Categories
мэдээ нийгэм

Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлийг шалгав

Монгол Улсын Засгийн газрын 220 дугаар тогтоол, МХЕГ-ын 01/04 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж, Увс аймгийн Засаг Даргын 08 тоот албан даалгаварын хэрэгжилтийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улаангом сумын дулааны 1, 2 дугаар станц болон 16 сумдын төвлөрсөн халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг шалгалаа.

Өвөлжилтийн бэлтгэл аймгийн хэмжээнд 95.3%, аваарийн(аюулгүйн) нөөц бүрдүүлэлт 60.2 хувьтай, дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Боломжгүй бүхнийг бичдэг камер худалдаанд гарлаа

Камерын зах зээлд маш олон төрлийн хэлбэр загвар хүчин чадалтай бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байна. Тэгвэл яг энэ зах зээлд нэгэн шинэ төрлийн дүрс бичлэгийн бяцхан камер мэндэлсэн байна. “Инста 360 Уан Икс” нэртэй тус экшин зориулалтын камераар боломжгүй гэж бодсон бүхнийг бичиж авах боломжтой хэмээн танилцуулсан юм.

Инста360 брендийг хөгжүүлэгчид энэхүү бүтээлээ “GoPro Hero 7” камерийн хамгийн гол шинэхэн төрсөн өрсөлдөгч хэмээн ам бардам мэдэгдсэн юм. 360 хэмийн дүрслэлийг бичихдээ гайхалтай шийдлийг агуулсан камерийн линзний тусламжтайгаар хийдэг. Мөн нэмж хэлэхэд өөртөө 5,7К 30 fps чанарын үзүүлэлттэй дүрс бичлэг хийх боломжтой дурантай. Харин удаашруулсан бичлэг хийх систем нь 4К 50 fps үзүүлэлттэй бол супер удаашруулсан бичлэг хийхдээ 3К 100 fps үзүүлэлттэй системээр хангагдсан. Хамгийн их анхаарал татсан нэг зүйл бол энэхүү камер өөрөө бяцхан цэцгэн сүүл холбогчтой. Тус цэцгэн сүүл холбогчоо хиймэгц хүссэн чигтээ агаарт шидэж болно.

Агаарт шидсэн үед хөдөлгөөн болон объект дагагч системийнхээ тусламжтайгаар гайхалтай хором, гайхамшигтай өнцөг тус камерын дуранд буудаг байна. Экшин төрлийн спортоор хичээллэх дур сонирхолтой охид залуус энэ камерийн өөрсдийн хүссэн арга барилаараа ашиглаж болно. Go Pro Hero 7 камер хэдийгээр энэ төрөлдөө хамгийн шилдэг нь хэмээн яригдаж байгаа ч, Insta360 One X – харьцуулахад нэг л чигт дүрс бичлэг хийдэг. Харин энэ харагдаж байгаа камер бүхэл 360 хэмийн дүрслэлийг хийдэг болохоор давуу талтай юм.

АНУ-ын зах зээлд аль хэдийнээ худалдаалагдаад эхэлчихсэн бүтээгдэхүүн. Цахим худалдааг дамжуулан 399 ам.доллараар захиалах боломжтой юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүртгэлтэй ажилгүй иргэд 1.2 хувиар буурчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 34.0 мянга, үүнээс 24.2 (71.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 (28.9 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны есдүгээр сарын эцэст 24.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (4.6хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.1 (4.9 хувь) мянган хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 (52.9 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.9 (36.9 хувь) мянга нь Улаанбаатарт, 4.8 (19.7 хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (17.2 хувь) мянга нь Баруун бүсэд, 3.9 (16.1 хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.4 (10.1 хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 478 (2.0 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 228 (47.7 хувь) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний есөн сард ажилгүй 64.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 51.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.3 (10.7 хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.9 (14.4 хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.2 хувь) мянган хүнээр буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны есдүгээр сард 9.3 мянган хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд, хамгийн их буюу 47.2 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.02 хувь нь хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2018 оны есдүгээр сарын эцэст 48.2 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Архангай, Говьсүмбэр, Завхан, Дорнод, Баянхонгор, Орхон аймагт улсын дунджаас 0.4-21.6 пунктээр илүү байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон орны тарваганууд олон хэлээр “ярьдаг”

Тарвага бол хэрэмнийхэн овгийн мэрэгч амьтан. Дэлхий даяар 14 зүйлийн тарвага бий. Манай улс Алтайн тарвага буюу хар тарвага, хээрийн тарвага буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвагатай. Энэ амьтны биеийн урт 47-58 см, жин 3-5 кг байдаг. Гуужилт гурваас тавдугаар сард эхэлж, наймаас арваннэгдүгээр сард үс хөрс нь бүрэн гүйцдэг. Эмэгчин тарвага ихдээ 12 хүртэлх мөндөл гаргана. Мөндөлүүд 30-40 грамм жинтэй төрж, эхийгээ сар шахам хөхөж, өвсөн хоолонд ордог аж. Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идээшилдэг бол зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч идээшлээд үдэд нүхэндээ орж, нар баруунаа хэлбийхээс жаргатал дахиад л иддэг. Тарвага бүл дотроо хэн нь ямар үүрэг гүйцэтгэдэг талаар гадаад дотоодын судлаачдын сонирхолтой судалгаа олон бий. Тарваганууд колони үүсгэж амьдарна. Энгийнээр хэлбэл тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг эзэмшин тэр нутагтаа эзэн суудаг. Нутагт нь орж ирсэн бусад тарваганаас зай барьж, нутгаа хамгаалах тэмцэл өрнүүлдэг.

ЭРХ ДАРХТАЙ ЭХ ТАРВАГА

Нэг бүлд үр төлөө гаргадаг эх тарвага хамгийн том үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бүлдээ хамгийн эрх дархтай нь. Үр төл нь нас биед хүрч, биеэ даан тусдаа өрх тусгаарлаж, нутаг сонгон амьдардаг. Идээшлэхээс бусад цагт унтаж байдаг учир их мартамхай амьтан гэж яригддаг. Нүхэнд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг болохоор биологийн цагийг маш сайн мэдэрдэг. Эрт ичээнээс гарна гэдэг нь өвс ногоо эрт ургана, дулаан сайхан зун болно гэсэн үг. Нүхээ гүнзгий таглавал хавар оройтож ирнэ, хүйтэн өвөл болохын дохио. Тэгэхээр тарвага байгалийг сайн мэдэрдэг амьтан. Хөеө цуглуулж хураахдаа идэх гэж цуглуулдаггүй. Зөвхөн олуулаа цуглаж, ичээндээ орох үедээ хэвтрээ дулаан байлгахын тулд хөеө цуглуулдаг. Хатсан хуурай өвсийг дулаалганд зориулж цуглуулна уу гэхээс нүхэндээ ороод иддэггүй. Яагаад гэвэл идэш тэжээлээ сойж, ходоодондоо хоол тэжээл өвс, ногооны үлдэгдэл үлдээдэггүй, тарга тэвээргээ нөөцлөн ичдэг.

МОНГОЛ ТАРВАГАНЫ ДОХИОН ХЭЛ ХАМГИЙН ЭРТНИЙХ

Тарвага аюулд орсон үедээ дуут дохио бусдадаа өгдөг гэнэ. Энэ дохио нь бусдаас өөр өвөрмөц байдаг аж. “Евроазийн тарваганы дуут дохионд нөлөөлдөг экологи генетикийн хүчин зүйлүүд” гэсэн судалгааг ОХУ-ын эрдэмтэн,тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович хийжээ. Тэрээр тарвага аюулд өртсөн үедээ гаргадаг дууг судалжээ. Хойд Америк, хойд Африк, төв болон Азийн улсуудаар тархан суурьшсан тарваганууд хаана амьдардгаасаа шалтгаалан аюулгүйн дохио өгөхдөө олон хэлээр “ярьдаг” аж. Н.А.Александрович “Аюул тулгарч байна болгоомжлоорой гэж сануулах үед бид орос, монгол, англи хэлээр ярьдаг шиг тэд олон хэлээр “ярьдаг”. Тархан суурьшсан нутгийнхаа онцлогоор тарвага бүр өөр өөрийн хэлтэй. Газар газрын тарвага янз бүрийн хэлтэй гэж ойлгож болно. Хэлсэнийг нь зөвхөн генетикийн хувьд төстэй ойрхон төрлүүд л ойлгоно. Бусад төрөл нь ойлгохгүй. Газар зүйн байршлаасаа шалтгаалаад тарвага бас өөр өөр хэлээр ярьж байгаатай адил. Гэхдээ энэ бол хүний хэл биш. Хүн тухайн хэлийг сураад бодол санаагаа хэлж болдог. Тарвага хэлгүй учир генетикийн өөрчлөлтийн хувьд дохио нь үе удам дамжин өвлөгдөн хөгжиж ирсэн байдаг. Монгол тарваганы аюулыг болгоомжлуулах дохион хэл хамгийн эртнийх. Монгол тарваганы дууны дохион дотор бусад бүх төрөл зүйлийн тарваганы дуугарч байгаа дууны элемент, дохионууд байдаг” хэмээн онцолжээ. Тарваганы эх орон нь хойд Америк. Тэндээс анх үүсч бусад газар тархан суурьшжээ. Евроазид тарвага суурьшин хөгжиж ирсэн үеэс дуу дохио нь үүсч гарсан гэж Н.А.Александрович онцолж байна.

ЯПОНД БЭЛЭГЛЭСЭН ТАРВАГА ИЧИХГҮЙГЭЭР АМЬДАРЧ ДАСЖЭЭ

Аливаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтоо тохирсон амьтан, ургамлын аймагтай. Японд тарвага нутагшуулсан жишээ бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монгол-Японы найрамдлын бэлэг болгож, Японы хааны зоопаркад тарвага бэлэглэжээ. Тухайн үед манайх буга, чоно, тарвага гэсэн амьтад санал болгосон ч япончууд тарвагыг сонгосон аж. Ингээд тарвагыг гаршуулж, зан үйл, амьдрал ахуйн утга учиртай ойр амьтан болгохоор зоопаркдаа байршуулжээ. Манай улсаас бэлэглэсэн энэ амьтан Японы зоо паркад 16 жил амьдарч, үр төлөө өгсөөр байгаа тухай МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор, профессор Д.Суран ярьсан юм. Амьтныг байгалийн өөр бүс нутагт байршуулна гэдэг маш олон судалгаа шинжилгээний үр дүнд хийгддэг. Бид тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож суртал нь дасгасан. Ингэхдээ 1986 онд хээрийн их судалгаа туршилт явуулсан хэмээн тайлбарласан юм. Японы амьтны хүрээлэнгийнхэн Монголоос ирсэн тарвагыг жилийн дөрвөн улиралд тэжээлтэй байлгахын тулд хүнсний ногоогоор хооллож сургасан гэнэ. Бүр ичихгүйгээр амьдруулсан байна. Уг нь тарвага бол ичдэг амьтан. Жилийн зургаан сар нь байгал дээр ногоон өвс ургамлаар хооллож, өвс гандахаар ичээндээ ордог. Гэтэл шилжүүлсэн тарваганууд халуун бүс нутагт, олон хүний нүдэн дээр шилэн хоргонд ичихгүйгээр амьдарч байна. Ингэж ичихгүй байгаа тохиолдолд нас нь бага зэрэг богиносдог гэсэн таамаглал гаргажээ. Гэхдээ бас байгал дээр тарвага арав гаруй жил насалдаг гэсэн судалгаа бий. Харин шилжүүлсэн тарвага зоопаркад 16 жил амьдарч байна. Тэгэхээр ичихгүй амьдарвал урт насалдаг ч байж мэдэх юм.

ОРЧНОО ДАГАЖ ЗҮСЭЭ ХУВИРГАДАГ

Тарваганы арьс үс идэж байгаа хоол хүнснийх нь чанартай холбоотой гэсэн таамаг судлаачид дэвшүүлжээ. Монголд 1980-аад оны үед Алтайн хорь гаруй тарвагыг Завхан аймагт нутагшуулжээ. Алтайн тарвага уг нь хар үстэй, сор ихтэй. Гэтэл Завханд нутагшуултал хэдхэн жилийн дотор нутгийн тарвага шиг болсон гэнэ шүү. Энэ нь амьдарч байгаа нутгийнх нь хад чулуу, газрын хөрсний өнгөнөөс хамаарч өнгө зүс хувирах үзэгдэл ажээ. Монголд байгаа хоёр зүйл тарваганы тухайд хошгирч байгаа дууны авиа, үсний өнгө, гадаад төрх өөр учир гадна талаасаа ялгаатай харагддаг. Гэхдээ генетикийн хувьд хоорондоо ижил төстэй. Тарваганы үс, яс, мах эм, эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж ирсэн олон баримт ном сударт бичигдсэн байдаг. Тарваганы идэш тэжээлд эмийн ургамал дийлэнхийг эзэлдэг ажээ.


