Categories
мэдээ нийгэм

​Нүдний торлог шилэнцрийн бүрхүүлийн мэс заслыг хийх боломжтой боллоо

Монгол Канад улсын хамтын ажиллагааны хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Нүд судлалын тасагт” мэс заслын багаж төхөөрөмжийг хандивлалаа. Энэхүү төхөөрөмж нь Канадын Лаурэл Ретина сангаас 1,228,840,000 төгрөгийн дэмжлэгтэй бүрджээ.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, Канад улсын Элчин сайд David Sproule, профессор Hugh M.Parsons болон нүд судлалын тасгийн эрхлэгч П.Бүрэнжаргал нарын төлөөлөгчид оролцлоо.Тэд нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой гэх мэт салбарыг хурдацтай хөгжүүлэх зорилготой. Энэ чиглэлээр дагнасан эмч сурган, хөдөө орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо мэс заслыг хийж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр бидний хувьд түүхэн үйл явдал болж улсдаа эмчлэгддэггүй нэг өвчнийг буурууллаа. Канад улсад төвтэй Лаурэл Ретина сан үүнийг бидэнд бүрдүүлж өгч байна. Мөн энэхүү төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг хоёр жилийн хугацаатай бэлтгэсэн” гэдгээ хэлэв

Мөн төслийн хүрээнд 2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татварыг чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Эдгээр багаж төхөөрөмж суурилагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт торлог шилэнцрийн өвчний оношлогоо эмчилгээг цогцоор шийдэж чадах юм байна.

Э.АНУЖИН


Categories
мэдээ нийгэм

Видео: Бидний дунд амьдардаг ер бусын амьтад

Categories
мэдээ нийгэм

Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь хоёр эгнээ бүхий долоон метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.

Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьсан бөгөөд засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байжээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох хүмүүс оролцов.

“Энэ хэсгийн иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан замыг засч, шинэчлээд өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг санхүүжилтийг нь хөөцөлдөж нааштайгаар шийдүүлж чадсан. Зарим хэсгүүдэд хөрсний ус маш ихээр гарч ирдэг, намагтай байсан. Үүнийг шийдэх хөрөнгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Н.Баярмөнх нар гаргаж, дэмжин ажилласан” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас цэцэрлэгийн эргүүл ажиллана

Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор 11 дүгээр сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна.

Уг аяныг Тээврийн цагдаагийн алба, Хүүхэд зорчиж байна ТББ-аас санаачлан Нийслэлийн боловсролын газар, Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК, Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци хамтран зохион байгуулах бөгөөд Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10,000 гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу “Kinder police”-ууд оролцох юм.

Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсох бус хүүхдээ хүргэж ирж буй эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх, мөн цэцэрлэгт ирж буй эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Түүнчлэн эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтанд хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангана.

Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр тус албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэлээ.

Сургалт нь хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, Хүүхдийн авто машины суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө, Хүүхдийн авто машины суудал нь зам тээврийн осол гарах үед хүүхдийг хэрхэн хамгаалдаг талаар мэдлэг олгох, Blind spot буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг багтаасан байх юм.

Зохион байгуулагч байгууллагуудаас эцэг эх, асран хамгаалагч нарыг энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож, хамтдаа “ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ ТЭГЛЭХ”-ийг уриалж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Өлзийхүү: Урлаг гэдэг нийгэмд гоё гоё санаа хэлж, сайн сайханд хүмүүсийг уриалдаг

