Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Юу, яасан 54 тэрбум төгрөг

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсвийн орлого өндөр тавигдсан учраас биелүүлэхэд амаргүй гэж байсан. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байна. Түүнчлэн 2018 оны улсын төсвийн орлого нь зарлагаа давж биелж байгаа. Энэ нь сүүлийн хэдэн жил Монгол Улсад байгаагүй үзүүлэлт болсон нь эдийн засаг сэргэж буйн дохио. Оны сүүл рүү Сангийн яамтай мөнгөтэй байх юм байна гэдгийг харуулж байгаа л даа. 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг нэлээд явуулж, эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Өмнө нь хумих бодлого явж ирлээ шүү дээ. Эдийн засгаа өсгөхөд анхаарал хандуулж ажилласан ч иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлж чадахгүй байсан. Тиймээс ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй хурдан хийлгэх ёстой гэдэг хувь гишүүний байр суурьтай байна. Эдийн засаг сэргээд ирэнгүүт энэ онд импорт 40 хувь өслөө. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сольж, санхүүгээ зузаатгаж байгаа нь зөв.

Сангийн яам сайтар судалсны дүнд ирэх оны төсвийг өндрөөр тооцож оруулж ирсэн байх. Мөн татварын суурь багц хуулиудыг өргөн барьсан. Тиймээс өмнө нь татвараар зарим авч чадахгүй байсан татваруудаа нэмж авах боломж бүрдэж байна гэж хувьдаа ойлгож байна. Өөрөөр хэлбэл татварын баазаа нэмж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа татварын хувь хэмжээ буулгаж байгаа. Эдгээр арга хэмжээг авснаар орлого талдаа нэмэгдэх болов уу гэдэг итгэл найдвар байна л даа. Энэ оны төсвийн жилийн онцлог нь төсөвт тодотгол хийгээгүй. Зэс, нүүрс, алтны үнэ олон улсын зах зээлд өндөр байсан тул орлого тал нь ихэсч, зарлага нь багассан нь төсөвт тодотгол хийхгүй байх шалтгаан боллоо. Нэгэнт зардлаа нэмэлгүй нэг жил явж болсон юм чинь ирэх жил зардлаа танах боломжууд гарах байлгүй дээ.

-Гишүүдийн таван тэрбум гэдэг бүхэл тоо яригдаад байх юм. Мөн Сангийн сайдыг өөрийн тойрог болох Увс аймагтаа 52.8 тэрбум төгрөг суулгасан гэдэг шүүмжлэл ч байна…

-Гишүүд хардаж, сэрдээд янз бүрээр л ярьж байгаа. Жишээлбэл, 2010 онд манай тойрог дээр тавьсан хөрөнгө оруулалт царцсан байсныг одоо явуулж байх жишээтэй. Иймэрхүү маягаар явуулаад эхлэхээр бусад аймгуудаас арай ахиу төсөв тавьсан мэт харагдана. Үүнийг үгүйсгэх зүйл алга. Миний хувьд төсвийн хөрөнгө оруулалтууд аймаг тус бүр, тухайн тойргуудад хөрөнгө ижил хэмжээнд тавигдсан гэж бодож байгаа. Нэг гишүүн дээр хэт өндөр тавиад бусад гишүүд дээр бага тавиад явчихвал гишүүдийн шүүмжлэлтэй нүүр тулна.

Яг үнэндээ 76 жижиг тойрог гэдэг чинь зовлон шүү дээ. Гишүүн бүр л өөрийнхөө тойрогтоо бүтээн байгуулалтын ажил хийхийг бодно. УИХ-ын гишүүдийн таван тэрбум төгрөг гэдэг зүйл угаасаа байхгүй. Гишүүдээс санал авч байгаа. Та орон нутгийн удирдлагуудтайгаа байнга хамтран ажиллаж байна, иргэдтэйгээ уулзаж байгаа учраас тулгамдсан асуудлуудыг нь мэдэж байгаа гээд ямар ажлуудыг нь түлхүү явуулах вэ гэж байгаа юм. Гишүүд түүнд нь саналаа өгөөд явж байгаагаас биш өөрсдөө мөнгө аваад байгаа юм биш. УИХ-ын гишүүдийн оролцоо ч байхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу харьяалагдах яамд руугаа төсөв нь явдаг. Тиймээс үүнийг улстөржүүлээд байгаа нь зохимжгүй.

-Улстөржүүллээ гээд анхааралгүй байж болохгүй биз дээ?

-2019 оны төсвийг яах аргагүй анхаарах нь зөв. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг нь ч үнэн. Тойргоос сонгогдсон бүх л гишүүд намын мөрийн хөтөлбөр танилцуулж сонгогдож ирсэн. Дээрээс нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж бий. УИХ-ын гишүүн тойрогтоо амласан зүйлс их байдаг. Үүнийхээ цаана гарахыг хүн бүр л хүсч байгаа.

-Төсөвт үр ашиггүй урсгал зардлууд их байна гэж шүүмжилж байна. Бараг сум бүрт контор барьж, мебель тавилга авна гэсэн байх юм. Уг нь тэвчиж болох зардал мөн биз дээ. Сүүлийн жишээ гэхэд яндангийн шүүлтүүрт зориулж 54 тэрбум төгрөг суулгах гэж байна гэсэн?

-Үр дүнгүй зардлуудыг тэвчих л хэрэгтэй. Тухайлбал, конторууд шинээр барих, оффис доторх мебель тавилгуудыг шинээр худалдаж авах ч байдаг юмуу, иймэрхүү зүйлээс татгалзах нь зөв. Таны асуусантай санал нэг байгаа. Гэхдээ утааны шүүлтүүрийг сайн мэдэхгүй байна. Үнэхээр утаа багасгах хүрээнд шүүлтүүр хийгээд үр дүн өгөх юм бол хийх л хэрэгтэй. Гэтэл 54 тэрбум төгрөг зарчихаад ямар ч үр дүнгүй, олиггүй юм байвал ямар хэрэгтэй гэж. Больсон нь дээр. Юу, яасан 54 тэрбум төгрөг. Үнэхээр шаардлагагүй зүйлс дээр зардал тавьсан байвал танах нь зүйтэй.

Энэ бүхнээс чухал хүүхдийн мөнгө, багш, эмч, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл гээд байна шүү дээ. Нийгмийн олон давхаргад дахин хуваарилтууд хийсэн, хүнд хүрсэн зүйл хийлгүй нэг аймагт их хэмжээний төсөв тавьж, ганц том юм хийгээд ямар хэрэг байхав дээ. Экспортыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалт, орлого нь заавал очих ёстой газраа очдог зүйлд зарцуулах нь зөв гэж боддог.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдээр тооцож байна вэ. Сангийн сайд 2530 төгрөгөөр гээд байгаа ч төсвийн номон дээрээ тухайлсан тоо байхгүй байна лээ?

