнс нь болж байсан хөгжимчид энэ үдэш нэгэн тайзанд цуглах болно. Миний хувьд “Мөрөөдөл”, “Шаналахуй” гэх мэт сайхан дуунуудаа хүргэнэ. Дууны хуучин гэдэг өөрөө дандаа сайхан дурсамж дагуулж байдаг л даа.

-Таны хүү бас л урлагтай ойрхон байж, хөгжмийн нэвтрүүлэг хийж байгаа харагддаг?

-Миний ууган хүүг Зэндмэнэ-Эрдэнэ гэдэг. Монголын дууны, дэлгэцийн урлагт өөрийнхөө дүр төрх, дуу хоолойг таниулж яваа сайхан хүү бий. Эрдэнэтийн “Кума” хамтлагт гоцлол дуучин байхдаа “Бидний бахдал Эрдэнэт” гэж дууг их дуулдаг байлаа л даа. Тус дууны эхний бадагт

“Зэндмэнэ-Эрдэнийн өргөөг цэнгэлийн дуугаар сэрээж

Зэлүүд байсан газарт шинэ амьдралыг өрнүүлсэн

Бид анхны иргэд билээ

Бид алдрын эзэд билээ

Бид Эрдэнэтийн эзэд билээ” гэж байдаг. Иймээс хүүдээ Зэндмэнэ-Эрдэнэ гэж нэр хайрласан. Хүү минь маргааш болох тоглолтын маань хөтлөгчөөр ажиллаж, хажуугаар нь ая дуугаа өргөнө. Мөн охины маань төрсөн өдөр тохиож байгаа.

-Амьд хөгжмийн гайхамшиг нь юу?

-Тэр орой, тухайн цаг мөчид дуугарсан нот дахиж эгшиглэдэггүй. Тухайн мөчид л цугласан олон гайхамшгийг мэдэрч сэтгэл ханамж авна. Хүнээс асар их бэлтгэл сургуулилт шаардана.

-Та ямар хамтлагийн дуу сонсч өссөн бэ?

-Рок, болон сонгодог урлагийн дууг сонсч баясч өссөн дөө. Миний хүүхэд байхад пянзны эрин үе байсан учраас их хорхойтой байлаа. Уитни Хьюстен, Майкл Жексон, Майкл Уолтон гээд оддын дууг сонсч биширч явсан үе надад бий. Одооных шиг гар утсан дээрээ татаад сонсохгүй шүү дээ. Дуу цацраагчаар кайф авч сонсоно шүү дээ. Дээрээс нь Италийн сонгодог урлагийг сонирхоно.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгосон билээ. Энэ жил эл өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” гэсэн уриатай тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор аж. Үүнээс 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохорлоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11-н буюу өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс болж харааны бэрхшээлтэй болжээ.

Харин хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатэй болно гэдгийг нүдний эмч хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй айлчлал, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Валютын ханшийн савлагаа нь Засгийн газар, Монголбанкны ажлын уялдаа холбоо алдагдсанаас болсон

-МОНГОЛБАНК ОЮУ ТОЛГОЙГООС АМ.ДОЛЛАР ХУДАЛДАН АВЧ БАЙНА-

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Ам.доллар төгрөгийн эсрэг маш хүчтэй чангарч байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Валютын ханшийн савлагааг дэлхийн худалдааны дайнтай холбоотой гэх юм. Та үүнтэй санал нийлэхгүй байгаа юм билээ. Таны байр суурь яг юу юм бэ?

-Сүүлийн үед ам.долларын ханш өдөр өдрөөр өсч байгаа нь сайн зүйл биш. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Бензин шатахууны үнэ өсч байна гэсэн шүүмжлэл ч үүнтэй холбоотой. тиймээс маргалдаад байх зүйл байхгүй. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Валютын ханшийн энэ савлагаа нь Засгийн газар, Монголбанкны уялдаа холбоо алдагдсанаас болсон гэж хэлнэ. Бүлгийн хуралдааны үеэр Сангийн сайдын төсвийн мэдээллийг сонссон. Сангийн сайдаас валютын ханшийн талаар асуухад “Энэ Монголбанкны асуудал” гэж Ч.Хүрэлбаатар сайд өөрөө хэлсэн нь ямар ч уялдаа холбоогүй байгаа гэдгийг нотолж байгаа юм. Ажиглаад байхад эрх баригчдын буруу гэж байхаа болилоо. Ардчилсан нам буруутай. Эсвэл дэлхийн эдийн засгийн дайн буруутай гэдэг. Сүүлд орж ирсэн Валютын зохицуулалтын хуулиар эцэстээ ард түмэн буруутай болж таарсан. “Албан бус ам.долларжилт явж байна. Иргэд ам.доллар авч хуримтлуулаад ам.долларын ханшийг өсгөөд байна” гээд байгаа юм. Бурууг бусдад тохож болохгүй.

Валютын ханшийн савлагаа яг юунаас болоод байгаа юм бэ?

-Ам.долларын ханш чангарч байгаа хэд хэдэн шалтгааныг том зургаар нь харъя. Нэгдүгээрт, энэ жил импорт огцом өссөн. Монголбанкны мэдээлж буйгаар импорт өнгөрөгч оноос 40 хувиар өссөн байна. Асар том тоо шүү. Хэрэглээний эдийн засагтай манай орны хувьд импортын хэрэглээ 40 хувь нэмэгдэхээр ам.долларын хяналт алдагдах нь аргагүй биз дээ. Тиймээс Засгийн газар ам.долларын хяналтаа алдсан. Ам.долларын ханшийн савлагаанаас экспортлогчид хожиж, дотоодын үйлдвэглэгчид алддаг ийм л жамтай. Ам.долларын ханшийн зөрүүнээс ашиг унагаж болно. Төсөв эерэг байж болно. Зарим нэг аж ахуйн нэгж ашигтай байж болно. Үүнээс үүдэх инфляцийн өсөлт нь ард түмний нуруун дээр ачаа болж очдог энэ дүр зураг өнөөдөр нотлогдож байгаа юм.

