Categories
мэдээ нийгэм

Ч.Зэгиймаа: Монголын хөгжлийн гарцыг дээд боловсрол, шинжлэх ухаанаас олно.

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд олон улсын багш нарын баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Энэ баяр багш нарын гэхээс илүү боловсролын баяр юмдаа.

-Та бол Монголдоо элит боловсрол, эрдэм мэдлэгтэй лидерүүдийг бэлтгэхийн төлөө зүтгэж яваа эрдэмтэн. Ингэхэд манай улсын хөгжил хаана явна вэ?

-Өнөөдөр бидний амьдарч буй дэлхий ертөнц маань ихээхэн хэврэг болж байна. Байгалийн нөөц баялаг хязгаармагдмал болж, хүн төрөлхтний өмнө олон олон тулгамдсан асуудлууд гарч байна. Ийм цаг үед цөөхөн хүн амтай Монгол улс нь хэрхэн оршин тогтнож, хөгжин дэвших нь нэн чухал асуудал болоод байна.

Юуны өмнө, дэлхийн хөгжлийн хэтийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзсан шинжлэх ухааны үндэслэлтэй урт хугацааны тогтвортой хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.Энэхүү бодлого ньямар ч нам, эвсэл, засаг төрөөс үл шалтгаалан тууштай хэрэгждэг байх учиртай. Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан л бол маргаан будлиан үүсгээд байхгүй бодит амьдралд нийцсэн байна л гэсэн үг л дээ. Төрийн бодлогын шинжлэх ухааны бодлогыг боловсруулахад шинэ мэдлэг бүтээгч, оюуны төв болсон судалгааны их сургуулиуд чухал үргийг гүйцэтгэдэг. Иймд бид судалгааны анхны их сургуулийн хувьд монголын ирээдүйг авч явах элит боловсролтой иргэдийг бэлтгэхэд онцгой анхаарч байна. Тэд зөвхөн Монгол улсын төдийгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээнд ажиллах, өрсөлдөх чадвартай глобал иргэд болох учиртай.

Өнөөдөр Монгол улс хямралд орсон байгаа нь шулуухан хэлэхэд дээд боловсрол, шинжлэх ухаанаа л орхигдуулсантай холбоотой. Одоо энэ замбараагүй байдлаас гаргах арга замыг дээд боловсрол, шинжлэх ухаанаас л хайх хэрэгтэй юм.

-Манай улс бол уул уурхайдаа түшиглэсэн эдийн засагтай орон. Харин та сая тэргүүлэх чиглэлээ тодорхойлох ёстой гэлээ. Шинжлэх ухаанчаар харвал Монгол Улсын хөгжилд аль салбар ирээдүйтэй вэ?

-Юуны өмнө, бид хэдүүлээ билээ, бид юу хийж чадах хийгээд хэрхэн яаж, хэдэн жил оршин тогтнох билээ гэдгээ л бодох хэрэгтэйшдээ. Хамгийн гол нь монгол хүн, түүний эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанар юм.

Хүн эрүүл хоол хүнс хэрэглэх, цэвэр агаар амьсгалах, тайван аюулгүй амьдрах нь чухал. Гэтэл Монголөргөн уудам газар нутагтай, олон сая мал сүрэгтэй, эртний уламжлалт мал аж ахуйн том соёлтой орон. Зөвхөн махаар, эсвэл сүү цагаан идээ, ноос ноолуураар гэхэд л дэлхийн баян улс болох боломж гэж манай хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэмтэд халагнан ярьцгаадаг . Сэргээгдэх баялагийг л ашиглахад уг нь онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгомоор л санагддаг юм. Гэтэл бид одоо хоёр толгой, гурван тулгууртай болчихоод байдаг. Нэг л толгойтой , нэгдсэн бодлоготой, түүнийг хэрэгжүүлэхэд л засаглалын менежмент, бүтэц л чиглэгдэж баймаар.

Уул уурхайн салбарт бидний туршлага хир билээ? Энэ салбарт өнөөдрийг харжбайж болох ч маргаашийг харж чадаж байгаа юу? гээд бодох л хэрэгтэй байх.

-Монголчууд өөрсдөө ажиллахгүй юм бол хэн ажиллах вэ?

-Монголчууд цөөхүүлээ. Сая гаруйхан нь хөдөлмөрийн насныхан. Бид бүх зүйлээ өөрсдөө хийж чадах уу? Төдийлэн амжихгүй л болов уу. Тэгвэл бид ямар ажлыг нь өөрсдөө хийх ёстой бэ?Мэдээж улс орныгоо тусгаар тогтнолыг хамгаалах, хөгжүүлэх . Үүнийг олон талын өндөр мэдлэг боловсролтой хүн л хийж чадах элит боловсролд анхаарах учиртай. Эс тэгвээс гадаадыхан биднийг удирдаад, монголчууд нь хар бор ажлын хийгээд зогсож байх аюул нүүрлэх бусуу. Гадаадаасажиллах хүч авах нь байдаг л асуудал.

-Монголдоо анхдагч Эрдмийн их сургуулийг мэдэхгүй хүн ховор шүү. Ер нь элит боловсрол олгож байгаа ийм сургуулийг төр засгаас нь хэрхэн дэмждэг юм бол?

-Нээрээ юу? Ховорхон ч байхыг үгүйсгэхгүй шүү. Анх 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүнд магистр, докторын сургалтыг дагнан эрхлэдэг сургууль бий болсон. Тухайн үед Graduate school Монголд байхгүй байсан тул бид магистр, докторын сургуулиа Эрдмийн сургууль гэж нэрлэсэн.

