Categories
мэдээ нийгэм

​Хүүхдийнхээ “Амжилтын дасгалжуулагч нь аав, ээж та” юм

Улсын хөгжил хүнээс, Хүний хөгжил хүүхдээс гэдэг.

Бид үр, хүүхдээ хэл яриа, биеийн хэлэмж зэргээрээ хүмүүжүүлж байдаг.

Үгээр хүнийг амьдруулж ч болдог алж ч болдог гэдэг ч үг бий.

Хүн бол нийгмийн амьтан бас сэтгэлийн амьтан билээ.Сэтгэлийн амьтанд сайхан , урмын үг хэрэгтэй. Үүнийг сонсож өссөн хүүхэд ямар нийгэм бүтээх бол.

Тэгвэл танаас хэдхэн асуулт асууя?

Та хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? тэр юуг илүү сонирхож байна вэ, танаас сонин содон асуулт асууж, яагаад гэж шалсаар байдаг уу. Энэ нь танд ядаргаатай санагдаж байна уу?

Энэ юунаас болдог юм бол. Заримдаа би хүүхдээ буруу хүмүүжүүлээд байх шиг байна гэж санаа зовох үе, тохиодол бий юу?

Хүүхдийн тань хувьд амжилт гэж юу юм бол, онц сураад шагнал авах юм болов уу, амжилт ер нь юунаас эхэлдэг юм бол? ирээдүйд мундаг, амжилттай, сайн хүн болж өсгөхийн тулд аав ээжүүд юу хийх ёстой байдаг юм бол.

Энэ асуултын хариултыг “Ганабелл” сургалтын төвийн сургагч багш С.Оюунтуяа “Амжилтын дасгалжуулагч нь Аав ээж та” хэмээх лекцээр дамжуулан хариуллаа.

Ингээдуг лекцийг товчхон сийрүүлье.

Тэрээр“Тархины амьд эсийн судалгааг 1989 онд Швейцарь дахь Макс Планкийн лабораторид анх удаа хийж эхэлсэн байдаг. Хүүхдийн уураг тархи нэг их наяд (1000.000.000.000) эсээс тогтдог” хэмээн лекцээ эхлүүлсэн юм.

Эдгээр эсүүд нь маш хөдөлгөөнтэй, сониуч байдаг гэнэ. Хүүхдийн мэдрэлийн эсийг судлах явцдаа хүмүүст сонирхуулан микроскопоор харуулж ямар сэтгэгдэл төрж байгааг асуужээ. Аав ,ээжүүд эсийг хараад биширмээр, гайхалтай, ер бусын, ид шидийн, идэвхтэй, гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.

Та хүүхдээ хэр ухаантай бол гэж бодож байсан уу. Жижигхэн тархитай хүүхэд ухааны түвшин доогуур гэж боддог юм биш биз. Эсвэл энэ талаар ерөөсөө боддоггүй бол дараах мэдээллийг хүргэе.

Хүүхэд эхээс төрөхөд л тархины бүх эсүүд бий болчихсон байдаг. Төрсний дараа тархины эс хоорондын холбоос л нэмэгдэнэ.Хүүхдийн оюун ухааныг тархины хэмжээ бус гагцхүү тархины эс хоорондын холбоосын тоогоор л тодорхойлдог байна.

Тархины эсүүд маш идэвхтэй хөлөлгөөнтэй, сониуч, шинийг таньж мэдэх хүсэлтэй байдаг учраас хүүхдүүд аливаа зүйлийг олон талаас асууж, үзсэн харсан бүхэндээ хүрч юу болохыг нь харж, барьж үзэхийг хүсдэг байна. Тэдэнд тавилга, тоглоом, эд зүйлс, орчин гээд бүх л зүйл шинэ санагддаг. Иймд тэд харсан зүйлдээ хүрч үзэж мэдрэхийн тулд цэгцтэй зүйлсийг бусниулж орхидог. Үүнд хүүхдээ битгий буруутгаарай. Харин гэмтэж бэртэхээс нь сэргийлж ажиглах хэрэгтэй.

Харьцангуй биеэ даасан үе буюубага ангийн хүүхдийн хувьд бусадтай хэрхэн харьцах, хэрхэн сайн хүн болж төлөвших тал дээр анхаарч, ирээдүйд амжилттай чадварлаг хүн болгохын тулд эцэх эхчүүд ярилцах хэрэгтэй.

