Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ Азийн паралимпоос алтан медаль хүртлээ

Азийн пара олимпын наадам Индонезийн нийслэл Жакарта хотод долоо хоногийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Энэхүү паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид “Жакарта-2018” Азийн пара олимпийн наадмаас таван медаль хүртээд байна. Азийн пара олимпийн наадамд 42 улс орны 2831 тамирчин спортын 18 төрлөөр 546 алтан медалийн төлөө хүч чадлаа сорьж байгаа юм.

Э.Содномпилжээ Азийн паралимпоос алтан медаль хүртлээ

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас эхлэн 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оноос эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртжээ

“Student Academy Awards” Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болж Монголын кино найруулагч Б.Мартын бүтээл “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртжээ. Энэ жил 49 дэх жилдээ зохиогдож буй “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.
Дундговь аймгийн Өндөршил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм. Тус бүтээл нь Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.

"Нүүдэлчдийн эмч" Оюутны Оскар хүртжээ

"Нүүдэлчдийн эмч" Оюутны Оскар хүртжээ

Categories
мэдээ нийгэм

Өргөдөл, гомдлын дагуу 576.6 сая төгрөгийн нөхөн олговор олгуулахаар шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгч тэдгээрийн хооронд гарсан зөрчил маргаанаас үүдэлтэй өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус хороо даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 103 өргөдөл, гомдол хүлээн авснаас 100 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн бол гурав нь хянагдах шатандаа явж байна.

Даатгалын салбарын өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал жолоочийн хариуцлагын, авто тээврийн хэрэгслийн болон орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл нийт өргөдлийн 70 гаруй хувийг эзэлсэн бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай өргөдөл 60.0 гаруй хувийг эзэлжээ. Тайлант хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэж, даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 576.6 сая төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргаж, үүнээс 132.0 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгуулаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Сайнжаргал: Цэрэнчимэдийн Баяраа биедээ “мөс” гэх бодисыг хадгалсан, бусдад худалдаалсан үндэслэлээр шалгагдаж байсан

– Ц.БАЯРАА БАРИВЧЛАГДАХ ҮЕДЭЭ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ХЭРЭГЛЭСЭН БАЙСАН НЬ ТОГТООГДСОН –

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа билээ. Тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад Х.Сайнжаргалаас тодрууллаа.


-Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх этгээд болох Ц.Баярааг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цэрэнчимэдийн Баяраа нь өнгөрсөн оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Gold” хэмээх зочид буудалд 2.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгоор биедээ хадгалсан байдалтай цагдаагийн алба хаагчдад баригдсан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Манайхаас өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд Цэрэнчимэдийн Баяраад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийн материал болон оролцогчдын хамт шилжүүлсэн байдаг юм билээ. Цэрэнчимэдийн Баяраа нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гадуур байцаагдаж байхдаа оргон зугтсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатны мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн үг. Одоо шүүх болон Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

-Ц.Баяраа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хаанаас олж авсан юм бол. Шалгалтын явцад хэрэглэсэн, бусдад худалдсан байдал тогтоогдсон уу. Оролцогчид гэж ямар хүмүүс байсан бэ?

-Цэрэнчимэдийн Баяраа баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь биеэс нь авсан биологийн дээж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглээд мансуурсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу шийддэг. Үүний дагуу шийдвэрлэсэн. Харин Цэрэнчимэдийн Баяраа одоо биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хадгалсан, бусдад худалдаалсан үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Энэ нь хуулийн дагуу шийтгэвэл хүндрэх зүйлчлэлтэй байдаг. Түүнтэй хамт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гадуур байцаагдаж байгаа. Цэрэнчимэдийн Баяраа өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шийтгүүлж байсан. Ял авч байгаагүй. Тэрээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хаанаас олж авсан нь хавтас хэрэгт бий. Нууцлалын зэрэгтэй. Түүний содон, шинж тэмдэг байдлыг зурагт харуулсан. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллаж байна. Тухайн хүнийг түргэн олж, тогтоож Монгол Улсын хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэнд нь зохих ял, хариуцлагыг хүлээлгэх асуудалд арга хэмжээ авахаар ажиллаж байна гэсэн үг.