Хоёрдугаарт, 2018 оны төлбөрийн тэнцэл статистикийн мэдээллээр хасах гарч байна. 800 гаруй тэрбум төгрөгийн хасахтай буюу алдагдалтай гарна гэдэг чинь том тоо байхгүй юу. Энэ нь бид гадаадад гаргаж зарсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг бүтэн авч чаддаггүй юм байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ тэнцлийн хасах зөрүү нь ам.долларын Монголд орж ирэх хэмжээг эрс багасгаж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энгийн утгаар нь авч үзвэл нийт гарч буй экспортын бараа бүтээгдэхүүний мөнгө Монголд орж ирэлгүй гадаадын ямар нэгэн дансанд үлдчихээд байна.

Гуравдугаарт, Сангийн яамны зүгээс “Бид арилжааны банкуудад үнэт цаас зарахаа болиод 5-18 хувийн өндөр хүүтэй бондоо татаж авсан” гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Өндөр хүүтэй зээл авахаа болилоо гэдэг нь сайн мессэж. Үүнтэй би санал нэгдэнэ. Гэтэл баланс дээрээс эргээд хартал Монголбанкинд зарж буй үнэт цаасны хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудаас болиод Монголбанктай харьцаж эхэлсэн байхгүй юу. Хүү нь бага байж болно. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэжээ гэсэн үг. Бэлэн мөнгө эдийн засагт нэмэгдэх тусам долларын эрэлт, импортын эрэлт хэрэгцээтэй уялдаад долларын ханшийг өсгөх үндсэн нэг шалтгаан болж байна.

Дараагийн шалтгааныг би Оюу толгойтой холбон хэлье. Аливаа улс орон, хүмүүс юмаа зарахдаа мөнгийг нь авчихаад зардаг биз дээ. Мөнгө нь буцаж орж ирж байж дараагийн ажил явах ёстой. Гэтэл Оюу толгой дээр тийм зүйл алга. Оюу толгойн гадаадад борлуулж буй бүтээгдэхүүний мөнгө Монголын арилжааны дансаар дамжиж орж ирдэггүй. Энэ нь төлбөрийн тэнцэлд нөлөөлж байгаа. Өөр нэг ноцтой зүйл хэлье. Оюу толгой валютын арилжаа хийж байна. Валютын томоохон экспортлогч валютын арилжааг Монголбанк, арижлааны банкуудтай хийж байгаа нь асар том бодлогын алдаа. Өөрөөр хэлбэл Монголбанк Оюу толгойгоос ам.доллар худалдан авч байна.

-Нэг компани валютын арилжаа хийгээд байна гэсэн үг үү?

-Тийм. Энэ нь валютын эрүүл харилцааг гажуудуулж байгаа юм. Аж ахуйн нэгж валютын арилжаа хийхгүй л байхгүй юу. Яагаад гэдэгт Засгийн газар хариулт өгөх ёстой. Дараагийн хүчин зүйл нь далд эдийн засгийн тухай яригдаж байгаа. Далд эдийн засагт авлига хүртэл орно. 1.3 сая ам.доллар айлын гэрээс хураалаа гээд яриад байгаа биз. Энэ ч бас хамаарна. Далд эдийн засаг валютын хэрэглээн дээр явж эхэллээ. Тиймээс валютын хэрэгцээг өсгөж байна. Монголбанк нэг хоногт ам.долларыг тогтворжуулах интервенц хийхийн тулд 20-30 сая ам.доллар гаргаж байгаа байх. Гэтэл далд эдийн засагт зөвхөн нэг хүнээс 1.3 сая ам.доллар гарч ирж байна гээд бод доо. Цаана нь ямар хэмжээний ам.доллар хэдэн хүнд байгаа вэ гэдгийг тооцож үзвэл асар өндөр тоо гарна. Үүний хяналт байхгүй болсон.

Өөр нэг хүчин зүйл нь зохисгүй хэрэглээ. Монголд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тусам тансаг хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь үнэтэй автомашины борлуулалтыг нэмэгдүүлж байна гэж яриад байгаа биз. Дараагийн шалтгаалж буй хүчин зүйл нь импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого орхигдсон. Ажлын байр хумигдана гэдэг нь сөрөг үр дагавартай. Түүнээс биш ам.долларын ханшийн өсөлт дэлхийн худалдааны дайнтай огт холбоогүй. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Уул уурхайн бүтээгдэхүүний өсч валют орж ирж байхад ам.долларын ханшийг тогтвортой барих бүрэн боломжтой. Харин бодлого нь орхигдсон. Миний нэрлэсэн бүхэн төрийн бодлого орхигдсоны тод жишээ. Үүнээс болж иргэд хохирч байна гэж ойлгож болно. 2010-2011 оны үед эдийн засаг 17 хувь хүрч өсөхөд энэ дүр зураг харагдсан. Тиймээс төрийн бодлогогүй үйл ажиллагаанаас ийм нөхцөл байдалд хүрсэн гэдгээс өөрөөр харах ямар ч боломж алга.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ам.долларын ханшийг зориудаар өсгөөд байгаа юм биш үү. Нүүрс, зэс, алтны экспорт өндөр байгаа үед валютын ханш өсвөл төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж түүгээрээ цалин, тэтгэвэр нэмэх гээд байна гэж харагдах юм?

-Төсвийн орлогоо ийм байдлаар нэмэх боломж бий. Гэхдээ үүнийг нотлоход хэцүү. Валютын ханш өссөний дараа яах нь чухал биш. Харин валютын ханшийг өсгөхгүй байх нь чухал. Түмнээ бодож байгаа бол бид үүн рүү явах байсны хөл, толгой хоёрыг нь бид сольчихоод байгаа юм. Бүх зүйлийг өнгөлөн далдлах маягаар явах гээд байна. Бодит байдал дээрээ макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтөөс бусад дээрээ уначихаад байгааг маш хурдан засах ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг олон жил улстөржүүлж биднийг шүүмжилж байгаа. 2012-2016 оны хооронд эдийн засаг ямар байсныг бүгд мэднэ. Энэ үед дөрвөн жил бензиний үнийг, дөрвөн жил бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгасан, бид. Монголын ард түмэн алдаагүй байхгүй юу. Ард түмэн илүү ачаа үүрээгүй.