Хүнд:

  • Вербаль-Хэлзүйн оюун ухаан
  • Логик оюун ухаан
  • Инженер-Орон зайн оюун ухаан
  • Мэдрэхүйн оюун ухаан
  • Бие бялдар хөдөлгөөний оюун ухаан
  • Бүтээлч оюун ухаан
  • Бие хүний дотоод оюун ухаан
  • Хүмүүстэй харилцах оюун ухаан
  • Спиритуал оюун ухаан
  • Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
  • Ёс суртахууны оюун ухаан гэсэн 11 оюун ухаан байдаг. Үүнийг аль болох тэнцвэртэй хөгжүүлэхийг эцэх эхчүүд зорих хэрэгтэй.

Оюун ухааны хөгжлийн гол цөм, хөдөлгөгч хүч нь сайн зан чанарууд буюу ёс суртахууны оюун ухааны юм.

Үүнийг хөгжүүлээд төлөвшүүлчих юм бол бусад юмыг сурах чадвартай болдог аж.

Сайн зан чанар-Мөн чанар-Хүн чанар гэдэг зүйлийг ёс суртахууны оюунаас суралцана.

Үүнд: Амгалан тайван байдал, асрал халамжтай, багаар ажиллах чадвартай, баяр хөөртэй, асуудалд бодитой ханддаг, бусдад санаа тавьдаг, бүтээлч,гарамгай, зарчимч, зоригтой, зорилготой, зохион байгуулалттай, зөв боловсон, зөв ойлголттой,тэмүүлэлтэй, итгэл даадаг, найдвартай, нөхөрлөлдөө үнэнч, нөхөрсөг, нэр төртэй, өгөөмөр, өөрийгөө хүндэтгэх, өршөөнгүй гэх мэт 360 гаруй сайн чанарууд багтдаг байна.

Түүнчлэн эцэг эхчүүдхүүхдийнхээ мэдлэг боловсролд анхаарахдаа ёс суртахууны оюун ухааныг нь орхигдуулах гээд байдаг. Өөрсдөө ч үүнийг сайн мэддэггүй. Өөрөөр хэлбэл академик чадвар буюу унших, бичих, ярих, математик (IQ) талыг нь илүү хөгжүүлчихвэл миний хүүхэд ухаантай, чадварлаг манлайлагч болно гэж боддог. Гэтэл цаана нь эзэмших ёстой гурван чадварыг орхидог.

“Бие бялдар, эрүүл мэнд” (Эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн), “Сэтгэлзүйн чадвар” (анхаарал, ой тогтоолт, зан чанар, сэтгэл хөдлөл (EQ)), “Нийгэмших чадвар”(Бусадтай харилцах, Бүлгийн хамтын суралцах үйл ажиллагаанд оролцох) гэх мэт чадварыг орхигдуулдаг.

Хүүхдэд нөлөөлдөг хамгийн нэгдүгээр хүчин зүйл бол аав ээж, гэр бүлийн орчин, хоёрдугаар хүчин зүйл сургууль, цэцэрлэг.

Гэр бүлийн орчноос хүүхэд үлгэр жишээ авч мэдлэг олж, оюун ухаанаа хөгжүүлж байдаг. Тиймээс аав, ээжүүд хүүхдэдээ амжилтын дасгалжуулах тойргийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Юун түрүүнд хүүхдээ ажиглах, судлах. Дараа нь зөв ярилцах,ярилцсаны үндсэн дээр хийж хэрэгжүүлэх, идэвхтэй сонсох, хүлээн зөвшөөрөх (хүндэтгэх) хэрэгтэй.

Дээрх дасгалжуулах тойрог буюу зан чанарын хуваалцах тойргийг хэрэгжүүлснээр хүүхдээ өөрөөр нь байлгаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, урам зорих авах, хүсэл мөрөөдлөө зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Энэ тойргийг хэрэгжүүлж байхдаа сайн сайхан үг хэлэх, сонсох, урам зориг өгөх авах, хүчин чармайлтыг нь сайшаах, бие биенээ тэврэх, үнсэх хэрэгтэй. Хүүхдийн хувьд бусдыг сонсох, бусдын сайн үйлдлээс суралцах, бусдад урам зориг өгдөг болох, нээлттэй ярьж сурах зэрэг давуу талтай болно.

Мөн ярих хүчийг зөв ашиглах хэрэгтэй.