-Ц.Баяраагийн ар гэрийнхнээс нь байцаалт, мэдүүлэг авсан уу?

-Ар гэрийнхнээс нь тодорхой байцаалт, мэдүүлэг авсан. Орон байранд нь прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг, шалгалт хийсэн. Шалгалтын ажиллагаа бүрэн хийгдэж, хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгтэн мөн гэдгийг тогтоосны үндсэн дээр хэргийг Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн. Эрэн сурвалжлах ажиллагаатай холбогдуулан бүхий л арга хэмжээг авч байна. Ар гэрийнхэн, ах дүү, хамаатан саднаас нь байцаалт авч, сурагласан. Мөн ямар хүнтэй ихэвчлэн харилцаа холбоо-той вэ гэдгийг ч тогтоосон. Цэрэнчимэдийн Баяраа 1979 онд төрсөн. Харсан, үзсэн хүн байвал, яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулъя. Цагдаагийн байгууллагаас өмнө нь түүнийг баривчлаад хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иймээс улсын хилээр гарах, орох боломжгүй. Хил хамгаалах алба болон хөдөө, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.

Манайх хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн этгээдүүдийг шуурхай дайчлан баривчилдаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байдлаар мэдээллүүдийг шуурхай хүргэдэг. Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн холбогдогчдын 70 хувь нь эрэгтэй, 30 хувь нь эмэгтэй байна.


Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэлжээ

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай. Иймд иргэд та бүхэн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшдэг, өмчилдөг галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд нь бүртгүүлэхийг сануулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаасаа хөдөлсөн

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барих төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг төсөл хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Шижигтийн хавцал гэх байгалиасаа сайхан өгөгдөлтэй, усан цахилгаан станц барихад маш тохиромжтой газар байдаг. Энэхүү усан цахилгаан станцыг барих төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтад орсон. Ингэснээр төслийн хэрэгжилт гараанаасаа хөдөлж, ирэх оны наймдугаар сар гэхэд төслийн бүтээн байгуулалт эхлэх нь бодитой болсон.

-Төсөл хэрэгжсэнээр ямар давуу талууд бий болох вэ?

-Ач холбогдлыг тоочихын өмнө энэ төслийг яагаад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдгийг хэлсэн нь зүйтэй. Манай улс нь үйлдвэрлэсэн цахилгаанаа шууд хэрэглээд явдаг технологитой. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн цахилгаанаа нөөцлөх технологи байхгүй. Тиймдээ ч цахилгааны хэрэглээ өссөн тохиолдолд зөрүүг нь ОХУ-аас импортоор аван зохицуулж ирсэн 40-өөд жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 мВт, хамгийн бага нь 560 мВт орчим байгаа. Оргил ачаалал 850 мВт-д хүрэхэд ОХУ-аас 192 мВт эрчим хүч импортолжээ. Манай орны хөгжлийн хэтийн чиг хандлагаар 2020 онд оргил ачаалал 1128 мВт-д хүрэх магадлалтай. Тэр үед импортоор 500 орчим мВт эрчим хүч авахаар байна. Гэтэл ОХУ-аас цахилгаан импортолж байгаа шугамын хүчин чадлын дээд хэмжээ нь 245 мВт байдаг. Хэрэв үүнээс илүү авах нөхцөл үүсвэл хэрэглээгээ хязгаарлах ёстой болно. Цахилгааны хэрэглэгээний хязгаарлалтад хамгийн түрүүнд өртөх хэсэг нь баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчид байгаа юм. Тус систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, хоёр орчим хувийг БНХАУ-аас тус тус импортоор авдаг. Үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна. Цахилгаан эрчим хүчний энэхүү хараат, найдваргүй байдал нь баруун бүс нутгийн хөгжил цэцэглэлт, үйлдвэржилтийн асуудлыг тодорхойгүй, бүрхэг болгож байгаа юм. Иймд энэ эрсдэлийг бид цаг алдалгүй арилгах зайлшгүй шаардлагатай.

