Categories
мэдээ цаг-үе

Д.Наранжаргал: Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна

“Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.


-Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд элэгний вирус илрүүлэх, оношилогоо шинжилгээ хийсэн гэсэн. Гадаадад байгаа монголчуудын хувьд вирусийн тархалт хэр их байна вэ?

-Америкийн монголчуудад манайхан илрүүлэг хийсэн, Лос Анжелест хамтардаг байгууллагатай. Тэнд амьдардаг монголчуудыг ерөнхийдөө бүгдийг нь хамруулсан. Вирусийн тархалтын хувьд энд байдаг хүмүүсээс ялгаагүй байдаг. Бид 500-гаад хүнийг илрүүлэг үзлэгт хамруулсан. АНУ-д үзлэг хийж байгаа хамтрагчид маань зөвхөн B, С үзээд зогсохгүй вирус илэрсэн хүмүүст бусад шинжилгээнүүдийг хийлээ. Одоо эмчилгээг нь яаж шийдэх талаар ярилцаж байна.

-Монголд хийгдэж байгаа шинжилгээгээр вирустэй хүмүүсийн хувь өндөр гарсан харагдсан?

-Насны ангилалаас хамаараад жаахан ялгаатай дүн гардаг. В вирусийн эсрэг вакцин хийдэг учраас бага насны хүүхдүүдэд цөөн илэрдэг. 20-иос дээш насныханд С вирус дунджаар 6 хувьтай илэрдэг. 50-иас дээш настай хүмүүсийн 30 орчим хувьд нь С вирусийн халдвартай гардаг. 40-50 хүртэлх насны хүмүүст 20 орчим хувь байдаг.

-Ахимаг насны хүмүүсийн вирусийн халдварын шалтгаан тариур буцалгаж хэрэглэж байсан үетэй холбоотой гэдэг. Тариураас гадна өөр ямар замаар халдвар авдаг вэ?

-В вирусийн халдвартай эхээс халдвар авч болно. Ингэж авсан бол 90 хувь нь архаг халдвар болж үлддэг. Ийм халдвартай хүүхдүүд насанд хүрээд, бэлгийн идэвхтэй насанд очихоороо нэмээд Д вирус авчихдаг. В, Д вирусийн хавсарсан халдвар маш хүнд. Монголчууд 1991 оны долдугаар сараас В вирусийн эсрэг вакцин тарьж эхэлсэн байдаг. Төрж байгаа хүүхэд болгонд 24 цагийн дотор вакцин тарих чухал. Эхэн үедээ төрсөнөөс хойш 48 цагийн дотор вакцин хийдэг тохиолдол ч байжээ. В вирустэй эхээс төрсөн хүүхдэд 48 цагийн дараа вакцин хийвэл үр дүн муутай. Түүнээс болоод одоо 25-28 насны хүмүүсээс бас их халдвар илэрдэг. Бага насны хүүхэд B вирусийн халдвар авчихвал эдгэх магадлал багасна.Төрөхдөө В вирусийн халдвар авчихсан хүүхэд 20 хүрэхдээ л аль хэдийнэ хорин жил өвдчихсөн. 30 хүрээд элэг нь хатуурч эхлэх эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгуулах гэж байгаа хүмүүс дунд залуу эрчүүд цөөнгүй.

-В вирусийн эсрэг вакцин хийлгэхэд насан туршдаа дархлаа тогтох уу, хэсэг хугацааны дараа дархлаа буурах уу?

-Тайваньчууд энэ талаар судалсан байна лээ. Эхний үед вакцины үйлчилгээ 15 жил үргэлжилдэг гэж үзэж байсан. Тайваньчуудын сүүлийн судалгаагаар вакцины титр өндөр биш хэрнээ вакцин хийлгэсэн хүмүүст дархлааны ой санамж үүсдэг, халдвар авах магадлал насан туршдаа багасдаг гэж үзсэн. Гэхдээ энэ талаар монголчууд судалж үзээгүй.

-Үндэстэн болгоны дархлаа, өвчнийг тэсвэрлэх байдал өөр гэсэн мэдээ харсан?

-Ази хүмүүс энэ вирусүүдээр амархан өвдөж байгаа юм. Европт тэр халдвар аяндаа эдгэчихдэг байхад азиудад бол вирусүүд нь илүү архаг хэлбэрт шилжиж байсан. Вирусийг дарж чадах бидний дархлааны систем арай онцлог байдаг юм уу. Азиудын дунд В, С вирусийн тархалт өндөр. Түүнээсээ шалтгаалж, элэгний хавдар, хатуурал өндөр. Хятдад гэхэд 90 сая хүн В вирусийн халдвартай байна.

-С вирусийн эсрэг вакцин гараагүй л байгаа юу?

-С вирусийн эсрэг вакцин гараагүй. Халдвар авахгүй байх нь чухал. 2013 онд хийсэн судалгаагаар В вирус авч байсан гол шалтгаан шүдний эмчилгээ, мэс засал, хөмсөг шивүүлэх, шивээс хийлгэх гоо сайхны үйлчилгээ байсан. Зарим газар хөмсөг шивдэг зүүгээ сольчихдог ч бэхээ солихгүй, бэхэн дунд нь вирус явж байсан тохиолдол бий.

-Эмнэлэгт жижиг мэс ажилбар хийлгээд гарахдаа халдвар авсан гэж зарим вирустэй хүмүүс ярьдаг?

-Санхүүжилт хүрэлцээгүйгээс болоод халдвар тараах эрсдэлтэй байгаа юм. Вирусийг устгадаг технологиуд гарчихсан. Манай дундаж эмнэлэгт хэрэглэдэг ариутгалын уусмалын хэмжээ гэхэд Германы эмнэлэгтэй харьцуулахад гурав дахин бага байна. Санхүүг нь шийдэж өгвөл шийдчих асуудал.

-Элэгний вирус бэлгийн замаар дамждаг гэдэг?

-В,С аль аль нь бэлгийн замаар дамждаг. Гэхдээ С вирусийн тухайд бэлгийн замаар дамжих нь бага. В вирус нь харин бэлгийн замаар дамжих өндөр магадлалтай. В вирусийн дамжих зам ДОХ-ын вирусээс ялгаагүй гэсэн үг. Манай судалгаагаар В вирус дамжих нь бага байгаа юм. Олон хүн В вирусийн халдвар аваад эдгэчихсэн болохоор дархлаатай болчихсон. В, С вирус их өөр байгаа юм. В вирусийг бага насандаа авах тусам өвчин болоод үлдчихнэ. Харин нас нь ахих тусмаа өвдөөд бүрэн эдгээд дархлаатай болчихно. С вирус нь яг эсрэгээрээ. Багадаа С вирусийн халдвар авсан бол эдгэх магадлал 90 гаруй хувьтай байхад нас нэмэгдэх тусмаа халдвар авбал эдгэхгүй, архаг өвчин болоод үлдчихдэг. Вирус тээж байгаа бол бүгд өвдөнө гэсэн үг биш. Хэдэн насандаа авсан, дархлаа нь тэр үед ямар байсан гэдгээс олон зүйл шалтгаална.

-“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлагч, доктор Д.Наранбаатар анх “2020 онд монголчууд элэгний С вирусгүй болно” гээд хэвлэлийн хурал зарлаж байсныг санаж байна. Одоо эхний үр дүн гарсан уу, хэдэн хүн С вирусгүй болсон бэ?