-Ам.долларын ханш цаашид жаахан буух байх. Импорт ихээр орж ирсэнтэй холбоотойгоор ам.долларын эрэлт хэрэгцээ их байсан тул үнэ өссөн. Түүнчлэн манай улсын эдийн засаг улирлын чанартай. Аравдугаар сарын сүүл болоод ам.долларын хэрэгцээ багасаад ирэхээр үнэ буурах байлгүй. Нөгөө талдаа том гүрнүүдийн худалдааны дайны асуудал яригдаж байгаа. АНУ бодлогын хүүгээ 2.2 хувь болгоод нэмсэн чинь ам.доллартай эдийн засаг нь холбогдсон Монгол болон бусад бүх орнуудад ханш нь нэмэгдчихээд байгаа юм. Хятад, Орос аль аль нь нөлөөлж байна. Ийм зүйлс байгаа тул анхаарах хэрэгтэй. Цаашид бид ам.долларын ханшийг тогтмол барих хэрэгтэй болно. Жаахан өсч байгаа эдийн засгаа бид тавиад туучихаж болохгүй. Богино, дунд хугацаандаа хөгжөөд явчих юм бол цаашдаа эдийн засаг талаасаа сайдах муудах асуудал бага яригдана. Өнөөдрийг хүртэл бид зөв арга хэмжээ авч хуулинд нь өөрчлөлт оруулж, ганц нэг хүний шийдвэрээр бус хамтын шийдвэр гаргаж зөв голдрилоор нь явуулах хэрэгтэй. Ам.долларын ханшийг савлуулж дээш, доош нь болгох сонирхолтой банк, аж ахуйн нэгж, хүмүүс бий. Үнийн зөрүүн дээрээс ашиг олдог тул үүн дээр анхаарах ёстой. Бид гурван тэрбум ам.долларын нөөцөө интервенц хийгээд ч юм уу, үрэн таран хийчихмээргүй байна. Монгол Улс валютын нөөцтэй байж гэмээнэ манай орны эдийн засаг сайжирч, баталгаатай болдог. Тэр утгаараа байгаа валютын нөөцөө сэгсрээд хаячихаж болохгүй. Тиймээс интервенц хийхийг аль болох хориглож байгаа.

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг өдөөх юм. Он гарсаар хэд хэдэн удаа нэмэгдсэн. Ямар бодлогын арга хэмжээ авах ёстой вэ?

-Нефтийн бүтээгдэхүүний хувьд бид ганц улсаас хараат байж болохгүй. Сангийн яам татвараар нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл онцгой татвар, НӨАТ, гаалийн татварыг нь нэмэх, хасах замаар зохицуулж болно. Сангийн яам үүнийгээ хийгээд явах нь зөв. Мөн гадна талдаа нефтийн үнэ нэмэгдэж байна л даа. Ганц улсаас хараат байх нь ямар үр дагавартай вэ гэдэг нь улам бүр тод харагдаж байна. Роснефть дээр үнэ өсөнгүүт дагаад манайд үнэ нэмэгддэг. Үүнийг болиулах хэрэгтэй. Тиймээс БНХАУ, БНСУ, Японоос нефтийн бүтээгдэхүүн авдаг болох ёстой юм. Олон талын зах зээлтэй болчихвол аль бага үнэ хэлснээс нь авч үнээ барьдаг байхгүй бол ганц хойд хөрштэй яриад байж болохгүй.

Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабадар ОХУ-д айлчлаад Роснефтьттэй хэлэлцээр хийгээд үнээ барих боломжтой болгоод ирсэн байна лээ. Гэхдээ нефтийн үйлдвэр барьж өөрийн гэсэн нөөцтэй болохгүй бол нефть бидний мөнхийн ярианы сэдэв болж үлдэнэ. Монгол Улс тусгаар тогтносон нь үнэн юм бол өөрийн гэсэн нефтьтэй бай, гадагш нь гаргаж байгаа нефтиэ Монголд боловсруул гэж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил хурдацтай явж байгаа. Ганц, хоёр жилийн дараа үйлдвэр нь ашиглалтад орчихвол үнэ өслөө гэдэг яриа ул болох байлгүй дээ.

Нефть өөрөө бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж байна. Тиймээс үүн дээр бид анхаарах ёстой. Засгийн газар арга хэмжээ аваад явах ёстой болохоос зөнд нь орхичихож болохгүй.

-Гэхдээ сулд нь ингээд ганхуулах гээд байгаа юм биш үү?

-Засгийн газар нэгэнт иргэдийн амьдралын баталгааг гаргаж чадахгүй, цалин хөлсийг нэмж чаддаггүй юм бол цаашид бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй гэж бодож байгаа бол үнийг барихаас өөр аргагүй. Эдийн засаг хоорондоо уялдаатай байдаг болохоор тун ярвигтай.

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг жижиг дунд үйлдвэрийн санг яамныхаа харьяанд авна гэсэн. Таныг санал хураалгасангүй гээд нэлээд бухимдах шиг боллоо?

-Жижиг, дунд үйлдвэрийн хууль өргөн баригдаад хагас жил болсон. Энэ хугацаанд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад, УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаа шийдсэн. Ажлын хэсэг нь нэлээд хэдэн удаа хуралдаж анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Тэр үед С.Чинзориг сайд ажлын хэсгийнхэнтэй уулзаж асуудлуудаа яриад явах ёстой байсан. УИХ-ын гишүүн санал хураалгах явцад зарчмын зөрүүтэй санал гаргаад санал хураалгах эрхтэй. Тэр саналыг нь хурааж өгөлгүй л яахав. С.Чинзориг сайд хурал бараг дуусчихсан байхад дахин санал гаргаж ирээд хурлыг сунжруулж, түвэгтэй болгосон. Засгийн газрын гишүүн өөрийн яамны эрх ашгийг хамгаалалгүй л яахав. Гэхдээ ажлын хэсэгт нь оролцоод өөрсдийн санаа оноогоо ярилцаж, ойлголцоод, тусгаад явах хэрэгтэй. Тэндээ зөвшилцөлд хүрээд ороод ирвэл миний хувьд татгалзах зүйл байхгүй. Байнгын хороогоороо хэлэлцээд явчихна. Байнгын хорооноос гарсан ажлын хэсэг, дэд хэсгийнхэндээ танилцуулалгүй байж байгаад хамгийн сүүлийн мөчид санал оруулж ирж байнгын хорооны хурлыг бужигнуулаад байж болохгүй.

Гэхдээ тань руу л уурлаад байсан…

-Би сая хэллээ шүү дээ. Ингэж явах ёстой байсан гээд. Түүнээс биш надад ямар нэгэн бодол байхгүй. Би зарчим л ярина.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг бүр татан буулгах гээд байна уу?

-Бичил бизнес эрхлэгчдийг байхгүй болгоод өөртөө авах гээд байгаа юм болов уу гэж хувьдаа бодсон. Би саналыг нь хураалгаагүй биш хураалгасан шүү дээ. Ороод ирсэн хуулийн маань амин сүнсийг нураахаар тийм саналыг хэзээ хойно оруулж ирсэн нь зөрчил үүсгэсэн. Байнгын хороо УИХ-ын гишүүн байна уу, Засгийн газрын байна уу хамаагүй иргэдийн амьдралд хэрэгцээтэй хуулийг дэмжээд санал хураагаад гарах тийм л үүрэгтэй газар.