-Төсөл хэрэгжсэнээр баруун бүсийн хэрэглэгчид цахилгааны найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдолтой юм байна гэж ойлгож болох уу?

-Цахилгааны найдвартай эх үүсвэртэй болохоос гадна эдийн засгийн үр ашигтай байдал бий болно. Баруун бүсийн эрчим хүчний систем нь нэг кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу ойролцоогоор 110 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа. Нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 100 төгрөг. Нэг кВт.ц тутам 100 орчим төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү алдагдлыг хаахын тулд жил бүр 7-8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасаар ирсэн.

Усан цахилгаан станц бол хамгийн тогтвортой бөгөөд хямд үйлдвэрлэл. Дөргөний УЦС-ын цахилгаан нь импортын цахилгааны үнээс 6-7 дахин хямд байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гарах нэг квт.цаг эрчим хүчний өртөг 35-40 төгрөг байхаар төлөвлөгдөж байгаа. УЦС барих нь өндөр өртөгтэй хэдий ч үйлдвэрлэж буй цахилгаан нь хямд өртөгтэй байх тул гаргасан зардлаа эргээд нөхчих эдийн засгийн үр ашигтай төсөл юм.

-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хичнээн хэмжээний өртөгөөр босох вэ?

-Тус УЦС-ыг 288.5 сая ам.долларт барьж байгуулахаар зээлийн хэлэлцээрт тусгагдсан. 288,5 сая ам.доллар гэдэг бол ойролцоогоор 730 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ, ажлын байр Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудад бий болно гэсэн үг. Ховд аймгийн жилдээ үйлдвэрлэдэг дотоодын нийт бүтээгдэхүүн 330 тэрбум орчим төгрөг байдаг. Тус аймгийн малчид, компаниуд, үйлдвэр үйлчилгээний газрууд бүгд нийлээд энэ хэмжээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үйлдвэрлэж байгаа хэрэг. Тэгвэл тус аймгийн хоёр жилд үйлдвэрлэх хэмжээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг шингээх хэмжээний зах зээл бий болно гэсэн үг. Энэ утгаараа бүс нутгийн ард иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, ажлын байр олноор бий болох ач холбогдолтой. УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана гэсэн тооцоо байгаа.

-УЦС нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу?

-УЦС-ын ТЭЗҮ-ийн хүрээнд байгаль орчин, газрын харилцаа, орон нутагтай харилцах, газар хөдлөл, геологийн зэрэг маш олон чиглэлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлж дүгнэлт, үнэлгээ гаргана. Энэхүү үнэлгээ хийгдсэний дараа тэд-гээрт заагдсан байгаль хамгаалах менежмэнтийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, арга хэмжээ, зөвлөмжийг авч хэрэгжүүлснээр байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатайгаар төслийг хэрэгжүүлэх боломжтой. Баруун бүсэд өмнө нь дунд зэргийн хүчин чадалтай хоёр УЦС баригдсан. Эдгээрээс болж байгаль орчинд ямар нэг сөрөг үр дүн гараагүй. Завхан гол дээр баригдсан Тайширын УЦС баригдахаас өмнө жилийн урсацын дундаж хэмжээ маш багассан байсан. Харин далан баригдсанаар далангаас доош урсацын хэмжээ тогтмолжин, нэмэгдэх хандлагатай болсон. Дөргөний УЦС сүүлийн жилүүдэд горимынхаа дагуу бүрэн чадлаараа ажиллан одоо баруун гурван аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 22 хувийг хангаж байна. “УЦС баригдсанаар Ховд гол, Хар Ус нуурт аюул учирна, загас устах аюултай” гэсэн болгоомжлол байдаг. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар УЦС нь усны чанарт нөлөөлөхгүй, усны уналт урсгалыг ашиглаж, хүрд эргүүлж эрчим хүч гаргаж авдаг.

