Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлын талаар ярилцав

“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Монголын экологийн форумын гол онцлог нь зохион байгуулагчдын шинэлэг арга барил, асуудал биш зөвхөн шийдэл, үр дүн, тооцоо судалгаанд үндэслэн Улаанбаатар хотын ус, хөрс, агаарын асуудлыг голчлон авч хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хороонд хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл ба НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн оролцоо сэдвээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гашпарикова, Хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар “Жорлонгоо өөрчилье” багийн ахлагч Ц.Оюунгэрэл нар илтгэл тавьлаа.

Тус форумд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Улаанбаатарын хөрс дэд сэдвийн панелистаар оролцож хөрсний доройтол, нөхөн сэргээлтийн асуудалд тодорхой мэдээлэл өглөө гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Европын зарим хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзлаа

Бельги улсын Брюссель хотноо болсон Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохоор Швейцарын холбооны улсын Женев хотод өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн даруйдаа Женев хот болон Европын бусад ойролцоо хотуудад оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, нээлттэй ярилцлаа.

Швейцарын холбооны улсад 1500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг бөгөөд уулзалтад Цюрих, Парис зэрэг хотуудаас монголчууд ирж оролцсон юм. Уулзалтад оролцогчид Монгол Улсдаа эргэж очихыг хүсдэг ч тэнд ажлын байр хангалтгүй, цалин орлого муу болон нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж, хүнсний аюулгүй байдал, авлига гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тэд Монгол Улсад амьдрах орчин баталгаагүй, шударга бус байдал газар авч, авлига их байгаа зэрэгт ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Европын зарим хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай хийсэн уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана

УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар 14.00 цагт тов зарласан байна. Тухайлбал, Төрийн ордны “Г” танхимд – Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн ажлын хэсэг хуралдах юм.

Мөн Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох бол Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг “В” танхимд хуралдахаар товлосон байна.

Мөн Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвд ажиллах аж.

Categories
мэдээ спорт

Т.Түвшинтулга хүрэл медальтан боллоо

Монгол Улсын гурван удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, “Mongolia Open” олон улсын тивийн хошой аварга Т.Түвшинтулга ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр өмнө нь хоёр удаа ДАШТ-д хүчээ сорьсон юм. Тэр энэ удаа 1/16 шигшээд Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Киргизийн Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Харин ОХУ-ын бөх шигшээд шалгарч, манай бөхөд дагах барилдаан гарч Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесын Дэлхийн цомд ялсан “Будапешт-2016” ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийд данстай шилдэг бөх гэдгээ харууллаа. Түүний анхны багш спортын мастер П.Чулуунбаатар, одоогийн багш нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатар юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Машины цонхоор биеэ гаргавал 50 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Уг шинэчлэгдсэн дүрэмд нэмэгдсэн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар дараахь байдлаар арга хэмжээ авахуулна.

Эсрэг урсгал сөрвөл 50.000 төгрөгөөр торгуулж, эрхээ зургаан сараар хасуулна.

Холын гэрлээ шилжүүлээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулина.

Бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 25.000 төгрөгөөр торгуулина.

Үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй жолооч замын хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулина.

Эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 200.000 төгрөгөөр торгуулина.

Явган хүний гарц дээр зогсвол 20.000 төгрөгөөр торгуулина.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 400.000 төгрөгөөр торгуульж, эрхээ хасуулна.

Эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчлагдана.

Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлбэл 100.000 төгрөгөөр торгуулина.

Хурдыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгуулина.

Жолоо барьж байхдаа утсаар яривал 20.000 төгрөгөөр торгуулина.

Хамгаалах бүс зүүгээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулина.

Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулина.

Улсын дугааргүй, улсын дугаараа далдалсан үедээ хөдөлгөөнд оролцвол 25.000 торгуулина.

Бүртгэлгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулина.

Цагдаагийн шаардлага биелүүлээгүй бол 250.000 торгуулина.

Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 100.000 торгуулина.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр,

“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асаах, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явж, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлээгүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс дээш бол жагсаалын урд, ард, дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн хүнгүйгээр буюу харгалзах хүнгүй машинд үлдээсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй бол 50.000 төгрөгөөр торгуулина.

Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргавал 50.000 төгрөгөөр торгоно.

Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхад хаалга нээвэл 50.000 төгрөгөөр торгоно.

Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.

Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэвэл 50.000 төргөрөөр торгоно.

Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно.

Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.

Суудлын таксиг нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрөв.

Нийтийн тээврийн автобус, троллейбусууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгов.

Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно.

Явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном гэх мэт зүйл уншихыг хориглоно. Мөн зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглов.

Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглов.

Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойших хамгийн дампуу төсөв болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан 2019 оны төсөвт анхаарал хандуулах тухай албан бичиг илгээсэн. Уг албан бичигт төсвийн зардлыг 15 хувь хэмнэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна лээ. Их хурал хүлээж авах болов уу, сонгуулийн өмнөх жилийн төсөв шүү дээ?

-Манай төсөв жил ирэх бүр яаж өөрчлөгдөж ирснийг би танд хэлье. 2012 оны төсвийн нийт орлого дөрвөн их наяд 975 тэрбум, 2013 онд таван их наяд 986 тэрбум, 2014 онд зургаан их наяд 316 тэрбум, 2015 онд таван их наяд 983 буюу өмнөх жилээсээ 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Харин 2016 оны төсөв таван их наяд 835 тэрбум гээд мөн л өмнөх оноосоо буурсан байгаа юм. Ингэж буурсан шалтгаан нь экспортын түүхий эдийн үнэ унасантай холбоотой. 2017 оны гүйцэтгэл нь долоон их наяд 958 тэрбум, 2018 оны төлөвлөгөө долоон их наяд 862 тэрбум, 2019 оны төсөв 11 их наяд 67 тэрбум төгрөг болчихоод байгаа л даа. Төсвийн орлого таван их наядаас 11 их наяд болж өссөн байгаа биз. Үүнийг дагаад зарлага нь 2012 онд зургаан их наяд, 2013 онд зургаан их наяд 164 тэрбум, 2014 онд долоон их наяд 144 тэрбум, 2015 онд долоон их наяд 137 тэрум, 2016 онд есөн их наяд 500 тэрбум, 2017 оны гүйцэтгэл есөн их наяд 17 тэрбум, 2018 оны батлагдсан төсөв есөн их наяд 651 тэрбум төгрөг, 2019 оны төсөв 11 их наяд 588 тэрбум. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нэмэгддэг гажиг манай төсөвт байгаа юм. Таван их наядаас 11 их наяд болоход энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин хоёр дахин өссөн үү.

-Өслөө л гэж дуулаагүй…

-Өсөөгүй шүү дээ. Үүн дотор хөрөнгө оруулалт орсон. Өмнө нь 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг байсан бол энэ жилийн хөрөнгө оруулалтын зардал гурван их наяд 161 тэрбум болсон. 2012 онд хөрөнгө оруулалтын зардал 1.5 их наяд байсан. Та сонгуулийн жилийн төсөв гэж нэрлэлээ. Би УИХ-ын дарга байхдаа конторын төсвийг 100 хувь зогсоож байсан. Одоо гэтэл хуудас хуудас дамнасан конторын барилгын төсөв орж ирлээ.

Сумын төвийн нэг барилга нэг тэрбумаас дээш үнээр баригддаг болчихсон байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын нэгдсэн конторын барилга 2019 онд эхлээд тухайн ондоо дуусна гэж байгаа юм. Төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 278 сая төгрөг байх жишээтэй. Улаанбаатарт конторын барилга багадаагүй. Сүүлдээ аймгийн агентлагууд тусдаа бие даасан барилгатай болгоод эхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Татварын хэлтсийн барилга гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Төрийн ордны дахин төлөвлөлтийн зураг 1.1 тэрбум гэх мэтчилэн танах боломжтой зардлуудаа танаагүй. Зөвхөн цэцэрлэгийн барилга барихад хөрөнгө оруулалт нь тэрбумаар хэмжигдэж байна. Манай их хурал байхдаа бүх хүүхдийг цэцэрлэгт явуулна гэвэл нэг их наяд төгрөгөөр цэцэрлэг барих юм байна, тэрний оронд болох шаардлага хангасан иргэд өөрийн байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хүүхэд харах үйлчилгээ явуулаад хувьсах зардлыг нь төсвөөс өгөх нь зөв гээд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээгээр асуудлыг шийдэж байсан. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгоод цэцэрлэг бариад эхэллээ.

-Ерөнхийлөгч яагаад барилга барихыг эсэргүүцээд байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байна гээд байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэнд нь бий. Барилга барихын оронд түрээслээд үйлчилгээгээ явуулах нь ашигтай гэсэн. Нэг их наядаар цэцэрлэгийн барилга барьж, дараа жилээс нь эхлээд хэдэн мянган цэцэрлэгийн багш ажилд авч урсгал зардлаа өсгөж байхаар, энэ ажлаа хувийн хэвшилдээ өгөөд гэрээгээр хийлгэх нь аль алиндаа ашигтай. Төрийн албан хаагчдын тоо өсөхгүй, хувийн хэвшилд ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь одоо төлөвлөсөн барилга барих зардлаас хамаагүй хямд тусч байгаа. Ийм байдлаар төсөв хэмнэх нэг боломж байна. Танд би өмнөх жилүүдийн төсвийн орлого, зарлагыг хэллээ шүү дээ. Монгол Улс 2018 оных шигээ төсвөөрөө амьдарч болно. Тэгвэл орлого 11 их наяд гээд төсөв илүүдэлтэй гарч байгаа. ЕТГ-ын төсөв 12 хувиар танагдсан. Гэтэл манайхаас бусад бүх төсвийн байгууллагын урсгал зардал 254 тэрбумаар (цалин орохгүйгээр) нэмэгдсэн. Бүгдээрээ гадаад дотоод томилолт хурал цуглаан гэсэн урсгал зардлаа 12 хувиар хасдаггүй юм аа гэхэд нэмэхээ ганцхан жил тэвчихэд болно оо доо. Зураг төсөвгүй баахан барилга барихаа больж, хувийн хэвшлээс барилга байшин түрээсэлчих юм бол 500 орчим сая ам.доллар ирэх жил суларна. Ирэх жил мөн 500 орчим сая ам.доллар суларснаар бид олон жил ярьсан ч хийж чадахгүй яваа зүйлдээ зарцуулъя гэж байгаа.

