Categories
мэдээ нийгэм

Турк сургуулийн захирал Вэйсел Акчай Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргажээ

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргажээ. Учир нь түүнийг өөрийн улсаас нь баривчлах ажиллагаа явуулсан үйл явдлын дараа тэрээр Монгол Улсад үлдсэн насандаа суух хүсэлтэйгээ албан бичгээр өгсөн байна.

Тэрээр Монгол Улсад нийтдээ 19 жил гаруй хугацаанд амьдарсан бөгөөд боловсролын салбарт багагүй зүйл хийжээ. Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг аж.

Энэ сард Вэйсел Акчайн хувьд 20 дахь жилдээ манай улсад сууж байгаа учраас өөрийн хүсэлтээр Монгол Улсад цагаачлан амьдрах бүрэн боломжтой болох юм. Эдүгээ тэрээр Монгол Улсын гэрч, хохирогчийг хамгаалах газрын бүрэн хамгаалалтад байгаа аж. Турк улсаас түүнийг татан авах хүсэлтэй байгаагаа удаа дараа холбогдох албаныханд хүргүүлсэн байна.

Мөн Турк улсдаа төрийн эсрэг бослого явуулсан бол шууд цаазын ялтай байдаг учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу олон улсын гэрээ конвенцэд үндэслэн цаазын ялтай болон бүх насаар нь хорих ялтай иргэнийг олон улсад өгөхгүй гэсэн заалтын дагуу явуулаагүй байх магадлалтай байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улс орнуудад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгч, Элчин сайд нарт суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм.

Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, баримт бичгийн дагуу боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нартай санал солилцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах шаардлагатай тул Европын энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улс оронтой нягт хамтын ажиллагаатай байж төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулахаар бэлтгэсэн төслүүдтэй ч сайтар танилцаж, суугаа улсынхаа онцлогт тохируулан хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ.

Мөн Элчин сайд нарт өгсөн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд нь ул суурьтай болохыг цохон тэмдэглэж, Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм.

Элчин сайд нар уулзалтын турш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар нэгдсэн ойлголтод хүрлээ гэдгээ илэрхийлж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ цаг-үе

А.Мөнхбаяр: Монгол хүүхдийн цусанд нь баг болох чадвар байдаггүй

Волейболын дээд лигийн аварга, хошой мөнгөн медальт, хавар, намрын тэргүүн лигийн аварга, үндэсний шигшээ багийн ахлагч асан олон улсын хэмжээний мастер А.Мөнхбаяртай ярилцлаа.


-Волейболын спорттой хэдэн оноос нөхөрлөх болов. Энэ спортод хөтөлсөн багшийнхаа талаар ярихгүй юу?

-Миний бага нас Дархан-Уул аймагт өнгөрсөн. 2003 оны арван хоёрдугаар сард волейболын олон улсын хэмжээний мастер Б.Уранцэцэг багшийн бэлтгэлд очиж энэ спорттой танилцаж байсан түүхтэй. Манай ангийн гурван ч хүүхэд энэ бэлтгэлд явдаг байсан юм. Надаас өндөр, өсгөлүүн биетэй. Хичээл ном гээд гэртээ суугаад байхад биеийн хөгжил үеийнхнээс хоцорчих юм шиг санагдаад л зааланд очсон хэрэг. Спорт зааланд нь аймгийн шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг учраас тэр бүр хүүхдүүдийг аваад байхгүй. Гар хурууны урт, алганы хэмжээ, биеийн өндрийг харна. Энэ шалгуураар би яагаад ч тэнцэхгүй нь тодорхой байсан. Аз болоход Б.Уранцэцэг багш “Бөмбөг зөөж байгаад шантраад явна” биз гээд авч байсан юм билээ. Миний дугуйланд орсон жил Японы “Жайка”-гийн мэргэжилтэн Сатоши волейбол хөгжүүлэхээр Дарханы шигшээ багт дасгалжуулагчаар ирсэн юм. Зуны амралтаар дугуйлангийн сурагчид хөдөө явах нь явж, таслах нь таслаад цөөхөн хүүхэд үлдсэн. Би ч волейболын гоё сайханд хэдийнэ татагдсан тул зуны гурван сарын турш шилдэг мэргэжилтэнтэй бэлтгэл хийж энэ гоё спортын сууриа зөв тавьсан юм шиг санагддаг.

-Волейбол өндөр хөгжсөн газрын мэргэжилтэнтэй хамт ажилласан хүү улсын хэмжээний тэмцээнүүдэд хэдий үеэс оролцож эхлэв. Гаргасан амжилтуудынхаа тухай ярихгүй юу?