С.Чинзориг сайд энэ бүгдээ чуулган дээрээ яриад явна биз. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явж байна. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн үеэр яриад явна биз.

-С.Чинзориг сайд байнгын хорооны хурлаас гарч явахдаа таны чихэнд үг шивнээд, далан дээр чинь хүчтэй алгадаад гарсан. Юу гэж хэлсэн юм бол?

-Сүртэй ч юм биш.

-Ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг суулгаагүй байна гэх юм. Тийм хэрнээ ийм санг авах гээд байдаг нь ямар учиртай юм бол?

-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Энэ нь ч зөв байх. Гэхдээ арилжааны банкуудын тавьж буй шаардлагыг жижиг, бичил үйдвэрлэгчид хангаж чадахгүй байгаа. Тиймээс дунд болон дундаас дээш боломжтой компаниуд зээлийг нь авчихаад байна л даа. Эхний жилдээ төлбөр төлөхгүй, жилийн зургаан хувийн хүүтэй гээд хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Үүнийг бодлогын журмаар яаман дээр нь хуваарилалт хийнэ гэхээр бүгд эмзэглээд байгаа юм билээ. Миний хувьд хоорондын харилцааны асуудал байгаа юм болов уу гэж харж байсан. Намын бүлэг, байнгын хороон дээрээ сайтар ярилцаад ойлголцоод явах нь зөв. Хэрүүл хийж явахынхаа оронд тодорхой саналууд гаргаад дор дор нь шийдвэрийг нь гаргуулаад явах хэрэгтэй. Энд хувийн юм гэж байхгүй. Төрийн ажил явж байгаа. Төр талаасаа шийдвэрээ гаргаад яв л даа.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын асуудлаар ярилцах завшаан тохиож буйд харилцан талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бодитоор, харилцан ашигтай хөгжүүлэхийн чухлыг онцлоод түүнийг 2011 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд зогсонги байгааг дурдав. Энэ айлчлалын үеэр Монгол-Германы Засгийн газар хоорондын түүхий эд технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хамтарсан Эдийн засгийн хороо байгуулж, тухайн үед Герман улсын талаас хариуцах хүмүүс томилогдсон ч одоо өөр ажилд томилогдсон гэх мэт шалтгаанаар эзэнгүй болсныг сануулсан юм.

Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын технологиор боловсруулан БНХАУ гэх хөрш том зах зээл рүүгээ нэвтрэх боломжтойг дурдаж, Монголын залуу бизнесмэнүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар тодорхой танилцуулсан юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байсан талаар дурдаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд хариуцсан эзэнтэй болгохоо мэдэгдлээ. ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Талууд цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх болон шинжлэх ухаан судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд албан ёсоор эхлэв. Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд хүрэлцэн ирмэгц Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар угтан мэндчилж, АСЕМ-ын уулзалтад амжилт хүсэв.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлж, ХБНГУ-ын Канцлер Ангела Маркель, Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар нартай уулзлаа.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтийн хуралдаанд оролцож, үг хэллээ

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхлэв.

Монгол Улс 2017 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Ноёд хатагтай нар аа,

Юуны өмнө Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Европын Холбоо, түүний дотор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарт баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Мөн АСЕМ-ын түнш орнуудын төлөөлөгчдийг эртний түүхт, үзэсгэлэнт Брюссель хотдоо элэгсэг дотноор хүлээн авч байгаа Бельгийн Засгийн газарт гүн талархалаа илэрхийлье.

Өнөө үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна.

1996 оноос хойш АСЕМ нь зөвшилцөлд суурилсан хамтын ажиллагаа, яриа хэлцээний үр ашигтай талбар байж чадсан тул Ази, Европ тивийн хамтын ажиллагаа нь улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн гурван тулгуурын хүрээнд асар их өргөжин тэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “ өргөө гэр” байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна “хүмүүс хоорондын харилцаа”, “уялдаа холбоо” түүний дотор “хатуу болон зөөлөн” уялдаа холбоо, “хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд” зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог “нэрийн хуудас” болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.

Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд байгуулсан “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм.

Эдгээр өдрүүдэд бид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэх тул АСЕМ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж хөгжүүлэх талаар бодит үр өгөөж бүхий санал, шийдлүүд агуулсан төгсгөлийн баримт бичгүүдийг баталж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна.

21 дүгээр зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм.

АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 19-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

05.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагаадгийн алба хаагчтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ болно.

09.00 цагт “IBIS” зочид буудалд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:99117644, 99090339

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Монголын экологийн форум” болно.

09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:98119897

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл”-ын хаалтын ажиллагаа болно. Утас: 88008781

09.30 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачлага гаргасан талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Сувилахуйн сургуульд ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн V хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Утас:99010499

13.30 цагт ЭМЯ-нд хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр ОХУ-д суралцах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас:99179899, 86885060

15.00 цагт “Содон хороолол”-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ хамтран байгуулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт болно. Утас:88117842

Categories
мэдээ цаг-үе

Д.Жамбалсүрэн: Аавууд охиныхоо ханийг сонгохдоо ёс зүй, удмыг нь сайн шинжих ёстой

Гэр бүл салалт, гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр судлаач Д.Жамбалсүрэнтэй ярилцлаа.

-Монголчуудын дунд гэр бүл салалт жил ирэх тусам ихэсч байна гэж яригдах боллоо. Салалтаас үүдэх нийгэмд ямар сөрөг нөлөөллүүд гарч болох вэ?

-Манай улсад 800 мянган гэр бүл бий гэсэн судалгаа байдаг. Үүний 300 мянга нь орчим нь Улаанбаатар хотод бий. Хэдэн жилийн өмнөөс эхлээд л гэр бүл салалтын асуудал түгээмэл болсон. Гэр бүлийн салалтаас үүдэн хамгийн их хохирч үлддэг хүн нь салж буй хосууд бус, өнчирч буй хүүхдүүд байдаг. Аав, ээж нь тусдаа амьдардаг айлын хүүхдүүдэд сэтгэл гутралын шинж ихээр илрэхээс гадна ганцаардах, бусадтай харьцахаас зугтааж, зожиг болон гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг үзэгдлүүд ажиглагддаг. Мөн одоо үед бага насны хүүхдүүд хүчирхийллийн золиос болж байна гэж их ярих болсон. үүнийг үйлдэж буй хүмүүс нь гол төлөв хойд эцэг, эх нь байдаг. Тэгэхээр салалтаас үүдэн хүүхдүүд хүчирхийллийн золиос болох нь ихэсч байгаа юм. Сэтгэл нь шархтай, хар бараан дурсамжуудаар дүүрэн хүүхэд ирээдүйд эх орноо хөгжүүлнэ гэдэг хэцүү. Гэр бүлийн тогтвортой байдал нь хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хэдхэн зүйлсийн нэг. Учир нь халуун дулаан хайранд өссөн хүүхэд л зөв хүн болдог юм.

-Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг нь эцэг хүний эхнэрээ хэрхэн хайрлаж, халамжлахаас илэрч гардаг зүйл. Монголчууд эрт цагаас эхнэрээ хүндлэх үйлийг эрхэмлэж ирсэн байдаг. Харин эхнэр хүн эр нөхрөө хүндэлж хайрлавал гэр бүлийн бат бөх харилцааг бий болгоно. Үнэ цэнийг улам бэхжүүлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгэндээ хүлээцтэй хандаж, ойлгохыг хичээх хэрэгтэй.

-Гэр бүл салалтын гол шалтгаан нь юундаа байна вэ?

-Хосууд салах үндсэн хэд хэдэн шалтгаан байдаг. Гэр бүлүүдэд ажиглагддаг элбэг тохиолдол нь нэг нэгэндээ итгэх итгэлээ гээснээс, мөн хэн нэгэн нь архины хамааралтай болсноос үүдсэн байдаг. Түүнчлэн ажилгүйдэл гэх асуудал нь хосуудын таарамжгүй харилцааны шалтгаан болдог. 90-ээд он дөнгөж гарч байхад ажилгүйдлээс үүдсэн гэр бүл салалт нийгэмд их байсан. Одоо ч энэ нь үргэлжилсээр байна. Учир нь хүн амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй, үр хүүхдээ тэжээхийн тулд хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулах учиртай. Тухайн үед нийгмийн шилжилтээс болж ажилгүй болсон эрчүүд сэтгэлээр унаж бөөн бөөнөөрөө архинд орж, амьдралаа алдаж байсан. Өнөөгийн нийгэмд ч архи ууж байгаа дийлэнх хүмүүсийн ихэнх нь хийх ажилгүй, тодорхой зорилгогүй байдаг. Эр хүн зорилгогүй болж, гэр бүлээ хөсөрдүүлбэл гал голомт бөхнө.

-Архи гэдэг зүйл өнгөрсөн болон өнөөгийн нийгмийн гэр бүлүүдийн салалтын нэг шалтгаан гэж ойлгож болох уу?

-Угаасаа ийм л байна. Монголчууд дэлхийн зарим орнуудаас гурав дахин их архины хэрэглээтэй байдаг гэсэн. “Дарсыг сард гурван удаа л хэрэглэ. Хэрэглэхгүй бол бүр сайн” гэдэг сурааль бий. Бид заримдаа хорих ангиудаар очдог. Тэнд 400 гаруй аав нар ял эдэлж байдаг. Энэ нь 400 гаруй айлын тэргүүнүүд тэнд хоригдож байна гэсэн үг шүү дээ. Яах вэ тэнд байхад тухайн эрчүүдэд нээх зовлон биш байж болох ч үр хүүхдүүдээ давхар ялладаг. Тухайлбал 22 жил шоронд байж байгаад гарч ирсэн нэгэн эр “Шоронд байх хэцүү ч эрх чөлөөтэй байх бүр хэцүү юм аа” гэж байсан. Учир нь тэнд байх хугацаандаа үр хүүхэд, аав, ээж хань ижлээсээ хөндийрсөн байдаг тул түүнийг хүлээж авах хүн байхгүй болчихсон байдаг. Ингээд бодохоор архи гэдэг зүйл хүний амьдралыг тэр чигт нь эргүүлж чаддаг. Зарим хүмүүс архигүй бол ажил бүтэхгүй байна гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Архигүйгээр амьдралаа авч яваа олон сайхан гэр бүлүүд бий.

-Архичин хүний гэр бүлд өсөж буй хүүхэд архинд донтогч болж болох уу?

-Болно. Багаасаа суусан сэтгэхүй нь үүнийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн, бэлтгэгдчихсэн байдаг гэсэн үг. Үнэ цэнэ гэж түрүүн ярьсан. Архи уусан эцэг, эхчүүд хүүхдээ хайхрахаа больж, хүүхдийг үнэ цэнэгүй болгодог. Хүүхэд гэдэг зүйл цаг ямагт бусдын анхаарлыг өөртөө татах гэж хичээж байдаг. Үүнийг нь архичин аав, ээж нар үл ойшоогоод байхаар хувиа бодсон, өөрийгөө дорд үзсэн үзэлтэй болдог. Үүнээсээ болоод хэн нэгнийг дуурайх, буруу хүнээсээ үлгэрлэж, хэн нэгэнтэй адилхан болох гэж хичээдэг. Хайраар дутсан хүүхдүүд өсөж, том болохдоо ихэвчлэн хэрцгий хэнийг ч хайрладаггүй, хүндэлдэггүй хүмүүс болдог. Арга ч үгүй шүү дээ. Түүнийг хүмүүжүүлэх хүн нь архи уугаад явчихсан юм чинь. Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд өөрөө хүчирхийлэгч болдог гэдэг шиг. Тухайн хүний суурь хүмүүжил ямар байна. Яг тэр жишгээрээ хүүхдээ хүмүүжүүлдэг. Тэгэхээр хүмүүжлийн доголдол нь үеийн үед илэрдэг зүйл.

-Архидалт гэдэг дон уу?

-Яг тийм нэг талын өвчин гэсэн үг. Хүн архинд оръё гэж уудаггүй. Эхлээд сонирхдог. Дараа нь дуртай болдог, тэгээд донтдог. Сүүлдээ замаа алддаг. Одоо үеийн залуусын ихэнх нь зүрх судасны өвчтэй, залуугаараа нас барж байгаа нь үүнтэй холбоотой. Мөн гэр бүлийн амар тайван байдал эвдэрдэг. Мэргэжлийн хэллэгээр давхар хамааралд орно гэсэн үг юм. Гэр бүлийн нэг гишүүн нь архинд донтогч байлаа гэхэд түүнээс болоод ойр хавьд нь байгаа ихэнх хүмүүс сэтгэлийн дарамтад орж, стресстэж, цөхрөнгөө барсан байдаг. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд архичин ээж, ааваасаа ичиж, гэрээсээ дайжиж, гудманд хоног төөрүүлдэг болчихдог. Уг нь зөв хэв маягийг гэр бүлүүд дотооддоо бий болгочихвол нийгэмд үүсээд байгаа олон асуудлыг нэг дор шийдэж болохоор байгаа юм.

