Categories
мэдээ нийгэм

Сургалтад хамрагдсан залуучууд батламжаа гардан авлаа

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэлийн Залуу хөтөч” сургалтыг амжилттай дүүргэсэн 145 суралцагч батламжаа гардан авлаа.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Нийслэлийн Залуу хөтөч” аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг хоёр дахь жилдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэмжлэгтэйгээр энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан юм.

Сургалтад хамрагдан, батламжаа гардан авсан Н.Нямсумъяа “Энэхүү сургалт нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн багш, судлаачид олон талын цогц мэдлэгийг богино хугацаанд олгосноороо үр дүнтэй боллоо. Тухайлбал аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр хэрхэн гаргах вэ?, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт, Монгол орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэг, мэдээлэлтэй болсондоо баяртай байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-д “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв” болох, 4 дүгээр зүйлийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулав. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал завсарлалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал завсарлалаа. Тус бүлгийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын төлөвлөгөө, 2019 оны Төсвийн төслийн талаар УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулгыг сонссон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжлэн хуралдана.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд ”шинэ зам” гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Ли Хужун Монгол Улсын ерөнхий сайдад БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нарын мэндчилгээг уламжлав.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, хөгжсөөр байна. 2018 он өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ойртсон онцгой жил байлаа. Энэ удаагийн айлчлал ч мөн Засгийн газар хоорондын харилцаанд ахиц дэвшил авчирсан, өмнөх айлчлалуудаар харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

“Бүс ба зам” хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл хамтын ажиллагааг шаардаж байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв.

Хамтын ажиллагааны хүрээнд айлчлалаар тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов.

Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар тэрдундаа худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол-Тяньжины Дүнзян тээвэр лоrистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлэв.

Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун хэлэхдээ Тяньжин, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төвийг байгуулах, төлөөлөгчийн газар нээх хот хоорондын нислэгийг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлтээ тавив.

Айлчлалаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар дэмжин ажиллахын зэрэгцээ энэхүү айлчлал нь Улаанбаатар, Тяньжины хамтын ажиллагаанд шинэ зам гаргалаа хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

А.Базар: Генерал Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын маргаан бүтэн жил дамнан үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын дунд 2017 оны намрын чуулганы үеэр өрнүүлсэн маргаан одоо ч олны анхаарлын төвд байгаа. Энэ маргаан бүтэн жил гаруй хугацаанд тун хачин, жигтэйгээр шүүхийн танхим дамжин өрнөж иржээ. УИХ-ын гишүүн Л.Болдын өмгөөлөгч А.Базартай ярилцлаа.

-Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Б.Хурцын томилгоог хэлэлцэх үеэр Л.Болд гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуулт тавьсан. Энэ асуултаас өрнөсөн хурц маргаан нийгэмд олон асуултын хариуг хоосон үлдээж. Сүүлийн үед сошиал болон бусад мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар янз бүрээр бичих боллоо?

