Categories
мэдээ нийгэм

Сурагчид энэ сарын 27-ны өдрөөс амарна

Энэ хичээлийн жилийн сурагчдын анхны амралт аравдугаар сарын 27-оос эхлэх юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын 4-нийг дуустал нэг долоо хоног амрах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхэлж нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орно

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөө иргэдэд үйлчлэх цагийг урагшлуулахаар хуваарьт зохицуулалт хийж, маргаашнаас эхэлж мөрдөхөөр болжээ. Тодруулбал,

Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх
Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх
Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх
Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх,
Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах,
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаар тус тус эхлүүлэх зохицуулалтыг хийж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас төр, захиргааны байгууллагын ажил 09.00 цагт эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гарган, хотын төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Замын ачааллыг бууруулах зорилгоор ажлын цагийг 09.00 цагт эхлэхээр тогтоосон байна. Тус хуваарь энэ сарын 15-ны даваа гариг буюу маргаашнаас эхлэн ирэх оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм.

Categories
мэдээ нийгэм

Мод тарих үндэсний өдрөөр 500 орчим мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” гэсэн уриатай мод тарих энэ намрын ажиллагаанд 20 гаруй байгууллага оролцож 500 орчим мод тарилаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээлтийн арга хэмжээнд оролцож,

-Экологийн тэнцвэргүй байдал цөлжилтийн эсрэг хүмүүс бидний хийж чадах хамгийн том ажил бол мод тарих юм гэлээ. Мөн тэрбээр тарьсан модоо арчилж ургуулж байхыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Азийн пара наадам-2018” хаалтаа хийлээ

Азийн гуравдугаар пара наадмын хаалтын ажиллагаа өчигдөр Индонезийн нийслэл Жакарта хотод боллоо. Уг наадамд 43 орон, газар нутгийн 3000 орчим тамирчин оролцсон нь ийм төрлийн наадамдаа хамгийн өргөн хүрээтэйд тооцогдож байна. Тамирчид спортын 18 төрлөөр найман өдрийн турш өрсөлджээ.

Наадмын хаалтын ажиллагааны төгсгөлд Азийн пара наадмын далбааг 2022 онд уг наадмыг зохион байгуулах БНХАУ-ын Ханжоу хотын төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Монгол Улс энэхүү наадмаас 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Салбарын хөгжилд халаа, сэлгээ хамгийн том гацаа болж байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн болон Эрүүл мэнд спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.


-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд та юу хийж амжуулж байна вэ. Магадгүй хамгийн нам жим, тайван үе өнгөрч байгаа болов уу?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх, АН-ын дүрмийн хорооны гишүүн, намын дэргэдэх боловсрол, эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн гишүүн гээд намын сонгуульт ажлууд байна аа байна. Төрийн албанд 20 гаруйхан наснаасаа орж, дээд боловсролын улсын хороо, боловсролын яамны дарга, сайд байсан төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмид, Академич Н.Содном, доктор, профессор Б.Даваасүрэн, С.Галсан, Ч.Сэрээтэр, М.Даш, Ц.Дашцэдэн, Д.Чүлтэм, Б.Энхтүвшин, хэлтсийн дарга З.Энэбиш гээд олон сайхан хүмүүсийн удирдлагад ажиллан төрийн ажлын жаахан дөр сууж, сүүлийн 20 гаруй жил улс төрийн хариуцлагатай албыг хашсан болохоор “сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчээр залуучууддаа бичиж боловсруулах ажилд нь тусалж, дэмжиж л явна.

-МАН засаг бариад хэдийнэ хоёр жил болжээ. Хашир, туршлагатай улстөрчийн хувьд эрх баригчдыг хэрхэн дүгнэж байгаа бол?

– МАН нэг нам парламентад хэт олон суудалтай байхын зовлонг л эдэлж байх шиг байна. Өмнө нь энэнээс ч олон суудалтай байх үед Монгол Улсын хөгжил дэвшил урагшаа олигтой явж чадаагүйг бид мэднэ. Харин ч доошилж, авлига хээл хахууль гаарсан. Энэ нам төрийн эрх мэдлийг авсан он жилүүдэд цикль нь тэгж таардаг юм уу, дэлхийн хэмжээнд эрдэс баялгийн үнэ автоматаар өсч, эрх баригчдын оролцоогүйгээр Монгол Улсын эдийн засаг өсдөг. Жишээлбэл, уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоос 2016 оны хагас жилд 380 гаруй сая ам.долларын орлого орж байсан бол 2018 оны эхний хагас жилд 1.3 орчим тэрбум ам.долларын орлого орж ирсэн байна. Харамсалтай нь ийм сайхан боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаагаас тэр их мөнгө ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа юм алга. 2016 оны мөн үетэй харьцуулахад долларын ханш 2567 төгрөгт хүрч, төгрөгийн ханш 602 төгрөгөөр, зөвхөн энэ оны сүүлийн нэг сарын дотор гэхэд 100 төгрөгөөр суларлаа. Инфляци 6.6 хувиар, шатахууны үнэ 30 хүртэл хувиар, хүнсний үнийн индекс 26 хувиар өссөн гээд яриад байвал зөндөө юм байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж олигтой нэмэгдэхгүй байгаагаас ард иргэдийн амьдрал туйлдаж байна. Гэтэл АН төрийн эрх мэдлийг барих үед эсрэгээрээ дэлхийн эрдэс баялгийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэдэг. Гэхдээ л тэд улс орныхоо хөгжил, ард түмнийхээ амьдралд үлдэцтэй олон ажлуудыг хийж чадсан байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд эдийн засгийн нөхцөл байдал ямар хүндрэлтэй байлаа даа. АН дангаараа эрх бариагүй ч арай олон хүний суудал авсан гэдгээрээ парламентад суудалтай зарим намуудтай эвсэж Засгийн газраа байгуулан эрч хүчтэй, зоримог алхамуудыг хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн хямралыг зогсоосон. Монгол Улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч дуулдаагүй урт замыг хот, хөдөөд тавьж, аж үйлдвэрийн болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэдэн мянган орон сууц барьж, цахилгаан станцыг өргөтгөх, усан цахилгаан станц байгуулах, гэр хороололын дахин төлөвлөлт хийх гээд маш том төслүүдийг эхлүүлж чадсан. Үүнийг ч монголчууд талархан ярьдаг. Гэтэл одоо ямар байна вэ. Урсгалаараа өсч байгаа эдийн засгийн өсөлтийг өөрсдийн гавьяа мэтээр тайлбарлаж, 65 гишүүн нь хоёр хуваагдаж, Засгийн газраа огцруулж, хугацааныхаа талаас илүү хувийг үр дүнгүй өнгөрөөж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын талаар бол яриад байх ч юм алга.