Харин өнөөдөр ямар байгааг харьцуулаад хар даа. Тийм хүнд үед явах зарчмаараа явж болж байсан Монголын эдийн засаг өнөөдрийн ийм өндөр өсөлттэй эдийн засгийн үед яагаад ингээд хөөсөрчихөв. Төрийн бодлого байхгүй байгаагийн хамгийн том илрэл энэ мөн. Үүнийг хаацайлж, хэн нэгэнд буруугаа чихэх утгагүй.

-Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед ам.доллар 25 төгрөг байсан. Цалин нэмэх шалтгаанаар ам.долларын ханшийг үе үеийн Засгийн газрууд хөөрөгдөж ирсэн. Хөөргөдсөн ханшийн зөрүүнээс нэмэгдлээ олж байсан. Өнөөдөр ч гэсэн ирэх онд цалин нэмнэ гэсэн тэр амлалтдаа хүрэхийн тулд ам.долларын ханшийг зориудаар өсгөөд байгаа юм биш үү?

-Яагаад ингээд байдгийг нь энэ эрх баригчдаас асуу. Бид эдийн засгийн хүндрэлтэй дөрвөн жилийн хугацаанд бид импортыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд, эдийн засгийн хамгийн хүнд үед 1400-гаас 1900 болж 500 төгрөгөөр л ханш савсан. Тэд эдийн засгийн өсөлттэй гэчихээд 1900 төгрөгөөс 2600 төгрөг хүртэл савлууллаа. 700 төгрөгөөр ханш савсан байгаа биз. Асуудал байгаа биз. Үүн дээр л хариулт нэхээд байгаа юм. Бидэнд улс төргүй хариулт хэрэгтэй. Түүнээс биш өөрийгөө хамгаалсан, улстөржсөн хариулт хэнд ч хэрэггүй. Ингэж байж бид сөрөг хүчний үүргээ биелүүлэх ёстой. Бусад руу буруугаа чихэхээс илүү өөрсдийнхөө бодлогыг гаргаад ир. Эрүүлээр ярилцъя. Монголчуудын эрх ашиг шүү дээ. Иргэдийн цалинг нэмж чадахгүй, ОУВС-д бүх зүйлээ чихдүүлчихсэн, баахан зээл нэмээд авчихсан. Бүх эдийн засгийн үзүүлэлтүүд чинь хүний хэрэглээн дээр очдог үзүүлэлт байхгүй боллоо гэдгийг хамтдаа ярилцъя. Валютын ханшийн савлагааны учир байдлыг бид нарийн тооцож гаргах хэрэгтэй. Миний хувьд учир шалгаануудаа дээр хэлчихлээ. Энэ бүгдтэй маргах хүн цөөхөн байх болов уу.

-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдээр тооцож орж ирсэн юм бэ. Төсвийн номон дээр харагдаагүй. Сангийн сайд бол 2530 төгрөгөөр тооцно гэж байсан?

-Уг нь жил бүрийн төсвийн номон дээрээ тооцооллыг тавьдаг байсан чинь энэ жил ам.долларын ханшийг тавилгүй оруулж ирсэн. Би чуулган дээр зориуд “Долларын ханшийг яагаад тавиагүй юм бэ. Хэд байх юм бэ” гэж асууж байгаа нь тэр. Сангийн сайд “2530” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 2570 төгрөг байна. Ямар тооцооллоор хийгээд байгаа юм бэ. Бүр буулгах гээд байгаа бол сайн. Гэхдээ хэрэглээ ингэж савласан үед энэ хүмүүс буулгаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Шатахууны үнийг чөлөөтэй хаячихсан чинь үнэ нь өсчихсөн. Үүнийг буулгана гэдэг адармаатай. Шатахууны үнэ өсөх нь дамжиггүй. Учир нь ам.доллар савчихсан юм чинь импортлогч компаниуд ийм өндөр үнээр л авч байгаа нь ойлгомжтой. Намайг хэн юу гэж хараах нь хамаа алга. Гуравхан сая хүн амтай Монгол Улс гуравхан сая хүнийхээ хамгаалах шаардлагатай зүйлийг төр хамгаалалтдаа авах ёстой. Үүнд монгол хүний өдөр тутмын хэрэглээний стратегийн бүтээгдэхүүнүүд хамаардаг. Үүнд шатахуун ордог. Энэ шатахуун хүний амьдралд бүү хэл бүх аж ахуйн нэгжүүдэд нөлөөлдөг зүйл. Хоёр дахь нь улаанбуудай, гурил, талх юм. Яагаад үнэ тогтворжуулах төрийн бодлогыг үгүйсгээд байгаа юм бэ. Бид чөлөөт зах зээлд орсон нь үнэнч гуравхан сая хүнээ хамгаалах төрийн бодлого байхгүй бол төр гэж байгаагийн учир нь юу юм. Үүнд нэг их мөнгө хэрэггүй. Монгол Улс жилдээ нэг сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авч байна. Нефть импортлогч компаниуд үүн дээр хэдхэн хувийн зөрүү гаргаж ашгаа хийж байгаа. Энэ зөрүү нь хэд юм бэ гэдэг тооцоо гаргахад буцаад нэг сая ам.доллар хүрэхгүй нь ойлгомжтой. Гурил, улаанбуудай дээр ч ялгаагүй. Нийт улаанбуудайн хэрэгцээгээ талх болгоход монголд хэдий хэмжээний эргэлтийн мөнгө хэрэгтэй вэ гэвэл 200 тэрбум. 200 тэрбум төгрөгөөр нөхөн олговор олгож үнэ тогтворжуулна гэж байхгүй. Гэхдээ монгол хүнийг эрүүл хүнсээр хангахын тулд бид энэ асуудлыг зайлшгүй ярилцах ёстой. Бүтээгдэхүүн импортлогч нарын ашгийн зөрүүний хохирлыг арилгах, ард түмэнд очиж буй үнийг тогтвортой байлгахын төлөө улс эдийн засгийн өсөлтийнхөө мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулж байхаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Ардчилсан намын хийсэн бүхэн буруу юм бол энэ төр өөрсдийн зөв зүйлийг хэрэгжүүлэх ёстой юм. Хэрэгжүүлж байгаа нь хаана байгаа юм бэ. Өмнөхөө буруу гэж байгаа бол ямар нэгэн зөв замыг сонгосон байх ёстой. Бүгдийг буруу руу чихэж байна.