-Тэр жилээ өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа ирж оролцож байсан. Дарханы баг 12 жилийн хугацаанд ямар нэгэн амжилт гаргаагүй байсан болохоор заавал медаль зүүнэ гэсэн том зорилготой талбайд гарч байснаа мартдаггүй. Нийслэлийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж хүрэл медаль зүүчихээд мөн ч их баярлаж байсан даа. Тэр багт өнөөдрийн шилдэг тамирчдын нэг Отгонбаяр тоглож байсан. Өнөөдрийг хүртэл волейбол тоглох эрч хүчийг тэр хүрэл медаль надад өгсөн.

-10 жилийн сургуулиа төгсөхөд хичээл эсвэл волейбол гэсэн хүнд сонголттой тулсан байх?

-Ерөнхий эрдмийн хичээлүүдээр улс, бүсийн олимпиадад оролцдог байсан хүүхэд өдрийн ихэнх цагийг спорт зааланд өнгөрүүлээд байхаар сурлага муудсан л даа. Багш нар ч дургүйцэж гэр бүлийнхэнд хов хүргээд байдаг. Би химийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч эмч болно гэж сэтгэл шулуудаад байв. Харин их сургуулиа сонгохдоо эргэлзэлгүй волейболоор тоглох боломжийг нь хараад МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон доо. Энэ сонголтыг хийхэд надад хүнд байгаагүй ээ.

-Оюутан болоод сургуулийнхаа шигшээ багт тоглосон байх. Волейболын дээд лигийн утаа хэзээ үнэрлэж байв?

-Дээд лигийн клубүүд шинэ оюутнуудаас тамирчдыг шалгаруулж багтаа элсүүлдэг байсан юм. Манайхаас Отгонбаяр, Ангараг хоёр тэнцэж “Их Тин” багийн тоглогч болж байлаа. Манай хоёр бэлтгэлдээ явахад нь л би дагаж очоод бэлтгэлийг нь хараад суучихна шүү дээ. Сүүлдээ бөмбөг зөөдөг болоод л клубийн гишүүнээр элсч байсан. Тус баг маань 2006 онд дээд лигийн цомын эзэн болж байсан даа. Анх удаа дээд лигийн утаа үнэрлэж багийн ах нар дасгалжуулагчаасаа их зүйл сурч мэдсэн. Тухайн үед манай багт ОХУ-ын хоёр легионер тамирчин хүчин зүтгэж байсан.

Эрчим багийн хамтаар амжилттай тоглож байсныг тань мэдэх юм. Энэ багтай яаж холбогдож байв?

-Мөнгөндөл дасгалжуулагч маань “Эрчим” рүү орохдоо намайг дуудсан. 2009 болон 2010 онд дээд лигийн мөнгөн медаль зүүж байлаа. Энд л дээд лигийн ширүүн өрсөлдөөнийг ойлгож авсан. Дээд лигийн тэмцээнд 2006-2010 оны хооронд оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль зүүж байлаа.

-Дараа нь та Тэнүүн-Огоо-ийн ахлагчаар тоглож хавар, намрын тэргүүн лигийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан санагдаж байна?

-“Тэнүүн-Огоо”-г Эрчимийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мөнхнасан ахтай хамтарч 2011 онд байгуулсан. 2012 онд Монголын бүх ард түмний спартикадад оролцоод түрүүлж шилдэг тоглогчоор шалгарч байсан. Баг ахалж оролцож гаргасан анхны томоохон амжилт маань тэр. Дараахан нь “Хаврын тэргүүн” лигийн тэмцээнд мөн л түрүүлж тэгш тоглогчоор шалгарсан.

-Шигшээ багийн дуудлагыг анх хэзээ хүлээж авав?

-Шигшээгийн дуудлагыг анх 2013 онд хүлээж авсан. Тэр цагаас хойш 2017 он хүртэл хүчин зүтгэсэн. Монгол гэсэн нэрийг үүрч талбайд гарахад өөрийн эрхгүй эх орноороо бахархах сэтгэл төрдөг шүү. 2015 онд ахлагчаар нь тоглож олон улсын тэмцээнүүдэд оролцож байлаа.