-АН-ын өмнөх дөрвөн жилд тавьсан өрийг дарсаар байна гэж эрх баригчид ярьж байна л даа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

– Улс орноо хөгжүүлэхийн тулд дэлхийн бүх л орнууд зээл авч эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байдаг. Энэ бол байдаг л зүйл. Харин авсан зээлээ хугацаанд нь төлж өрөнд орохгүй байх гэдэг бол өөр ойлголт. Үе үеийн засгийн газрууд зээл авсаар, төлсөөр ирсэн уламжлалтай. Хамгийн харамсалтай нь МАН-ын Засгийн газрууд төлөх хугацаа нь болсон зээлийг өөр нэг газраас зээл авч төлчихөөд гадаад өр 10 гаруй хувиар буурсан гэж ард түмний тархийг угааж байна. Гэтэл бодит үнийн дүнгээр 2016 оны хоёрдугаар улиралд 16.6 их наяд байсан Засгийн газрын зээл 2018 оны хоёрдугаар улиралд 22.6 их наяд болж, 6.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ чинь өр нэмэгдэж байна л гэсэн үг. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн дорвитой бүтээн байгуулалт гээд хэлчих юм алга. Үнэнийг хэлэхэд нөгөө муу нэртэй, луу данстай “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөр эхлүүлсэн бүтээн байгуулалт хувийн компаниудын хүч хөдөлмөрийн үр дүнд ашиглалтад орсон. Тэнд хааяа очицгоож тууз хайчилж нүүрээ тахалж байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд 500 метр явган хүний зам тавьчихаад тууз хайчилдаг, түмпэн сав, гутал хувцас тарааж сонгогч түмнээ тохуурхдаг улстөрчдийг хараад ичих л юм.

-Тэгвэл АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадаж байгаа болов уу?

-АН УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад бүлэг байгуулах хэмжээний цөөхөн суудал авсан. Миний хувьд сөрөг хүчний хувьд бүлгээс явуулж байгаа бодлогыг болж байна гэж үздэг. Сөрөг хүчин гэхлээр сөрөхийн нэр биш. Манай бүлэг эрх баригчдын буруу бодлого, алдаа дутагдлыг сөрөг хүчний хувьд засч залруулах арга замыг хайж саналаа хэлж, хүлээж авахгүй бол үр дагаврыг нь ард түмэнд мэдэгдэж, заримдаа албан тоотоор шаардлага хүргүүлж, хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэгвэл 1996-2000 онд ардчилсан хүчнийхний хэн парламентад 50 суудал авч төр барих гэж оролдсон, дөрвөн жилд МАН-ынхан цөөнх болчихоод яаж ажилласныг монголчууд мартаагүй байх. Үнэхээр төрөөр тоглох шиг л болсон шүү дээ. Манайхан ч залуу халуун байж. Гэхдээ л бид тэр хүчтэй сөргөлдөөний дунд Монголын эдийн засгийн шилжилтийн цөм хуулиудыг санаачлан баталж, олон түүхэн шийдвэрүүдийг гаргаж чадсан. Үнэндээ 1996-2000 он монголчуудад парламент гэж юу болохыг мэдрүүлсэн чухал он жилүүд байсан.

-Та эрүүл мэндийн салбарыг олон жил оройлж ажилласан хүний нэг. Тодорхой өөрчлөлт шинэчлэлтүүд гарсан гэдэгтэй ч ард иргэд маргахгүй. Харин өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ард иргэд муу үнэлгээ өгч байна. Энэ бүхнийг та ажиглаж, тунгааж л суугаа байх?

-Инженер, эдийн засагч мэргэжилтэй ч 2008 онд хамтарсан Засгийн газарт орж Эрүүл мэндийн сайдаар ажиллах хувь тохиосон. УИХ-ын чуулганаар орох үед мэргэжлийн бус хүн гэж зарим нэгэнд адлуулсан ч 100 хувийн саналаар Эрүүл мэндийн сайдаар томилогдож байлаа. Гэхдээ би өмнө нь парламентад хоёр удаа сонгогдож, Нийгмийн бодлогын байнгын хороонд найман жил, байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдон ажиллахдаа эрүүл мэндийн хууль, тогтоол дээр тасралтгүй ажиллаж салбарын үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг сайн мэддэг байсан. Тэгээд ч сайдын албан тушаал улс төрийн албан тушаал гэж хуульчлагдсан болохоор өөрийгөө мэргэжлийн бус гэж үзээгүй. Харин ч итгэлтэй байсан. Сайдын албанд очоод салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсрол, хүч нөөцөд тулгуурлан бүх хууль, дүрэм журам, хөтөлбөрүүдийг богино хугацааны дотор өөрчилж, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжыг дорвитой нэмэгдүүлсэн. Хуучирч, хөгцөрсөн эмнэлгийн барилга байгууламжийг засч, шинээр барьж, орчин үеийн шинэ техник технологийг эмнэлгүүдэд нэвтрүүлэн боловсон хүчний чадамжийг үе шаттай дээшлүүлсэн. Үүний үр дүнд төсвийн үлдэгдлээр гуч, дөчин жил амьдарсан эрүүл мэндийн салбар чамгүй өндийсөн гэж боддог. Даанч дараа нь зогсонги байдалдаа эргээд орсон. Түүнийг 2008-2012 онд бидний эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажил одоо хүртэл дуусаагүй үргэлжилж байгаагаас харж болно.

-Таныг 2015 онд Эрүүл мэнд, спортын яаманд ТНБД, сайдаар томилсон байх аа.

