Categories
мэдээ нийгэм

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалт боллоо

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хүнсний аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалтыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд онлайн болон танхимын хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэл, Замын үүд, Алтан булаг боомтын 400 орчим хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, 26 хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамрагдсан байна.

Сургалтад шинээр батлагдан гарсан Баяжуулсан хүнсний тухай хууль, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн танилцуулга, хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа эрхлэгчдийн үүрэг оролцоо хамтын ажиллагааны талаар зөвлөмж зөвлөгөө өгч санал солилцлоо. Тухайлбал Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн сав баглаа боодлын шошгод “ Эхийн сүү бол хамгийн сайн хоол мөн” гэсэн санамжийг заавал байршуулахаар заасан байдаг. Мөн Баяжуулсан хүнсний тухай хуульд албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран гаргахаар заасан.

Сургалтад оролцогчдод “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн эмхэтгэл”, “Итгэмжлэлийн ач холбогдол”, “Стандартчилал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам, зааврын эмхэтгэл” зэрэг гарын авлагаар хангажээ.

Categories
мэдээ нийгэм

73 дугаар сургууль цахим номын сантай боллоо

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Баянгол дүүргийн тэргүүний математик, англи хэл, чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд орчин үеийн стандартад нийцсэн цахим номын санг байгууллаа.

Тус номын сангийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, “Тагтаа паблишинг” компанийн утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, “Гэрэг” сэтгүүлийн редактор Ж.Хулан болон багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

УИХ-ны гишүүн А.Ундраа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Номоор дамжуулан хүний хүрч болшгүй газар гэж үгүй. Ном биднийг гэрээсээ гарахгүйгээр өөрсдийн амьдардаг болон “амьдардаггүй” зөвхөн төсөөлөлд байдаг тэр гайхамшигт дэлхий ертөнцөөр аялах боломжийг олгодог. Энэ номын сангийн дэргэд “Тагтаа” хүүхдийн номын клуб байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. “Волвес” ХХК-ийн тусламжтайгаар 200 гаруй номын санд ашигладаг цахим каталогийн гурван жилийн эрхийг худалдаж авсан. Нас насны хүүхдийн онцлогт тохирсон сандал, ширээ, тавиуруудыг суурилуулж, тав тухтай орчныг бүрдүүлэхийг хичээж ажиллалаа. Олон сайхан оюунлаг хүмүүс номын хандив ирүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээгээд сурагчдад сурлагын амжилт хүслээ.

Энэхүү номын сангаар зөвхөн 73 дугаар сургуулийн 1327 сурагч үйлчлүүлээд зогсохгүй бусад сургуулийн сурагчид ч үйлчлүүлэх боломжтой. Цахим номын программыг ашиглаж байгаа тул хүүхдүүд гар утсаараа дамжуулан номын сангийн каталогийг шүүж, хүссэн номоо цаг алдалгүй авч унших нөхцлийг бүрдүүлсэн. Номын сангаар хамгийн багадаа танхимаар нэгэн зэрэг 60 гаруй хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай. Улсын төв номын сантай хамтран ажиллаж байгаа. Улсын хэмжээнд цахим номын сантай болсон хоёр дахь сургууль боллоо гэдгийг сургуулийн захирал Б.Бөхзориг танилцуулсан.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “УИХ-ын гишүүд дотроос тойргийнхоо сургуульд номын сан байгуулж, ирээдүйн эздийг номын нөхөр болгох үйлсийг эхлүүлсэн нь цөөхөн гэж бодож байна. Анги танхимыг зүгээр тохижуулаад орхилгүй, номын клуб байгуулж, идэвхжүүлэх ажлыг хүртэл хийж байгаад УИХ-ын гишүүн А.Ундраа болон сургуулийн хамт олон, хамтран ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье” гээд өөрийн уран бүтээлийн дээжээс бэлэг барив. Мөн тэрээр сурагчдад зориулан “Битгийн урваарай” шүлгээ уншсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өөрийн бичсэн “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номын дээжээс бэлэглэлээ. Тэрбээр, “Дэлхийн энтэй боловсролыг эзэмшихэд ном хамгийн чухал юм. Энэ номын санг байгуулснаараа хүүхдүүд Та бүхний оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна. УИХ-ын гишүүн А.Ундраа бол Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан. Миний багш байсан хүн. Эрдэм боловсролтой, зөв хүн болон төлөвшихөд ном замчилна. Номын нөхөр байж ирээдүйгээ гэрэлтүүлээрэй” хэмээн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт хийв

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтад өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16, зургадугаар сургуулиудын ахлах ангийн 250 сурагчдыг хамрууллаа.