Барилгын явцад богино хугацааны өөрчлөлт орох боловч хяналт шинжилгээний ажлыг урьдчилан төлөвлөх болно. Тухайлбал, далан барих үед голын усыг хаадаггүй, далангийн барилгын шатанд голын урсгалыг өөр талаар шилжүүлэн урсгана. Далан баригдсанаас хойш ойролцоогоор 2-3 жил нийт урсцын тодорхой хувийг урсгаж, үлдсэнийг нь хуримтлуулж усан сан буюу нуур үүсгэнэ. Усан сан үүссэнээр загаснууд амьдрах боломжтой газар луу шилжин, загасны тоо толгой нэмэгддэг. Усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгох боломжтой. Мөн орон нутагт усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж орон нутгийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ.

-Дээр хэлсэнчлэн энэ төсөл аль 2003 оноос яригдаж, олон ч УИХ, Засгийн газрын нүүр үзсэн. Хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн нь ямар учиртай юм бол?

-Мэдээж санхүүжилтийн асуудал байсан. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг “ВОТ” буюу барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр зарласан байсан ч сонирхогч олдохгүй байсан байх. Мөн төрийн албаны ажлын уялдаа холбоо муу байсантай холбоотой гэж үзэж байгаа. Энэ төсөлд Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар бүгд ач холбогдол өгч УИХ-ын гишүүдийн зүгээс шахаж шаардаад эхлэхээр ажил хэрэг болж байна гэдгийг үгүйсгэх аргагүй.

-Төрийн албаны ажлын хоорондын уялдаа холбоо, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, чадвар муу байгаад иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Ур чадварыг нь харж томилох бус танил тал, хэн нэгний татаасаар төрийн албыг бүрдүүлж байгаа нь үүнд нөлөөлж байгаа болов уу?

-Төрийн албаны мерит зарчим буюу ур чадварын шалгуураар нь ажилд дэв-шүүлдэг, томилдог зарчим алдагдсантай холбоотой. Анх хүн ажилд орохдоо онолын мэдлэг төдийхөнтэй ирдэг. Ажлын явцдаа сурч боловсроод, туршлага хуримтлуулаад, тодорхой хэсгийнх нь ур чадвар дээшлээд ирдэг. Тэр ур чадвартай хэсгээсээ ажилд дэвшүүлдэг, томилдог зарчим үйлчлээд эхэлвэл шилдэг байхын төлөө тэмүүлэх, ажлаа сайн хийх, ур чадвараа дээшлүүлэх тэмүүлэл бий болж, төрийн алба өөрөө чадваржих юм. Бас нэг асуудал бол ёс зүйн асуудал байгаа юм. Аливаа байгууллагын, ялангуяа удирдлагын мораль алдагдаад ирэхээр удирдлагаа хүндэтгэх, айх, ах захын ёс байхгүй болчихож байгаа юм. Төрийн албаны тухай шинэ хууль ирэх оны эхний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Уг хуулийн гол зохицуулалтын нэг нь дээр дурдсан мерит зарчмыг хангуулах юм. Мөн нэг гол зохицуулалт нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг дахиж төрийн албанд ажиллуулахгүй тухай заалт байгаа. Энэ төрлийн хэрэг хийсэн хүн дахиж нийтийн албанд ажиллах ёс суртахууны эрхгүй юм.

-УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Энэ удаагийн төсвийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх 2019 онд 1,913.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөв орж ирсэн. Төсвийн алдагдлаа сайн бууруулсан төсөв орж ирсэн нь сайшаалтай байгаа. Энэ УИХ 2016 оны төсвийн тодотголыг 4,346.1 тэрбум төгрөг, 2017 оны төсвийг 2,711.5 тэрбум төгрөг, 2018 оны төсвийг 2,420.1 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталж байна. Энэ нь төсвийн сахилга бат сайжирч байгаа хэрэг гэж үзэж байна. Гэхдээ төсвийн алдагдлыг багасгах өөр боломжууд бий. Тухайлбал татаас авч, үйл ажиллагаа явуулж байгаа төрийн мэдлийн аж ахуйн нэгжийг хувьчлах, бондын мөнгөнөөс зээл авсан компаниудаар нь бондын төлөлтийг хийлгэх тал дээр дутуу ажилласан байна уу гэж харж байна. Нэг үеэ бодвол төсвийн хүндрэлээсээ гарчихсан, эдийн засгийн өсөлт ажиглагдаад эхэлчихсэн байгаа тул жижиг дунд бизнесүүдээ дэмжих, ялангуяа хөдөө орон нутагт ажлын байр бий болгох тал дээр зоригтой хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай санхүүжилтийг олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй

Герман сэтгүүлч Хүберт Зайпелийн “Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” ном жинхэнэ “зэвүүн” бичигджээ. Мань эр “Spiegel” сэтгүүлд бичсэнчлэн “Оросын ерөнхийлөгчтэй урхинд оролгүй, нөлөөнд авталгүйгээр ойр дотно танилцаж чадсан” ажээ. Оросын ерөнхийлөгчийн ажил, амьдралын тухай учраас нэлээд хүнд сэдэвтэй ч сэтгүүлч бичсэн учраас улс төр судлаачдынхыг бодвол хөнгөн, бас эмоци мэдрэгдэж байна лээ. Улстөрчийн дурсамж нэг л өнцгөөс бичигдэх талтай. Харин энэ номын зохиогч нь сэтгүүлч учраас В.Путинээс гадна Д.Медведев зэрэг Путиний хань нөхөд болон олигарх гэгддэг Березовский зэрэг дайснуудтай нь ч уулзсан гэдгээрээ олон талтай юм гээч.

“Ард түмэн намайг ямар байхыг хүснэ, би тийм л байх ёстой” гэж Путин эхний ярилцлагуудынхаа үеэр зохиогчид хэлжээ. Хүн амын олонх юу хүсч байгааг Путин бусад улсын төр, засгийн тэргүүнүүдийн адил судалгааны дүнгээр тодорхойлдог гэнэ. Хэдийгээр зохиогч герман хүн ч өөрийн улсын канцлертаа “хөндий” хандсан санагдав. “Өрнийн улстөрчдөөс Ангела Меркель шиг Путинтэй байнга утсаар ярьдаг хүн байхгүй. Гэхдээ энэ нь нөгөө хүнийхээ ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, мэдэж байгаа гэсэн үг биш. Канцлер өөрөө Путинийг “Өөр ертөнцөд амьдарч байдаг хүн” гэж боддог тухайгаа Барак Обамад дотночилж ярихдаа “Түүнийг бодит байдлыг ухаарч байдаг эсэхийг ч мэдэхгүй юм” гэжээ. Түүний эдгээр үгс маргааш өглөө нь New York Times сонинд нийтлэгдсэн байхыг Меркел харжээ гэх мэтээр “гөвсөн” байна лээ. Германы канцлерын Путиний өмнө оноо алдсан түүх үүгээр дуусахгүй.