-Хайр, дурлал хоёрыг хүмүүс ялгаж чадаагүйгээс болоод залуу хосууд их салж байгаа гэх юм. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Дурлал гэдэг нь зүрх сэтгэлийн тачаал. Дурласан хүн дандаа авахыг хүсч байдаг. Хайр гэдэг нь үхэн үхтэлээ зөвхөн тэр хүний төлөө гэх зүрх сэтгэлийг хэлж байгаа юм. Хүнийг хайрлахгүйгээр үхэн үхтэлээ амьдарч болно. Учир нь нэгэндээ дасах сэтгэл гэж зүйл бий. Энэ нь магадгүй хайраас ч илүү байх. Түүнээс биш зөвхөн биологийн хэрэгцээгээ хангахын тулд хүнийг ашиглана гэдэг тэнэг хэрэг. Гэхдээ одоо үеийн залуусын дийлэнх нь нэгэндээ хэтэрхий нээлттэй болчихсон. Энэ нь эмэгтэй хүний бардам байдал, үнэ цэнийг унагаад байгаа юм. Эмэгтэй хүн өөрийн үнэ цэнээ эр хүнд мэдрүүлж байвал харилцаа улам бат бөх байна. Эмэгтэй хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг эцэг хүн суулгаж өгдөг. Магадгүй яагаад ээж нар биш гэж хэмээн асуух байх. Охид ханиа сонгохдоо аавтайгаа адилхан төстэй хүнийг үргэлж хайж байдаг юм. Аав нар охиноо хэр сайн хайрлаж, хүндэлж, халамжилна, тэр зүйлсийг эр нөхрөөсөө хүсэж байдаг болохоор тэр. Эцэг хүн охиныхоо ханийг сонгож өгөх нь хамгийн зөв хэрэг. Харин хүргэнээ сонгохдоо ёс зүй, удмыг нь сайн шинжих ёстой.

-Хоёр эхнэртэй хууль гэж нэг хэсэг хүмүүс их шуугьсан. Ер нь хоёр эхнэртэй байх нь болох зүйл үү?

-Хэрхэвч байж болохооргүй зүйл. Дээхнэ үед хэдэн зуун жилийн өмнө ийм зүйл байсан л юм байгаа биз. Өнөөгийн нийгэмд байгаа гэр бүлийн харьцаа, ёс зүй дээр энэ хэрхэвч зохицохгүй. Хүмүүс замаа алдаж, хүний үнэ цэнэ байхгүй болно шүү дээ. Эхнэрээ хайрлаж байж, нөхрөө халамжилж байж хүүхдүүдээрээ хүндлүүлдэг гэдэг. Үүнийг устгаж байна л гэсэн үг. Бүр улсын аюулгүй байдал ч ганхаж болно. Үүнийхээ оронд иргэн рүүгээ чиглэсэн шинэ бодлогыг хэрэгжүүлбэл бидний хөгжил улам хурдасна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: “Миний дуунууд” тоглолтын маань хорин жилийн ой тохиож байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай ярилцлаа. Түүний “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд “UB palace”-ын концертын их танхимд болох юм.


-Таны “Миний дуунууд” уламжлалт тоглолтын хорин жилийн ой энэ жил тохиож байна. Өдий олон жил ямархан олон даваа гүвээг давж ирэв дээ?

-Уран бүтээлийг ямар ч уран бүтээлч өөрийн оюун ухаанаа шавхаж хийдэг. Хамгийн гоё нь тухайн уран бүтээлч хэн нэгнээс юм хүлээлгүй, өөрийнхөө оюуны ертөнцөд бүтээж туурвидаг учраас ариун гэгээн бүхнээ олон түмэндээ толилуулахыг эрхэмлэдэг. Уран бүтээл гэдэг урнаар бүтээнэ гэсэн үг. Урлагийн салбарт ажиллаж байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ганц би зөвхөн хөгжмөө зохиогоод байвал юу ч билээ, хамтын уран бүтээл дээр амин сүнс нь оршдог. Миний ард олон сайхан яруу найрагч, дуучид, хөгжмийн найруулагчид байдаг. “Миний дуунууд” тоглолт маань хорин жил үргэлжлэхдээ Монголын орчин үеийн урлагийн түүхийн нэгээхэн хэсгийг бичилцсэн юм шиг санагддаг. Хорин жилийн гэрэл зургийн үзэсгэлэнгээс харахад он цаг хурдан өнгөрсөн ч гэлээ эргээд харахад бахархалтай сайхан л байна.

-Та алдарт морин хуурч, ардын жүжигчин Жамьян гуайн гарын шавь. Урлагт замчилсан хүн хэн байна. Хөгжим гээч гайхамшигт яаж дурлав?

-Хөгжимд дурласан маань гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Манай аав жолооч хүн байсан ч урлагт дуртай, урлагийн мэдрэмжтэй, уран бүтээл туурвидаг хүн байсан. Жамьян багш болон эрдэмтэн багш нар маань хөгжмийн урлагийг зүгээр нэг заагаад зогсохгүй тэрэнд дурлуулж, эх орноор бахархуулж, ээж аавыгаа хайрлах сэтгэгдэл төрүүлэн, ахмадыг хүндлэх хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Морин хуур бол өөрөө ид шидтэй хөгжим. Ид шидтэй гэж би хаа ч бардам хэлнэ. Цаанаасаа л хийморилог, уянгалаг, зөөлөн хөгжим. Морин толгой молор эрдэнэ тэргүүнтэй. Их бэлгэдлийн чанартай. Арьс ширээр нь царыг нь, дэл сүүлээр нь чавхдасыг хийдэг. Хос утастай. Хос гэдэг чинь бэлгэдлийн утгатай. Урлагийн бурхан тэнгэр монгол хүнд морин хуурыг бэлэглэсэн байх. Морин хууртай амьдралаа холбосон хүмүүс их өөдрөг явдаг юм шиг санагддаг. Олон сайхан хөгжмийн зохиолчид морин хуурчид байдаг. Жамьян багшийнхаа ид сайхан идэр залуу насанд нь шавь нь болсон хувь заяандаа би бахархдаг. Жамьян багшийн маань заасан бүхэн телевизийн болон урлагийн салбарт ажиллахад миний амьдралыг хөглөж ирлээ.

-Хөгжим, бүжгийн дунд сургуульд хэдэн настайдаа анх элсэн орж байв?

-Би Хөгжим, бүжгийн сургуульд гуравдугаар ангиасаа орсон. Тэрнээс хойш урлагтай бүхий л амьдралаа холбосон. Олон сайхан урлагийн мастеруудын шавь болж хүүхэд нас, идэр насаа үджээ. Би хөгжмөөр арван хоёр жил суралцсан. Телевиз, кино, театрын урлагт ажиллалаа.

-Морин толгойтой хуураа та “Говийн домог” кинонд сайхан мөнхөллөө дөө?

-Монголын ард түмнийг морин хуургүйгээр төсөөлөхийн арга байхгүй. Өнөөгийн залуус морин хуурыг бидний үеийнхэн шиг мэдэрч, мэдэхгүй. “Энэ морин хуур шүү” гэж заахад ойлгоход хэцүү. Харин уран сайхны маягаар киногоор дамжуулж морин хуураа дээдлэх, үндэсний бодит бус өв соёлоо мэдрэхэд “Говийн домог” кино хувь нэмрээ оруулсан болов уу. Морин хуур хөгжим ганцхан Монголынх гэдгийг бид баталгаажуулж авах ёстой. Дэлхий дээр морин хуур сонирхдог олон хүн гарч ирсэн. Урд, хойд хөршийнхөн хөгжимдөж байна. Япончуудын сурах бичигт морин хуурын тухай орсон. Тиймээс монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өв соёл юм гэдгийг хойч үедээ мэдрүүлэх ёстой. Тиймээс “Би морин хуурын тухай кино хийхгүй бол өөр хэн хийх вэ” гэсэн бодол надад байсан. Миний сайных биш. Яагаад гэвэл би морин хуурч хүн, хөгжим зохиодог. Дээр нь кино найруулагчийн мэргэжилтэй. Бас кино хийх баг надад байна. Нас маань одоо хэд хүрч байгаа билээ. Энэ насандаа хийж авахгүй бол болохгүй байсан.

