Categories
мэдээ нийгэм

​Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй болжээ

Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй болсон талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Засаг дарга Б.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явж эхэллээ

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.

“Монгол машин” ХХК-ийн захирал н.Жаргалсайхан “Тэр хэмжээний автобус үйлдвэрлэх хүчин чадал байгаа төдийгүй, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, 2000 гаруй ажлын байр бий болно. Цахилгаан такси, ачааны автомашины угсарч, үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ. Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны 122 тоот тогтоолын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйлчилгээнд явж буй нэг автобус жилд 45 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдаг бол “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой ажээ. “Мон-30” автобус үйлдвэрлэн үйлчилгээнд явуулах болсон нь нийтийн тээврийн төдийгүй аж үйлдвэрлэлийн салбарт шинэ хуудас нээлээ гэж монгол инженерүүд ярьлаа.

Categories
мэдээ нийгэм

Залуу эрдэмтэд чуулж байна

Монголын залуу эрдэмтдийн холбоо, БСШУСЯ, ШУА, ШУТС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэлжээ. Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа – инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад энэ хурлын зорилго чиглэдэг юм.

Тус хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС–ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртдэг уламжлалтай. Өнө жил тус хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага, хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид оролцож байна. Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар, ХАА-Биотехнологийн салбар, Эдийн засаг-менежмент гэсэн 6 салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авна

Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнд оролцсон 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээлээс шилдгээр шалгарсан зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар боллоо. Шилдэг бүтээлээр Г.Одбаярын “Хүлэгү хаан” 2018 оны монгол зураг, Ц.Баттөрийн “Хар цас” 2017 оны уран зураг, Т.Нурмаажавын “Цагийн хүрдэн” 2017 оны монгол зураг, П.Ганбатын “Эх” 2017 оны уран зураг, С.Болдбаатарын “Парисын бороотой намар” 2016 оны уран зураг болон Т.Даваасамбуугийн “Тал нутгийн морьтон” 2017 оны уран баримлын бүтээл шалгарч өнөөдөр батламжаа гардан авлаа.

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийн төслийн талаар өөрийн санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үеэрээ оройн 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж буйгаа мэдэгдэв.

Тэрээр хэлсэн үгэндээ,“2019 оны төсвийн төсөлд УИХ-ын тойрогт хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. Эдийн засаг сайжрах замдаа орсон хэмээн дүгнэж, түүхий эдийн мөчлөгөөс хамааралтай орлогыг өндрөөр төсөөлөх нь ямар балаг учирдаг болохыг саяхны туршлага нотолсон. Төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлого 2 их наяд 445.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ, үүний 1.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас олохоор тооцсон нь нийт нэмэгдэх орлогын 53.1 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл хамгийн баталгаагүй орлогоор төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэхээр тооцож буй нь төсөвт асар том цоорхой гарч мэдэх эрсдэлтэй хэмээн шүүмжлэв. Мөн инфляци 2015 оны эцэст 1.9 хувьтай байсан бол өнөөдөр 8.8 хувь болж төгрөгийн ам.доллартай харьцах ханш 602 төгрөгөөр суларлаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Засгийн газар, Монголбанк инфляци, төгрөгийн ханшийг тогтвортой барих үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Бараа үйлчилгээний үнэ өссөнөөс монгол хүн бүрийн орлого алдагдаж, нийгмийн ачааг голлон нугалдаг дунд давхаргыг үгүй хийж байна. Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна” хэмээн онцолсон.

Categories
мэдээ нийгэм

​Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчид цусаа бэлэглэх өдөртэй болов

Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-гийн 40 гаруй албан хаагч өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д цусаа бэлэглэв.

Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХЗҮХ-гийннийт ажилчдын хурлаар жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “баасан гарагт” цусаа бэлэглэж байх шийдвэр гаргав.

Төрийн байгууллагуудын дунд анх удаа цус бэлэглэх албан ёсны өдөртэй болж буй нь онцлог бөгөөд ЦССҮТ-өөс энэхүү уриалгыг санаачилсанд баяр хүргэн талархал гардуулав.

Categories
мэдээ спорт

​Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Сингапурын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг энэ оны тав дахь олон улсын тоглолтоо өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр 19:00 цагт Сингапурын шигшээ багийн эсрэг хийнэ.

Сингапурын улсын шигшээ баг дэлхийн чансааны 166-р байранд бичигддэг. Тус багийн хувьд гол анхаарлаа “СУЗУКИ” цомын тэмцээнд хандуулж байгаа бөгөөд Монголын эсрэг хийх тоглолт тус өрсөлдөөнд бэлдэх том боломж гэдгийг хэлжээ.

Манай шигшээ баг Герман мэргэжилтэн Майкл Вайссын удирдлага дор “FIFA DAYS” буюу ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд 2018 он дуустал нийт олон улсын таван тоглолт хийж байгаагийн нэг нь Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийх тоглолт юм.

Арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны бэлтгэл болох юм. Тус тоглолтын дараа мөн үүний адил чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийж ур чадвараа дээшлүүлнэ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн талаар Герман мэргэжилтэн Майкл Вайсс хэлэхдээ, “Монголын шигшээ баг өдрөөс өдөрт хурдацтай сайжирч байгаа. Өмнө нь энэ шигшээ багт нэг жилд 6-7 олон улсын тоглолт хийх боломж гардаггүй байлаа. Та бүхний мэдэж байгаагаар Сингапурын шигшээ багийн туршлагатай тоглогч нар л гэхэд шигшээ багтаа 50-60 тоглолтыг хийсэн байдаг. Харин манай залуусын хувьд тийм биш. Тэдний хувьд энэ бол эхлэл. Бид Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг амжилттай давсан. Сингапурын шигшээ багийн эсрэг хийх энэ тоглолт тус тэмцээний хоёр дахь шатны бэлтгэл болох чухал тоглолт. Эцэст нь хэлэхэд Монголын шигшээ маш хурдан сайжирч байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ энэ хэвээр явж чадвал тэд тун удахгүй Ази тивд гэнэтийн бэлэг барих болно” гэжээ.

Сингапур болон Монголын шигшээ багуудын тоглолт Сингапур улс дахь 200 орчин хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд 19:30 минутаас эхэлнэ.

Монголын хөгжөөн дэмжигчид тус тоглолтыг “myujoo.tv”-ээр шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхээс гадна “АСА Цирк”-т байрлалтай “Krone Brauhaus”-т зочилж үзэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Драгон” авто вокзалыг нүүлгэнэ

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ны хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах зорчигч тээврийн “Драгон” вокзалыг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд тус цогцолборт “Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийг байгуулахаар болжээ.

Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автомат онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Нийт 24 автобусны гарцтай, 4200 ам метр талбай байхаар төлөвлөжээ. Мөн тус авто вокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна. Бөөний худалдааны төв нь нийт 24000 ам метр талбайг хамарч 16-20 ам метр бүхий нийт 800 павильонтой байх аж. Мөн тус захтай залгаад 3000 ам метр агуулахын байр барихаар төлөвлөжээ. Барилгын ажил ирэх жилийн дөрөвдүгээр улиралд дуусч, ашиглалтад бүрэн орох юм байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс үе үеийн хотын дарга нар тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулж ирсэн. Үүний нэг нь хотын шинэ суурьшлын бүсүүд рүү захуудыг нүүлгэх ажил юм. 2014 онд нийслэлийн төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг гаргаж энэ цогцолборыг байгуулсан. 2016 онд энэ цогцолборын үйл ажиллагаа зогсонги болсон байсан. Нийслэлээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ил задгай авто машины худалдааг хотоос нүүлгэсэн. Үүний үр дүнд цогцолборын үйл ажиллагаа сэргэж өнөөдрийн байдлаар 2300 орчим машин худалдаалагдахаар байршсан байна. Авто худалдааны цогцолборын бүтцийг өөрчилж, хувьцаат компани болгосноор гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах томоохон боломж бүрдэж байгаа. Энд зөвхөн авто худалдааны үйлчилгээ биш олон улсын логистикийн төв, зорчигч тээврийн төв, худалдааны төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дэд бүтэц шийдэгдсэнээр энд төвлөрөл, суурьшил бий болох боломжтой” гэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гамлет” монодрам үзэгчдийн хүртээл болно

Уильям Шекспирийн эмгэнэлт “Гамлет” жүжгийг “Green entertainment”-ийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд Корпорэйт Конвеншн төвийн тайзнаа монодрам болгон үзэгчдэд хүргэхээр болжээ.


Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглох юм. Уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон “Green entertainment”-ийн уран бүтээлч 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Жүжгийн тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn, 1900-1800-аар захиалах боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй хамтлаг байгуулжээ

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй рок хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Уг хамтлагаа байгуулахын тулд долоон жил гаруйн хугацаанд судалгаа хийжээ.

“Хү” хамтлаг гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлог аж. Тус хамтлаг одоогоор есөн дуу гаргажээ. Энэ талаар Хүннү рок төслийн менежер Б. Амар “ Монголд цоо шинэ өнгө аяс, урсгалыг хөгжмийн ертөнцөд оруулж ирж байгаа Хүннү рок төсөл маань хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд шат дараатайгаар уран бүтээлээ гаргасаар байна. Бид удахгүй шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ. Ирэх арван нэгдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөж, бэлтгэл ажил хангагдсан. Одоогоор хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.

“Хү” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй. “Чингис хаан”, “Чонон сүлд”, “Амьд зарлиг” нэртэй дуунуудаа цомогт багтаан “Гэрэг” нэртэйгээр гаргахад бэлэн болжээ. Тус хамтлагийн талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Хөгжмийн урлаг бол даяаршсан урлаг. Даяаршиж буй энэ цаг үед үндэсний хэв маяг, уламжлалаа хадгалж морин хуур, цуур, төмөр хуур гэх мэт хөгжмийн зэмсгээр язгуур урлагаа гайхуулж байгаа нь сүүлийн үед харагдаагүй шинэ хэв маяг. Дашкагийн энэ төсөл бол рок хөгжмөө орхилгүй хослуулсан нь Монголд төдийгүй дэлхийд танигдах ёстой. Нарийн сонсвол Дашкагийн хөгжмийн хүмүүжил, өнгө аяс харагдаж байна билээ” гэв.

Сонирхуулахад, “Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай монгол үг аж.