2016 оноос судалгааны их сургууль гэсэн статустайгаар тусгаарлагдан гарсан.Дэлхий дээр байгаа их дээд сургуулиудын 10 хан хувийг судалгааны их сургуулиуд эзэлдэг. Түүний дотор магистр, докторын судалгааны их сургууль тун цөөхөн. Эдгээр сургуулиуд нь шинэ мэдлэгийг бий болгож, шинжлэх ухааны эргэлтэнд оруулж, улмаар хүн төрөлхтөний амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлдөг. Эдгээр сургуулиудаас дэлхийн, бүс нутгийн хэмжээний асуудлыг шийдвэрлэж чадах оюуны элитүүд бэлтгэгдэн гардаг. Иймээс учир аливаа улсын төр засгаас онцгой анхаарч, бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж байдаг. Судалгааны их сургуулийн амин сүнс нь академик, эрдмийн эрх чөлөө. Тэд чөлөөтэй сэтгэж, жирийн хүнээс ч өөр авир зан гаргах, шатаах тэсрэх ч зүйлийг хийдэг. Барилгын шатдаггүй материал гаргахын тулд нилээд зүйл шатааж л таарнадаа. Тиймээс эрсдэлийн сангаас дэмжлэг үзүүлдэг байх жишээтэй. Өндөр хөгжилтэй улсуудад судалгааны их сургуулиудыг тусгайлан дэмждэг. Тэднийг нэг хэвэнд цутгаж болдоггүй. Манайд бол засгийн газрын бодлогод судалгааны их сургуулийг дэмжих зорилгыг тусгасан нь сайн зүйл, би ч ерөнхий сайдын уулзалтанд оролцож санаа бодлоо хэлж байсан. Гэхдээ одоохондооманайд эхлэлийн түвшинд л байх шивдээ.

-Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол дээд боловсрол, шинжлэх ухааны салбарыг гэж та ярилцлагын эхэнд хэлсэн. Тэгвэл энэ салбарыг хөгжүүлэх бодлого гэж байна уу?

Дээд боловсрол, шинжлэх ухааны бодлого үнэндээ үгүйлэгдэж байна. Тус сургуулиас санаачлан Үндсэн хуулийн асуудлаар, дээд боловсрол шинжлэх ухааны интеграцийн асуудлаар мэргэжлийн эрдэмтдийн дунд хэлэлцүүлэн, санал зөвлөмжөө төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэх л юм. Үр дүнгүй л байна. Шинжлэх ухаан, технологийн цөөн хэдэн тэргүүлэх чиглэлд эрдэмтдийг хүчийг нэгтгэх хэрэгтэй байна. ОХУ боловсролын яамнаасаа дээд боловсролыг салгаж Дээд боловсрол, шинжлэх ухааны яам болгон өөрчилсөн. Түүнчлэн ШУА – ын 800 хүрээлэнг зуу болгон цөөрүүлж, их сургуулиуд, холбооны шинжлэх ухаан сангуудад төсвийг хувиарлаж байна. Дэлхийн хөгжилтэй улсуудын жишгээр их сургууль төвтэй нийгмийн хөгжлийг дэмжиж эхлээд байна. Гэтэл манайд өөрчлөлтийг хийж чадахгүй байна.

-Манай улсад хөгжлийнхөө бодлогыг шинжлэх ухааны үндэслэлээр гаргачих эрдэмтэн судлаачид алга болчихов уу?

-Өнөөдөр Монгол Улс тодорхой хэмжээнд өөрийн гэсэн судалгааны нөөцтэй. Тэрийгээ ашиглах л ёстой. Шинжлэх ухааны үнэн ерөөсөө сонсогдохгүй байна. Боломж ч алга. Тухайлбал, шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийн зарцуулалт буруу байна. Тархай бутархай жижиг төсөл хөтөлбөр санхүүжүүлээд. Бүгдийг нь нэгтгэж байгаад том цар хүрээтэй хоёр, гуравхан том төсөл дотор хийгээд тэргүүлэх чиглэл болсон цогц бодлогоор явмаар байгаа юм. Миний хувьдтөсөл өгөхөөс айдаг болсон. Учир нь өөр хүмүүс аваад өөрөөр хэрэгжүүлээд явчихдаг / инээв/

-Шинжлэх ухаан, дээд боловсролын салбар хөгжихгүй байгаа нь хөрөнгө санхүүгийн асуудалтай холбоотой юм биш үү?

-Энэ салбарт АХБ-ны олон зуун ая ам.долларын төсөвтэй төсөл бараг дуусах шатандаа явж байгаа. Үр дүн нь харагдахгүй л юм. Бас НҮБ-ын тусламжтайгаар боловсролын мастер төлөвлөгөө хийнэ гээдажлын хэсэг гараад явж байна. Миний бодлоор гаднаас их хэмжээний зээл авсан төслүүдийг зогчсоочихмоор байгаа юм. Эхлээд өөрсдөө юмаа хийе л дээ. Харин чадахгүй байгаа асуудал дээрээгадныхнаас туслалцаа авч болно. Тэр нь туршлага судлах түвшинд л хэрэгтэй. Тэрнээс хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох салбараа гадны улсаар чиглүүлнэ гэж юу байх юм бэ. Манай улс мөнгөгүй биш. Мөнгөө зөв зарцуулахл ёстой. Маш үрэлгэн,хариуцлагагуй байнашдээ.. Төрийн гурван өндөрлөг бол монгол хүн, Монгол Улсын хөгжил, ирээдүйг ярьж байгаа учраас нөгөө л цогц хөтөлбөрөө хамтдаа ярьж байх ёстой. Энэ хүмүүсийн ярьж хэлж байгаа үг хэллэг бол нөгөө л хөгжлийн цогц бодлогын нь зорилгын хэрэгжилт л байх учиртайшдээ. Гэтэл төрийн гурван өндөрлөг өөр, өөр юм ярьж буй нь Монгол Улс хөгжих замаа мэдэхгүйтэй л адил байна гэсэн үг.