-Тухайн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн зүйлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд 2017 оны 11-р сараас эхлэн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн ажил хэргийн нэр хүнд, нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, өөрийнх нь талаар хэлсэн худал зүйлсийг залруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал хүсэхийг Б.Хурцад үүрэг болгох явдал байсан. Яагаад ийм нэхэмжлэл гаргасан бэ гэвэл Б.Хурцын УИХ-ын гишүүн Л.Болдын тухай хэлсэн зүйлс бүгд худал мэдээлэл байсан. Харамсалтай нь шүүхэд хандсанаас хойш өнөөдрийг хүртэл маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа. Маргаан удааширч байгаа шалтгаан нь Б.Хурцын оршин суух хаяг нь тодорхойгүй, бүртгэлгүй байсантай холбоотой.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Хурцын оршин суух бүртгэлтэй хаяг гэдгийг нь батлах баримт шаардлагатай гээд нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагаанаас хүлээж аваагүй. Тэгэхээр нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Тус хаяг дээрээ бүртгэлтэй боловч, оршин суудаггүй” гэсэн Хорооны Засаг даргын тодорхойлолт гарч ирээд шүүхээс нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Улмаар улсын бүртгэлд бүртгэлгүй боловч бодитой оршин суудаг хаягийг нь тодорхой болгож шүүхэд нэхэмжлэл гаргахад “Тухайн хаяг дээр бүртгэлгүй” гэсэн Хорооны тодорхойлолт шүүхэд ирээд бас л түүнийг үндэслэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Уг нь шуудан хүргэгч Б.Хурцын хаягаар гэрт нь очиход түүний оршин суудаг хаяг болох нь тодорхой болчихсон байсан. Энэ үед Б.Хурц өөрөө УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбогдуулан тэр хаягнаасаа нэхэмжлэл гаргаад, шүүхэд маргаан нь үргэлжилж байсан. Харин өөрт нь холбогдуулж нэхэмжлэл гаргах гэхээр хаяг дээрээ байдаггүй, эсвэл бүртгэлгүй гэх зэргээр шүүхээс нэхэмжлэл буцаад байсан. Ер нь нэхэмжлэлийг хүлээж авахаас өмнө “УИХ-ын гишүүн Л.Болд иргэнийхээ хувьд шүүхэд хандах ёстой” гээд шүүхийн мэдээлэл лавлагаанаас нэхэмжлэлийг хүлээж аваагүй, иргэнийхээ хувиар шүүхэд хандахаар “УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх гэж буй учир иргэнийхээ хувьд биш УИХ-ын гишүүнийхээ хувьд шүүхэд хандах ёстой” гэх зэргээр шүүгчээс нэхэмжлэлийг хүлээн авахаас хэд хэдэн удаа татгалзсан.

Ийнхүү Б.Хурцын оршин суугаа хаяг тодорхой бус гэдэг үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг удаа дараа хүлээж аваагүй тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх бидний хүсэлтийг мөн л хүлээж авахаас татгалзсан. Яагаад гэвэл “Б.Хурц нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдуулан нэхэмжлэл гаргаад, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа, мөн Б.Хурцад холбогдуулж гаргасан бусад хүмүүсийн нэхэмжлэлийн дагуу ч маргаан шийдвэрлэгдэж байгаа тул түүний хаяг нь тодорхой байна” гэсэн үндэслэл хэлсэн.

Ингэж явсаар шүүхэд иргэний хэрэг буюу маргаан үүсгүүлэхийн төлөө л багагүй хугацаа зарцуулагдсан. Анх 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ч 2018 оны 04 дүгээр сард л шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Хагас жил шахам хугацаанд хөөцөлдсөн.

-Хариуцагчийн хаяг нь тодорхой биш байлаа гэхэд утасны дугаараар холбогдож шүүхээс дууддаггүй юм уу?

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “шаардлагатай бол харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэнэ” гэсэн зохицуулалт байгаа. Б.Хурц шүүхэд ирж нэхэмжлэлийг хүлээж аваагүйг бодоход утасны дугаар нь холбогдоогүй, эсвэл утсаар мэдэгдсэн ч ирээгүй байх. Сүүлд нэхэмжлэл гардуулах үед шүүхэд ондоо асуудлуудаар түүнийг төлөөлөөд явж байсан хуульчтай нь холбогдож, нэхэмжлэлийг авахуулсан.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх ямар шийдвэрүүд гаргаад байна?

-Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, түүний нэр төр, алдар хүндийг сэргээх, хэлсэн зүйлийнхээ төлөө уучлал хүсэх, залруулга хийхийг Б.Хурцад даалгаж шийдвэрлэсэн. Яагаад гэвэл Б.Хурцын хэлсэн зүйл үнэн, зөв болох талаар Б.Хурц, түүний хуульчийн зүгээс нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо үзүүлж байсан Хойд Солонгосоос ирсэн гэх бичгээ ч шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны үеэр “Тэр бичиг АТГ-т байгаа” л гэж тайлбарлаж байсан. Уг нь Б.Хурц анх энэ асуудлаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “тэр бичиг надад байгаа” гэж тайлбарлаж байсан тул тийм бичиг байдаг бол өөрсдөө гаргаж өгөх боломжтой байсан.