-Анх бид 2014 оны есдүгээр сард энэ тухай зарласан. 2016 онд улсын хөтөлбөр болоод, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр батлагдахаас өмнө 6000 гаруй хүн эмчилгээнд орчихсон байсан л даа. Бид өнгөрсөн долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитийн өдрөөр дүнгээ гаргаж байхад 35000 хүн эмчилгээнд орсон байгаа юм. В, С-гийн эрт илрүүлэгийн үзлэгт бараг сая хүн хамрагдсан. С вирустэй хүмүүсийн хувьд асуудал гайгүй сайн шийдэгдсэн. Цаана нь бидний судалгаагаар 100 мянга гаруй хүн вирусийн халдвартай байгаа гэсэн үг. Тэднийг илрүүлж эмчлэх том ажил бий. Элэгний хатууралтай байсан хүмүүс С-гээ эмчлүүлж, өвчин нь харьцангуй хөнгөрөөд ажил төрлөө хийгээд явж байна. 2013-2014 онд Хавдар судлалын үндэсний төвд жилдээ ойролцоогоор 1700-гаад хүн элэгний хавдартай гэж оношлогдоод үүнээс жилдээ 300 орчим нь амьд үлддэг байсан бол С вирусийн эмчилгээ, өргөн хүрээтэй ажил хийгээд ирэхээр элэгний хавдартай хүмүүс эрт үедээ оношлогддог болсон. Одоо бол жилдээ 600 орчим хүн хавдартай гэж оношлогддог ч дараагийн жилдээ амьдарч чадаж байгаа. Энэ тоо улам ихсэх учиртай.

-В, С вирус хавсарсан хүмүүс бас их байсан. С нь устчихаар В нь яах вэ?

-В нь хэцүү асуудал болоод байна. Бидний хийсэн судалгаагаар Монголд байгаа В вирусийн халдвартай хүмүүсийн 65 хувь нь давхар Д вирусийн халдвартай байгаа. В, С-гийн давхар халдвартай хүмүүс арай цөөхөн. Гэхдээ В болон Д-гийн халдвартай хүмүүс маш олон байна. Бидний тооцоогоор 200 мянган хүний 65 хувь нь В болон Д-гийн давхар халдвартай байна. Дан В юм уу, С-тэй хүмүүс арай гайгүй. В-г бүрэн эмчилдэггүй ч вирусийн эсрэг эм уугаад байвал өвчнөө дарангуйлаад яваад байж болно. Д вирусийг устгадаг эм байхгүй. Д вирусийн эсрэг нэг тарилга 450 мянган төгрөг байдаг. Түүнийг долоо хоногт нэг удаа 12 сар хийлгэх ёстой. 48 тун хийлгэхээр ийм зардлыг дийлдэг хүн цөөхөн. Тэгж эмчлүүллээ гэхэд 100 хүний 25 нь л эдгэх магадлалтай. Одоо бол манайд Д вирусийг үзэж байна, тоолж байна. Манайх шинжилгээний чадамжаараа дэлхийн бусад улсаас дутахааргүй болсон. Зөвхөн Д вирусийг тоолуулахад 120 мянган төгрөг болдог. Эргээд өвчтөний хэтэвчтэй холбогдож байна.

-Дэлхийн Гепатитийн холбооны ерөнхийлөгч Монголд ирэхдээ “Хэрэв монголчууд С вирусийг устгачихвал дэлхийн олон орны хүмүүст найдвар төрүүлэх болно” гэж байсан. Бид хэр үнэлэгдэж байгаа вэ?

-Манайх мундаг үнэлэгдээд сая долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитын өдрийг ДЭМБ-аас Монголд ирж тэмдэглэж өнгөрүүлсэн. Өндөр түвшний хүмүүс ирсэн. ДЭМБ 2030 он гэхэд элэгний вирусүүдийг устгая гэсэн төлөвлөгөө гаргаад, бүх улсууд нэгдээд ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрч чадахаар байгаа цөөхөн улсын нэг нь Монгол. Элэгний асуудлаар ажиллаж байгаа хүмүүс Монголыг маш сайн мэддэг болсон. Өмнөх, одоо хоёр эрс ялгаатай. 2010-2015 оны хооронд улсын хэмжээнд 300 хүн эмчилсэн байдаг. Тэгэхэд 2015-2018 оны хооронд бид 35 мянган хүн эмчлээд байна. С вирусийг устгахад гаргасан амжилтаараа Монгол үнэхээр дэлхийд тэргүүлж байгаа. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгдсэн.

Одоо бол В, Д вирустэй хүмүүсийн асуудал тулгамдаж байна. Америкт хийсэн үзлэгээр 28-тай залуу элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. В, Д-гийн давхар халдвартай залуу байсан. Одоо бас ч Эрүүл мэндийн даатгалаар С, В вирусийг үнэгүй тоолж, эмийг нь хөнгөлж байна. Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна. Д вирусийн шинжилгээ, эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахгүй бол энэ хүмүүс чинь л элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна. Тэр тусмаа С вирус дэлхийд тархсан учраас баян орнууд судалгаа хийгээд, эмүүд үйлдвэрлэгдээд явж байна. Дэлхий дээр 20-30 сая хүн В, Д-гийн халдвартай байна. Дандаа ядуу орнуудад энэ халдвар тархсан байна. Монгол хамгийн өндөр халдвартай нь учраас мөнгө хөрөнгө зарж ажиллахгүй байж дэлхийд мундаг болохыг хүлээгээд суувал хүмүүсийн асуудал хүндэрнэ.


Categories
мэдээ цаг-үе

Алтай таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүртэл (III)

Түрүүч нь №193(6037), 197(6040) дугаарт


Цэнгэл сумын хоёрдугаар багийн наадам өргөн дэлгэр гэж жигтэйхэн боллоо. Энгэр дүүрэн одон медаль гялалзуулсан өвгөд наадмын баруун дэнж дээр суучихсан шилтэй цэнхэрийн бөглөө мултлаад элдвийг хөөрөлдөн суух ажээ. Төр засаг казахуудад хайр энэрлээ харамгүй хайрласан нь тэдний энгэрт гялалзах одон медалиас тод харагдах юм. Зарим нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тэргүүтнийг ихэрлүүлээд зүүчихсэн таахалзах юм. Яам, тамгын газрын тэргүүний ажилтан, ойн медалиудаа ирийтэл нь зүүчихсэн хүмүүс олон тааралдаж байв. Хэн олон одон медаль зүүснээрээ уралдаад ч байх шиг сэтгэгдэл төрөх. Тэд Хөдөлмөрийн хүндэт медаль зүүсэн нэгнээ “Олигтой юм авчихсан юм шиг наад мөнгөө битгий зүү” гэж хүртэл шоолдог байна. Үндэстний цөөнх гэдэг утгаар нь Баян-Өлгий аймгаас тодорхойлсон хүн бүрийг манай үе үеийн төрийн тэргүүнүүд гар таталгүй шагнаж урамшуулж байсан нь энэ бүгдээс харагдана. Наадмын талбай тойроод УАЗ 469 маркийн автомашин, фургон эгнүүлээд тавьчихжээ. Машиныхаа сүүдэрт берзинт, цэнхэр, цагаан өнгийн метрийн материал дэвсээд дээр нь чихэр, боов, ундаа тэргүүт амттан, хувцас хунар, хүүхдийн тоглоом зэргийг дэлгэжээ. Энэ бүгдийг харахад тэртээ 1990 оны дунд үед очсон мэт мэдрэмж төрж байв. Нэг ч сүүлийн үеийн суудлын автомашин байхгүй. Орос ах нарын үйлдвэрлэсэн машин, тэр үед хүмүүсийн өмсөж, хэрэглэж байсан хувцастай хүмүүсийг хараад өөрийн эрхгүй тийм мэдрэмж төрж байв. Элдэв цэцэг, хээ хуартай өнгө өнгийн алчуур зүүсэн казах эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө хөшилдөн, тас тас хөхрөлдөн алхаж, архайж дархайсан залуус хүүхнүүдээ харж хөгжин баясаад аль ч газрын наадам иймэрхүү дүр зурагтай болдог юм байна. 200-гийн төмөр поошикт спармак нэртэй үндэсний хоолоо чанаад утаа май савсуулж, наадмын талбай дүүрэн чанасан махны үнэр хамар цоргино.