-Сангийн сайд ам.долларын ханшийг 2530 төгрөгөөр тооцсон гэж амаараа хэлсэн. Оруулж ирсэн төсвийн баримт бичиг дээр нь үнэ бичигдээгүй байна. Тэгэхээр ирэх онд ам.долларын ханш 2600, 2700, 2800, 2900 магадгүй 3000 төгрөг ч хүрч болох нь ээ?

-Сангийн сайдаас л асуу. Бидний хэлж байгаа ганц зүйл нь орлого, зарлагын тооцоолол чинь зөв байх ёстой шүү. Энэ нь алдагдаж, хэтэрхий хөөсөрсөн байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиар ДНБ-ий өсөлтөд харьцуулсан орлого, зарлагыг харьцуулсан тодорхой тоо хэмжээ бий. ДНБ өссөн гэдэг нэрийн доор орлогоо зохиомлоор нэмдэг, зардлаа зохиомлоор өсгөдгөө боль. Зардал өсгөх тусам үнийг хөөрөгдөл, инфляци, ханшийн уналт үргэлжилнэ. Учир нь бид хэрэглээг улам өдөөгөөд байгаа юм. Хэрэглээ өдөөгдөхөөр валютын ханшаа барьж чадахаа болино. Ингэснээр үнэ хөөрөгдөж эцсийн дүндээ ард түмний нуруун дээр сөргөөр буугаад байна. Үүнийгээ эргэж хар гэж Ардчилсан нам шаардаж байгаа юм. Энэ эрүүл бөгөөд зөв, шударга шаардлага.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 17 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенц, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай,Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Алтай таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүртэл (II)

Түрүүч нь №194(6037) дугаарт


Алтай таван богд байгалийн тансагхан зохицол ажээ. Хөрөөний ир шиг мөнх цаст уулсынхаа эхэнд манан будан татан, том том ширхэгтэй цас малгайлан будрах юм. Бүр зарим үедээ тэнгэр хангай хуйсагнаж, салхи хүнгэнэн цасаар шуурч үзэгдэнэ. Тэнд мөнхийн өвлөөрөө байдаг болоод хэдэн сая жил болж байгаа билээ. Харин уулсын хормой, Цагаан голын эхэнд зун болж байх. Голын эргээ дагаад нов ногоон болчихсон. Хөндий талаар дүүрэн цэцэгс алаглан, хээрийн салхинд найган ганхах юм. Монголын баруун хязгаар мөнх цаст уулсын дунд зун, өвлийн зохицол ингэж л айл, саахалтын зайтай оршин байна. Цаг агаар дулаарч, долоон сар дөнгөж гарангуут нутгийн хэдэн айл адуу, сарлаг, хонь, ямаагаа туугаад уулын эх рүүгээ гарч зусна. Ирсэн, буцсан жуулчдыг морь унаагаар хөл залгуулахаас эхлээд ачаа барааг нь Хоног толгой руу үүрч дүүрч явах, тэмээгээр ачааг нь зөөх гээд зунжин завгүй ажиллана. Алтай таван богдын наахна байх жижигхэн толгодыг жуулчид Хоног толгой хэмээн нэрлэдэг болжээ. Малчны оргил дээр гарахаар ирсэн уулчид Хоног толгой дээр майхнаа хатгаж, хэд хоноод өглөө эрт авиралтаа хийдэг байна. Тува залуус Цагаан голын эхнээс нэг үүргэвч ачааг 40 мянган төгрөгөөр үүрдэг. Тэмээгээр ачааг нь зөөхдөө 50 мянган төгрөг авдаг гэнэ. Харин морио 25 мянган төгрөгөөр хөлсөлдөг аж. Тэндхийн айлууд гэрийнхээ хаяанд цэрэг эмээл эгнүүлээд тавьчихсан нь ийн ачаа хөсөгт бэлнээ хэлж буй хэрэг.