-Та бол Дэлхийн хэлний бодлогын академийн гишүүн. Тиймээс шинээр гарч буй хууль, дүрэм, журам, толь бичгүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд 2003 оноос хойш хэлний бодлого, нийгмийн шинжлэл гэсэн салбарыг Монголд шинээр оруулж ирээдшавь сургууль үүсгэх гэж их ажилласан. Сүүлийн үед судалгааны ихсургууль маань цаг аваад байгаа. Хэлний бодлого даяаршиж байна. Хамгийн хурдан устан үгүй болж байгаа асуудал болхэл соёлын асуудал байгаа юм. Жижиг үндэстэний хэл соёл устан үгүй болбол үндэстэн өөрөө мөхөх аюултай.Энэ асуудлыг олон жил судалсан эрдэмтний хувьд Монголдоо оруулж ирэх гэж эхэндээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний дагуу “Хэлний бодлогын үндэсний академи” байгуулж, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд Монголд нэлээд дуу хоолой болж явсан. Монгол хэлний хуулийг шинэчлэх хүртэл явсан хүн л дээ. Өмнөх парламентын үед М.Батчимэг гишүүний санаачилсан Монгол хэлний хуулийн төсөл дээр 15 эрдэмтнийг ахалж ажилласан.Сүүлдээ хууль санаачилсан Их хурлын гишүүний хүсэж байгаа зүйл, манайхны шинжлэх ухаан хоёр зөрсөн. Гэтэл сүүлд нь хуулийн төслийг Их хурлаар хэлэлцүүлж батлахад нь ажлын хэсэгт эхнээсээ орж байгаагүй хүмүүс ороод суучихсан харагдана лээ. Энэ хуульд “Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулна” гэсэн байгаа юм. Хэлний бодлого гэдэг бол монгол хэлний асуудал биш юм. Энэ чинь Монгол орны хэлний амьдрал, бүхий лнийгмийн амьдрал болохоор хэдэн хүний мэргэжлийн өмч биш. Тиймээс энэ хэлээр дамжиж явж байгаа Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Энэ утгаараа монгол хэлний асуудалтай хутгаж байгааг буруутгаад байгаа юм.

АНУ-д хэлний бодлогын судлаачдыг тэргүүлж байгаа Фэймен гээд еврэй хүнбайдаг. ТүүнийгКазахстаны ерөнхийлөгч өөрийнхөө хажууд зөвлөхөөр ажиллуулсан юм. Тэр хүн Кзазахстаныг 2025 он хүртэл латин бичигт шилжүүлэх судалгаа хийж өгсөн. Ингээд Фэйменийг Казахстанд байхад нь Монголд урьд ирүүлсэн юм. Тэрээр Америк дахь Монгол судлалын төвийн захирлынх нь багш байсан. Казахстан 2025 онд латин бичигт орно гэсэн чинь манай гишүүн 2025 онд уйгаржин монгол бичигт орно гээд хууль баталчихсан. Ийм судалгаагүй байж болохгүй л дээ. Түүхийг орчин үетэй аваад хутгачихаж болохгүй. Дэлхийн бүх улс орнууд өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн бичигтэй, өөрийн гэсэн хэлтэй. Дэлхийн 80-90 хувь нь латин үсгийг хэрэглэж байна. Хурдтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд мэдээлэл тэмдэглэх тэмдэглэгээ хялбар байх ёстой.Хэл бол 30, 40, 70 жилийн үечлэлтэй. Хэрэв 40 жилийн үечлэл дууссан бол хэлэнд асуудлууд үүсдэг. 70-аас дээш жилийн өмнө хэрэглэж байсан бичиг үсэг одоо эргэж орно гэж байхгүй. Бичиг бол тэр үеийн тэмдэглэж байгаа хэл шүү дээ. Одоогийн монгол хэлний эрдэмтэд 1933 оны хүний нэр уншиж чадахгүй байх жишээтэй. Ийм байхад уйгаржин монгол бичгээр хэн унших вэ. Энд хэлний буруу бодлого явсан. Ингэснээс болж өнөөгийн орчин цагийн монгол хэл, бичиж байгаа дүрэм, журам гажсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой түвшиндээ Үндсэн хууль, тогтолцоо буруутай гэж ярьчихаад өнөөдөр гарын дор байгаа ажлаа зөв шударга хийх ёстой. Энэ тогтолцооноос үл шалтгаалах асуудал бол сая Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэлний журмалсан толь гэж гаргалаа. Энд ямар нэг тогтолцоо, Үндсэн хууль нөлөөлөөгүй. Гурван байгууллагын эрдэмтдийг авчээ.Өнөөдөр Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг өөрчлөх тогтоол гараагүй байгаа. Засгийн газрын тогтоол шийдвэр гараагүй байгаа.Гэтэл хэн дуртай нь энэ дүрмийг өөрчилдөггүй юм. Гэтэл Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан Монгол хэл, бичгийн журмалсан толь бичгийн оршил дээрЦ.Дамдинсүрэн гуайн дүрмийг баримталсан болно гэсэн байна лээ. Түүний зохиосон зөв бичих дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй, зарим нэг нэмэлт тайлбар тодруулга хийсэн гэжээ. Нэмэлт тайлбар тодруулга гэдэг бол дүрмийн өөрчлөлт биш байх ёстой. Гэтэл энд “Зүй” орсон бүх үгийг салгаад бичсэн байна. Жишээлбэл, “Эрхзүй” гээд нийлээд бичдэг. Дэлхийн бүх хэлэнд зүй гэдэг уг урд талынхаа үгтэй нэгдэж байж шинжлэх ухааны нэг ойлголт тогтоож байгаа юм. Бас номзүй таслалаар төгссөн байх. Номзүйг ингэж бичихийг зааж өгч байна шүү дээ. Ямар ч өгүүлбэр дуусахад цэг тавьдаг. Таслалын зориулалт бол аливаа нэг юмыг нөгөөхөөс нь салгадаг тэмдэг. Түүнээс биш юмыг төгсгөдөг тэмдэг биш. Ялангуяа журамласан толь дотор цэг, таслал алдах ёсгүй. Миний олон жил судалж ирсэн шинжлэх ухааны салбар ийм байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл мэргэжлийн өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл тэгж ажиллаж чадахгүй байна. Өөр нэг жишээ гэвэл Эх хэлний өдрийн буруу ойлгож, тэмдэглээд байна. Энэ бол манайхнаар нутгийн аялгуу юм. Аливаа үндэстэн угсаатнуудын хэл соёл төрийн бодлогоос ангид байгаад байдаг. Тиймээс НҮБ-аас хурдан устан үгүй болоод байгаа эмзэг, жижиг угсаатан ястны өв соёлыг хамгаалах үүднээс жил бүрийн хоёрдугаар сард Эх хэлний өдрйиг сард тэмдэглэдэг. Түүнээс манай монгол хэлний өдөр биш юм. Есдүгээр сарын 1-нд тэмдэглээд байгаа эх хэлний өдрийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл залруулах л учиртай.