-Мэдээж Ерөнхийлөгчийн зүгээс 15 хувь хэмнэх бүрэн боломжтой гэдэг тооцоо судалгааг хийсний дүнд ийнхүү албан бичиг илгээсэн байх…

-15 хувь гэдэг нь Ерөнхийлөгчийн бодож гаргасан боломжит хувилбар. УИХ-ын дарга 2018 оны гүйцэтгэл 9.6 их наяд төгрөгөө 10 хувь буюу 960 тэрбум төгрөгөөр хэмнэе гээд байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс цомхотголоо хийнэ үү, үр ашиггүй зардлаа хэмнэнэ үү, томилолтын зардлаа хасна уу, дэд сайд, орлогч дарга нарын цалин, машин, байшин худалдаж авдаг мөнгөнүүдээсээ 15 хувийн хэмнэлт хийж болно. Хамгийн наад зах нь Улаанбаатарын есөн дүүрэг хуулиар есөн орлогчтой байх атал 23 орлогчтой байна, иймэрхүү цомхтголыг хийхээс УИХ-ын Төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг ажлаа эхлэх байх л даа. Хаанаас юугаа хасахаа Их хурал өөрөө мэд гээд энэ жил 500 сая ам.доллар, ирэх жил 500 сая ам.доллар хэмнэх санал гаргаж байгаа юм. 2010 онд тавхан их наяд төгрөгөөр амьдарч болоод байсан улс маань яахаараа ирэх жил 11 их наядаар амьдрах гээд байгаа юм. Энэ чинь дэндүү цамаан байна, 2.3 дахин өссөн мөнгөнөөсөө 15-хан хувь хасчих гээд байгаа юм л даа. Засгийн газар “Бид төсвөө өргөн барьсан. Энэ чигээр нь батлуулна” гээд гүрийгээд байгаа. Хэлэлцүүлгийн шатанд үүнийгээ бууруулах явах боломж хангалттай бий. Тийм учраас Ерөнхийлөгч хамгийн олон 65 гишүүнтэй Ардын намын бүлгийнхнийг үлгэр жишээ үзүүлж гишүүний мөнгө гэдэг юмнаасаа татгалзахгүй бол энэ төсөв явахгүй нь ээ гээд байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж огцруулаад реформ хийж Монгол Улсаа хөгжүүлнэ гэж амлаж байгаад Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн хийх ёстой тулсан хамгийн том чухал реформ нь төсвийн зарлагын реформ юм. Монголчууд бүгдээрээ л анхааралтай харж байгаа. Монгол Улс 76 тойрог биш. 21 аймаг, 330 сумтай. Тойрог бүрт таван тэрбум төгрөгийг тэгшитгэж хуваарилаад, Сангийн сайдын тойрог нь 50 тэрбум байхаар оруулж ирсэн нь төсвийн бодлого биш.

-Төсвөөс хэмнэлт хийгээд гурван Аж үйлдвэрийн комбинат барих тухай Ерөнхийлөгчийн албан бичигт байсан л даа…

-Албан бичиг дээр зүйрлүүлж бичсэн. 1990 оноос өмнө манай малын тоо 25 сая байлаа. Тэр үед бид Хан-Уул дүүргийн Аж үйлдвэрийн комбинатад арьс шир, ноос ноолуураа боловсруулдаг үйлдвэртэй байв. Одоо малын тоо 80 сая хүрснээр тэр хэмжээний гурван аж үйлдвэрийн комбинат барих хэрэгцээ бий болчихлоо. Үүнийг барихад нэг тэрбум ам.долларын зээлийн сан гаргаж, үйлдвэр байгуулж болохуйц хугацаа болон хүүтэй зээл өгөх юм бол энэ бүгдийг хийх боломж бүрдэнэ. Түүнээс жилийн 20 хувийн зээлээр хэн ч үйлдвэр байгуулахгүй. Бараг хүүгүй зээл байж л үйлдвэр баригдах байх.

Ганц Улаанбаатарт ийм үйлдвэр барих нь буруу. Энэ үйлдвэрийг орон нутагтаа барья гэж байгаа юм. Түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг орон нутагт нь хийх нь ашигтай. Хуучин шиг Улаанбаатарт бүхнээ төвлөрүүлж болохгүй. Харин эцсийн боловсруулалт нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан ч юм уу, хаана ч байж болно. Ингэж бүх аймагт үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Хуучин шиг ямар ч хамаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төлөвлөгөөний байдлаар явж болохгүй. Энэ мөнгийг аваад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох хэмжээнд Монголын бизнесмэнүүд хөгжсөн. Хамгийн гол нь зах зээл хэрэгтэй. Төрийн үүрэг Монголд үйлдвэрлэсэн барааг экспортлох, бусад орнуудтай гэрээ хийж татвар бууруулдаг, чөлөөтэй оруулах. Хувийн хэвшил үйлдвэрээ байгуулна. Гэхдээ одоогийн банкны зээлээр явж болохгүй тул нэг сумаар хоёр туулай буудъя. Уул уурхайн экспортын түүхий эдийн үнэ өссөнөөс төсөвт ийм нөөц бололцоо гарлаа. 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдтэй болцгооё, бас төсвөө ч давхар хэмнэе. Ерөнхийлөгчийн албан бичигт “Танай намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “Хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-21:100” буюу 21 аймагт 100 үйлдвэр байгуулах амлалт бий. Үүнийгээ хийцгээ. 100 байтугай үйлдвэр босно” гэж байгаа. Ноос ноолуурын анхан шатны үйлдвэр ядаж нэг аймагт хоёрыг байгууллаа гэхэд 42 үйлдвэртэй болно. Үүнийг нь утас болгодог үйлдвэр утсыг нь аваад цамц хийдэг үйлдвэрүүд гээд бодохоор энэ тоо улам нэмэгдэнэ. Тиймээс орон нутагт ажлын байр олноор бий болгочихвол хот руу хошуураад байх шаардлагагүй болно. Үүний цаана замын түгжрэл, утаанаас эхлээд олон зүйл яригдана. Орон нутагт үйлдвэр байгуулж ажлын байр гаргахын бас нэг зорилго нь энэ.

Ерөнхийлөгчийн зүгээс яагаад заавал хөдөө аж ахуй, мал аж ахуйг анхаараад байна вэ гэхээр байгалийн баялаг нэг удаа ухаад алга болно. Уурхай ашиглах 40-50 жилдээ монголчууд ажилтай байх биш 400-500 жил ажилтай байдаг, жил бүр дундардаг биш ургадаг баялгаа боловсруулж экспортолъё гэж байгаа юм. Хуучин бид социалист орнуудын хэрэгцээг хангадаг байсан бол өнөөдөр дэлхий даяар өрсөлдөх чадвартай ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх хэрэгтэй. Хэн ч авахгүй гутал үйлдвэрлэчихээд үндэсний үйлдвэр гээд байвал угаасаа зээл өгөхгүй. Бараа бүтээгдэхүүн нь экспортлогдож байгаа үйлдвэрүүдийг олж энэ зээлээ өгөх хэрэгтэй.

Цаашид бид түүхий эдийн үнэ өсөхөөр төсвөө тэлдэг, уруудахаар танадаг байдлаа больё. Манай Их хурлын үед түүхий эдийн үнэ өсөх биш унаж таарсан. Тиймээс аль болох төсвөө хумьж байсан. Одоо түүхий эдийн үнэ өслөө гээд төсвөө тэлж болохгүй. Тэр мөнгөөрөө ирээдүйд хэрэг болох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол ам.долларын ханш улам л нэмэгдсээр байх болно. Ийм прагматик саналуудыг хүргүүлсэн. УИХ-ын даргад явуулсан албан бичигт “Таны 10 хувийн хэмнэлтийг дэмжиж байгаа тул Их хурлаараа батлуулчих. Миний хувьд 10 биш, 15 хувийн хэмнэлт хийх ёстой гэж үзэж байна”. Харин Ерөнхий сайдыг “Шударга ёсны хувьсгал хийнэ гэсэн тэр хувьсгалаа хий. Үүнийг хийнэ гэж Ерөнхий сайд болсон” гэдгийг нь сануулсан юм. Эхний ээлжинд төсвөөс 15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд байгуул. Үүнийг бодоод төлөвлөөд байх юм байхгүй. Ерөнхийлөгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа эхлүүлсэн маш олон үйлдвэрүүдийн зураг төслөөс эхлээд бүх зүйл бэлэн байна. Цаасан дээр байгаа энэ зүйлийг амьдралд хэрэгжүүлэхэд худалдааны биш, үйлдвэрлэлийн зээл хэрэгтэй.

-Гишүүдийн дэмжлэг л хамгийн их хэрэгтэй юм байна даа…

-Гишүүд дэмжихгүй бол явахгүй. Ерөнхийлөгч төсвийн хэлэлцүүлэг дээр орж үг хэлэхдээ “Гишүүний” гэх мөнгө 5000 дахин өссөн байна” гэдгийг онцолсон. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа гишүүдийнхээ амыг таглахын тулд нэг сая төгрөгний “гишүүний мөнгө” гэх зүйлийг эхлүүлсэн. 2012-2016 онуудад байхгүй байж байгаад дахин буцаад сэргэж байна. УИХ-ын гишүүнийг хэдэн байшин шомбойлгосон бэ гэдгээр нь дахин сонгохгүй. Харин эсрэгээрээ 80 сая малыг маллаж байгаа 160 мянган малчин өрхийн түүхий эдийг нь худалдаж авдаг үйлдвэрүүдийг байгуулбал сонгогчид дахин саналаа өгнө. Түүнээс багийн төв шомбойлгож, суманд спорт заал, цэцэрлэг бариад санал авна гэж буруу бодоод байгааг нь шууд хэлсэн. Хэрэв тэгдэг байсан бол эрх баригч хүчин үргэлж дахин сонгогдоно.

-Гишүүдийн зүгээс бидэнд гишүүний мөнгө таван тэрбум төгрөг байхгүй гээд байгаа шүү дээ?

-Ч.Улаан гишүүний тойрог буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүнсний ногооны зоорь барихад 413 сая төгрөг суулгахаар оруулж ирсэн байх жишээтэй. Говь-Алтай аймгийн Бугат суманд Ш.Раднаасэд гишүүний тойрогт спорт заалыг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар 250 сая төгрөг гээд ороод ирж. Суманд спорт заал барьдаггүй байсан чинь одоо бариад эхэлж байна. Тэнд суудаг хүний цалин, халаалтаас эхлээд дахиад төсөв дээр зардал тавигдах байхгүй юу. Зоорь, спорт заал ашигтай бизнес тул хувийнхан хийг. Улаанбаатарт заал авъя гэхээр олдохгүй байгаа биз дээ. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн үүнийг чөлөөтэй барих ёстой. Хамгийн ноцтой нь 2019 онд барилгын ажил эхэлж, 2019, 2020 онд дуусна гэж байгаа юм. Их хурлын сонгуулиас өмнө энэ мөнгийг үрэн таран хийх гээд байгаа биз.