60 САЯ ЖИЛИЙН ТЭРТЭЭ ТОГТСОН МӨС ХАЙЛЖ, УРСАХЫН ХОР УРШИГ

Тэнгэр хангай бүрхэг цасан шуурга шуурч, бороо орж мэдэхээр байсан учир бид Цагаан голын эх хүрээд л буцсан юм. Цаг уур орчны шинжилгээний судлаачид, МУИС-ийн Мөсөн гол судлалынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Алтай таван богдын мөсний хайлалтыг судалжээ. 60 сая жилийн өмнө тогтсон мөс сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлах болсон байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө мөсийг нь өрөмдөхөд тэс хөлдүү байжээ. Ган өрөмний хошуу хугарчих гээд л мөн ч хэцүү байсан гэнэ. Харин сүүлийн таван жил мөс зөөлөрч уясаад,өрөмдөхөөр өрөмний хошуу амархан ордог болсон гэнэ. Судалгаагаар жилд мөсний хайлалт метрт хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, Алтай таван богдын мөс цаг наргүй хайлж урсаж эхэлжээ. Мөсний хайлалт нэмэгдэх тусам Потан,Александ,Гранегийн мөсөн голын урсац нэмэгдэж байгаа аж. Хавар, зун, намартаа мөсөн голууд саваа халин үерлэж Хотон, Хурган нуурын ус нэмэгдэх болжээ. Дээрх хоёр нуурнаас эх авсан хоёр аймгийн 20 гаруй сумын нутгаар дайран өнгөрдөг Ховд голын түвшин ч хэд дахин нэмэгдэж, багахан бороо ороход л ай саваа халин үерлэх болсон байна. Мөнх цаст уулсын мөс эрчимтэйгээр хайлсаар дуусвал Баян-Өлгий, Ховд аймгийн 20 гаруй сум усгүй болно. Мөн цэлэлзэн мэлтрэх Хар-Ус нуур ширгэх аюулд орно гэдгийг судлаачид хэлж байв. Гэтэл Казахстаны хөрөнгө оруулалттайгаар Ховд гол дээр усан цахилгаан станц барих асуудал эрчимтэй яригдах болжээ. Техник эдийн засгийн үнэлгээ хийж, байгальд учрах сөрөг нөлөөллийг огт тооцоололгүйгээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь эрдэмтэн судлаачдын шүдний өвчин болоод байгаа гэнэ. Мөнх цаст уулсын мөс эрчимтэйгээр хайлж, урсаж байгааг үнэндээ сааруулах ямар ч арга байхгүй. Дэлхийн хэт их дулаарал багассан тохиолдолд мөс хайлалт зогсох юм гэнэ лээ. Харин байгаль орчинд хор хөнөөлтэй, эдийн засгийн ашиг тус төдийлөн их биш усан цахилгаан станц барих ажлыг бол зогсоож болно.

МАНАЙХАН ХОГ ТАРЬЖ, ГАДААДЫН ЖУУЛЧИД ЦЭВЭРЛЭДЭГ

Өөр нэг асуудал нь дотоодын жуулчид энд хэдэн мянгаараа ирэх болжээ. Гадаадын жуулчид ирэхээрээ тамхины ширхэг иш ч хаядаггүй байсан бол манайхан энд ёстой дураараа дургидаг болсон байна. Овоонд сүсэглэж байна гээд л хадаг яндар уяад л, сүү цагаа өргөж, чихэр, боов боорцог тэргүүтнийг овоонд өргөж байгаа нэрээр овоолж өгнө. Ирсэн хүн бүр л уул хангайд, залбирч мөргөөд жигтэйхэн сүсэг бишрэлтэй болдог аж. Гол нь их хайрхан руу харж мөргөж, залбирч байсан газраа сүүний сав, боов боорцогныхоо гялгар уутыг шууд хаяад, архи, ундаа, пиво гаргаж ирээд л ууцгаадаг гэнэ. Хэсэг хугацааны дараа хайрхан нь тэрүүгээр нэг лааз, сав, цаас, чихэр тамхины хайрцаг болоод хоцордог тухай нутгийн иргэд ярьж байв.

Ингээд зогсохгүй Монголын дээвэр болсон уулсын хормойд ирж, архи уусан эрчүүд “Бид ийм сайхан нутагтай. Сайхан хайрхан байна” гээд л нүдэндээ нулимстай бие биенийгээ тэвэрч аваад, үнсэж үнгээд сүйд болдог гэнэ. Ихэнх нь жуулчин Хоног толгойн тэнд хоол унд идэж ууж, наргиж цэнгэж нэг хоноод буцдаг аж. Шөнөжин шил шилээр нь архи хөнтөрсөн амрагчид маргааш нь өрвийсөн хэдэн “юм” босч ирээд, энд тэнгүй өтгөн, шингэнээ ялгаруулж, урт урт 00-ын цаас хөглөрүүлчихээд явж оддог ажээ. Бүр албан байгууллагаараа Алтай таван богдод ирээд өдөр шөнөгүй архидаж, баахан хог новш хөглөрүүлж хаяад буцдаг байдал зорин ирэх аялагчдын нийтлэг зан болсон гэдгийг нутгийнхан шогшрон ярьж байна лээ. Манайхны сайн эрчүүдийн тарьсан хогийг түүж, цэвэрлэх хүн байхгүй. Тусгай хамгаалалтынхан залхуураад “Бөөгнөрүүлж байгаад л нэгмөсөн хүний хөл татрахаар ачна” гээд л бааварлаад суучихдаг гэнэ. Харин төрийн өндөрлөгүүд ирэх сургаар Баян-Өлгий аймгаас ажлын хэсэг гарч, тэр хавийн хогийг хуу хамаад, нүүрээ угаасан хүүхэд шиг л цэмцийлгэчихдэг гэнэ лээ. Тэднээс гадна гадаадын жуулчид энд ирэхээрээ өдөржин тонголзож, манайхны тарьсан хогийг бөөгнүүлж тавьчихаад толгой сэгсрээд буцдаг гэнэ. Зарим нь бүр даахаараа үүрээд, машиндаа ачаалаад хогийн цэгт хаяхаар авч оддог байна. Гадаадын жуулчдын хөлд нэрвэгдээгүй 20 жил болсон цаст уул монголчуудын гарт ийнхүү хэдхэн жилийн дотор үрэгдэж байна. Биднийг буцах үед зөрөөд Дорнод, Сүхбаатарын улсын дугаартай дөрвөн фургон дүүрэн хүн ирсэн. Тэд Цагаан голын эхэнд зогсоод архи тойруулж уух юм. Бас болоогүй ээ, согтуу, солгой хоолойгоор дуулан хөгжилдөж, гуйвж дайвсан хүмүүс машиндаа нэг сууж, нэг буусаар үлдэв.