-Тэр бичгийн талаар АТГ ямар байр суурь илэрхийлсэн нь сонин байна. Үүнээс гадна Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд нээлттэй сонсгол хийсэн гэх шалтгаанаар АТГ-т дуудаж байцаалт авч байсан?

– АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалаас бас л нэр усгүй, тамга, тэмдэггүй, эргэж буцах хаяггүй бичиг ирсэн гэж хариу өгсөн. Нөгөө бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хаягнаасаа Б.Хурц өргөдөл гаргангуут л “Нээлттэй сонсгол хийж иргэдээ сонссон” гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг АТГ-аас дуудаж байцаалт авсан. Уг нь таван ч УИХ-ын гишүүн хамтдаа нээлттэй сонсгол хийж дүгнэлтэд гарын үсгээ зурцгаасан. Гэтэл Б.Хурцтай маргалдсан хоёрыг нь онцолж байцаалт авсныг уншигчид дор бүрнээ дүгнэлт хийх байх. Л.Болд гишүүн өөрөө ч энэ тухайгаа “Иргэдийнхээ асуудлыг сонссоноос болж парламентын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн түүх дэлхийд ганцхан Монгол Улсад л гарах гэж байна” гэж хэлж байсныг та санаж байгаа байх.

Ер нь Б.Хурцын талаас шүүхэд юу ч баталж, нотолж чадаагүй гэж ойлгож болох уу?

-Болно. Гэвч давж заалдах шатны шүүхээс Б.Хурцын хуульч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан. Одоогийн байдлаар бид “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулгаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа

-Энэ маргаан гарах болсон шалтгаан хүмүүст сонирхолтой байгаа. Энэ талаар тайлбар өгөх боломжтой юу?

-Маргаан гарах болсон шалтгааны тухай би сайн мэдэхгүй. Миний үйлчлүүлэгч Л.Болдын хувьд УИХ-ын гишүүн тул Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нийт ард түмнийг төлөөлөх, ашиг сонирхлыг хамгаалах учиртай. Гадаадын аль нэг улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдыг УИХ-аас томилдог тул Элчин сайдаар ямар хүн томилогдох нь Монгол Улсын, нийт иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал. Тэрнээс Б.Хурц гэж хувь хүнтэй таарамжгүй, маргаантай учир түүнийг харлуулах санаа, зорилго бол агуулаагүй. Гэвч Б.Хурцын зүгээс асуултад хариулахын оронд Л.Болд гишүүнтэй хувийн шинжтэй маргаан үүсгэж, түүний талаар худал мэдээлэл тараасан. Зүй нь, УИХ-ын гишүүний асуултад хариулах, төрийн албаны ажлыг хувийн шинжтэй маргаан болгохгүй байх, УИХ-ын гишүүнийг асуулт асуусны төлөө харлуулах зүйл хийхгүй байх явдал гэж бодож байна. Монгол Улсыг төлөөлж Элчин сайдаар томилогдох гэж буй хүн олон нийтийн өмнө, парламентын танхимд тийм авир гаргах нь ёс зүйн ноцтой зөрчил шүү дээ.

-Б.Хурцын зүгээс энэ асуудлыг сайн мэднэ гэж нэр цохож заасан Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тодорхой хариуг нь өгсөн санагдаж байна?

-Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дараахан нь “…Би гайхаад яамныхаа нөхдүүдээр Умард Солонгосоос хаана ямар бичиг ирсэн юм гэдгийг хайлгалаа. Тагнуул, прокурорын газарт хандлаа, цагдаатай ярилаа. “Тийм бичиг байхгүй” гэж мэдэгдлээ. Б.Хурц УИХ-ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү? Гүтгэлэг хэрээс хэтэрлээ” гэж түүний хэлсэн зүйлсийг үгүйсгэж тайлбар өгсөн л дөө. Хэрэв АТГ-т нотолгоо болохуйц бичиг ирсэн бол Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хувьд мэдэх байсан байх.