ИДДЭГ ӨВСНИЙ ТАЛ НЬ ЭМИЙН УРГАМАЛ

Тарваганы эд эрхтэн хүний биед сайн гэдэг нь идэж байгаа идэш тэжээлтэй нь холбоотой. Жишээ нь Богд уулын тарваганд хийсэнсудалгаагаар 47 төрөл зүйлийн ургамал идэж байгааг тогтоожээ. Үүний 40 орчим хувь нь дандаа эмийн ургамал байж. Тарвага өвсөн идэштэн дундаа дандаа ногоон өвсөн идэштэн. Тэгэхээр хавар шинэ ургамлуудын ногоон соёог түүж иддэг. Зунжин ногоон ургамал идэж, дараагийн зургаан сарын нөөцөө бэлддэг. Тарвага нүх ухаж амьдардаг амьтан. Хөрсийг сийрэгжүүлэх ажил хийдэг гэсэн үг. Энэ нь агаарын чийгшилд эерэг нөлөө үзүүлдэг. Тарвага ичээнээс гарснаас хойш малд халддаг, махан идэшт амьтдын тоо эрс буурдаг. Товчхондоо эко системд маш эерэг нөлөөтэй амьтдын нэг. Судлаачдын 1980-1990-ээд онд хийж байсан судалгаагаар нэг тарваганаас дунджаар 2-3 кг мах, 10 гаруй дм.кв дулаан хадгалах үс сайтай арьс, 1-1.2кг өөх тос, 0.7 орчим гр цэвэр тос гарч байжээ. Тарваганы яс, соёог нь гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг.


ДЭЛХИЙН ТАРВАГА СУДЛААЧИД МОНГОЛЫГ СОНИРХДОГ

Т а р в а г а М о н г о л ы н нутаг дэвсгэрийн гуравны нэгт тархсан гэсэн судалгаа бий. Улс орон зах зээлд шилжсэн үеэс тарваганы тоо толгой эрс буурчээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг хуулиар хориглосон. Үүнээс хойш зарим нутагт тоо толгой нь өсч байгаа гэж эрдэмтэд онцолж байна. Мөн сүүлийн жилүүдэд байгаль, ан амьтан хамгааллын нөхөрлөлүүд и х э э р б а й г у у л а г д а ж тодорхой бүсэд тарвага өсөх хандлагатай болжээ. Тарвага орчин үеийн шинжлэх ухааны маргаантай байгаа олон асуудлыг судалж шийдэхэд их тохиромжтой объект гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Монголчууд тарваганы түүхий эдийг ашигладаг түүхэн уламжлалтай, өөрийн үндэсний технологиудыг бий болгосон өвөрмөц заншилтай орон. Энэ утгаараа дэлхийн тарвага судлаачдын сонирхлыг татдаг. Америкт зургаан зүйл, Евроазид найман зүйлийн тарвага тархан суурьшжээ. Сүүлийн жилүүдэд тарвагыг хүмүүс хаа таарсан газраа намнадаг болсон. Уг нь нас бие гүйцсэн гурваас дээш насны тарвагыг намрын улиралд агнах ёстой аж. Монголын тарвага судлаачид арьсны бүтцийн боловсрох зүй тогтлыг судлаад наймдугаар сарын 20-ноос агнаж эхэлбэл зохистойг тогтоожээ. Энэ тухай “Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын тарвага судлаачдын хурлын үеэр яригдсан юм. Уг хурал Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж буй. Хуралд 13 орны 120 гаруй судлаачид оролцож байна. Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор Я.Адъяа ярихдаа “Олон улсын тарвага судлаачдын хурал урьд нь зургаан удаа болсон. Анх 1991 онд Италид болж байв. Өнөөдөр Монголд олон улсын VII хурлыг хийж байна. Хуралд дэлхийн 13 орны 121 судлаач, тарвага судлалын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ ирүүлсэн. Дэлхийд тархсан 14 зүйл тарваганы экологи биологийн онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Дэлхийн арав гаруй орны 14 төрөл зүйл тарваганы 41 судлаач зурагчид 60 гаруй бүтээлээ ирүүллээ. Үүнээс 40 гаруй бүтээлийг сонгон танилцуулж байгаа. Мөн тарваганы тухай богино хэмжээний кино бүтээлээ. Нийт 28 илтгэл хэлэлцэнэ. Орчин үеийн амьтан судлалд хэрэглэгдэж буй арга зүй, биологийн шинжлэх ухаанд нэвтэрсэн дэвшилтэт шинэ арга, онолын өндөр түвшний асуудлуудыг хэлэлцэж байгаа. Жишээлбэл: 1974 онд Монголд анх ирж ажиллаж байсан Москвагийн их сургууль хуучин Ард түмний найрамдалт сургуулийн багш, тарвага судлаач доктор, профессор Н.А. Александрович өөрийнхөө ажлын 30-40 жилийн үр дүнг танилцуулж илтгэл тавилаа” хэмээн тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Оросыг сорих геополитик л явж байна

СУДЛААЧ БИЧИЖ БАЙНА


Олон улсын харилцааны судлаач-проф. Д.Баярхүү

С-300 пуужин Сирид өглөө, С-400 пуужин Энэтхэгт худалдлаа, Энэтхэг АНУ-ын хориглосныг эс харгалзан худалдан авахаар боллоо, Хятад C-400, Cy-35 худалдан авах болсноор АНУ БНХАУ-ын эсрэг анх удаагаа санкц тавьж байгаагаа зарлалаа. «Санкц тавих замаар Америкийн дайснуудыг эсэргүүцэх тухай» (CAATSA) хуулийн235(a)-д заасан санкцын жагсаалт гэдэгт зэвсэглэл, цэргийн техникийн салбарт хамаарал бүхий хятадын төрийн байгууллагууд нэр заагдлаа гэсэн мэдээ саяхан явж байсан.Ердөө уржигдрын мэдээ байна. Украинд Украин-НАТО-гийн “Цэлмэг тэнгэр-2018” гэх агаарын цэргийн хээрийн сургууль явагдаж, түүнд нь Израилийн нисэх хүчнийхэн оччихсон, НАТО ба Америкийн F-15C Eagle сөнөөгч онгоцууд С-300-гийн цэц мэргэнийг сорьж, судалж, газар орон дээр туршлаа. Үүнд нь Орос тун таагүй хандлаа. Киевийн эрх баригчдын эсрэг Оросын ТВ-үүдээр ток-шоу хөвөрч өгөхөөр эмзэг сэдэв өмнөд хөршөөс нь цухалзлаа.

Зенитийн пуужингийн С-300 комплекс энэ жилжингээ олон улсын үг хэллэг болж хэвшлээ. Бараг л энэ пуужингаас болж дэлхийн III дайн дэгдэх шахуу элдэв таамаг, айдас сайтуудаас салахгүй байна.

Энэ юун, ямар ид шидтэй пуужин болоод анхаарал татав? 1975 онд СССР-т бүтээгдээд 1978 онд зэвсэглэлд нэвтэрсэн, одоог хүртэл түүнийг шинэчлэн сайжруулсаар ирсэн боловч яг дайнд хэрэглээд дайсанд цохилт өгсөн түүх үгүй. Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг дотор дэлхийд С-300 хамгийн алдартай нь, эсвэл хамгийн их сонирхол татдаг нь хэмээн лавлах сайтад нь бичээстэй байна. Учир нь гадаад орнууд ихээхэн сонирхдог, худалдан авдаг, худалдан авахыг хүсдэг, зэвсэглэлдээ байлгаж байх сонирхолтой. Энэ ангиллын сайжруулсан, сайжруулаагүй олон янзын пуужин хуучин СССР-ийн зарим улсын (Украин, Армен, Азербайжан, Казахстан гэх мэт) зэвсэглэлд байна. Мөн Алжир, Болгар, Иран, Хятад, Кипр, Сирийн арми ийм төрлийн пуужинтай.

Сонирхол татах нэг үндэслэл нь цэц мэргэн, хүч чадал сайтай. С-300комплексыг улам сайжруулаад С-400 болгоод 2007 оноос оросын зэвсэгт хүчний зэвсэглэлд өгсөн. Цаашдаа С-500 «Прометей» хэмээх пуужин бүтээж 2020 онд зэвсэглэлд өгөхөөр төлөвлөж байна. Гадаадад зэвсгийн экспортод С-300-г гаргахаар 2011 онд Орос шийдвэр гаргасан. Одоо бол Оросын экспортын орлогын нэг гол эх ундарга болох төлөвтэй.

Ер нь өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд энэ пуужинг олж авах, илүү ойр танилцах, болж өгвөл туршиж үзэхийг эртнээс хүссэн. СССР тарсны дараа тэр боломж нь бүрдсэн. Тийм зэвсэгтэй Болгар гэхэд л НАТО-гийн гишүүн болчихоод байна.Анхлан 1996 онд израилийнхэн энэ пуужинг нээж, байлдааны чадвар, үр дүнг нь тооцоолж үзжээ.Тэгэхдээ Кипрт Оросоос худалдсан пуужинг олж авсан уу, эсвэл очиж задалж үзсэн байх магадлалтай. Тэр үед юм болов уу, Израиль, Грек хоёр хамтарсан хээрийн сургууль хийж эл пуужингийн сул талуудыг олж тогтоож байжээ. Зөвлөлтөөс салж одсон зарим БНУ-ууд уг пуужинг задалж зарим нэг эд ангийг нь Америкт худалдсан гэх хардлага одоо ч яваа юм билээ.

Ийм нэг дуулиантай пуужин яг одоо Ойрхи Дорнодын мөргөлдөөний гол зэвсэг болохын даваан дээр байна.2015 оноос Сирид Орос байлдаж байна. Сирийг энэ пуужингаар яагаад зэвсэглэх болсон гэдэгт олон тайлбар хэрэггүй. Израилийн F-16 сөнөөгч 4 онгоц нам дор нислэгээр Сирийн цэргийн байгууламжууд руу шөнийн цагт халдсан, гэтэл тээр дээр үүлнээс дээгүүр Оросын цэргийн тагнуулын Ил-20 онгоц дээрээс нь ажиглалт хийгээд нисч явсан, тэр үед Сирийн агаарын довтолгооноос хамгаалах цэрэг тэнгэр өөд Израилийн сөнөөгч онгоцууд руу баахан С-200 пуужин харвасан, тэр харвалт цэцээ алдаад хэт өндөрт нисч явсан оросын цэргийн онгоцыг сөнөөчихсөн. Олон сайхан орос эрс тэнд амиа алдсан. Ийм л эмгэнэлтэй явдал сар орчмын өмнө болж өнгөрсөн.

Энэ хэрэгт Орос нь Израилийг буруутгасан боловч тэр буруутгал нь сүүлдээ зөөлрөөд намжаад явчихсан. Израиль буруугаа огт хүлээгээгүй, уучлал эрээгүй. Гол буруутан нь муу зэвсэглэсэн сирийн арми болж таарсан байх.

Тэгэхлээр одоо Сирийн армийг дахин зэвсэглэж, хэрэв дахин Израиль халдвал Оросын С-300-гаар хариу барьж, өмнөх явдлын тооцоог бодно гэдгээ ч оросын цэргийнхэн зарласан. Зарим мэдээгээр Сирид өгсөн С-300 пуужингийн сири мэргэжилтнүүдийг бэлтгээгүй тул Оросын цэргийнхний мэдэлд байгаа ба тэр нь Хмеймидэх Оросын цэргийн баазыг хамгаалаж буй С-400-тай нэгдмэл автомат сүлжээнд байдаг бололтой юм.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс мэдэгдэж байнаа: – Орос болон бусад орны байр суурь ямар байхаас үл шалтгаалан Израилийн арми Ираны эсрэг аливаа улс оронд, хаана ч байлдах болно. Хэрэв Израилийн үндэсний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр зөрчих аваас Сирийн нутаг дэвсгэр дэх оросын цэргийн хяналтын байрлал руу цохилт өгөхөд бэлэн байна. Бид Сирид Та нарын эсрэг ажиллах болно. Бид Иранд Та нарын эсрэг ажиллах болно. Бид манай эх орон, манай хүмүүсийг хамгаалахын төлөө Та нарын эсрэг ажиллах болно гэжээ.

Нетаньяхугийн энэ үг оросуудын эгдүүг тун их хүргэжээ. Ерөөсөө л Оросын эсрэг чиглэсэн, өдөн дуудсан харгис мэдэгдэл гэцгээлээ. Үнэндээ ч Сирид Орос, Иран, Хезболла нь холбоотон шахуу болоод Сирийн байнгын армитай хамт лалын босогчидтой байлдаж байгаа. Иран нь Израилийг газрын хөрснөөс арчина гэх стратегийн зорилготой. Түүндээ хүрэхээр Сирид орж ирээд бэхжээд авсан. Ираны байрлалуудад жүүдийн агаарын цэрэг цохилт өгөөд эхэлсэн. Одоо ганц алхам үлдсэн нь Израилийн сөнөөгч онгоцууд Сирийн хил даван дахин халдлага үйлдэх үед оросын С-300-д оногдож сөнөх эсэх. Хэрэв тийм явдал болбол дараагийн алхмыг тааж оношлоход бүр хэцүүднэ. Хүсэх юм ерөөсөө биш. Оросын баазуудыг онилж байлдах, орос хариуд нь Израильд цохилт өгөх, тэр тохиолдолд Израилийн холбоотон АНУ Сири рүү өргөн хэмжээгээр агаараас довтлох, Оросын агаарын ба сансрын цэргийн баазуудыг дайрах, өмнө нь дөрөвдүгээр сарын шөнийн дайралтад хамсан оролцсон Британи, Францын хүчин АНУ-тай хамт хавсрах гэхчлэн шатлан өргөжих магадлалтай. Яг энэ эгзэгийг АНУ ашиглан Иранд цохилт өгч эхэлбэл дэлхийн хэмжээний гэдэггүй юм аа гэхэд бүс нутгийн айхтар том дайн дэгдэж мэднэ. Шиитийн шашинт Ираны эсрэг суннитын шашинт Булангийн бүх улс нэгдэж нийлээд мөнхийн өшт Израильтайгаа хүч хавсран персийн тэр улсыг сүйдлэх, Саудын Арабын тэргүүлсэн суннит араб улсуудын цэргийн эвсэл Йеменийг үнсэн товрого болтол нь байлдах магадлал нэн өндөр. Гадаадын цэргийн шинжээчдийн таамгаас энд эвлүүлэн буулгаж байна.

