Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн гээсэн 5320 ам.долларыг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Тус албаны ажилтнууд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх явцдаа эзэнгүй эд зүйлс илрүүлж, зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг шалгалт хийн, эд зүйлсийн эзнийг нь тогтоон хүлээлгэн өгсөн байна.

Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн MCCRACKEN SOLCHA байсан бөгөөд цүнхэнд 5230 ам.доллар, бичиг баримтын хамт байсан байна.

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илрүүлдэг бөгөөд зорчигч болон нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэд гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсээ орхиж, гээгдүүлдэг байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 42 дугаар тойрогт явуулахаар төлөвлөөд байсан нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Ингэсэн тохиолдолд Цэц Их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэрээ гаргадаг. Гэвч нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аравдугаар сарын 7-ны өдөр нь болоод өнгөрсөн учраас Цэц Их суудлын хуралдаанаа хийх шаардлагатай эсэх нь эргэлзээтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлагдлаа

Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Тухайлбал:

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Оюуны өмчийн газрын даргын дарга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн дээрх албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж буй юм. Дээрх газруудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн наймдугаар сард шинээр байгуулагдсан агентлаг юм.

Categories
мэдээ нийгэм

Уран сайхны гимнастикийн ААШТ Улаанбаатар хотод болно

Уран сайхны гимнастикийн “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатарт аравдугаар сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд Вьетнам, Тайван, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан, Солонгос, Киргизстан, Тайланд зэрэг дэлхийд алдартай 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн аж. Манай улсаас ч тамирчид оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Тус тэмцээнээр Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ.

Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хосолсон байдаг. Олимпын наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

Categories
мэдээ нийгэм

Автобензин, дизель түлшний үнэ, чанарын асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон иргэдийн төлөөлөл оролцов.

Төрийн бус байгууллага болон иргэдээс “Шатахуун импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн” нь хэрэглэгч иргэдийг хохироосон, тэдний худалдан авах чадварыг бууруулсан талаар хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүссэн өргөдөл удаа дараа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна. Иймд холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг хийж байгаагаа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.
2018 он гарсаар шатахууны худалдаа эрхлэгчид жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт таван удаа нэмсэн. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг байна. Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлж байна. Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаны хүмүүс мэдээлж байлаа.
Мөн Онцгой албан татварын хуулиар хилийн боомт, шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татварыг тогтоосон. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизелийн түлшинд 150,000 төгрөг төлдөг. Харин өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензин онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв. Мөн тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр тайлбар өглөө.
Байнгын хорооны гишүүд дотооддоо арга хэмжээ авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод импортоор авч буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг зөвхөн ам.доллараар биш бусад валютаар хийх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын гишүүн М.Билэгт тодруулсан юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат 2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан гэдгийг хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах үед манай улсад өөрчлөлт гарахгүй байдгийн шалтгааныг асуусан.
Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын үед манай улс газрын тосны бүтээгдэхүүнээс татвар авч, төсөвт төвлөрүүлж байсан. Татварын зохицуулалтыг хийж байгаа бол төсөвт оруулахгүйгээр сан бүрдүүлж, үнэ өсөх үед зах зээлдээ гаргах нь оновчтой шийдэл болохыг Монголбанкны төлөөлөл хариулав.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар /тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгджээ. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн татварын бодлогоор дотооддоо зохицуулалт хийх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах, стандартын шаардлагад нийцэхгүй шатахууны үйлдвэрлэлд хяналт тавих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байнгын хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээ илэрхийлээд хэрэглэгчээ бодсон төрийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг сануулав.
Categories
мэдээ нийгэм

154 мянган хэрэглэгч шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдана

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ.

Мөн өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгчийг орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамруулахаар төлөвлөсөн аж. Түүнчлэн нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм байна. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болно гэж холбогдох албаныхан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт 64 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй алба хаагч, 100 орчим техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68,6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Харин есдүгээр сарын байдлаар 2755 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 639 хүний амь нас, 587 барилга, байшинг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Объектын гал түймрийн улмаас 53 хүн амь насаа алдсны 29 том хүн, 24 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 6,6 хувиар, нас барсан хүний тоо 39,08 хувиар буурчээ.

Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардаг байна. Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 180 албан хаагч 12 дугаар сард орон сууцтай болно

Цагдаагийн 675 албан хаагчийн “Цагдаа хотхон-Амгалан” цогцолбор хорооллын 2 дугаар ээлжинд 180 албан хаагч хамрах бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орно.