ЗАГАСНЫ ОРОН ХОТОН, ХУРГАН НУУРЫН МАНДАЛ ДЭЭР ДЭГДЭЭХИЙГЭЭ ДАГУУЛСАН АНГИР ХӨВНӨ

Мөсөн голуудыг өгсөж, уруудаж давхисаар Ховд голын урд эрэг дээр гараад ирлээ. Бидэнд газарчилж явсан залуугийн “69” машины урд талын их бие төмөр гагнаасаараа ханзраад, хэзээ мөдгүй салаад ойчиход бэлэн болжээ. Манай машины жолооч тэрийг нь хэлтэл “Угаасаа ханзраад байгаа юм. Тасраад ойчихоор нь гагнуулна даа” гээд тоосон шинж ер алга. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг тэр чигтээ байгалийн диваажин болсон газар ажээ. Ой модод битүү бүрхсэн, уулсын ам болгоноос горхи, булаг хоржигнон урсаж, Ховд голд тус дэм болох. Олон гол, горхиор усаа сэлбэсэн Ховд гол холын холыг зорин тэмүүлнэ. Замд байсхийгээд л нутгийн иргэдийн шарил тааралдах юм. Казахууд нэг газраа өмчлөөд авчихдаг бололтой юм. Уулын энгэрт модоор жижиг шовгор шиг байшин барьчихдаг юм байна. Тэндээ талийгаач нараа нутаглуулдаг. Холоос харахад баахан шовгор байшин барьчихсан юм шиг л харагдах ажээ. Шөнө төөрч будилж яваад хүн тавьсан газарт очиж мэдэхээр юм билээ. Ядаж байхад замын хажууд эрийтэл нь аав ээж, үр хүүхэд, ач зээ гээд л “өрчихсөн” байх нь сонин.

Өөр нэг зүйл нь Баян-Өлгий аймгийнхан уул, усны нэршлийг бүгдийг нь өөрсдийнхөөрөө сольжээ. Газрын зурган дээр байгаа бүх нэршил өөрчлөгдсөн байна. Нэг хэсэг төрийн тахилгат Алтай таван богдын нэрийг казахууд өөрчилсөн байна гээд л бөөн хэл ам болж байсан билээ. Тэр нь ч үнэн юм байна лээ. Ховд голоо өгсөөд дэгэн догонтой замаар элэг бөөрөө сольчих шахан донслууж явахдаа нэг арга бодож олсон юм. Казахууд Хотон, Хурган нуурыг Сиргалы гэж нэрлэх болсон гэдгийг Улаанбаатар хотоос гарахдаа танилаасаа мэдэж авсан байлаа. Бидэнд газарчилж яваа Бек гэх залуу навсайсан цэнхэр “69”-өө унаад машиныхаа цонхоор бүлт үсрээд ойчих вий дээ гэмээр л сүртэй нь аргагүй давхиад бараа нь үгүй алга болсон байв. Замд саарал “69” тааралдахаар нь бид зогсоолоо. Машинаас хүүхэд, хөгшид нийлсэн 20 орчим хүн буугаад ирдэг юм байна. Хүүхдүүд нь хонины хонхорт давхралдаж, эхнэр нь урд сандал дээрээ хоёр хүүхэд авч суугаад л битүү чихчихсэн сумын төв явж байв. Бид тааралдсан хүмүүстэй мэнд мэдэлцээд, зам асуулаа. “Хотон нуур энэ замаар яваад байвал очно биз дээ” гэтэл 60 гаруй насны казах эр “Би тийм газар мэдэхгүй. Хаашаа явна гэсэн бэ. Манай энд тийм нэртэй газар байхгүй” гээд л мэтгэж байна. Тэгэхээр нь “Бид нуур үзэх гэж яваа хүмүүс байна. Төөрчихсөн юм биш биз дээ” гээд л баахан сүржигнэлээ. Тэгсэн “Та нар манай Сиргалы нуурийг хэлээд байгаа юм уу” гэж ам асууж байна. Тэгснээ “Замаа өгсөөд яваад бай. Удахгүй очно” гэж хэлчихээд машиндаа суугаад давхиад явчихлаа. Жаргалант гэх нэртэй уулыг “Жанер” гэх мэтээр сольжээ.

Тэртээ холоос мөнгөн орой нь нарны туяанд гялбан байсан хөх уулс улам бүр ойртсоор л байв. Нуур дөхөж байгаа нь илтэд мэдрэгдэх ажээ. Цаанаасаа л сэрүү татаад машины кабинд халууцаж явсан бид цамцаа гаргаж өмсөв. Ховд голын урсгал улам бүр ширүүсч байлаа. Хадат хошууг ороогоод өгсөөд л байв, өгсөөд л байв. Гэтэл гэнэт цаст уулыг тольдсон их нуур мэлтэсхийтэл гараад ирдэг юм байна. Хүн бүр дуу алдаад л явчихлаа. Өндөр уулсын дунд нуур цэлийн мэлтэрч, их усан давалгаа эргээ цохин хөөсрөх ажээ. Цэв цэнгэг нуур уулсыг тольдох ажээ. Хотон, Хурган нуур 96 мөсөн голоос эх ундаргаа авдаг цэнгэг уст нуур билээ.

Морь, мотоцикль унасан залуус хоорондоо уралдан давхих аж. Мөн хотод нүдний гэм болтлоо цөөрсөн ачааны “Зил 131” машин айл бүрийн гадаа байх нь нэг л танил бөгөөд сонин. Нутгийн иргэдийн гол унаа нь УАЗ 469 автомашин хэвээрээ юм байна. Хотод харагдахаа байсан орос автомашин ч бараг айл бүрийн гадаа байх. Харин эсрэгээрээ япон машин энэ ууланд нүдний гэм. Гол болгоны дээгүүр модон гүүр тавьжээ. Ингэхдээ “69” машиндаа зориулаад барьчихсан юм шиг давчуу, жижигхэн гэж жигтэйхэн. Жолооч “Ланд 100” машиныхаа толийг нь эвхээд гүүрэн дээгүүр гарах гэж бөөн асуудал болов. Жолооны хүрдээ жаахан дарчихвал машинаа зурчих гээд, модон гүүрний мод чад, падхийн хугарч, нахилзаад ус руу машинтайгаа уначих гэж байгаа юм шиг сандаргах ажээ. Машинд суусан хүмүүсийн царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарах шахам бүлтэлзэнэ.