500 барилгын 375 нь зураг төсөвгүй орж ирсэн. Наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам төсөв оруулахад энэ олон барилгууд байгаагүй. Гишүүний мөнгийг Сангийн яамнаасаа хийдэг болчихоод байна. Наймдугаар сард төсөв боловсруулж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн ноднингийн хэмжээндээ барь. Нэг ч байгууллагын төсөв нэмэгдэхгүй гэхээр нь “За” л гэсэн. Манай төсөв 600 сая төгрөгөөр хасагдсан. “Манай төсөв 600 саяар хасагдчихлаа. Бусад нь нэмэгдэхгүй байх” гэтэл аравдугаар сарын 1-нд өргөн баригдсан төсвийг нь хартал Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв нэмэгдсэн байна лээ. Яахав, шинээр ажил хийх гэж байгаа бол нэмэгдэхийг ойлгож болох ч бүгдийнх нь урсгал зардал нэмэгдсэн. Би барьцаж яриагүй шүү. Сангийн яам наймдугаар сард хийсэн төсвөө оруулах ёстой байтал гишүүдийн мөнгө сүүлд нэмэгдэж зураг төсөвгүй барилгыг оруулсан. Ингэх ямар ч шаардлагагүй байсан. Үүнийг л гишүүний мөнгө гээд байгаа юм. Анх Сангийн яамны боловсруулсан төсөв дээр сүүлд нэмэгдэж орсон 2019 онд ажил нь эхэлж 2019, 2020 онд дуусах энэ олон объектыг гишүүний мөнгө гэж тодорхойлж болно. Энэ барилгыг барьсан компани л хэдэн төгрөгтэй болох байх. Түүнээс хойших 50-60 жилийн ашиглалтын урсгал зардал төсвийн нуруун дээр нэмэгдэнэ. Үүнийгээ л больё гээд байгаа юм.

-Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна вэ. УИХ-ын гишүүн байхдаа төсөв батлахад оролцож байсан, УИХ-ын дарга байхдаа төсөв батлуулж байсан хүний хувьд?

-90 оноос хойших хамгийн дампуу хариуцлагагүй төсөв. Энэ жил түүхий эдийн үнэ өссөн тул их л өөдрөг төсөөлөлтэй төсөв өргөн барьсан байна лээ. 20 орчим сая тонн нүүрс экспортолдог байсан бол ирэх онд 40 гаруй сая тонныг экспортолно гэжээ. Ийм өөдрөг төсөв биелэхгүй байх магадлал өндөр гэдгийг Төрийн аудит хэлээд байгаа. Дэлхийн эдийн засаг сайхан болно гээд байна. Энэ жил эхэлсэн худалдааны дайн өргөжиж ирэх жил дайн болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп батлан хамгаалахаас бусад салбарын сайд нарыг төсвөө таван хувь танах үүрэг өгсөн. АНУ ерөнхийлөгчийн засаглалтай учраас сайд нар нь хасаад л явна. Гэтэл манайд төсвөө 11 их наяд болгосон сайд нар нь “үгүй” гээд сууж байна. Тэгэхээр Ерөнхий сайдын манлайлал зайлшгүй хэрэгтэй. “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр төсвөө хас гээд байна. Бүгдээрээ төсвөө хасъя” гээд уриалах ёстой. Хэрэв төсөв энэ чигээрээ батлагдвал хамгийн дампуу төсөв болно. Түүхий эдийн үнэ өссөн богино үеийг ашиглаж экспортын үйлдвэрүүдтэй болох бодлого хэрэгжүүлэхгүй байна. Хуучин шигээ хэдэн амбаар шомбойлгох гээд байх юм. Өнөө амбааруудынх нь урсгал зардал дараа жилээс төсөвт суугаад эхэлнэ. Тэр амбаарт суух төрийн албан хаагчийг ажилд авч таарна. Одоо байгаа 180 мянган төрийн албан хаагч чинь 200 мянга болж өснө.

-Зарим хүн Сайншандын аж үйлдвэрийн паркаа ашиглалтад оруулаагүй байж юун гурван аж үйлдвэр барих вэ хэмээн шүүмжилж байна л даа?

-Ерөнхийлөгчийг аж үйлдвэрийн паркаа бариагүй гээд өөрөөс чинь эхлээд буруу ярих юм. Ерөнхийлөгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайншандын аж үйлдвэрийн парк гээд төсөл хийсэн. Тэр жилүүдэд төсвөөсөө илүүчлэх байтугай мөнгө олох ямар ч боломжгүй байсан үе. САҮП-ын дэд бүтцийг улс өөрөө хийж байж бусад хувийн компаниуд хөрөнгөө оруулахаар төлөвлөсөн байсан. Хамгийн чухал дэд бүтэц Таван толгойн нүүрсийг Сайншандад хүргэх төмөр зам өнөөдөр ч гэсэн баригдаагүй байгаа. Түүхий эдгүйгээр үйлдвэр ажиллахгүй. Тиймээс энэ төсөл өнөөдөр ч гэсэн хойш тавигдсаар байгаа. Харин үүнийг дараа дараагийн Засгийн газар хийх ёстой. Ганц сайд хийгээд үр дүн гарчихдаг бол буруутгаж болно. Ц.Нямдоржоос эхлээд “Монголд үйлдвэр байгуулж яах юм”, “Сайншандын төмөр зам ашиггүй” гэж ярьдаг гацаадаг Засгийн газруудтай байлаа. Сайншандын төмөр замыг гацааснаас болоод 250 ам.доллараар өгч болох коксжих нүүрсээ өнөөдөр 70-80 ам.доллараар хямдруулж өгсөөр л байна. Манай хилээс урагшаа 170 км-т Таван толгойн нүүрсийг аваад жилдээ 12 сая тонн нүүрс угааж 4.8 сая тонн кокс үйлдвэрлэдэг кокс химийн цогцолбор үйлдвэр байгуулагдаад ажиллаж байна. Сайншандын төмөр замыг одоо хүртэл гацаасаар байгаагаас хэн хожсоныг хар даа. Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар Ч.Хүрэлбаатар шиг Сангийн сайдтай байхад хэзээ ч хүнд байтугай хөнгөн үйлдвэр ч баригдахгүй. Нөгөө ОУВС нь төсвөөсөө хэмнэж үйлдвэр барина гэхээр зөвшөөрөхгүй.

Их хурлын сонгуулиар зээл авахгүй гэж ямар их рекламдав. Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон гээд л. 15 сая төгрөгийн өрийг 26 жилийн хугацаанд тавьсан. Үүнийх нь ихэнхэд нь Ардын нам засаг барьсан. Сүүлд 2012-2016 онд 39 ч гишүүнтэй болж чадаагүй Ардчилсан намын үед авсан өр мэтээр гүтгэсэн. Тэдний үгээр ярих юм бол сүүлийн хоёр жилд иргэн бүрийн өр 10 саяар нэмэгдсэн. Одоо Монгол Улсын иргэн бүр 25 саяын өртэй болсон. Өнөө өр тавихгүй гэсэн нам яасан бэ.

2006 оноос хойш түүхий эдийн үнэ өсөхөд олсон орлогоо буруу зарцуулсан. 90 оноос хойш авсан зээлийн буруутан хайж байгаа бол 1996-2000 болон 2012-2016 онуудаас бусад он жилүүдэд дандаа МАН-ын Ерөнхий сайд нар ажилласан. Ёстой есөн шидийн арга бодож мөнгийг үр ашиггүй цацсан. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгөхөөс эхлээд буруу бодлого явсан. Харин хүүхдийн мөнгөний тухайд хүн амаа өсгөх тусдаа өөр бодлого байлаа. Мөнгө олохын хэрээр үрчихээд мөнгөгүй болохоороо модоо барьдаг байж болохгүй. Мөнгө олдвол хойш нь хийж хэмнэе. Ирээдүйд экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд зээл өг. Үйлдвэрийн зээл чинь буцаад ирнэ. Одоо өмнөх алдаагаа л давтаж байна. Сангийн сайд нь нээх гоё дүрслэл харуулаад түүхий эдийн үнэ мөнх өндөр байх юм шиг бодоод л. Энэ бүх тооцоонууд сүүлд нь худлаа болдог юм. Дараа нь тодотгол хийдэг юм.

-Гэхдээ Сангийн сайд энэ жил төсөвт тодотгол хийхгүй гээд хийгээгүй. Цаашид ч төсөвт тодотгол хийхгүй байх дээр анхаарна гээд байгаа л даа…

-Ярих нэг өөр. Оюу толгойн гэрээг хар толгойгоороо хариуцна гэсэн Санжийн Баяр хаана байна. Америкт 10 хаус худалдаж авснаа тайлбарлаж чадахгүй байгаа биз дээ. Н.Цэрэнбат гээд бас нэг хариуцлагагүй хүн гараад ирлээ. Утааны шүүлтүүр тавиад утаа арилахгүй бол хариуцлагаа хүлээх юм гэнэ. Яг л С.Баярын амлалт шиг болно. Халагдаад явахаас өөр хариуцлага байхгүй. Угаасаа 2020 онд ялагдаад ажлаа өгнө. Би өөрийн твиттер дээрээ “Цэрэнбат аа, чи толгойгоороо хариуцна гэж байгаа бол хувиасаа 54 тэрбум төгрөг эскроу дансанд хийчих” гэж бичсэн.

-Эскроу данс гэдэг нь?

-Банкинд Н.Цэрэнбат сайд хувиасаа мөнгөө хадгалуулна. Энэ мөнгийг Н.Цэрэнбат сайд болон банк авахгүй. Утааны шүүлтүүр тавиад утаа арилахгүй бол 54 тэрбум төгрөгөө зарцуулсан улс тэр данснаас мөнгөө авна. Утаа арилах юм бол Н.Цэрэнбат сайд мөнгөө авч болно. Өөрийнхөө энэ шүүлтүүрт итгэлтэй бол барьцаа тавь, мөнгөө байршуулаад ажлаа хий. Тэгэхгүй бол хэн ч итгэхгүй. Эскроу гэж ийм барьцааны дансыг хэлдэг юм.

-Төрийн тэргүүний зүгээс Валютын зохицуулалтын тухай хуулийг Их хуралд өргөн барьсныг хэлэлцэж эхэлсэн. Мөн М.Оюунчимэг нарын гишүүд мөн ийм хууль өргөн барьсан. Уг хууль батлагдсанаар валютын ямар зохицуулалтууд хийгдэх вэ?