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд баригдаж буй тус орон сууц нэг мкв нь 950 мянган төгрөгийн үнэтэй юм. Тус хорооллын барилгын ажилтай өчигдөр ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, хурандаа Ж.Эрдэнэболд, хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч, хурандаа П.Батбаатар нар танилцав. Ажлын хэсэг тус хотхон руу явах 0.85 км авто зам барих асуудлаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаснаар НИТХ хэлэлцэж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр ирэх хавраас явган хүний зам, гэрэлтүүлэгтэй 6м өргөн авто зам барих аж. Мөн цогцолбор хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгөөр барих болжээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хангалт, үйлчилгээний төвийн урд баригдаж буй тус орон сууц хорооллын өмнөх ээлж өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оржээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“All About Photo” уралдаанд Монголд авсан гэрэл зураг тэргүүлжээ

Олон улсын гэрэл зурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “All About Photo” уралдааны 2018 оны шагналтнуудыг өчигдөр зарлажээ.

Уралдааны тэргүүн байранд Их Британий гэрэл зурагчин Тарик Зайдигийн Монгол орны баруун хязгаарт авсан бүтээл шалгарч, $5,000-ын мөнгөн шагнал хүртэхээр болсон байна.

“All Secure” гэж нэрлэсэн уг бүтээлд Казах өндөр настан анч бүргэд, ач хүүтэйгээ морины нуруун дээр байгаагаар дүрслэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Мянга нэгэн амлалтын үлгэр

-ФЕЛЬЕТОН-

Шахрезада хатан лесби болсноос хойш санаа сэтгэлээр унаж, үнэн шударга ёсонд ер итгэхээ больсон Шахрейр хаан эмс охидыг харахаараа пенис нь хорсдог болоод энд тэндхийн худлаа ярьдаг эрэгтэйчүүлийг сонирхон цуглуулах болов. Нэгэнт үнэн юм алгаас хойш сайхан худлаа хэлдэг хүмүүсийг таалах болсон тэрээр нэртэй хүмүүс, ялангуяа ард олныг унатал тустал хуурч чадсан элдэв түүхийг их л амтархан сонсох ба шөнө дунд заримдаа тэдний ярьсан зүйлс гэнэт үнэн юм шиг санагдан нойрыг нь хулжаахад мөнөөх этгээдийг дуудаж ирүүлэн шийтгэнэ. Алдарт Харун Ал Рашидийн үеийнхээс өөрчлөгдсөн юм гэвэл тэдгээр муухан худалч нарын толгойг авахын оронд хоёрын зэрэг жижгэвтэр, энхрийхэн, бөөрөнхий юмыг нь тасдаад явуулах болов. Түүнийгээ нэгэнт лесби болсон хайртай хатныхаа төлөө хийж байгаа жендер маягийн зүйл гэж тайлбарлана. Ийнхүү явсаар худлаа ярьдаг ч хүнгүй, жендерлүүлээгүй эр хүн ч үгүй болов. Гэтэл Шахриер хаан орой болгон худалч нэхсээр байдаг. Хамгийн сүүлд эзэн хаан шадар референтээ дуудаад “Маргааш орой гэхэд сайн худалч олж ирэхгүй бол өөрийн чинь хоёр бөндгөрийг авна” хэмээн рэкетлэв. Дөнгөж саяхан гэрлэсэн боловч эхнэр нь хөл хөнгөн хэвээр байгаа залуу референт оройхон гэртээ харихдаа Колонойд Ко лимитэдийн (1) колонацийн мэргэжилтэнг дагуулан уйлж унжсаар очив. Тэр нь урьд өмнө үйлчлүүлэгчдээ өөрийнхөө эсээр хүүхэд хийж өгөөд баригдсаныг эс тооцвол үнэнч шударга мэргэжилтэн байлаа. Ухаалаг хатан нь нөхрийнхөө уй гашууг сонсоод, Эрээнд хийлгэсэн элдэв хуурамч гутал дээр итали шошго нааж худалдан сүрхий хөлжсөн боловч хуурамч шошго хийгчдийн бүтэн хороо засгийн эрхэнд гарснаас үүдэн зах зээлээ алдаж арга буюу дампуурсан Маруф гэгч л тус болж мэднэ. Нэг бүдрэхэд долоо бүдэрнэ гэгчээр мөнөөх Эрээн хотод нь жинхэнэ гутал хийж эхэлсэн тул тэндээ орогнох газаргүй болсон Маруф саяхан энд ирээд байгаа гэсэн. Харин колонаци энээ тэрээ дээ тулбал өөрийгөө ксероксдуулсан минь дээр гэжээ.

Сурсан юмыг сураар боодоггүй тул бүтэн контейнер жинхэнэ итали гутлыг ханз татан хуурамч түрий залгаад, жинхэнэ ориг ярлык байсаар байтал гараар хийсэн болхи шошгоо наан борлуулж суугаа Маруф эзэн хааны референтийн яриаг анхааралтай сонсоод “Өөрт нь байгаа хоёр контейнер оргиналь итали гутлыг нэг чингэлэг хуурамч гутлаар сольж өгөх юм бол тусалж чадна” гэжээ. Үүнд баярласан референт хэлснийг нь гүйцээхээр барахгүй, нэмэрт нь өөрийн орондоо амьдрах жинхэнэ эрхийн бичгийг нь хүртэл хуурамчаар сольж өгч чадна гэдгээ хэлжээ.