-Волейболын спорт хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Хурд, хүчийг дээд зэргээр шаардана. Дээшээ тоглоход нурууны өндөр мэдээж чухал. Дараагийн яригдах чухал асуудал нь хувь хүний толгой ажиллах чадвар. Багшийн зааж буй дасгал юунд хэрэгтэй, яагаад зааж байгааг өөрөө тунгаан бодож, сайтар ойлгоод талбайд гаргах ухаантай байх хэрэгтэй. Багийн спортод хувь хүн бүрийн хандлага чухал. Хүн бүрийн хандлага эерэг байж л баг амжилт гаргана. Нэг хүний хандлага буруу байхад л багт сөргөөр нөлөөлдөг. Бүгд ижил хүсэл зорилготой байж л амжилт гаргах боломж бүрдэнэ дээ.

-Монголын волейболын спортын хөгжлийг та яаж хардаг вэ?

-Манайд ганцаарчилсан спорт илүү хөгжсөн. Хөгжсөн спортынхоо хэмжээнд хүрч байж л олон улсын түвшинд яригдана. Волейболчдыг бэлтгэж буй дасгалжуулагчид орчин үеийн техник ур чадвартай нийцүүлж өөрсдийгөө байнга хөгжүүлж байх шаардлагатай. Сайн багш дасгалжуулагчийн гараас сайн тамирчид төрнө. Монголд тамирчин байсан хүмүүс шууд дасгалжуулагч болоод өөрийнхөө туршлагаар баг бэлтгээд явдаг. Энэ нь манай нөхцөлд болоод байдаг ч, олон улсад гарахад ялгаа нь харагддаг. Дасгалжуулагч гэж тусдаа бэлтгэгдсэн мэргэжилтэн байх хэрэгтэй. Хөгжихөд өөр нэг асуудал байгаа нь хүүхдүүдэд ур чадвар, техникийг өгөхөд баг болох чадвар монгол хүний цусанд байдаггүй юм шиг харагддаг. Би чадна, би, би гэх хандлага манайханд ажиглагддаг. Тэгэхээр спортын сэтгэл зүйч шаардлагатай байгаа юм. Манайд спортын сэтгэл зүйчээр төгсөөд өөрийгөө хөгжүүлээд явж байгаа мэргэжилтэн ховор. Энэ төрлийн боловсон хүчин бэлтгээд сууриа зөв тавих шаардлагатай.

-Волейболын спортын ач тус юу вэ. Та энэ спортоор 10 гаруй жил хичээллэж юуг авав?

-Багийн спорт өөрийнхөө давуу талыг илэрхийлэх чадварыг суулгаж, нийгэмшүүлж өгдөг. Дээрээс нь баг хамт олноор ажиллах, өөрс өөрсдийн үүргийг биелүүлж, нэгнийхээ дутууг нөхөж явах чадварт суралцуулна. Хуучин хувь хүн өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг байсан. Одоо даяарчлагдаж буй нийгэмд багаар ажиллах чадвар чухал болоод байна. Нэг хүн олон чадвартай байхаас илүү, ганц л зүйлд илүү дадсан байхыг шаарддаг болсон. Өөр өөрсдийн чадварыг сайтар эзэмшсэн хүмүүсийн нэгдэл цогцоороо дээшээ явдаг болоод байна. Волейболын спорт яг л ийм. Довтлогч довтолно, холбогч холбоно өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэнэ. Үүний хажуугаар талбайд алдаа гаргасан нэгнээ нөхөхөд бэлэн байдаг. Ганцаарчилсан төрлийн спортоос ялгарах онцлог нь энэ.

-Та Алтайн барс клубийг үүсгэн байгуулж байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. “Алтай барс” багийг үүсгэн байгуулж өөрөө ахалж, дасгалжуулаад явж байгаа. Хүчтэй баг бүрдүүлье гэвэл олон төрлийн зан характертай хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө явуулж чадах юм бол олон талаас харж, олон талын хөрвөх чадвартай болдог. Нэг л төрлийн хүлээцтэй, даруухан 12 хүн байхад энгийн л тоглолттой болчихдог талтай. Гэхдээ бүр эрс тэс зантай хүнийг ярилцаж үзээд болохгүй бол бүрэлдэхүүнээ өөрчилнө.

-Таны гар нийлж байсан хамгийн шилдэг тамирчин хэн бэ?

-Элсний волейболын спорт хоёулаа тоглодог болохоор илүү мэдрэгдэнэ л дээ. Мягмарсүрэн гэж залуутай хамт олон ч тэмцээнд орж байсан. Хамт тоглоход түшигтэй шүү. Тэрнээс биш волейболын спортод 12 хүн баг болж явдаг учраас нэр зааж онцлоход хэцүү.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр суурь, санал дүгнэлтээ нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай, хуулийн төсөл, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 22-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

08.30 цагт “Чингис” зочид буудалд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

09.00 цагт Төрийн ордонд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвөлгөөн болно.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт, нээлттэй семинар болно.