Тэр тухай сэтгэдэггүй юм аа гэхэд Сири дээр бол гал авалцахад ганцхан цучил дутуу байна. Оросын алдарт пуужингийн цэц, хүч чадлыг нь сорьсон, бараг өрсөж устгаж мэдэх, эсвэл радарт баригдахгүй, пуужинд нь гүйцэгдэхгүй илүү хүчирхэгF-35 онгоцоо байлдаанд оруулах, хариуд нь Орос Су-57 гэх 5 дахь үеийн сөнөөгч онгоцоо байлдуулах, Оросын шинэ зэвсэглэлийн цэц мэргэнийг сорих хувилбарыг сайтуудад бичээд эхэлсэн.

Ер нь ОХУ нь Ойрхи Дорнод, Умард Африк дахь шашнаас үүдэлтэй, эдүгээ геополитикийн эсрэгцэл болж хувирсан бүс нутгийн мөргөлдөөний томхон тоглогч болсныг бид харж байна. Саяхнаас Ливид цэргээ оруулчихлаа. ОХУ-ын БХЯ-ны эх сурвалжаас сэдэвлэн Оросын хэвлэлийн “Рос Бизнес Консалтинг” гэх магнат энэ тухай дэлхийд зарлачихлаа. Оросын элитийн десантын хэдэн арван анги салбар Москва орчмоос агаараар Ливийн дорнод нутагт газардаад үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Ливийн үндэсний армийн командлагч маршал Халиф Хафтар энэ удаа Москвагийн холбоотон болж таарсан ба Оросын цэрэг байрласан нь нефть-байгалийн хийн ашиг сонирхлоос нь үүдэлтэй хэмээн Английн The Sun сонинд бичсэн байх юм. Хафтарын армийг хэрхэн дэмжиж байгаа талаар ч мэдээлэл байна. Хүнд зэвсгээр хангасан, Оросын цэргийн тагнуулынхан хамтран ажил-ладаг, тусгай хүчнийхэн очсон, сургалт явуулж байгаа, холбоогоор хангаж байна гэхчлэн. Тэнгисийн эргийн Тобрук, Бенгази хотуудад оросын цэргийн хоёр бааз байгуулагдсан, Вагнергэх хувийн цэргийн компанийн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Ливид тэнгисийн хөлөг онгоцны довтолгооноос хамгаалах оросын «Калибр» хэмээх систем, нөгөөх алдарт С-300комплекс Ливид байна гэхчлэн англи сонины нэг мэдээнд байх юм.

Геополитикийн ба геостратегийн холбоотны эрэлд гарч, тэр чиглэлээрээ тоглолтын талбаруудыг алдалгүй эзлэн авч яваа, цэрэг-аж үйлдвэрийнхээ хамслын захиалгыг хэрэгжүүлж буй Оросын тухай бичих, ярих, онолдох гадаадын шинжээч олныг эшлэж болох ч азная.

Ингэхэд энэ бүхэн цэрэг-дайны тухайд бус, цаанаа бас өөр учир шалтгаанаар нөхцөлдсөн талаар гарчигт дурдсаны дагуу өгүүлье. Оросын хүч нөөц, санхүү, санхүүгийн орлогыг шавхах томхон тоглолтыг өрнөдийнхөн сэдсэн тухай ихээхэн бичдэг болжээ. Нефть, хий бол ойлгомжтой. Энэ салбарт Орос дундаршгүй их нөөцтэй. Гадагш зарсаар байх болно. Экспортын гол эх үүсвэр нь. Экспортын дараагийн нэг гол эх үүсвэр нь зэр зэвсэг. Одоо бол С-300 экспортын нэр төрөл дотор ороод ирсэн. Хятадад худалдах сансрын пуужингийн хөдөлгүүр гэх мэт экспортын шинэ нэр төрөл нэмэгдэнэ.

Логикийн үүднээс авч үзвэл өрнөдийнхөн ийм л зүйлийг Оросоос хүлээж анаж байх шиг.Оросоос гадаад улс орнуудад нийлүүлэх, худалдах, тэгснээрээ орлого олох тэр цаад “юм”-ыг нь бүрмөсөн бартал нь, хамгийн сүүлчийн нөөцний салбар руугаа ортол нь шахах бололтой байна. Бараг тийм салбар руугаа ч орж байх шиг. С-300, С-400, Су маркийн тийрэлтэт онгоцууд, мөн сансрын техник, технологи руугаа орж байгаа нь үүнийг илтгэх мэт.

Зэвсгийн наймааны салбарт энэ их өрсөлдөөнд ОХУ-ыг татан оруулаад тамирдтал нь өрсөлдүүлэх, тэгснээрээ хүч нөөцийг нь шавхах, тэр нь нийгэм-улс төрийн савлагаанд хүргэсэн талаар өмнө нь “Хүйтэн дайн”-даа СССР-ийг ялсан тэр хур туршлагаа энэ удаа өрнөдийнхөн гаргаж ирээд зэвсэг болгон тоглож байгаа нь илт байна.

Өнөөдөр АНУ ба НАТО-гийн цэргийн хүчний дэргэд Орос хүчгүйтэж байна гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болсон. Оросын цэргийн шинжлэх ухааны доктор, Оросын Пуужинт ба артиллерын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков гэдэг хүний ярьснаас үг үсэггүй буулгая. Олон үзүүлэлтээрээ Орос хоцорч байна: Нисэх онгоц тээгч хөлгөөр 12 дахин хоцорч явна. Хамгийн хүчтэй гээд байгаа “Кузнецов” хэмээх авианосец нь америкийн ижил төрлийн хөлгийн талын талд ч хүрэхгүй аж.Крейсер хөлгөөр АНУ 6.5 дахин, эсминц хөлгөөр 5 дахин, олон зориулалтын атомын шумбагч хөлгөөр 4 дахин давуу яваа ба Орос юугаар Америкийг давах вэ гэвэл атомын хөдөлгүүргүй шумбагч хөлөг, тэнгисийн ойрын зайнд ажиллах хөлөг, пуужинт жижиг хөлөг, хурдан катер завийнхаа тоогоор АНУ-аас давна. Хэрэв АНУ ба НАТО-гийнх гэж ярих аваас Орос давуу байх үзүүлэлт нэг ч байхгүй. Оросын агаарын ба сансрын хүчин нь сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч онгоцоороо АНУ-аас 4 дахин доогуур байгаа ба хэрэв байгаа бүх нисэх онгоцуудаараа тооцоо хийвэл АНУ-ынх Оросынхоос 8 дахин томроод явчихна. Су-57 мэт 5 дахь үеийн сөнөөгч онгоц Оросын зэвсэглэлд байгаа ч энэ нь аль ч талаараа Оросын нисэх хүчинд давуу байдал авчрахгүй хэмээн Сивков хүлээн зөвшөөрчээ.

Хуурай замын цэрэг, дээд зэргийн онч бүхий мэргэн зэвсгээрээ Орос нь Америкаас хоцорсон хэвээрээ, хуурай замын цэргийн тоо гэхэд л оросынх 2 дахин цөөн байна. Баллистик пуужингаар АНУ 3.5 дахин, том калибрын их буу, катюшаар 4 дахин, Оросын “Искандер” гэх пуужин нь Америкийн ATAC­MS гэх пуужингаас цэц мэргэний хувьд илүү ч гэсэн АНУ-д ATACMS пуужингийн комплекс800, хэрэв нөөц пуужингуудаа оролцуулбал 4500, харин Орост “Искандер” хамаагүй цөөн гэхчлэн тэр эрдэмтэн ярьжээ.

“Зэвсэглэлээр хөөцөлдөх” гэдэг үг хэллэг “Хүйтэн дайн”-ы үед моод болж байсан сан. Зөрүүлээд Зөвлөлтийн энх тайвны программ гэгчийг бид мөн ч их сурталдсан. Яг түүн шиг өнөөгийн Оросыг тэр хөөцөлдлөгтөө татан оруулдагаа оруулчихлаа. Харин тэр нь ямар өртгөөр бүтээгдэх вэ, Оросын эдийн засаг даах уу гэдэгт л гол асуудал байх шиг байна.

Дээр бичсэн нь зохиогчийн өмнөх албатай холбоогүй, Монгол Улсын албан ёсны байр суурь биш, Монгол-Оросын харилцааны эсрэг ямар ч үг өгүүлбэр байхгүй, бүгд цаанаа эх сурвалжтайг хүлцэн ажаамуу!

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төмөр замын салбарын “акул”-ууд төгссөн Тээврийн удирдлагын анхны бакалаврын анги

Ангийн төгсөлтийн 15 жилийн ойгоор

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд 20 намар. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1998 онд Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш 20 жилийг ардаа үдсэн байна. Харин энэ жил тэдний төгссөн хуучнаар Төмөр замын техникум одоогийн Төмөр замын дээд сургуулийн 65 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Сургуулийнх нь ойгоор тус ангийнхны ойн уулзалт давхар тохиож байна. Анх есөн эрэгтэй, 11 эмэгтэй нийт 20 оюутан Төмөр замын техникумын босгыг алхаж, замаасаа хэн нэгэн нь хазайлгүй явсаар ам бүлээрээ сургуулиа төгсч чадсан байна. Тэднийг оюутан болж байхад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан хүндхэн цаг үе л дээ. Нийгэм бүхэлдээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, тэр тусмаа боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлт явагдаж, дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт орж байсан юм. Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны ангийнхны 20 жилийн ойн баярынх нь өмнө болзсон газраа явж очиход ангийн дарга Т.Доржжанцан, ангийнхан нь “орос цэрэг” хэмээн өхөөрдөн хочилж байсан Д.Пүрэвдорж, “багийн заан” хочтой Р.Батсүх нар хэдийнэ ирчихсэн сургуулийн ой болон ангийнхаа 20 жилийн уулзалтын бэлтгэл ажлын талаар ярьж суув. “Монголын том сонины том буланд гарах гэж байна. Ангийн дарга Доржжанцан ах одоо бүх юмаа ярина” гээд Д.Пүрэвдорж, Р.Батсүх хоёр нь инээлдээд байх юм. Төмөр замын техникум анхны бакалаврын ангиа нээхдээ ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгссөн сурлага сайтай 10 хүүхэд, төмөр замын салбартаа хэдэн жил ажиллаж өртөөний даргаас эхлээд тодорхой албан тушаал хашиж байсан 10 хүнийг нэгтгэн нэг анги болгож байж. Тийм болохоор би чинь 31 настай хөгшин оюутан анх Сайншандаас ирж байлаа шүү дээ хэмээн ангийн дарга Т.Доржжанцан инээж байсан юм.

Р.Батсүх бидний ярианд хүч нэмэн багш нарынхаа тухай заавал ярих ёстой шүү. Мундаг багш нарын гараар орсон шүү дээ гэлээ. Тэрбээр “Манай сургуульд олон жилийн туршлага, мэдлэг, чадвар өндөртэй багш, сурган хүмүүжүүлэгч нар олон байсан учир тэрхүү ороо бусгаа цаг үед бусад сургуулиудын тухайн үеийн байр байдалтай харьцуулахад багш нарын тогтвор суурьшил хичээл, сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол, хийдэл гаралгүй даван туулсан гэж бодож явдаг. Биднийг сургуульд ороход анги удирдсан Түмэнжаргал гэж тормолзсон алаг нүдтэй, нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулсан багш манай ангийг даан авч төмөр замын анхны “А”-г зааж өгч билээ. Мэргэжлийн хичээлийн багш нар болох хөдөлгөөн зохион байгуулалт Энхбаатар, Д.Сүхээ, ТАД-ийн Цэрэндаш, ачаа тээврийн И.Мөнхбаяр, ерөнхий курс Түмэнжаргал, СЦБ-ийн Ганчимэг, Замын Лхагва, Довчинжамц, ерөнхий эрдмийн багш нар болох математикийн Гомбосүрэн, Боргой, химийн Энхтуяа, физикийн Ооскоо, шугам зургийн Сувд, Балжинням, орос хэлний Шаравнямбуу зэрэг ёстой л нэг багшлах эрдэмд мэргэшсэн, ардын хүүхдүүдийг сургахын төлөө хоёргүй сэтгэлээр хандсан “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэдэг эшлэл тэд нарт маань зориулж бичсэн мэт санагдахаар сайнч, сайханч багш нараар эрдэм ном заалгаж явсандаа бахархаж явдаг” хэмээн сэтгэл нь хөдөлсөн байдалтай хэлж байлаа.