Маргааш нь Шахриер хааны өмнө мэндийнх нь хариуд “Ни хао, ни чего” хэмээн хариулж зогсоо махлаг шар хархүү бол даян дэлхийд коммунизм байгуулах Пхеньяны тунхаглал, манай гариг дээр коммунизмыг устгах Нью Йоркийн деклераци хоёрт зэрэг гарын үсэг зурсан дуулиан нь Багдадыг довтлох чимээнээр домбондоо орж нуугдсан бирид Жинн-д хүртэл дуулдсан Энхбаяр сайд гэгч (2) байлаа. Тэрээр саяхан Саддамын дэглэмд эрүүл энхийг ерөөсөн Малайзын ерөнхийлөгч Махатирын илгээлтэд мутраа зураад, үдээс хойш нь АНУ-тай хавсран Багдадад дайн зарлаж алдараа бататгасан нэгэн байсан тул Шахриер хааны сэтгэл хөдөлж, хорсдог газар нь хүртэл загатнах шиг болов. Мөн түүнийг гадаадын олон үг, хэл мэднэ хэмээн танилцуулгад нь бичсэн боловч гадаадын нэг хэлний олон үг мэддэг юм уу, эсвэл гадаадын олон хэлнээс нэг нэг үг мэддэг ч юм уу гэдгийг хэн нь ч тодоруулсангүй.

Энхбаяр орой хаантны унтлагын өрөөнд ороод, туурган дээрх эртний мэргэдийн сургааль бичгийг заан

-Миний ар талд худлаа бүү хэл үнэн бичиг байхад би худлаа бүү хэл үнэн юм ч ярьж чаддаггүй. Сая “член” Гүндалай (3) дээр миний ар талд лоозон барьж зогсоод УИХ-ын нээлт дээр үг хэлүүлээгүй шүү хэмээн өчив. Ингээд түүний арын хананд байсан

“Арабын их цөлд

Уд модны дор

Араб зүтгэлтний сэтгэлд

Хуурамч хөтөлбөр заяажээ” хэмээсэн эртний сонгодог яруу найргийн мөрийг арилгуулав.

Эхний шөнө даян дэлхийд социализм байгуулна хэмээн жаран жил хуурсан түүхийг ярьсанд хаан ихэд таашааж “Наадах чинь үнэхээр ёстой сайхан худал зүйл байна” гээд маск зүүж, мэс заслын хутга агссан алуурчиндаа хандаж “Өнөө шөнө хирург хийхгүй юм шиг байна. Гэхдээ маргааш бүх багажаа аанай л ариутгаад ирээрэй” хэмээн захив. Энхбаяр ч үүнд урамшин “Маргааш танд мөн манай засгийн газрын Марубени корпорацид гаргаж өгсөн хуурамч баталгааны тухай үүнээс ч илүү сонин, илүү хуурамч явдлыг ярьж өгсүгэй” гэсэнд хаан баясан зөвшөөрлөө. Ийнхүү цалин, тэтгэврийг хэрхэн хорогдуулах нэрээр нэмсэн, татварыг яасхийж бууруулах замаар өсгөсөн, аж байдлыг ямар замаар доройтуулан сайжруулсан, дээд сургуулийг хэрхэн үнэгүй болгох замаар төлбөрийг нь нэмсэн зэрэг гайхамшигт мэхлэлтийг бишрэн сонссоор хоног, өдөр улирахыг Шахриер хаан анзаарсангүй. Ялангуяа хүн амины хэрэгт холбоотой Зоригийг (4) хэрхэн илрүүлсэн, 500 саяын авлига өгөх гэсэн зэрэг явдлууд хаантанд онцгой таалагдаж шастир түүхнээ хуурамч үсгээр бичүүлэн үлдээжээ. Хааны яргачин ч ажлаа алдаж, зэвэнд идэгдсэн хирургийн хутгаараа Энхбаярын засгийн газрын нэг гишүүн “Борнуурын төмс” хэмээн Эмиратын төсөвт шахсан эрээний хуурамч төмсийг арилгаж суух болжээ. Тэрээр урьд хүнээс чухам юуг нь тасдаж хаядаг байснаа бүүр түүрхэн санаж ядна. Заримдаа зүгээр л байгалийн төмс хөшиглөсөөр насыг элээсэн юм шиг санагдана. Нэг үгээр хэлэхэд “Насанжаргалын (5) төмсийг аваад ир” гэхэд Сэлэнгийн Ингэттолгойн төмс аваад ирэхээр болчихож.

2009.11.17