10.00 цагт Монголбанкинд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хуримтлалын аян”-ы нээлт болно.

10.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Хүүхэд аюулгүйн бүс-Аюулгүй тээвэрлэлт” сэдэвт зөвлөгөөн болно.

10.00 цагт ЭМЯ-нд “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Шавь” цогцолбор сургуульд хүүхдийг эрхийг хамгаалах “Хүүхэд хамгаалагч-Children police” үйл ажиллагааны нээлт болно. Утас: 91116332, 99019995

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дархан Монгол нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүхэд өгөх талаар мэдээлэл хийнэ.

17.00 цагт “Тэнгис” кино театрт “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн ёслол болно. Утас:319015, 319017, 88006971

19:00 цагт ОХУ-ын Буриадын “Байгал” театрын уран бүтээлчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын тайзнаа Соёлын төв өргөөний тайзнаа тоглоно

Categories
мэдээ нийгэм

Таван сая төгрөгийн 20 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр болж, супер азтан тодорсонгүй. Тохиролд 2018 оны есдүгээр сарын 1-ээс 30-ны өдөр хүртэл хугацаанд худалдан авалт хийсэн, аравдугаар сарын 20-ны өдрийн 00.00 цагаас өмнө Цахим төлбөрийн системд бүртгүүлсэн баримтуудаас шалгаруулжээ.

Энэ удаагийн тохирлоор нийт 21368 азтан тодорсноос 18107 нь Улаанбаатар хотоос тодорчээ. Супер азтан тодроогүй бөгөөд таван сая төгрөгийн эзэн 20, нэг сая төгрөгийн эзэн 215, 200 мянган төгрөгийн эзэн 1895, 50 мянган төгрөгийн эзэн 19237 тодорсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Цагдаа алуулдаг байснаас алдаг байсан нь дээр” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Цагдаа алуулдаг байснаас алдаг байсан нь дээр” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Баримт, үйл явдал” нүүрт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ш.Лхагвасүрэн: Хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх нь оновчтой хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойших хамгийн дампуу төсөв болно гэж “Улс төр” нүүрт ярив.

“Энэ тухай” нүүрт Прокурор иргэдийн хөрөнгийг дээрэмдэж байхад зүгээр л харж суух уу, Ерөнхий прокурор оо гэжээ.

Машины цонхоор биеэ гаргавал 50 мянган төгрөгөөр торгоно хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

Атрын гурван аяныг үзсэн буурал тариаланч Д.Батаагийнхд “Танайд өнжье” нүүр өнжжээ.

“Улс төр” нүүрт Замын ажлыг удаашруулж байгаа компаниудад хариуцлага тооцно гэв.

Хабиб “Чи хүчирхэгжих бүрийд дайсан чинь улам л ихэснэ” гэж “Спорт” нүүрт ярилаа.

“Эрүүл мэнд” нүүрт “Эпимон” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор М.Үүрийнтуяа: Зөнөгрөх өвчин наснаас шалтгаалахгүй, заавал өндөр настай хүнд тусдаг биш хэмээв.

Монгол Улсын гавьяат багш Ч.Бизъяа: Дугуйлангаа уурын зууханд хүртэл хичээллүүлж явлаа хэмээн “Үйл явдал” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт Сэтгүүлч Жамаль Хашогги зодооны улмаас амь үрэгдсэн гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хурууг танилцуулна

“Мобилимб” нэртэй нэгэн стартап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Роботжуулсан хурууг ухаалаг гар утсанд PZ-15320 гэх холболтын тусламжтайгаар суурилуулдаг. Гаднах хийц нь 3D принтерээр хэвлэн гаргасан хуванцар материалаас бүтсэн. Ухаалаг гар утсаараа Андройд болон Юнайти Эй-Пи-Ай сүлжээгээр холбогдон ажиллуулдаг. Үүгээр дамжуулан өөрийн хүссэн үйл хөдөлгөөн бүрийг программчлан хөгжүүлэх боломжтой гэжээ. Гар утсаа барьж байхад роботжуулсан хуруу гаранд массаж хийдэг. Мөн аливаа нэгэн тавцан дээр хэвтэж байхдаа өөрөө өөрийгөө чирж явах эсвэл хөндлөн босоо болон байрлалаа сольдог.