Б.Хурцын талаас эргүүлээд нэхэмжлэл гаргасан гэв үү?

– Б.Хурцын зүгээс эргүүлээд УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдуулж мөн адил нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан вэ гэвэл УИХ-ын чуулганаар өөрийг нь Элчин сайдаар томилох, эсэх асуудлыг хэлэлцэх явцад түүнээс асуулт асуухдаа нэр төр, алдар хүндэд нь халдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улмаар Б.Хурцын нэхэмжлэлтэй шүүх хурал саяхан болсон ч иргэдийн төлөөлөгч томилогдоогүй байна гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Л.Болд гишүүний зүгээс үнэн мөнийг яаралтай ялгаж салгаж, тогтоолгохыг хүсч байгаа.

Гэтэл нөгөө талд энэ асуудлыг ойлгомжгүй, дуусдаггүй нөхцөл байдалд аль болох удаан байлгах л сонирхол байх шиг харагдаж байна. Л.Болд гишүүнээс өөр хүн бол цөхрөмөөр нөхцөл байдалтай байна л даа.

Өмгөөлөгчийн хувьд тухайн үеийн Б.Хурцыг томилох, эсэх хурал дээр УИХ-ын тухай хуулийн 7.1.11-р зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх үндэслэлгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тухайн хурал Б.Хурц гэдэг хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжих үү, дэмжихгүй юу? гэдэг асуудлыг хэлэлцэж, олон ч гишүүд байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Л.Болд гишүүн ч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнд асуулт тавьсан. Түүний удирдаж байсан Авлигатай тэмцэх газарт хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байсан тухай, хилс хэргээр хоёр хүн шалгагдаж байгаад нас барсан тухай, тэр хүмүүс сүүлийн жилүүдэд шалгагдаж сэтгэл санаа, бие махбодийн хүнд байдалд орж, эцэстээ хэрэг нь хэрэгсэхгүй болоод дууссан тухай хэлж, “Энэ хүмүүсээс төр яаж уучлалт гуйх юм бэ. Ар гэрээс нь хэн уучлалт гуйх юм бэ, би үүнийг л асуумаар байна” гэж хэлсэн шүү дээ.

Бид хариуцлагын тухай их ярьдаг. Ямар нэг байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэн нэгэн хүн хохирол амсвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэж. Жишээ нь, сүүлд болсон явдлаас дурдвал Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Тэгэхэд сайд, удирдлагууд нь бүгд хариуцлага хүлээгээд огцорч байна. Энэ ч үүднээс л байр сууриа илэрхийлсэн. Энэ бол улс төрийн соёл өндөр хөгжсөн аль ч улс оронд байдаг ажил хэргийн, эрүүл шүүмжлэл. Тэрнээс хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудал биш. Парламентын гишүүн ард түмний төлөөлөл болохынхоо хувьд улсын, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ мэт шүүмжлэл өрнүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд ардчилсан улсад маш чухал зүйл юм. УИХ-ын гишүүн бүгд эрүүл шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлэхгүй шийдвэр гаргаад байвал гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, зөв зүйтэй байж чадахгүй шүү дээ.

Сүүлчийн асуултыг танд үлдээе?

– УИХ-ын гишүүн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн, ярьсан зүйлийнхээ төлөө доромжлол, гүтгэлэг хүлээдэг, шүүх, цагдаад дуудагдаж, шалгагддаг байх юм бол хэлэлцэгдэж буй аливаа асуудлаар шударга хандаж, хүчтэй дуугарч чадах гишүүн олдохгүйд хүрнэ. Яг ийм нөхцөл байдлын улмаас, асуудалд шударгаар хандаж байгаагийнхаа төлөөсөнд Л.Болд гишүүн рүү чиглэсэн зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтууд нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ҮХЦ-д өргөдөл гаргаснаас нь хойш Л.Болд гишүүнийг хэвлэл мэдээллээр илт дайрч эхэлсэн гэдгийг энд хэлмээр байна.