-Хаврын чуулганаар өргөн бариад хэлэлцэхгүй гээд буцаасан. М.Оюунчимэгийн хууль гээд байгаа нь Монголбанкныхан бичээд энэ гишүүнээр өргөн бариулсан хуулийн төсөл. Хоёр хуулийн төсөлд адил заалт бий. Тиймээс энэ хоёр хуулийг нэгтгээд гаргачих юм бол энэ хууль ажиллана. Үндсэн хуулийн 6.1-д “Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Бид жил бүр хоёр тэрбум ам.долларын зэс, 800 сая ам.долларын алт гаргачихаад мөнгийг нь орж ирэхгүй болохоор үнэхээр гаргасан уу, үгүй юу гээд мэдэхгүй байна. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчиж буй заалт Оюу толгойн гэрээнд бий. Оюу толгойнхон “Монголын банк дампуураад бидний мөнгийг алга болгочихвол яах юм бэ”, “Дурын татварын байцаагч ирээд бидний дансыг хаагаад байна” гэдэг. Тэгэхээр Монголбанкинд Засгийн газар, арилжааны банкны данснаас гадна стратегийн орд дээр ажилладаг, ЗГ-тай тогтвортой байдлын гэрээтэй компаниудын дансыг нээхийг зөвшөөрөх юм. Хэрэв тэгвэл гурван тэрбум ам.доллар нь Монголын банкны системээр орж гарна. Монголбанк хэзээ ч дампуурахгүй. Мөн дурын татварын байцаагч гүйж очоод дансыг нь хаах эрхгүй болчихно. Ийм хоёр шалтгаанаар Ерөнхийлөгч хууль санаачилсан. Энэ хууль галзуураад байгаа ам.долларын ханшийг тогтворжуулахад хэрэг болно. Үнэхээр Монголын баялаг гурван тэрбум ам.доллараар зарагдаж байна уу гэдгийг нэгдүгээрт хяначихна. Хоёрдугаарт, хэрэв тийм бол авах ёстой татвараа авна. Гуравдугаарт, банк нь дампуурахгүй учраас манайд хадгалуулахгүй гэдэг шалтгаан нь алга болно.

-Гэхдээ Рио Тинто чинь ОУВС-гаар дамжуулан шахалт үзүүлээд байсан биз дээ?

-Манай үед ОУВС-тай сангүй болоод байсан. Түүхий эдийн үнэ уначихсан, төсвийн орлого тасарчихсан хэцүү байсан шүү дээ. Тэглээ гээд бид ОУВС-д ороогүй. Тэд ипотекийг зогсоо гэдэг. Ипотекийн ачаар инфляци нэг хувьтай болсон. Хүмүүс хариуцлагатай болж, 80 мянган өрх орон сууцанд орсон. Өмнө нь 15-20 хувийн хүүтэй байсан ипотекийн зээл найман хувь руу шилжсэн. 2016 оны хавраас эхлээд орон нутаг болон нийслэлийн дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад таван хувийн хүүтэй зээл олгохоор байсан ч Ардын нам гараад зогсоосон. Ипотек муу байсан юм бол өөрсдийн мэддэг непотек юм уу ямар нэг юмаа зохиогооч. Дахин 80 мянган өрхийг орон сууцанд оруулчих. Тэгж байж энэ эдийн засаг урагшаа явна. Д.Сумъяабазар сайд “Ардчилсан нам бензиний үнийг барьдаг байсан нь зөв байсан юм байна” гэж хэлсэн байна лээ. Үүнийг ойлгохын тулд хоёр жилийг зарцуулсан. Хоёр жил иргэд үнэтэй бензин авсан байна. Цаашаа Д.Сумъяабазарын хэлсэн шиг явахгүй.

-Яагаад?

-Бензиний үнийг зохицуулахгүй гэдэг Ч.Хүрэлбаатарын бодлогоор явна. Зохицуулдаг байсан Ардчилсан намыг санаад л байж байхаас. Манай үед дэлхийн нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллар байсан юм. 2016 онд 50 ам.доллар болж буурсан. Бүх зүйлийн үнэд нөлөөлөөд байсан учраас бид инфляцийн өдөөгчийг өдөөхөөс нь өмнө барьж авсан. Тэглээ гээд хэн ч хохироогүй. Технологи нь байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын шүтээд байгаа зах зээл бүхнийг зохицуулдаг гэдэг 100 жилийн өмнөх ортодокс онол өнөөдөр ажиллахгүй болсон. Зааж өгсөн барууны орнууд нь хүртэл тэгж бодохоо больсон. Хэзээ ч, хэнээс ч юм нэг юм сонсчихоод түүнийгээ туйлын үнэн гэж итгээд явах юм. Дунд нь Монголын ард түмэн хохироод дууслаа.

Төсөв 11 их наяд боллоо гээд гоё юм ярьдаг. Ханшаа зориудаар унагаад төсвийнхөө орлогыг нэмээд байна. Баабар “11 их наядын төсвийн орлоготой боллоо гээд Ч.Хүрэлбаатар баярлаад байна. Ханшаа 8000 төгрөг болгочихвол 33 их наядын орлоготой болж болно” гэж шүүмжилсэн байна лээ. Сангийн сайд нь өр дарлаа гээд баахан сайрхлаа. Монгол Улсын өр дарагдаагүй. Засгийн газрын өрийг бууруулаад Монголбанкны өрийг нэмсэн. Үр дүнд нь Ч.Хүрэлбаатар Засгийн газраа бага өртэй байлгах гэж хар амиа бодсон юм.

Саяхан фэйсбүүк дээр 10 гаруй хүн эгнэж зогсоод зам тавилаа гээд тууз хайчилж байгаа зураг харлаа. Би эхэндээ 600 км зам гэж ойлгохгүй юу. “Овоо ш дээ, 600 км зам тавьчихдаг” гээд сайн хартал 600 метр зам тавьсан байсан. Юун ч их ёслол үйлдэж, юун ч олон хүн тууз хайчилдаг юм. Бидний үед 600 км авто зам нээдэг байсан бол эрх баригчид одоо 600 метр зам нээдэг болж. 1000 дахин буурсан байна. Бид Чингис бондыг 4.1 хувийн хүүтэй авч байсан. Өчигдөр (уржигдар) Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 7.1 хувийн хүүтэй 500 сая ам.долларын зээл авлаа гээд бахархаад байна. Одоо Ардын намын суртал ухуулга 7.1 хувийн хүүтэй зээл 4.1 хувиас бага гэдэг пиар хийнэ. Өр дарсан, өр буурсан гээд Сангийн сайдыг ярихаар хүмүүс нээрээ л тийм байх гэж итгэнэ. Гэхдээ нөгөө талд нь Монголбанкны өр нэмэгдэж байгааг ерөөсөө ярьдаггүй. Ийм хуурамч суртал ухуулгаар хол явахгүй. Ч.Хүрэлбаатар өрийн асуудлаар Ардчилсан намын бүлэг дээр орж ирээд баригдчихсан. Өр дарагдаагүй. 26 жилд иргэн бүр 15 сая төгрөгийн өр тавьсан юм бол 28 дахь жилдээ буюу хоёрхон жилд 10 саяар нэмээд 25 сая төгрөгийн өртэй болчихлоо, иргэн бүр.

-Таныг АН-ын томоохон албан тушаал руу очих гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна…

-Ардчилсан намд томоохон албан тушаал гэж байхгүй. Ардчилсан намын албан тушаалтнууд бүгд сонгуульт алба. Ямар нэгэн юманд очъё гэвэл сонгуульд орж өрсөлдөнө. Би төрийн албанд ажиллаж байгаа учраас тэнд очиж өрсөлдөхгүй. “Зууны мэдээ” сонин зохион бичлэг гаргасан. Би залруулга гарга гэсэн. Тэднийхээр бол Ардчилсан нам гэхээр албан тушаал, цалин бэлэн байдаг, тэнд нь би гүйж очоод ажил хийх юм байна л даа. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Миний ажил улс төрийн албан тушаал учраас 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн шаардлага байхгүй. Ардчилсан намд томоохон албан тушаалд очно гэдэг утгагүй зохиомол мэдээ гаргахаа больчихооч. Ямар ч хэвлэл З.Энхболдын тухай бичвэл надаас асуух ёстой. Ийм мэдээ ирлээ үнэн үү гээд. Эх сурвалжаа нягтлах нь сэтгүүлчийн үүрэг. Гэтэл нягтлахгүй байна. Ямар ч зорилгоор ийм юм тараагаад байгаа юм бүү мэд.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-г 27 эмч зорилоо

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 12-ыг нь эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд 27 эмч ОХУ-ыг зорилоо

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ОХУ-д эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдыг сургах чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд Москва хотын эх хүүхдийн үндэсний хүрээлэнд 59 мэргэжилтэн сураад ирсэн. Одоогоор зургаан хүн тэнд үргэлжлүүлэн сурч байгаа. Өнөөдөр 27 хүн сурахаар явах гэж байна. Үүний 15 нь Москвад 12 нь Санкт-Петербург хотод суралцах юм. Санкт-Петербург хотод хүүхдийн халдварт өвчний чиглэл, сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлтийн чиглэлээр суралцах бол Москвад эх барих нялхсын чиглэлээр суралцана” гэлээ. Сонгогдсон мэргэжилтнүүдийн хувьд тухайн салбар бүртээ амжилт гаргасан, шинэ техник технологитой танилцах, туршлагаа хуваалцах ур чадвартай мэргэжилтнүүд юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийгдэж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа. Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг онцлов.

Categories
мэдээ цаг-үе

Хот болох амбицтай Ханбогдын нэг өдөр

Манай сонины сурвалжлах баг уул уурхайн том төслийн өгөөж жирийн нэг суманд яаж нөлөөлдөгийг сонирхохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнийн говийг зориод ирлээ. Онцолсон сум маань Өмнөговь аймгийн Ханбогд. Нутагт дэвсгэрт нь Оюу толгой төсөл хэрэгждэгийг монголчууд андахгүй. Нар төөнөж налайсан намрын өдрүүд Ханбогдод ид дундаа байна. Арваннэгдүгээр сарын сүүл хүртэл энэ янзаараа налайдаг гэж сумын захиргааны үүдэнд таарсан ахимаг насны эр сонирхуулав. “Манай сум чинь утаа баагисан 200 өрхтэй, сургуульдаа 350, цэцэрлэгтээ 50 хүүхэдтэй, албан байгууллага 14-тэй жижигхэн сум байлаа. Хуучин цагт Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Хондого гэж нэгж байсан юм. 1924 онд байгуулагдсан сум шүү дээ. Ах нь энэ сумын Засаг даргаар 16 жил ажилласан Д.Буянтогтох гэж хүн байгаа юм. Далаад оноос Тамгын газрын дарга, сумын орлогч, нягтлан хийж яваад даргаар ажилласан. Одоо ажнай Д.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч” гэж ирээд хууч дэлгэв. Ханбогдод өвөл 16-17 хэмээс хэтэрдэггүй ч салхитай учраас хангайн малчид чардайдаг гэнэ. Харин сумын төвийнхөн бол ажирдаггүй, Ханбогдынхон суурьшсан энэ хонхор газарт салхигүй, нар ээсэн таатай өдрүүд үргэлжилдэг ажээ.

Сумын даргаар олон жил ажилласан Д.Буянтогтохтой хагас цаг хөөрөлдсөний дараа захиргааны байр руу орлоо. Эхлээд орсон өрөө маань Иргэдийн хурлын даргынх. Уурхайчны баримал, тэмээний сувинер, дүүрэн бичиг цаас өрсөн ширээний ард 30 гаруй насны залуу утсаар яриад завгүй угтав.