Шинэжлэх ухаан нь шинжлэх ухаан биш болоод мэргэжлийнсудлаач, эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй, тэрнийхээ эсрэг явж байна шүү дээ.

-Манай улс хос бичигтэй болно гэж байгаа. Түүх соёлоо хадгалж үлдэхийнх тулд уйгаржин монгол бичгээ нэвтрүүлэх ёстой гэдэг шүү дээ?

-Тухайн улс орон бичиг үсэг сольчихоор соёл нь байхгүй болчихдоггүй. Арабын том соёлтой Турк улс гэхэд аль хэдийнэ латинд шилжчихсэн. Герман Руни бичгээ аль эрт хаячихаад латин бичиг аваад явж байна шүү дээ.Тэгэхээр зөвхөн манай уйгаржин монгол бичиг дотор монгол соёл үлдчихсэн байгаа юм биш. Энэ бол зүгээр улстөржөөд явчихсан эд. Бичиг үсэг солилоо ч гэсэн өнөөдөр бид монголоороо ярилцаж, харилцаж байгаа нь бахархал. Уйгаржин монгол бичгийг криллээр сольчихлоо гээд монгол хэл устаж алга болчихоогүй л байна. Харин ч эсэргээрээ крилл бол латинтай ойрхон, бичиг үсгийг нь цөөхөн болгосон. Тухайн үед Ц.Дамдинсүрэн гуай дэлхийн нийт хэлшинжлэл дотор болж байгаа илүү зүйлийг хасдаг тэр үзэгдэл дээр зохиогдсон. тийм болохоор энгийн болгоод явсан юм. Ардын хувьсгал болсон 1921 онд монгол бичгийг хэдхэн хүн мэддэг байсан гэдэг биз дээ. Тэгээд ч монгол хэл чинь дан ганц уйгаржин биш олон бичиг үсгээр тэмдэглэдэг.Монголчууд өөрсдөө зохиосон дөрвөлжин, тод үсэг гээд байна.

Хос хэл гэж байдаг болохоос хос бичиг гэж байдаггүй юм. Тийм учраас хос бичигтэй болъё, хоёр бичгээр бичье хоёуланг нь авч явъя гэвэл худлаа. Үүний цаанаа маш том эдийн засгийн асуудал явагдаж байгаа шүү дээ. Дээр нь нэг нь нөгөөдөөсаад болоод аль ч үгүй болно. Хоёр туулайны хойноос хөөцөлдвөл хоосон хоцорно.

-Дэлхий дахины шаардаж байгаа боловсон хүчнийг бэлдэж байгаа судалгааны их сургуулийг төр засгаас анхаардаггүй гэдгийг таны ярианаас анзаарлаа. Ер нь Монголын ирээдүйг авч явах элит боловсролд ядаж салбарын яам нь яагаад анхаардаггүй юм бол?

-Олон талын мэдлэгтэй, өндөр мэргэшилтэй боловсон хүчин дэлхийд үнэлэгдэж байгаа.Тэрэнд манай сургууль нийцүүлж боловсон хүчнийг бэлтгэхэд чармайн ажиллаж байна. Монголын ирээдүйг авч явах элит боловсролын талаар хэн ч ярихгүй байна. Тийм учраас монголд лидр төрөхгүй байгаа юм. Лидр төрөхгүй байгаа учраас нэг нэгийгээ сонсохгүй байна. Бүгд л бид хоорондоо адил юм чинь гээд хэрэлдээд байдаг. Олон ертөнцийг үзчихсэн, дүгнэчихсэн чадалтай лидрийг элит боловсролоос гаргаж ирэх учраас өнөөдөр өндөр боловсролтой ажиллах хүчнийг тусгай бодлогоор дэмжих хэрэгтэй. Гадна, дотно боловсрол эзэмшчихсэн, эх орноо гэсэн сэтгэлтэй сайхан залуус их ажлынхаа хажуугаар эрдэм ном сурах гээд өөрийгөө дайчилж байгаагаар нь бахархдаг.Ийм эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй залуус манай сургуульд суралцаж байгааг харахад Монголын ирээдүй гэгээтэй байна. Монголын дунд сургуульд ажиллаж байсан турк багш манай сургуульд доктор хамгаалаад Америкт очингуут дипломыг нь хараад л шууд ажилд авсан байх жишээтэй.

Монгол Улс бол Оросын академик шинжлэх ухаанаар бэлтгэгдсэн. Бодлого боловсруулахад олон зуун хүн хэрэггүй. Чадалтай хэдхэн толгой л хэрэгтэй. Гадаад хэлийг монгол хүнд монгол хүн л зааж сургана даа гэж хэлдэг амбицтай хүн нь би байна. Монголд яагаад дэлхийн түвшний боловсрол олгодог сургууль байж болдоггүй юм бэ. Яагаад монгол хүн заавал гэр бүл, хань ижлээсээ холдож, хамаг мөнгөө үрэн байж гадаадад олон жил сурах ёстой гэж. Зарим нь ямар ч үр дүнгүй буцаад ирэх нь ч бий. Бид дөрвөн жилийн хичээлийг хоёрхон жилд багтааж сурах тэр боломжийг манай сургууль олгож байгаа юм. Гадаадын залуучууд ч ирж суралцаж байгаа болохоор дан ганц англи хэл гэлтгүйхятад, япон, солонгос хэл дээр хичээлээ зааж байгаа. Дипломын ажлыг англи, орос хэлээр бичүүлээд удирдаж чадаж байна. Уг нь энэ ауудлыг салбарын яам нь урьднаас хараад төлөвлөчихсөн, дэмжээд явж байх ёстой атал саад тотгор болоод болохгүй байгаад хамаг учир байна.

-Төр загийн тогтворгүй байдал тулгамдсан асуудал болоод байна уу?

