Categories
мэдээ нийгэм

Бүсчилсэн сургалт хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны хохирол тооцох арга, аргачлал” сэдэвт бүсчилсэн сургалтыг Завхан аймагт эхлүүллээ.

Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Байгаль орчны мэргэжилтнүүд, Завхан аймгийн Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал, Алдархаан, Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.

Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нийт 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг аливаа нэгэн төлбөргүй зохион байгуулж байна.

Тус сургалтад 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт зохион байгуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучууд сургалтад хамрагдаж, 646 нь төгссөн. Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг энэхүү сургалтын төв нь бүрдүүлж байгаараа онцлог юм. Иймээс тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм” гэв.

Мөн “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал хэлэхдээ: “Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний 120 компанитай хамтран ажилладаг. Энэ удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор бүртгүүлсэн. Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн ур чадварыг өдөрлөгийн үеэр шалгах бөгөөд энэ нь ажил олгогчийн шийдвэр гаргах хугацааг богиносгох, ажлын байранд холбох үйлчилгээг хурдан болгох давуу талтай юм. ” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “Гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангах хүрээнд мэдээллийн технологийн салбарын залуучуудад зориулсан нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ОХУ-ын “Байгал” театр Монголын тайзнаа 20 жилийн дараа дахин тоглоно

Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд “Гала-концерт”, “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт гэсэн үзүүлбэрүүд багтжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн аж.

Айлчлан тоглолтын салхийг Соёлын төв өргөөнөө энэ сарын 22-нд “Гала-концерт”-оор хагалах юм. Тоглолтод үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгахаас гадна анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, ёохорын хэмнэл багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгээр үзэгчдийн сонорыг мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөх юм.

Удаах өдөр нь буюу энэ сарын 23-нд Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг үзэгчдэд хүрнэ. Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажиллажээ. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. Энэ нь сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Г.Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, Буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан байна.

Айлчлан тоглолт “Crocus Event Hall”-ын тайзнаа энэ сарын 24-нд “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнээр өндөрлөнө. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ.

Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ толилуулах юм. Хаалтын тоглолтыг Монгол Улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Д.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Дашрамд дурдахад, “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд тус театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол Улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус үр хөндөлтийн улмаас эмнэлэгт хандах тохиолдлууд гарч байна гэв

НМХГ-аас өнөөдөр хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай танилцууллаа. Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 46 эмнэлэгт хяналт шалгалт хийжээ. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ. Сүүлийн үед хууль бус үр хөндөлтийн тохиолдол ихээр гарах болсон байна. Монгол Улсын хэмжээнд үр хөндөлт хийлгэж буй нийт эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь 20-35 насныхан аж.

Шалгалтаар эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон байна.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг” болон “Амгалан” амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв. Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна. Тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эл Өү, Энхмөнхманал эмнэлэг, Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс, Сэцэнгоо эмнэлгийг илрүүлжээ. Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ. Шалтгааныг тодруулахад Эрээнээс 3, интернетээр 2, Нарантуул захаас 3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс 2 үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна. ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмслэхэд ямар нэг хүндрэл гардгаас гадна үргүйдлийн асуудалтай болдог тул жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг НМХГ-аас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Е Police” аппликейшнээр 5000 орчим зөрчлийн мэдээллийг авч хариуцлага тооцжээ

Нийслэл хотод 560 мянган тээврийн хэрэгсэл байдгаас өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, эдгээр тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн замын хөдөлгөөнийг зохицуулахад өдөрт 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэдэг. Ямар нэгэн осол гэмт гарах үед цагдаагийн алба хаагч очих хүртэл иргэд хоорондоо маргахаас эхлээд олон суудал үүсдэг. Тэгвэл замын хөдөлгөөний осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр дор нь илгээж, асуудлыг газар дээр нь шийддэг “E Police” аппликейшн энэ сарын 1-ээс ашиглалтад орсон байна.

Тээврийн цагдаагийн албаны сервер шаардлага хангасан зөрчлийн мэдээллийг хүлээн авч, баталгаажсан тохиолдолд бэлэн бус байдлаар торгууль ногдуулах журмын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн мэдээлэл очих юм.