Ханбогдын иргэдийн хурлын даргыг Ж.Занабазар гэдэг аж. Өмнө нь “Бороо голд”-д ажиллаж байсан гэнэ. Биднийг цай, чихрээр дайлангаа “Манай сум чинь их онцлогтой. Төсвөөс татаас авдаггүй, өгдөг ганц сум. Бүртгэлтэй хүн ам маань 7500. Хөдөлгөөнт хүн ам нь бүр талийсан. 30 орчим мянга. Цагаан хадны 12, 13 мянган жолооч Ханбогд сумын Хайрхан багт харьяалагдаж явдаг юм. Сая аймгаас гэмт хэргийн гаралтын хувь хэмжээний мэдээ өгч байна. Манай сум гэмт хэрэг, ослын тоогоороо аймагтаа тэргүүлж байх жишээний. Бараг 50 хувь нь нүүрсний зам дээр гардаг осол гээд бод доо” гэсээр яриагаа эхлэв. Нүүрсний замд өдөр бүр осол гардаг учраас эмнэлгийн зардал хэтрээд явчихдаг гэнэ. Нүүрс тээврийн жолооч нар хил хүрэхийн тулд өчнөөн хонодог, өнгөрсөн өвөл гэхэд нэг жолооч машиндаа гал түлж хонож байгаад амиа алдсан гэх мэт өчнөөн хэцүү тохиолдлыг Иргэдийн хурлын даргын өрөөнд суухдаа сонслоо.

Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй, цэцэрлэгт хүүхдээ өгөхдөө оочер дугаар болдог зовлон Ханбогдод бас байна. Сумын захиргаанаас холгүй барьж буй сургууль, цэцэрлэг энэ сарын сүүлээр ашиглалтад орох сайн мэдээ бий ч өдрөөс өдөрт өсч буй эрэлтийг гүйцэхгүй, дахиад гурван ч цэцэрлэг хэрэгтэй гэж сумын удирдлагууд ярилаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумд Ханбогдын нэг багаас цөөн хүнтэй хэр нь засаг захиргаа, төр, төсвийн байгууллагын бүтэц орон тоо ижил шахуу байдаг нь нэлээд ачаалал үүсгэдэг бололтой. Баргийн суманд байхгүй 50 ортой сум дундын эмнэлэг, прокурор, шүүх, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба энд ажилладаг аж. Бүр ямар ч суманд байхгүй Малын эрүүл мэндийн төв барьчихаж. Оюу толгойн дэмжлэгээр баригдсан энэ төвд хүнсний шинжилгээ хийх том лаборатори ч ажиллах гэнэ. Ирэх оны эхнээс Малын эрүүл мэндийн төв ашиглалтад орно гэсэн мэдээллийг сумын удирдлагууд өгөв. Ж.Занабазараас “Танай суманд иргэний хөдөлгөөн байна уу” гэж сонирхоход “Бий бий. Гэхдээ босдог, тэмцдэг, эсэргүүцдэг үеэ давчихсан. Ойлголцдог цаг руугаа орчихсон” гэж байна.

Ханбогд хурд компанийн захирал Б.Наранбаатар

Ж.Занабазар “Манайх чинь донор сум шүү дээ. Оюу толгойн бүтээж байгаа баялгаас улсаараа хүртэж байна. Донор хүн цусаа олны төлөө өгдөг. Тэгснийх нь хариуд цусаа төлжүүл гээд халуун цай, амин дэм өгдөг дөө. Гэтэл манай суманд тийм дэмжлэг урамшуулал алга. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд төсвийн шатлалаараа үйлдвэрлэл үйлчилгээний усны төлбөр аймгийн төсөвт ордог. 20 тэрбум төгрөг ордог юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд усны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна гээд заачихсан байдаг. Тэр заалтаа бариад 35-аас доошгүй хувийг авна гэхэд аймгийн хэмжээнд зургаан тэрбум орчим төгрөг болдог. Өмнөговь Ханбогд гэдэг ганц хүүхэдтэй айл биш л дээ. Ингээд харахаар тохиролцохоос өөр аргагүй. Аймагт ирэх 35 хувиас 35 хувийг нь усны эх үүсвэр болсон Ханбогд сум авах ёстой гэсэн яриа хэлэлцээ өрнүүлж ерөнхийдөө ойлголцоод явж байна” гэж ярьсан юм.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Занабазар

СУМЫН БАГАЧУУД КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭНЭ

Иргэдийн хурлын даргатай ойр зуурыг хөөрөлдсөний эцэст сумтай танилцахаар гарлаа. Захиргаанаас холгүйхэн томоо хашаанд сүндэрлэх өнгөлөг барилга хэний ч нүдэнд тусахаар содон юм. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх гэнэ. Барилгын ажил нь дуусчихсан, энэ сарын сүүлээр ашиглалтад орох юм байна. Нийслэлчүүдийн хүүхдээ өгөх гэж мөрөөддөг Кембрижийн хөтөлбөртэй “Шинэ эрин” сургууль өмнийн говийн Ханбогд суманд хэзээ мөдгүй үүдээ нээхээр болчихож. “Шинэ эрин” сургуулиас захирал, менежерийг нь аль хэдийнэ томилжээ. Англи, монгол хэлээр хичээлээ явуулах энэ сургууль удахгүй багш нараа шалгаруулж авах гэнэ. Энэ сургуульд 640 хүүхэд хичээллэнэ. Үүнээс гадна 200 хүүхдийн цэцэрлэгтэй. Биднийг очиход сургуулийн барилга дээр техникийн комисс ажиллаж байв. Энэ сургуулийн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг Оюу толгой компаниас гаргажээ. Тодруулж хэлбэл “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар босч байгаа сургууль аж. Зургаан тэрбум 79 сая төгрөгийн өртгөөр боссон гэх мэдээллийг гүйцэтгэгч компанийн зүгээс өглөө. Тоног төхөөрөмжийн зардлыг нэмбэл долоон тэрбум төгрөг гараад явчих бололтой. Сургуулийн барилга дээр ажилласан гүйцэтгэгч компани болох “Говийн өгөөж”-ийн менежер Б.Нямбат “Манай компанийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сургуулийн хойно хөлбөмбөг, сагс, волейболын талбайтай. Зүлэгжүүлэлтийг нь сүүлд хийнэ. Гүйлтийн замаа цутгачихсан” гэж сонирхууллаа.

Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн барилгын ажил дуусчээ

Будаг нь ханхалсан сургуулийн барилгатай танилцаж явах үеэр сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал биднийг зорьж ирсэн юм. Дөч гаруй насны гав шав хийсэн хөдөлгөөнтэй, яриа хөөрөөтэй тэрээр “Манай суманд 650 айлын орон сууц баригдана. Ажил нь эхэлчихсэн. Ханбогдын нэг компани бариулж байна. Гүйцэтгэлийн ажлыг нь бүр туркүүдээр хийлгэж байна. Зүгээр ч нэг хороолол биш. Үйлчилгээтэй, цэцэрлэг, сургуультай цогц хороолол. Энэ сургуулийг гэхэд л хувийн хэвшил, тодруулж хэлбэл Оюу толгой зуун хувь бие дааж санхүүжүүлээд бариулчихлаа. Гэхдээ л 200 хүүхдийн цэцэрлэг манай суманд багадахаар байна. 2-5 насны хүүхдүүд гэхэд л 800 хүрчихсэн. Би Монголын анхны цэцэрлэгийн хоёр эрэгтэй багшийн нэг л дээ. Миний эрхлэгчээр нь ажиллаж явсан цэцэрлэгийн багтаамж нь 175 хүүхдийнх. Гэтэл өнөөдөр 280 хүүхэдтэй ажилладаг. Ирэх жил дахиад хоёр цэцэрлэг хэрэгтэй” гэж ярилаа. “Гангар инвест” зэрэг том компаниуд нийтийн орон сууц, таунхаус, синглхаус зэрэг бүх л зэрэглэлийн хотхон байгуулахаар Ханбогдод газар аваад эхэлчихэж. Сумын төвд шинээр газар авах боломжгүйд хүрчээ. Хувь иргэн Ханбогдод газар авъя гэвэл төвөөсөө 7-10 км-т хол газарт л боломж бий гэнэ. Сургууль, цэцэрлэгтэй ойролцоо газрын хоосон хашаа гэхэд л 10 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал

Сумын засаг дарга “Ханбогдыг хот болгохоор зорьж байна” гэсэн бол Иргэдийн хурлын дарга нь “Хотыг бид өөрсдөө л байгуулах ёстой. Хувийн компани хот байгуулна гэж байхгүй. Дэлхийн хаана ч ийм жишиг туршлага байхгүй. Хамгийн гол нь төрийн бодлого зөв байх ёстой. Саяхан болж өнгөрсөн “Дисковер Монголиа”-гийн үеэр нэг эмзэглэмээр жишээ дуулдсан. Хайгуулын компанийн өчнөөн мөнгөө зарж байж хийсэн хайгуулын дээжийг бухимдсан малчид гол руу хийчихсэн тухай сонсоод их харамссан. Уул уурхайн баялгаас хүртэж чадахгүй болохоороо иргэд бухимддаг. Малчид нь буруу ойлголттой, төрийн байгууллага нь уялдаа холбоогүйгээс ийм асуудал үүсдэг. Ийм дүр зургийг бид туулсан. Харин одоо бол ойлголцолд хүрч чадсан. Уул уурхайн компаниа ойлгодог, үр шимийг нь хүртдэг болсон. Манай малчдын төлөөлөл Канадад очиж уул уурхайтай яаж хамтардаг талаараа илтгэл тавьж байна” хэмээн ярьсан юм. Нийслэлд төсөв төвлөрөөд, орон нутгаа орхичихсон учраас хүн ам нь Улаанбаатартаа шаваад, аймаг сумд чанартай эмнэлэг, сургууль, цэцэрлэггүй шахам болсон, үе үеийн Ерөнхий сайдуудын ярьдаг эдийн засгийн эргэлт аймаг, сумдад алга гэх мэт эргэж бодохоор санаануудыг Ханбогдын Иргэдийн хурлын дарга Ж.Занабазар хэлж байлаа.