-2012 онд залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Манай нам арай олон суудал авч төрийн эрх мэдлийг авсан учир УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар ажилласан. Гэтэл 2015 оны өвөл намайг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр дуудаад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Үнэндээ би хүсээгүй ч салбарын эрх ашгаа бодоод л ЭМЯ-нд эргэж очсон. Богинохон хугацаанд гурван ч сайдын нүүр үзчихсэн байсан болохоор надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь халагдчихсан. Сайд, төрийн нарийн бичгийн дарга, ихэнх хэлтсийн дарга нар нь үүрэг гүйцэтгэгч, халагдсан хүмүүс нь шүүхдэж ялаад баахан цалин давхардчихсан. Төсөв хөрөнгө гэж замбараагүй юм болчихсон байсан. ТНБД болоод АТГ, прокурор дээр гацсан, хөрөнгө мөнгөгүйгээс зогссон “Үндэсний оношилгооны төв”, Яармагийн 300 ортой “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”, “Түлэнхийн төв”, “Хавдарын өргөтгөл”, “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-ийн цогцолбор, аймгуудын нэгдсэн эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн саатлыг гаргаж, хөрөнгө мөнгийг нь шийдэж богино хугацаанд хөдөлгөөнд оруулсан. Тэгтэл он гармагц Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Сайд нь үүрэг гүйцэтгэгч байсан болохоор тэгсэн байх л даа. УИХ-ын даргын зөвлөх байхдаа “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулийн ажлын хэсэгт ажиллаж, яаманд очоод “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг хэлэлцүүлэгт оруулж УИХ-аар батлуулсан. “Биеийн тамир спортын тухай”, “Донорын тухай” хуулиудыг Засгийн газраар хэлэлцүүлж өргөн барихад бэлэн болгосон. “Үндэсний оношилогоо-эмчилгээний төв”-ийн шавийг тавьж, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн шинэ байрыг дуусган хүлээн авч, Түлэнхийн төвийн газрын асуудлыг баталгаажуулж, хуучин барилгыг нь буулгаж, Хавдарын өртгөтгөл, СЭМТ-ийн цогцолборын барилгын хөрөнгийг шийдэж ажлыг нь эрчимжүүлсэн. Өөр зориулалтаар өөрчилсөн Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын лабораторийн хэсгийг засч янзлан Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүлээлгэн өгч, 260 ортой эмнэлгийг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. 2016 оны сонгуульд АН ялагдсан болохоор сайдын албыг А.Цогцэцэг сайдад хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь 65 суудалтай МАН дотроо хагаралдаж, Засгийн газраа огцруулснаар одоо УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт том. Энэ талаас нь аваад үзвэл биелэлт тааруу байгаа нь үнэн. Тийм ч учраас ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн асуудлаар УИХ-д хийсэн хоёр удаагийн мэдээлэлтэй холбогдуулж, АН-ын УИХ дахь бүлэг маш нарийн тооцоо судалгаатай дүгнэлт гарган алдаа оноог нь ил тод хэлж, 10 гаруй заалттай зөвлөмж хүргүүлсэн байгаа.

-Эрүүл мэндийн салбарын хэтийн хөгжлийг та юу гэж хардаг вэ. Энэ салбарт ямар бодлого, шинэчлэл дутагдаж байна гэж дүгнэж байгаа бол?

-Дэлхийн техник, технологийн хөгжлийн түвшнээс 30 гаруй жилээр хоцорчихсон энэ салбарыг эдийн засаг, хууль эрх зүйн чадамжийг сайжруулж, оношилгоо, эмчилгээний арга, техник, технологийг дэлхийн түвшинд хүргэн, эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой дээшлүүлж, тэдний оюуны чадавх эрч хүч, мэдлэг чадварыг бүрэн дүүрэн ашиглаж чадвал эмчилгээ оношилгоог дэлхийн түвшинд хүргэх бүрэн боломжтой. Сүүлийн хэдхэн жилд манай эмч нар бөөр, элэг, ясны чөмөг хэм шилжүүлэх, үе мөч солих, зүрх судас, тархи, мэдрэлийн эрхтний олон төрлийн мэс ажилбарыг нутагшуулж чадаж байгаа нь үүнийг нотолж байна. Хамгийн гол нь засаг төр нь тогтворгүй болохоор бодлого шийдвэр эргэж буцаж маш их хугацаа алдаж байна. Бид “Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” шинэ хуульд даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцүү болгож, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах талаар томоохон заалтууд оруулсан. Гэтэл МАН гарч ирээд шимтгэлийн хувь хэмжээг нэг хувь болгон бууруулж “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн амин чухал заалтуудын хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан. Эмч, сувилагчдын цалин хөлсийг төрийн албан хаагчдын нэгдсэн сүлжээнээс гаргаж, эмнэлгүүдийг шууд хувьчилдаггүй юм аа гэхэд эхний ээлжинд удирдах зөвлөлтэй болгон тэдний санхүүгийн бие даасан байдлыг хангахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар яриад ч хэрэггүй. “Эрүүл мэндийн даатгалын тухай” шинэ хуулийн дагуу 2016 онд Эрүүл мэнд спортын яам “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ”-г боловсруулж батлуулснаар иргэд оношилгоо эмчилгээнд хамрагдахдаа тодорхой хэмжээний зардлыг даатгалаас авах нөхцөл бүрдсэн нь өнөөдөр амжилттай хэрэгжиж байна. Энэ бол анхны том алхам. Одоо энэ төлбөрийн хэмжээнд эмч сувилагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг тооцон оруулж даатгалын сангаас урамшуулал олгох хэрэгтэй. Ингэснээр өндөр мэргэшлийн эмч сувилагчид өндөр цалин урамшуулал авах нөхцөл бүрдэнэ. Нэг зүйлийг хэлэхэд эрх баригчид ямар ч судалгаагүй, зүгээр л даатгалын мөнгийг тараах сэтгэлгээгээр ЭМД-ын байгууллагыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлсэн. Энэ бол тийм ч оновчтой шийдэл биш. ЭМД-ын байгууллага бол эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж юуг, хэнээс худалдан авах, үйлчилгээ ямар өртөгтэй, үйлчлүүлэгчдийн төлбөрийн хувь хэмжээ ямар байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын оношилгоо эмчилгээний үр дүнг цахим хэлбэрээр хянаж, түүний дагуу сангийн хөрөнгийг зарцуулдаг хараат бус цогц байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл ЭМД-ын агентлагын дэргэд өртөг зардал тооцох, даатгалд хамрагдаж байгаа байгууллагуудын оношлогоо эмчилгээний үр дүнг цахимаар хянадаг нэгж байх ёстой гэсэн үг. Тэгж байж даатгалын үнэ цэнэ нэмэгдэж өртөг зардал бодитой болно. Даатгалд хамрагдсан эмнэлгийн үйлчилгээний чанар стадартын түвшинд хүрнэ. Тиймээс энэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Бид нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тэргүүн зэрэгт тавина гэж хууль гаргаж, сум, өрхийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн төв болгоод долоон жил болж байна. Энэ төвүүдийн төсөв зардлыг үндэслэлтэй тогтоож, эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж чадвал иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад том дэвшил гарна. Өвдсөн хүнийг эмчлэх гэж төрөөс гаргах хөрөнгийн хэмжээ ч буурна. Өргөн утгаараа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл ӨЭМТ-ийн нэг иргэнд ногдох зардал царцанги байдалд байна. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдын мэргэжлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутамд дээшлүүлэх хуулийн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энэ хуулийн заалтыг 2019 оны төсөвт холбогдох зардлыг суулгаж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ бакалаврын зэрэгтэй сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг ерөнхий эмчийн резидентурт сургаж, мэргэшүүлэн зэрэг олгож, тэднийг сум өрхийн эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр хамгийн ноцтой үр дагаварт хүрч байгаа нэг асуудал гэвэл эм, хүнсний аюулгүй байдал. Эм хүнсний аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэндээрээ ямар их хохирч байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас бидний хэлэлцүүлж байгаад батлуулж чадалгүй үлдээсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг яаралтай баталж, Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах замаар “Эм, хүнсний агентлаг”-ийг байгуулах хэрэгтэй. Агентлаг байгуулах зардал мөнгө алга л гэх байх. Үнэндээ ЭМЯ, ХААХҮЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Хил, гааль дээр ямар ч бодлого зохицуулалтгүй энэ чиглэлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа маш олон хүн байгаа болохоор төсөвт хүндрэлгүйгээр “Эм, хүнсний агентлаг”-ийг байгуулах боломж бий. Энэ байгууллага үйл ажиллагааныхаа зардлыг одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулийн дагуу өөрсдөө бүрдүүлэх ч боломжтой. Эцэст нь анагаахын боловсон хүчнийг ямар ч төлөвлөлтгүй эмх замбараагүй бэлтгэж байгааг зогсоож, анагаахын сургуулиудад тавих стандарт шаардлагыг өндөржүүлэх ёстой. Сувилагчийн орон тоо дутагдалтай, элсэгчдийн тоо буурч байгааг харгалзан сувилахуйн сургуульд суралцагчдын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс хариуцаж бодлогоор дэмжих, мэргэжилтэн бэлтгэх ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах, анагаахын мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдлага арга зүйгээр хангах, сургууль байгуулах эрх олгох, магадлан итгэмжлэл явуулах зэрэг эрх үүргийг БСШУС-ын яамнаас ЭМЯ-нд шилжүүлэх хэрэгтэй. Мөн Хууль зүйн яамны харьяанд Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж байгааг ч болих хэрэгтэй. Ийм замбараагүй байж болохгүй. Эрүүл мэндийн бодлого зохицуулалт мэргэжлийн яамандаа төвлөрөх хэрэгтэй.