Цэнгэл сум Баян-Өлгий аймагтаа хурдан морь, бөх хоёроороо алдартай гэнэ. Гэхдээ багийн наадамд 16 бөх барилдаж, Хотон нуурын хойд эрэг зээр зусаж байгаа Болат гуайн бага хүү Жанат түрүүлж байна лээ. Уулын эхэнд наадмаа хийж байгаа болохоор хурдан морь уралдуулах задгай тэгш газар байхгүй гэнэ. Тиймээс найман километрийн радиустай тойргийг гурван удаа тойрч морио уралдуулдаг ажээ. Сүүлийн 20 гаруй жил иймэрхүү байдлаар наадмаа хийж байгааг нутгийн иргэд хэлж байна лээ. Хэд хоног уяж, сойж хөнгөрүүлсэн 20 гаруй морио морин тойруулга шиг газраа уралдуулав. Жижигхэн биетэй улаан зээрд морь бусдаасаа саахалтын зайд ганцаараа түрүүлж ирэв. Өнгөрсөн жил зээрд морийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас худалдан авсан гэнэ. Цэнгэл сумын залуус сүүлийн үед морь уях эрдэмд шамдан суралдах болжээ. Анх гурав хоног уяж хөнгөрүүлж байгаад уралдуулчихдаг байсан бол одоо орой бүр тар хийж, богино сунгаа хийн, уяж байгаа мориноосоо хөлс авч сурч байгаа гэсэн. Энэ янзаараа хичээгээд байвал төрийн наадамд морь түрүүлгэнэ гээд л залуус бие биенийгээ хөөрөгдөж онгироох нь чих үе үе дэлсэнэ.

ХОЁР ИРГЭНШИЛТЭЙ СУМЫН ЗААН НУТАГТАА ИРЭВ

Цэнгэл сумын заан Бакей Казахстанаас багийнхаа наадамд оролцохоор иржээ. “Бакей заан иржээ. Бакей гуай ирсэн гэнэ” гээд л наадам үзэж байсан хүмүүс шуугилдаад явчихлаа. 70 гаруй настай болов уу гэмээр том биетэй, цал буурал үстэй, өндөр шар хүн иржээ. Биеийн тамирын хувцастай эрийг нутгийнхан нь ихэд санасан бололтой. Тэвэрч аваад л байх юм. Нутгийн хөгшчүүд бүр уйлаад л тэвэрч аваад байх. Сумын заан “Казахстанд хүүхдийнхээ авч өгсөн байранд сайхан л амьдарч байна. Тэнд тэтгэвэрт орчихсон. Монгол мөнгөөр 600 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Хоёр талд тэтгэвэр аваад л дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна. Гэхдээ өсөж төрсөн нутаг гэдэг нас явах тусам бодогдоод мөн ч хэцүү юм. Нутгаа их санасан” хэмээн ярив. Нутгийн хөгшин К.Өбөргалы сумын заан хоёр наадмын талбайгаас зайдуухан алхсаар холдов. Улаанбаатар хотоос сэтгүүлч ирсэн гэх сургаар тэд намайг дуудаж уулзлаа. Нутгийн хөгшчүүд “Сүүлийн үед манай нутгийнхантай холбоотой янз янзын л юм дуулдах боллоо. Тэр дундаа Казахстан улстай нэгдэх гэж байна гээд л худлаа үнэн зүйл яригдах юм. Бидний аав, ээж энэ нутагт ирсэн. Бид үе удмаараа сайхан л аж төрж байна. Тийм болохоор хоёр сэтгэлгүй л байх учиртай” хэмээн ярив. Мөн цагаан сахал намируулсан К.Өбөргалы гуай сүүлийн үеийн малчдын талаар шүүмжилж шүлэг зохиол бичих болжээ. Мотоцикль унаж малаа хариулж байгаагаас эхлээд эхнэрээ сахиад ажил хийхээ байсан эрчүүдийн талаар ч хөндөн бичсэн шүлгээ уншиж өгөв. Бүр сайхь хоёр эр нутгийнхаа нэг охинд сайн болж байсан залуу насныхаа түүхийг ч ярьж өгөв. Сумын заан Бакей нутгийнхаа охиныг эхнэрээ болгохоор тохирч, маргааш нь гэрт нь очихоор болсон гэнэ. Гэтэл К.Өбөргалы гуай шөнө нь эхнэрийг нь хулгайлаад гэртээ аваачсан байжээ. Ингээд хайртай бүсгүйг нь аваад суучихсан түүхтэй гэнэ. Тэд бие биедээ элдэв харын муу зүйл санаж бодолгүй 60 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа гэдгээ яриад инээлдсээр үлдсэн юм.

МОНГОЛ ХАДРАН ЗАГАСНЫ ЭХӨЛГИЙ НУТАГ БАГ ТҮРГЭНИЙ ХҮРХРЭЭ

Хотон, Хурган нуур бараадан нутаглах казах түмэн байгалийн үнэхээр тансаг сайхан газар аж төрж байна лээ. Их түргэний ам дагаад битүү ой модтой, ой мод нь сүүлийн үед нэн ховордоод байгаа ургамал, цэцэг навчнаас эхлээд зэрлэг сонгино, жимс ургадаг байна. Мөн ховордоод буга, цоохор ирвэс, баавгай зэрэг амьтдын эх өлгий нутаг гэнэ. Тэр тусмаа баавгай энд олноор байдаг. Алс бөглүү нутаг болохоор хууль бус ангийн гэмт хэрэг тэр бүр гараад байдаггүй гэж байна лээ. Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын жуулчдыг соронзон мэт татах болсон газар нь Бага түргэний хавцал гэнэ. Мөнх цаст уулнаас эх авсан голууд нийлж, Хавцал буюу хүрхрээнд нийлдэг байна.Хүний хөл хүрч байгаагүй болов уу гэмээр онгон дагшин байгаль дунд орших Бага түргэний хүрхрээ үнэхээрийн сайхан газар ажээ. 15 метрийн өндрөөс шуугьсан их ус доош бууна. Бургас модод салхинд нь найган нахилзаж, хонин арц, алтайн зэрлэг сонгино нэлэнхүйдээ ургасан тийм л баян тансаг нутаг ажээ. Жил бүрийн хавар нуурын загас голоо өгсөнө. Хүрхрээний цэнгэг усан хавцалд түрсээ шахаж, сая сая монгол хадрангийн үр төл энэ л мөсөн голд бойжиж, Хотон, Хурган нуур, Ховд голыг уруудан явсаар Ховд аймгийн нутаг дэвсгэр Хар-Ус нуурт хүрдэг байна.