ЖИРИЙН ЖОЛООЧООС КОМПАНИЙН ЗАХИРАЛ БОЛСОН ЗУРГААН ЖИЛ

Америк мөрөөдөл жирийн нэг сумын төвд биеллээ олжээ гэчихмээр олон сонирхолтой түүхийг Ханбогдод ирээд сонсов. Хөрөө, харуул хоёртой энэ сумын хүргэн болж ирээд Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг модон эдлэлийн үйлдвэрийн эзэн болчихсон залуу, дэлгүүрийн булан түрээсэлж Оюу толгойд бичгийн хэрэгсэл нийлүүлж эхэлсэн ч тун удалгүй хоёр давхар барилга бариад бичиг хэрэгслийн том дэлгүүр нээсэн бизнесмэн гэж ирээд яривал том төсөл дагаж амьдралаа танигдахын аргагүй өөрчилсөн олон хүн Ханбогдод амьдарч байна. Тэдний нэг болох Б.Наранбаатартай уулзлаа. “Ханбогд хурд”-ын оффис дээр очиход Б.Наранбаатар захирал Оюу толгой руу явах гээд зав багатай байж таарав. Гэхдээ л сумынхан нь өөр зуураа бахархангуй ярьдаг түүхийг нь яриулж амжсан юм. “Ханбогд хурд”-ын захирал 2006 ондОюу толгойд сарын 250 мянган төгрөгийн цалинтай жирийн л жолоочоор ажилд орж байж. Сүүлд 2012 онд “Ханбогд хурд” компаниа байгуулжээ. 2013 онд Оюу толгойтой анх гэрээ хийхдээ долоон ажилчин, долоон автобустай байсан энэ компани өдгөө 300 гаруй ажилтан, 50 гаруй тээврийн хэрэгсэл, автобустай болчихож. Автобус баазтай болсон Б.Наранбаатараас ирээдүйн хүслийг нь сонирхоход “Ханбогд хурд гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс Ханбогдын гудамжийг дүүргээсэй гэж хүсдэг. Сумынхаа төвөөр алхахаар манай компанийн хувцсыг өмссөн айлын эзэгтэй олон таардаг. Тэр бүхэн надад сайхан мэдрэмж төрүүлдэг. Ажлын байраа улам л нэммээр байна” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эдний компанийн жолооч нар сард багадаа сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Б.Наранбаатар ярианыхаа төгсгөлд “Оюу толгой төсөл энгийн хүмүүсийн амьдралд гайхалтай нөлөө үзүүлж байгаа. Манай компани өдрийн цагаар туслах ажилтан авъя гэсэн зар тавихаар хүн олддоггүй. Бүгд орлоготой, ажилтай болсны жишээ л дээ. Том төслийн нөлөө ийм сайхан. Би Ханбогдын уугуул. Манай суманд Оюу толгойтой хамааралгүй айл гэж байхгүй” гэсэн юм.

Ханбогдод цэвэр усны хоёр ч үйлдвэр ажилладаг юм байна. За тэгээд Оюу толгойд нэг удаагийн аяга, халбага сэрээ, аяга угаагч шингэн, дээжний уут гэх мэт төрөл бүрийн бараа ханган нийлүүлдэг компаниуд Ханбогд суманд аль хэдийнэ төвхнөчихөж. Цаашдаа ч Оюу толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх компаниудыг Ханбогдод ажиллаж, Ханбогдоос ажилчин авахыг шаардана, энэ болзолд нь толгой дохисон ямар ч компанид дэмжлэг үзүүлнэ гэж сумын удирдлагууд ярьж байлаа. Сонирхуулж хэлэхэд УИХ-ын гишүүн асан М.Зоригтын хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Ханбогдол 20 гаруй хоног саатжээ. 400 гаруй аж ахуйн нэгжтэй, нэг тэрбумаас хэдэн зуун тэрбумын борлуулалтын орлоготой компаниудтай улсдаа ганц сум учраас арга ч үгүй байх. Нэг суманд дунджаар ганц хонодог төслийн багийнхан уйдах, амрах завгүй хорь хоножээ. Сумын засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатайгаа “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөнд сумынхаа брэнд жимбий хоолыг хийж өгснөө сонирхуулав. Тэрээр “Зоригтыг лайв хийгээд дуусахад биднийг 11500 хүн үзсэн байсан. Сая орж харсан чинь 40 мянга давсан байна лээ” гэж хэлээд хөгжилтэй инээв.


ОЮУ ТОЛГОЙД АЖИЛЛАДАГ ЗАЛУУС ХАНБОГДОД ТӨВХНӨХ БОЛЖЭЭ

ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Оюу толгойд цахилгаанчнаар ажиллаж яваа Д.Мөнхжаргалынд зочиллоо. Сумынхаа төвд хувийн багавтар байшин барьж төвхнөжээ. Ханын шүүгээ, телевиз, буйдантай зочны том өрөө, гал тогооны цомхон өрөөтэй энэ айлын бүх л юм гял цал. Биднийг ороход гэрийн эзэн гурван сартай бага охиноо тэвэрчихсэн, гэрийн эзэгтэй гал тогоонд цай цүй бэлдэж байв. Энэ жил нэгдүгээр ангид орсон Ангирмаа охин ээждээ туслангаа зурагтаар гарах хүүхэлдэйн кино руу нүд унагана. Тасалсан гурил, чанасан ногоо, жигнэсэн махтай жимбийг эднийд амтлав. Хорхогорхуу амттай хоол юм. Ингэний хоормог, гоёоны архи ширээнээ өржээ. Хоолны ширээний ард гэрийн эзэнтэй ойр зуурыг ярилцлаа. Д.Мөнхжаргал бага охиноо тэврэнгээ “Оюутан цагийн ангийнхаа охинтой гэрлэсэн. Манай хүн Увсынх. Намайг дагаад говийн хүн болж байгаа. Би ээжээсээ хоёулхнаа. Багадаа өвөө эмээ дээрээ өссөн. Тэднээс минь үлдсэн ноён сэврэй хийцийн мөнгөн аяга манай гэрийн эрхэм эд зүйлсийн нэг. Хэдэн тэмээ, хонь, ямаатай галбын говийнхоо хойд энгэрт өссөн болохоор тэмээнд хайртай. Ботго ямар хөөрхөн гээ” хэмээн хууч дэлгэв. Ангирмаа охин “Аав аа, би том болоод Рапунзель, бас загвар өмсөгч болно тийм ээ” гэж завсар чөлөөгүй шулганана. Дөрвөн настай Соёмбо хүү цэцэрлэгтээ явжээ. Байвал гэрээр дүүрэн шуугиан дэгдээдэг зүггүй эр бололтой. Гэрийн эзэгтэй “Манай бага агаагийнхаа чимээ шуугианд унтаад сурчихсан” гэж хэлээд аавынхаа гар дээр унтсан охиноо орон дээр хэвтүүлэв. Д.Мөнхжаргал “Дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байгаа учраас мундаг туршлага хуримтлуулж яваа гэж боддог. Манай залуус гадагшаа гарч баг болоод ажиллаж байгаа. Шинэ Гвиней рүү гараад эхэлчихсэн. Гүний уурхайд ажиллаж байсан залуус нэг хэсэг гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход Энэтхэгт ажиллаж байгаад ирсэн. Би Ил уурхайн засварын хэлтэст цахилгаанчнаар ажиллаж байна. Цаашдаа Ханбогддоо л амьдарна. Манай компанийн залуусын дунд гэр бүлтэйгээ Ханбогдод амьдрах сонирхол ихэссэн шүү” гэж ярилаа.

Т.Насанбаяр хүүхдүүдтэйгээ

Бидний зочилсон дараагийн айл Т.Насанбаярынх. Гэрийн эзэн Ханбогдын уугуул гэнэ. Ил уурхайн өрөмдлөгөө тэсэлгээний хэсэгт оператороор ажилладагюм байна. Өнөөхөндөө Ханбогддоо ганц байгаа 40 айлын орон сууцанд лизингээр байр авчээ. Метр квадратыг нь нэг сая 450 мянган төгрөгөөр авсан гэж гэрийн эзэн сонирхууллаа. Биднийг очиход эхнэр нь ажилдаа, хоёр хүүхэд нь цэцэрлэгтээ явсан байв. Т.Насанбаяр “Оюу толгойд ажилд орсноос хойш миний амьдралд асар өөрчлөлт орсон. Би урьд нь Таван толгой хувьцаат компанид уулын мастер хийдэг байсан юм. Тухайн үед эхнэр хүүхэд Дорноговьд байлаа. Оюу толгойд ажилд орсноос хойш халуун ам бүлээрээ сайхан байна. Цогтцэцийн нүүрсний үнэ өндөр байхад их өөрчлөгдсөн. Одоо Ханбогд илүү хөгжиж, хурдацтай өөрчлөгдөж эхэллээ” хэмээн ярилаа. Т.Насанбаяр цэцэрлэгээс хүүхдээ авснаар бидний Ханбогд суманд хийсэн сурвалжлага өндөрлөсөн юм.

П.ЭНХЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

73 дугаар сургууль цахим номын сантай хоёр дахь сургууль боллоо

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд орчин үеийн стандартад нийцсэн цахим номын санг байгууллаа.

Энэ номын сангийн дэргэд “Тагтаа” хүүхдийн номын клуб байгуулжээ. “Волвес” ХХК-ийн зохион бүтээсэн цахим каталогийн гурван жилийн эрхийг худалдан авч, цахим номын санг байгуулжээ.

Мөн нас насны хүүхдийн онцлогт тохирсон санал, ширээ, тавиуруудыг сургуулийн номын санд суурилуулж, тав тухтай орчин бүрдүүлсэн байна.

Энэ номын сангаар зөвхөн 73 дугаар сургуулийн 1327 сурагч үйлчлүүлээд зогсохгүй бусад сургуулийн сурагчид ч үйлчлүүлэх боломжтой. Цахим номын программыг ашиглаж байгаа тул хүүхдүүд гар утсаараа дамжуулан номын сангийн каталогийг шүүж, хүссэн номоо цаг алдалгүй авч уншина.

Номын сангаар хамгийн багадаа нэг зэрэг 60 гаруй хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд Улсын төв номын сантай хамтран ажиллажээ. Улсын хэмжээнд цахим номын сантай болсон хоёр дахь сургууль боллоо гэдгийг сургуулийн захирал Б.Бөхзориг танилцуулав.

Номын сангийн нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, “Тагтаа паблишинг” компанийн утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, “Гэрэг” сэтгүүлийн редактор Ж.Хулан болон багш, сурагчдын төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбасүрэн: Нийгэмдээ таалагдах гэхээсээ мэхлэх гэж оролдох нь их болчихсон юм уу даа

– “ТЭНГЭРИЙН ЦАГ”-Т БИЧСЭН ҮЙЛ ЯВДЛУУД ТЭР ЧИГЭЭРЭЭ КИНО ЗУРАГ ШИГ БУУЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ –

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Саяхан анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Тэнгэрийн цаг номын англи хэл дээрх хувилбарын нээлт болсон. Та хоёр нэгэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж байсны хувьд номын тухай, тэр үеийн сонин хачин, бас анхны Ерөнхийлөгчийн тухай хуучлах зүйл олон байгаа болов уу гээд зорьж ирлээ?