-УИХ, Засгийн газар солигдоод л халаа, сэлгээ хийдэг жишиг тогтсон. Төрийн залгамж чанар алдагдах нь ямар сөрөг үр дагавартай вэ. Ер нь бид хэзээ миний, чиний хүн гэж ялгаварлахаа болих бол?

-Баг бүрдүүлэх нэрээр гадаадад нарийн мэргэжлээр мэргэшиж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн яамны төрийн албан хаагчид, эмнэлгийн удирдлагуудыг халж сольж, шинэ хүмүүсийг оруулж ирдэг тогтолцоо бий болсон нь үнэндээ салбарын хөгжилд хамгийн том гацаа болж байна. Би 2008 онд таван сайдын нүүр үзэж бүх шатандаа итгэл үнэмшилгүй болчихсон яам, агентлаг, эмнэлгүүдийг хүлээж авсан. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, өөрийнхөө зорилго зорилтыг тодорхойлж нэг ч хүнийг хөөж туулгүй хамтарч ажилласан. Тэглээ гээд алдаагүй, харин ч хожсон. Манай салбарынхан урам зоригтой, маш их бүтээлч ажилласан. Ер нь тэгээд баг бүрдүүлж өөрийн гэсэн хүнтэй болно гэдэг чинь өөрийгөө л бодсон хэрэг шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Миний сайн мэдэх зүйлс

Ток шоуны хатан хаан Опра Уинфригийн “Миний сайн мэдэх зүйлс” номыг энэ удаа онцолж байна. Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар төржээ. Тэднийх тун ядуу айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, 14 настайдаа хүүхэд төрүүлсэн ч төд удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг “Опрагийн шоу”-руу хөтөлжээ.

“Миний сайн мэдэх зүйлс” номыг уншихад Опра Уинфри өөрийн туршлага, мөн амьдралд бидний зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг энгийнээр илэрхийлсэн нь сэтгэлд нийцсэн юм. Бидний анзаардаггүй энгийн зүйлс хамгийн нандин байдаг гэх илэрхийлэл олон.

Найман бүлэг тус бүрт өөрийн онцлог бүхий эшлэл сонирхол татахуйц өгүүлбэрээр илэрхийлдэг. Жигүүрээ дэлгэн өндөрт дүүлэн нис, урьд өмнө хэний ч хараагүй зүйлийг хар, холын холд аял, төөрөн будилж цөхөр, гэхдээ тэмүүлсээр бай. Эхлээд өөртөө хэн болохыг хүсч байгаагаа хэл. Дараа нь хийх ёстойгоо хий.

Түймэр асч, саравч нурлаа ч тэргэл сар харагдана гэх мэтчилэн халуун дотно зөвлөгөөнүүд бий. Өөрийн амьдралын өдөр тутмын зүйлсээсээ аз жаргал сайн сайхныг мэдэрдэг талаар өгүүлдэг. Тэрээр ирээдүйг яг таг төлөвлөхөөс татгалзаж, өнгөрсөн үеийн алдаандаа харамсахгүйгээр одооныхоо жинхэнэ хүч чадлыг мэдрэн өнөөдрөөрөө амьдрах хамгаас чухал гэдгийг онцолжээ. Тэр зөвхөн өнөөдөртөө л амьдардаг. Түүний ямар нэгэн зүйлийг бүтээх, амьдралыг ухаарах, амжиж хайрлах, буруу зүйлсээс зугтаах гэх мэт зүйлс яг одоод л байдаг. Опра аз жаргал, баяр баясал сэтгэл ханамжийг хааяахан тааламжтай амтлах хар шоколад, ноходтойгоо тоглох, их ажлын дараа ярилцах итгэлтэй найз, хашаандаа тарьдаг жимсээ түүхдээ, гунигтай үедээ сонсох дуртай дуу гэх мэт энгийн л зүйлс гэж үздэг. Энэхүү ном нь амьдралд юу ч тохиолдсон даван туулах, өөрийгөө олж харах, нээх хэрэгтэй талаар зөвлөдөг. Өнөөдөртөө амьдарч энгийн зүйлсээс амар амгаланг олж харан хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх хэрэгтэй тухай өгүүлнэ. Амьдралд боломж заримдаа ганцхан удаа ирдэг. Эргэлдэн бүжих, эсвэл сууж үлдэх сонголт байвал эргэлзэлгүй хөгжин бүжнэ гэдэгт чинь би итгэж байна хэмээжээ. Хамгийн хэцүү үед ч тэвчээр заан урагшаа дахиад ганц л алхахад бид бүхэн амьдралын өгөөмөр хишгийг хүртэх болно. Хэрэв айдсаа ялан дийлж хөөн зайлуулж чадах юм бол хариулт нь тэр дороо олдоно гэдэг Опрагийн бас нэгэн сайн мэддэг зүйл аж. Амьдралын урт аялал бол өөрийгөө таньж мэдэх аян юм. Хэрвээ бид анзаарч чадвал амьдрал хичнээн сайхныг уг номд өгүүлнэ. Тэрээр “Миний хувьд ном бол нэг төрлийн зугтах зам юм. Сайн ном унших бол хэн ч халдашгүй эрх, хүссэн газартаа хүрч очих боломж. Энэ бол яах аргагүй миний цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай арга. Миний сайн мэдэх зүйл гэвэл унших нь таны сэтгэлгээг задалж, нээлттэй болгож өгнө. Ингэснээр дотоод сэтгэлээ ил гаргаж, оюун ухааныхаа гүнд нэвтрэх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь уншсанаар та илүү өндөрт гарах болно” гэжээ. Мөн “Миний сайн мэдэх зүйл бол хөл дээрээ босч зогсох, хязгаарыг давж алхах, хүссэнээрээ амьдрах сонголтоос таны хүрэх замын аялал эхэлнэ” хэмээжээ. Түүнчлэн “Авираад байгаарай” зэрэг хүнд урам зориг өгөх үгсээр дүүрэн ном юм.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр гавьяат, “18 хос”-той арын хангайн 10Б-гийнхэн