НУТГИЙН ЗАЛУУГИЙН ҮНЭН ҮГ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Нар баруун тийш хэвийж байхад багийн наадам шингэрлээ. Нутгийн залуус хөгшчүүлийнхээ хажууд архи дарс ууж, агсан согтуу тавиад байдаггүй юм байна лээ. Гэхдээ бие биенийгээ харж хөөрдөг юм уу, яг л согтуу, галзуу юм шиг л навсгар “69”-өө сэгсчүүлэн давхилдах ажээ. Машиндаа хүүхэд хөгшид нийлээд 20 гаруй хүн чихэлдэж суучихаад л хашхиралдан одох нь нэн цоглог юм. Наадам тараад бид ч хөдлөх гэж байтал архи ууж нэлээд согтсон гурван залуу хүрээд ирлээ. Тэд “Бид энэ нутгийн эзэд Урианхай ястны үр удам байна. Та нарыг ирсэн гэхээр чинь зорьж ирлээ” гэсээр мэнд мэдэлцэв. Тэд энэ нутаг бидний өвөг дээдсийн эх өлгий нутаг. Хэдэн мянган жилээрээ энэ сайхан газарт амьдарч ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед казахууд нутгийн иргэд биднийг дээрэлхэж, шахаж хавчих болсон. Казахуудын шахалтаас болоод урианхайчууд тэр аяараа шахуу хот руу нүүчихлээ. Энд хэдхэн айл үлдчихсэн гэм хийсэн хулгайч шиг шуудхан хэлэхэд айдастай амьдарч байна. Казахуудад Чойбалсан дарга хамгийн сайхан нутгаа зааж өгсөн. Голтой, устай, байгальтай, ан амьтан модтой, мөнх цаст уулстай хамгийн сайхан нутгаа өгсөн. Гэтэл тэд жилээс жилд монголчууд биднээс нүүр буруулж, Казахстаны харьяанд орох гэж зүтгэж байна. Үүнийг Монголын төр анхаарах ёстой. Энд зөвхөн казахууд биш олон ястан баймаар байна. Ингэж хооронд нь холилдуулж өгөхгүй бол алс баруун хязгаар дураараа дургисан казахуудын мэдэлд очоод тусгаарлагдах гээд байх. Бид казахуудад муудаа тэгж хэлж байгаа юм биш шүү. Төрийн тэргүүнээс нь эхлээд хүн бүрийг хэлэхийн муухай үгээр хэлж, монгол төрийг хараан зүхэж байна. Тэгээд Казахстаны төрийн тэргүүн, албатуудыг хамгийн сайн хүн мэтээр үр хүүхдүүддээ ойлгуулж, ухуулга хийж байна. Хүүхдүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэхэд Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг хэлж байсан. Энэ бол үнэн түүх” хэмээн хэлж байв. Мөн үе үеийн төрийн тэргүүнүүд Баян-Өлгий аймагт ирэхдээ “Казах түмэн” хэмээн хэлж, Тува, Урианхай нарыг үл тоодог гэнэ. Үүнийг ч бас тэд ярьж байна лээ. Сумын болон аймгийн баяр наадам ямаршуухан болдог талаар ч инээдтэй, эмгэнэлтэй гэмээр олон зүйлийг бидэнд хэсэгхэн хугацаанд хуучилчихаад гуйвж, дайвсаар явж одсон билээ.

ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН БАЯН-ӨЛГИЙ

Бид цэлмэг хөх тэнгэр, хөвөн цагаан үүлс, цаст уулсыг тольдон давалгаалах Хотон, Хурган нуурыг орхин Ховд голоо уруудан явлаа. Голоо уруудаж явсаар Хар-Ус нуур орох ёстой. Гэхдээ замаараа Баян-Өлгий аймгийн төвөөр орох юм. Тэртээ мөнх цаст уулсаас эх авсан Ховд гол цэлэлзэн тунарч алсыг зорино. Холбоо нуурын мандалд цагаан цахлай жигүүрээ дэвэн усны мандал алгадан ус цацруулах нь шингэж буй нарны улаан шаргал туяанд уран зураг шиг л харагдах ажээ. Монголын эрдэмтэд Алтай таван богдын мөс, цас дэлхийн дулааралтай холбоотойгоор эрчимтэй хайлж урсаад байна. Мөсны хайлалтыг зогсоож удаашруулахгүй юм бол мөнх цаст уулгүй болох нь гэх судалгааг гаргажээ. Гэтэл Баян-Өлгий аймгийнхан ямар ч судалгаа шинжилгээ хийлгүйгээр “Ховд гол дээр усан цахилгаан станц барина. Казахстанууд хөрөнгө оруулалт хийх болохоор яаралтай барина” гэж дур зоргоороо аашлах болжээ. Бүр техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчинд хэр хор уршигтай вэ гэдгийг ч тооцоолсон судалгаа байхгүйгээр усан цахилгаан станц барих гэж оролдох болсон байна. Үүнийг МУИС-ийн багш нараас эхлээд ШУА-ийн олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа ажээ. Бид шөнөжин давхисаар Өлгий хотод ирлээ. Өндөр уулсын дунд өнгө өнгийн гэрэл чийдэн асах аж. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг нүүрээ угаасан хүүхэд шиг л өнгө төрх засч, өндөр барилга олноор баригдах болжээ. Тус аймагт ХААН банк, Мобиком компанид ажиллаж байсан залуус их хэмжээний мөнгө хулгайлаад зугтаасан хэрэг гарчээ. 200 гаруй сая төгрөгийг нь бэлнээр гаргаж аваад Казахстан руу оргон зугтаасан томоохон хэргийг аймгийн цагдаа шалгаж байгаа аж. Мөн сүүлийн үед Баян-Өлгий аймгийн иргэд хоёр иргэншилтэй болж, манай улсаас ч Казахстанаас ч тэтгэвэр тэтгэмж авах нь ихэсчээ. Хуулиар хоёр иргэншилтэй байж болохгүй гэх хуультай ч үүнийг нутгийн иргэд даган мөрддөггүй байна. Өөр нэг сонирхолтой зүйл нь Баян-Өлгий аймаг халамж үйлчилгээнд хамрагдаж, улсын төсвөөс их хэмжээний мөнгө авдгаараа бусад аймгийг тэргүүлжээ. Казахууд олон хүүхэдтэй, тэр болгондоо хүүхдийн мөнгө улсаас авдаг. Мөн аймгийн нийт иргэдийн ихэнх хувь нь нэн ядуу айл өрхийн тоонд хамаарагдаж, хүнсний талон авдаг байна. Заримынх нь улсаас мөнгө авах арга бүр нарийсч, хэзээ мөдгүй бурхан болох гэж байгаа аав, ээжийнхээ нэр дээр ач, зээ нарыг нь бүртгүүлчихдэг байна. Ингээд тэжээгчээ алдсаны тэтгэмж хүртэл олоод авчихдаг ажээ. Өнгөрсөн жил бага насны 13хүүхэдтэй, 90 гаруй насны өвгөн өвчний улмаас амьсгал хураасан гэнэ. Ингээд бага насны 13 хүүхэд тэтгэмж авдаг болжээ. Энэ мэт халамж Баян-Өлгий аймагт хавтгайрч, хоёр улсаас тэтгвэр авдаг хүний тоо жилээс жилд нэмэгдэх болсон байна. Алтайн баруун хязгаар Баян-Өлгий аймгаар ийм л сонин сайхантай байна. Урианхай залуучуудын хэлснээр тэнд төрийн хар хайрцагны бодлого ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ сайхан нутаг руу өөр аймгуудын олон өрхийг бодлоготойгоор нүүлгэн суурьшуулах нэн чухал шаардлага бий болсон гэдэг нь олон зүйлээс тод харагдаж байсан. Бид өглөө эртлэн Өлгий хотоос Ховд аймаг Хар-Ус нуурыг зорилоо.