Д.Пүрэвдорж, Т.Доржжанцан нар “Манай ангийнхан аравдугаар сард 20 жилийнхээ ойн уулзалтыг хийнэ. Гадаадад байгаа ганц хоёр маань л ирж амжихгүй байх. Бусад нь бүгд ирнэ ээ” хэмээн ойн уулзалтынхаа талаар ярьж эхэлсэн юм. Ийн яриа өрнөж байтал АНУ-д ажиллаж амьдарч байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Энхсайхан нар Д.Пүрэвдоржтой цахимаар холбогдон, ангийнхандаа мэнд хүргэж байсан юм. Тус ангийнхан сурлага сайтай хүүдүүд, өртөөний даргаас эхлээд мэргэжлээрээ тэргүүлж явсан хүмүүс нэг анги болсон тул сурлага, урлаг, спортоор сургуульдаа толгой цохисон шилдгүүдийн анги байж. Эл ангийнхнаас “Мөнхийн гэгээнт” компаний захирал Б.Энхбаяр, “Болор ус” компанийн захирал Ч.Гантөмөр, “Монгол экспресс” компанийн дэд захирал Д.Сайханжаргал, тус компанийн хүний нөөцийн албаны дарга Д.Шинэцэцэг, “Бодь” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Шинэбаяр, “Хуримт” констракшны захирал М.Амарсайхан нар өдгөө хувийн хэвшилд ажиллаж байгаа бол бусад нь мэргэжлийнхээ ажлыг 20 жил хийж байгаа гэнэ. Тухайлбал, УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, УБТЗ ХНН-ийн ачаа тээвэр хариуцсан хяналтын байцаагч Т.Доржжанцан, УБТЗ ХНН-ийн МСҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Алтанчимэг, УБТЗ ХНН-ийн Дархан өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Г.Гантуяа, Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Д.Нарантуяа, Сүхбаатар өртөөний Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Ж.Дэжигмаа, Эрдэнэт өртөөний Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Хэнзсүрэн, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын логистикийн албаны инженер С.Мөнхзаяа, МТЗ ТӨХК-ийн Төмөртэй өртөөний дарга С.Энхтайван, УБТЗ ХНН-ийн Статистик бүртгэл мэдээллийн албаны инженер Б.Нансалмаа, УБТЗ ХНН-ийн_ АБТЭМ ангийн инженер Р.Энх-Амгалан нар мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж байна. Харин Р.Батсүхийн хувьд МТЗ ТӨХК-ийн дэд захирлын албыг хашиж байгаа хэмээн ангийн дарга Т.Доржжанцан хэлсэн юм. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн ангиас Д.Сайханжаргал, Р.Энх-Амгалан нар гэр бүл болоход нь ангиараа очиж байсан гэнэ. Тус ангийн Д.Шинэцэцэг, Д.Шинэбаяр хоёр эгч дүүс аж.

Р.Батсүх дурсамж хуваалцъя гээд “Сургуульдаа ороод төмөр замын ерөнхий курс гэдэг хичээл орлоо. Хичээл эхлээд энэ номыг уншиж, судлахгүйгээр төмөр замыг ойлгож, цаашид суралцахад хүнд болно л гэж багш хэлж байна. Бүгд л номын сангаас өнөө алдарт шар номоо авцгаалаа. Гэртээ хариад уншиж эхэллээ, эхлээд л дотор нь “цариг” гээд үг орж байна, ойлгодоггүй. Тэгээд бодлоо төмөр замтай холбоотой юм чинь “царил” гэсэн үгийг алдаад бичсэн байх гэж, аминдаа төмөр рүү нь ойртуулж ойлгож, бодож байгаа нь тэр. Цааш уншаад л байлаа явдаггүй ээ ойлгох юм даанч алга. Ерөнхий курс орохоор нь багшаасаа энэ номын алдааг олсон гэсэн шүү юм бодоод, зоригтойхон л асуулаа, багш бөөн инээд болоод надад тайлбарлаж өгснөөр ийнхүү анх төмөр замын техникийн шинжлэх ухааны хэллэг, ойлголттой нүүр тулсан даа” хэмээн ангийнхан руугаа хараад инээмсэглэв.

Нэг удаа ангиараа шалгалт өгч байж. Ангийнх нь охинд хүлээн авах, явуулах замын ашигтай уртын тодорхойлолт гэсэн асуулт ирж. Гэтэл ангийн охин нь “Дохионоос…” гээд л цаашаа явдаггүй гэнэ дээ. Ангийнхан руугаа эргээд хартал нэг нь аминдаа “хязгаарын шон” гэж хэлүүлэх санаатай гараа дээш өргөөд шипий өгтөл ангийнх нь охин шууд утгаар нь ойлгоод дохионоос дээшээ гээд аваад хаячихсан юм байх. Ангиар дүүрэн инээд болж багш нь нулимсаа гартал инээгээд “Агаарт ашигт урт боддог” гээд л нэр өгчихсөн гэж байв. Энэ мэт төмөр замчин оюутан болох гэж хөглөж явсан дурсамж тэдний дунд олон бий аж. Ангийн дарга Т.Доржжанцан шүлэг бичих дуртай нэгэн. Шүлэг нь тийм ч муу бас биш. Тиймээс маш олон өртөөнөөс түүнд захиалга өгч шүлэг бичүүлж байсан юм. 20 жилийн өмнө сургуулиа төгссөн залуус өнөөдөр Төмөр зам болон хувийн хэвшилд ид хийж бүтээх насан дээрээ гялалзаж явна.

Тэднийг оюутан байх үед дадлагын хичээл дээрээ ангийн багш нь вокзал дагуулж явдаг байж. Тэнд очоод “За, нөгөө сум гэдэг чинь энэ” гэж байгаад л дов, ялгах зам, хүлээн авах, явуулах зам гээд л бүгдийг харуулж, зааж өгдөг байсан талаар тэд ярьцгаасан юм. Багш нь зүгээр үзүүлээд тойроод явахгүй, төмөр замын байцаагч шиг л хэмжээ, дамжааг нь асууна, дадлагын ажилд сарын хугацаатай өртөөдөд хуваарилаад явуулахад бараг төмөр замчин болоод ирцгээдэг байсан аж. Дадлагын ажлын хамгаалалт гэж курсын ажил хамгаалахаас ч илүү шалгуураар орж асуугддаг байжээ. Үнэхээр мэргэшсэн шиг мэргэшиж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа нь өнөөдрийн цаг хугацаанаас эргээд харахад мэдрэгдэж байгаа юм. Ангийнхан хоорондоо эргэх холбоо сайтай явсаар өнөөдрийг хүрсэн байна. Ангийн дарга Т.Доржжанцан “Би чинь Сайншандад өртөөний даргаар ажиллаж байгаад 31 настай оюутан болж ирсэн. Сайн зүйлс их заасан. Саар нь ч байсан байх. Энэнээс эхлээд (Р.Батсүхийг заагаад) хатуу юм ч хүртээж сургасан байх. Гэхдээ өнөөдөр ингээд дарга болоод явцгааж байгааг нь харахад муу ч ангийн дарга байгаагүй юм шиг байгаа юм даа” гээд инээмсэглэв. Р.Батсүх “Их ч олон юманд гүйлгэсэн дээ” гээд өөдөөс нь инээдээр хариу барилаа. Тус ангийнхан ангийн даргынхаа үгэнд маш сайн ордог байж. Цэцэг шиг охидоо гундааж болохгүй гээд ангийн охиддоо маш хүндэтгэлтэй хандаж ирсэн талаар бүгд хэлж байлаа. 20 хавар, 20 зун, 20 өвөл, 20 намар өнгөрсөн ч анги хамт олноо гэх сэтгэлийн оч нь огт буураагүй гэдэг нь тэдний ярианаас илхэн байв.

Тэдний ангиас Т.Доржжанцан төрийн дээд одон Алтан гадас, Д.Шинэбаяр Хөдөлмөрийн хүндэт медаль хүртжээ. “Хүндэт төмөр замчин” цолоор М.Амарсайхан, Б.Энхбаяр, Д.Хэнзсүрэн, Т.Доржжанцан нар шагнагдсан аж. Түүнчлэн “Төмар замчны алдар”-ыг Д.Пүрэвдорж, Д.Хэнзсүрэн, “Тэргүүний төмөр замчин” Р.Батсүх, Д.Дэжигмаа, Г.Гантуяа, С.Мөнхзаяа, Д.Хэнзсүрэн, Н.Алтанчимэг нар, “Онц хөдөлгөөнчин” цолоор Д.Пүрэвдорж, Д.Нарантуяа, Р.Батсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр шагнагдсан талаар өнөө гурав маань ам уралдуулан ярих нь нэг ангийнхан гэдэг ийм л байдаг даа хэмээн бахархмаар байсныг нуух юун. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгсөхдөө сургуульдаа автомат хэрэглэлийн кабинетийг иж бүрнээр нь тохижуулж өгч байжээ. Ангийн дарга Т.Доржжанцан “Би 30 гарчихсан ангийнхан дундаа л хөгшин товарищ байлаа. Нэг өдөр Батсүх барилдъя гээд болдоггүй. Манай Батсүх чинь Төв аймгийн Сэргэлэн сумын багийн заан цолтой (инээв). Хөгшин ахтайгаа барилдаад уначихсан. Дахиж барилдах гээд шаралхаад байхаар нь хүн наадмаар нэг л барилддаг юм” гээд болиулж байсан удаатай аж. Мөн нэг өдөр ангиараа бүхээгтэй 53 машинд суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу явж. Р.Батсүхийндээ л очих гэж яваа нь тэр. Анх удаа айраг ууж үзэх нь үзэж, Ээж хаданд очиж уйлах нь уйлаад мөргөж сөгдөөд буцацгаасан гэнэ. Нэг хөгтэй зүйл болсон нь нэлээд оройхон Улаанбаатараас хөдөлсөн тул харуй бүрийд л Сэргэлэн сум орсон юм байх. Давхиж давхиж нэг айлын гадаа очоод “Энэ айлын гэр хойшоо харчихсан байна” гэхээр нь ангийн дарга “Хойшоо ч хараагүй байна аа. Чи ор” гээд Батсүхийгээ оруулчихаж. Айлд ороод “Танайх Сэргэлэн сумын айл уу” хэмээн асуутал гэрийн эзэн “Сүхээ хүү юу даа” гэхээр нь хартал саахалт айлынх нь байсан аж. Гэрийнхээ хаяанд ирчихээд гэрээ олдоггүй золигийн хүүхэд шүү хэмээн ангийн дарга явуулж, Д.Пүрэвдорж цаана нь инээмсэглэсээр суулаа. Энэ мэтчилэн хөгжилтэй дурсамж олон ажээ. Тус ангийн оюутнууд халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж байгаад 250 төгрөгөөр хонины чанасан толгой худалдан авч идэж, ангидаа цайгаа буцалгаж уугаад подхийтэл гэдэс гарчихдаг байж. Иймийн учир оюутан ахуй цагийн гэрэлт дурсамж нь алтан шаргал намраар илүүтэй бодогддог гэнэм.