Архангай аймгийн арван жилийн сургуулийг тэртээ далан гурван онд төгссөн “охид, хөвгүүд”-ийг “Нэг ангийнхан” буландаа зочноор урилаа. “Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрдөг юм байна. Саяхан л сургуулиа төгсөөд инээд хөөр болон мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байсан охид, хөвгүүд бид өнөөдөр эмээ өвөө болж, алдрайхан бага нас минь түүх болон үлджээ. Архангайн төвийн арван жилийн сургуулийг төгссөнөөс хойш нэг л мэдэхэд 45 жил болсон байна” гэж тус ангийн эрхэм сурагчид өгүүлж байна. Далан нэгэн онд Архангай аймгийн төвийн найман жилийн наймдугаар ангийг дүүргэсэн гурван ангиас энэ удаагийн хүндтэй зочид маань бүрдэж “10Б” хэмээх ангийнхны нэгэн цагийн түүх эхэлсэн байдаг. “Тухайн үед Булган уулаараа нөмөрлөсөн Архангайн төвд ЗХУ-ын (хуучнаар) тусламжаар баригдсан арван жилийн шинэ сургуулийн хоёр дахь төгсөлтийн эзэд болох хувь заяа бидэнд оногдсон юм” хэмээн бахархалтайгаар дурсч байна.

Архангайн арван жилийн хоёр дахь төгсөлтийнхний ангийн багшаар жижиг Тунгаа хэмээх багш ажиллаж байгаад удалгүй А.Нямринчин гэдэг аймагтаа төдийгүй улсад нэр алдар нь түгсэн математикийн шилдэг багш ангийг нь даасан байна. А.Нямринчин багш арын хангайн олон сурагчдыг математикийн олимпиадад амжилттай бэлтгэж, математикийн шинжлэх ухаанд сургасан буянтан билээ. “Багшийн ухаан шавиас” гэдэг. Тэгвэл Нямринчин багшийн Монгол Улсын математикийн олимпиадад аваргалсан үе үеийн шилдэг сурагчдыг ард түмэн андахгүй ээ. Тэд бол Монгол Улсын нэрийн хуудас болсон, хайрт багшийн минь алдар гавьяаг бахдуулсан сурагчид юм. Тухайлбал, Монгол төрийн эрхэм түшээ, Монгол Улсын их даргын өндөр албыг хашиж байсан Р.Гончигдорж олон улсын математикийн олимпиа-даас анхны хүрэл медалийг хүртэхдээ манай багш дээр бэлтгэгдэж амжилтад хүрс-нийг тэмдэглэх нь зүйтэй. Математикийн шинжлэх ухаанд гараас нь хөтөлсөн шавь нараас нь шинжлэх ухааны академич гурав, ШУА-ийн жинхэнэ гишүүн тав, математикийн доктор долоо болон бусад олон эрдэмтэн төрсөн байна. Тэдгээрийн дотроос УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, сансрын нисгэгч М.Ганзориг зэрэг алдар цуутнууд олон бий.

Монгол Улсад математикийн ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулж математикийн 1994 оны улсын олимпиадыг А.Нямринчин агсны нэрэмжит болгон анх удаа хөдөө орон нутагт Архангай аймагт зохион явуулсан түүх бий. Эрхэм багштай хамтран ажиллаж байсан анд нөхөд, шавь нар, үр хүүхдүүдийнх нь санаачилгаар 2011 оноос эхлэн түүний нэрэмжит санг байгуулж А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг болсныг дуулгахад сайхан байна. Сургуулийнх нь захирлаар Ц.Нямдорж гэж шударга зарчимч, шаардлага өндөртэй, зохион байгуулах гоц авьяастай, олон багш сурагчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм ажиллаж байжээ. “Манай сургуулийн сурагчид гадуур хувцас, гутлаа тайлж цагаан ултай тавчик, кет өмсөж хичээлдээ ордог. Хэрэв байхгүй бол хичээлд суулгахгүй, сургуулийн цагаан хулдаасан шалан дээр хар зураас гаргавал ангиар нь арчиж арилгуулж байж хичээлд оруулна. Хичээлийн байранд шуугих, ноцолдох, ямар нэгэн хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй сургуулийн дотоод журмыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлдэг нь захирлын маань ажлын арга барил, сурагчдад тавьж байсан өндөр шаардлагатай холбоотой байв. Хожим манай сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Бид бүхэн шугам зургийн багш Р.Барамсайдорж, астрономийн багш Г.Магвансүрэн, физикийн багш Б.Бүргэдээбазар гээд шилдэг багш нараар хичээл ззалгасан. Бидний үеийнхэн тэдний зарчимч шаардлагаар хүмүүжсэн учир сурах зорилгыг эрхэмлэдэг байлаа” гэж баяр бахдал дүүрэн хэлж байна.

Тус ангид 36 хүүхэд суралцаж байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь 18 эмэгтэй, 18 эрэгтэй сурагчид байсан аж. Нямринчин багш нь ангидаа математикийн хичээл ордог байсан бөгөөд зарим нэг бодлогыг бодож дийлэхгүй болохоор “Та нар 18 хос болоод Халх голын Сангийн аж ахуйд очиж тариа ногоо тарьж амьдарвал зохих юм байна” гэж тоглоом шоглоомын аястай, цаанаа л хор шарыг нь хөдөлгөж хичээлийг нь давтуулдаг байсан гэдэг. Халх голын шумуул гэж айхтар юм бий. Та хэд бэлтгэлээ сайн хангаж яваарай гэх зэргээр даажигнадаг байсныг шавь нар нь инээд наргиан болгон дурсч байна. “Аравдугаар ангид суралцаж байхдаа манай ангийнхан аймгийнхаа зүг зүгээс хичээлдээ явдаг байлаа. Арван жилээ төгсөөд амьдралын эрхээр арван зүгтээ салан одсон ч гэнэн томоогүй, гэгээн цайлган насныхаа нандин он жилүүдийг хамтдаа туулсан болохоор нэгнээ үгүйлэн санадаг. Боломж л гарвал уулзахын хүслэн болдог” гэж чин үнэнээ дэлгэсэн билээ.