Тус сургалтыг 2018 онд 30 удаагийн давтамжтай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 2844 ахлах ангийн сурагчдыг хамруулаад байна. Цаашид “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян”-ыг энэ оныг дуустал нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай зохион байгуулах юм.

“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор тус аянд нийслэлийн нийт иргэдээ нэгдэхийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архивын лавлагааг онлайнаар авах боломжтой болжээ

Нийслэл хотын 379 жил, Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Энэ өдөрлөгөөр төрийн архивын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилготой.

Нийслэлийн архивын газраас “Нийслэлийн цахим архив” төсөл болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд лавлагаа мэдээлэлтэй холбогдох баримтын 95,6 хувийг цахимжуулжээ. Цахим хэлбэрт шилжүүлснээр Мишээл, Драгон, Дүнжингарав, Оргил зэрэг үйлчилгээний дөрвөн салбар, Багахангай, Налайх, Сүхбаатар, Сонгино-Хайрхан дүүргүүдээс онлайнаар дамжуулан захиалга өгөх боломжтой. Харин хариуг авахдаа өөрт ойр байрлах салбараас иргэдэд үйлчлэх давуу талтай юм. Түүнчлэн төрийн архивийн цахим мэдээллийн сангаас нийт 21 нэр төрлийн лавлагааг олгох боломжтой болов. Үүнд ажилласан жилийн, акт дүгнэлтийн, банк санхүүгийн, цалингийн гэх мэт лавлагаанууд орж байна.

Өдөрлөгөөр Архивын онлайн лавлагааг сурталчлан, цахим системийн танилцуулга хийж, “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт”-ын холбогдолтой гэрэл зургийн бичил үзэсгэлэн гаргаж, “Олноо алдартай Улаанбаатар”, “Өнөөгийн Улаанбаатар” киног дэлгэцээр үзүүллээ. Мөн үнэ төлбөргүй архивын лавлагаа үйлчилгээ иргэдэд олгов. Иргэд өдөрлөгт өргөнөөр оролцож, үйлчлүүлж байна. Онлайн лавлагаанд шилжсэн учраас 2-30 минутын хугацаанд шийдэж байгаа аж. Иргэд ихэвчлэн цалингийн тодорхойлолт, ажилласан жилийн лавлагааг авдаг гэж Нийслэлийн Архивын газрын лавлагаа үйлчилгээний хэлтэсийн дарга Т.Хүрэлжав хэллээ.

Э.АНУЖИН

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангахад анхаарна

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Орон сууцны барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Эрчим хүч, хэмжилзүй, шингэрүүлсэн шатдаг хий, өргөх байгууламжийн хяналтын чиглэлээр аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын явцад гарч буй зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй тус сургалтад Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилтнууд хамрагдсан байна.

Сургалтаар орон сууцны цахилгааны аюулгүй байдлыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлов.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханд 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавилаа

Сонгинохайрхан дүүргийн тав, найм, 23, 29, 32 дугаар хороо цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр тавдугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо нь 8900 иргэнтэй бөгөөд үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхэд аж. Цэцэрлэгийг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгөөр барьж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна.

Categories
гадаад мэдээ

Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ

Энэ сард Монголын нутаг дэвсгэрт Японы тагнуулын газрын төлөөлөгчид Хойд Солонгосын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийжээ. Аравдугаар сарын эхээр Улаанбаатар хотод болсон тус уулзалт нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай дээд хэмжээний уулзалт хийх төлөвтэй байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы засгийн газрын Тагнуул, судалгааны газрын дарга Сигэрү Китамура, Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын газрын албан тушаалтан Ким Сон Хэ нар аравдугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо уулзжээ.

Уулзалтаар талууд 1970-80-аад онд Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан гэгдэх Японы иргэдийг эх оронд нь буцаах асуудал, мөн Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Германы Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилна

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен маргааш манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалын хөтөлбөр эцсийн байдлаар батлагдаагүй байгаа гэх мэдээллийг БХЯ-наас мэдээллээ. Урсула фон дер Ляйен айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм байна. Өмнө нь Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсан. Гишүүд, ганц цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж бус бусад иргэдийн тэтгэвэр бодуулах цалингийн дундаж жилийг буцааж тав болгох эсэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх багц хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэр, тэтгэмжид хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг сайд хариулав.