Ухаалаг гар утасны ухаалаг суурь ч гэж ойлгож болох юм. Хөгжүүлэгчид нь энэхүү бүтээлээ улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Цаашид яг ямар зориулалттайгаар бүтээж ашиглах талаараа дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн мэдээлсэн юм.


Categories
мэдээ нийгэм

Хүйтний улиралд малгайгүй явах нь ой тогтоолтод нөлөөлнө

Монгол Улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Хүйтэн, сэрүүнд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болдог тухай мэргэжилтнүүд зөвлөдөг.

Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг аж. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
• Архаг өвчин сэдрэх
• Тархиар хатгуулж өвдөх
• Хараа, сонсгол муудах
• Нулимс гоождог болох
• Нойр муудах
• Мэдрэлийн суурь өвчин үүсэх
• Ой тогтоолт муудах
• Стрест өртөж ажлын чадвар буурах
• Хуйхны эрүүл орчин алдагдах
• Үс хуурайшиж, өнгөө алдах

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өвсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ.

Толгой нүцгэн явбал ямар эрсдэлд хүргэж болохыг энэ бичлэгээс үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Мал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргахдаа өндөр үр ашигтай болгох талаар хэлэлцэв

“Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг “Хүнсний салбар (мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ)-ын экспортыг нэмэгдүүлэх боломж сэдвээр өрнөж, олон шинэлэг асуудлууд дэвшүүлэн тавилаа. ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Ононы хувьд хүнсний салбар, хүнсний экспортын талаар суурь мэдээлэл өгсөн.

2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсөж, орлого 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ. Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзэж байна.

Махны экспорт гэж ярихаар тоо, хэмжээ биш үнэ цэнийн асуудалд анхаарах нь чухал гэсэн байр суурийг салбар яам илэрхийлсэн. Гол нь бэлчээрийн, органик, маш сайн чанар, амттай мах гэдгийг олон улсад таниулж, бага хэмжээтэй ч өндөр ашиг хүртэх экспорт хийх нь зүйтэй гэв.

Энэ хэсгийн хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнсний аюулгүй байдал, хангамж, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батбаатар удирдсан юм.

Хэлэлцүүлэгт малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан. Тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж, малын өвчингүй хорио цээрийн бүс байгуулах шаардлагатай гэдгийг Монголын махны холбооны төлөөлөл хэлсэн. Мөн мал, мах тэвээрлэх авто зам, боомтын дэд бүтцийг сайжруулах, импортлогч орны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх, махны экспортод зориулж, тусгай, хөнгөлөлттэй зээл олгох, бусад улстай хамтарсан үйлдвэр байгуулах, махны экспортод тавих хяналтыг сайжруулахын сацуу дотоодын зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлт зэрэг ажилд хугацаа алддаг байдлыг арилгах, нэг цонхны бодлого хэрэгжүүлэх, дөрвөн улиралд тогтмол шинэ мах нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийг нэмэх зэрэг олон зохицуулалт хэрэгтэй байгааг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат үзэж байна.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин хангалтгүй байгааг Монголын жимс жимсгэний үндэсний холбооны төлөөлөл хэлж байна. Манай улсын хувьд чацаргана, нэрс, аньс, хушга зэрэг жимс жимсгэнэ, гурвалжин будааны таримал, малын тэжээл тарьж экспортлох боломж бий гэлээ. Гэхдээ дотоодын хүн амын хүнсний хэрэгцээнд ч гэсэн шим, тэжээлийг нөхөх ургамлын гаралтай тэр дундаа байгалийн гаралтай жимсийг хэрэглэж хэвшүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцолсон.

Экспортын нэг бүтээгдэхүүн чацарганыг боловсруулж, хүнс, эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бидний суралцах ёстой, орлого бүрдүүлэх боломж буйн тод жишээ. Тиймээс жижиг бизнесүүд нэгдэж, нэгдсэн нэг стандартаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний брэндинг хийж, олон улсад өрсөлдвөл илүү их амжилт олно гэдгийг МҮХАҮТ-ын зөвлөлийн гишүүн хэллээ.

Нөгөө талаар аялал жуулчлалыг экспортын нэг гарц гэж харж, жуулчдад зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, борлуулах нь өөрөө экспорт, тухайлбал, манайд ирсэн жуулчны өглөөний цайнд “Lipton” цай бус газар зүйн заалттай, монгол цайгаа өгөх нь энгийн мөртлөө үр нөлөөтэй шийдэл болохыг Монголын аялал жуулчлалын холбооныхон хүнс үйлдвэрлэгч, үйлчилгээний салбарт хандан уриаллаа.