Хавар болж шалгалт эхлэхээр аймгийн баруун хэсэгт байсан нөхөд Арслан цохио, Мааньт ууландаа дотуур байрныхан Булган ууланд зүүн дэнжийхэн зүүн уулынхаа хадан цохионд өглөө эрт гарч хичээлээ давтдаг байсан гэнэ. Заримдаа хичээлийн дараа уулзаж хичээлээ давтан зарим дүрсгүй нэг нь охидоо оролдон ганц нэгийг нь уйлуулчихдаг, өөрсдөө баахан барилдаж ноцолдож байгаад ирдэг байсан гээд инээд хөгжөөнтэй дурсамж тасрахгүй. Мөн ногоо хураахаар явж байхдаа ногоон Зилийн тэвшин дээрээс унаад нэг ч хүүхэд бэртээгүй тухай, хадлан хураахаар явж байхдаа охидын майханд орж унтчихдаг “овсгоотой” банди байсан тухай, түлээ мод бэлтгэж олон нийтийн ажилд оролцож явсан гээд гэнэн хонгор насных нь гэгээн дурсамжууд дэвтэр дүүрэн байх нь бий. Арван жилийн сурагчид байхад анхны хайрын болзоо, хаврын анхны бороо гээд нандин мөчүүдээ яахин мартана билээ. Анхны гэнэн хонгор хайр амьдралынх нь үүрдийн баталгаа болж тус ангиас хоёр сайхан хос төрж, одоо олон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл өрх болцгоожээ. Мөн С.Чимэдсүрэн таван хүүхдийн эх болж ангиасаа хамгийн түрүүнд “Алдарт эх”-ийн одон энгэртээ гялалзуулсан ажээ. “Алдарт эх”-ийн одон гэснээс тус ангийнхан ёстой нэг одонгийн эзэд ажгуу. Тухайлбал, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт гурав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт хоёр, Алтан гадас одонт гарав гаруй, Цэргийн гавьяаны одон зургаа төрөөд байна. Хоёр гавьяатаа залгасан гавьяатууд ч төрөхөд ойрхон байна.

“Бидний үеийнхэн чинь сурч боловсрох эрмэлзэл дүүрэн, оргилуун сэтгэлтэй шинэ шинэлэг зүйл сурахыг үргэлжид эрэлхийлнэ. Манай ангийхан ч тэдний нэгээхэн хэсэг байлаа Сурлага, спортоор сургуульдаа тэргүүний анги байлаа. Ш.Лхагвасүрэн, А.Доржпалам нар арван жил дараалан онц сурч Ч.Болд ахлагчтай гар бөмбөгийн баг сургуулийн аварга болсон гээд спортын одод байсны дотор Сүхбаатар маань бүхий л төрлийн хөгжмийг тун чадварлаг тоглодог урлагийн од байсан” гэв. Дотуур байрныхан тухайлбал, М.Төмөрбаатар, Б.Балжинням, П.Доржготов, П.Хандсүрэн нар нийтийн бүжгэнд бусдыгаа хошуучлан оролцдог байсныг онцолъё.

Ямар чиг цаг мөчид ангийн нөхдөө халуунаар дурсдаг, эвтэй найрсаг тэд 2013 онд төгсөлтийн 40 жилийнхээ ойг БХЯ-ны амралтад өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Тэгэхдээ хамт төгссөн хоёр ангийнхаа нөхдийг урьж сургуульд байсан он цагаа дурсан, төгсөлтийн ойг ёстой нэг бүрэн утгаар нь өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэхүү уулзалтынхаа үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан, салбартаа түүчээлэн яваа нөхдөө урамшуулан шагнасан нь хүн бүхэнд ихээхэн урам зориг нэмсэн нь мэдээж. Түүхт энэ ойдоо зориулж 1973 онд 10 дугаар анги төгссөн бүх төгсөгчдийн дурсамжийг бичүүлэн авч, гэр бүл үр хүүхдүүдийнх нь хөрөг зурагтай “Бид нэг ангийнхан” номыг эмхтгэн гаргахад идэвхийлэн ажилласан, ангийн анд П.Болдодоо нөхөд нь талархаж явдаг байна. Тус ангийхан 10 дугаар ангиа төгсөөд ихэнх нь гадаад, дотоодын их, дээд сургуульд зарим нэг нь техникум төгссөн ч хожим их, дээд сургуульд суралцаж төгссөнөөр тус ангийн 80 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшсэн нь бахдалтай.

Энэхүү ангиас Монгол Улсын гавьяат цолтон хоёр төрсөн юм. “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал Ө.Магсаржав 2014 онд Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж ангийн нөхдөө баярлуулсан бол, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан М.Төмөрбаатар 2018 онд Монгол Улсын гавьяат барилгачин цолоор энгэрээ мялааж гавьяатын буухиаг үргэлжлүүлсэн байна. Дархан- Уул аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагч, хурандаа М.Төмөрбаатар, Тагнуулын ерөнхий газрын хурандаа, ТЕГ-ын Хүндэт ажилтан, дэд профессор Д.Гантөмөр нар 10б ангиас төрсөн. Ийнхүү нэг ангиас гурван хурандаа төрсөн нь мөн л хамт олныхоо бахархал болж, тус ангийг ямархуу анги байсныг илтгэх чухал үзүүлэлтийн баталгаа болсон билээ. Тагнуулын хурандаа Д.Гантөмөр нь БНХАУ, ОХУ-д ЭСЯ, ЕКГ-т нэр төртэй ажиллаж байсан, салбарынхаа шилдэг боловсон хүчин юм.

Энэ ангиас Б.Балжинням, Д.Нямдорж. Ш.Лхагвасүрэн. Л.Галбадрах нар цэргийн сургуулиас ажлын гараагаа эхэлж цэргийн цолтон болсон бол иргэний их, дээд сургууль төгсөөд дараа нь цэргийн байгууллагад ажиллаж байсан Д.Гантөмөр, М.Төмөрбаатар нар хурандаа, Д.Далхсүрэн дэд хурандаа, Ч.Болд хошууч цол хүртсэн нь байдаг юм. Тус ангиас боловсролын тэргүүний ажилтан Д.Гантөмөр, П.Болд, С.Чимидсүрэн, Батсайхан, хууль зүйн албаны тэргүүний ажилтан Д.Гантөмөр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Б.Гүнсмаа, Б.Баасанхүү, С.Алтанцэцэг, санхүү банк-ны тэргүүний ажилтан С.Оюунчимэг, С.Нарангэрэл, улсын тэргүүний барилгачин М.Төмөрбаатар, С.Нарангэрэл, уул уурхайн тэргүүний ажилтан Ж.Наранчимэг, Ш.Жамц, статистик бүртгэлийн тэргүүний ажилтан Б.Ням, Монголын улаан загалмайн болон Төмөр замын тэргүүний ажилтан Н.Зина, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан Ш.Нямжав, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан Н.Оюунгэрэл гээд бүгд л салбарын тэргүүнүүд болцгоосон байна. Тухайн үед пионерийн болон эвлэлийн байгууллагыг дамжин олон талын хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлдэг байсан цаг үе байсан юм. Тиймдээ ч МХЗЭ-ийн тэргүүний сэхээтэн залуу алтан медальтан Н.Зина, Д.Гантөмөр нар шагнагдсан бол тус ангийн төгсөгч Батсайхан, Долгорсүрэн, Сайнууз Далхсүрэн нар төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байна. Ч.Болд УБДС сургууль төгсөөд Монгол телевизэд сэтгүүлчээр ажиллаж олон сайхан нэвтрүүлэг хийж олны хүртээл болгосон билээ. П.Болд Архангай аймгийн багшийн сургуульд тэнхимийн эрхлэгч, багшаар олон жил ажилласан М.Төмөрбаатар Барилгын цэргийн ангиуд болон Барилгын цэргийн ерөнхий газарт удирдах ажил хийж, Улаанбаатар Дархан хотуудын бүтээн байгуулалтад оролцож Гутлын үйлдвэр, Нэхээсгүй даавууны үйлдвэр, Монгол бөхийн өргөө зэрэг олон томоохон барилгыг барьсан бол одоо барилгын хувийн компанийн захирлаар ажиллаж байна.

