Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Цагаан таягтны өдөр тохиож байна

“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Цагаан таягтнуудын олон улсын өдрийг “Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо”-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна. Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй. Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорчээ. Тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ба түүний хар таягийг хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна. Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болсон аж. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүмүүс амьдарч байна.

Монгол улсын хувьд 9,400 орчим хараагүй иргэн байна гэсэн судалгаа бий. Нийт хараагүй иргэдийн 2,000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж хоёр хувь нь Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.

Categories
мэдээ спорт

Залуучуудын зуны олимпоос Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ

Аргентин улсын нийслэлд болж байгаа “Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-д Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр, энэ удаагийн залуучуудын олимпийн наадмаас Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхөөр мөнгөн медаль хүртсэн) медалийг авч байгаа төдийгүй чөлөөт бөхийн тамирчдаас дараалсан медалийн буухиаг үргэлжлүүлж байна. Тухайлбал, Б.Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртсэн бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Буэнос-Айресын дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румын улсын бөх Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ оны өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар хүрэл медалийн эзнээр тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

10 аймагт зүрхний эхо аппарат хүлээлгэн өгөв

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол Улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17 жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлэн 3 шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2017 оноос тус улсын дэмжлэгтэй МОН/006 буюу “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа юм.
Энэ удаад төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан 8 аймгийн аппаратыг сольж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж байгаагаас гадна зүрхний эхо аппаратгүй байсан 2 аймгийг шинээр хангалаа. Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшний оношилгоог явуулах боломжтой юм. Төслийн хүрээнд дээрхи аппаратуудыг хүлээн авч буй Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг нь тухайн орон нутаг дахь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, шаардлагагүй шилжүүлгийг багасгах, оновчтой оношилгоо, эмчилгээг явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон, Люксембургийн Зүрхний мэс заслын Интервеншнл кардиологи төв (INCCI)-ийн захирал төлөөлөгчид, мөн аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцтай танилцана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар өнөөдөр Дорноговь, Говьсүмбэр аймаг руу хөдөллөө.

Ерөнхий сайдын орон нутгийн томилолтын эхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “МАК” компанийн “Евро блок” үйлдвэртэй танилцсан байна. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” компанийн Цементийн үйлдвэртэй танилцахаас гадна Замын-Үүд суманд байрлах Тээвэр ложистикийн төвийн нээлтэд оролцох юм.

Дараагаар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцтай танилцана. Тус үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд одоогоор 35 хувьтай үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”

Categories
мэдээ нийгэм

‘’Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018’’-д Баянзүрхчүүд оролцлоо

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтан ‘’Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018’’ арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус фестивальд дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшинг тогтоожээ

Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018”-ыг зохион байгуулж дүнг гаргалаа. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулсан байна.

Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргажээ. Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үздэг байна.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурчээ.

Зураг 1. Хүүхдийн шударга байдлын түвшин, оноор

Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурч байна.

Зураг 2.Хүүхдийн шударга байдлын 2018 оны судалгааны түвшин аймаг, нийслэлээр

Зураг 4. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн шударга байдлын 2018 оны түвшин

Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаагаар илэрчээ.

Зураг 5. Хүүхдийн шударга байдал хүйсээр

Зураг 6. Хүүхдийн шударга байдал суралцаж буй ангиар

Энэ удаагийн судалгаагаар сургуулийн өмчийн хэлбэрээр хүүхдийн шударга байдлын түвшинг тооцжээ. Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинөөс 0.15 пунктээр их байна.

Зураг 7. Хүүхдийн шударга байдал сургуулийн өмчийн хэлбэрээр

Шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь хүүхдийн шударга байдалд эерэгээр нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Буриадын “Байгал” театр Монголд тоглоно

Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагалах юм. Үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгаж, анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, мөн хэн бүхний танил болсон ёохорын хэмнэл ч энд багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөнө. Буриад, монголчуудын урлаг соёлын баялаг их өвөөс үзэгч олондоо дээжлэн барьж, сэтгэлд хоногшсон сайхан тоглолтоор бэлэг барина хэмээн тус театрын жүжигчид мэдээлжээ. Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдана. Жүжгийн зохиолч нь Буриад улсын Ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов юм байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. “Баргужин төхөм. Эртний цуурай” – энэ бол сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан бөгөөд эртний эдлэл хэрэглэл, хувцас сэлт, тайз засал гайхамшигтай уран болсон ажээ.

“Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ дэлгэх бөгөөд тэдний орчин үеийн хип-хоп хэмнэл, этник агуулгатай нэн өвөрмөц vogue,цэнгээнт бүжиг, контемпорари зэрэг нь орчин цагийн урсгалд дурлагчдад юуны түрүүнд таалагдах буй за. Хаалтын тоглолтыг Монгол улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Дамдинсүрэнгийн Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд ийнхүү энэ театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм. Он удаан жил хүлээсэн ах дүү хоёр орны ард түмэн тун удахгүй уулзана. “Байгал” театр айлчлан тоглолтдоо идэвхийлэн шаргуу бэлтгэж, Монголын үзэгчидтэй нүүр тулан уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Монгол хүн хүний нийгэмд гологдож байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та цуврал лекц тавьж байгаа гэлүү?

-Дэлхийн шилдэг 50 философичийн тухай цуврал арван лекц тавьж байгаа. Өнөөдрийн хүн төрөлхтөн тэр хүмүүсийн бичиж үлдээсэн ном, үзэл бодлоор сайхан амьдраад явж байна шүү дээ.

-Тэдгээр философичдын мөрөөр гэж үү?

-Тийм. Хүн төрөлхтний орчин үеийн сайн сайхан амьдрал, хөгжил, техник технологи гээд юу байдаг юм, арван жилийн сургуулиас их сургууль хүртэлх мэдлэг, шинжлэх ухаан энэ бүхэн чинь философиос л гаралтай. Философич гэж хүмүүс гарч ирээгүй бол бид бүгдээрээ агуйд байх юм уу, эсвэл бүгдээрээ шашинд орчихсон, мухар сүсэгт автчихсан бичиг үсэг ч байхгүй, боол ч гэдэг юм уу, тийм л байх байсан. Философичид гарч ирж байж эрх чөлөө, ардчилал, хүний эрх, боловсрол, биеэ дааж хэнээс ч хамааралгүй явах, тэгш эрх гэсэн энэ бүгд бий болгосон. Улс төр чинь бас философиос гаралтай. Хаан улс төр ярихгүй. Дарлаж л байхыг бодно. Сүм хийд улс төр ярихгүй шүү дээ. Мунхруулаад л мөнгийг нь аваад байж байх сонирхолтой. Хаан, сүм хийд гэсэн хоёр том юмны чинь дунд философичид чинь бүх ажлыг хийлээ. Зарим нь хаанд алуулсан. Сократаас авахуулаад Аристотель, Синека хүртэл хааны тушаалаар хор ууж үхэж байгаа шүү дээ. Галилей, Бруно гээд философичид сүм хийдтэй тэрсэлдсэн. Тэд физикчид биш философичид. Сүм хийд, хаан хоёр чинь ийм аймаар байдаг байхгүй юу.

-Галилей шүүхийн өмнө буруудаад эцэст нь шоронгоос мултрахын тулд эрх баригчдад бууж өгөхдөө ч “Гэхдээ л дэлхий нарыг тойрдог юм даа” гэж хэлж байсан гэдэг шүү дээ?

-Бүх юмны төв бол дэлхий гээд байсан. Тэгэхээр нь Галилей “Тэр чинь биш ээ. Харин бид нарыг тойрч байгаа” гэж хэлснийхээ төлөө алуулах шахсан. Тэгээд хэлснээ буцааж аваад амьд үлдсэн. Монгол орон өнөөдөр яг ийм болчихоод байгаа юм. Монголчууд өнөөдөр яг тэр үеийн хүмүүстэй адилхан болчихоод байна. 500, 600 жилийн өмнө философич хүн юм мэдээд, мэдсэнээ хэлэхээр “Энэ Молор-Эрдэнэ босоо ороолон. Энэ солиотой галзуу” гэнэ. Болдог бол тэд нар чинь хүрч ирээд намайг багалзуурдахад бэлэн байна. Нөгөө талд хаан буюу улс төр, улс төрийн намууд байна. Тэд намайг харж байна. Энэ нөхөр айхавтар цэцэн үг хэлчих вий, улстөр рүү битгий орж ирээсэй, сонинд битгий гаргаарай, зурагтаар битгий яриул. Төр, улс төрийнхөн чинь надаас аль болох л хол байхыг бодож байна.