2019 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэхээр тусгаад байгааг мөн тодотгосон. Түүнчлэн олон улсын байгууллагаас нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах зөвлөмж өгдөг гээд энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулан тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилсөн гэж тэрбээр хэллээ. Цаашид ажилласан жилийн дараалсан хугацаа тав байх уу, долоо байх уу гэсэн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийн шинэчлэлийн үеэр ярилцан шийдэж болох байх гэж бодож байна хэмээсэн.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжин хуулийг баталлаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэлээ.

Тиймээс хууль санаачлагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж үзэж уг төслийг боловсруулсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж, төсвөөс 41.04 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай болж байгаа. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж, 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй гэсэн судалгаа бий бөгөөд иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байгаа аж. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын уг төслийг боловсруулсан гэлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байгаад анхаарах, халамжид зарцуулдаг төсвийн хөрөнгийг эдийн засагт үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалтад зарцуулж, ажлын байр бий болгож айл өрхийн орлогыг дээшлүүлж болох учраас энэ асуудлаар улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэй, цаашид байгалийн баялгаар бүтээгдэж байгаа мөнгө эргээд баялаг болох ёстойг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийн талаар танилцуулсан юм.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нийт активын 96 гаруй хувийг арилжааны банкууд, үлдсэн хэсгийг брокер, банк бус санхүүгийн байгууллагууд эзэлдэг бөгөөд нийт валютын арилжааны 70-аас дээш хувийг 3 том банк, үлдсэн хэсгийг бусад банк, банк бус санхүүгийн байгуулагуудын хийсэн арилжаа эзэлж байна. Үүнээс харвал манай улсын гадаад валютын зах цөөн томоохон оролцогчдын үйл хөдлөлөөс ихээхэн хамааралтай байгаа юм. Цаашилбал улирлын мөчлөг бүхий бүтэцтэй, уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай байдаг нь зарим үед ханш огцом хэлбэлзэх нөхцөлийг бүрдүүлдэг. Судалгаагаар дотоодын зах зээл хөгжихөд тулгамдаж буй гол асуудлууд бол суурь эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор гадаад валютын эрэлт, нийлүүлэлтэд улирлын шинжтэй огцом зөрүү үүсдэг, санхүүгийн зах зээлийн бүтэцтэй холбоотойгоор цөөн нөлөө бүхий томоохон оролцогчтойн дээр оролцогчдын хоорондын итгэлцэл бага, төлбөр тооцооны эрсдэл өндөр гарч байсан. Иймд дотоодын зах зээлийн өрсөлдөөнт байдал болон мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулахын тулд санхүүгийн зах зээлийн тодорхой шаардлагыг хангасан оролцогчид тэгш эрхтэйгээр оролцох боломжтой Арилжааны нэгдсэн платформ буюу валютын биржийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хууль санаачлагч онцолсон.

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байгаа тул уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Иймээс энэхүү давхардал, зөрчил, хийдлийг бүрэн арилгаж Валютын зохицуулалтын тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиудыг нэгтгэж, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгож, валютын харилцааг бүрэн зохицуулсан, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох шаардлага зүй ёсоор үүссэн гэлээ.

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдийн засгийн суурь бодлогын хувьд хөрөнгийн чөлөөтэй урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдал, зохицуулах харилцааны хувьд эдийн засгийн харьяат хоорондын болон тэдгээрээс эдийн засгийн харьяат бустай хийх валютын гүйлгээ, валютын дотоодын захын зохицуулалт, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой болох боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлж, валютын захын үйл ажиллагааг зохицуулалттай болгох, бүртгэлжүүлэх, экспортын орлогоор Монгол Улсад орж байгаа валютын талаарх хяналтыг бий болгох, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хууль хяналт нэрийн дор иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хөндсөн заалтууд олон байгааг анхаарах, экспортын орлого Монгол Улсад бүрэн орж байгаад тавих хяналтыг сайжруулах нь энэ хуулийн гол агуулга байх ёстой, гадаад валютын тайлан тэнцэлтэй холбоотой асуудалд ажлын хэсэг анхаарч ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан их хэмжээний хадгаламж эзэмшигчдэд өндөр татвар ногдуулдаг бодлого барих, хувь хүн, аж ахуйн нэгжийн нууцад халдахгүй байх нь чухал гэсэн саналуудыг гаргажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Дараа нь Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн материалыг авч эхэллээ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас чадвараараа онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын хавсралтыг дараах холбоосоос харна уу.

http://legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

Мэдүүлгийн загварыг дараах холбоосоос татаж авна уу.

http://legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882