Уг аппликейшнийг одоогийн байдлаар 6000 гаруй иргэн татан авч, замын хөдөлгөөнтэй холбоотой 5000 орчим зөрчлийн мэдээллийг Тээврийн цагдаагийн байгууллагад ирүүлж, хариуцлага тооцоод байна.

“E Police” аппликейшн нь дотроо дөрвөн функцтэй:

-Нэгд, гэмт хэргийн талаарх мэдээллийг илгээх функцээр дамжуулан хаана, ямар гэмт хэрэг гарсан талаарх зураг болон холбогдох мэдээллийг илгээх боломжтой.

-Хоёрт, зөрчлийн талаарх мэдээлэл илгээх функцтэй. Уг функц нь дотроо дөрвөн төрлийн зөрчлийг хамааруулдаг юм байна. Тухайлбал, гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан, урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн мэдээллийг хүлээн авна.

-Гуравт, зам тээврийн ослын талаарх мэдээллийг илгээж мэдээлэл дамжуулахдаа хоёр тал хоорондоо харилцан маргаангүй, ослын улмаас хүний амь нас, хүний эрүүл мэнд хохироогүй, жолооч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, осол гаргаагүй тохиолдолд ослынхоо зургийг аппликейшны камераар дарж, илгээж, асуудлаа шийдэх боломжтой юм байна.

-Дөрөвт, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулсан талаарх мэдээллийг илгээж, дамжуулан гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан тээврийн хэрэгслийн зургийг дарж, серверт дамжуулахад Тээврийн цагдаагийн газрын зааврын дагуу ачилтын компани тухайн дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

М.Бундмаагийн нэрэмжит жудо бөхийн өсвөрийн тэмцээн боллоо

Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит жудо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 08-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор удирдуулсан таван тамирчин оролцсноос 55 кг жинд алтан медалийг У.Даваасүрэн, 66 кг жинд хүрэл медалийг Ч.Нямтөгс, 73 кг жинд Б.Алтаншагай нар мөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Тэмцээнд 23 байгууллагын 450 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын охидын өдөр тохиож байна

Өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож байна. Анх 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхаглажээ. Энэ өдөр дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насанд хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцдэг байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болжээ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна.

Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэвч жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа хүчээр гэр бүлийн амьдралаа эхлэхэд хүрдэг гэсэн судалгаа байдаг.

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан төрүүлдэг бөгөөд төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог байна.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэллээ

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас энэ ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авч эхэлсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Өнөөдрийн Улаанбаатар хотод бий болсон асуудал, түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол одоо 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон энд амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалтыг хийсэн. Улаанбаатар хот ямар хэмжээнд хөгжих ёстой вэ, бий болгож байгаа дэд бүтэц, нийгмийн чиглэлийн барилга байгууламж хэдэн сая хүнд хүрэлцэх ёстой вэ гэдэг тооцоо хийж тэр түвшинд нь барих ёстой. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ихэнх талбайг гэр хороолол эзэлж байна. Гэр хорооллын суурьшлын бүсийг хэрхэн орчин үеийн байшин хороолол болгох вэ, тэнд дэд бүтцийн шугамыг яаж хүргэх вэ гэдэг асуудал Улаанбаатар хотын төлөвлөлтийн бас нэг гол чухал асуудал. Бид Сервис центр байгуулах замаар дундын бүсэд гэр хорооллын суурьшлын бүсийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Хамгийн чухал асуудал бол бид Улаанбаатар хотыг олон төвт хот болгох юм. Одоо зөвхөн Бага тойруу гэсэн нэг төвтэй. Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр бол нийслэл Бага тойруу, Яармаг гэсэн 2 төвтэй байх юм. Мөн Сэлбэ Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Сонсголон, Амгалан гэх мэт 8 дэд төвийг бий болох ёстой. Нөгөө талдаа дагуул хотуудын тухай асуудал яригдаж байна. Аэросити, Майдар, Зуун мод, Налайх зэрэг дагуул хотуудад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуудлыг шийднэ. Энэ төвүүд рүү хотын төр захиргааны байгууллагуудын шилжүүлэх ажлууд эхэлсэн. 2019 оны 1 улирал гэхэд НИТХ, НЗДТГ хотын шинэ төв рүү нүүсэн байхаар төлөвлөлтийн ажлууд хийгдсэн. Энэ бүх ажлууд хийгдэж, төлөвлөгдөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлана. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс бид бүхэн “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шагналын сан 45 сая төгрөг байх бөгөөд иргэд, олон нийт оролцох нээлттэй юм. Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс энэхүү уралдааныг зарлаж байна.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Улаанбаатар хот 470 мянган га газар нутагтай. Тухайн бүсээс 32.500 га газарт суурьшлын бүсийн улаан шугам татсан. Нийслэл хотыг хэрхэн төлөвлөх гэдэг асуудал дээр зөвхөн мэргэжлийн хүмүүс суугаад хийх бус иргэдийг түлхүү оролцуулж иргэд тухайн байршил дээрээ ямар үйл ажиллагаа, аж ахуй эрхэлж амьдрах вэ гэдэг санааг тусгасан ерөнхий төлөвлөгөөг бий болгохоор энэхүү уралдааныг зарлаж байна. Уралдаанд иргэд, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, оюутан залуучууд оролцох боломжтой. Байгууллагаас ирсэн саналд 20 сая төгрөг, иргэдээс ирсэн саналыг үндсэн шалгуураар шалгаруулан шагнал олгоно. Бид 2040 он хүртэлх төлөвлөлтийг хийснээр газар олголтын асуудлыг цэгцэлж, газрын зориулалтыг тодорхой болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар зорьж байна” гэж ярилаа.