-Та одоо хэдтэй юм бэ?

-Би чинь 1959 оны хүн шүү дээ.

-Хүн чанаргүй хүн олигтой уран бүтээл туурвидаггүй гэлцдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Урлаг ямар ч хүний сэтгэлийг зөөлрүүлдэг. Урлагийн ямар ч төрлийг сонгосон хүн ямар ч шалгуурыг сайхан сэтгэл, зөөлөн сэтгэлээрээ даван гэтэлж урлагийг л сонгодог. Урлагийн гэсэн бүх хүнийг анзаараад үзээрэй. Ямар ч гэсэн тэгтлээ муухай аашлаад байхгүй. Арай л нандин мэдрэмжтэй, аливааг өөр өнцгөөс хардаг, баруун тархи нь хөгжчихсөн хүмүүс байдаг. “UBS” телевизийн “Баруун тархи” нэвтрүүлэг ч энэ талаар хөндөж байгаа. Гэгээлэг зүйлийг мөрөөдөж боддог, гэгээн үйлдлийг хийдэг хүмүүс байдаг гэж энд тэндээс уншсан даа. Би баруун тархи нь хөгжсөн төгс төгөлдөр хүн зуун хувь болж чадахгүй ч гэсэн тийм хүмүүжлээр хүүхэд залуус маань хүмүүжээсэй гэж боддог учраас эх орны тухай дуунууд бичдэг. Миний уран бүтээлийн жаран хувийг эх орны сэдэвтэй дуу эзэлдэг. “Содура” киногоороо ч энэ тухай өгүүлэхийг эрмэлзсэн.

-Өнөө цагт хүн чанар байхгүй боллоо гэцгээх юм. Танд анзаарагдаж байна уу. Хүүхдээ хүмүүжүүлж чадахаа больсон ч юм уу?

-Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, багш нар, уран бүтээлч бид л анхаарах ёстой. Дэлхий даяаршсан ийм үеийн аж байдлыг бидний хүүхэд үеийнхтэй яаж харьцуулахав. Бидний үед ахмадаа хүндэлдэг, дээдсээ дээдэлдэг байлаа. Тэрэнтэй харьцуулахад хэцүү. Гэхдээ монгол хүүхдүүд бусад орны хүүхдүүдийн дэргэд харьцангуй зөөлөн сэтгэлтэй. Ямар ч байсан цагаан сараар эцэг эхтэйгээ очиж золгоно. Үндэсний ёс заншлууд маань тэртэй тэргүй хүмүүжүүлчихдэг. Оройтоогүй дээрээ хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ суулгах хэрэгтэй. Монгол оронд монгол хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдгийг ойлгуулах учиртай. Эцэг эхээ хайрлах ёстой. Тэгээд дээрээс нь өөрийгөө хайрлаж хүндлэх чухал. Хүн болж төрнө гэдэг асар их хувь заяа. Монгол иргэд маань нэг нэг айлд орж суучихаад “Манай гэр муухай байна” гээд байвал утгагүй. Голомтоо тойрч сууж байгаад гэм зэмээ ярих учиртай. Эндээ, эх орондоо амьдрах нөхцөлийг бид хойч үедээ бий болгож өгөх ёстой. Бие нь явсан ч сэтгэл зүрхийг нь уран бүтээлээрээ Монголдоо уях юм сан. Ямар сайндаа би “Гүрэн Монгол чинь хүлээж байна” гэж дуу хүртэл зохиохов.

-Зундуйн Хангал гэж нэг гайхамшигтай хөгжмийн зохиолчтой таныг их ойр байсан гэдэг дээ?

-З.Хангал бол миний багш. Нэрт хөгжмийн зохиолч хүн. Тэр бол зөвхөн хөгжмийн зохиолч хүн байгаагүй Монголын урлагт тохиосон үзэгдэл байсан. Богинохон хугацаанд амьдарсан ч асар их зүйлийг бүтээж ард түмэндээ үлдээсэн уран бүтээлч. Гайхалтай, гайхамшигтай төрмөл авьяастан байлаа. Би яагаад багш гэдэг гэхээр Хөгжим, бүжгийн сургуульд сурч байхад бидэнд хөгжмийн онол, түүхийн хичээл орж байсан. Орчин үеийн хөгжмийг морин хууртай хослуулах мэдрэмжийг Хангал багш маань төрүүлсэн юм. Зохиолууд нь нийгмээс асар их түрүүлж явсан. Төрсөн дүү Зундарь гэж “Соёл-Эрдэнэ” чуулгын том уран бүтээлч, хөгжмийн зохиолч байсан. Гэр бүлээрээ авьяастай хүмүүс.

-Агуу их Хангал очдог байсан гэхээр Бөмбөгөрийн Өвгөнтийн хөндий алдрын диваажин байсан ч юм шиг гэж нэг хүн цахимд сэтгэгдлээ оруулсан байсан даа?

-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ. Манай Хангал багш хүнийг дугаарлаж үзэлгүй, хэнтэй ч найзалж нөхөрлөдөг, хэлэх үгээ хаана ч хэлдэг жинхэнэ эр хүн байсан. Тиймээс найз нөхөд нь хаана ч байсан байж болно. Бид шавь нар нь учраас тэр талаар нарийн сайн мэдэхгүй, харин уран бүтээлийг нь бишрэн шүтдэг байсан даа.

-“Миний дуунууд-2018” тоглолт тань өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог болох бол?