Баян-Өлгий, Ховд аймгийг холбосон хатуу хучилттай зам хариугүй холбогдох гэж байна лээ. Хятадууд яралзтал ажиллаж, шинэ зам тавьж байсан. Ховд аймгийн төвийнхөн Буянт голынхоо хөвөөнд хэдэн зуугаар нь гэр бариад зусаж байна. Аймгийн төвд нь хөл хөдөлгөөн сийрэгхэн байхад Буянт гол тэр чигтээ хүний хөлд дарагдан байх аж. Ховд голын зүүн талд орших Хар нуур, түүний цаахна байх Хар-Ус нуурын эрэг дээр очлоо. Зун болж, зургаан сар дөнгөж гарангуут нуур тэр чигтээ шумуулны эх орон болчихдог байна. Хүн битгий хэл мал ч байж тогтохын аргагүй учир нуурын эрэг орчим намар болтол ихэнхдээ хөл хөдөлгөөнгүй нам жим байдаг гэнэ. Холбоо хоёр нуур ингэж л өөрсдийгөө хамгаалсаар олон мянган жил болжээ. Гэвч нуурын ус гүехэн, Ховд голын ус татарахад л цэлийсэн их ус ширгэх нь аюултай гэнэ. Хар-Ус нуур нүүдлийн шувуудаар дүүрэн байх. Тэр тусмаа гангар цагаан хун эв хавгүй гэгч нь гуагчин урт хүзүүгээ хооронд нь орооцолдуулан хөвөх юм. Нуурын шагшуурга хээрийн салхинд тохилзон найгаж, нүүдлийн шувууд сүргээрээ тэнгэрт сүр бараатайхан зэллэх ажээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголоор дүүрэн дурны хонгио сэтгүүлчид” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Монголоор дүүрэн
дурны хонгио сэтгүүлчид” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Агаарын бохирдолтой
тэмцэхэд улстөржих
шаардлагагүй хэмээн ярьсан байна.

ХБНГУ-ын
Хадгаламжийн банкны
Олон улсын сангийн Монгол
дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун: Айл болгон өөрсдийнхөө онцлогт
тохируулан сард хуримтлуулах чадвараа тооцох хэрэгтэй хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Хэрэглэгч бол хаан” гэсэн гоё үг,
лоозонгоо бодит ажил болгоцгооё гэв хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

УИХ-ын
гишүүн асан З.Баянсэлэнгэ: Надад улсад
бодитойгоор учруулсан
хохирол байхгүй хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярив.

Аймаг, цэрэг, сумын
цолтой бөхчүүдийн
зөвлөлийн тэргүүн
аймгийн арслан Н.Гантулга: Хоёр тал эвлэрч
үндэсний бөхийн онц их хурлаа
хийж “Бөхийн өргөө”-гөө
нээх хэрэгтэй хэмээн “Спорт” нүүрт ярьжээ.

“Цаг үе үйл явдал” нүүрт Эрүүгийн цагдаагийн
албаны Кибер гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтсийн
тасгийн дарга, цагдаагийн
ахмад Д.Эрдэнэбулган: Цахим орчинд хүүхдүүд
сэтгэл санаа, бие махбод, амь насаараа
хохирох аюултай байдаг хэмээв.

Яруу найрагч Баттөрийн Мягмаржав:“Ээжийн цэнхэр нутаг”
тоглолтоо хийхээр санаа
шулуудаж хэвтэнэ дээ хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

Баянгол дүүргийн Эрүүл
мэндийн төвийн мэс заслын
эмч Б.Хатанбаатар: Хатиг олон гарах нь буруу
эмчилснээс болдог хэмээн “Эмч” нүүрт ярьжээ.

Онгоц яагаад агаарт
тогтож, нисээд байдаг вэ хэмээснийг “Танин мэдэхүй” нүүрээс уншаарай.

Мексикийн өмнөд хилийг чиглэн
хэдэн мянган цагаач явж байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

ДэлгэБаянгол дүүргийн Эрүүл
мэндийн төвийн мэс заслын
эмчрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.
https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэн таны оролцоо” аян орон нутагт үргэлжилж байна

Архангай

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэн таны оролцоо” аяны хүрээнд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчдад “Ил задгай худалдаа, сургуулийн орчимд худалдаалахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний болон тэдгээрийн бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө”, “Гарын ариун цэвэр – Хүнсний аюулгүй байдал” сэдвээр сургалт, “Гараа хэрхэн зөв угаах дадал”-аар үзүүлэх сургалт зохион байгуулав.

Баян-Өлгий

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эмпати” сургуулийн хүсэлтийн дагуу тус сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эмч, тогооч, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүний жагсаалт” болон хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох зорилгоор сурталчилгааны буланг тогтмол ажиллуулж, сурагчдад сургалт зохион байгуулах талаар албан тоот хүргүүлж, биeлэлтийг шалган ажиллаж байна.

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч нараар дамжуулан хэрэглэгчдэд зориулсан хүнсний аюулгүй байдал, хүнсний зохистой хэрэглээ, эрүүл ахуй, амьдралын зөв дадал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажлуудыг хийхийн зэрэгцээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд чанар стандартын болон аюулгүйн үзүүлэлтээр шинжилгээтэй хяналт шинжилгээ хийх, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжруулж хамтран ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 275 багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, эмчийн үзлэгийн бүртгэлтэй тулгалт хийж байна.

Төв

Төв аймгийн 27 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, мал угаалгын дүнгийн тухай танхимын сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгууллаа.

Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран малын шилжилт хөдөлгөөн, мах бэлтгэлийн үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангуулах, улсын нөөц, аюулгүйн нөөцөд малын гоц халдварт өвчингүй бүс нутгаас хадлан, тэжээл бэлтгэсэн эсэхэд шалгалт хийж, Улаанбаатар чиглэлийн авто замд хамтарсан хяналт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт авто зам, дугуйн зам шинээр тавигдаж байна

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт дөрвөн авто зам, нэг дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.

Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 157 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

  • Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам,
  • Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо, Бэлхийн шинэ эцсээс Тоосгоны үйлдвэр хүртэлх авто зам,
  • Сүхбаатар 1 дүгээр хороо, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил,
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 хороо, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам, гүүрийн хамт,
  • Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэгт дугуйн зам,
Categories
мэдээ нийгэм

Монгол орны гадаад орчны цацрагийн түвшний мэдээлэл

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

2018 оны 09 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад хэмжсэн цацрагийн тунгийн чадал 0.09-0.16 мкЗв/цаг байгаа нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин /0.2 мкЗв/цаг/-д байна.

Аймаг, нийслэлийн гадаад орчны цацрагийн жил, сарын түвшний мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны мэдээллийн сан /http://eic.mn/radiation// -аас тогтмол хүлээн авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Үнэт металлын сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулагдлаа

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор болон Дархан аймагт алт, үнэт металлын сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж нээлтээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээгдэж буй уг нэг цэг үйлчилгээний төвүүдэд 790 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж байна.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.

Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Дашням: Ч.Сайханбилэгийн дөрвөн захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан Оюутолгойтой холбоотой захирамжийг хууль бус гэж үзэн , шүүхэд хандсан талаар Дархан монгол нэгдлээс хэвлэлийн хурал хийлээ.

Энэ талаар Дархан Монгол нэгдлийн тэргүүн Д.Дашнямаас тодрууллаа.

-Ямар захирамжийг хууль бус гэж үзээд шүүхэд хандах гэж байгаа юм бэ?

-Тэрбум төгрөгөөр тоологдох америк долларын хэргийг захирамж гаргаад ганц хүний гарын үсгээр шийдсэн байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Дархан Монгол нэгдлээс Монгол Улсын ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, мөн оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаар захирамж, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123-р захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад нэхэмжлэл гаргаад байна.

-Гэрээ хийгээд таван жил боллоо. Хариуцах хүн нь хэн байх юм бэ. Одоогийн байдлаар эдгээр хүмүүс албан тушаалаа өгөөд явчихсан байгаа шүү дээ. Дархан Монгол нэгдлээс гаргаж байгаа гомдол та бүхний талд шийдэгдэх магадлал хэр байгааг судалж үзсэн үү?

-Ч.Сайханбилэгийн хувьд эх орноосоо урвасан үйлдэл хийсэн. Хоёр хүн хоорондоо яриад, тоглоом шиг зүйл дээр гарын үсэг зурж байгаа мэт гэрээ хийсэн. Энэ гэрээ нь 22 америк тэрбум доллар монгол төгрөгөөр бол хэдэн их наяд төгрөг шүү дээ. Ийм юмыг өөрийн дураар ганцаар шийдчихээд яваад өгсөн. Үүнийг улс орноосоо урвасан гэж шийтгэх хэрэгтэй.Түүнчлэн багт нь байсан тухайн үеийн Оюутолгойн ТУЗ-ийн дарга байсан Б.Бямбасайхан, Ганболд нарт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Шүүхийн хувьд бид нэхэмжлэл гаргасан байгаа. Гэхдээ манай талд шийдэгдэнэ гэдэгт бид эргэлзэж байна. Ямар нэгэн шалтгаан олж гаргаад нэхэмжлэлийг маань хүлээж авахгүй, шүүх хурлын процессийг явуулахгүй байх магадлалтай.

-Шүүхэд хандахдаа ямар нэгэн тодорхой хүнийг өгөөгүй гэж ойлгож болох уу?

-Ч.Сайханбилэгийн гаргасан дөрвөн захирамжийг хүчингүй болгохын тулд шүүхэд өгсөн. Засгийн газраар хэлэлцээгүй, тогтоол гараагүй байхад өөрийн гарын үсгээ зурсан. Энэ бол хууль бус гэрээ юм. Үүнийг хүчингүй болгосноор “Дубайн гэрээ” гэсэн хууль бус гэрээг зогсоож чадна. Тэгвэл монголчуудад нүүрлээд буй асар их хэмжээний өр зээл болох 22 тэрбум төгрөгийн хохирлыг зогсоох болно.

-Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэг, Бямбасайхан нарыг АТГ шалгаж байгаа. Саяхан хорьж байгаад гаргасан. Та бүхний гаргаж байгаа гомдол үүнтэй ямар холбогдолтой юм бэ?

-Бид Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд өгсөн. Харин Авилгатай тэмцэх газар захирамжийг хүчингүй болгохоор хориогүй. Бид захиргааны шүүхэд Сайханбилэгийн гаргасан дөрвөн захирамжийг хүчингүй болгох ёстой, хууль зөрчсөн байна гэж өгч байгаа. Энэ хэргийг Үндсэн хуулийн цэцэд өгч болохоор хэрэг. Үндсэн хуулийн цэцэд: Аливаа нэгэн том хэмжээний шийдвэрийг нийтийн зарчмаар шийдэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ хүн ганцаараа шийдээд гарын үсэг зурсан байгаа. Энэ нь үндсэн хуулиа зөрчсөн хэрэг.

-Үндсэн хуулийн цэцэд хандсан уу?

-Одоогоор хандаагүй. Хуульчидтайгаа ярьж байгаад хандан гэж бодож байгаа.

-Гэрээтэй холбоотой тоо баримтуудаа хаанаас олдог вэ?

-УИХ-ын гишүүдтэй хамтарч ажилладаг учраас гишүүдээс авсан. Түүнчлэн хамтарч ажиллаж байгаа хуульч, сулаачидбүгд англи хэлтэй хүмүүс байгаа. Бид материалынэ эх үүсвэрээ “Рио Тинто”-гийн тайлангаас авдаг. Бид нарынгаргасан баримтууд бүгд үндэслэлтэй, баримттай байгаа. Эргээд үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ.

-Ямар гишүүдээс мэдээллээ авсан юм бол?

-“Лоби” гэдэг 15 гишүүнтэй албан бус бүлэг байгаа. Эх орноо гэсэн сэтгэлтэй гишүүдтэйгээ хамтраад мэдээллээ солилцоод ажиллаж байна.Нэрийг нь тодорхой хэлмээргүй байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бөхбат: Хүүхдийн суурь боловсролд суулгаад өгвөл ирээдүйн зөв хандлагатай жолооч төрөх магадлал өндөр

School police, Children police, Kinder police зэрэг арга хэмжээнүүдийг зохион хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн албаны урдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Тээврийн хэрэгслийн хүүхэд тээвэрлэлт ямар байх ёстой вэ? Тогтсон стандарт бий юу?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх замын хөдөлгөөний дүрмээр иргэдэд маш ойлгомжтой болгож өгсөн. Хуучин нь тодорхой бус заалтууд их байсан. Одоо бол маш тодорхой болгож 10 хүртэлх насны хүүхдийг тусгай зориулалтын суудал болон тусгай зориулалтын хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэхэд хариуцлага тооцохоор болсон. Монгол Улсад байгаа 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн 51 хувь нь буруу талдаа рультэй. Буруу талдаа рультэй тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь хүүхэд тээвэрлэхэд оролцдог. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зориулалтын хамгаалалттай арын суудалд суулгаж тээвэрлэх шаардлага тавьж байна. Хүүхдийг дандаа буруу тээвэрлэчихээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдсан зорчих хэсгийн бус газраар хөдөлгөөнд оролцдог. Ер нь замын хөдөлгөөнд оролцож хүүхэд тээвэрлэж байгаа бүх хүмүүсийн 97 хувь нь буруу тээвэрлэдэг. Тэгэхээр гуравхан хувь нь л хүүхдээ ардаа суулгаж бүс бүслүүлдэг байх нь. Тэгээд л жилд нас барж буй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгаа дийлэнх хувь нь буруу тээвэрлэлт, гарц гаргалгаагүй газраар гарах буруу үлгэр дуурайл үзүүлснээс болж үүсч буй эндэгдэл юм. Дээрээс нь энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд олгодог сургалт, сурталчилгаа, системгүй байгаатай холбоотой.

