Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 65.5 хувьтай байна

Ургацын штабаас мэдээлснээр аравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65.5 хувьтай байна.

ХХААХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 158.6 мянган тонн төмс, 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96.1 хувь, хүнсний ногооны 92.4 хувь, тэжээлийн 51.7 хувь, тосны ургамлын 30.2 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт аж. Аравдугаар сарын 9 буюу өнгөрсөн мягмар гарагт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараах байдлаар дээрх хувь 7.5 хувиар өсч ургац хураалтын ажил эрчимжиж байна. Тодруулбал, аравдугаар сарын 9-ны байдлаар 213.8 мянган тонн үр тариа хураан аваад байсан бол 12-ны өдрийн байдлаар 266.3 мянган тонныг авч нийт авсан ургацын хэмжээ 525.2 мянган тонн үр тариа болоод байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 10-наас 17-ныг хүртэлихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Э.Цэрэндулам самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга болжээ

Гүрж улсын нийслэл Тбилис хотноо энэ сарын 12-нд самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ эхэлж, охидын 68 кг-д Энхчимэгийн Цэрэндулам дэлхийн өсвөрийн аварга болжээ.

Тус тэмцээнд манай улсаас 24 бөх хүч, ур чадвараа сорьж байна. Багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, дасгалжуулагч Алтантуяа нар, шүүгчээр гавьяат тамирчин, олон улсын шүүгч Х.Батхишиг оролцож байна. Э.Цэрэндуламын дасгалжуулагч нь Эрдэнэбат юм. Эхний өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 48, 60, 75 кг, эмэгтэй 40, 52, 65 кг, өсвөрийн ДАШТ-ний хөвгүүдийн 48, 62, 82 кг, охидын 44, 56, 68 кг жингийн барилдаан боллоо. Залуучуудын ДАШТ-ий эрэгтэй ангиллын 48 кг-д Кадербекийн Ёлк хүрэл, эмэгтэй ангиллын 65 кг-д Ховд аймгийн бөх Отгонбаярын Саруул мөнгө, өсвөрийн ДАШТ-ний хөвгүүдийн 82 кг-д Мөррэнцэнгийн Баттулга хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орно

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний үйлчилгээнд гарах цагийг урагшлуулахаар зохицуулалт хийж, энэ сарын 15-наас мөрдөхөөр болов. Энэ хүрээнд дараах автобусны чиглэлүүдэд цагийн хуваарь урагшилж өөрчлөлт оржээ.

1.Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;

2.Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;

3.Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх;

4.Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;

5.Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;

6.ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаас тус тус эхлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтрэх зорчигчдын тоо 68.2 мянгаар өсчээ

Манай улсын хилээр 2018 оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.6 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 68.2 (1.5%) мянгаар өсчээ. Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 38.7 хувь нь Замын-Yүд, 18.7 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуунсухайт, 11.4 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээхүрэн, 13.5 хувь нь бусад боомтоор орсон аж. Улсын хилээр 2018 оны эхний есөн сард гадаадын 485.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 45.7 (10.4%) мянгаар өсчээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 34.1 хувийг БНХАУ-ын иргэд, 21.0 хувийг ОХУ-ын иргэд, 15.8 хувийг БНСУ-ын иргэд, 3.8 хувийг Япон улсын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 2.9 хувийг Казахстан улсын иргэд, 19.0 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 1.8 сая иргэн 2018 оны эхний есөн сард гадаадад зорчсоноос 1.3 (71.9%) сая нь хувийн журмаар зорчжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Стандарт, хэмжил зүйн газрыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан тус салбарынхан Төрийн ордны Их танхимд ойн баярын хурлаа хийв.
Энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж буйг зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигт:

“…Стандарт, хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн стандарт, хэмжил зүйн салбарыг үүсгэн байгуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгох, үндэсний стандартын олон улсын түвшинг дээшлүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг үнэлж, Стандарт хэмжил зүйн газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг Стандарт, хэмжил зүйн газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хуралд оролцогчдод

Эрхэм хүндэт стандарт, хэмжил зүйн байгууллагын ажилтнууд, үе үеийн төлөөлөгчид, хүндэт зочид оо,

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойгоо амжилт ололтоор дүүрэн угтаж буй Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.

Тэртээ 1923 онд Ардын Засгийн газраас “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг баталж, Сангийн яамны харьяалалд “Жин хэмжүүрийн тасаг” байгуулсан нь түүхэн цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлийг даван хөгжиж, эдүгээ Монгол Улсын стандартчилал, хэмжил зүйн бодлого, зорилгыг тодорхойлж хэрэгжүүлдэг, 20 аймагт салбар хэлтэс бүхий Засгийн газрын томоохон байгууллага болон өргөжин тэлжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд стандарт, хэмжлийн нэгдмэл байдал нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үе үеийн ажилтнууд Та бүхэн ямагт манлайлан, энэхүү эрхэм, хариуцлагатай ажил үүргийг нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө ихээхэн хүчин зүтгэл гарган ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Аливаа түүхэн ой нь тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн түүхэн цаг хугацаан дахь болон өнөөгийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, баримтлах бодлого, зорилго, зорилтоо тодорхойлох гурван цагийг холбосон зангилаа, чухал цэг байх учиртай.

Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй тэлэхэд онцгой анхаарч ажиллахаа Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа миний бие ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ илэрхийлсэн.

Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг, ард түмний итгэл үнэмшил, нийгмийн сайн сайхны талд үйлчилдэг. Иргэдийн оролцоог бодлого, зорилтдоо тусгаж байж л хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Бид иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг байх ёстой.

Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь Монгол Улсын төрийн бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих нь төрийн үүрэг. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна. Энэхүү их үйлсэд стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэхээс гадна, нэн хариуцлагатай гэдгийг дахин тэмдэглэн хэлье.

Цаашид хөгжингүй Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх зорилгынхоо төлөө тууштай ажиллаж, төрийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт иргэд, ААН байгууллагууд өргөнөөр оролцож байна

Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон ААН, иргэд өргөнөөр оролцож байна.

Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьдаг бол энэ жил гурван газарт мод тарьж байна. “Монгол наадам” цогцолбор, цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттай мод тарьж байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт энэ арга хэмжээ болж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа ч нээн ажиллуулж байна хэмээн Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа мэдээллээ.

2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байдаг, эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил. Тэгэхээр иргэд тарьсан модоо цаашид байнга арчилж хамгаалан ургуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаар цэвэршүүлж, утааны 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

342 алба хаагч хөдөлгөөн зохицуулж байна

Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж, үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Уг ажилтай холбоотойгоор 07:00-22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын өдрийн цайнд зориулан нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2000 ширхгийг шийдвэрлэж өгчээ.

Дээрх арга хэмжээ энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сэтгүүлч Б.Оюунгэрэл сонгогдлоо

Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас сэтгүүлч Б.Оюунгэрэлийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгов. Тэрбээр CHUHAL.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацын тэргүүнээр ажиллаж байв.

МЭХ -ны ерөнхийлөгчид өмнөх ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Н.Золзаяа, Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Н.Золзаяа, Д.Энхжаргал нар нэрээ татаж, Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нар өрсөлдсөн. Нийт 143 төлөөлөгч саналаа өгснөөс Б.Оюунгэрэл 82 гишүүний, Ж.Эрдэнэчимэг 61 гишүүний санал тус, тус авчээ.

МЭХ-ны шинэ ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Монголын эмэгтэйчүүдийн холбоог олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ” гэв. Энэ удаагийн хуралдаанаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь дүрмийн шинэчлэл хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг төлөөлөгчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагууд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сувилагчдын ажлын байрыг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, сувилагчдын ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран сувилагчдын ажлын байрны дутагдалтай байдлыг өөрчлөх зорилгоор 1:2 үйл ажиллагааг эхлүүлжээ. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйл ажиллагаанд ажиллаж байгаа сувилагчийн харьцаа нэг эмчид 1:1.2 гэсэн харьцаатай байгаа бол үүнийг таван жилийн хугацаанд 1:2 гэсэн харьцаатай болгож нэмэгдүүлэх зорилгыг тавьж байгаа аж. Үүний хүрээнд гурван том ажлыг зохион байгуулах юм байна.

Сувилагч мэргэжлээр төгссөн боловч энэ чиглэлээрээ ажилладаггүй өөр ажил эрхэлдэг эсвэл эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан 10 мянга гаруй сувилагч байдаг гэдгийг судалгаанд үндэслэн гаргажээ. Тэгвэл тэднийг эрүүл мэндийн салбарт нь буцааж ажиллуулах бололцоог хангахын тулд тэдэнд зориулсан 14 хоногийн сургалт явуулах аж.

Мөн түүнчлэн хүүхдээ асрах зэрэг ар гэрийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авч мэргэжлээсээ холдсон мөн эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаагаа сунгаж чадахгүй байгаа сувилагчдад зориулсан сургалтыг сар бүр зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн сувилагч мэргэжлээр бэлтгэдэг 12 Их, дээд сургуулиудад сувилагчийн ангийг нээж ЭМЯ-ны харьяа болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж шинээр төгссөн сувилагчдыг ажлын байранд бэлтгэхэд тусламж үзүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Оюунханд хэллээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг хэлэхдээ “Манай төв сувилагчдыг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт болон эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулдаг. Бид сувилагчдын ажлын байрны дутагдлыг нөхөх 1:2 зорилтын хүрээнд эмчлэх эрхийн шалгалтад орж байгаа сувилагчдад дэмжлэг болох зорилгоор сар бүр гурав хоногийн сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Ингэхдээ сургалтад хамрагдах хүмүүст санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр сургалтыг зохион байгуулна” гэв.

Дээрх ажлуудыг зохион байгуулснаар 2020 он гэхэд 1:2 зорилтынхоо 50 хувьд нь хүрнэ гэдгийг тэд тодотгов.