Тухайн үед Төмөр замынхан, 120 мянгат, 220 мянгантынхан гээд атаман их байсан цаг. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ярив. Баруун дөрвөн замаас хуучин Тээврийн товчоо хүртэл ёстой л амьдрал буцалж байсан. Тоглоом тоглуулсан хүмүүс, хоол, шагийн архи зардаг хүмүүс гээд байхгүй юмгүй гэж байлаа. Математикийн багш Гомбосүрэн нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Гооёо багш бидэнд сайн учраас багшийн хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан хэмээн ярьцгаасан юм. Д.Пүрэвдорж “Биднийг оюутан болоход ТМС татан буугдаж, сүүлийн төгсөлд нь хагас жилээр төгсч байсан. Тэр хагас жил л хэцүү байсан. Хоёрдугаар курст ороод асуудалгүй болсон” хэмээн инээж байлаа. Ангийн хөвгүүд Төмөр замаас Үйлдвэр комбинат хүртэл шуудайтай шил үүрч аваачин тушаадаг байж. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж аваад авахаар зориг шулуудсан зүйлсээ авч ангидаа очиж найрладаг байсан гэх. Шилээ тушаачихаад буцах замдаа цөөхөн хэдэн төгрөгөө атамануудад алдахгүйн тулд тун чиг их хямгаддаг байсан аж. “Өөрийнхөө төлөө яваагүй юм аа. Ангид хүлээж байгаа найзуудынхаа төлөө явдаг байсан. Өлсчих вий гэхдээ ингэж явдаг байлаа шүү дээ. Одоо ч сайхан болж дээ” хэмээн Пүүжээ ширээгээ тулан босч цонх ширтэн зогслоо. Тухайн үед хуйхалсан чанасан толгой 250 төгрөг байсан болохоор амар байсан юм. Гэхдээ ангийн дарга бидэнд амсуулаад өөрөө үлдсэнийг нь идчихдэг байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ангийн даргаа цаашлуулан инээлдэнэ. Хэлийг нь идвэл хэлгүй болно. Чихийг нь идвэл дүлий болно гэдэг байсан хүн дээ гээд дахин нир хийтэл инээлдэв. Тухайн үед сургуулийн оюутны зөвлөлийн даргаар Р.Батсүх ажилладаг байж. Тэр сургуулийнхаа багийг ахлан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Дэвжээ” тэмцээнд оролцон шилдэг дөрвөн багт шалгарч, Монгол Улсын шилдэг таван сургуулийн нэгээр шалгаруулахад гол үүрэгтэй оролцож, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гарын үсэгтэй гадаадад нэг оюутан мастер хамгаалах нэг эрх авч ирж ангийн найз Д.Шинэбаяр нь явж байсан гэнэ. Энэ мэтчилэн ангиас анги дамжсан бахдам амжилт сургуулийн хэмжээнд бус улсын хэмжээнд гарч байсан удаатай. Энэ мэтчилэн олон дурсамжийг энд бичиж болно. Арав гаруй насны зөрүүтэй ах дүү мэт залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар харуулсаар явна. Нэг намар, хоёр намар, гурван намар… Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 20 дахь намар.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “Авьяаслаг монголчууд” дээр шавж байна

“Авьяаслаг монголчууд” шоу эрэлттэй байна. Бүгдийг дэлгэцнийх нь өмнө уяж байна. Түүний өмнө “Voice” шоу дуусаад удаагүй. Энэ шоунаас нь салахгүй уяатай, дэлгэцийнхээ өмнө шавцгаасан. Манайхан болсон хойно яахав дээ, өнөөх шоунуудаа шүүмжилж, магтаж, сошиалд баахан цуурцгааж байна. Амьдралынх нь нэг хэсэг шоу аятай Л.Чинбатын телевизийн шоунд хамаг цагаа барах юм. Тэр зуурт Гацууртын Л.Чинбат цасанд даруулсан, даруулаагүй гэлцэн тариагаа хурааж байна. Түүний бизнес өргөжөөд л байх юм. Тэр улам баяжаад л байх юм. Бусад хүнийг тариа хураалгахгүй гэсэн шиг гадны шоуг энэ зуур тасралтгүй хийх юм. Шоу үзэх, үзэхгүй нь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт л доо. Гэхдээ Л.Чинбатын хүслийг гүйцээж, цагаа алдаж, шоу үзээд суухын оронд ажил амьдралаа бодооч ээ, ард түмээн. Нэг л их шоу, үзэж, дуулж хуурдсан улс боллоо.

Үлдсэн цагт нь өнөөх дуулсан хуурдсан үзсэн харснаа ам уралдан, сайнтай, муутай нь ярих юм. Л.Чинбат яагаад наана чинь оролцохгүй байгааг мэдэж байна уу. Тэр хүн чинь ажлаа хийж байна. Л.Чинбат шиг болохын тулд та нар ажил хий, шоу цэнгээнээ одоо орхиё. Алийн болгон мал төллөх цагаар нөхрөөсөө нуугдан байж, үр хүүхдээ орхиод дуу дуулах гээд ирэхэв дээ. Аж амьдралаа бодож, ажлаа хийсэн дээр. Таны өмнөөс Л.Чинбат шиг баян хүн хүүхдийг чинь хүмүүжүүлж, тэжээж, хүний дайтай хүн болгохгүй. Энэ тухай “Өдрийн сонин” өмнө нь бичиж л байсан. Хашрахгүй, халшрахгүй дахиад л хэлье. Гэр бүлээрээ бүжгийн тэмцээнд түрүүлсэн гээд шоунд ирж байгаа та нар минь яана даа. Нааш, цааш явж ирэх унаа, унд, хувцас хэрэгслийн зардлаас өгсүүлээд байдгаа л барж байгаа биз. Зөндөө л мөнгөө үрж зараа л байлгүй. Тэглээ гээд шоунд оролцсон болгон түрүүлчихгүй. Хэдэн зуу, хэдэн мянгаараа түмний өмнө баясгагч боллоо гээд нэгэнд нь л аз тохиож, хэдэн төгрөг өвөртлөөд буцна. Тэр нь амьдралын баталгаа болох эсэх нь эргэлзээтэй. Энэнийхээ оронд өөртөө, үр хүүхдэдээ хэрэгтэй юм хийдэггүй юм уу. Монголчууд бид шоу цэнгээн, нийтийн сүлжээ, телевиз үзэхэд хамаг цагаа зориулж байна. Хэдийд нь ажиллаж амьдардаг юм гэмээр. Хоёр сая гаруй хүн нийгмийн сүлжээнд байдаг, сошиалаас хараат, түүний хэрэглэгч, тэн хагас нь шоу, үзүүлбэрт оролцож, үлдсэн хэсэг нь үзэгч болчихож. Азидаа нүүр ном хэрэглэгчээрээ тэргүүлж байна гэдэг үүнийг бэлээхэн нотолж байгаа хэрэг. Ядуу хүний гол шинж нь телевиз үзэх, унтах, өөрийгөө өрөвдөж, баян хүнд атаархаж шүүмжилж хэвтэх л юм гэнэ лээ.

Хуучин цагт Увсын гурван эрийн нэг нь бөх, нөгөө нь дуучин, үлдсэн нь нөгөө хоёрынхоо хоолыг бэлддэг гэж ярьдаг байлаа. Одоо ч тийм л байгаа. Үнэн хэрэгтээ Увсынхнаар зогсохгүй, монголчуудын нийтлэг төрх ийм л шүү дээ. Хэлдэг гурав, хийдэг ганц гэгчээр. Статистикаар ч монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу.

Ийм болоод л хөдөлмөр хийхгүй телевиз, ухаалаг утас, компьтерээсээ хараат, уяатай байхаар амьдрал нь яаж дээрдэх юм. Тэнд цагаа барж, идсэн хоол, үр хүүхдийнхээ зургийг постолж, жиргэж суухад чинь баян хүн ажлаа хийж, мөнгө нь арвижсаар л байгаа. Мөнгөтэй хүнийг мөнгөтэй болгох гэж нийгмээрээ зүтгэж байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том аюул энэ болж байна. Хэдхэн хүн ажиллаж, хэдхэн хүн баяжиж, бусад нь тэднийг баяжуулахын тулд зүтгэдэг болчихсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн тэрбумтнуудын нийт баялаг нэг их наяд ам.доллараар өсчээ. Дэлхийн хамгийн баян таван зуун хүний нийт хөрөнгө 4.4 их наядаас 5.3 их наяд доллар болж өссөн гэсэн үг. Харин ядуусын тоо маш бага хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн эдийн засаг өсөлттэй үед ядуусын тоо бага зэрэг буурдаг ч эдийн засаг хямрахаар дундаж давхаргынхан ядуусын эгнээнд шилжиж, ядуусын тоо ихэсдэг. Ядуу нь улам ядуу, баян нь улам баян болж байна. Энэ нь Монголд бүр ч тодорхой харагддаг.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох тухай дэлхийгээрээ яриад эхэллээ. хүний хийх бүх ажлыг робот гүйцэтгэдэг болно. Энэ хувьсгал нийгэм, эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төрхийг ч өөрчилнө гэж байна. Үүнийг хувьсгал гэхээсээ хувьсал гэж үзэж болно гэж ажиглагчид тайлбарлаж байна. Энэ хувьслыг тайлбарлах бас нэг зүйл нь “Бүтээлч устгалч” шинж чанар гэнэ. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирэхэд хуучны үүрэг, функцийг тэр чигт нь орлохоос гадна хамаагүй бүтээмж өндөртэй байх нь. Тиймээс хүмүүс тэр бүхний үр дүнд үй олноороо ажилгүй болно. Жишээ АНУ-д гэхэд нийт ажлын байрны 47 хувь нь 1224 жилийн дотор байхгүй болно гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч Клаус Шваб хэлсэн байна лээ. Энэ хувьслын үед генетикийн нээлт, хиймэл оюун ухаан, робот, нано технологи, 3D хэвлэгч, био технологи биенээ нөхөж түшиж, хөгжих бөгөөд асар их боломж авчрах ч, асар их асуудал мөн дагуулна. Тэр олон ажилгүйчүүдийг яах вэ гэдэг хамгийн том бэрхшээл. Тэр хувьсалд тааруулж бүхнийг зохицуулах эрэл хайгуул хэрэгтэй, алхам хийх хэрэгтэй. Аж үйлдвэржилтийн хувьсгалын өнгөрсөн түүхүүдэд ийм нөхцөлд орсон түүх байхгүй учраас тэр олон ажилгүйчүүдийг яах вэ, яаж ажилтай байлгах вэ гэдэг шууд хариулт олж чадаагүй л байна.

Бид дэлхийгээс тусгаарлагдаад нүүчихдэггүй л юм бол хэдийгээр тэднээс олон дэвшлээрээ хамаагүй хоцорч яваа ч дөрөв дэх хувьсгал буюу хувьсалтай нүүр тулж л таараа. Монголд ч ажилгүйчүүд улам олон болно. Тэр ажилгүй хүмүүс ердөө л “Авьяаслаг монголчууд “ шиг шоунд л ордог болж, хэдэн зуу, хэдэн мянган оролцогчийн ганц азтан нь болохын төлөө л явах болох нь. Тэр ирээдүй бидний үр хүүхдийг хүлээж байна. Гэтэл монголчууд өнөөдөр урлаг соёл, уралдаан тэмцээн, бөх, дуучин, хөл бөмбөг, бүжиг хөөх нь улам бүр олширлоо. Үр хүүхдээ үүнд дурлуулж, шүтүүлж өсгөж байна. Ард түмнээ ингэж манкурт боол шиг эзнийхээ үгнээс гардаггүй, үг дуугүй биелүүдэг болгохоос Монгол Улс сэрэмжлэх хэрэгтэй байна. Бид сэтгэх чадваргүй, зүгээр л гүйцэтгэгч болж хувирлаа. Үүнээс сэргийлэхийн тулд хэн нэг, хэсэг бусаг нь хэт баяжиж, бусдынхаа ажил хөдөлмөрийг хуу хамахаас сэргийлж хүн бүр ажил хийдэг, дундаж амьдралтай хүмүүс олон болж, илүү олон хүн ажилтай хөдөлмөртэй, өмч хөрөнгөтэй, болох хэрэгтэй байна. Бид үр хүүхдээ баячуудыг зугаацуулагч болгохгүйн тулд дуучин, хуурчин, бөх барилддаг, тэмцээнчин болгомооргүй байгаа юм.

Од болохын хүслэнгээс нь ангижруулах хэрэгтэй байна. Хойч үеэ бодох хэрэгтэй болжээ. Хүн төрөлхтөн технологийн дэвшил, өөр гаригт амьдрах тухай ярьж, бүтээж байхад бид 1517 дугаар зуунд маш их хөгжсөн ший жүжгээ үзээд, түүндээ оролцож, түүнийг нь үзэж суусаар байна гэж үү. Энэ нь зугаа гаргах л зориулалттай болохоос оюун сэтгэхүйг хөгжүүлж, улс орныг урагшлуулахад ямар ч нэмэргүй. Таны, бидний үр хүүхэд Бүтээлч устгалчийн устгалд орох тэр нэгэн байгаасай гэж хүсэхгүй л биз дээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганбаясах: МУГЖ эмэгтэй АНУ руу уран нугаруулах гэж авч явсан охиныг мөнгө олсонгүй гэж зодож гудамжинд гаргасан

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахтай ярилцлаа.


-Хүний наймааны төгс хэлбэр бол хүний эд эрхтэн худалдаалах гэдэг. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдол манай оронд байдаг юм болов уу?