“2013 оны зургадугаар сард Санкт Петербургт нэг ийм явдал болжээ. Ангела Меркель болон Германы томоохон пүүс, компанийн төлөөлөгчидтэй Оросын ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаад, орой нь Германы канцлертай Эрмитажид үзэсгэлэн нээх ёстой байв. “Олзонд ирсэн урлагийн бүтээл” хэмээх эмзэг сэдэвтэй үзэсгэлэн байж. Дайны шувтаргаар Зөвлөлтийн цэргүүд Германаас ЗХУ руу илгээсэн Эберсвальдын алт эрдэнэсийг дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн байжээ. Энэ дашрамд Ангела Меркель үг хэлэх санаатай байгааг канцлерийн хэвлэлийн алба мэдэгджээ. Үндсэн санаа нь тэрхүү алт эрдэнэсийг урьд нь байсан газар буюу Германд буцаах тухай юм. Хоёр тал хэзээнээс энэ талаар маргалдсаар ирсэн байдаг. Харин Оросын талын үндэслэл болох “Энэхүү алт эрдэнэсийн үнэ өртгийг оросууд сая, сая хүнийхээ амиар нэгэнт төлчихсөн” гэдэг санааг Берлин хэзээнээс мэдэх ч няцаасаар ирсэн” хэмээн зохиогч тайлбарлажээ. (Монголоос зөөсөн түүх, соёлын дурсгалт зүйлсийг буцаан авахыг хүсвэл оросууд бас л Халх голд үрэгдсэн цэргүүдийнхээ амиар төлсөн гэх болов уу.сурв) Гэтэл энэ нь 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман улс Орост халдан довтолсон түүхэн өдөртэй давхацжээ. Алт, эрдэнэсийг Германд буцаах ёстой гэсэн үг яриа яг энэ өдөр дуулдсан нь Оросын ерөнхийлөгчийн хувьд айхавтар доромжлол байсан юм” хэмээн зохиолч онцолжээ. Энэ мэтчилэн В.Путин түүхэн учир шалтгааныг ихэд чухалчилдаг нэгэн бололтой. Путин шөнө дундын үед хувийн бяцхан сүмдээ загалмайлан залбирч ахуйд дэргэд нь зогссон хүн нь мань сэтгүүлч. Ерөнхийлөгчийн эх Мария Ивановна нь сүсэгтэй, хүүгээ төрүүлснийхээ дараа нууцаар сүмд аваачиж загалмай зүүлгэсэн байж. “Шашнаар дамжуулан Орост үндэсний ухамсар бий болгоход чиглэсэн улс төрийн туршилт явагдаж байна” гэж зохиолч дүгнэжээ. Путиний найзаар барахгүй лам багш гэгддэг Тихон ламтан мань сэтгүүлчид хувийн болон хувьсгалын харилцааныхаа тухай хуучилсан аж. “Путин бид хоёр бие биенээ дөрлөөд хөтлөөд явдаг юм биш. Тэр ч тэгж явах хүн биш” гэж ламтан тайлбарласан байна. Тэгээд ерөнхийлөгчийг дөрлөдөггүйгээ батлах нэгэн түүх хуучилжээ. Оросын хэвлэлээр Путиний Берлинд хийх айлчлалын талаар мэдээлэхийн хамт Берлиний тухайн үеийн захирагч ижил хүйстэнтэйгээ явалддаг гэдгээ нийтэд зарласан хүн хэмээн “хачирлажээ”. Тихон ламтан хамт зоог барих үеэрээ Берлинд очихдоо тэр хүнтэй гар барихгүй байхыг багшийн ёсоор зөвлөсөн ч шавь нь үгэнд нь ороогүй гэнэ. “Нэгд тэр нь хувийн хэрэг, хоёрт тэр бол Берлинийг төлөөлж байгаа албаны хүн” хэмээн тайлбарлажээ. Хараахан салаагүй байсан гэргий Людмила нь ламтны талд орж, Тихоны шаардлагыг дэмжсэнд Путин хоржоонтойгоор “Хардах явдалгүй дээ, хонгор минь” гэж товч хариулжээ. Энэ бол Путиний гэргийн тухай уг номд дурдсан ганц тохиолдол нь. Оросууд аа гэж…


Categories
мэдээ цаг-үе

Д.Магий: Боломж олдвол Таван толгойн хувьцааг авна. Энэ компанийг ирээдүйтэй гэж боддог

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Д.Магий 2017 оны гуравдугаар сараас ажилдаа оржээ. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатарт амьдарч байна. Анх Монголд ирснээс хойш эдийн засаг асар хурдацтай өөрчлөгдсөн тухай, цаашдаа ямар боломж байгаа тухай өөрийн сэтгэгдлээ манай сонинд ярьж байна.


-Таныг анх ирж байхад Монголын эдийн засаг ямар байсан бэ?