Н.БАТЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

24 байршилд дуудлага худалдаа зарлалаа

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдана. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд нээлттэйгээр явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 09:30 минутаас эхлэн 16-ны өдрийн 09:30 цаг хүртэл нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

/га/

1

Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

383302687

2

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

146880000

3

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

784453500

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

124000000

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Худалдаа, үйлчилгээ

0.83

187736472

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

440800000

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

440800000

8

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

252489733

9

Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

354120000

10

Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

133680000

11

Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

116300000

12

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

177700000

13

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

177700000

14

Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17

748800000

15

Сонгинохайрхан 21-р хороо, Нарийн ний эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

5

220800000

16

Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт

ХАА-н үйлдвэрлэл

7

308800000

17

Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

5

220800000

18

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

19

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

20

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

21

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

22

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

23

Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5.0

220800000

24

Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

44800000

Нийт

83.5

5708762392

Та бүхэн холбогдох мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Лавлах утас: 315712, 80000233, 96096800

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
Categories
мэдээ спорт

Охидын шигшээ баг азийн аваргад оролцохоор Ливан улсыг зорьжээ

Image result for Охидын хөлбөмбөг

Японы дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ баг Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Ливан улсыг зорьжээ. Монголын шигшээ баг тэмцээний “А” хэсэгт Австрали, Ливан, ХонгКонгийн шигшээтэй 24-28-ны хооронд өрсөлдөнө. Эхний тоглолтоо 24-ны 16.30 минутад хэсгийнхээ хамгийн хүчтэй баг Австралийн эсрэг хийж дараа нь баасан гаригт энэ цагтаа ХонгКонгийн багтай тоглоно.

Харин хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх долоо хоногийн ням гаригт 20:30 минутаас талбайн эзэн Ливаны багтай хийснээр охидын шигшээ баг анхны Азийн АШТ-ий дүгнэлтээ гаргасан гаргасан байх аж. Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөж буй манай шигшээ багийн бүрэлдэхүүнд 10-16 хүртэлх насны тамирчид байна. Мөн япон дасгалжуулагч Ики Ёүжигийн Монголын шигшээ багийг удирдан оролцож буй сүүлийн тэмцээн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27-с сурагчдын амралт эхэлнэ

Image result for сурагчид

Аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 4-ний дуустал 2018-2019 оны хичээлийн жилийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт тохиож буй юм. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн бүх ангийн сурагчид дээрх хугацаанд буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралтаар Нийслэлиийн I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал гурван долоо хоног, VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм.

Орон нутгийн сурагчдын хувьд I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног, VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 6-ныг дуустал нэг долоо хоног тус тус амрах хуваарьтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Ханиад томуугаас хамтдаа сэргийлье

Томуу, томуу төст өвчний вирүс нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвших нь чухал юм. Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дур мэдэн антибиотик өгөхгүй байх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахад анхаарна уу.

Өвчний үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхаас гадна олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн нөхцөлд дотоод орчны дулаанд тохируулан хувцаслах, биеийн дархлааг дэмжих зэргээр сайтар асарч сувилахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Айлын гэрт дайрч орж, эхнэрийг нь барьцаалсан хэрэг гарчээ

Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалан авч явсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр, нөхөр хоёрын гэрт хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Гэмт этгээд үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаад дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Сэжигтнүүд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад, “Приус” маркийн автомашинд суулган авч явсан байна. Бүсгүйн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь тогтоогджээ. Бүсгүйн нөхөр ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө “Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа” хэмээжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайж, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн дотор барьж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин ийн гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг үйлдсэн сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, 1978 онд төрсөн Э гэх нэгэн байсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын залуу гишүүд фракц байгуулжээ

Эрх баригч МАН-д нэгэн шинэ фракц мэндэлсэн байна. Тус фракцийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүсгэн байгуулсан гэдгээ өнгөрсөн амралтын өдөр зарлалаа. Фракцийн албан ёсны нэр нь Монгол Ардын Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо. Энэ нь холбоо нэртэй ч МАН дахь залуу гишүүдийн нэгдэл аж.