-Хүүхдийн зориулалтын автобусууд бүгд стандарт шаардлагыг хангаж чадаж байгаа юу? Хүрэлцээ бага гээд асуудал их харагддаг.

-Хүүхдийн автобусны MNC гээд стандарт батлагдсан байдаг. Заавал хүүхэд автобусаар тээвэрлэж хичээлд хүргэ гэсэн заавар тушаалтай байж байж л сургуулиуд бүрэн хамрагдах байх. Өнгөрсөн жилүүдэд явж байсан хүүхэд тээвэрлэлтийн зориулалттай автобусуудын тоо буурчихсан. 20 гаруй хувиар. Хүүхэд тээвэрлэх автобусны жолооч нь маш өндөр хариуцлагатай байх шаардлагатай. Ер нь хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, ашиглалтын журмыг маш сайн баримталсан, үзүүлэлт сайтай тээврийн хэрэгсэл байх ёстой. Энэ асуудлыг бүх шатандаа хэрэгжүүлж хийвэл, ялангуяа 11 нас хүртэлх хүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нь хүүхдийн автобусыг хариуцаж буй тухайн сургууль жолоочийн үүрэг. Хүүхдийн автобусыг бүх сургуулиудад нэвтрүүлэх, илүү олон болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл 300 гаруй мянган хүүхдийг тээвэрлэж байгаагийн 70 гаруй хувь нь авто машинаар тээвэрлэдэг. Үлдсэн нь явганаар тээвэрлэлт байгаа. Автомашинаар тээвэрлэлтийг хүүхдийн автобус руу шилжүүлбэл өдөр хичээл нь ордог 50 мянган хүүдийг хэдэн автобусаар зөөвөрлөбөл зохих. Эргээд 50 мянган хүүхэд зөөх автомашины тоо буурна. Энэ нь мэдээж замын хөдөлгөөний түгжрэл сааталд сайнаар нөлөөлнө шүү дээ. Үүнээс зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо буурах, сэргийлэгдэх олон сайн тал харагдаж байна.

-Эцэг эхчүүд хотын төвийн сургуулиудын сургалт сайн гээд харьяаллын бус сургуулиудад хүүхдээ өгөх сонирхол их байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдийн автобус гэж гаргахад хүндрэл чирэгдэл ихтэй байх болов уу?

-Энэ асуудлыг маш их тавьдаг. Жишээ нь: Баянзүрх дүүргээс хоёр гурван дүүрэг дамжиж Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хүүхдээ сургуульд өгдөг. Хаа байсан Сонгинохайрхан дүүргээс Хан-Уулд дүүрэгт хүүхдээ зөөдөг гэх мэт тоо баримтаараа бидэнд гарсан байгаа. Тэр чиглэл болгонд автобус гаргана гэдэг их эрсдэлтэй, төвөгтэй асуудал. Сонгинохайрхнаас нэг хүүхэд Хан-Уул руу зөөхөөр дүүрэг дамнан автобус явахад ямар хүндрэл гарахыг тооцох хэрэгтэй. Хичээлийн цагийн хуваарь, харьяаллаар нь хүүхдээ сургуульд нь оруулах, түүнийхээ дагуу явах шаардлага гарч ирж байна.

-Хүүхдийн хичээлийн хуваарьт замын хөдөлгөөний аюулгүйн дүрмийн талаар оруулах хэрэгтэй байна гэсэн. Энэ талаар Боловсролын яаманд хандаж үзсэн үү?

-Маш олон удаа хандсан. Дорвитой хариу өгөөгүй л байна. Хүүхдийн суурь боловсролд суулгаад өгвөл ирээдүйн зөв хандлагатай жолооч төрөх магадлал өндөр. Өглөө хичээл ажил орох, тарах цаг ойролцоо болоод байгаа. Түүгээрээ нэг дор шамбааралдаад гүйлдээд байдаг болсон. Үүн дээр шинжлэх ухааны гаргалгаатай аргачлалуудыг зохион байгуулах, бусад орнуудын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Өглөө ажлын цагийг эрт болгох, түүнийгээ дагаад эрт тардаг гэртээ гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх ийм арга хэмжээ авах шаардлага байна. Төр засгаас зөв бодлого шийдвэрийг дэмжээд өгвөл иргэд нь ч гэсэн зөв шийдвэр санааг дэмжээд зөв хандлага гаргадаг эерэг үзэгдлүүд зөндөө байдаг. Гэтэл одоо эцэг эхчүүд нь зургаан цагт тараад хүүхдүүдээ долоон цагт аваад найм гэж хариад гэр бүлдээ зориулах цаг зав ер гарахгүй байна шүү дээ. Илүү цагаар харсан багш нарт нь мөнгө илүү цагийн мөнгө цуглуулж өгдөг, багш нарыг 2-3 цагаар илүү ажиллуудаг. Жижүүрийн багш гэдэг шинэ ажлын байр бий болоод байна. Энэ тал дээр манай боловсролын байгууллагууд авч байгаа санал сэтгэгдэл дээр хамтран ажиллаач ээ. Орой есөн цагт хүүхдээ аваад буцаад өглөө долоон цагт ажилдаа гардаг эцэг эхчүүдийн гэр бүлдээ өнгөрүүлж буй цагийг судлаад үзээч ээ гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас боловсролын байгууллагуудад хүргүүлээд байгаа.

School police хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Араас нь Kinder police, children police зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. School police хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хүүхдүүдийн зам тээврийн осолд өртөх тоо хэр буурсан бэ?

-2018 оны эхний есөн сарын статистик тоо баримтаас үзэхэд 2017 оны эхний есөн сард 1298 хүн зам тээврийн осолд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Энэ онд 997 болж 23.2 хувиар буурсан. Гэмтсэн хүүхдийн тоо 874 байсан бол 699 болж 21 хувиар буурчээ. Амь нас хохирсон хүмүүсийн тоо харин нэмэгдсэн харагдаж байна. Энэ яагаад гэвэл сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалахгүй болохоор нэмэгдсэн байх магадлалтай. 2017 онд зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо 53 байсан бол 2018 онд 31 болж 40.05 хувиар буурлаа. Гэмтсэн хүүхэд 150-111 болж 26 хувиар буурсан. Энэ бүх үзүүлэлтүүд School police хөтөлбөртэй шууд хамааралтай. Энэ ажлын үр дүн гэж харж байна. Цаашид бид сургууль, эцэг эх, багш нартайгаа хамтраад Kinder police, Children police гэх хөтөлбөрүүдийг эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Бүх талаасаа харилцан хамтарч ажиллаад нэг нэгнийгээ сайн дэмжээд өгвөл энэ бүх харамсалтай тоо баримт илүү буурна гэж харж байна.