-Намайг ирж байхад нөхцөл байдал маш хүнд байсан. 2016 оныг нэлээд хүнд нөхцөлтэй үдсэн. 2017 онд ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч чамгүй олон саадыг туулсан үе байсан. Тухайн үед Монголын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагууд дараа жилийн эдийн засгийн өсөлтийг хасах үзүүлэлттэй гарна гэсэн таамаг дэвшүүлж байсан. Гэтэл эдийн засаг эсрэгээрээ тэлсэн үзүүлэлттэй гарсан. Энэ нь нүүрсний үнэ өссөн, уул уурхайд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс шалтгаалсан. 2017 онд гарсан эдийн засгийн өсөлт 2018 онд үргэлжилсэн. Энэ богино хугацаанд чамгүй амжилт гарсан. Гэхдээ эдийн засгийн эмзэг байдал хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Яаж эдийн засгийн баталгаатай өсөлтийг баталгаажуулах вэ?

-Эмзэг байдал гэдэг нь гадаад зах зээл дэх үнээс хараат байгааг хэлж байгаа юм. Энэ нь Засгийн газраас хамааралгүй хүчин зүйл. Харин Засгийн газар өөрөөс хамааралтай хянаж болох хүчин зүйлсээ анхаарах хэрэгтэй. ОУВС-тай хийсэн гэрээ ийм үзэл баримтлалаар хийгдсэн гэж ойлгож байгаа.

-Жишээлбэл?

-Эхний ээлжид төсвийн дархлаа. Засгийн газар зардлаа бууруулна гэдэг маш сайн үзүүлэлт. Өрийн нөлөөллийг зөв зохицуулж байна. Валютын нөөц нэмэгдэж байна. Эдгээр эерэг үзүүлэлтээ баталгаажуулах хэрэгтэй.

-Нийгмийн зүгээс “Валютын нөөц их байхад долларын ханшийг барьсангүй” гэсэн шүүмжлэл гарч байна…

-Төгрөгийн суларсан шалтгааныг тогтоох хэрэгтэй. АНУ-ын дотооддоо хэрэгжүүлж байгаа бодлогоос хамаараад долларын ханш хөдөлж байгаа. Гэхдээ энэ нь валютын нөөцийг яаран төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенци хийх шалтгаан биш.

-ОУВС-тай хамтарснаар эхний ээлжид ямар үр дүн гарав?

-Макро эдийн засгийн хувьд маш их үр дүн гарсан. Энэ жишгийг тогтоож өглөө. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүллээ.

-Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа ч микро эдийн засагт хүртээмж бага байгаа шүүмж их байна…

-Тийм шүүмж байгаа. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд муу байвал микро эдийн засагт бүр муугаар нөлөөлнө шүү дээ. Сайн бодлогын нөлөө мэдрэгдэхэд жоохон хугацаа ордог. Муу бодлогын нөлөө хурдан мэдрэгддэг. Мэдээж Засгийн газар хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Эдийн засаг сэргэх завсрын үед эмзэг бүлгээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Багануурын цахилгаан станц, Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар баригдах нефтийн үйлдвэрийн тухай танд мэдээлэл байна уу. Багануурын гэрээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан гэсэн мэдээлэл байна?

-Хөрөнгө босгох гэдэг чухал асуудал. Гэхдээ босгосон хөрөнгөө хэр үр дүнтэй ашиглах вэ гэдэг илүү чухал. Нефтийн үйлдвэр байгуулах нь мэдээж чухал ч гэлээ үр ашгийн тооцоогоо сайн хийх хэрэгтэй. Багануурын цахилгаан станцын гэрээний хувьд хөрөнгө оруулалт татахын тулд гарын үсэг зурсан байх гэж ойлгож байна. Үндэсний аюулгүй байдалд харшилсан тухай албан ёсны мэдээлэл байхгүй учраас энэ тал дээр ямар нэгэн санал хэлэх боломжгүй. Ер нь том хөрөнгө оруулалт татах нь маш их ажиллагаа ордог л доо.

-Засгийн газар үндсэн зээлээ төлөх хүртэл багахан амьсгаа авах боломж үүсч байна. Энэ хооронд мөнгө босгох боломж бий юу?

-Засгийн газар цонх үеийг ашиглаж өрийг бууруулахаа зарласан. Үүндээ тууштай зогсох хэрэгтэй. Хэдийгээр цонх үе богино боловч хөрөнгө оруулах арга хэрэгслүүд байгаа гэж бодож байна. Энд бодлогоо хэр тууштай хэрэгжүүлэх, нийгмээс хэр дэмжлэг авах гэдэг асуудал чухал л даа. Хөрөнөгө оруулалтын үр ашгийг сайн тооцох хэрэгтэй.