-Одоогоор хуулийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн тохиолдол нэг ч байхгүй. Хэдэн жилийн өмнө Энэтхэг, Бангладеш, Непалын ядуу тосгодоор донорын ангуучид явж хүний өрөөсөн бөөрийг 3000 ам.доллараар авч байсан гэх кэйс бий. Гэхдээ тухайн бөөрнүүдийн ихэнх нь ямар ч хэрэггүй болсон. Яагаад гэвэл эд эрхтний донорыг маш нарийн шинжилгээгээр олдог. Тэр тусмаа хос эрхтнүүдийн донор төдийлөн эрэлт хэрэгцээтэй байдаггүй. Манай улсад бөөр, элгийг шилжүүлэн суулгаж байгаа. Элэг буцаж ургадаг учраас ах дүү, хамаатан саднаас нь авчихаж болдог. Тиймээс тэр болгон үнэд хүрч эрэлт үүсгээд байдаггүй. Гэхдээ эд эрхтний донорын эрэлт байгаад л байна. Хамгийн гол нь нийцэл гэдэг зүйл чухал. Тэрнээс гудамжны харанхуй буланд явж байхад чинь согтууруулах ундаа өгч тасалж унагаагаад өрөөсөн бөөрийг чинь аваад явчихна гэж ойлгож болохгүй. Энэ бол худлаа. Яагаад гэвэл маш нарийн шинжилгээний үр дүнд донорыг олдог. Тухайн хүний насыг уртасгах гэж байгаагаас биш хог дээрээс нэг юм авчраад залгаад оёчихож байгаа юм биш шүү дээ. Тийм болохоор хүн өөртөө амьдрал бэлэглэх гэж байгаа учраас аль болох урт насыг хайдаг. Жишээлбэл, осолд орсон донороос эрхтэн шилжүүлбэл насжилт нь 3-5 жил байдаг. Харин амьд донороос шилжүүлсэн эрхтэн 5-10 жил амьдрах боломжтой гэж үздэг. Тиймээс дэлхий даяар амьд доноруудын эрэлт маш өндөр байдаг. Зөвхөн хүний өрөөсөн нүд 18-20 төрлийн донор болдог. Ямарваа нэг хүнийг худалдаалснаар 500 мянга орчим америк долларыг олж болно гэж үздэг. Тэгэхээр хүний наймааны хохирогч эд эрхтний донор болсон бол хэзээ ч амьд олдохгүй. Яагаад гэвэл өрөөсөн эрхтнүүдийн хэрэглээ өндөр байдаг. Түүнчлэн донорын ангуучид аль улсын ямар эмнэлэгт ямар эрхтэн хэрэгтэйг судалчихсан байдаг. Тиймээс амьдаараа олдох тохиолдол маш бага.

-Донорын ангуучдын арга барил ойрын жилүүдэд их нарийсч байгаа гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Сүүлийн үед донорын ангуучид их нарийн ажилладаг болсон. Тухайлбал, эмзэг бүлгийн хүмүүсийг сайн дурын эмнэлгийнхэн гэх баг дор маш их судалгаанд хамруулж байна. Гадны оронд хэрэгцээтэй байгаа донорын эрэлтэд нийцэж байгаа хүмүүсийг сонгож манайхаас та нарыг нутагтаа аялуулах гэж байна гэж дагуулж явдаг. Сонгогдсон хүмүүс нь 14-15 насны арван ижил хүүхэд байх жишээний. Буцаад ирэхдээ хоёр нь өвчтэй болж буцаагаад эмчилгээнд авч явна. Удалгүй тэнд амиа алдчихлаа гээд чандар нь хүрээд ирдэг. Иймэрхүү төрлийн асуудлуудад маш болгоомжтой хандах хэрэгтэй байна. Дүүрэг, хороон дээр үзлэг сайн дурын ажлууд их ирдэг шүү дээ. Тэдний Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг заавал шалгаж байх хэрэгтэй юм. Гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа бол зайлшгүй гурав дахь шатлалын эмнэлгийн тодорхойлолтоор баталгаажсан нөхцөлд явах ёстой.

-Хүн худалдаалах гэмт хэрэг дундаа бэлгийн мөлжлөг хамгийн анхаарал татдаг сэдэв шүү дээ?

-Энэ сэдэв дээр нэгэн жишээ дурдъя. Манай байгууллагад ирсэн нэг хохирогч бэлгийн мөлжлөгт орж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээр данс хөтөлж байсан байгаа юм. Үүнийг тухайн зохион байгуулдаг хүмүүс нь хөтлүүлсэн гэсэн. Тэд тэмдэглэлийн дэвтэр дээр хохирогчийн биеийг нь үнэлүүлж өөрөөр нь данс хөтлүүлэн “Чи энд нэг сар ажиллаад багана тойрчихоод ороод ир. Үүний чинь дагуу чамайг цалинжуулъя” гэж хуурч ажиллуулсан байгаа юм. Хохирогч охин тухайн тэмдэглэлийн дэвтэрээ авчирчихсан болохоор бодитой нотлох баримт болж байна. Бас нэг жишээ дурдъя. Хүний наймааг зохион байгуулдаг хүмүүс Ганц модны боомт руу гарч буй машин дээр хүүхэн авна гэж зар бичдэг. Үүнийх нь дагуу хүмүүс зохион байгуулалттайгаар охидуудыг аваачиж биеийг нь үнэлүүлж байна. Дээрээс нь нэмээд массажны газрууд байна. Энэ төрлийн гэмт хэрэг газар авсан. Гэхдээ бидний ажил бол хохирогчдын аюулгүй байдлыг хангах, хохирогчдыг түр хоргодох байранд байлгаж хуулийн байгууллагад хандвал чиний асуудал яаж эерэг сайнаар шийдвэрлэгдэх вэ гэдэг талаар ихэвчлэн мэдээллүүд өгдөг. Бид тухайн гэмт хэргийн талаарх мэдсэн бүхнээ хуулийн байгууллагад бүрэн мэдээлдэг. Гэвч гомдол гаргах эсэхийг тухайн хохирогч өөрөө шийддэг. Хохирогч цагдаад хандах уу, болих уу гэж их эргэлздэг.

-Бэлгийн мөлжлөгийн хохирогчдод эргэлзэх ямар шалтгаан байдаг юм бэ?

-Энэ талаар тайлбарлахад их хэцүү. За нэг жишээ дурдъя. Та 19 настай. Хоёрдугаар курсийн оюутан. Орон нутагт гэр чинь байдаг. Өнгөрсөн жил ээж аав чинь цалингийн зээл аваад төлбөрийг чинь төлчихсөн. Энэ жил чиний төлбөрт өгөх мөнгө байхгүй. Намар хичээлдээ ирсэн багш нар чинь төлбөрөө төлөөгүй учраас хичээлд чинь оруулахгүй байлаа. Гэртээ буцаад очих гэхээр боломжгүй байдаг. Яахаа мэдэхгүй явж байхад чинь найзын чинь төрсөн эгч тааралдаад “Эгчийн дүү ямар хэцүү юм бэ. Эгч нь туслаад өгье. Би дүүгийнхээ төлбөрийг ганцхан сарын дотор урд ажиллаад олж өгсөн. Тэнд цэвэрлэгчийн цалин гэхэд 10 мянган юанаас эхэлж байгаа. Чамайг үсчний туслахаар ажилд аваад сарын 6000 юанаар цалинжуулъя. Хоёулаа гуравхан сар яваад ирэх үү. Эхний ээлжинд чи нэг сар ажиллаад үз. Болохгүй бол буцаад ир. Чиний гадаад пасспорт, замын зардлын мөнгийг би гаргая” гэнэ. Энэ үед тэрнээс өөр сайн хүн чамд байхгүй мэт санагдана. Эрээн рүү очин очтолоо та хоёр ирээдүйн талаар сайн сайхан зүйл ярилцлаа. Эрээнд очоод чамтай цуг явж байгаад нэг хүнтэй уулзаадахъя гээд гараад алга болчихлоо. Удалгүй нэг өмнөд Монгол эмэгтэй орж ирээд цуг ирсэн хүн чинь чамайг авчирж өгөөд дүүгийнх нь бие муудлаа гээд надаас 3000 юань зээлээд явчихлаа. Чи одоо тэр мөнгийг нь өг гэнэ. Чи тэр үед эцэг эх рүүгээ залгана. Мэдээж олдохгүй. Гэтэл тэр эмэгтэй төлж чадахгүй бол биеэ үнэл гэж шаардаж эхэлнэ, дарамтална, сүрдүүлнэ. Өдөртөө нэг ажил 300 юань, чи аравхан өдрийн дотор 3000 юанийг нь төлчихнө гээд ажиллаж эхэлнэ. Өмнөд монгол эмэгтэй чамд “Хэрвээ чи илүү ажил хийвэл илүү хийсэн ажлынхаа хөлсийг өөрөө авна. Би тэрнээс чинь нэг ч төгрөг авахгүй” гэнэ. Тэгээд л та тухайн ажлыг хийхээс өөр аргагүй болно. Тэгээд л хүү бодно. Сарын тэмдэг ирэх үеэр чинь хүү нь яваад л байна. Улмаар сарын дараа чамайг багана тойроод ир гээд явуулна. Ирэхээр чинь 4000 мянган юань өгье гэнэ. Буцаж очвол мөнгөтэй болчихно. Чи гэрийнхэндээ гадаадад өндөр цалинтай ажил хийхээр явлаа гэж хэлсэн. Энэ байдал үргэлжлээд л байна. Эцэс сүүлд нь чи мөнгө олж чадахгүй гэдгээ ойлгоно. Нутаг буцахаар болох үед чинь өөрийнхөө оронд 1-3 хүн олж өг гэнэ. Чи тэнд мөнгө олохгүй биеэ үнэлээд байх уу, өөрийнхөө оронд хүн олж өгөх үү. Хүмүүс ихэвчлэн ойрын хүрээнээсээ хүмүүс олж өгдөг. Ингэснээр хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг гинжин холбоонд чи өөрөө орчихсон байдаг. Та Монголд хүрч ирээд тус гэмт хэргийн талаар цагдаад хандаж чадах уу. Үгүй. Яагаад гэвэл та өөрөө энэхүү гэмт хэргийн жуулчлагч болчихсон байдаг. Түүнчлэн таны асуудлыг бусад хүмүүс мэдчих гээд байдаг. Нэг ёсондоо хүн худалдаалах гэмт хэргийн зохион байгуулагчид хохирогчийг гэмт хэргийнхээ гинжин холбоонд оруулж өөрсдийгөө нууцалж байдаг гэсэн үг.

-Хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн яриа их газар авах болсон. Энд хүний наймааны шинж тэмдгүүд илэрч байна гэдэг шүү дээ?

-Зарим тохиолдолд энэ хүний наймаа болдог. Тухайн моментод хэдэн асуулт тавиад үзэх хэрэгтэй. Хүүхэд өөрөө цалин хөлсөө авч байна уу, хүүхэд өөрийнхөө орон гэрт амьдарч байна уу, сургуульдаа сурч байна уу, тухайн ажлыг хүссэн цагтаа орхиод явах боломж нь тэр хүүхдэд нээлттэй байна уу, хүүхэд үүнийхээ төлөө ямар нэг байдлаар өрийн барьцаанд орж уу гэх мэт. Одоо үед хүмүүс хүүхдээ нэг айлын мориных нь хүүхэд болгочихоод ганц нэг хонь авдаг зүйлс түгээмэл байна. Дараа сард хоолгүй юм чинь нэг төлөг, шуудай гурил эзэлчихье манай хүүхдийг ажиллуулж л байхгүй юу гэдэг ч юм уу. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийг мөлжиж амьжиргааны эх үүсвэрээ залгуулж байгаа хэлбэр юм. Энэ дээр бас нэг кэйс ярья. Гудамжинд хүүхдээр гуйлга гуйлгах хүний наймаа мөн үү. Энэ бол яг дээрх жишээтэй адил хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж буй хэрэг мөн. Сүүлийн үед хүүхдээр гуйлга гуйлгах нь илүү ноцтой хэлбэрт шилжиж байна. Өөрийнхөө хүүхдийг тэвэрч гуйлга гуйхтай зэрэгцээд хүүхдээ бусдад өдрийн 5-20 мянган төгрөгөөр түрээслүүлдэг болжээ. Нэг айл хоёр хүүхдээ түрээслүүллээ гэж бодоход өдрийн 40 мянган төгрөг гэдэг ч юм уу. Тэр мөнгөөр нь эцэг эхчүүд өөрсдийн амьжиргаагаа залгуулж байна.

-Хүний наймаа гэдэг их нарийн ойлголт болжээ?

-Манай монгол хүүхдүүд их авьяаслаг. Уян хатан, уран нугардаг. Тэгвэл тэр уран нугараач хүүхдүүдийн асуудлыг ярья. АНУ-д хохирогч болсон нэг бага насны охин бий. Түүнийг нэгэн Монгол Улсын гавьяат жүжигчин эмэгтэй АНУ-руу авч явж уран нугараач хийлгэсэн. Удалгүй тэр хүүхэд өсвөр насандаа очиж биеийн өсөлт хөгжилт, насны шилжилттэй холбоотойгоор хүсч байсан мөнгийг нь олж өгч чадахаа больжээ. Тэрнээс болж багштайгаа муудалцаж, зодуулан гадаа гудамжинд явж байгаад АНУ-ын нийгмийн халамжийн байгууллагынхны асрамжинд очсон байгаа юм. Энэ асуудал дээр АНУ ар гэрийнхэнд нь Т-Виза гэх хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод олгодог визийг өгсөн. Улмаар манай орчуулагч АНУ-руу гэрийнхнийг нь хүргэж өгч байлаа. Бас Тунгалаг гэх эмэгтэй төрсөн ахынхаа хүүхдийг Герман улсад яг дээрх кэйстэй адилхан нөхцөлд уран нугаруулж байжээ. Сар бүр хүүхдийнх нь цалин гэж аав ээж рүү нь 500 доллар явуулдаг байсан. Тэгээд хүүхэд өсвөр насандаа очиж мөнгө олж чадахаа больж дээрхтэй яг адилхан үйл явдал болсон. Харин Германы талаас эцэг эхэд нь хүүхдээ асрамжлах эрхийг нь өгөөгүй. Эцэг эхэд нь виз олгоогүй. Ямар ч улсад эцэг эх хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заадаг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцийн дагуу хүүхдэд олдож байгаа бүрэн эрх байдаг. Гэтэл нугараач охины эцэг эх тэжээн тэтгэх үүргээсээ татгалзаж хүүхдийг орлогын эх үүсвэр болгож хүүхдийнхээ олсон мөнгөөр амьдарч байна. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна гэдэг утгаар буруудсан. Тэр охины эцэг эх хэрвээ Герман улсад ямар нэг байдлаар очсон бол өөрсдөө хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн гэдэг утгаараа гэмт хэрэгтэн болох байлаа. Харин АНУ-ын кэйс дээр эцэг эх нь хүүхдээ илүү авъяас чадварыг нь хөгжүүлнэ гэж явуулсан. Тэрнээс ямар нэг мөнгө олох эх үүсвэрээ болгоогүй учраас хохирогч гэж үзэн тэдэнд тусалсан. Иймэрхүү төрлийн зүйлс зарим тохиолдолд гэмт хэрэг болно, зарим тохиолдолд болдоггүй.