Та хичнээн завгүй байсан ч дор хаяж долоо хоногтоо 2-3 удаа цайнхаа цагаар, эсвэл сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авахдаа ч гэсэн ярилцаж болно. Ингэхдээ ярианд нь анхаарал хандуулах нь чухал. Өнөөдөр миний хүүхэд юу сурч мэдсэн бэ, хэнд тусалсан талаар асуух. Хэрвээ ямар нэгэн юмыг буруу хийсэн, хичээлээ ойлгоогүй байвал загнаж болохгүй. Харин яагаад ойлгоогүй, ямар учраас буруу зүйл хийсэн болохыг асууж мэдэх нь чухал. Дараа нь би чиний оронд байсан бол ингэх байлаа. Чи энийг ингэж хийж болох байсан байна гэх зэргээр хэлж, хүүхэд өөрөө шийдвэр гаргах, буруу зөвөө ухамсарлах боломж олгох хэрэгтэй.

Зөв, сайн зүйл хийсэн бол сайшааж магтах нь зүйтэй. Гэхдээ тунг нь тааруулах ёстой. Миний хүүхэд мундаг шүү, маш сайн байна гэдэг бол тодорхойгүй, ерөнхийлсөн магтаал. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш хортой. Ингэж магтуулсан хүүхэд өөрийгөө би бүх зүйлийг чадна, би л мундаг гэж боддог. Яг юунд илүү мундаг гэдгээ тодорхой мэдэхээ больчихдог. Тиймээс хүүхдийн хийсэн ямар сайн зүйл байна түүнийг тодорхой хэлж магтах нь зүйтэй. Үүнээс хүүхдийн ирээдүйн амжилт шалтгаалдаг.

Өөрийхөө оймсоо угаагаад тавьсан ч тэр нь хүүхдийн тань хувьд амжилт юм шүү. Үүнийг нь хүртэл хэлж урам өгөөрэй хэмээн яриагаа өндөрлүүллээ.

Ganabell.mn-н зураг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх талаар ярилцлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Тяньжин хоттой хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Энэ удаагийн айлчлал хоёр талын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, өмнө нь харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Цаашид далайд гарах нэр бүхий төсөл хэрэгжүүлэх, өмнө нь амжилттай туршсан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тээврийг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтрах, хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан хөхиүлэн дэмжих, Бизнес форум зохион байгуулах зэргийг санал болгов. Мөн “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд талархал илэрхийллээ.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэмдэглэв.

Мөн БНХАУ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тяньжин хотын зүгээс Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх, Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээх, тээвэр, ложистик, гааль, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтран ажиллах санал гаргалаа.

Талууд харилцан ярилцсан зүйлээ бодит ажил хэрэг болгохын тулд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах, “Хөгжлийн зам”, “Бүс ба зам” хөтөлбөрийг уялдуулах, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

-2019 ТӨСВИЙН ТӨСЛИЙН БАГЦ
ХУУЛИУДЫГ ХЭЛЭЛЦЭВ-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2019 оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарав.

-ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬ ОЛГОХ ЁСТОЙ-

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгдсэн.

-ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ НЬ ОЛОН ТАЛЫН СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ БИЙ БОЛГОНО-

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хаврын чуулганы төгсгөлд завсарлага авсан байсан. Учир нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно гэж үзсэн юм. Тухайлбал,Монгол Улсын Засгийн газар төрийн захиргааны төв болон бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу мэргэшсэн шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй болно. Үүнээс улбаалан эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд түүнийгээ хамгаалуулахаар дагнасан шүүхэд хандах боломжгүй болно.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль, тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгосон тохиолдол үгүй тул шүүхэд хандаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болно гэж үзэж буй учраас эдгээр заалтуудыг зайлшгүй эргэж харах шаардлага байна гэж үзэв.

Categories
мэдээ нийгэм

Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овоо болон Нарны зам орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хурааж, дүрмийн дагуу зорчихыг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

202 дугаар цэцэрлэг номын сантай боллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлж тэдний ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийх ажлыг тогтмол дэмжин ажилладаг.

Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард дүүргийн 21 дүгээр хороо 127 дугаар сургуулийн номын сангийн тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан бол энэ удаа дүүргийн 202 дугаар цэцэрлэгийг номын сантай болгосон байна. Түүнчлэн тэрээр тус номын санд хүүхэд бүрийн тоогоор ном бэлэглэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол их гарч байна

Аравдугаар сарын 20,21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 552 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгалаа.

Ослын улмаас орон нутагт 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн байна.