-Хөдөө орон нутгийн замд гэр бүлээрээ автомашины ослоор нас барах тохиолдлууд их байдаг. Орон нутгийн замуудад цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-2017, 2018 оны нэгдүгээр улирлаар нас барсан гэмт хэргийн тоог авч үзэхэд 60-70 хувь нь орон нутгийн зам дээр гарсан тохиолдлууд байна. Орон нутгийн зам дээр гарч буй зөрчлүүд маш тодорхой. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, буруу тээвэрлэлт гэсэн хамгийн энгийн зүйл дээр зөрчил гаргадаг. Хөдөө орон нутгийн замд мэдээлэгдсэн байдал замын тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Тийм нөхцөл байдлаас үүссэн зөрчлүүд л байдаг. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар саяны энэ хэдэн шалтгааныг засаж залруулж хөдөлгөөнд оролцооч ээ. Дээрээс нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл удаан хугацаагаар барих нь бас нэгэн гэмт хэрэг үүсэх нөхцөл болдог. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ тэр үйлдлээ зөв гүйцэтгэх, хол ойрын гэрлээ шилжүүлэхдээ онцгой анхаарах, буруу талдаа рультэй машин зогсолтоо буруу хийснээс болж осол гарах шалтгаан болдог. Хамгийн их ажиглагдаж байгаа зөрчил нь хэт ядарсан үедээ жолоо барьж хөдөлгөөнд оролцох. Дандаа онхолдох мөргөлдөх байдлаар амь насандаа аюул учруулдаг. Онхолдоно гэдэг нь хурд хэтрүүлсэн нь туйлын тодорхой. Хэт ядарсан, согтуу хүмүүс урсгал сөрнө. Эгнээгээ өөрчлөнө, гэрлээ шилжүүлэхгүй, хаа хамаагүй зогсоно. Бусдадаа төвөгтэй. Ийм төрлийн зөрчлүүдээс болж орон нутгийн зам дээрх нас баралтын тоо өссөн байгаа. Бид орон нутгийн зам дээр хяналт шалгалтыг өөрсдийн биеэр хийж байгаа юм. Жишээ нь: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 2-3 цагхурд хэмжихэд хурд хэтрүүлдэг жолооч байхгүй болчихдог. Тэгэхээр нь за энд хурд хэтрэх зөрчил гардаггүй юм байна. Жолооч нар ухамсартай сайн болж гээд 2-3 км цаана очоод дахиад хэмжилт үзэхэд хурдыг 50-70 хувиар хэтрүүлж байгаа зөрчил илрэх жишээтэй. Тэгэхээр манай жолооч нар зөрчил илрүүлдэг камерийн өмнө юм уу, хяналт шалгалтын цагдаагийн алба хаагчийн өмнө зөрчиж болохгүй. Бусад үед дүрэм зөрчиж болно гэсэн буруу зуршлаасаа салаач ээ. Цагдаагийн байгууллагаас Орон нутгийн зам хөдөлгөөний соёл аяныг дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан. Энэ хугацаанд харин орон нутгийн замын осол буурсан. Энэ аяны хүрээнд орон нутгийн аюултай 64 байршилд анхааруулах самбаруудыг байршууллаа. Цаашид үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно. Үүнээс орон нутгийн замд гарч байгаа осол, зөрчил, гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурна гэж найдаж байна.

-Зам тээврийн осол нь урдчилан сэргийлж болох, таслан зогсоож болох насбаралтдаа ордог шүү дээ. Үүнд хувь хүний ухамсар л чухал байх?

-Хувь хүний ухамсрын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, цагдаагийн байгууллагын хамтарсан ажиллагаа зэрэг 4-5 хүчин зүйлээс хамаарч урьдчилан сэргийлэгдэж болох нас баралт. Хувь хүний ухамсрын соёлд маш олон хүчин зүйл хамаарна. Дээрээс нь дүрмээ мэдэхгүй, мэдсэн ч биелүүлдэггүй нь хамгийн гол хүчин зүйлүүд.

-Жолооны сургуулиуд хэр чанартай жолооч бэлгэдэг вэ?

-Жолооны сургуулиудад чанартай бэлтгэгдсэн байсан бол зам тээврийн осол хэрэг бага гарах байх. Үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн дийлэнх нь 0-5 жилийн дотор тээврийн хэрэгсэл барьж буй нөхдүүд л байдаг. 12-оос дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн дунд осол гаргах нь маш бага байдаг. Нийт осол зөрчлийн 17 хувийг л эзэлдэг. Тэгэхээр 0-5 жил жолоо барьж байгаа хүмүүсийг жолооч гэж хэлэхгүй. Зам дээр жолооч бэлтгэгдээд байна уу, тэнд бэлгэгдээд байна уу гэдэг туйлын тодорхой.

Children police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Зарим дүүрэг сургуулиудад эхнээсээ хэрэгжээд эхэлсэн. Children police нь сургууль руугаа ганцаараа ирж, очдог хүүхдүүдийн гэрээсээ сургууль хүрэх маршрутад хяналт тавьж хүүхдийг хараа хяналттай сургуульд нь очуулах, хариулах хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжснээр хүүхдүүдэд хамааралтай осол гэмтэл, гэмт хэргийн гаралт буурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Kinder police хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Арваннэгдүгээр сарын нэгнээс гэж төлөвлөсөн. Бид хантааз хэрэгслүүдээ захиалчихсан ирэхийг нь хүлээж байна. Ирэнгүүт нь хөтөлбөрөө эхлүүлнэ. Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хэрхэн зөв тээвэрлэн хүргэж байна. Зам гарц гаргалгааг хэр зөв гарч байна гээд бүх тал дээр хяналт тавина. Бидний энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахаа нэлээд олон цэцэрлэг илэрхийлж, хамтран ажиллахаар болсон. Цаашид нийслэлийн бүх цэцэрлэгүүдтэй хамтран ажиллана.

Kinder police-ийн сургалт бий юу?

-Цэцэрлэг бүрт хүүхдийн тээвэрлэлтийн дүрэм журам хэрэгтэй материалыг бүгдийг нь тараасан байгаа. Бэлтгэл ажлаа дуусаад шууд хүмүүсээрээ хяналтаа тавиулж эхлүүлнэ. Эцэг эхчүүд биднийг дэмжин, хүүхдийнхээ төлөө хамтран ажиллаасай.

-Зөрчил гаргавал яах вэ? Удаа дараа зөрчвөл ямар арга хэмжээ авах уу?

-Эхний ээлжинд сануулга өгнө. Удаа дараа анхааруулаад зөрчлөө засахгүй бол хүүхдийг нь сургууль цэцэрлэгээс нь хасах хүртэл арга хэмжээ авна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Image result for атг

Авлигатай тэмцэх газраас 2018 оны аравдугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгажээ.

Түүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, нэг гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор есөн гомдол, мэдээлэл шалгагдаж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 10 хэрэг хүлээн авсан бөгөөд 360 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 341 хэрэг шалгагдаж байгаа аж.