Гүүр дөнгөж гатлаад урт амьсгаа авч, бие биенээ шоолж наргихтайгаа болох нь таарсан гүүр бүрт тохиох хөгтэй явдал байлаа. Нуурын хөвөөнд хэдэн цав цагаан цахлай нисэн буух юм. Харин хажууханд нь дэгдээхийгээ дагуулсан ангир таахагнан алхаж явна. Хотон, Хурган нуурын ус цэв хүйтэн. Мөсөн голуудаас эх авдаг болохоор ус нь шүд хага ташим хүйтэн байдаг бололтой. Нуурын зүүн захад ноос нь сэмэрсэн цэлдэн хөх тэмээн сүрэг холыг ширтэн хивж зогсоно. Холбоо нуур загасны жинхэнэ эх орон юм байна. Хоёр, гурван мянган бээрийг туулан ирж, загас барих хүн байхгүй, нутгийн иргэд загасны мах иддэггүй болохоор нуур тэр чигтээ загасаар дүүрчээ. Бараг л хөнгөн цагаан шанагаар нуурын уснаас хутгахад л дүүрэн загас үсчээд гараад ирмээр тийм элбэг баян. Нуурын мандал загасаар буцалж, Улаан номонд ортлоо цөөрсөн борцгор хотон ховоодохыг харан “Амьтдын ертөнц” нэвтрүүлгийг бодитоор үзэх шиг хэсэг зогслоо.

Бид Цэнгэл сумын хоёрдугаар багийн малчин Д.Тавгаа гуайн гэрт очлоо. Үр хүүхдүүд нь аавынхаа гэрийг тойроод айлсан буужээ. Гэрийн эзэд холоос ирсэн биднийг зочилж, ширээ дүүрэн идээ будаа засаад сүйд болов. Бидэнд шинэ шөл уулгана гээд сандаргаж, спармак нэртэй хоолоо таван цаг гаруй буцалгаж оройн зоог барив. Д.Тавгаа гуай Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, Төв аймгийн арслан С.Лхүндэврэгзэнтэй хамт гурван жилийн цэргийн алба хаасан гээд л яриа дэлгэв. Мөн Улаанбаатар хот оролгүй олон жил болж байгаа талаараа ч ярилаа.

Шөнийн одод ярайтал түгжээ. Мөнх цаст уулын хормой болохоор ч тэр үү, сэрүүхэн гэж жигтэйхэн.Моддын салхинд исгэрэн шуугих, уулнаас урсах голын шуугиан холилдон шөнийн аниргүйг эвдэнэ. Маргааш багийн наадам болно гэнэ. Бөх барилдаж, морь уралдуулахаас гадна аймгийн төвийн худалдаачид наймаатай ирсэн талаар гэрийн эзэд ярьсаар эхнээсээ унтацгаалаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 11-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд 152 хорооны Хамтарсан багийн дунд зохион байгуулж буй илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт болно. Утас:99602222, 99736124

09.00 цагт НҮБ-ын байранд тус байгууллагын Залуучуудын зөвлөх хороо, Хүн амын сан хамтран “НҮБ дээр Зөвлөлдье – Амьдралын Боловсрол” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 86693141

09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:88115446, 86003108

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын симпозиум эхэлнэ. Утас:90910510

10.00 цагт Хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар НМХГ-аас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99099710

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг дарга С.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гуравдугаар чуулганы үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол улсын филармонийн байранд “NEW SEASON-2019” тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Холун хатны үр сад” сангаас ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй иргэдэд зориулан явуулж буй сургалтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Оюу Толгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99191388, 88117157

12.30 цагт Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Утас:325044 91113191 88080750

13.00 цагт “Чингис” зочид буудалд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас:11458645, 91119757

13.00 цагт Монголын хүүхдийн ордонд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Хүч чадалтай охид” чуулган зохион байгуулна. Утас:88059360

14.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, БОАЖЯ-тай хамтран “Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас:325044 91113191 88080750

16.00 цагт Уран зургийн галерейд Монголын алтан сан хөмрөгт бүртгэн авах бүтээлийн шалгаруулалт болно.

17.00 цагт МУИС-ийн хичээлийн IV байранд Монгол Улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Дурсамж өдөрлөг” зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн сургуулиуд Монголд-2018” боловсролын өдөрлөг болно

– Дэлхийн 12 улсын 24 их дээд сургууль, коллежийн төлөөлөгчид ирнэ –

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв ТББ (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран гурав дах жилдээ “Global University Fair 2018” буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2018” боловсролын өдөрлөгийг 2018 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Монголын хүүхэд залуус гадаадад өндөр боловсрол эзэмших нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залууст үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгт АНУ, Австрали, Их Британи, Герман, Испани, Сингапур зэрэг 12 улсаас 24 их дээд сургууль, коллежийн төлөөлөгчид өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Боловсролын өдөрлөг 2018 оны 10-р сарын 26-27-ны өдрийн 14.00-18.00 цагт Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (International School of UB) дээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно.

Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлгээр суралцах, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой.

Мөн өдөрлөгт оролцогчдын дунд дараах шагналын азтангуудыг шалгаруулна.

  • TOEFL IBT албан ёсны шалгалт өгөх эрх
  • Duolingo англи хэлний шалгалт өгөх эрх
  • Application fee буюу гадаадын коллеж, их дээд сургуулийн өргөдлийн маягтын хураамжийг төлүүлэх эрх
  • БЗМТ-ийн сургалтанд суралцах эрх – 100% болон 50%-ийн хөнгөлөлт

Өдөрлөгийн үеэр үнэ төлбөргүй автобусаар үйлчлэх юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 319016, 89069016, 89066941 утсаар (ажлын цагаар) лавлаарай.