-Төсвийн тогтвортой байдлыг анх баталж байхад олон улсын санхүүгийн байгууллагууд “Алтан хууль” гэж байсан. Одоо танигдахаа больтол өөрчлөгдсөн.

-Энэ маш чухал хууль. Гэхдээ хэрэгжсэн тохиолдолд л ашгаа өгнө. Намайг ирэхээс өмнө өрийн таазыг хууль өөрчлөх замаар өсгөсөн. Миний ойлгож байгаагаар цаашдаа бууруулж анхны тогтоосон 60 хувьдаа хүргэх байх. Өнөөгийн байдлаар өрийг бууруулах, Засгийн газрын зардал буурч байгаа нь эерэг үзүүлэлт гэж харж байна. Засгийн газар ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд биш. Цаашдаа ч энэ бодлогоо хэрэгжүүлдэг болчихвол эдийн засаг өснө.

-Яг ямар бодлогоо үргэлжлүүлэх ёстой вэ?

-Өрийг бууруулах, Засгийн газрын зардлаа танах.

-Өрийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Өрийг тууштай бууруулах ёстой. Өнгөрсөн жилийн өрийн хүүг бууруулсан аргыг ашиглах ёстой.

-Өрийн эрсдэл ямар байна?

-Гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийг анхаарах хэрэгтэй. Хоёр жилийн дараа төлөх үндсэн зээлийг тооцох хэрэгтэй.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын өгөөжийг юу гэж үзэж байна?

-Оюу толгойн эдийн нөлөө маш их. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Далд уурхайн хоёр дахь хөрөнгө оруулалт хэрэгжээд уурхайн ашиглалт нэмэгдэхээр 2022 оноос асар их өгөөж өгнө.

-Таван толгойг ашиглах Засгийн газрын бодлогыг хэрхэн харж байна?

-Маш чухал төсөл. Засгийн газар хөрөнгө оруулалт тал дээр илүү анхаарч байх шиг байна. IPO-гийн хувьд би одоохондоо сайн хэлж чадахгүй байна.

-Та Таван толгойн хувьцаа авах уу?

-Надад эрх байхгүй юм байна.

-Эрхтэй бол авах уу?

-Эдийн засагчид болгоомжтой улсууд байдаг. Гэхдээ би бол боломж олдвол Таван толгойн хувьцааг авна. Би энэ компанийг ирээдүйтэй гэж боддог.


Categories
мэдээ нийгэм

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2018” Сүхбаатарын талбайд болж байна

МҮХАҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Нийслэлийн 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2018” арга хэмжээг төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын оролцоотой ААН-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, Нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалт худалдаа, үйлчилгээгээр бэлэг барихаар өнөөдөр буюу бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь 2000 оноос уламжлал болж хоёр жил тутам зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд ААН-үүд МҮХАҮТ-Энх тайвны гүүр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо харуулан цуваагаар жагсан Сүхбаатарын талбайд хүрэх юм. Сүхбаатарын талбайд 20 ширхэг 9м2 талбайтай асар, ширээ сандал байрлуулан худалдаа, үйлчилгээ явуулах нөхцлөөр хангаж, оролцогч компани, ААН байгууллагууд урсгал зардал-цахилгааны төлбөр, компаний нэр, асарын гадна, дотор тохижилтыг хариуцаж байна. Нийслэлийн иргэд 80 гаруй ААН, компаниудын бүтээгдэхүүнийг 5-75 хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, цүнх зэрэг бүх төрлийн бараа, хүнсний бүтээгдэхүүний хямдралтай худалдаа зөвхөн өнөөдөр тохиож байна.
Үзэсгэлэн худалдаанд:

“Ноос ноолуурын холбоо”
-“Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”
-“Янмал”
-“Чансаа” зэрэг компани, ААН-үүд оролцож байгаа юм.