-Судалгааны их сургуулиа явуулахын тулд салбарын яамтайгаа их зууралдаад явж байна. Монголд шинжлэх ухаан, дээд боловсролыг задгай хаячихаар менежмэнт нь буруу яваад байна. Хажуудаа шинжлэх ухааны академ гээд 14 хүрээлэнтэй байгууллагыг тэжээж байгаа болохоор их сургуулиуд нь хөгжихгүй байгаа юм. Жишээлбэл, МУИС гэхэд бакалаврын оюутнуудын төлбөрөөр оршин тогтноод байгаа. Тиймээс бакалврын оюутнуудаа сургаад коллеж маягтай болчихоод байна. Шинжлэх ухааны судалгаа хийе гэхээр мөнгө нь байхгүй. Тэгсэн хэрнээ энэ салбартаа зориулах мөнгөөрөө академиудаа тэтгээд байдаг. Тэр мөнгө нь академи дээр очихоорообаахан эрдэмтдийн ном, төсөл, байшин барилгын дулаан, цахилгаанд явчихаад байна. Энэ гажигтай тогтолцоогоо засах хэрэгтэй. Дээд боловсрол нь шинжлэх ухаанаасаа салчихсан. Шинжлэх ухаан нь инновацаасаа салчихсан. Яаман дээр баахан олон газрууд, тархай бутархай хуультай байдаг. Судалгааны их сургуулийн гол амин сүнс нь академик эрх чөлөө. Тиймээс чөлөөтэй сэтгэдэг байх хэрэгтэйЖишээлбэл, манай судалгааны их сургууль хүнээ бэлддэг, өрсөлдүүлдэг, чанартай сайн доктор эрдэмтэн гаргах ёстой. Гэтэл орчин үеийн докторын судалгааг удирдах хүнгүй болчихоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн судалгаа ерөөсөө Монголд хийгдэхгүй байна. Түүхээ судлаад л гүйгээд байдаг. Тиймээс орчин үеийн шинжлэх ухаан бол олон шинжлэх ухааны зааг дээр явж байгаа учраас бид чинь гадны хэлнээс авчирна. Өөрийнхөө хөрсөн дээр буулгана. Тэгээд шинжлэх ухаан болгоно гээд хүнд ажил хийж байна шүү дээ. Энэ мэтчилэн асуудлуудыг тоочоод байвал их байна. Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл яаманд бий. Ц.Цогзолмаа сайдын хувьд багшаар бэлтгэгдсэн учраас харьцангуй энэ салбартаа юм хийх гэж зүтгэж яваа хүн гэдэг нь харагддаг. Ажил хийх гэж зоригтой хөдөлж байгаагийнхаа хэрээр хэл амтай ч тулгарч байх шиг байна. Ер нь юм хийх гээд зүтгэж байгаа хүнийг яаж гүтгэдгийг би өөрийн биеэр туулсан болохоор сайн мэднэ.Энэ сайн эрчтэй, хүчтэй зүтгэж байгаа хүнд уг нь дээд боловрол, шинжлэх ухааныхаа бодлогыг ойлгуулаад гаргаад явах том боломж юм байгаа. Харамсалтай дээд боловсролд, шинжлэх ухааны бодлогыг барьж байгаа газарт нь байгаа дарга, цэрэг дотор олигтой хүн алга. Арайхийж ТНБД-тай болсон шүү дээ. Шударга хүн гэж яамныхан нь хэлэх юм байнлээ. Хэдэн сар яамаар нэгэн асуудал шийдэх гэж явлаа. Ажлаа мэддэг зоригтой шийдвэр гаргадаг хүн үнэхээр хэрэгтэй санагдлаа. Уг нь Боловсролын яаманд жинхэнэ гал тогоог нь хариуцаж , Хуулийн хэлстийн даргаар олон жил ажилласан Цэдэвсүрэн доктор үгүйлэгдэж байх шигээ. Бодлогын яам мэргэжлийн өндөр түвшинд ажиллах хэрэгтэй. Хамтраад зүтгээд, дээд боловсрол, шинжлэх ухааны албарыг цар хүрээтэй сэтгэж ярих юм бол улс орны ирээдүйн хөгжил тэндээс гарна.

-Уучлаарай, танаас асуухгүй өнгөрч боломжгүй нэг зүйл байна аа. Дэлхийн боловсон хүчнийг бэлдэж байгаа танай сургууль аравдугаар сар гарчихсан байхад яагаад ийм хүйтэн байна вэ. Уг нь танай сургууль хотын А зэрэглэлийн бүсэд Герман стандартаар баригдсан барилга биш бил үү?

-Хотынхоо төвд Төрийн ордныхоо дэргэд Эрдмийн ордонтой улс орон бараг байхгүй. Бид өнөөдөр аравдугаар сар гарчихсан байхад халаалтгүй сууж байна гэдэг бол төр засгийн арчаагүй байдлынх. Хэрэв авлига өгчихвөл даарахгүй суух байх. Бид Монгол Улсад болж, бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэх хүмүүсийг бэлдэж байгаа сургууль учраас үнэнийг хэлээд сууж байна шүү дээ. Манай хажууд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн барилгын өргөтгөл байгаа. Энэ барилгыг ашиглалтад оруулахдаа манай сургуулийн доогуур дулааны шугам тавьсан. Өнгөрсөн намар манайх дулаан авах гэтэл энэ байшингийн доогуур зургаа зуруулаад ашиглалтад өгчихсөн байшингийнх нь турбаг яагаад ч юм аваад нүүчихэж. Энэ асуудлыг бид холбогдох бүх байгууллагад хандсан. Ерөнхий сайд, Шадар сайд,Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Ус сувгийн удирдах газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Улаанбаатар дулааны сүлжээ компани гээд хандаагүй газар байхгүй.Тэд манайхыг хохирсон байна, айлынталыг хууль бус үйлдэл гаргасан гэдэг. Ингээд хуучин байдлыг сэргээ гэсэн шийдвэр гаргацгаахад Улаанбаатар цахилгаан, дулаан түгээх сүлжээ компани зөвхөн А блокийг дулаанаар хангаад явчихсан. Тэгэхээр манай сургууль дулаангүй хоцорч байна. Энэ төрт улс мөн үү. Байшин барилга ийм замбараагүй баригддаг юм уу. Хэрэв ингэж болдог юм бол МУИС баахан газар ухаад турбагаа нүүлгэж, Монгол-Японы төвд өгөхгүй гээд явах юм уу. Бид энд эрдмийн ордон барихтай холбоотойгоор засаг төрийн замбараагүй байдал харагдаж байна. Дээд шүүхээс “Пумагийн шугамаас хамаарсан явдал буруу болохоор та нар зөвшилц” гэж шийдсэн. Бид Пума руу долоо, найман бичиг явуулсан ч хариу ирээгүй. Улаанбаатар дулааны сүлжээ компани олон хүний эрхийг зөрчөөд байна. Энэкомпани Пумаг шүүхэд өгсөн бололтой. Анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрээр“Дулаанаар хангах үүрэгтэй” гэхэдДээд шатны шүүх нь буруу гэсэн бололтой юм. Ийм ойлгомжтой асуудлыг ингэж шүүж байна шүү дээ. Монгол УлсынЕрөнхийлөгч хууль, шүүхийн байгууллагад анхаарах ёстой болжээ.