-Яг энэ цаг үед дэлхийн хэмжээнд философийн ямар чиг хандлага, урсгал, философич моданд орж байна вэ. Ямар философичийн ном, номлол дэлхийд үнэлэгдэж байгаа вэ?

-Философи явсаар байгаад их сургуульд сураад төгсөөд диплом авдаг мэргэжил болчихлоо. Америк, Япон, Германы их сургуульд миний яриад байгаа философичдын түүхийг яриад, яаж бодож сурах вэ, яаж ном бичих вэ, яаж ухамсартай болох вэ, яаж эрдэмтэй болох вэ гээд номнуудаа заагаад дипломоо аваад явж байгаа л даа. Өнөөдрийн түвшинд хүнд төрөлхтөнд алдартай, номнууд нь зарагддаг, гайхамшигтай философич гэвэл Славой Жижек байна. Хуучин Югославын иргэн. Югослав задрахад Словений иргэн болчихсон. Энэ имперализм, капитализм бол хүн төрөлхтнийг баллах юм байна. Яагаад вэ гэвэл капитализм, имперализм нь дандаа ашгийн төлөө. Ашгийн төлөө гэхээр ханаж цадна гэж байхгүй. Ханаж цаддаггүй, ашгийн төлөөх байгуулалт чинь яаж байна вэ гэхээр газрын баялаг, нөөц, байгаль, усыг эцэс төгсгөлгүй хэрэглэж байж ашигтай ажиллана. Тэгэхээр яваандаа дэлхийг капиталист импералистүүд баллах юм байна. Одоо буцаад ашиг хайдаггүй нийгэм рүүгээ оръё. Либерализмын онолоосоо татгалзъя. Буцаад хүн төрөлхтөн анх, хамтдаа явж байсан коммунизм гэдэг юм руугаа орцгооё. Бид социализм, коммунизм гэдэг юмыг тухайн үедээ сайн ойлгож чадаагүй, заримыг нь буруу ойлгосноос хэтрүүлсэн байна. Зарим юманд харшилтай байжээ, хүний эрх чөлөөг хааж байсан юм байна. Тиймээс одоо хамгийн гоё социализм, коммунизмыг байгуулах үе ирчихлээ гэж Жижек номондоо бичээд байгаа юм. Одоо хүн төрөлхтөн эвтэй найртай, тэгш эрхтэй, найзархаг, хэт их шуналтай биш, хэт их эдийн засаг шүтээгүй, хэт их улс төр шүтсэн биш, ерөнхийдөө хүнийг амар тайван байлгах амьдралыг л дэмжсэн, тийм бололцоо олгосон бодлого, философийг барья гэсэн онолтой.

-Та лекцэнд энэ мэт 50 шилдэг философичийн тухай ярьж байгаа юм байна. Тийм үү?

-50 чухал философич. Өнөөдрийн бидний, орчин үеийн амьдралд шууд нөлөөлсөн хүмүүс. Маркс бол шууд нөлөөлсөн. Аристотель шууд нөлөөлсөн. Аристотель бол өнөөдрийн бидний яриад байгаа ардчиллыг үндэслэсэн хүн байхгүй юу. Ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ, тэр чинь Аристотелиэс эхлэлтэй. Гэх мэтчилэнгээр өнөөдрийн бидний амьдралд философичид шууд нөлөөлсөн. Жишээ нь, өнөөдрийн Улаанбаатар байна. Философичид л байсан болохоор бид нар өнөөдөр ингэж амьдарч байгаа юм. Хэрвээ философичид байгаагүй бол өдийд Улаанбаатар хот зүгээр л Гандан байх байсан. Төвдүүд ороод ирчихсэн байх байсан. Тэгсэн бол таныг хаана байхыг би мэдэхгүй. Би бол байхгүй байх л даа. Лам нарт алуулчихсан байх байлгүй (Инээв).

