Categories
мэдээ нийгэм

18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамруулж байна

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулахаар болсон. Тус үзлэг, оношлогоог аравдугаар сарын 01-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг ЭМД-д даатгуулагч иргэн бүрт ЭМД-аас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Товлолыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр удаа, ЭМС-ын зөвлөлийн хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлж шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулах юм байна. Аль ч насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх аж. Мөн үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм байна.

Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад: БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. Мөн 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Ингэснээр “Зонхилон тохиолдох халдварт бус өвчин”-үүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчилэх боломжтой. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна.

Шинжилгээ, оношлогоонд хамрагдах иргэд харьяа эрүүл мэндийн төвд хандах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Дулааны цахилгаан станцгүй аймгуудад ирэх оноос станц барьж эхэлнэ

Улсын хэмжээнд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцгүй 10 аймаг байдаг. Тэдгээр аймгуудад дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар Засгийн газраас төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсөвт 150 сая долларыг суулгасан байна. Тиймээс 2019 оны төсөв батлагдсанаар нийт 10 аймагт баригдах цахилгаан станцын барилгын ажил эхлэх нь ээ. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлэх нь ээ. Энэхүү бүтээн байгуулалтын эхлэл болох зураг төслийн ажил хийгдэж дууссан, одоогоор санхүүжилтээ хүлээж байгаа юм байна.

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая квт.цаг байдгаас 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

20 мянгатын хуурамч дэвсгэрт илэрчээ

10 дугаар сарын 18-ны 12:00 цагийн үед “Хуурамч дэвсгэрт илэрлээ” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирснийг шалгаж байна. ХААН банкны Баянзүрх тооцооны төвд “Жавхлант дестребюшин” ХХК-ийн нярав орлогоо тушааж байх явцад нь хуурамч 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт илэрчээ. Гүйлгээнд орсон 20 мянгатын хуурамч дэвсгэртийг шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна

1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн наймдугаар сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор Хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор “Монголын Пионер Сурагчдын Төв” ордон буюу “Монголын Хүүхдийн Ордон”-ыг байгуулсан билээ. Харин өнөөдөр “Монголын хүүхдийн ордон”-ы түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэхүү байгууллага нь хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин, хөгжүүлэхээс гадна тэдэнд ардын урлаг үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээж, сурталчлан таниулах, сурган хүмүүжүүлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгодог юм. 2018-2019 оны хичээлийн жилд 4500 орчим хүүхэд багачуудыг ордондоо элсүүлэн суралцуулж, 130.000 гаруй төгсөгчидтэй болсон билээ. Энэхүү 60 жилийн хугацаанд Монголын хүүхдийн ордны төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Ардын зураач, Урлагийн болон Соёлын гавьяат зүтгэлтнүүд олноор төрөн гарсан бөгөөд урлаг соёлын байгууллагууд, их дээд сургуулиудад урлагийн боловсон хүчнүүд болж, нэр хүндтэй албыг хариуцлагатай хашиж байгаа.

Төгсөгчдөөс гарсан эдгээр амжилтууд нь “Монголын хүүхдийн ордон”-ы сургалтын чанар чансаа, үр дүнг харуулахын зэрэгцээ Монгол Улс хүүхэд багачууд, өсвөр үеийнхний авьяас чадварыг 60 жилийн турш дэмжиж ирсэн нийгмийн амжилтыг харуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Бидний мэдэх багачуудын ордон өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монголын пионер сурагчдын төв ордон, Монголын хүүхдийн ордон хэмээн нэрлэгдэж, сүрлэг сайхан 2 ордонд суурьшин тогтнож 13 захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж иржээ. Хугацаа мөчлөг бүр өөр өөрийн түүхийг өгүүлж, хөгжил дэвшлийн төлөө үргэлжид тэмүүлж хэтийн болон ойрын төлөвлөгөөтэйгээр урагшлан хөгжсөөр өнөөдрийг хүргэсэн нь дамжиггүй. Анх 30 гаруй дугуйланд 3000 орчим хүүхэд элсүүлж, урлаг утга зохиол, биеийн тамир, барилга, техник гэсэн чиглэлүүдээр 40 гаруй багш ажилчидтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бидний хамт олон Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хүүхдийн авьяас, оюун билгийг хөгжүүлэх, үндэсний урлаг, соёлын өвөө дээдлэн өвлүүлэх, хэл шинжлэл, шинжлэх ухаан, урлаг, спорт, уран бүтээлийн сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий дөрвөн алба нэг нэгжийн хүрээнд 109 багш ажиллагсадтайгаар 32 төрлийн дугуйланд хүүхдүүдийг элсэн суралцуулсаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэв.