-Танай байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Манай байгууллага хохирогч хамгаалал, урьдчилан сэргийлэх, жендерийн тэгш эрх гэсэн үндсэн гурван үйл ажиллагааг явуулдаг. Бид энэ оны эхний найман сарын байдлаар хүний наймааны 25 хохирогчид туслалцаа үзүүлээд байна. Түүнчлэн гадаадаас арав гаруй хохирогчийг авчирсан. Ихэвчлэн Малайз, Хятадаас авчирлаа. Та нар хохирогчдоо хаанаас олж авдаг вэ гэж хүн бүр л асуудаг. Манай байгууллага руу хохирогч өөрөө ханддаг тохиолдлууд бий. Аль эсвэл ар гэр, найз нөхөд нь залгадаг. Манай хүүхэд алга болчихлоо, сураггүй болоод олон хонож байна эрэн сурвалжлуулаад өгөөч гэдэг. Түүнчлэн 1800-1903 гэх итгэлийн утсыг ажиллуулж байна. Ихэнхдээ энэ итгэлийн утсаар манайд мэдээллүүд ирдэг.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюунцэцэг: 2030 онд насан туршийн боловсролын гүнзгийрэлтийн үе шат болно

Монголын Хими Судлаачдын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхимийн зөвлөх профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ноокоогийн Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Хүн бүхэн багштай, багшийгаа хүндэлдэг. Энэ сайхан мэргэжилтэй амьдралаа хэрхэн холбож байсан бэ?

-Би 1975 онд арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн химич, химийн багшийн ангид суралцаж 1981 онд төгссөн. Тэр цагаас хойш МУИС-даа багшилсаар өнөөдөртэй золгож байна. Анх нэгдүгээр ангид орсон цагаас хойш л багш болох чин хүсэлтэй байсныгаа биелүүлсэн дээ.

-Төгсөөд шууд сургуульдаа үлдсэн үү?

-Оюутны ширээнээс шууд МУИС-ийн органик химийн тэнхимд багшаар үлдсэн дээ. Тухайн үед төгсөгчдийг гол төлөв хөдөө орон нутаг руу томилж явуулдаг байсан. Харин алс холын Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирж суралцсан намайг багшаар үлдээж байсан даа. Анх багш болоод хичээл заахад ч амар байгаагүй шүү. Оюутан байхдаа нийслэлийн Гуравдугаар сургуульд гавьяат багш С.Дондог болон Бор багшийнхаа удирдлагад дадлага хийж байлаа. Эндээс л багшлах дөрөө олж байсан даа. Мөн тавдугаар курст байхдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас жилийн чөлөө авч сумандаа очиж хэдэн сар найман жилийн сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж байсан.

-Ажлын гараагаа эхэлж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Ахмад багш нарынхаа заавраар Техникийн их сургуулийн нийтийн хоол, инженерийн ангиуд, МУИС-ийн бараа судлал, биологийн ангийн оюутнуудад зэрэг органик химийн хичээл зааж байсан. Химийн мэргэжлийн ангийн оюутнуудад гол лабораторийн хичээл заана. Тэр үед зарим нь ажиллаж байгаад нам эвлэлийн илгээлтээр оюутан болдог байлаа шүү дээ. Өөрөөсөө олон насаар ах оюутнуудад хүртэл хичээл заах шаардлага гарна шүү. Тэр ахмад оюутнууд маш идэвхтэй сурдаг байсан.

-Багшлах эрдмийг хэнээс өвлөж байв?

Наймдугаар ангид байхад химийн хичээлийг Тогтох гэж багш заадаг байсан л даа. Мэргэжилдээ сайн, хичээлээ их ойлгомжтой заана. Багшийгаа хараад “Ийм л багш болчих юм сан” гэж мөрөөддөг байлаа. Тогтох багшийн арга барилаас их зүйл надад үлдсэн шүү.Энэ багш мань одоо өндөр насны тэгэвэрт Төв аймгийн Заамар суманд амьдардаг. Мэдээж, МУИС-ийн ахмад багш нараасаа суралцсан.

-Таны ажлын арга барил онцлог юу бол?

-Би химийн багшаар төгссөн ч одоогоор сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалаад багшлах арга зүй хөтөлбөрийн чиглэлээр мэргэшиж МУИС-д химийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хариуцаж ажиллаж ирсэн. Багшилсан замаа эргээд харахад эхний арван жил өөрийн гэсэн тогтсон арга барилгүй явсан юм билээ. Хүн арван жил ажиллаж байж л өөрийн гэсэн арга барилтай багш болдог л доо. Миний арга барил бол шавь нартаа томьёо харуулж цээжлүүлэхийг урьтал болгодоггүй. Оюутнуудыг аль болох бие даан ажиллуулах, ойлгоогүй зүйлийг нь гүнзгий тайлбарлаж ой ухаанд нь үлдээхийг эрхэмлэдэг. Сурагч төвтэй арга, технологийг судлан хэрэгжүүлж, сураглтын практикт нэвтрүүлсэн. Энэ арга барилаа залуу багш, шавь нартаа өвлүүлээд явж байна даа.

-Шавь нарынхаа талаар ярихгүй юу. Олон алдартай эрдэмтэд таны гараас төрсөн гэсэн?

-Хичээл заасан оюутан, багш нар гэвэл олон мянгаар тоологдоно л доо. Би МУИС-ийн дэргэдэх Байгалийн ухааны төрөлжсөн сургуульд багшилж байлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуулийн нэг ангид 21 аймаг, хотын сурагчдаас арван шилдэг хүүхдийг шалгаруулж авна. Тэнд суралцаж байсан хүүхдүүд маань өнөөдөр Монголд толгой цохих эрдэмтэд болсон доо.

-Химийн шинжлэх ухааны талаар?

-Шинжлэх ухаан, тэр дундаа байгалийн шинжлэх ухаан судлахад амаргүй л дээ. Гэхдээ эзэмшсэн байхад гайхалтай шүү. Хэн ч булааж авахгүй. Химич мэргэжил эзэмшсэн хүн нягт, нарийвчлал сайтай, аливаа зүйлд нямбай ханддаг. Энэ нь химийн шинжлэх ухааны онцлог л доо. Ертөнцийг үзэх өргөн хүрээний мэдлэгтэй болдог.

-Багш мэргэжлийн гоё сайхан юу бол?

-Багш болох хүсэл сонирхлоороо зорьж эзэмшдэг мэргэжил юм. Ингэж өөрийн сонирхлоор багш болсон бол сайхан л даа. Гоё сайхан нь үүнд л оршино. Сүүлийн үед дунд сургууль төгссөн хүүхдүүд их, дээд сургуульд орохоор хуваарь сонгоход гол төлөв багшийн хуваарь үлддэг. Хуваарьгүй үлдсэн хүүхэд албан шаардлагаар сонгодог үе бас байлаа. Багшийн анги 15 оюутан суралцаж байхад төгсөөд мэргэжлээрээ ажиллах нь тав зургаа байх жишээтэй.

-Өнөөдрийн залуу багш нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би багш бэлтгэх салбарт амьдралынхаа олон жилийг зориулж байна. Өнөө үед боловсрол их шинэчлэгдэж байна. Химийн боловсрол ч ялгаагүй. Энэ зуунд мэдээлэл технологи хөгжиж байгаа. Энэ нь боловсролыг шинэчлэхийг шаардаж байгаа. Энэ шинэчлэлийн гол санаа нь насан туршийн боловсрол. Насан туршдаа хэрэгтэй арга барилаа эзэмших, насан туршдаа суралцахыг л шаардаж байгаа. Өнөөдөр залуу багш, ахмад багш нарын ялгаа ЕБС-д браг байхгүй болж байна л даа. 20 жил ажилласан туршлагатай, арга барилтай багшийн хувьд ч өнөөдрийн боловсролын зорилт, түүнийг хэрэгжүүлэх багшлах арга ухаан шинэ. Шинэ багшийн хувьд ч ялгаагүй. Өнөөдөр XXI зууны боловсролын өнгө бүгд шинэ. 1980-аад онд шинэ зууны боловсролын судлан хөгжүүлэх судалгаа сургалт дэлхийн нийтээр явагдсан. Манайх ч 2000 оноос хойш хөл нийлүүлэн боловсролоо шинэчилж явж байна. Алдаа бас оноо ч байна. Өнөөдөр 2030 оны боловсрол ямар байх талаар дэлхийн нийт анхаарлаа хандуулж байгаа. Хувьслын чанартай өөрчлөлт гарч байна гэхээр л байна л даа. Өөрөөр хэлбэл бид нарын судалдаг зүйл, боловсрол сургалт гэж юу гэдэг үзэл том хувьсалын чанартай өөрчлөлтөд орж байна гэсэн үг л дээ. Энэ утгаараа дэлхийн бүх улс орон 2030 оны боловсролын төлөө ажиллаж байна. 2030 онд хүүхдэд ямар мэдлэг олгох , хэрхэн төлөвшүүлэхийг шинээр харж байна. Бид ч дутахгүй боловсролоо шинэчлэхээр судалгааны ажлаа эхлээд явж байгаа.

-Судалгааныхаа талаар таниулахгүй юу?

-2030 онд XXI зууны монгол суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар хандлага нь юу байх вэ гэдэг талаар хамтран судалж эхнээсээ үр дүн нь гарч хэлэлцүүлж байна. Энэ бол цаг хугацаа хүн хүч шаардсан амаргүй ажил аа. Цаашдаа судалгааны ажлаа улам гүнзгийрүүлэхээр Боловсролын хүрээлэн дээр сэдвээ нутагшуулахаар ажиллаж байна. Судалгааны ажил маань шинэ зууны боловсролын зорилго руу чиглэж байгаа. 2030 онд насан туршийн боловсролын улам чухлаар тавигдах үе шат болно. Энэ нь шинэ зууны онцлогоос хамаарч байна шүү дээ. Насан туршдаа л сурах арга барилаа сурахгүй бол өнөөдөр сурсан зүйл маргааш ажил дээр очиход хоцрогдоод байна шүү дээ. Энэ төслийн үйл ажиллагааг цаашид хангах, хичээлийн судалгааны аргыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хэрэгцээг хангахын тулд Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг байгуулагдсан л даа. Энэ байгууллагын таван жилийн ой арваннэгдүгээр сарын 16-нд болно. Гишүүд дэмжигчидээ ойдоо өргөнөөр оролцохыг урьж байна.

-Саяхан багш нарын баяр болж өндөрлөсөн. Та яаж баярласан бэ?

-Сургуулийн хамт олонтойгоо баяраа хуваалцсан даа. Баярын үеэр МУИС-ийн хүндэт дэвтэрт бичигдэн алдаршлаа.


Categories
мэдээ цаг-үе

Дэмбэрэлцэрэнгийн Мөнхбаатар: Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэдэг

Монголын шүүхийн нэгэн цагийн нэрийн хуудас болсон эрхэм хүн бол Монгол Улсын гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн юм. Тэрээр Улсын дээд шүүхийн дарга, ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Мөн 2000-2004 онд Их хурлын гишүүний албыг хашиж байсан төрийн түшээ билээ. Энэ удаа “Миний аав” буландаа Дэмбэрэлцэрэн агсны хүү “Сити” их сургуулийн дэд захирал Д.Мөнхбаатарыг урьж ярилцлаа.


-Дэмбэрэлцэрэн гуайг Монголын шүүхийн байгууллагаас салгаж бодохын аргагүй. Далаад оны дундуур хойно сургууль төгсч ирээд л Улсын дээд шүүхийн босгыг алхсан байдаг?