Б.Балжинням Оросын алдарт Фрунзийн Цэргийн Академи төгсөж Зэвсэгт хүчний 016-р ангийн штабын даргаар, Д.Далхсүрэн Завхан, Төв аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарцгаажээ. Ө.Магсаржав Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг одоо ч нэр төртэй гүйцэтгэсээр байгаа бол Ш.Жамц, А.Доржпалам, Ж.Наранчимэг нар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт олон жил удирдах ажилтнаар, Б.Ням Архангай аймгийн Төвшрүүлэх сумын орлогч дарга, Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, С.Оюунчимэг төрийн болон хувийн секторын санхүүгийн байгууллагад одоо ч нэр хүндтэй ажиллаж байна. П.Доржготов ХААЯ, Сүүний үйлдвэрийн Авто баазын ерөнхий инженерээр ажиллаж байсан бол, Н.Зина Төмөр замын техникум төгсөөд Бага хангай дүүрэгт удирдах ажлыг одоо ч хийсээр байгаа юм. Б.Гүнсмаа эм хангамжийн байгууллагад, Н.Оюунгэрэл мод боловсруулах болон мебелийн үйлдвэрүүдэд зохион бүтээгч инженерээр олон жил ажиллаж байсныг тэмдэглэе. Харин Ш.Нямжав хөнгөн хүнсний салбарт олон жил ажиллаж Монгол Улсын мах шуллагааны дээд амжилтыг тогтоож хоёр өрөө байраар шагнуулж салбарын мэргэжлийн аварга болж байлаа гээд бахдам түүхтэй, нэгэн цаг үеийнхний нэрийн хуудас болсон шилдэг хамт олон юм.

Тус ангийнхнаас С.Нарангэрэл маань Санхүүгийн техникум, МУИС төгсөөд санхүүгийн салбарт олон жил амжилттай ажиллахын зэрэгцээ хүний төлөө гэсэн сайхан сэтгэлээр ангийнхандаа хандаж аливаа зовлон бэрхшээл гарсан үед хамгийн түрүүнд гараа сунгаж, бүхий л ажлыг санаачлан хийдэг тул хамт олноосоо “Өндөр ээж” хэмээх эрхэм нэртэй болсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй юм. Ийнхүү хүмүүний амьдралын гэрэл гэгээт сурагч насныхаа цаг мөчийг хамт өнгөрүүлж, 45 жилийн хугацаанд нэгнээ үргэлжид санан дурсч, уулзан учирч, баяр хөөр, жаргал зовлонгоо хуваалцаж яваа хамт олны тухай өгүүлэхэд ийм байна. Эвсэг халуун сэтгэлтэй олон шилдэг хурандаа, хоёр эрхэм гавьяат төрүүлсэн Арын сайхан хангай нутгаараа овоглож яваа тэд аз жаргалтай, хийморь лундаатай, сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч явна аа.


Categories
мэдээ цаг-үе

Г.Даваажаргал: Гэр хорооллын утааг 7-10 хувь бууруулна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргалтай ярилцлаа.


-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас энэ өвөл ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн болон дэд бүтцийн маш олон төрлийн ажил хийж байгаа. Үүнээс тодруулбал, Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатарын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг үйлдвэрлэх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа жигдрүүлэх, сайжруулах ажлууд хийгдэж байна. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулагдсан. “Эрдэнэс Таван толгой” компанийн охин компани болох “Таван толгой түлш” ТӨҮГ үйлдвэрээ байгуулсан. Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хороололд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэсэн зорилт тавьсан. Энэхүү 80 мянган тонн түлшийг нийлүүлэх гэр хорооллын хэсгийг сонгосон. Үүнд Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX, XI, XXIV, XXV, XXVI, XXVIII гэсэн найман хороонд сайжруулсан түлшийг тараана. Эдгээр найман хороонд 26 мянга орчим айл өрх бий. Үүнээс 5000 гаруй нь зорилтот бүлгийн айл өрх юм.

-Сонгинохайрхан дүүргийн эдгээр байршлыг сонгож, сайжруулсан түлш тараах болсон шалтгаан юу вэ?

-Эдгээр нь иргэдийн хэлж заншсанаар Баянхошуу орчмын айл өрхүүд юм. Баянхошуунд байрлах агаарын бохирдлыг хэмжих автомат харуулын үзүүлэлт бусад байрлалын харуулуудаас хамгийн өндөр нь байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн их утаа ялгаруулдаг хэсэг гэсэн үг. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын салхины зонхилох чиглэлд буюу баруун хойд хэсэгт байрладаг. Эдгээр онцлог шалтгаануудын улмаас Сонгинохайрхан дүүргийн дээрх найман хороог сонгосон.

-Сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг мянган тонноос доошгүй багтаамжтай сайжруулсан түлшний түгээх, нөөцлөх, борлуулах зориулалтын агуулах барихаар төлөвлөсөн. Энэ жил гурван агуулахыг барихаар ажиллаж байна. Эдгээр агуулахыг барих газрын асуудлыг Нийслэлийн газрын албатай хамтран шийдсэн.

-Баянхошуу орчмын айлуудад сайжруулсан түлшийг нийлүүлэхээр болсон гэлээ. Энэ нь утааны хичнээн хувийг бууруулах вэ?