Уралдааны “Шилдэг санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлэх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгддсэн хуралдаанаар Б.Ундармаа нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гадны орнууд эрүүл хүүхэд, эрүүл иргэнтэй байхын тулд тэдгээрийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон хоол, шим тэжээлээр хангадаг байна. Монгол Улсын Засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар уг хөтөлбөрт хот хөдөөгийн нийт 778 сургуулийн 288 мянга 177 сурагчид хамрагдаж байгаа юм. Анх нэг хүүхдийн үдийн цайг 300 төгрөгөөр тооцож баталсныг Засгийн газраас тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа хэдий ч сургууль бүрийн удирдлага, зохион байгуулалтаас шалтгаалан хөтөлбөр оновчтой хэрэгжиж чадахгүй байгаа юм. Түүнчлэн үдийн цайнд өгч буй бүтээгдэхүүн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалан хүүхдүүд хоолны хордлогод орох тохиолдол олноор бүртгэгдэж байгаа юм. Иймд уг хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэх, аюулгүй хоол, хүнсээр хангахад чиглэсэн харилцааг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төслийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарах, түүнийг нь ирэх оны төсөвт тусгасан эсэхийг Д.Тэрбишдагва гишүүн тодрууллаа.

2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 820 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор ирэх оны төсөст 34.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгасныг хууль санаачлагч Б.Ундармаа хэллээ. Тэрбээр, “Ер нь бол нэг хүүхдийн үдийн цайны мөнгийг 600 төгрөгөөр бодож сургуулиудад олгодог. Гэтэл сургуулиуд өндөр үнээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг зэргээс шалтгаалаад хүүхдийн үдийн цайнд 250-300 төгрөгийн гурилан бүтээгдэхүүн очиж байна. Тиймээс эхний ээлжинд шинээр баригдаж байгаа болон өргөтгөл хийж буй сургуулиудад гал тогоо, хоолны танхим байгуулна. Цаашдаа “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэх ажлыг 2019-2022 он хүртэл тодорхой үе шаттай зохион байгуулна” гэлээ.

Хүүхдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад ихээхэн бэрхшээл тулгарч буйг Б.Энх-Амгалан гишүүн дурьдаа. Өөрөөр хэлбэл, Малыг шүлхий болон бусад өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулдаг, махыг муудтгахгүй байх, хортон шавжаас хамгаалах зорилгоор элдэв цацлага цацах зэргээр химийн бодистой хольж байгаа тул хүүхдүүдийг эрүүл махаар хангах боломж хомс байна гэсэн санал хэлж байв.

Сургуулиудын гал тогоог шинэ тоног төхөөрөмжөөр хангахад хэдэн төгрөг зарцуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүд тодруулсан. Орон нутгийн бүх сургууль дотуур байр, гал тогтоотой аж. Тиймээс орон нутгийн сургуулиудын гал тогоог хангахад дунджаар 15 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулаа. Харин нийслэлд байгаа зарим сургуульд хоолны танхим, гал тогоо байгуулах шаардлагатай гэв.