-“Миний дуунууд” тоглолт жил бүр оноороо нэрлэгддэг байсан болохоор тухайн онд хийсэн бүтээлүүд түлхүү ордог байсан. Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтын хорин жил болж байгаа учраас хорин жилийн тайлан гэчихэд болно. Ерэн есөн оны тоглолт дээр дуулагдаж байсан дуунууд ч дуулагдаж болно. Ноднингийн дуу ч орж болно. Энэ жил хийж байгаа уран бүтээлүүд ч бас байна. Хорин жилийн дотор тоглолтын тайз дэлгэц ч их өөрчлөгдсөн. Ерэн есөн онд гавьяат жүжигчин Т.Ариунаа давхар биетэй дуулж байлаа. Тэгсэн одоо хүү нь хорин нас хүрчихээд гадаадад сая сургуульд явлаа. Энэ хорин жилийн дотор манай рок, попынхон уран бүтээлээ хийж л байсан. Дурсамж сэргээж, уран бүтээлийн түүх харуулсан, өнөөдөртэйгөө хосолсон тийм л тоглолт болно доо. “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд “UB palace”-ын концертын их танхимд болно. Арваннэгдүгээр сарын 10-нд “My music” буюу “Миний хөгжим” тоглолтод Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Морин хуурын чуулга, Монгол Улсын консерваторийн уран бүтээлчид “Говийн домог”, “Содура”, “Зүрхэнд гэрэлтэх одод”, “Мартагдашгүй намар-2” зэрэг киноны хөгжмийн бүтээлүүд, морин хуурын гоцлол, хийлийн гоцлол зэрэг миний хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос Улсын их хуралд нэр дэвшиж сонгогдсон Б.Баттөмөр гишүүнийг шудар-га төрийн түшээ хэмээдэг. Тэрээр ямар ч үед ард түмний төлөө дуугарч, нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг нууж хаалгүй ил цагаан шууд хэлж байгаа харагддаг. “Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй. Ажлын байр алга, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, нийгэмд шударга ёс тогтохгүй амьдрал хүнд байгаа нь үнэн биз дээ. Үүнийг өөрчлөх нь зөв биш гэж үү” хэмээн Монголын төрөөс ам асуугаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Мөн эрх баригчдын тухай “Удирдагч ямар ч байж болно. Харин шийдвэр гаргахдаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг түрүүнд нь тавьж чаддаг байх хэрэгтэй. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 27 жилд дүр эсгэсэн ардчилал, тийм удирдагч нарын балгаар улс гэр сүйрч, ард иргэд ядуурлын туйлд орсон нь үнэн. Өнгөрсөн хугацааны бидний алдаа бол удирдагчдаа зөв сонгож ажиллуулж чадаагүйд л байгаа юм.Улсын эрх ашгийг түрүүнд нь, бүлэглэл хувийн эрх ашгийг дараа тавьж чадвал хөгжил дэвшил өөрөө хүрээд ирнэ. Хөгжил дэвшлийг өөр газраас хайгаад хэрэггүй” гэж нэгэнтээ хэлсэн нь аргагүй л зарчимч, шударга, тулхтай төрийн түшээгийн үг мөн дөө гэх итгэл хүн бүхэнд төрөх нь мэдээж.

Эдийн засгийн ухааны доктор, эдийн засгийг хөгжүүлэхэд хорь гаруй жилийнхээ амьдралыг зориулж арав гаруй ном бүтээл туурвисны хувьд Их хурлын чуулганы танхимаас эдийн засгийн чиглэлээр түлхүү ярьдаг. “Монголбанк бол ашгийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна” гээд л шүүмжилнэ. Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн нь ямар учиртай юм бэ гээд л төрийн индрээс хэлж байх жишээний. Ингэж аливаа асуудалд шударга ханддаг, үнэн зөвийг нь хэлдэг учир олон нийт Баттөмөр гишүүнд талархалтай ханддаг юм. Хэвлэл мэдээллийн бид ч “Баттөмөр гишүүн маань л ард түмний талд дуугарна даа. Үүсээд буй нөхцөл байдалд үнэн хариултыг тэр л өгнө” гэж итгэж олон ч ярилцлага авч сонин хэвлэлээр мандуулж ирсэн.

Тэгтэл ард иргэдийн энэ их итгэлийг Баттөмөр гишүүн хугалж орхисон нь харамсалтай. Учир нь хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэх сургаар хамгийн түрүүнд өнөө шударга гишүүний эзэмшлийн гэгддэг “Тэс петролиум” компани үнээ нэмдэг байгаа. Нэг литр нь 1820 байсан бензиний үнийг 1880-1890 болгож даруй 70 төгрөгөөр нэмж, бараг л хоёр мянга руу тулгаад орхичихлоо. Мэдээж бусад шатахуун түгээх газрууд “Тэс петролиум”-ыг дагаад үнээ нэмэлгүй хаачихав. Шатахууны үнэ гэдэг Монголын нийгмийн хамгийн эмзэг цэг. Шатахууны үнэ нэмэгдэх л юм бол дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ёс юм шиг нэмэгддэг. Такси унаа, автобусны үнэ нэмэгдэнэ. Ядарч туйлдсан, өнөөдрөө яая даа хэмээн цөхрөлөө барж байгаа иргэдэд дахиад л маш хүнд цохилт болдгийг эдийн засгийн доктор, эрхэм гишүүн та мэдэхийн дээдээр мэднэ.

Гэвч та хамгийн түрүүнд яарч сандран үнээ нэмж ард иргэдийн амьдралыг “элэгдэж” унагалаа. Бодоход бусад компаниуд үнээ нэмье гэж тохироод таныг түрүүлээд нэмчих гэж хэлсэн байх хэмээн бид таамаглаж байна. “Та гишүүн юм чинь хэл ам бага ирнэ. Дарамт шахалтанд өртөхгүй, бид бол хэцүү шүү дээ” гэж хэлээд шатахуун импортлогч компаниуд танаар хамгийн түрүүнд үнээ нэмүүлсэн байх. Эсвэл “Нэг өдөр, нэг цаг минутад үнээ нэгэн зэрэг нэмье” гэж үгсэн хуйвалдчихаад нөгөө нөхөд чинь таныг хүлээж байгаад хамгийн түрүүнд нэмүүлсэн ч байж болох юм. Тэгж галыг танд үүрүүлсэн ч байж болох талтай. Яадаг ч байсан нийгмийн ийм эмзэг, иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг энэ асуудал дээр Баттөмөр гишүүн та үнэхээр гоомой юм хийлээ. Таны энэ удаагийн үйлдэлд танд итгэж найдаж байсан ард түмний итгэл алдарлаа.

Нэр алдарт хүрэх амархан, харин түүнийг дааж, хамгаалж хадгалж, явах хэцүү гэдэг. Өөрт тань итгэсэн олон түмний энэ их итгэлийг ганцхан удаагийн гоомой үйлдлээрээ алдсан нь харамсалтай. Одоо та хичнээн шударга үнэнийг яриад нийгэм урьдынх шигээ талархан хүлээж авахгүй. “Ярьдаг шигээ шударга хүн биш байна лээ. Хийж байгаа үйлдэл нь хударга хүн байна лээ. Яагаав нөгөө бензиний үнэ…” гээд л ард түмэн огтоос итгэхээ болино. Энэ удаад та шүдээ зуугаад тэсээд байж байхгүй яав даа. Өөрийн хэлсэн ярьснаа санаад, өргөн олны итгэл сэтгэлийг бодоод, Монгол төрийн түшээ гэдгээ эрхэмлээд тэсээд өнгөрөхгүй яав даа. Ядарсан, тамираа барсан иргэдийнхээ халааснаас таван төгрөг илүү монжих, эс бөгөөс дутуу авлаа гээд та хотойх хүн биш сэн дээ, уул нь. Хэдэн жилийн өмнө Баттөмөр гишүүнийг Татварын ерөнхий газрын дарга байхад жилийн орлого нь бараг нэг тэрбум буюу 961 сая төгрөг, “Ойн бирж”, “Тэс петролиум” хэмээх хоёр компани нь “Монголын топ-150” аж ахуйн нэгжийн тоонд орлоо гээд яригддаг байсан. Мөн баттай үнэн эсэхийг мэдэхгүй ч дээрх хоёр компаниас гадна Баттөмөр гишүүн “Мондем” ХХК-ийн 80 хувь, “Жэй Эм Ойл” ба “Сэлэнгэ петрол” ХХК-ийн тус бүр 50 хувийг эзэмшдэг, дээрээс нь “Багануур”, “Монгол нэхмэл” зэрэг хэд хэдэн компаниас хувьцаа хүртдэг гээд л тухайн үед бичигддэг байсан.