Онлайн урьдчилсан бүртгэлд ЭНД дарж бүртгүүлээрэй.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүх дайн дажингүй, амар амгалан эх орноо НҮБ-ын индрээс тунхаглалаа

Өнгөрөгч сарын сүүлээр МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулга уулзалтад оролцоод ирсэн. НҮБ-ын чуулга бол манай гаригийн бүх улс орны төрийн тэргүүнүүд цуглаж хуралддаг цорын ганц дээд хэмжээний чуулган юм. Уг арга хэмжээ нь тасралтгүй зохион байгуулагдсаар 73 дахь жилдээ хүрчээ. Жил болгоны есдүгээр сарын 23-наас 30-ны хооронд зохиогддог болохоор хотын оршин суугчид болох Нью-Йоркийнхны уур уцаарын хэмжээ нь дээд цэгтээ хүрдэг үе аж. Нью-Йорк хот бол Атлантын далайн баруун хөвөөнд байрлах зогсолтгүй эргэх мөнхийн хөдөлгүүр мэт амьдрал буцалсан газар юм. НҮБ-ын төв байр Манхэттэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд тэртээ 1952 оноос хойш оршин буй. Дэлхийн 130-аад орны төр, засгийн тэргүүнүүд нэгэн дээвэр доор чуулж хуралддаг болохоор харуул хамгаалалт гэж сүрхий.

Энэ жилийн хэлэлцүүлэг нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, терроризмтой тэмцэх гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа асуудлууд байлаа. Чуулганы өмнөх өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан хар тамхитай тэмцэх сэдэвтэй хэлэлцүүлэг болсон юм. Хар тамхины наймааны эсрэг дэлхий нийтээрээ тэмцээд ч зогсоож чадахгүй байгаа. Уг наймааны ард асар их мөнгө эргэлдэж байдаг, тэр их мөнгөний тодорхой хэмжээ нь террoризмыг санхүүжүүлж байгаа учир энэ хэлэлцүүлэг нэлээн өргөн хүрээтэй яригдсан юм.

Энэ удаагийн НҮБ-ын 73 дугаар чуулган нь Тогтвортой эдийн засаг, тогтвортой хөгжил гэсэн нэрийн дор болов. Мэдээж тогтвортой эдийн засгийг тогтвортой улс төрийн орчин бий болгоно, тогтвортой эдийн засагтай улс орон тогтвортой хөгжинө. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнуудыг тогтворжуулах, дэлхий дахиныг энх тайванд уриалж тайван амгалан байж хөгжицгөөе гэсэн чуулган боллоо.

Мөн энэ жилийн Ерөнхий Ассамблейн чуулганд Өмнөд Солонгосын BTS хамтлагийн ахлагч Kим Нан Жун буюу RM-ын сонирхолтой илтгэл шуугиан тарив. Тэрээр НҮБ-ын индэр дээрээс “Таны хэн байх, хаанаас ирсэн, арьсны өнгө, нас,хүйс зэргээс үл хамааран өөрийнхөө төлөө дуугар” хэмээн хэлсэн нь дэлхийн олон сая хүмүүсийн чихэнд хүрч чадсан байна.

Манай улсын хувьд НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад сүүлийн хэдэн жил идэвхтэй оролцож байгаа. Мөн тус байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцдог. Өнгөрөгч хугацаанд нийт 16 мянга орчим цэрэг цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.Манай улс НҮБ-ын гишүүн орныхоо хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаа гэсэн онц үнэлгээтэй байна.

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллах тухай ярьсан юм.

Чуулганы сүүлийн өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ дараахь таван зүйлийг онцолсон юм.

Түүний илтэлээс товчлон хүргэж байна.

1. Аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстойг Монгол Улс тууштай дэмжих болно.

2. Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд том сургамж болон үлдсэн хэмээн онцлов.

3. Монгол Улс 2030 он гэхэд дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлээд байна.

4. Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

5. Улаанбаатар хотноо далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан билээ.

Манай улсын гадаад бодлого төвийг сахих. Тэр ч үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илтгэлээс дүгнэхэд түүний хүргэх гэсэн гол мессэж нь дэлхийн тэргүүлэгч том гүрнүүдийг эдийн засгийн дайн болон цэрэг зэвсгийн үйл ажиллагаагаа зогсоож энх тайвны замаар асуудлаа шийдвэрлэхийг Нэгдсэн үндэсний байгуулагын индэр дээрээс дэлхий нийтэд уриалсан юм. Мөн Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өөрийн эх орноо дайн дажин, айх аюулгүй дэлхийн хамгийн амар амгалан орон гэсэн нь бусдаас ялгарах манай онцлог мэт санагдлаа.

М.БАЯНБУЛАГ

Categories
мэдээ нийгэм

Дуут, ганга нуурт 1000 гаруй хун цуглажээ

Жил бүрийн өдийд зүүн бүс нутагт зун, намрыг үдсэн шувууд дулаан орноо зорихоор Дарьгангын тал нутагт цугладаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Дарьгангын Дуут нуур, Ганга нуурт 1000 гаруй хун цуглажээ.

Хун шувууд жилийн жилд Ганга нуурт чуулдаг. Харин энэ жилийн тухайд дээрх хунгийн ихэнх нь Дуут нууранд чуулсан байна. Энэ нь ганга нуурын ус багассантай холбоотой байж магадгүй гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд хэллээ. Тэд хоёр хоногийн өмнө хун шувуудын тооллогыг хийсэн байна.

Хунгийн чуулган хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байдаг бөгөөд нэг л өглөө нисэн одсон байдаг аж. Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн түүхтэй. Тиймээс хунгийн чуулганыг зорьж үздэггүй, харин замдаа тааралдах нь илүү их бэлэгшээлтэй байдаг гэсэн нутгийнхны домог яриа байдаг аж.