Categories
мэдээ спорт

Нидерландын рингнеес гурван алтан медаль зүүжээ

Нидерланд улсын Эйндховен хотноо аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭНДХОВЕН КАП” Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, олон удлсын хэмжээний мастер О.Батхүү, Дорнод аймгийн “Талын Бүргэд” клубийн дасгалжуулагч, AIBA 1 одтой дасгалжуулагч, спортын мастер Т.Эрдэнэбаяр, AIBA 3 одтой шүүгч, олон улсын хэмжээний мастер , Б.Атарбаяр нараар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож 18 орны баг тамирчдаас багаараа тэргүүлжээ.

Шигшээ багийн тамирчдаас Дорнод аймаг “Талын бүргэд” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг, “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Мишээлт, “Ширэн бээлий” клубийн тамирчин спортын мастер Г.Баярхүү нар алтан медаль, “Хилчин” спорт хорооны тамирчин спортын мастер М.Гандулам, Хөвсгөл аймгийн тамирчин спортын мастер Ц. Мөнхбаатар нар мөнгөн медаль, Дорнод аймаг, “Талын бүргэд” клубийн тамирчин спортын мастерЭ.Эрдэнтуяа, спортын мастерД.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт үерийн эрсдлийг бууруулахын тулд 33.7 км далан шаардлагатай

Орхон аймагт тохиолдох гамшгийн эрсдэл буюу үер, ган, зудын талаар мэргэжлийн байгууллагууд үнэлгээ хийжээ.

Тухайлбал, 2012-2018 онд Орхон аймагт нийт 10 удаа үер болж үүний улмаас найман хүн нас барж нэг хүн гэмтэж 55.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд үерийн далан, суваг, шуудуу барьж эрсдэлд ойрхон байгаа айл, өрхөнд анхааруулга зөвлөмж хүргүүлэх, Орхон аймагт нэн шаардлагатай байгаа 33.7 км үерийн даланг барих, барилгаажгүй газрыг хамгаалах хэрэгтэй гэсэн саналыг ОБГ-аас гаргажээ. Харин ган, зудын эрсдлийг тооцоход, сүүлийн арван жилийн хугацаанд Орхон аймагт нойтон цас орох, цасан болон шороон шуурга, мөндөр, хүйтэн бороо орох давтамж нь нэмэгджээ. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хүндрэл учруулдаг байна. Иймд хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарах хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллагууд аймгийн Засаг даргад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хадлангаа аваагүй малчдад тусламж, дэмжлэг түрүүлж хүртээхгүй

Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага мэдээлэхдээ энэ жил хур бороо элбэг зуншлага сайхан байж, газрын гарц сайн байсан нөхцөлд өөрсдийн боломжийг дайчлан өвс тэжээлээ базааж аваагүй малчдад өвөлжилт, хаваржилт тавгүйтсэн нөхцөлд аливаа нэгэн дэмжлэгийг түрүүлж хүртээхгүй чиглэл баримтална гэлээ.

Хадлан өвсөө хадаад авах боломжтой зарим нутгийн малчид налайж суусаар тэвэр өвс авалгүй тэсгим хүйтэнтэй золгож, “төрийн хамгаалалтад” байгаа мал хорогдлоо гэж гомдоллон тусламж, дэмжлэгийн үнэгүй өвс тэжээл аваад сурчихсан гэж сумын мал аж ахуй хариуцсан мэргэжилтнүүд тайлбарладаг. Аймгийн хэмжээгээр малчдын түвшинд бэлтгэх тэжээлийнхээ 84,0 хувийг базаажээ. Харин Гурванбулаг, Сайхан, Дашинчилэн суманд дөнгөж 24,0-43,8 хувийг бэлтгэсэн мэдээ байна. Сайхан сумын малчид 4000 тонн өвс бэлтгэхээс дөнгөж 960 тонныг авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Самбо бөхийн эмэгтэй баг ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарлаа

Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болж Монголын эмэгтэй самбочдын баг гуравдугаар байр эзэллээ.