-Энэ хүйтэнд паар хөлдвөл яах вэ?

-Олон сая төгрөгийн хохирол учирна. Манай сургуультай холбоотой үүссэн асуудал боловч нөгөө талдаа төрийн үйлчилгээ ямар муу байгаа нь тод харагдаж байна. Ажлаа хийдэггүй дарга нарыг солих гэхээр салбарын сайд өөрөө хүчрэхгүй байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж байхад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Улаанбаатардулааны сүлжээ ТӨКХ компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг солих гэхээр чаддаггүй бололтой. Сайд нь газрын даргадаа хариуцлага тооцож чадахгүй бол, бид сайдаас ямар хариуцлага шаардах бэ дээ. Манай профессор, судлаач оюутнууд маань сэтгэлийн галаараа дулаасан ажиллаж байнадаа. Бид шударга нийгмийг байгуулах үүрэгтэй улс шүүдээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэв

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлага газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, нийслэлийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч, дотоод сургалт хариуцсан 40 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Ази, Европын дээд түвшний уулзалт, дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалт болон Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох гэж байна.

“Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд түвшний уулзалтын нээлт болон бүгд хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”, “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд БНАУ-ын Эдийн засгийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд газрын тос, хий, геологи, хайгуул, баялагийн сан, зэрэг салбарт туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилтын хүрээнд “Алтны салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй юу

Хүүхдээ сургуульд оруулахын тулд багш, эрхлэгчдэд нь мөнгө өгчээ, хахууль авсан нь илчлэгдсэн зарим сургуулийн захирал цагдаа, АТГ-ын хаалга татжээ гэсэн гэмт хэргийн шинжтэй бөөн шуугиан манай нийгэмд дэгдэж байна. Яагаад ч юм монголчууд оройн дээд гурван эрдэнийн нэгийг багш хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байдаг. Гэтэл багш гэх эрхэм албатай хүмүүсийг ийм зүйлд нэр нь холбогдохоор хүмүүст нэг л таагүй, гонсоймоор мэдрэмж төрсөн нь мэдээж. Үүнтэй холбоотойгоор төвийн хэвлэлүүдээр нэг зар байнга явах боллоо. “Та нар хүүхдээ мөнгө төлж, хахууль өгч сургуульд оруулсан бол одоо сайн дураараа тэр талаарх мэдээллийг АТГ-т мэдэгдвэл мөнгийг чинь буцаагаад өгч, хүүхдийг чинь сургуульд нь хэвээр нь үлдээнэ. Та шоронд суухгүй, харин мөнгийг чинь авсан хүнийг шоронд хийнэ” гэсэн утгатай зарын шинжтэй мэдээлэл их цацаж байна. Үүнийг нь хуулийн талаас нь харж, чухам ямар хуульд ийм зүйлийг тусгасан болохоор ингэж ил цагаан зарлаж байна вэ гэж сонирхвол Эрүүгийн хуулийн 22.5-ын гурав дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан байдаг юм байна. Эрүүгийн хууль дахь энэ заалт нь өөрөө тухайн иргэнд хахууль өг, хахууль өгсөнийхөө дараа хахуулийг чинь авсан хүнийг илчил гэж уриалан дуудсан, гэмт хэрэгт өдөөн турхирсан шинж агуулж байна. Ажил хөөцөлдөхөөр ороход чинь хэн нэгэн албан тушаалтан татгалзвал тэрийг нь хясан боогдуулж байна гэж үзээд хахуулийн мөнгө, эд таваараа ямар нэгэн байдлаар нь урд хойно нь гүйж, гэр оронд нь ч болтугай очиж гуйж гувшиж байгаад ямар ч хамаагүй аргаар гарт нь атгуул. Тэгээд дараа нь АТГ-т энэ талаар мэдэгдэж өөрт чинь татгалзсаны хариуг бахаа ханатал ав. Харин энэ бүхний эцэст та хахуульд өгсөн мөнгөө буцааж аваарай гэж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг нь, хэргээс мултрах арга саамыг нь зааж өгөөд байгаа юм шиг ойлгогдож байна. Ийм юмыг Монгол Улс хуульчлаад заачихсан байна шүү дээ.

Хүн төрөлхтөнд, дэлхийн нийт иргэдэд ёс суртахуун гэж юм бий. Монголчууд хүний най гэж мэднэ. Маш их итгэлцэж найралдсан хүнээ най болсон хүн, хүний най гэж хүндэтгэн ярилцдаг. Оросууд эстетика, этика, мораль гэцгээдэг. Хүний най, ёс суртахуун гэх нэгдсэн том ойлголт, бичигдээгүй дүрмийг Хомо сапиенс буюу оюун ухаант хүмүүс далай тэнгис, сансар огторгуй гээд хаана ч, хэзээ ч мөрддөг. Тийм болохоор ёс суртахуун, найг зөрчсөн хүнийг бусад нь үзэн яддаг.