Мөн хүүхэд багачууд төдийгүй ард түмэнд танигдсан “Монголын хүүхдийн ордон”-ы нэрийн бренд болсон улсын уралдаанууд, “Харшийн сүлд модны наадам” зэрэг нэр хүндтэй үйл ажиллагаа, томоохон арга хэмжээг тасралтгүй зохиосоор ирсэн бөгөөд жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Хүүхэд багачуудын авьяас бэлгийг хөгжүүлсэн түүхт 60 жилийн ойгоо угтан 60 бүтээлч ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал, Нийслэлээс алслагдсан дүүрэг, хороодын хүүхдийг дугуйланд хамруулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт уран зураг, дуулаач, драм, бүжиг, амьдрах ухаан зэрэг 30 гаруй дугуйланд 6000 орчим хүүхдийг хамруулан сургасан юм. Мөн энэ оны долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн урлагийн Анхдугаар наадмыг ОУХ ”Найрамдал” цогцолбортой хамтран зохион билээ. Уг наадамд ОХУ, БНХАУ, ТАЙЛАНД улс, БНСУ болон манай улсын нийт 330 гаруй хүүхэд багачууд оролцож, авьяас чадвараа сорин, харилцан туршлага солилцож, улс үндэстнийхээ өв соёлыг сурталчлан таниулсан юм. Үүнээс гадна 2018 онд Монголын Хүүхдийн ордноо олон улсын жишигт нийцэхүйц Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болгон ажиллаж байна

Дашрамд дурдахад, 1958 онд болж байсан “Монголын хүүхдийн ордон” буюу Монголын Пионерийн ордныг нээлтэд БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу “Энэ ордон бол пионер багачууд та нарыг эрүүл чийрэг, эрдэм номтой, төрөл бүрийн мэргэжилтэй, ажилч хичээнгүй хүмүүс болгохын төлөө байгуулагдсан Та нарыг эрдэм номтой, хөдөлмөрт дуртай, эрүүл чийрэг,соёлч боловсон хүмүүс болгон хүмүүжүүлэхийн тулд бүхий л анхаарлаа тавьж байна. Сайн, онц сайн сурлагын үндэс нь сайн сахилга бат мөн. Сахилга бат сайтай явна гэдэг бол өөрийн сонирхол, өөрийн үйл ажиллагааг, нийтийн амьдрал ажиллагаанд захируулна гэсэн хэрэг юм.Сурагч та бүхэнд хөдөлмөрийн хүмүүжил олоход өнөөдөр нээгдэж байгаа Пионерийн ордон сайхан бололцоо олгож байна” хэмээж байсан юм. Харин Комсомолын төлөөлөгчдийн тэргүүн Ю.А.Маринкина хэлэхдээ “Сурагчдын хүмүүжлийн өргөн цар хүрээтэй ажил өрнүүлэн,тэдний чадвар авьяас сонирхлыг бүх талаар хөгжүүлэх бололцоотой болгож байна. Пионерийн ордны багш нар, Монголын залуучуудын эвлэлийн ажилтан нар тус ордныг “Монголын багачуудын хичээлээс гадуур хийх бүх ажлын төв, пионерийн хөдөлгөөний ажилтны мэргэшлийг дээшлүүлэх төв болгож чадна гэдэгт бид итгэж байна” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгэнд шингэсэн үзэл санаа өнөөг хэрнэ үнэ цэнээ алдаагүй байгаа юм.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлд шинээр гурван сургууль, цэцэрлэг барина

Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажил хийлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 41 нэгж талбарын 25500 м2 буюу 2.5 га газарт газар чөлөөлөлт хийв.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Тухайлбал,

·БЗД-ийн 14 хороо, Консулын 1, 4 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

·БЗД-ийн 14 хороо, Консулын 11 дүгээр гудамжинд цэцэрлэг барих газар,

·БЗД-22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

·БЗД-24 дугаар хороо, Цахлай 5, 6 дугаар гудамжинд сургууль барих газар,

·БЗД-26 дугаар хороо, Кристал таун хотхоны баруун талд 920 хүүхдийн сургууль барих газар,

·БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархадны 32 дугаар гудамжинд сургууль барих газар

Categories
мэдээ улс-төр

Стратегийн чухал ордуудын орлогыг Монголын банкаар дамжуулна

УИХ-ын чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 80 хувийн саналаар дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгжсэнээр стратегийн чухал ордуудын орлогыг Монголын банкаар дамжуулах боломжтой болох юм. Ялангуяа “Оюу толгой” компанийн жилийн орлого болох 3 тэрбум долларыг Монголбанкаар дамжуулах юм.

УИХ-ын гишүүд уг хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газраас өгсөн саналыг хавсаргасан байгаа. Уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг Засгийн газар дэмжиж байгаа. Засгийн газрын бүрэн эрхэд гадаад валютын ханшийг зохицуулах үүрэгтэй. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх гэсэн тодорхой заалтууд орсон. Валют гэдэг үндсэндээ экспорт гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гурван том судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнд уг хуулийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн 60.8 хувь нь дэмжиж, Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тавьсан юм. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн зорилтыг тусгасан. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөг олгож байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгаварлан олгож буй нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт, мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм. Иймд хүсэлт гаргасан хүүхэд бүрт уг мөнгийг олгох саналтай байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь хүсэлт гаргана гэсэн тооцоо хийжээ. Өмнө нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад 10 гаруй хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа гарсан. Тиймээс 85-90 хувьд нь олгоход шинээр 100 орчим мянган хүүхэд нэмэгдэнэ. Ингэснээр хүүхдийн мөнгөнд 13-27 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэсэн үг” гэв.

