Categories
мэдээ нийгэм

Цагдааг гэмтээж зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж, цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээж хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаажээ.

Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа уг хэрэгт:

Бадамын Энхбаяр /1973 оны зургадугаар сарын 22 өдөр төрсөн. 45 настай, эрэгтэй/

Түвдэндоржийн Лундаа /1993 оны гуравдугаар сарын 27 өдөр төрсөн. 25 настай, эрэгтэй/ нарыг эрэн сурвалжилж байна.

Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Риголетто” дуурийг Э.Амартүвшин гоцлоно

Итали улсын Палермо хотын “Массимо” театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийг аравдугаар сарын 13-21-ний хооронд тавигдахаар болжээ.

“Риголетто” дуурийн нээлтийн тоглолт амжилттай болж, Риголлеттогийн арид Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин гоцолсныг дуулгахад таатай байна.

Монголын бахархал болсон дуучин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтеронийн дүрд дөрвөн удаа, Италийн “Арена Ди Верона”-д Риголеттогийн дүрд хоёр удаа дуулж байжээ.

Дэлхийн хамгийн томоохонд тооцогдох сонгодог урлагийн тайзнаа дуулж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италид Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч юм.

Categories
мэдээ нийгэм

Хог цуглуулах, ачих дэвшилтэт технологи “Экобин”

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр болон албаны хүмүүс танилцлаа.

Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологийн хогийг савыг ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байна. Уг нь хогийн сав нь зай талбай бага эзэлдэг. Эвгүй үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй. Хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй. Мөн ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой юм.

Хогийн савны тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй байхаар бүтээжээ. Нэг саванд 1.5-3 м/куб хүртэл хог хуримтлуулах боломжтой. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих, ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Одоогоор 80 ширхэг хогын савыг үйлдвэрлэн бэлэн болгожээ.

Энэ удаагийн туршилтаар тавьсан хоёр төрлийн багтаамжтай хогийн савны бүхий л хэсгийг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Энэхүү шийдлийг эхний ээлжинд Улаанбаатар хотын ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршиж байна.

Categories
мэдээ нийгэм

Испани, Итали, Франц улсад зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлж байна

Европын Холбооны зарим оронд, тухайлбал Испани, Итали, Франц улсад хувийн болон албаны хэргээр зорчиж буй манай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол багагүй гардаг тул иргэд дээрх улсуудад зорчихдоо бичиг баримт, мөнгө төгрөг, хувийн үнэт эд зүйлсээ сайтар хадгалах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яаманд нэн түрүүн хандахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Холбогдох мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн аяны тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн байгууллагуудыг шагнав

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.


Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөний үеэр “Монгол хүн” хүмүүнлэгийн аяны хүрээнд суралцагчидаа амжилттай зохион байгуулсан шилдэг байгууллагуудын туршлагыг харуулсан 10 минутын нэвтрүүлгийг НИТХ-ын Нийгмийн боловсролын хорооноос бэлтгэн оролцогчдод үзүүллээ.

“Монгол хүн” хүмүүжлийн аян цаашид 2020 хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд тус аяны удирдамж болон “Монгол хүүхдийн есөн эрмэлзэх зүйл”-ийн хүрээнд “Монгол хүн” хүмүүжлийн аяны тэргүүн туршлага, “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага, “Ухаалаг монгол хүүхэд” Уншлагыг дэмжих хөтөлбөрийн шилдэг туршлага шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилнэ гэж НИТХ-ын Нийгмийн бодлогын хороон дарга, НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал дурьдлаа.

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр “Монгол хүн” хүмүүжлийн аяны Шилдэг тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээ шалгаруулан 5,000,000 – 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны тэргүүн туршлага шалгаруулах уралдаанд шилдгээр шалгарсан байгууллагуудыг танилцуулья.