Төрийн түшээгийн компани хамгийн түрүүнд үнээ нэмсэн байхад “Синчи Ойл” зэрэг шатахуун түгээх газрууд одоо ч үнээ нэмээгүй, хуучин үнээрээ байна. Яваандаа нэмэх байх л даа. Гэхдээ тэд үнээ нэмэлгүй болоод л байна. Хэрвээ Баттөмөр гишүүний эзэмшлийн гэх “Тэс петролиум” компани бензинийхээ үнийг нэмэлгүй “Синчи Ойл” зэрэгтэй ижил түвшинд байсан бол олон нийт танд дахиад л талархах байлаа. “Энэ 76-г бүгдээрээ зүхэх юм. Эдэн дунд чинь ард түмнээ боддог хүмүүс байдаг юм шүү. Баттөмөр гишүүний колонк бензиний үнээ нэмээгүй байна” гэх яриа хөөрөө газар авч олны итгэл дүүрээд ирэх байлаа. “Тэс петролиум компани надад одоо хамаагүй. Захирал удирдлага нь тусдаа. Би Их хурын гишүүн, төрийн түшээ хүн. Аж ахуйн ажлаас хөндийрсөн” гэж та хэлэх нь дамжиггүй. Иймэрхүү яриа хамгийн түрүүнд эрх баригч, дарга сайд нараас гардгийг бид мэдэлгүй яахав. Гэхдээ бодит амьдрал дээр үүн шиг худлаа юм гэж байдаггүй. Яаж ч бодсон энэ компани тантай хамааралтайг бүгд мэдэж байгаа. Хамаагүй байсан ч гэлээ “Миний нэрийг хорлох гэж байна уу, үнээ нэмэхээ азна” гэж хэлж болох байсан. Хүний нэр төр гэдэг ямар нандин эрхэм байдгийг төрийн түшээ та юу эс андах билээ.

Анзаараад байх нь ээ, Баттөмөр гишүүний гэгдэх “Тэс петролиум” зөвхөн энэ удаад ч үнэ нэмж байгаа юм биш. Өмнө нь мөн л бензиний үнийг бусдыгаа хошуучлан манлайлж нэмж байсан гэдэг. “Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоёр ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч компаниудынхаа ачааллыг багасгасан. Гэвч газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “Тэс петролиум” уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр “Тэс петролиум”-ийн шатахуун “Петровис”, “Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов” гэх мэдээлэл хоёр жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард цацагдаж байсан. Мөн эрхэм гишүүнийг татварын дарга байхад шатахууны үнийг үгсэн хуйвалдсан гэх асуудлаар компаниудад 17.2 тэрбум төгрөгийн нөхөн торгууль ногдуулж байсан. “Чухам яагаад 17 тэрбумын торгууль хэрэгсэхгүй болсныг татварын даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй” гээд бас л нэг хэсэг шуугьж байсныг нийгэм мартаагүй л байгаа.

“УИХ-ын гишүүний мандат авсан хүмүүст давуу, сул тал аль аль нь бий. Монгол Улсыг хөгжүүлж, ард түмний амьдралыг дээш татаж шударга үнэний талд зогсож, амжилт гаргаж чадаж байвал Ерөнхий сайд хаанаас тавигдах нь гол биш. Монголын бүх цэцэн мэргэд, ухаантан, эх орончид шалгараад УИХ-д суучихсан гэж би боддоггүй. Монголын төр Засгийн газраа манлайлагчаараа удирдуулах торгон агшин ирснийг мэдэрч байна. Дахиж алдаатай, буруу томилгоо хийвэл алдаагаа бид засаж чадахгүй. Хэнд мэдлэг, чадвар, туршлага хүч чадал, эх оронч үзэл байна, тэр манлайлагч байдаг. Харамсалтай нь бид манлайлагч нараа дандаа хойноо хоёрдугаар эгнээнд авч явдгаас мухардалд ороод байгаа юм. Хямрал удирдагч нарыг сорьж, шалгалт авч, тодруулж өгдөг гэдэг. Одоо зарим хүмүүст тодрох боломж, цаг хугацаа ирж байна” гэж хэлээд та Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож байсан. Гэвч энэ Засгийн өнгөн дээр шатахууны үнийг хамгийн түрүүнд нэмлээ. “Монголчууд бидний амьдрал ядуу байна. Үүнээс илүү ядуурна гэж байх ёсгүй” хэмээгээд та өмнөх Засгийг нь огцруулж байсан бус уу. Ингэж л эрхэм гишүүн таны ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа?

Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, хөх бич өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 19, Сугар гариг. Билгийн тооллын 10, Тооно одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 7:17 цагт мандан, 17:58 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Яндан бий болсноор монголчууд ямар ч гэсэн улцан нүднээсээ салсан юм гэсэн шүү” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Яндан бий болсноор монголчууд ямар ч гэсэн улцан нүднээсээ салсан юм гэсэн шүү” хэмээн өгүүлжээ.

УИХын гишүүн Б.Пүрэвдорж: Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно хэмээн “Улс төр” нүүрт ярив.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд , армийн генерал С.К.Шойгу: : Оросын цэрэг армийн үнэ цэнэтэй туршлагыг монгол нөхөдтэйгөө хуваалцахад бэлэн байна гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Худалдааны дайн гүнзгийрвэл хамгийн их хохирох орнуудын нэг нь Монгол хэмээн “Эдийн засаг” нүүрт ярив.

“Хар тамхичдыг нийгэмд хэн ч биш болгож, хуулиар хатуу хариуцлага тооцдог болъё” гэж “Баримт, үйл явдал” нүүрт бичив.

МУИС-ийн профессор Д.Дуламсүрэн:Төв банк гадаадын хөрөнгө оруулагчдын валютын гүйлгээг өөр дээрээ байршуулна, хянана гэвэл бас л нэг дарамт болно гэж “Улс төр” нүүрт ярив.

Олимпоор овоглосон “Нэг ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Далай ламын эмч Барри Керзин: Далай багшийг зорьж ирдэг төвд хүмүүс цөөрсөөр байна хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: О.Баасанхүү өөрийг нь оймсондоо хавчуулж оруулж ирсэн даргыгаа намуудаас мөнгө авч унагаасан гэж “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Стивен Хокингийн ирээдүйг харсан зөгнөл хүмүүсийг цочирдуулж байна” гэв.

“New York Times” Жамаль Хашоггигийн аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүтэй холболоо хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

“Харш” хамтлагийн дуучин Бааска буюу С.Баасандорж: “Хос залуус” дуу миний нэрийн хуудас юм гэж“Уран бүтээлч” нүүрт ярьжээ.

“Сармагчингуудын паян” хэмээн “Сав шимийн ертөнц” нүүрт өгүүлжээ.

“Сонирхолтой физиологи” номын тухай “Энэ өдөр” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