-“Тэнгэрийн цаг” ном гарсанаас хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Уншигч олон түмэнд өргөн хүрсэн байх гэж бодож байна. Энэ ном Монголын төрт ёс, төрийн түүхийн талаас чухал ач холбогдолтой бүтээл юм. Монгол төр Чингис хаанаас хойш 38 хаадын үе дамжаад, дараа нь нэг богд хаантай, түүний хойно хэдэн дарга нартай байж байгаад, 1990 онд улсынхаа анхны Ерөнхийлөгчийг сонгож, Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь сэргээсэн үе эхэлсэн л дээ. “Тэнгэрийн цаг” бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн ажил үйлс, түүх, нүдээр харж, биеэр туулж амссанаа бичсэн ном. “Тэнгэрийн цаг” гэж нэрлэснийг нь зарим хүмүүс гайхдаг л даа. Тэнгэрийн цаг гэдэг нь Монголын гүн ухааны том ойлголт. 1990 он бол Монголын түүхийн огцом эргэлтийн үе байсан. Монголчуудын хувь заяаг шийдэх, амьдралын зохион байгуулалтыг эрс өөрчлөх үе байсан учраас “Тэнгэрийн цаг” гэдэг ойлголтыг хэрэглэсэн нь зөв. Урьд нь 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах үед Богд хаан “Тэнгэрийн цаг ирлээ. Монголчууд биеэ даах цаг боллоо” гэж хэлсэн удаатай. Түүнээс хойш наяад жилийн турш монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь олж авахын тулд зүтгэж явсаар ерэн онд энэ үйл хэрэг бүтсэн юм шүү дээ.

Монгол Төрийн тэргүүн гэдэг албан тушаал их учир утгатай. Уг нь Монгол төр анхлан байгуулагдах үеэс эхлээд монголчуудын төрт ёсондоо баримталж ирсэн гол алтан сургаал, зарчим бол Чингис хааны гэрээслэл. Чингис хаан “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж, улсыг барин хатуужсуу” гэж андгайлсан юм. Тэгэхээр Төрийн тэргүүн гэдэг төрөө бэхлэх, төрөө бүтээх, улсаа жолоодох гол үүрэгтэй юм шүү дээ. Энэ үүргийг яаж хэрэгжүүлсэнээс улс орны хувь заяа бас хамаарна. 1990 онд монголчууд анхны Ерөнхийлөгчөө сонгоод, шинэ нийгмийнхээ гарааг эхэлсэн. Энэ цагийн Төрийн тэргүүний үүрэг маш хүнд, хэцүү байв. Тэр үед социалист нийгмийн зохион байгуулалтын орчинд амьдарч байсан улс орон чөлөөт иргэний нийгэм рүү шилжиж эхэлсэн. Энэ үеийн төр, Төрийн тэргүүн ямар байх вэ гэдэг зүгээр нэг хүн дураараа шийдэх асуудал биш. Монголчууд социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэлд амьдарч байгаад, тэр нь задарч нурсаны дараа Монгол орноо дэлхийн тавцанд шинэ дүрээр гаргах, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улс гэж таниулах нь төрийн тэргүүний хариуцаж байсан маш том үүрэг. Ер нь бид Ерөнхийлөгчөө сонгодог болсоноос хойш тав дахь Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Мэдээж үе үеийн Ерөнхийлөгчид цаг цагийнхаа асуудлыг шийдэж л явсан. Гэхдээ П.Очирбат Ерөнхийлөгчийнх шиг ийм зорилтыг өмнөө тавьж шийдэх шаардлага бусад Ерөнхийлөгч нарт мэдээж тохиолдоогүй. Энэ утгаараа Монголын шинэ түүхэн үеийн жолоодогч гэж хэлж болох юм. Түүний үед монголчууд Үндсэн хуулиа өөрчилсөн шүү дээ.

Шинэ Монголыг бүтээх үндэс суурь Үндсэн хуулиараа тавигдсан. Үндсэн хуулийн комиссыг П.Очирбат Ерөнхийлөгч өөрөө толгойлж байв. Ерөнхийлөгчийн ажил одоогийнхоос өөр байсан л даа. Тэр үед нийгмийн тал хэсэг нь хуучин нийгмээ мөрөөдөж, шинэ нийгмийн үзэл санаа зорилтуудыг хүлээж авахад хэцүү үе байсан. 1990 онд шинэ төрийн тогтолцооны эсрэг 13 холбоо тэмцэж байсан юм шүү дээ. Жагсаал цуглаан болохгүй өдөр гэж байгаагүй, элдэв өнгийн хэрүүл зарга дэгдэж, Гандан хийд нь хүртэл дотроо хагарчихсан байлаа. Энэ үед Төрийн тэргүүн үндэснийхээ эв нэгдлийг хамгаалж, хангах үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Энэ үүргээ П.Очирбат нэр төртэйгөөр биелүүлж чадсан. Манайхан П.Очирбат Ерөнхийлөгчийг хээгүй Ерөнхийлөгч гэдэг. Хээгүй гэдгийн цаана монгол хүний гүндүүгүй чанар ханхалдаг. Тэр чанараараа олон түмнийхээ итгэлийг хүлээж байсан.

-Хувь хүний зан чанар нь ороо бусгаа цаг үед төрийн тэргүүнээр тодроход нь үүрэг гүйцэтгэсэн болов уу?

-Инженер хүн л дээ. Бага залуугаасаа Шарын голын уурхайд ажиллаж байгаад, олон жил сайдын ажил хийсэн. 1976 онд бид нэг үе Засгийн газрын гишүүн байлаа. Хоёр гол асуудалд “Тэнгэрийн цаг” номондоо хариу өгсөн гэж би боддог. П.Очирбат Ерөнхийлөгч бол туйлширдаггүй. Аливаа юмыг бодит утгаар нь ойлгож хүлээж авдаг. Тэр чанараараа 1989 оны үеэс эхлээд ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөж эхлэхэд, ардчилсан үзэл санааг дэмждэг хүмүүсийн талд зогсч, тэднийг ойлгож хандаж байсан учраас шинэ хүчнийхэн П.Очирбат Ерөнхийлөгчид итгэж байсан л даа. Тийм ч учраас 1993 оны сонгууль болоход П.Очирбат Ерөнхийлөгчийг хувьсгалт нам нэр дэвшүүлээгүй байхад ардчилсан хүчнийхэн нэр дэвшүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ. Туйлшрахгүйгээр улс орныхоо эрх ашгийн үүднээс нөхцөл байдлыг үнэлж, зохицуулж чаддаг чанар нь голчлон нөлөөлсөн байх. Мэдээж хувь хүний боловсрол, оюун ухааны чадавх бас чухал шүү дээ.

-Та ч бас шинэ түүхийг бүтээгчдийн нэг шүү дээ. Тэр цаг үед хамт явсан хүний хувьд энэ номыг уншаад яаж хүлээж авч байв?

-Бид бүх үйл явдалд биеэрээ оролцож явлаа. Жагсаал цуглаан, зөвшилцөх, тохиролцох юманд бүгд хамт явсан болохоор “Тэнгэрийн цаг”-т бичсэн үйл явдлууд тэр чигээрээ кино зураг шиг бууж байгаа юм чинь.

-Даваадуулсан юм харагдаж байв уу?

-Үгүй ээ дээ. Цаадах чинь өөрийн биеийг магтаж, түүхийг гуйвуулах хүн биш л дээ. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдлаас болоод “Тэнгэрийн цаг”-т хэлээгүй зарим зүйлүүд бий. П.Очирбат Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон итгэл хүлээсэн хүн гээд амар тайван суугаагүй. Хувьсгалт намынхан 1991 оны долдугаар сарын 27-нд бүгд хурал хийж, тусгаар тогтнолоос урвасан гээд П.Очирбат Ерөнхийлөгч бид хоёрыг огцруулах, унагах илтгэл бэлдүүлчихсэн байсан юм шүү дээ. Долдугаар сарын 24-нд хувьсгалт намын дарга тэр илтгэлийг надад үзүүлсэн. Би 26-нд бичсэн хүнтэй нь уулзсан чинь “Болохоо байлаа” гээд буцаасан байна лээ. Тэр үед социализмыг нураасан талаар нэг илтгэл тавих, эдийн засгийн бодлого буруу гэж нэг илтгэл тавих, тусгаар тогтнолоос урвасан гэж нэг илтгэл тавихаар зэхсэн байсан. Төрийн эргэлт хийхээр бэлтгэчихсэн байлаа. Тэр мэтийн юмыг П.Очирбат Ерөнхийлөгч номондоо оруулаагүй. Бодвол эмзэглээд, нийгмийнхээ сэтгэхүйг тухайн үедээ бодсон байх л даа. Тийм байх жишээтэй. Ер нь Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, Бага хурлын үйл ажиллагааг дэмжиж хийсэн зүйл асар их. Аливаа том арга хэмжээн дээр Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах, түдгэлзэх зүйл байсныг би л мэдэхгүй юм.

-Тухайн үед Монгол Улс хаашаа явах вэ гээд эрэл хайгуул хийж, гадаадын орнуудаар ч явж үзэж харж байсан гэж та ярьж байсан. Энэ үедээ П.Очирбат гуайтай ярилцаж, санал солилцох үе олон байх даа?

-Хамгийн наад захын асуудал шүү дээ. Социалист дэглэмд байсан Монгол Улс хаашаа явах юм бэ, бид хөрөнгөтний нийгэм рүү орох уу, явж чадах уу гэдэг асуудал байсан. Социализм гэдэг нэг онол номоор нийгмийн сэтгэл зүйг инженерчилсэн нийгэм. Ийм нийгэм эргээд жам ёсны, чөлөөт эдийн засгийн зам руу орж чадах уу гэдэг хэцүү. Манай шинэ Үндсэн хуульд Монгол орон капиталист нийгэмд орно гэж бичээгүй юм шүү дээ. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэсэн. Энэ бол социализм ч биш, капитализм ч биш. Аль алинд нь байгаа хүн төрөлхтөнд хэрэгтэй, амьдралаа зохион байгуулахад тустай зүйлсийг нөхцөл байдалдаа тохируулан авч хэрэглээд явна гэсэн үг л дээ. Капиталист нийгмийн давуу тал гэвэл чөлөөт өрсөлдөөн, хүний эрх гээд олон зүйл яригдана. Гэтэл 20-30 жилийн дараа эргээд харахад алдаа завхрал зөндөө л гарч байна даа. Ганц Монголд бус дэлхий нийтээрээ хямраад байна. Бид энэ хямрал руу зүтгэж орох ёстой юу? Энэ асуултад хамгийн түрүүнд хариу өгөх хэрэгтэй.

Тэнгэрийн цаг англи хэл дээр хэвлэгдсэн болохоор шилжилтийн нийгмийн үеийн нөхцөл байдлыг монголчууд төдийгүй гадныхан сонирхох боломж бүрджээ?

-Миний бодоход Монгол орны шинэ замын эхэнд төрийн жолоо барьж байсан хүний ном гэдэг судлаачдын хувьд хамгийн үнэтэй баримт. Тэр үед монголчууд юу бодож, юуны төлөө зүтгэж байв гэдэг нь харагдана шүү дээ. Бидний алдаа оноог гадныхан янз бүрээр дүгнэх л байх. Ерээд оны үйл явдлын талаар барууныхны бичсэн зарим номыг би үзсэн л дээ. Профессор цолтой мундаг хүн гээд Монголд ирж байсан улсуудын бичсэн юмыг уншихад “Ээ чааваас даа” гэмээр ч юм тохиолдож л байдаг. Монголчуудыг ийм нүдээр хардаг, ингэж ойлгодог, бас тэгээд өөрсдийгөө эрдэмтэн гээд явдаг юм байна гэж. П.Очирбат Ерөнхийлөгчийн ном бол эдний бичсэн номын дэргэд баримт юм.