Үүний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал асуултаар хуралдаан үргэлжилсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэлэнхүйд нь хавтгайруулах бус авах хэрэгцээтэй хүүхдэд өгөх нь зөв. Өнгөрсөн хугацаанд АН, МАН манайх 80 хувьд нь танайх 100 хувьд нь хэмээн улс төржсөөр ирсэн. Нэг хэсэг нь хүн амын өсөлтөд хүүхдийн мөнгө нөлөөлж байгаа гэдэг. Хүнээ ажил, орлоготой болгох замаар хүн амаа өсгөх үү, эсхүл 20 мянган төгрөг өгөөд хүн амын тоонд нөлөөлөх үү гэдэг бол том асуудал. Сүүлийн 13 жил тэтгэмж өглөө. Ингэснээр Монгол Улсын ядуурал буурсан уу үгүй. Өнөөдөр хүн амын 40 хувь нь ядуу байна. Хэрэв хүүхдийн мөнгийг бодит үйлдвэрлэлийн салбарт оруулсан бол аймагт бүрт 4 тэрбум төгрөгийн хоёр үйлдвэр барих байв. Ингэснээр 10 мянган өрх ажлын байртай болох байлаа. Гэтэл бид үүнийг хийж чадсангүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үйлдвэрүүдээ хөгжүүлэх, ажлын байр нэмэх, төсвийн орлого нэмэгдүүлэх бодлого нь нийгмийн халамжийн бодлоготойгоо уялдаж явах ёстой. 650 тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын салбарт зарцуулж байгаа бөгөөд үүнээс нэг сая иргэн хувь хүртэж буй юм. Ядуурлаас гарахгүй байна гэдэг нь нийгмийн халамжийн бодлогодоо анхаарах ёстой гэдгийг хэлээд байгаа хэрэг. 650-200 тэрбум нь хүүхдэд зарцуулагдаж байна. Хүүхдийн мөнгийг халамжийн гэхээс илүү хүн амаа өсгөх бодлого гэж харах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох шийдвэр гаргахад С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүн байсан. ОУВС-тай хамтрах шийдвэрийг тэр үед гаргаж ард түмэндээ үнэнээ хэлж хийсэн ажил. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгнө гэж хавар шийдвэр гаргаж төсөвт хөрөнгийг нь суулгасан. Гэтэл одоо 80 хувьд нь олгоно гэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Аливаад ул суурьтай хандмаар байна шүү нөхөдөө. Сайд болохоороо зовлон ярьдаг атлаа сайдаасаа буухаар өөр зүйл хэлдэг төрийн түшээ байдаг юм уу. Тэгээд тэр 13 тэрбум төгрөгийг хаанаас олох юм бэ. Ямар ч тооцоо судалгаагүй зүйл оруулж ирж болохгүй шүү” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр нүүр гаргаад байгаа зүйл огт алга. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байсан. Хүүхдийн мөнгө олгоно гэдэг бол МАН-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан асууал. Бүх зүйлийг тооцоо судалгаатай хийж байгаа. Хүүхдийн мөнгийг 80-85 хувьд олгоход 13 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Хүсэлт гаргаад ирэхээр ийм хэмжээний мөнгө гарахгүй ч байж магад” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аянд 2257 алба хаагч хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цэргийн хүрээний нийт 20 ангийн 2257 алба хаагчдыг эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамруулав.

Аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн 120 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үер залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн аравдугаар сарыг дуустал Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран нийслэлийн ойр орчмын цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үнэт металл сорьцлох лаборатори ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дэргэд “Үнэт металлын сорьц тогтоох лаборатори худалдан авах нэг цэгийн үйлчилгээ”-ний нээлт 10 дугаар сарын 18-нд боллоо.

Нээлтийн тууз хайчлах ёслолд Стандарт хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Монголбанкны Тамгын газрын дарга Ж.Батхуяг, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн зохицуулагч Б.Алтанбагана, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын зэрэг албаныхан, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Мөн анхны алтан гулдмай хайлах үйл явцтай зочид, төлөөлөгчид танилцсан юм. Анхны гулдмай 255 гр жинтэй байлаа. Тус лаборатори нэг удаад хамгийн багадаа 50 гр, том нь 9 кг-ийн алтан гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй тул гулдмай хийхэд төдийлөн цаг орохгүй, харин сорьц тогтооход 3-4 цаг шаардагддаг байна.

Аливаа металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж байгаа сорьц гэдэг аж. Тухайлбал, 3.0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгохыг лабораторийн ажилтан тайлбарласан.

Баруун бүсийн лабораторийг Баянхонгор аймагт ийнхүү байгуулахад 395 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран шийдвэрлэсэн бол Баянхонгор аймгийн ЗДТГ-аас лабораторийн барилгын засварт 34 сая төгрөгийг гаргажээ.

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны салбар, арилжааны банкуудаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдэж байгаа юм. Ингэснээр алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасч, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх боломжийг олгож байна.

“Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно” хэмээн Монголбанкны төлөөлөл хэлж байсан.