Хүн төрөлхтний дээрх бичигдээгүй хуулийг зөрчиж байгаа үйлдэл биш гэж үү. Хуулийг аль ч нийгэмд мөрдөх ёстой. Ингэхийг эрх зүйт нийгэм шаарддаг. Хуулиа мөрдөхгүй бол хүний нийгэм биш болж зэрлэг үе рүүгээ одож байгаа гэж үзнэ. Нийгмийн хөгжлийг Р.Морган зэрлэг үе, бүдүүлэг үе, соёлт үе гэж хуваасан байдаг. Тэгэхээр хуулиа мөрдөхгүй бол шууд зэрлэг нийгэм рүүгээ буцаж бөгөөд нийгэм задарна гэсэн үг.

Тэгтэл нийтээр дагаж мөрдөх ёстой гээд байгаа хуульдаа, Эрүүгийн хуульдаа хууль зөрчихийг хуульчлаад дараа нь хуулийн дагуу матна гэдгийг жирийн дундаж түвшний хүмүүсийн ой санаанд багтамгүй тэнэглэл юм. Энэ нь тэгээд “Монголчуудад ёс суртахуун хэрэггүй, бид ямар хүн төрөлхтөнд багтах биш” гэсэн үг юм уу. Тугал, бярууны ухаантай ямар амьтан нь ийм хууль гаргадаг байна аа. Ийм хууль гаргачихаар түүнийг хэрэгжүүлж байна гэхээр монголчууд биднийг хүн төрөлхтнөөс нэг шат доогуур амьтас гэж УИХ үзсэн юм уу. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг УИХ нь ингэж үзээд байгаа юм уу. Эндээс үзвэл хүн төрөлхтний тогтсон ёс зүйг баллуурдсан ийм хууль баталж, ард иргэдээр мөрдүүлэхийн тулд нэгдсэн журмаар зар тарааж “Хахууль өгсөн хүнээ илчил” гэж байгаа нь өөрөө асар ёс суртахууны доголдолтой үйлдэл. Ийм үйлдэл хийж болдог, ингэж нэгнээ матаж шоронгийн хаалга татуулж байгааг хойч үеийнхэн минь харж байна.

Монголчууд ч хэзээнээсээ найгүй, матаач хүнийг нэг нүдээрээ ч үздэггүй ард түмэн. Тэднийг ховч, матаач, бөгс ухагч, Түгжилдэх гэх мэтийн адгийн муу үгээр нэрлэж, үр хүүхдээ тэдний замаар явуулахгүй гэж зааж сургасаар ирсэн. Хүүхдүүд хүртэл хамтдаа цонх хагалчихаад түрүүлж гүйж очоод багшдаа бусдыгаа матсан нэгнээ “Хэл хэл. Хэлэн дээрээ 50 мөнгө наа” гэж жигшин зэвүүцэж дахиж түүнтэй нийлдэггүй байсан нь ёс суртахуунаа эрхэмлэдэг байсны нэг илрэл л дээ. Ингэхээр монголчуудын мах цусанд хүн төрөлхтний ёс суртахуун гэдэг бичигдээгүй хууль шингэсээр хадгалагдсаар ирсэн нь тодорхой. Ажлаа бүтээчихээд араас нь матдаг хүн амьдрал дээр ховор гарах байх гэж найдахаас. Тэгээд ч хэн ийм хүнд дахин туслах вэ дээ. Матаач хүнээс эргэн тойрныхон нь зайгаа барьж, үг солихоос цааргалж дөлнө. Сургуулийн жишээн дээр ярихад, ийм замаар сургуульд хүүхдээ оруулчихаад дараа нь захирлыг нь АТГ-т матаад санаснаараа мөнгөө эргүүлэн авч, хүүхдээ тэр сургуульд нь үлдээгээд үргэлжлүүлэн сургана гэдэг юу л бол. Тийм хүүхэд бусад сурагчдынхаа дунд, тэр сургуульд багтаж шингэнэ гэдэг хэцүү байна байх даа. Хамгийн гол нь ийм хууль баталж чадаж байгаа хүмүүс өөрсдийгөө ямаршуухан “амьтас” вэ гэдгээ харуулж байна. Тэднийхээр монголчууд бид ёс суртахуунтай байх ёсгүй хүмүүс болж таарч байна уу.


Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах дадлага сургуульд хамрагдав

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Финпак” ХХК-ийн ажилчид гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, “Бэлэн байсургалтын багцын хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулсан юм.

Цаас, цаасан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн хувьд гал түймрийн аюулын үед их хэмжээний хохирол учрах өндөр эрсдэлтэй.

Тиймээс гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн аюулын үед ажилчид аврах зам гарцаар хэрхэн аюулгүй гарах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас аваарын зам гарцаар гарах тухай сэдвээр танхимын сургалтанд хамрагдлаа.

Мөн гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай ойлголтоос гадна газар хөдлөлт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм нормтой танилцсан юм.

Гал унтраах тархалтын сургуулийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас зохион байгуулсан юм. Сургалт, дадлага сургуульд “Финпак” ХХК-ийн 80 гаруй ажилтан албан хаагч оролцлоо гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр

Дэлхийн хүнсний өдрийг жил бүрийн аравдугаар сарын 16-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

НҮБ – ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: Өлсгөлөнгүй дэлхий-2030” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбай дээр Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд таниулах, шим тэжээлийн дутал болох далд өлсгөлөнг бууруулах зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж буй төрийн, төрийн бус байгууллагууд, хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж газрууд зэрэг нийт 30 байгууллага оролцохоор болжээ.