-Аав маань бага залуу наснаасаа л Монголын шүүх байгууллагатай амь амьдралаа холбосон хүн юм. 1970-1976 оны хооронд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд суралцан хуульч эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Ингээд Монгол Улсын дээд шүүхийн зааварлагчаас ажлын гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, шүүхийн орлогч даргаар ажилласан. 1981-1990 онд Ардын Их хурлын тэргүүлэгчдийн референт, улмаар хэлтсийн дарга болтлоо ажилласан. 1990-1993 оны хооронд Монгол Улсын дээд шүүхийн даргаар ажилласан. Ерэн оноос өмнө Монголын шүүх засаглал нэг намын харьяанд байсан. Үндсэндээ хувьсгалт намын аппаратад шүүх засаглал байсан гэсэн үг. Ерэн онд ардчилсан хувьсгал гарч нийгэм солигдож, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжихэд шүүх засаглал системээрээ өөрчлөгдөх шаардлага тулгарсан. Ерэн хоёр онд шинэ Үндсэн хууль батлагдаад бүх зүйл үндсээрээ өөрчлөгдсөн он жилүүдэд аав минь Монголын дээд шүүхийг толгойлж байв. Нийгэм солигдсон хариуцлагатай, адармаатай хүнд бэрх жилүүдэд Монголын шүүхийн шинэчлэлийг нэр төртэй гардан явуулсанд ааваараа бахархдаг. Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэж хүмүүс хэлдэг, үнэн байх аа. Аав ардчиллыг маш их дэмждэг байсан. Тухайн үед өөрөө “Ху” намын гишүүн байсан байх. Гэхдээ ардчиллын үнэт зарчмыг ихэд дэмждэг, элэгтэй хүн байсан. Ер нь аав аль нэг намыг дэмжээд намчирхаад талцаад байдаггүй, улс эх орноо гэсэн алтан зарчмыг л амьдралынхаа туршид хатуу мөрдлөг болгож явсан даа. Аавынхаа тэр үнэт зарчим, үйл хэргээр нь би маш их бахархдаг.

-Танай аавын зарчимч, шударга зан, төрийн хүнд байх ноён нурууг мэдэх хүмүүс нь үнэхээр хэлдэг юм. Яалт ч үгүй төрийн хар хүн байжээ?

-Аав гэрийн хаалгаар ороод ирэхэд нь нэг л сайхан. Уул шиг өндөр том хүн ороод ирдэг. Гэртээ байхдаа дуу цөөтэй, олон таван үггүй. Үр хүүхдээ загнаж зандраад байдаггүй. Хаа нэг жинтэйхэн үг хэлнэ. Тэр нь оюун ухаанаас хэзээд ч мартагддаггүй. Ээжтэй бага залуугаасаа танилцсан. Олон сайхан нөхөд нь гэр орноор үргэлж ирнэ. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар олон жил ажилласан Ш.Отгонбилэг гуай байна. Аав тэр хоёр их сургуулийн нэг өрөөний найзууд юм билээ. Ёстой хувцсаа сольж өмсөөд явж байсан дотны андууд гэдэг. Цаг уурч гавьяат Дамбын Шагдарсүрэн байна. Халхын хар аварга гэгддэг Дашдоржийн Цэрэнтогтох аварга байна. За тэгээд ангийн нөхөд, нутаг усныхан гээд олон хүн бий дээ. Аавын минь хэзээд ч нуруу алддаггүй, ханилахад түшигтэй, хүнийг голж шилдэггүй, хэнтэй ч гэсэн хүндэтгэн харилцдаг олон сайхан чанар нь найз нөхдийнх нь хүрээллээр хэмжигддэг. Мөн ч олон нөхөдтэй хүн байсан даа. Аливаад зарчимч, шулуун шударга занг нь олон хүн хэлдэг. Аавтай минь хамтран ажиллаж байсан, багш нь гэж хэлж болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд агсан их сайхнаар дурсан ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг билээ. Он жилүүд жирэлзэн өнгөрч олон сайн нөхөд солигдох цагт Д.Дэмбэрэлцэрэн хүний хувьд нэг л зан төрхөөрөө байдаг, сүрхий ноён нуруутай, сүржигнээд байдаггүй даруухан мөртлөө төр, улсын ажил хэрэгт чанд чиг бодолтой хүн гэдэг нь надад лавтай харагдсан юм. Бид хоёр хууль боловсруулах хамгаалах нэгэн шугамд тэр дундаа Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хэлтсийн дарга, орлогч, Дээд шүүхийн дарга, Хуулийн хэлтсийн ажилтан гэх мэтээр хорь гаруй жил хамтран зүтгэсний хувьд ийнхүү мэдэмхийрч хэлэх үндэстэй” гэж хэлсэн байдаг. Аавыг минь Ардын Их Хурлын аппаратад жирийн ажилтнаас сайдын дайтай гэж үздэг байсан хэлтсийн дарга хүртэл, Дээд шүүхийн орлогчоос Улсын ерөнхий шүүгч хүртэл алдаа эндэлгүй ажиллаж ирсэн Монгол төрийн нэгэн зүтгэлтэн гэдгийг Чимэд гуай тодотгож хэлсэн байдаг. Аав минь энэ мэт олон сайхан нөхөдтэй, өөрийн гэх хүрээлэлтэй байсан. Отгонбилэг гуай аав хоёр тийм дотны найзууд хэр нь ажил төрлийн холбоонд хувийн харилцаагаа оруулдаггүй байсан. Энэ тухай аав өөрөө ч хэлдэг. “За Отгонбилэг ээ, чи бид хоёр халуун зүрхний анд нөхдүүд. Гэхдээ ажил төрөл гэдэг өөр, анд нөхөд гэдэг тусдаа. Би ямар ч үед Монгол Улсын хуулийг нэгдүгээрт тавина” гэж шуудхан хэлдэг байсан. Гэхдээ Отгонбилэг гуай аавыг миний талд ажилла, буруу зүйл хий гэж хэлж шаардаагүй нь мэдээж. Тэр хүн ямар хүн байсныг ард түмэн сайн мэднэ. Харин Отгонбилэг гуайтай холбоотой асуудал аавыг дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байх үед сөхөгддөг л байсан.

-2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өвөрхангай аймгаас сонгогдсон байдаг. Их хуралд байхдаа эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон. Гэхдээ дөрвөн жилийн албаа дуусгасан даа?

-2000 онд аавыг Өвөрхангайд нэр дэвшиж байх үед би Америкт байсан. Манай дүү Мөнх-Эрдэнэ их сайн мэддэг юм. Сонгуулийн ажилд арын албыг нь хариуцаж хамт явсан. Өөрийнх нь төрсөн нутаг Өвөрхангайн ард түмэн аавд минь өндөр итгэл үзүүлж Монгол төрийн түшээгээр сонгосонд ихэд баярладаг. Аав минь их баярладаг байсан. 2001 онд харвалт өгөөд жил орчим эмчилгээ хийлгэсэн. Тэр хугацаанд ажлаараа орж гардаг байлаа. Шүүхтэй холбоотой бүх л материал гадна дотны эмхтгэл тэр бүгд аавын гараар орсон. Орой үдэш ихэнх цагаа шүүхийн чиглэлийн ном уншиж өнгөрүүлнэ. НҮБ-ын Хүний эрхийн конвенцыг орчуулаад би хүүхэд байхдаа компьютерт эхийг нь бэлдэж цахим бичвэрт оруулж байлаа. Аавыг Их хуралд байхад “Нутгийн дүү” гээд Лүндээжанцан гуай манайхаар орж гардаг байсан. Энд би дүүгийнхээ тухай хэлмээр байна. Сургуульд орохоосоо өмнө л “Би аав шигээ мундаг хуульч болно” гэж ярьдаг байсан. Үнэхээр ч хэлсэндээ хүрсэн. МУИС-ийг хуулийн чиглэлээр төгссөн. Германд мөн хуулийн чиглэлээр суралцсан. Одоо хотын дарга С.Батболдын хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Өмнө нь Ардчиллын засгийн үед ЗГХЭГ-ын хуулийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Аав шиг бас л намчирхаад байдаггүй, аль ч засгийн үед төрд албаа хашдаг ийм л залуу бий.

-Таны ээжийг “Сити” их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор Ц.Байгалмаа гэдгийг хүмүүс мэднэ. Аав ээж хоёр тань хэрхэн танилцаж байсан түүхээс сонирхуулахгүй юу?

-Далан долоо, далан найман оны үед танилцсан байх. 100 айлын хуучны цагаан байрууд гэж яригддаг даа. Тэнд аав ээж хоёр минь ах дүүсийндээ сууж байхдаа танилцаж гэр бүл болсон юм билээ. Ээж маань хүнд амьдрал туулсан. Би том хүүгийн хувьд нэг зүйлийг дандаа бодож ээжийгээ хайрлан хүндэтгэдэг. Бас их өрөвддөг. Бид эхээс гурвуулаа байсан. Би хоёр дүүтэй. Гэвч бага охин дүү маань цэцэрлэгт байхдаа бусдын буруугаас болж унаж тусдаг, тархи мэдрэлийн хүнд өвчтэй болсон. Дүүг минь эрүүл саруул болгочихсон гэж ээж минь үнэхээр зүтгэсэн. Залуу сайхан насаа өвчтэй дүүгийн минь дэргэд өнгөрөөсөн. Ганц охин нь тийм айхтар өвчтэй болно гэдэг эх хүнд үнэхээр хүнд тусдаг юм билээ. Гэвч ээж минь огтоос шантралгүй зүтгэсэн. Хажуугаар нь улсын ажил гэж том юм байна. Ээж маань тухайн үеийн багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшаар ажиллаж байсан. 1998 онд “Монголжингоо” дээд сургуулийг байгуулсан. Сургууль байгуулж байх үед зарим хүмүүс бодож л байсан байх. Дээд шүүхийн даргын эхнэр хувийн сургууль байгууллаа, аргагүй мөнгөтэй хөрөнгөтэй байна гэж. Гэвч сургууль байгуулахад аавын минь хувь нэмэр гэж байгаагүй. Аавын оролцоо ч байсангүй. Нөгөө л шулуун шударга, төр түмэндээ үнэнч зан чанар нь нөлөөлөх нь мэдээж. Ээж маань л ийш тийшээ гүйж хүн амьтнаас мөнгө зээлж, өөрийн хөлс хүчээр энэ сургуулийг хөл дээр нь босгосон. Түрээсийн байрнаас л бүх юмаа эхэлсэн. Өнөөдөр их сургууль болчихоод явж байгааг харахад бахархалтай санагддаг. Ээж минь үнэхээр дайчин, ухаалаг, үр хүүхдийнхээ бахархал болсон эмэгтэй.

-Энгийн зүйл асуухад, аавын тань сонирхдог зүйл юу байсан бол?

-Уран барилга, архитекторт их сонирхолтой. Өөрөө волейбол их сайн тоглоно. Спортын төв ордонд найз нөхөдтэйгөө волейбол их тоглодог байсан. Алхах дуртай, боломж л гарвал явган алхана. Нэг их гоё шляпан малгай тавьчихаад л сүр бараатай нь аргагүй алхана. Мөн модоор гоё сийлбэр хийдэг байлаа. Морины хусуур, ул боовны хэв хийнэ. Тэр бүгдийг нь бодохоор сайхан санагддаг. Арван жилийн сурагч байхдаа морин хуур хөгжим хийж байсан гэдэг. Гадны сонин содон гоё цэцэг, мод, ургамалд их дуртай. Би ч аавынхаа хоббиг дуурайсан байх. Сургууль дотроо олон төрлийн мод, ургамал, цэцэг тарьж цэцэрлэгт ногоон байгууламжийг бий болгосон. Монголд бараг байдаггүй дал модыг хүртэл суулгаж ургуулж байгаа. Нэг зүйлийг санадаг юм. Ерэн хоёр онд байна уу даа, аав дээд шүүхийн дарга байсан үе. Шинэ жилээр манайх шампанск байхгүй. Дүү бид хоёрт нэг нэг ундаа авч өгчихөөд “Монгол минь хэзээ нэг улс шиг болж хөгжин дэвших юм бол доо. Ард түмний амьдрал ядуу дорой байна. Гадаадад элбэг байдаг зүйл манайд байхгүй байна” гэж халаглан хэлж байсныг нь мартдаггүй. Гэхдээ монголчуудын амьдрал ирээдүйд улам сайхан болж, хөгжиж дэвшинэ гэдэгт бат итгэлтэй хүн байсан.

-Өвөрхангайн Бүрдийн хүн. Аавтайгаа ус нутгаар нь олон л очсон байх. Ер нь нутаг амьтай хүн байв уу?

-Аавын минь өвөг эцэг Цэвэг гэж хүн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их монгол уулаар нутагладаг байсан юм билээ. Тэгэхээр аавын минь удам Их монгол уул, Их монгол элс гээд Монгол Улсын төв цэг болсон түүхтэй нутагт үе дамжин нутаглажээ. Аав бол үнэхээр нутаг амьтай хүн байсан. Айрганд их дуртай. Дүү бид хоёрыг зуны амралт эхлэнгүүт л хөдөө нутагтаа аваачаад орхичихно. Аавын ах дүү, хамаатан садангууд Бүрд, Хужирт, Хархориноор байдаг. Ах нь Гэлэгпэлжээ гэж хүн байлаа. Хархорины наахна нь нутаглана. Тэднийх олон адуутай. Хурдны морь их уяна. Би чинь хурдны морь унаж байлаа. Тэрлэг өмсөөд морьтой хонинд явна. Үдэш айргаа бүлнэ. Хөдөөний хүүхэд шиг л өссөн. Аав минь дүү биднийг тэгж ус нутагтайгаа холбож, ойртуулж өсгөсөн дөө.