-Бидний хийсэн хаягдал утааны туршилтаар энэ жил нийлүүлэх сайжруулсан түлш маань агаарт хаяж байгаа тоосонцрын хэмжээг 60 хүртэлх хувиар бууруулах боломжтой нь тогтоогдсон. Уг түлшний түүхий эд нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Ухаа худгийн угааж баяжуулсан нүүрс юм. Гэр хорооллын айл өрхүүд нийт утааны 80 хувийг ялгаруулдаг. Хэрэв уг 80 хувийг 100 хувь гэж бодъё. Тэгвэл бүх айл өрх сайжруулсан түлш хэрэглэсэн тохиолдолд нийт гэр хорооллоос ялгарч байгаа утааг 60 хувиар бууруулах юм. Өөрөөр хэлбэл, 26 мянган айл сайжруулсан түлш хэрэглэснээр нийт гэр хорооллоос ялгарч байгаа утааг 710 хувиар бууруулна.

-Эдгээр 26 мянган айл өрх энэ өвөл ямар нэгэн байдлаар түүхий нүүрс хэрэглэхгүй гэж ойлголоо. Тэгвэл түүхий нүүрсний хэрэглээг хэрхэн хянах юм бэ?

-Тухайн дүүрэг, хорооны Засаг дарга, түлээ нүүрс борлуулагчидтай урьдчилсан байдлаар мэдээлэл өгсөн. Сайжруулсан түлшний борлуулалт энэ сарын дунд үеэс албан ёсоор эхэлнэ. Ирэх оны тавдугаар сарын 15-наас эхлэн төвийн зургаан дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэхээ болино. Гэхдээ үүнд Баянзүрх дүүргийн Гачуурт, ХанУул дүүргийн Биокомбинат, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт зэрэг хотоос алслагдсан таван хороо хамрагдахгүй. Мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс түлж болно. Тусгай зөвшөөрөлгүй халаалтын зуухнууд түүхий нүүрс хэрэглэхгүй. Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Нийслэлийн цагдаагийн байгууллагууд Улаанбаатар луу түүхий нүүрс оруулахгүй байх тал дээр ирэх оны тавдугаар сарын 15наас эхлэн хяналт тавина.

-Нэг тонн сайжруулсан түлш хэдэн төгрөг байх вэ?

-Үүнийг тухайн компаниуд шийднэ. Үйлдвэрийн хүчин чадал бусад эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч үйлдвэр тус бүр харилцан адилгүй бүтээгдэхүүн гаргах болов уу. Гэхдээ Засгийн газрын 62 дугаар тогтоолоор сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байхаар тогтоож өгсөн байгаа

-Гэр хорооллын айлуудын янданд утаа шүүгч суурилуулах ажил юу болсон бэ?

-Манай байгууллагын нэг үндсэн чиглэл нь агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг туршиж, судлан стандарттай харьцуулах ажил юм. Зуух, сайжруулсан түлшний шаталтын туршилт хийж, тухайн яндангаас гарч байгаа хаягдал утаанд хэмжилт хийдэг. Түүнийгээ Монгол Улсад хэрэгждэг стандарттай харьцуулдаг юм. Энэ ажлын хүрээнд гэрийн янданд суурилуулдаг утаа шүүгчийн туршилт, судалгааны ажлыг хийсэн. Одоогоор туршилтын шатанд явж байгаа учраас айл өрхүүдэд утаа шүүгч тараагдахгүй. Туршилтын ажил эерэг үр дүнтэй байвал тодорхой тоогоор гэр хорооллын айлуудад хэрэглүүлж үзнэ. Яндан дээр суурилуулдаг олон тооны утаа шүүгчийг өнгөрсөн хугацаанд туршсан. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр анх удаа утаа шүүгчийг туршиж байгаа мэтээр ярьж байна. Иймэрхүү технологи гадаад орнуудад өргөн тархсан байдаг. Энэ технологи Монголд нутагших талаар маш нарийн судалгаа, туршилтыг бодитоор хийсний дараа тодорхой тоогоор гэр хорооллын айлуудын хэрэглээнд нэвтрүүлнэ. Хэрэглэж болж байвал цаашдаа энэ төсөл үргэлжлэх магадлалтай. Гэхдээ одоогоор тодорхойгүй байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд дэд бүтцийн ажлууд хийж байгаа гэлээ. Үүнийг тодруулбал…?

-Гэр хороололд инженерийн дэд бүтцийн төвийг байгуулахаар болсон. 2020 он хүртэл 50 байршилд дэд бүтцийн төв төслийг хэрэгжүүлнэ. Энэ онд Сэлбэ, Баянхошууны дэд төвийн төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Инженерийн дэд төв нь тухайн орчныхоо айл өрхүүдийг дулаанаар хангах, цэвэр, бохир усны системд холбох зэрэг давуу талтай. Дэд төвд холбогдсон айлууд тухайн төвөөсөө халаалтаа авна гэсэн үг. Мөн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт энэ онд үргэлжилнэ. Хэзээнээс эхэлж хэрэгжихийг Эрчим хүчний зохицуулах хорооноос шийддэг. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхүүдэд цахилгаан халаагуурын хэрэглээг нэвтрүүлэх ажлуудыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төвийн зургаан дүүргийн 40 мянган айл өрхөд 2.5 кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашдаа энэ хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Өмнө нь цахилгаан халаагуур хэрэглэхэд эрчим хүчний ачаалал даах чадвар, цахилгааны хүчдэл хүрэхгүй байх зэрэг асуудал гардаг байсан. Хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь айл өрхүүдийг цахилгаан халаагуур хэрэглэх бүрэн боломжоор хангаж байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааныг хөнгөлнө

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг холбогдох яамны сайдууд хамтран шийдээд байна.

Тодруулбал, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой хүлэмж ажиллуулахад цахилгаан, дулаан их шаардагддаг учир тарифын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан юм. Дээрх асуудлыг ХХААХҮ-ийн болон Эрчим хүчний сайдтай хамтран судалснаар Засгийн газраас шийдвэр гаргаад байна. Хүнсний ногоо, тэр дундаа жимс, жимсгэнээс аваад нарийн ногооны аж ахуйг дэмжих үүднээс Засгийн газраас дөрвөн улирлаар ажиллаж буй хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг шийдэхийг холбогдох яамдын сайд нарт даалгаад байсан юм. Одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дөрвөн улирлын хүлэмж энэ хөнгөлөлтөд хамрагдах болж байна.Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг холбогдох яамны сайдууд хамтран шийдээд байна.

Тодруулбал, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой хүлэмж ажиллуулахад цахилгаан, дулаан их шаардагддаг учир тарифын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан юм. Дээрх асуудлыг ХХААХҮ-ийн болон Эрчим хүчний сайдтай хамтран судалснаар Засгийн газраас шийдвэр гаргаад байна. Хүнсний ногоо, тэр дундаа жимс, жимсгэнээс аваад нарийн ногооны аж ахуйг дэмжих үүднээс Засгийн газраас дөрвөн улирлаар ажиллаж буй хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг шийдэхийг холбогдох яамдын сайд нарт даалгаад байсан юм. Одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дөрвөн улирлын хүлэмж энэ хөнгөлөлтөд хамрагдах болж байна.