-Таны Үүрийн жавар гээд ном байдаг. Бас л шилжилтийн үеийн нөхцөл байдлын тухай өгүүлсэн дурсамжийн ном, том баримт болж үлдсэн?

-Яахав дээ, яахав тэр бол судалгааны материал, бид юу бодож, хийж явсныг л харуулна. Одоо бодоход нийгэм маань нэлээд гажуудалд орлоо. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэсэн чинь олигархи толгойтой, зэрлэг капиталист нийгэм рүү гулсаад орж явна. Бид тэр үед ийм нийгмийг мөрөөдөж байгаагүй. Ийм замаар явъя гээгүй. Сүүлийн 20-30-аад жилийн турш либерал үзлийг хэт туйлшруулж, хагас дутуу ойлгож хэрэглэснээс бид ийм зам руу орж байна л даа.

-Жижиг улсын удирдагч байх хэцүү гэдэг. Та бүхэнд их дарамт ирж байсан байх даа?

-Цэрэндорж гуайн үг л дээ. Гэхдээ хоёр зүйлийг хэлмээр санагддаг юм. Монгол жижиг орон уу гэж. Бидний мэдэх Хүннү гүрэн дараа нь Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан байлаа. Эд Евро Азийн асар уудам орон зайг эзэлсэн том гүрнүүдийн голомт. Монгол орон хэдэн мянган жилийн түүхтэй, хүн төрөлхтний гигантуудыг, аварга гүрнүүдийг төрүүлсэн голомт юм. Энэ голомтыг тойроод нэг талд нь Хятад, нөгөө талд нь Орос гээд гүрэн байна. Хоёулаа монголчуудын бүтээл юм шүү дээ. Хятад хуучин 12 жижиг үндэстэн байсан. Монголчууд нэгтгээд нэг улс болгоод тэрнээс хойш Мин, Чин улс одоо Хятад улс гээд явж байна. Орос жаран хэдэн вант улс байсан. Монголчууд нэгтгэсэн. Монголчууд аварга том гүрний төрийн голомтыг сахиж үлдсэн үндэстний хувьд энэ төрт ёсныхоо уламжлалыг дагаж хүндэлж, үүнийгээ өөрсдөө ойлгож явах нь чухал. Одоо Монголын хоёр талд том гүрнүүд байна. Эдэнтэй харьцахдаа “Бид жижигхэн орон, далайсан газар нь далд ороод, далласан газар нь ил гаръя” гээд явж байх уу? Аль эсвэл Монгол төрт ёсны асар их уламжлалтай, соёлтой орон гээд үнэт зүйлийг авч яваад хоёр хөрш гүрэнтэйгээ эвтэй найртай, зохицоод амьдрах уу гэдэг асуудал бий. П.Очирбат Ерөнхийлөгчөөс өмнө Хятад, Монголын харилцаа зовлонтой байсан шүү дээ. Зөвлөлт, Хятадын хагарлаас болсон зүйл л дээ. П.Очирбат Ерөнхийлөгч урагшаагаа айлчилж, Зян Зэминь даргатай хундага тулгаж, дуулж байгаад харилцаагаа хэвийн хэмжээнд оруулсан.

-Таны үед оросууд крантаа хаасан үе таарсан. Амаргүй байсан биз?

-Хоёр талын юм даа. Нэг тал нь Зөвлөлт гүрэн наяад оны сүүлээр хүнд байдалд ороод, 1990 оны есдүгээр сарын 30 гэхэд Дээд зөвлөл нь гадны аль нэг оронд зээл тусламж үзүүлэхийг Засгийн газартаа бүрэн хориглочихсон. Монголд 17 мянган барилгачидтай барилгын том байгууллагууд ажиллаж байсан. Тэр нь санхүүжилтгүй болоод буцсан. 1989 онд М.С.Горбачёв Владивостокоор дамжин Хятад улсад очихдоо бидэнтэй зөвлөж ярилгүйгээр Монголоос цэргээ гаргана гээд амалчихлаа. 100 гаруй мянган цэрэг гарлаа. Тэр үед Зөвлөлтийнхөнтэй буруу харьцаж байна гэсэн ойлголт монголчуудын дунд байсан.

Нөгөө талаас бид Зөвлөлтийн хараат байдлаас гарч, бие даасан бодлого явуулна гэхээр доминат гүрэн жолоогоо зүгээр тавьчихгүй л дээ. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны маш нууц 79 13 дугаар тогтоол гарч, монголчуудыг боомилох, эдийн засгийн талаар хориг тавьсан шүү дээ. Тэгээд Монголтой хийж байсан бартерийн худалдааг бүрэн хаагаад, гадаад худалдаа үндсэндээ бид хойд талаас нефть авдаг, эндээсээ зэсээ өгдөг түвшинд л үлдсэн. 1990 оны долдугаар сарын 29-нд Монголд сонгууль болоод, долдугаар сарын 31-нд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат гуай Эвслийн Засгийн газар байгуулна гээд зарласан. Наймдугаар сарын 1-нээс эхлээд Зөвлөлт Монголд нийлүүлдэг бензин шатахуунаа шууд 50 хувь хассан шүү дээ. 1991 оны зургадугаар сарын 17-нд НҮБ-ын Төв штабд Монголыг дэмжигч орнуудын бүлэг байгуулах анхны цугларалт болж, 12 орны бүрэлдэхүүнтэй Монголыг дэмжигч орны бүлэг гэж байгуулагдсан юм шүү дээ. Манайхан тэрнийгээ хандивлагч орнууд гэдэг юм.

-Саяхан В.Путины тухай номыг Германы сэтгүүлчийн бичсэнээр уншлаа л даа. Ард түмэн намайг ямар байхыг хүснэ би тийм л байх ёстой гэж Путин хэлсэн юм билээ. Оросуудын олонх юу хүсч байгааг судалгааны дүнгээр тогтоодог. Харин манайхан нийгмийн сэтгэл зүйг яаж мэдэрч байсан бол?

-Бид социализмын халуун нурман дээр үлдсэн шүү дээ. Гадна талд ийм болчихсон нөхцөлд төрийн жолоо барьж байгаа хүмүүс улс үндэстнийхээ явах зам мөрийн зүй тогтлыг харах нь чухал. Бид ямар замаар явах вэ гэвэл сонин. Тэр үеийн хүмүүсийн ихэнх нь социализм маань сайхан, энэ замаараа явах юмсан гэдэг. Гэтэл Зөвлөлтөд социализм нурж, сууриараа хөдөлж байна гэдэг ойлгогдож байсан. Тэр үеийн өмч хувьчлал, үнэ чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд нь нийгмийнхээ голлох сэтгэхүйгээс зөрж хийсэн алхамууд шүү дээ. Төрийн хүний хариуцлага гэдэг улс орныхоо эрх ашгийн төлөө хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Түүнээс биш чи гараад “Үнэ чөлөөлөх үү” гэж хүмүүсээс асуувал “Үгүй ээ нөхөр минь, чи надад картаар бараа өгөөд бай” гээд суугаад байна шүү дээ.

-Одоогийн ихэнх улстөрчид нийгэмд таалагдсан шийдэл гаргахыг хичээдэг бол та нар зайлшгүй хийх ёстой арга хэмжээг шүүмжлэл хүлээхээс айхгүйгээр хэрэгжүүлсэн байх нь?

-Нийгэмдээ таалагдах гэхээсээ одоо нийгмээ мэхлэх гэж оролдох нь их болчихсон юм уу даа гэж боддог. Дотроо нэг юм бодож байгаад гаднаа өөр юм ярьдаг. Жишээ нь харийн чононууд хотонд нь орчихоод малыг нь сүйтгэж байхад манайхан чонын сэгийг зулгаагаад, нөгөөдүүлтэйгээ хамт гүйж явна. Ард түмэндээ хачин гоё юмнууд яриад сууж байгаа шүү дээ. Удирдагч хүн улс үндэстний хувь заяаг хариуцаж байгаа хүн. Эмчлэх цагт нь хатуухан эм хэрэглэдэг л байх хэрэгтэй. Тэгэхгүй уйлна даа гэж бодоод, эмийг нь уулгахгүй бол өвчин хүндэрнэ. Хэрэгтэй цагт нь хийх ёстой юмаа хийх л ёстой.

-П.Очирбат гуай та хоёр дунд сургуульд байхаасаа бие биеэ мэддэг байсан гэдэг билүү?

-Арван жилд байхаасаа мэднэ л дээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 31-нд “Пионерийн үнэн” сонинд П.Очирбатын бичсэн шүлэг гарч, би бас тэр үед нөхөдтэйгөө нийлж, цахилгаан трактор хийж, Уран гартны тэмцээнд түрүүлж, сонинд гарч байсан. Тэр үеэсээ л бие биенээ мэднэ л дээ. Арвандөрөвдүгээр сургуулийнхантай бид хааяа тэмцээн хийнэ. Хөгжилтэй л дөө. Тэд хожигдохоороо биднийг барьж аваад гөвшчихнө. Бид хожигдвол тэднийг барьж аваад гөвшчихнө. Яахав хүүхэд байх үеийн юм чинь.

-Та сүүлийн үед юунд санаагаа чилээж, цаг зарцуулж байна даа?

-Яахав дээ, бичиг цаас элдэв өнгийн юмнаасаа нэг их салж чадахгүй. Бичиж байгаа ухаантай. 15 жил бичлээ дээ. Нэг номыг дөрөв дахин бичиж байна. Болж өгөхгүй юм. Энэ жил тэрнийгээ гүйцээж чадах нь уу, үгүй юу. Санаа зовох юм бол Монгол төр маань дорой байдалд орж байна. Үүнд л жаахан санаа зовж сууна. Хааяа ярилцлага өгөхдөө төрийн тэргүүнээ ажлаа хийгээсэй гэх юм. Нөгөөдөхөд маань хүрдэг ч юм уу, бүү мэд. Одоо Монгол төрийн хамгийн хэцүү юм бол гадныхны нөлөөнд орчихлоо. Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй боллоо. Коксжих нүүрс 300 доллар байхад бид Хятадад 50 доллараар өгөөд, баярлаад сууж байна шүү дээ. Хятад авъя гэвэл авна, авахгүй гэвэл авахгүй. Хараат байдалд байна. Айл гэр байлаа, өрхийн тэргүүн амьдралаа хариуцна. Гэтэл өрхийн тэргүүн өглөө босоод ялааны цохиур барьж ийшээ тийшээ хэдэн ногоон ялаатай хөөцөлдчихөөд, би ядарлаа гээд суугаад байвал тэр айл ямар байх вэ. Төрийн тэргүүн төрийн тэргүүн шиг л байх хэрэгтэй. (Санаа алдав).