-“Надад туслаач, энэ миний Хаан банкны данс, тэрэнд энэнд тусалцгаая, хандив босгоё, дэмжье” гэдэг үзэл хандлага их боллоо. Бас “Үйлийн үрээ эдэлнэ дээ, чи” гэдэг заналхийлэл, сүрдүүлэг газар авлаа. Энэ бүхнийг нэг талаас нь харвал сайн ч гэлээ бас л утгагүй болоод ирлээ шүү?

-Наадах чинь их осолтой. Тусална гэдэг ямар ч утгагүй зүйл. Хэн ч, хэнд ч, хэзээ ч хангалттай тусалж чадахгүй. Туслуулж байгаа хүн “Энэнээс илүү надад туслах боломж байсан ш дээ” гэдэг. Туслах осолтой. Туслуулж байгаа хүн хэзээ ч сэтгэл ханахгүй. Хүнийг зүгээр дэмжиж болно. Сэтгэлийн дэмжлэг. Сүрдүүлэхийнхээ оронд “Чи зоригтой бай, битгий гутар” гэж хэл. Чи, бид бүгдээрээ өвчин тусна. Чи ганцаараа тусч байгаа биш. Би ч бас хэзээ өвчин тусахаа мэдэхгүй. Бид нар хэзээ нэгэн цагт үхнэ. Хэн нэгэн үхчихлээ гээд би ямар мөнх үлдэж байгаа биш. Тийм учраас хүн үхлээ гээд учир зүггүй харамсч гашуудаад байх хэрэггүй. Бүгдээрээ үхнэ. Хүн өвчин туслаа гээд тэрэндээ шаналаад байх хэрэггүй. Хүн өвчин тусч байна гэдэг чинь маш сайн. Миний бие эсэргүүцлээ илэрхийлж байна шүү дээ. Та хамаагүй даараад байвал, дулаахан хувцас өмсөхгүй бол ханиад хүрнэ. Хэрвээ элгэнд муу хоол унд идээд, амьдралын дэглэм тань муу байвал элэг чинь муудаж л таараа. Тэгэхээр элэг чинь өвдөж байгаа байхгүй юу. Өвчин гэдэг чинь эзнээ анхааруулж болгоомжлуулж байгаа юм. Тэрэнд нь баярлах хэрэгтэй. Хэрвээ тэгж анхааруулдаггүй байсан бол бид нам үхнэ. Хоёрдугаарт, хүнийг хэтэрхий их хайрлаж, хэтэрхий их өрөвдөх бол маш утгагүй. Хүнийг хэтрүүлэн хайрлах нь цаад хүнээ балладаг. Жишээ нь, ээж хүн хүүхдээ хэтрүүлэн хайрлавал хүүхэд нь солиорно. Галзуурна. Буцаагаад ээжийгээ баллана. Хүн биш болно. Тиймээс хайр хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөх хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөнө гэдэг цаад хүнээ доромжилж байгаатай адилхан. Хэн нэгэн намайг өрөвдвөл “Уучлаарай намайг битгий өрөвдөөрэй. Би тийм өрөвдмөөр хүн биш шүү” гэж хэлнэ. Би ямар ч байдалд байсан би хэзээ ч өрөвдмөөр биш. Үгээгүй ядуу байсан ч тэр нь өрөвдмөөр байдал биш. Яг одоогийн минь нөхцөл байдал ядуу байлаа гэхэд дараагийн долоо хоногт сайжрах ч юм билүү. Хэт их өрөвдөж, хайрлах бол хүнийг балладаг байхгүй юу.

-Манайд автобусанд ахимаг настай, тавь дөнгөж гарсан хүмүүс орж ирээд залуусыг босгож суудлыг нь эзлэх сонирхолтой. Гэтэл Японд метронд ахмад настай хүнд суудал тавьж өгвөл нөгөө хүн нь өөрийг нь өрөвдөж доромжиллоо, хөгшин гэж хүмүүст ойлгууллаа гээд дургүйцэж “Өөрөө суу” гэдэг гэсэн?