Тус тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 56, 70, 87 кг, эмэгтэй 48, 60, 75 кг, өсвөрийн ДАШТ-ий хөвгүүдийн 57, 74, 100 кг, охидын 52, 64, 80 кг жингийн барилдаанууд болсон юм. Энэ удаагийн ДАШТ-ээс манай бөхчүүд энэ өдөр 1 хүрэл, 3 мөнгө нийт 4 медаль авсан байна.

Дэлхийн залуучуудын АШТ-ий эрэгтэйчүүдийн 56 кг-д “Женко” клубын Б.Цогтбаяр мөнгө, өсвөрийн ангилалын хөвгүүдийн 57 кг-д БТСДуС-ийн бөх А.Хатансайхан, 100 кг-д Д.Нямхүү нар мөнгө, охидын 80 кг-д Б.Эрдэнэт-Од хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн залуучуудын болон өсвөрийн АШТ-д манай улсаас 33 бөх зодоглож нэг алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 15 медаль хүртсэнээс эмэгтэй баг 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл хүртсэн амжилтаар ийнхүү гуравдугаар байрт шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Зурагт мэдээллийн самбар байршууллаа

Нийслэлийн Газрын албанаас санаачлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа.

Мэдээллийн_самбарт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбар, автозам, зуслангийн хил, ой, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол, булаг, усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс, намаг, үерийн далан, цахилгааны шугам, дэд өртөө зэрэг хориглолт хамгаалалтын бүсүүд болон зуслангийн амнуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг тусгасан.

Ингэснээр иргэд зураг мэдээллийн самбараас өөрт хэрэгтэй бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ спорт

“Eindhoven Box Cup”-аас алтан медаль хүртлээ

Недарланд улсад болсон олон улсын А зэрэглэлийн “Eindhoven Box Cup” боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт алтан медаль хүртлээ.

Тус тэмцээн аравдугаар сарын 11-нээс 14-ний хооронд болсон бөгөөд нийт 18 орны 112 тамирчин оролцсоноос монголын боксын багийнхан гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар шилдэг багаар шалгарсан байна.

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, 2018 оны “India Open” олон улсын тэмцээний мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сергей Шойгу пүрэв гаригт Монголд айлчилна

Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна.

Тэрбээр 1955 оны тавдугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн. Сергей Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургуулийг барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Дээд сургууль төгссөнийхөө дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна. Сергей Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медаль, цол хүртжээ. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна. Тэрбээр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг. Сергей Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөлбөмбөг тоглох дуртай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал хахууль авч байгаад баригджээ

Энэ сарын 14-ний орой АТГ-аас Эрчим хүчний яамны харъяа “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г баривчилсан байна. Түүнийг АТГ-ын алба хаагчид хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баримтжуулан саатуулжээ. Мөн түүнд хахууль өгсөн хүнийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.

Categories
энтертаймент-ертөнц

Бельгид болох АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 18,19-нд Бельги улсын Брюссель хотод болно.

АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах юм байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болох гэнэ. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино, хөгжил, дуу гэх мэт урлагийн маш олон төрлөөр тоглолт зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 168 зөрчлийг илрүүлжээ

Өнгөрсөн долоо хоногийн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

2018 аравпугаар сарын 8-12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 41 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.

БҮРТГЭГДСЭН НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГЭЭС ДУРЬДВАЛ:

1. 2018.10.11-ний өдөр БЗД-ийн Амгалангийн зам, … тоот айлын хашаанд T.Mark-2 маркийн автомашин явган зорчигч, 6 настай З-г мөргөж гэмтээсэн. Машин асаалттай байх үед 2 настай З нь арааг сольж хөдөлгөн мөргөсөн.

2. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум “Хоолтын даваа” гэх газар Sonata YF маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хуваир, гэмтсэн хүүхэд 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.