Уг фракцид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, О.Содбилэг, Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын 32-ын бүлгийн залуус багтсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус фракцид У.Хүрэлсүхийн тэргүүлдэг 33-ын бүлгийн залуус ч орсон сурагтай. Цаашлаад бага хурлын болон дунд шатны гишүүд, дэмжигчдийг холбоондоо элсүүлж, үйл ажиллагаандаа татан оролцуулж байгаа аж. МАН-ын 32-ын бүлгийн залуус ийнхүү нэгдэх болсон нь 2020 оны сонгуультай холбоотой юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд хэдийнэ бэлдээд эхэлсэн. Тэрбээр “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” нэртэй холбоо үүсгэн байгуулж, намынхаа гишүүд, дэмжигчдийг мянгатын системийн загварт оруулан ажиллаж эхэлсэн гэдэг. Тэрбээр энэ зохион байгуулалтын дагуу 2020 оны сонгуульд ажиллах аж.

Тиймээс МАН-ын 32-ын бүлгийн гишүүд ч мөн 2020 оны сонгуульд бэлдэж, энэхүү холбоог үүсгэн байгуулсан байна. Уг холбооны үйл ажиллагаа бүхэлдээ 2020 оны сонгуулийн бэлтгэл ажил руу чиглэнэ гэж эх сурвалжууд хэлж байна.

Нөгөөтэйгүүр ил, далдаар мөнхийн өрсөлдөж буй 32/33-ын бүлгийн өрсөлдөөн идэвхжиж эхэлснийг энэхүү үйл явдал харуулж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. М.Энхболд нам дахь өөрийн байр суурь, эрх мэдлийг авч үлдэхийн тулд залуусаа нэгтгэх, цаашлаад У.Хүрэлсийн бүлгээс гишүүд “урвуулах” үйл ажиллагааг энэ фракциараа дамжуулан хийж мэдэх юм. Цаашлаад У.Хүрэлсүхийг Засгийн газартай нь тонгорохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр МАН дахь нэр цэвэр залуусыг нэгтгэж чадвал олон нийтийн дэмжлэг авч, 2020 оны сонгуульд амжилттай оролцож чадна гэж үзэж буй бололтой.

Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан Монгол Ардын Намын Гишүүд Дэмжигчдийн холбоо нь үүсгэн байгуулагдсаныхаа нээлтийг хийж, өнгөрсөн бямба гаригт Спортын төв ордонд бөх барилдуулав. Уг бөхийн барилдааныг Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд зохион байгуулсан байна. Тэрбээр холбооныхоо нээлтийг Тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсны 73 жилийн ойтой хамтатган хийжээ. Нээлтэд УИХ-ын гишүүд болон МАН-ын удирдлагууд оролцсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо, “Бөх билэгт” дэвжээ хамтран зохион байгуулж буй Үндэсний хүчит бөхийн барилдаан сайхан болж байна. Монголын бүх ард түмний санал асуулгаар эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулсаны түүхт 73 жилийн ойгоор энэхүү түүхэн үйл хэргийг удирдсан маршал Х.Чойбалсан гуайн зээ охин, Ю.Цэдэнбал гуайн төрсөн дүү, Г.Бумцэнд гуайн зээ нарын үр хойчист нь хүндэтгэл үзүүлж, Хотын Засаг даргын олгохоор шийдвэрлэсэн орон сууцны эрхийн батламжийг гардуулж өглөө.
ТУЛГАНД ДҮРЭЛЗЭХ ГАЛ АРИУН БАЙГ ТУСГААР ТОГТНОЛ МӨНХ БАЙГ

Монгол Ардын Намын Гишүүд дэмжигчдийн холбоо
Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээ

Жамъянгийн МӨНХБАТ

УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч” хэмээн бичжээ. Улс төр цаашид хэрхэн өрнөж, Ж.Мөнхбат яаж ажиллахыг олон нийт анхааралтай ажиглаж эхэллээ.