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын “Уран бутээлч” нүүрт Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрээр “Нинжин сэтгэл” нэртэй шинэ киноны гол дүрд тоглосон. Саяхан нээлтээ хийсэн тус кино олон үзэгчдийг уйлуулж, уярааж, үзэгчид ам сайтай байгаа билээ. Түүний уран бүтээлийнхээ талаар хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Энэ нийгмийн эцсийн цэг бол уучлал, өршөөл, нигүүлсэл
  • “Аюултай харилцаа” киногоор бид гэр бүлээс гадуурх харилцааг аль болох байхгүй болгоё гэдэг санааг гаргахыг хичээсэн л дээ. Яг тэр утгаараа уг кино үзэгчдэд маш их таалагдсан
  • Монголд хүмүүс бие биерүүгээ инээмсэглэж, нэг нэгнээ хайрладаг байгаасай
  • Нийгмийн бүхий л давхарга, хүрээний бүсгүйчүүдийн амьдралыг нэг дор зангидаж харуулсан
  • Нэг л ажлын төлөө, нэг л юмныхаа төлөө тууштай л явж байна.
  • Уучлал гэдэг зүйлийг л бид ашиглаж чадвал нийгмээрээ, монголчууд хотлоор сайхан амьдрах боломжтой
  • Жүжигчин хүний хийж болох, чадах юу л байна тэр бүгдийг хийгээд л, гүйцэтгээд л явж байна.
  • Бидний хэдэн уран бүтээлчдийн хэлэх гээд байгаа энэ гоё санааг монголчууд минь дэмжээсэй
  • Бидэнд байгаа, бидний гарт байгаа, ямар ч мөнгө нэхдэггүй том зэвсэг бол уучлал
  • Урлаг гэдэг нийгэмд гоё гоё санаа хэлж, сайн сайханд хүмүүсийг уриалдаг

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 1 явган хүний зам, 3 авто замын ажил хийгдлээ

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 1 явган хүний зам, 3 авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 4 авто замын нөлөөлөлд нийт 34 нэгж талбарын 1927 м2 газар өртөн 1.9 км явган хүний болон авто замын ажил хийгдэж, бүрэн ашиглалтад орлоо.

Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 34 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

ØБаянгол дүүргийн 10, 22 дугаар хороо, Хасбаатарын гудамжны уулзвараас 22-р хорооны байр хүртэлх 1 км явган хүний зам

ØБаянгол дүүрэг 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсгийн 0.3 км авто зам

ØБаянгол дүүрэг 2 дугаар хороо, Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайвны өргөн чөлөөний 0.17 км авто зам

ØБаянгол дүүрэг 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төв 70/2 дугаар байрны шинээр тавигдсан 0.466 км авто зам

Categories
мэдээ улс-төр

Шадар сайдыг Куба Улсад урив

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, анагаах ухаан, боловсрол, соёл, спортын уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргах болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Газар зүйн байршлаас шалтгаалан жил бүрийн 5-10 дугаар сард далайн шуурга болдог Куба Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, сэргээн босгох чиглэлээр туршлага ихтэй. Тухайлбал өнгөрсөн онд 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан “Ирма” хар салхинаас урьдчилан сэргийлж нэг сая орчим хүн, зарим томоохон үйлдвэрээ нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дүнд нэг ч хүний амь эрсдээгүй бөгөөд эвдэрч сүйдсэн эрчим хүчний сүлжээгээ 10 хоногийн дотор засч хэвийн болгож байжээ. Иймээс Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Куба Улсад айлчилж туршлага судлан, цаашид энэ салбарт хамтран ажиллахыг хүсэв. Мөн уул уурхайн салбарт Монгол Улсын хуримтлуулсан туршлагыг судлах сонирхлоо илэрхийллээ.

Талууд өндөр, дээд түвшний харилцан айлчлал зохион байгуулах, оюутан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Токиогийн олимпийн өмнө жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээ зохиох талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн болон Сайд нарын Зөвлөлийн дарга Мигель Диаз-Канэл Монгол Улсад айлчлах урилгатайг Шадар сайд Ө.Энхтүвшин нотлов.

Categories
мэдээ нийгэм

“ЦООХОР ИРВЭС хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн дунд “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөг арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны бямба гаригт 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм. Өдөрлөгийн үеэр хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, богино зайн алхалт, өртөөгөөр аялах, “АХА” тэмцээнд оролцож мэдлэгээ шалгах зэрэг сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулах юм. Идэвх санаачилгатай оролцож, цоохор ирвэс, түүний экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалахад өндөр хувь нэмэр оруулсан эхний гурван эко клубийг шалгаруулж, урамшуулах юм.