Өнөөдөр та Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирснээр дараах арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Үүнд:

Aрга хэмжээний хөтөлбөр

11:15

Цайны ёслол

Их тайга ХХК

11:40

  • Зөгийн балны ач холбогдлын талаар мэдээлэл
  • Зөгийн бал идэх тэмцээн (шагналтай)

Монголын Зөгий Сан

12:00

  • Илчлэг ба дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл
  • Хөгжөөнт тэмцээн (шагналтай)

ШУТИС – Шим тэжээл судлалын төв

12:30

  • Сугалаат худалдаа

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо

14:00

  • Өндөгний эрүүл мэндийн ач тусын талаар мэдээлэл

Түмэншувуут ХХК

  • Асуулт хариултын тэмцээн (шагналтай)

14:20

  • Илчлэг ба дасгал хөдөлгөөн
  • Xөгжөөнт тэмцээн (шагналтай)

ШУТИС – Шим тэжээл судлалын төв

2017 оны статистик үзүүлэлтийг харахад дэлхийд өлсгөлөн амьдарч буй хүмүүсийн тоо сүүлийн 3 жилийн хугацаанд нэмэгдсээр байгаа бөгөөд 820 сая орчим хүн өдөр тутам идэх хоол олох гэж зүдэрч байгаа нь харамсалтай.

2030 он гэхэд дэлхий нийтэд ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хоёр дахь зорилт юм. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого тун чухал. Тэрчлэн хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг маш их хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж байна.

Ингээд дэлхий дахинд болон Монгол Улсын хувьд хүнсний хангамж, өлсгөлөн, ядуурал, түүнээс үүдсэн эрүүл мэндийн асуудалтай холбогдолтой тоо баримтуудаас хүргэе.

ДЭЛХИЙ ДАХИНД

  1. Хэдийгээр дэлхийн бүх хүн амд хүрэлцэхүйц хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа боловч 815 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Тэдний 60% нь эмэгтэйчүүд.
  2. Дэлхий дээрх нэн ядуу хүмүүсийн 80% нь орон нутагт амьдарч, амьжиргаагаа хөдөө аж ахуйн салбараас залгуулдаг.
  3. Бага насны хүүхдийн 45% нь шим тэжээлийн дутагдалд ороод байна.
  4. 5-с доош насны 155 сая хүүхэд өсөлт хоцрогдолтой байгаатай зэрэгцээд хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл нэмэгдсээр байна.
  5. 1.9 тэрбум хүн илүүдэл жинтэйгээс 600 сая нь хэт таргалалттай байна. Насанд хүрэгчдийн дунд таргалалтын асуудал хурдацтай нэмэгдсээр байна.
  6. Жил бүр 3.4 сая хүн хэт таргалалтаас үүссэн шалтгаанаар нас барж байна. Олон оронд таргалалтын асуудлаас болж нас барж байгаа хүний тоо гэмт хэрэгт өртөн нас барж байгаа хүний тооноос их байна.
  7. Жилд 3.5 тэрбум ам.долларыг шим тэжээлийн асуудалд зарцуулж байна.
  8. 2050 он гэхэд хүн амыг хоол хүнсээр хангахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг 60%-иар нэмэгдүүлэх шаардлагатай.
  9. Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 815 сая хүний 489 сая хүн, нийт 5-с доош насны өсөлт хоцрогдолтой хүүхдүүдийн 75% нь зөрчил тэмцэлтэй улс орнуудад амьдарч байна.
  10. Ган гачиг хөдөө аж ахуйн эдийн засгийн бууралтад 83% хүртэл нөлөөлж байна.
  11. Хүнсний үйлдвэрлэлийн гуравны нэг нь хаягдал болж байна. Энэ нь ойролцоогоор жилд 2.6 их наяд ам.долларын өртөгтэй.

МОНГОЛ УЛСАД

  1. Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувьтай байна.
  2. 2016-2017 онд хийсэн Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээс: 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай, Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл, 6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9% нөөц дутмаг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4% дуталтай, 20.2% нөөц дутмаг, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4% Д аминдэм дуталтай, 41.9% нөөц дутмаг, 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон,
  3. Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй,
  4. Нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр,
  5. 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан,
  6. Илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн таван хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтад нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Япон Улсын Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцох таван сурагчийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан эцэг эхчүүдийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрбээр эцэг эхчүүд, шалгарсан сурагчдад хандан “Хан-Уул дүүрэг олон улс орны хотуудтай хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, Хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Үүний нэг тод жишээ нь тус хоттой соёл урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажилладаг бөгөөд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа төдийгүй тус хотын сурагчид манай улсын түүх соёл, ёс заншилтай танилцахаар хүрэлцэн ирнэ. Ингээд та бүхэн Япон Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, арга хэмжээндээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөж, онгоцны тийзийг нь албан ёсоор гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд шалгарсан сурагчид сүмо бөхийн тэмцээн уралдаан оролцоод Япон улсын соёл урлагтай тусгай хөтөлбөрийн дагуу танилцах юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ” сургалт эхэллээ

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох” зорилтын хүрээнд залуучуудыг түр болон тогтвортой ажлын байраар хангахаар энэхүү сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Оюутан залуучуудыг хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулснаар тэдэнд онол, практикийн мэдээллүүдийг өгөхөөс гадна санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.” гэж хэлэв.

“Нийслэлийн залуу хөтөч” сургалтад хамрагдсан залуучуудад өнөөдөр хөтчийн ажил үүргийн тухай ойлголт, харилцааны ур чадвар сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын Тэргүүн Н.Энхбаатар, Монголын Үндэсний Их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэнхимийн багш Ж.Отгонцэцэг нар мэдээлэл өглөө.

Тус сургалт 5 хоног, нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд монгол ахуй, уламжлалт зан үйл, соёлын дархлаа, нийслэл Улаанбаатар хотын түүх, аяллын үед хөтчийн анхаарах зүйл, орон орны жуулчид ба дотоодын аялагчдын онцлог, жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? зэрэг сэдвээр залуучуудад мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үржлийн бус бог мал экспортлоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг байгуулж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьтай явж буй бөгөөд төлөвлөгөө ёсоор 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд оруулах юм. Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар экспортод гаргах юм. Тус тусгаарлагдсан бүс нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болж, хоногт 180,000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно гэв.

Ингэснээр малчдын хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэж, малынхаа махыг нэмүү өртөг шингээн худалдаалах боломжтой болох юм. БНХАУ-аас эрүүлжүүлж, уурагжуулсан бог малын махыг тогтмол импортолж авах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Ерөнхий сайд өнөөдөр Монцемент цементийн үйлдвэр, Шивээ овоо нүүрсний уурхайд тус тус ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.