Хоногийн нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 7 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол байх бөгөөд явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 5 тохиолдол бүртгэгдсэн нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба эрэн сурвалжлагдаж байсан 10 этгээдийг олж тогтоон харъя цагдаагийн байгууллагуудад хүлээлгэн өгч ажиллалаа.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

  • 2018.10.20-ний өдөр 10.00 цагийн орчим Төв аймгийн Баян сумын 2-р баг “Шуургат” гэх газар асфальтан замд амины Kia Bongo Frontier автомашин Hyundai Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 54настай.эрэгтэй Э-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт,
  • Мөн БЗД-ийн Доржийн гудамж, “Цайз” захын уулзварт Howo CLY5257 миксерийн жолооч нь, явган зорчигч А, Б нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд А нь ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан ноцтой хэргүүдийг тус тус шалгаж байна.
Categories
мэдээ спорт

Т.Тулга, Л.Төртогтох нар дагаж барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд өнгөрсөн шөнө боллоо. Манай тамирчдаас энэ өдөр 61 кг-ын жинд барилдсан ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Бека Ломтадзетай барилдаж 6:3-аар хожиж, Монголын багийн анхны медалийг хүртлээ.

Өнөөдөр 57, 65, 79, 92 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд болох бөгөөд манай багаас 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга, 92 кг-ын жинд ОУХМ Л.Төртогтох нар дагаж барилдана.

ОУХМ Т.Тулга өчигдөр Словак, Польшийн бөхийг оноогоор цэвэр ялж наймд үлдээд Энэтхэгийн Бажранг Бажрангд 3:5-аар хожигдсон. Өнөөдөр Унгар, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай торгуулийн тойрогт барилдаж, ялбал Кубын Алехандро Тобьертай хүрэл медалийн төлөө барилдана.

ОУХМ Л.Төртулга Казахстаны Нургали Нургайпулиг ялж наймд үлдээд Беларусийн Иван Янковскид хожигдсон юм. Беларусь бөх аваргын төлөө гарч ирсэн учир манай бөх өнөөдөр дагаж барилдана. Манай бөх БНСУ-ын Жон Ху Литай барилдаад ялбалЯпоны Ацуши Мацумотой хүрэл медалийн төлбөө барилдана.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

  • Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
  • Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
  • Гараа тогтмол савандаж сайн угаах.
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
  • Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой.
Categories
мэдээ нийгэм

Хамтарсан сургалт улсын хэмжээнд эхэллээ

Улсын Ерөнхий прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сургалт улсын хэмжээнд эхэллээ.

Зам тээврийн осол дорвитой буурахгүй, орон нутагт өссөн, ослын улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирох, эд хөрөнгийн хохирол учрах үр дагаврыг үүсгэдэг тул энэ төрлийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоох, гэмт хэрэг бүрт шалтгаан нөхцлийг тогтоон арилгуулах арга хэмжээ авах явдал чухал ач холбогдолтой байна.

Олон улсад болон манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоор амь насаа алдах явдлыг багасгах чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж байгааг хэрэгжүүлэх үүднээс автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шуурхай, бүрэн шалгаж тогтоох, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжилтнийг сургах, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг тодорхойлох, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг сургалтыг 2019 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд зохион байгуулах юм.

Сургалтанд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Прокурорын газрын алба хаагчид хамтрагдах бөгөөд тэд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байд Автотехникийн шинжилгээнд тулгамдаж буй асуудал, Зам тээвийн ослын шалтгаан нөхцөл-урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.

Сургалт энэ сарын 18-ны өдрөөс Булган, Эрдэнэт хотуудаас эхэлсэн бөгөөд 11-р сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт 4 цэцэрлэг, 1 сургууль, 1 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт 4 цэцэрлэг, 1 сургууль, 1 сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 27 нэгж талбарын 24685 м2 буюу 2.4 га газарт газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд явц 92 хувьтай байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 27 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Газрын алба.

Тухайлбал,

  • СБД-ийн 11 хороо, Хангай хотхоны хойд талд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,
  • СБД-ийн 12 дугаар хороо, Хангайн 17,18 дугаар гудамжинд цэцэрлэг барих газар,
  • СБД-ийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 10, 11 дүгээр гудамжинд 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн газар,
  • СБД-ийн 18 хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд 280 ортой цэцэрлэг барих газар
  • СБД-ийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 280 хүүдийн ортой цэцэрлэг барих газар
  • СБД-ийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл барих газрыг тус тус чөлөөлөх ажлыг хийж байна.