Уг арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ зэрэг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тус арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

Цоохор ирвэсийн тухай товчхон мэдээлэл:

1. Монгол улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
2. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
3. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
4. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
5. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
6. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
7. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
8. Цоохор ирвэс 10-13 насалдаг.
9. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
10.Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
11.Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
12.Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
13.Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
14.Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Батхүү: Манай гадагш экспортлодог үндсэн нэрийн бүтээгдэхүүн гарын таван хуруунд багтахаар байна

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх боломж олгодог энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж байна.

“Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 10 сарын 17-21 өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэ үеэр ХХААХҮЯны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Монголчууд гадагшаа ямар бүтээгдэхүүн экспортлож байна вэ?

Монголын экспортын 10 орчим хувь уул уурхайгаас бусад салбараас экспортлогдож байна. Энэ дотроо дийлэнх нь ноос ноолуур, арьс шир. Энэ жилийн үзэсгэлэнд 120 гаруй байгууллага оролцож байна. “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрсөн хоёр сард батлуулсан. Энэ бол манай үндсэн стратегийн бүтээгдэхүүн. Бид ноолуураар дэлхийд хоёрт ордог нийлүүлэгч улс. Гол тоглогч нь гэсэн үг. Ноолуур хөтөлбөрийг батлуулснаар эдийн засгийн эргэлдэх хөрөнгө нэмэгдэнэ. Манай ноолуурын салбарт жилд 780 гаруй тэр бум төгрөг эргэлддэг. Энэ жилийн хувьд дотоодын хэрэгцээндээ хэрэглэх ноолуураа бид хангалттай авчихсан.

Махны экспорт энэ жил ямархуу байна вэ?

Мах махан бүтээгдэхүүний борлуулалт өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа. Энэ жил арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна мах махан бүтээгдэхүүн орж ирж байна. “Монгол экспорт экспо 2018”-аар бид зөвхөн үзэсгэлэн худалдаа хийгээд зогсохгүй экспортлоход тулгамдаж байгаа асуудал, хооронд нь хэрхэн уялдуулах, экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг семинар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нийт хичнээн бүтээгдэхүүнийг манайхан гадагшаа экспортлодог вэ?

Ер нь манайх импортлогч орон. Гэсэн хэдий ч бид уул уурхайгаас гадна хэд хэдэн бүтээгдэхүүнээ экспортлоод явж байна. Аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах санал санаачлага энэ үеэр хэлэлцэгдэнэ.

Нэмүү өртөг шингэсэн ямар бүтээгдэхүүнүүд гадагшаа гарч байна?

Арьс шир ноос ноолуур голлон оролцоод хүнсний бүтээгдэхүүний экспортлогч дотор бяслаг, зөгийн бал, чацаргана орж байна. Манай үндсэн гол нэрийн бүтээгдэхүүн гарын таван хуруунд багтахаар байна. Арьс шир, ноос ноолуур, чацаргана, зөгийн бал, мах гэх мэт. Мөн сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарынхан нэрийн бүтээгдэхүүнээ амжилттай экспортлож байна.

Манайхан ихэвчлэн аль улсруу бүтээгдэхүүнээ экспортлодог вэ?

Манай улсын гол экспортлогч орон Хятад улс. Гэхдээ Англи, Турк, Япон, Итали зэрэг улсууд манайхаас бүтээгдэхүүн авах сонирхолтой. Япон улсын хувьд хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг илүү сонирхдог. Гадны байгууллагууд буюу импортлогч орнууд Монголын үндсэн бүтээгдэхүүн болох арьс шир, ноос ноолуур, зөгийн бал гэх мэт зүйлсийг худалдаж авахыг маш ихээр сонирхож ирдэг.