Мөн алтны нийлүүлэлтийн сүлжээ албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа онцолж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхичдыг нийгэмд хэн ч биш болгож, хуулиар хатуу хариуцлага тооцдог болъё

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг өсвөр насныхан, оюутан сурагчид хэрэглэх нь эрс ихэссэн. Энэ нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа юм. Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хууль бус наймаа, хэрэглээ хүрээгээ улам тэлсээр хор уршиг нь хүний амь насанд хүрдэг боллоо. Амьдралд дөнгөж хөл тавьсан 18 настай залуу хар тамхины тунг хэтрүүлж хэрэглээд нас барсан тохиолдлыг эмнэлгийн байгууллагынхан харамсан өгүүлдэг. Нэг ёсондоо манай улсад хар тамхины хэрэглээтэй холбоотой аюул нүүрлээд байна. Гол хэрэглэгчид нь урлагийнхан гэж хэлж болно. Тодруулбал, анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байжээ. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш Монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон гэдэг.

“ICE TOP” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН КОБИ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

Содномдаржаагийн Чулуунбаяр буюу “Ice top” хамтлагийн гишүүн Коби, Төмөрбаатарын Болортуяа буюу дуучин Эгшиглэн нар өнгөрсөн тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргээр баривчлагдсан. С.Чулуунбаяр

нь дууссан байжээ. Тэрээр 2016 оны дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж байгаад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан байна. Тэгвэл тэрээр дахин хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад Х.Сайнжаргал “С.Чулуунбаяр буюу дуучин Коби энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хорих ангиас суллагдаж, гурван сарын дараа дахин хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, саатуулагдлаа. Тэрээр биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхэд ашигладаг хуванцар хуурс, шилэн гаанс зэрэг эд зүйлсийг авч явсан нь тогтоогдсон. Эд мөрийн баримтаар шалгагдсан байгаа” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Говьсүмбэр аймагт нэгэн гүйцэтгэх ажиллагаа 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд явуулсан байдаг. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Жигүүр гранд” группийн ерөнхий захирал Д.Баттөрийн төрсөн дүү Хааны элч хэмээх Д.Дашдаваа “Гранд” нэртэй ресторанаа нээж байжээ. Тэрхүү рестораны нээлтийн үйл ажиллагаандаа хамтлаг, дуучдыг урьсан гэнэ. Харин тухайн үед цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулахад “Ice top” хамтлагийн зарим гишүүн, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар болон тус хамтлагийн нэр бүхий зарим гишүүн, Д.Дашдаваа нарын зургаан хүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилжээ. Тэдний нэгийг гадуур байцааж, бусдыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

2006-2007 онд хар тамхи хил дамнуулан худалдаалсан, тээвэрлэсэн хэргээр ял сонссон этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат, “Ice top” хамтлагийн дуучин Манлай, Коби болон дижи Өөжий зэрэг Монголын рок попын шинэ залуу одууд оролцсон байна. Харин хэсэг хугацааны дараа Өршөөлийн тухай хууль батлагдсанаар тэд эрх чөлөөтэй болсон ажээ.

Ийнхүү “Ice top” хамтлагийн ихэнх гишүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Монголын рок попынхон 2006 оноос хар тамхитай холбогдох болсон. Үүнийг “Ice Top” хамтлагаас эхлэлтэй гэж үздэг. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар хар тамхитай холбогдож шүүхээс ял сонссон түүх бий. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэрэгт холбогдож байв.