-Өрөвдүүлж байгаадаа ичиж байна шүү дээ. Миний хөл сайн, би өрөвдмөөр, туслуулмаар харагдмааргүй байна, уучлаарай гэж байгаа юм. Хүн тийм байх ёстой. Өөрөө өөртөө бахархалтай байх ёстой. Данс нээгээд бие өвдчихлөө, надад мөнгөөр туслаарай гэдэг чинь арчаагүй хүний шинж байхгүй юу. Би өмнө нь хэлж л байсан. Монгол хүн хүний нийгэмд гологдож байна. Хүний нийгэмд хүн яаж амьдарч, биеэ яаж зөв авч явдгийг мэдэхгүй байна, тэгж явж чадахгүй байна. Үнэхээр гологдож байна шүү дээ. Зүгээр өөрөө өөрийгөө, биеэ аваад явчихаж чадахгүй байна. Өнөөдөр хүн өөрөө өөрийгөө авч явъя гэвэл ямар их боломж байна вэ. Өлсөх боломжгүй, хувцас хунараар ч дутахгүй. Хүн өөрөө жаахан хичээх л юм бол нийгэмд ажилгүй суух ч үгүй. Цалингаа л голоод байгаа. Хүмүүсийн нэг асуудал бий. Ажлыг там юм уу, муу хувь заяа шиг ойлгодог. “Чи нэг л ажлаа хийгээд л байх юм” гэнэ. Хүн ажлаа хийхгүй өөр юу хийдэг юм. “Ажлаас их юм алга” гэдэг. Тэгээд ажлаас өөр юу их байх ёстой юм. Ажил гэдэг чинь бидний амьдралын утга учир. Монголчууд ажил, амьдралыг тусад нь үзэх гээд байдаг. Үгүй. Ажил, амьдрал нэг байх ёстой. Тийм учраас мэргэжлээ сонгохдоо дуртай мэргэжлээ сонго. Дургүй мэргэжлээ сонгочихоор ажилдаа дургүй байдаг. Тэгээд л худлаа өөр юм хайгаад гүйгээд байдаг. Дуртай мэргэжлээ сонгочихсон хүн баярлаад л ажиллаад байдаг байхгүй юу.

-Цалин багатай ч гэсэн эргэн тойрныхондоо загнуулсан хэрнээ л ажил руугаа гүйгээд байдаг?

-Тэгэхгүй яадаг юм. Тэр чинь өөрийнх нь амьдрал юм чинь. Ажил өөрөө миний амьдрал. Миний хувьд философийн ном бичээд, лекц уншаад өдөржингөө ажилладаг. Энэ чинь миний амьдрал юм чинь. Эндээс тусдаа амьдрал надад байхгүй шүү дээ. Тусдаа байвал утгагүй. Энийг чинь монголчууд ойлгохгүй байна.

-“Молор-Эрдэнэ философи”-ийн академийнхаа талаар сонирхуулбал. Академи гэхээр олзуурхууштай санагдаж байна?

-Академи гэдэг үг нь Грекийн философиос гаралтай. Хамгийн анх Грекийн философич Платон өөрийнхөө академийг байгуулж байсан. Аливаад шүүмжтэй хандъя, юмны тухай боддог болъё, хий хоосон мэдэмхийрэх биш, амны урлагаараа бурж чалчих биш, юмыг сайн мэдэж аваад баттай мэдэж авсанаа ярьдаг болъё. Баттай юмыг мэдэж авъя, шүүмжтэй хандъя гэсэн 10, 20 хүнийг цуглуулаад л академиа нээсэн байдаг. Дараа нь Аристотель гэдэг шавь нь суралцаж хожим нь өөрийнхөө академийг байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтний түүхэнд философичид өөрийнхөө академийг байгуулаад л, тэндээ лекцээ уншаад онолоо яриад явдаг л даа. Тэгээд би яахав дээ, 2500 жилийн хойно Грекийн Платоноос хойш Монголдоо анхны “Молор-Эрдэнэ философи” гэдэг академийг байгуулж байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гэхдээ энд учир зүггүй хүний тархи угаасан гэдэг юм уу, өөрийнхөө үзэл бодлыг тулгасан ч юм уу, тийм юм байхгүй. Ерөөсөө л би өөрт чинь жаахан бодол өгье. Тэр бодлыг та цааш нь үргэлжлүүлээд бод. Тэгээд асуу. Асуугаад, бодоод эхлэхээр түрүүчийнхээсээ огт өөр болчихдог юм шүү гэсэн бие даасан бодол руу л явуулж байгаа юм.