Мөн гишүүдийн зүгээс хуулийн төслийг ирэх оны төсөвтэй нягт уялдуулах шаардлагатай гэдгийг дурьдаж байлаа. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх хөрөнгийг төсөвт тусгаагүй тохиолдолд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно гэдгийг Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Мөн аймаг бүрийн хүүхдийг орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөл байдалд тохирсон хоолоор хангахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан” зарлалаа

Нэг. Ерөнхий агуулга

1. ЗОРИЛГО
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.
2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.
3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР
Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.
4. ХУГАЦАА
Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.
5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/
• Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах
• Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/
6. ЗОХИОГЧИЙН ЭРХ
• Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
• Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
• Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивд үлдэнэ.
• Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.
7. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ
Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 – 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/
8. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
• Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;
• “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

Хоёр. Шалгаруулалт, шалгуур үзүүлэлт, шагнал, урамшуулал

9. КОНЦЕПЦЫН шалгаруулалт

Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Онооны бүтэц

Оноо өгөх хэлбэр

1.

Иргэд, олон нийтийн санал

10

Үзэсгэлэнгийн үеэр иргэд, олон нийтээс нээлттэй санал авч үнэлэх;

2.

Бүтээлд ирүүлсэн шүүмж

10

Үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын ирүүлсэн шүүмжийг үнэлэх;

3.

Ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлт

80

Концепцын уралдааныг дүгнэх комиссын гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх.

Нийт

100

10. КОНЦЕПЦЫН шалгуур үзүүлэлт

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны бүтээлд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан бүтээлийн агуулга, ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

Үзүүлэлт

Оноо

Тайлбар

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн болон олон улс, Монгол Улсын хөгжлийн түвшинд гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлж хотын үнэт зүйл, давуу тал, онцлогийг илэрхийлсэн алсын харааг боловсруулсан байдал;

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын хөгжлийн зорилгыг тодорхойлохдоо ирээдүйд бий болох нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж 2040 онд хүрэх зорилгыг тодорхойлсон байдал;

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлох

14

Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд салбар тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хөгжлийн зорилтуудыг боловсруулсан байдал;

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

14

Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хотын хөгжилд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол зэргийг үнэлсэн байдал;

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөл

14

Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйн дүр төрх, онцлог шинж чанарыг илэрхийлсэн дизайн бүхий хөгжлийн төсөөллийг боловсруулсан байдал;

6.

Бүтээлийг олон нийтэд үзүүлэх хэлбэр

5

Өөрсдийн боловсруулсан бүтээлийг олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр үзүүлэх материал бэлтгэсэн байдал;

7.

Танилцуулга /илтгэл/

5

Ажлын хэсгийн хуралд өөрсдийн бүтээлийг танилцуулж, холбогдох асуултанд хариулж, бүтээлийг хамгаалсан байдал;

8.

Нийт

80

11.шүүмжийн шалгуур үзүүлэлт

Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд өгсөн хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын шүүмжийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Оноо

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдалд ирүүлсэн шүүмж

15

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөлд өгсөн шүүмж

15

6.

Шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмж өгсөн байдал

25

12.Шагналын сан, шагнал, урамшуулал

Нийт шагналын сан: 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг

Концепц:

· Шилдэг санаа: 20.000.000 /хорин сая/ төгрөг;

· 4 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 5 сая төгрөг/.

Шүүмж:

· Шилдэг шүүмж: 2.000.000 /хоёр сая/ төгрөг;

· 3 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 1 сая төгрөг/.

Жич: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг 5 бүтээл шагналтай бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгоно.

Гурав. Уралдаанд оролцох эрх авах

Уралдаанд оролцохыг хүссэн баг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2612198311 (Улаанбаатар банк) тоот дансанд 999,000 төгрөг тушаасан баримттайгаа ирж уралдааны даалгавар болон холбогдох материалыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-аас цахим хэлбэрээр авна. Үүнд:

1. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны удирдамж;

2. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны даалгавар;

3. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/;

4. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/. Дэвсгэр зураг ороогүй.

Дөрөв. Маргаан шийдвэрлэх

Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

· Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;

· Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;

· Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.