Тэргүүн байр – БЗД-ийн 120 дугаар сургууль – 5 сая төгрөг
Дэд байр – ХУД-ийн 52 дугаар сургууль – 2 сая төгрөг
– БГД-ийн 161 дүгээр цэцэрлэг – 2 сая төгрөг
Гутгаар байр -СБД-ийн 1 дүгээр сургууль – 1 сая төгрөг
– БЗД-ийн 22 дугаар цэцэрлэг – 1 сая төгрөг
Тусгай байр – БЗД-ийн 84 дүгээр сургууль – 500,000 төгрөг

– БГД-ийн 28 дугаар сургууль – 500, 000 төгрөг

“Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулах арга хэмжээнд:
Тэргүүн байр – ЧД-ийн 83 дугаар цэцэрлэг – 5 сая төгрөг
– БГД-ийн 40 дүгээр сургууль – 5 сая төгрөг
Дэд байр – БЗД-ийн 84 дүгээр сургууль – 3 сая төгрөг
– ЧД-ийн 5 дугаар цэцэрлэг – 3 сая төгрөг
Гутгаар байр – ХУД-ийн 34 дүгээр сургууль – 1 сая төгрөг
– БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
– ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэг – 1 сая төгрөг
Тусгай байр – ХУД-ийн 60 дугаар сургууль – 500,000 төгрөг
– СХД 105 дугаар цэцэрлэг – 500,000 төгрөгийн шагнал аву тус тус шилдэгээр шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ эхлэл дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтад гаргав

Авлигын хэргээр саатуулагдсан Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг батлан даалтаар суллав.

АТГ-аас энэ сарын 10-ны өдөр түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу “хахууль авах” хэрэгт холбогдуулан баривчилсан ч энэ сарын 12-н буюу өнгөрсөн баасан гарагт түүний хорих хуулийн хугацаа дуусгавар болсон. Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн боловч Л.Эрдэнээг хорих шаардлагагүй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

260 ширхэг нарс, шинсмодыг тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон байдаг. Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тухайлбал дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-ын дотоод хэлтэс албад Баянзүрх хайрханы өвөрт нийт 260 нарс, шинс тарьсан бол дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарьсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы чанарт шалгалт хийж байна

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирэх онд тариалах үрийн нөөц бүрдүүлэлт болон энэ оны ургацаас гурилын үйлдвэр, спиртийн үйлдвэр, ТЭДС-ийн сангийн Хөтөл, Сэлэнгэ салбаруудад хүлээн авч байгаа хүнсний улаанбуудайн хэмжээ, чанар аюулгүй байдал хяналт шалгалт хийж, сортын хянан баталгаа хийгдсэн үрийн буудай болон хүнсний улаанбуудайг шинжлэн, баталгаажуулж чанар аюулгүй байдлын шаардлага хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар: ТЭДС-ийн Хөтөл салбар 4531 тонн, ТЭДС-ийн Сэлэнгэ салбар 7354 тонн хүнсний улаанбуудайг ТЭДС-ийн гүйцэтгэх захиралын түр журмын хүрээнд хүлээн аваад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн урт цагийн нислэг Монголын нутгаар дамжлаа

“Сингапур Эйрлайнс” энэ сарын 11-нд дэлхийн хамгийн урт цагийн нислэг хийжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны мэдээгээр “Сингапур Эйрлайнс” агаарын тээвэрлэгчийн “Changi”-“Newark Liberty” чиглэлийн нийт 36 нислэг 10 дугаар сарын 11-29-ний хооронд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан байна.

Дээрх агаарын тээвэрлэгч нь “Аэробус 350-941” маягийн агаарын хөлгөөр Сингапураас Нью-Йорк хүртэл /16,700 км/ зогсолтгүйгээр 19 цаг нислэг үйлдсэн ба агаарын хөлөгт нийт 150 зорчигч, багийн 17 гишүүн байжээ. Сингапураас хойд зүгт Камбож, Лаос, Хятад, Монгол, Оросын нутгуудыг дайран Хойд туйлын агаарын зам, баруун зүгт Баффин арлаар дамжин Нью-Йорк хүртэл үргэлжилсэн байна. Монгол Улсын агаарын зайд 10 дугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт LETBI агаарын хаалгаар нэвтрэн B480 агаарын замаар нийт 01:00 цагийн нислэг үйлдэн MORIT агаарын хаалгаар 03:06 цагт БНХАУ-ын агаарын зайд нэвтрэн оржээ.

Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн дэлхийн хамгийн урт цагийн нислэгүүд болох Сингапур-Нью-Йорк, Лос-Анжелес-Сингапур, Сан Франциско-Сингапур зэрэг 3 чиглэл нь Монгол Улсын агаарын зайд 2017-2018 оны зуны улиралд 900 орчим нислэг төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан юм.

ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД

1. Сингапур – Нью-Йорк – 16.700км
2. Доха – Окланд – 14.259км
3. Лондон – Перт – 14.496км
4. Дубай – Окланд – 14.200км
5. Лос-Анжелес – Сингапур – 14.113км
6. Сидней – Хьюстон – 13.833км
7. Сидней – Даллас – 13.837км
8. Сан Франциско – Сингапур – 13.592км
9. Атланта – Йоханнесбург – 13.581км
10. Абу Даби – Лос Анжелес – 13.502км

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд хашаандаа тав тухтай, цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн орчинд амьдрах боломжийг олгож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 13-15 дугаар хэсгийн 200-300 өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангахаар ажиллаж байна. Уг төсөлд хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газар багтсан. Одоогоор ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдтэйгээ хамтраад амьдрах орчноо өөрчлөх, агаар орчны бохирдлыг багасгах зорилгоор төр, иргэд хамтран ямар өөрчлөлт хийж болох вэ, гэр хорооллыг өөрчлөн амины орон сууцны хороолол болгон өөрчилж болох вэ гэдгийг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж байна. Улаанбаатар хотод дэд бүтцийн төв байгуулах 50 байршил сонгосон. Үүнээс эхний 3 байршлыг сонгоод бид ажлаа эхлүүлсэн. Дэд бүтцийн төвд холбогдох хүсэлтээ иргэд өөрсдөө гаргах учиртай. 500 хүртэл өрх айл нэгдэн хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр нийслэлээс хөрөнгө санхүүжилтийг гарган шийдвэрлэх боломжтой. Агаар хөрсний бохирдлыг арилгах хамгийн эцсийн арга бол орон сууцжуулах юм. Гэхдээ өндөр давхрын орон сууцанд орох хүсэлтэй иргэд байна. Өөрийн газар дээрээ тав тухтай орчинд амьдрах хүсэлтэй ч иргэд байна. Тэгэхээр Улаанбаатар хотын дундын бүс буюу төвийн шугам очих боломжгүй хэсгүүдэд гэр хорооллын инженерийн байгууламжийг барьж гэр хорооллыг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг жишиг ажил эхлүүлсэн. Энэ төсөл бол гэр хороололд хувьсгал авчрах төсөл юм. Энэ орчны бохирдол, бохир байдлаас иргэд, залуу гэр бүлүүд үнэхээр салахыг хүсч байна. 21-р зуун гарчихаад байхад энэ байдлаас салах хэрэгтэй. Энэ ажлыг бид хийж хэрэгжүүлсний дараа аймаг сум, хаанаас ч ирж үзээд цааш цаашдаа хэрэгжүүлдэг байхаар жишиг ажил болгохоор зорьж байна. Ажлын явц байдалтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Ажлын явц, гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна. Иргэд мөн идэвхтэй оролцож, ажилд дэмжлэг үзүүлж байна. Энэ төвд холбогдох 198 өрх айл байна. 150 гаруй өрх айл бэлтгэлээ хангаж, суултуур болон ваннаа авсан байна. Мөн энэ ажлын хүрээнд айл бүрийн хашаанд худаг оруулна. Мөн “Дэлхийн банк”-тай хамтраад дулаалгын төсөл боловсруулж байна. Дулаалгын өртгөөс хамааран “Дэлхийн банк 70 хувийг, иргэд 30 хувийг гаргахаар төлөвлөж байна” гэлээ.

Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг. Элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж удахгүй суурилагдана. Мөн энэ орчмын айлуудын хашааг жишиг байхаар өөрчилсөн бөгөөд уг гудамжны 30 гаруй айлын хашааг жишиг хашаагаар сольжээ. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийднэ.

Иргэдийн оролцоо, төрийн дэмжлэгийг нэг төсөл болгож агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг өөрчлөлт ирэх төсөл удахгүй үр дүнгээ үзэх гэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.