-Оросууд таны зургийг Далай ламын зурагтай зэрэгцүүлж байгаад нэг том нийтлэл бичжээ. Бидний хараагүй л өнцгийг гаргаж ирсэн байна лээ шүү?

-Далай ламыг Монголд л магтаад байгаа болохоос биш дэлхийн улс орнууд түүнд дургүй болчихсон ш дээ. Улс орнууд хүлээж авахаа болиод байна. Германчууд бол маш дургүйцэж байгаа. Энэ хүн өөрийнхөө нутагт юу ч хийдэггүй. Гадуур цэцэн үг хэлээд л явж байдаг. Өөрөө амьдрал үзээгүй, эхнэртэй байж үзээгүй, хүүхэдтэй байж үзээгүй мөртлөө хүмүүст амьдралын зөвлөгөө өгөөд байдаг. Ямар ч амьдралын туршлагагүй хүн яаж амьдралын зөвлөгөө өгөх юм бэ. Хүнд хайртай болж үзээгүй, хүүхэд өсгөж үзээгүй. Тэгчихээд хүүхэд өсгөх талаар хүнд зөвлөгөө өгөөд байж болохгүй биз дээ. Ерөнхийдөө Далай ламыг шүүмжилж байгаа. Түвд оронд эдийн засгийн маш их хохирол учруулсан, өнөөдөр ч гэсэн Түвдэд маш их тусламж авч тэндээ хаан шиг л амьдарч байна. Ийм их шуналтай этгээдийг Монголд ирэхэд монголчууд хүлээж авч төр нь хөл алдаж байхад ганц философич хүн Далай ламын эсрэг үг хэллээ. Зоригтой үг хэллээ гэж оросууд бичсэн байсан. Монголын сэхээтнүүдийн нэг нь Далай ламын эсрэг үг хэлжээ гэсэн. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гээд бүгд сүйд болсон. Хадаг барьж гүйлдээд арчаагаа алдсан шүү дээ. Зуун жилийн өмнө байгаа юм шиг. ХХI зуунд интернэт хөгжчихсөн, мэдлэг боловсрол хөгжчихсөн байхад гадаадад дипломтой сургууль төгсөөд ирсэн сэхээтэн, сайд хүн хэзээ ч тэгж арчаагүйдэхгүй. Тэгэхээр тэр диплом нь худлаа л байхгүй юу. Бид ялна, бид ялна гээд байсан чинь “Мухар сүсэггүй бид ялна, боловсролгүй бид ялна” гэсэн байна шүү дээ. Бөхчүүд, сумочид байна. “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр гардаг бөхчүүд, яруу найрагчид, манай нийгэмд янз бүрийн цэцэн үг хэлдэг нөхөд байна. Тэд бол мухар сүсэгтэй бид ялна, бид боловсролоор яах юм гэдэг. Ер нь одоо боловсролыг тоохгүй байна. Хэн боловсролыг тоож байна вэ. Яагаад вэ гэвэл дипломыг нь маш хурдан худалдаад авчих юм чинь. Боловсролгүй явсан ч сайд болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Улсын наадмаар түрүүлчихэж байна. Боловсролоор яах юм бэ гээд байна ш дээ. Нийгэмд залуучуудад их муухай хүмүүс үлгэр жишээ болж байгаа биз.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 15-нд болох үйл явдал

08:00 цагт: Чингис хаан зочид буудлын хурлын танхимд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны VIII их хурал болно.

09:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүд, шүүгчид, судлаачид оролцоно.
09:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018” эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.
10:00 цагт: ГХЯ-нд Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил” сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээний нээлт эхэлнэ.
10:00 цагт: ШУА-ийн байранд “Шинжлэх ухааны Академийн грант-2018” минисимпозиум болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.