ХАР ТАМХИЧДЫГ НИЙГЭМДХЭНЧ БИШ БОЛГОЁ

Ер нь “Ice Top”, “Guys”, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхины хэрэгт холбогдож байсан. Урлагийнхан хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг татдаг, татаж болдог гэдгийг хүүхэд залууст буруу үлгэрлэсэн. Урлагийнхан хаа ч явсан, телевизээр тас хар шилтэй гарвал хар тамхичин гэж автоматаар ойлгож болохоор. Учир нь тэдний нүд үргэлж улайсан, нүдний хүүхэн хараанд нь өөрчлөлт орсон байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр хар шилтэй дуучин, урлаг соёлын оддыг телевизээр гаргахаа больё, хатуу хариуцлага тооцъё гэдгийг манай сонин удаа дараа бичиж байсан. Хар тамхичдыг даган дуурайх байдлыг үгүй болгож, тэднийг жигшин зэвүүцдэг нийгмийг бүтээхийн төлөө бид урлагийнханд хатуу хяналт тавьж, хэн ч биш болгох ёстой юм. Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдвэл хамгийн хүнд ялаар шийтгэдэг. Эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн хорих ялаар шийтгэдэг бол биедээ хууль бусаар хадгалсан тохиолдолд 1-5 жилийн ял оноодог. Харин Нью-Йоркийн Өмнөд Бронкс-т амьдардаг аль ч нас хүйсний хар тамхинд донтогчдын хөрөг зургийг цуглуулсан судалгаа гарсан байдаг аж. Тэдний ихэнх нь сүр сүлдгүй царайтай, улаан нүдтэй тэнэгрэлийн байдалтай харагддаг байна. Товчхондоо бол тэд амьдралын баяр баясгалан, инээмсэглэл, жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг аль хэдийнэ мартчихсан байдаг гэнэ. Хар тамхийг ойр ойрхон хэрэглэж, донтсон этгээдүүд эргэлт буцалтгүй орсон хүмүүсийг харахад аймшигтай байдаг гэв. Иймээс зарим өндөр хөгжилтэй орнуудад хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн хүнийг хэн ч биш болгож, ялын хатуу бодлогоор хэргийг шийдвэрлэдэг. Тухайлбал, 2011 оны долдугаар сарын 22-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилээр их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг биедээ тээж нууцаар гаргах гэж байгаад баривчлагдсан манай улсын иргэн н.Дамдинд тус улсын анхан шатны шүүхээс шууд цаазаар авах ял оноож байсан. Тус улсын хуулиар 50 граммаас илүү хэмжээгээр мансууруулах бодис авч явсан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд гүйцэтгэдэг журамтай байсан ажээ. Хэдийгээр шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй тохиолдолд гомдол гаргаж давж заалдах эрх байдаг ч н.Дамдинг нэгжих үед түүний байрлаж байсан байрнаас дахин 2.2 кг героин хэмээх бодис илэрчээ. Тиймээс түүнийг цаазын ялаас мултруулахад улам хүндрэлтэй болж байсан. Манай улсын талаас хэд хэдэн удаа хүсэлт гаргаж, ялын хэмжээг хөнгөвчлөхийг хүссэн ч БНХАУ-ынхан энэ тал дээр хатуу чанга байр сууриа хадгалсан удаатай. Тэгвэл тухайн үеийн манай улсын төрийн тэргүүн урд хөршийн Засгийн газарт хандаж хүсэлт илгээжээ. Шүүхийн шийдвэрийг эргэн харж, ялын дээд хэмжээг хөнгөвчлөхийг хүссэн хүсэлт илгээсэн гэсэн үг. Үүний дагуу Хятадын дээд шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх талаар дуулгаж байсан аж. Энэ хэргээс өмнө нь манай улсын иргэн н.Эрдэнэчимэг нэг кг орчим героин гэх бодисыг хил давуулах гэж байгаад баривчлагдсанаас хойш сураг тасарч байсан. Ийнхүү урд хөршид хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хадгалсан, худалдаалсан, хэрэглэсэн тохиолдолд тухайн бодисын граммаас нь хамаарч хорих ял, цаазаар авах ял оноодог байна. БНХАУ, Тайланд, Малайз зэрэг орнууд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг хатуу хуулийн дагуу, тооцож, шийдвэрлэдэг. Манай улс эдгээр орны жишгийг баримтлахгүй бол хар тамхины хэрэглээ хүрээгээ улам тэлж буй нь ирээдүй хойч үеийнхэнд сөргөөр нөлөөлж, аюулын харанга дэлдэж болзошгүй байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм.