Categories
мэдээ спорт

Охидын шигшээ баг “Фоуад Чехаб” хөлбөмбөгийн стадионд анхны бэлтгэлээ хийлээ

“Ойрх Дорнодын Сувд” хэмээгдэх Леван улсыг зорьсон 19 хүртэлх насны охидын шигшээ баг Бэйрут хотын Фоуад Чехаб хөлбөмбөгийн стадионд өнөөдөр анхны бэлтгэлээ хийлээ.

(+29) Цаг агаар, даралт, цагийн зөрүү эрс ялгаатай энэ нутагт дасан зохицох гэж хичээж буй охидын хөлс, хүчийг шавхсан хатуухан бэлтгэл болсон нь тодорхой. 19 хүртэлх насны охидын Азийн АШТ 2018.10.24-өөс 28-ны хооронд уг цэнгэлдэх хүрээлэнд болно.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн тээврийн газраас болзолт уралдаан зарлалаа

Нийслэлийн тээврийн газраас тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг болзолт уралдаан нь энэ сарын 22-ноос ирэх арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл явагдах юм.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам, үйлчилгээний соёл, чанарын талаарх санал хүсэлтийг 70044040 утас болон цахим хаягаар 24 цагийн турш өгнө үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2018.10.23/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

-Анхан шатны эмч, мэргэжилтнүүдэд БЗДХ-ын чиглэлээр сургалт хийлээ-

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албатай хамтран “Глобал” сангийн санхүүжилтээр “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ

2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6902 тохиолдол бүртгэгдсэн

Энэ сарын 2-ноос эхэлсэн есөн удаагийн сургалтад дүүргийн эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ, БЗДХ-ын кабинетын зохицуулагч, тархвар судлаач, өрхийн эрүүл мэндийн төвийн 240 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.

Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдвар сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6902 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.7 хувийг эзэлжээ. Харин өвчлөлийн 25.6 хувийг заг хүйтэн, 45.2 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз тус, тус эзэлж байна.

Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнээс нийслэл хотод нийт 41 тохиолдол бүртгэгджээ.

Бэлгийн замаар дамжих халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь дээрх тоо баримтаас харагдах бөгөөд халдварыг эрт илрүүлэх, халдвар тархалтыг бууруулах, мөн хянах эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

БЗДХ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрсдэлтэй хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулахаас гадна тэдний хувьд халдвар авсан эсэхээ мэдэх, эмчилгээнд эрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, халдвар дамжих эрсдлийг бууруулах, хавьтал илрүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг

Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6-8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцасаа энд тэнд гээх мартах гэх мэт шинжүүдээр илэрдэг байна. Энэ эмгэг ужгирвал хүүхдийн сурлага муудах, тогтворгүй ааштай болох, сэтгэл зовнил, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн архаг явцтай эмгэгт хүргэдэг байна.

Анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанийг бүрэн гүйцэт судлаагүй байгаа боловч жирэмсний үед архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон дам тамхидалтанд өртөх, орчны бохирдол, хэт их боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний синтетик будагч бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь тус өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тогтоогоод байна. Бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг.

Сүүлийн үед хүнсний будагч бодис болон хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг 2-ын хооронд хамаарал байгааг, эрүүл мэндийн асуудал урган гарч ирж байгааг зарим судлаачид онцолж байна.

Хэдэн хэдэн өргөн хүрээний судалгаа хийгдсэнээс 2007 онд 3-9 настай хүүхдүүдийн дунд хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар синтетик гаралтай, шингэн хүнс тогтворжуулагч натрийн бензоаттай Sunset yellow (E110), Azorubine (E122), Tartrazine (E102), Ponceau 4R (E124) болон Sunset yellow (E110), Azorubine (E122), Quinoline Yellow (E104), Allura Red (E129) гэсэн найрлагатай хоёр бүлэг бүхий хүнсний будаг агуулсан ундаанууд нь хүүхдийн анхаарал муудах хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй холбоотой байгааг тогтоосон байна.
Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат багш Ч.Бизъяа: Дугуйлангаа уурын зууханд хүртэл хичээллүүлж явлаа

Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнгөрсөн баасан гаригт тохиолоо. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал болсон юм. Хуралд Хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

Энэ үеэр Хүүхдийн ордны ууган багш нарын нэг, Монгол Улсын гавьяат багш Чүлтэмийн Бизъяатай ярилцлаа.


-Таныг Хүүхдийн ордны ууган багш нарын нэг гэлээ. Хэдэн онд ажиллаж байв?

-Би 1962 онд Улсын багшийн дээд сургуулийн Зураг, хөдөлмөрийн ангийг төгссөн. Энэ ангийн хамгийн анхны төгсөгч юм. Төгссөн даруйдаа Монголын Пионерын ордонд зургийн багшаар томилогдож ирсэн. Ингэж миний хөдөлмөрийн гараа Пионерын ордноос эхэлсэн түүхтэй. Тухайн үед ордон маань засварт ороод жаахан хүнд үе байлаа. Дугуйлан хичээллэх ангигүй, газар газраар дамжиж хичээллэнэ. Энд тэнд өөр албан газарт очоод дугуйлан орох гэхээр дуртай, дургүй. Гэхдээ тэр бэрхшээлийг бид даван туулсан. 1963 онд Монголын Пионерын анхдугаар “Залгамжлагч” чуулга гэж болсон юм. Анхдугаар чуулганд бэлтгэх ажлыг улс даяар өрнүүлж билээ. Түүний дотор Пионерын ордны ажил маш их байсан. Би өөртэйгөө холбоотой ажлуудыг ярья. Тухайлбал, манай урлагийн секцийг Дарьсүрэн гэж хүн ахалж байлаа. Ордны найрал дууг хариуцдаг байсан. Гадаадад сургууль төгсөж ирсэн хүн байж билээ. Урлагийн салбарынхны ажил бүр их. Энэ дотроос хүүхдийн зохиолч Содномдоржийн зохиол “Чин хүсэл” гэж драмын жүжгийг тавьсан юм. Тэрний өмнөхөн нь “Аз жаргалын эрэлд” гэж дуурь тавьсан нь их нэрд гарсан. “Чин хүсэл” жүжгийг тухайн үеийн Барилгачдын соёлын ордонд тоглолоо. Хүүхдийн ордны байр засвартай учраас тэр. Эхлээд Залгамжлагч чуулгад зориулсан концерт тоглосон. Тэр концертын чимэглэлийг би хийсэн. Дараа нь “Чин хүсэл” жүжгийн тайз чимэглэлийг хийсэн. Үүний дараа “Хүүхдийн ертөнц” гэсэн зургийн үзэсгэлэн гарсан юм. Уг нь жил бүр хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байсан бол тэр жил зөвхөн манай Пионерын ордны зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах болов. Ингээд одоогийн Драмын театрын танхимд зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Драмын театр тухайн үед Монголын Залуучуудын ордон нэртэй байлаа.

-Хамт ажиллаж байсан багш нарыгаа дурсахгүй юу?

-Тухайн үед Пионерын ордны захирал Авирмэд гэж хөгжмийн зохиолч хүн байсан. Их ажилсаг, зүтгэлтэй хүн байж билээ. Пионерын ордон маань нэг ачааны машин, нэг суудлын тэрэгтэй. Захирлын ажил нь амжихгүй, ийш тийш их явдаг байж дээ. Ордны орлогч захирлаар Нямдорж ажиллаж байсан. Уг нь математикийн багш мэргэжилтэй. Шатар их сайн тоглоно. Цааш нь ярих юм бол урлагийн дугуйланд Жам-Очир гэж хуучрын багш байсан. Үлээвэр хөгжмийн багшаар Пүрэвжав ажилладаг байлаа. Пүрэвжав гуай энэ ордонд багшилж байгаад дараа нь нийслэлийн 33 дугаар сургуульд багшлах болсон. Тэндээсээ тэтгэвэрт гарсан юм. Найрал дууны багш Дарьсүрэн дуурийн театрын гоцлол дуучин хүн байсан. Ингээд үзэхээр тухайн үед Хүүхдийн ордонг байгуулах гээд газар газраас чадалтай, мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүсийг авч ажиллуулсан гэж бодогддог. Зургийн дугуйлангийн багш гэхэд л Монгол Улсын ардын зураач, төрийн хошой шагналт О.Цэвэгжав гуай байсан. Төгөлдөр хуурын багшаар Норжин гэж дуурийн театрын хөгжимчин. Бүжгийн багшаар Тонтор ажиллаж байсан. Тонтор багш 1957 онд Дэлхийн залуучуудын зургадугаар их наадамд шагнал хүртсэн бүжигчин. Энэ хүнийг 1958 онд Пионерын ордон байгуулахад шууд багшаар томилсон гэх мэтчилэн. Хүүхэлдэйн дугуйлангийн багш Дугарыг театрын жүжигчнээс татаж багш болгосон. Драмын дугуйлангийн багш Чүлтэмжамц “Цогт тайж” кинонд тоглож байсан хүн. Олон жүжигт нүүр хувиргагч хийсэн мундаг хүн байж билээ. Их олон жил хүүхдийн ордонд ажилласан даа. Анх байгуулагдахдаа Пионерын ордон гэдэг нэртэй байсан бол дараа нь Лениний нэрэмжит ордон болсон. Үүний дараа Монголын Пионер сурагчдын ордон болж өөрчлөгдсөн. Хүүхдийн ордон гэж нэртэй болоод хориод жил өнгөрч байна даа.

-Та Хүүхдийн ордонд хэдэн жил ажилласан юм бэ?

-1962-1963 онд энд ажиллаж байлаа. Үүний дараа илгээлтээр Завхан аймаг руу явчихсан юм. Пионерын ордон 1958 онд байгуулагдахад би 10 дугаар ангийн сурагч байлаа. Пионерын ордонд зориулсан цэцэрлэг байгуулахаар болоход би мод суулгах нүх ухаж явсан юм. Ингэж л би Пионерын ордонтой танилцсан даа. Тэгсэн мэргэжлийн гараагаа эндээс эхлэх жамтай байж. Би Пионерын ордноос гараагаа эхэлж, Монгол Улсын гавьяат багш болох тавилантай байж дээ гэж боддог шүү дээ (инээв). Би өндөр насалсандаа нэгэн бодлын бахархах шиг, нөгөө талаараа гуних шиг. Учир нь надтай хамт ажиллаж байсан багш нар бүгд бурхан болжээ.

-Нэг жил гаруй хугацаанд ажилласан гэхээр богино хугацаа шиг санагдах юм. Тухайн үед олон сайн шавь бэлтгэж амжсан уу?

-Олон хүүхдэд хичээл заасан шүү. Миний шавь Г.Төмөр одоо их сайн ажиллаж байна. Лхамсүрэн гэж зураач хүүхэд байсан, дараагаар нь баримал, хөөмөл хийдэг болсон байна билээ. Одоо урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Монгол гэж мундаг зураач, одоо бурхан болж дээ. Эрдэнэбилэг шавь маань Хүүхдийн ордонг төгссөнийхөө дараа найман жил энд зураач хийсэн. С.Чимэддорж маань бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргах гэж байгаа. Надтай адилхан өвгөн болчихсон хүн бий. Энэ мэтчилэн зургийн дугуйлангаас олон сайн шавь төрсөн.

-Хүүхдийн ордонд таны ажиллаж байсан үеэс өөрчлөгдсөн зүйл юу байна?

-Өөрчлөгдсөн. Ордны дугуйлангууд цар хэмжээгээр өргөн болсон. Би 55 жил багшилсан. Энэ хугацаанд энэ ордонтойгоо үргэлж холбоотой явсан. Жишээлбэл, би Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд өөрийнхөө шавь нарын бие даасан үзэсгэлэнг гурван удаа гаргаж байсан. Хүүхдийн ордонд үзэсгэлэн гаргасан багш нар тэр болгон байхгүй л дээ.

-Та Пионерын ордонд ажиллаж байх үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Байлгүй яах вэ. Намайг ажиллаж байх үед засвартай байсан учир дугуйлан орох газаргүй хэцүү байсан. Тэр үед хүүхдүүдээ олон газар тарааж хичээллүүлдэг байлаа. Пионерын ордон анх байгуулагдаж байхад хүүхдүүд нь багтахгүй байсан. Гэтэл засвартай байх хугацаанд хүүхдүүд цөөрөөд, хүүхдүүдийнхээ хойноос хөөцөлдөөд л явдаг байж билээ. Жишээ нь, Ж.Самбуу даргын хүү Сүрмаажав манай дугуйланд явдаг байлаа. Ирэхгүй алга болчихно. Нөгөөхийг чинь хөөцөлдөөд явна. Самбуу даргын гэр рүү хамаагүй орж болохгүй. Гадаа нь зогсоод хүлээж байдаг байлаа. Ангигүй үед Багшийн сургууль, Нэгдүгээр сургууль, заримдаа бүр уурын зууханд хичээллэж байсан. Анх Пионерын ордон байгуулагдахдаа материал хангамж их сайтай байсан. Миний дугуйлан гэхэд л дандаа шинэ судалбарын хайрцгийг хүүхдүүдэд тараадаг. Заримыг нь эргүүлж авчирсан, бусдыг нь авчирч чадаагүй юмдаг. Тэглээ гээд надаас тэр хайрцгуудыг нэхээгүй. Зургийн бүхий л хэрэгсэл бүгд бэлэн. Мундаг сайн бэлдэж ордонг байгуулсан байдаг. Намайг 10 дугаар ангид мод суулгах нүх ухаж байхад ордон нэг ЗИС-151-тэй. Түүнийг нь Базар гэж жолооч унана. Дугарсүрэн нярав тэр хоёр машинаараа юм үргэлж зөөдөг байсан.

-Түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгэгдэл ямар байна?

-Хачин сайхан. Хүүхдийн ордны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд надаар тууз хайчлуулахад өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн. Сая баярын хурал дээр бүрээ тоглоход ч уйллаа, бөмбөр дуугарахад ч уйллаа. Багшийн сэтгэл л юм байлгүй. Угаасаа чи багш байх ёстой гэж бурхан намайг заяасан байх.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод ирэх оны төсвийн тухай хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын зургаан байнгын хороо болон нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Байнгын хорооны тогтоолын төсөл /Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
– Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурлын болон Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

7.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Байгууллагын санал.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

– Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Женев хот дахь Дэлхийн худалдааны байгууллагад өчигдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, 20 гаруй жил гишүүн нь байгааг дурдаж, энэ салбарын хөгжлийг хэрхэн үзэж байгаа талаар ноён Р.Азеведотой санал солилцож ярилцав.

Мөн дэлхийн эдийн засгийн байдал улс орнуудын дунд үүсээд буй худалдааны зөрчлийн талаар ярилцаж, энэ үед Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ямар бодлого баримтлах талаар санал солилцож, Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлахыг нотлов.

Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэмээн уулзалтын үеэр онцолж, үүнээс дутахгүй хүний нөөц бэлтгэх нь чухал тул Монгол Улсаас өнгөрсөн жилд 150 гаруй төрийн алба хаагч Дэлхийн худалдааны байгууллагын урт, богино хугацааны сургалтуудад хамрагдсан талаар дурдсан юм. Мөн тэрбээр ирэх онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны явц, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ анх 1991 онд гаргаж, улмаар 1997 оны нэгдүгээр сарын 29-нд тус байгууллагын гишүүнээр элссэн түүхтэй юм.

Энэ байгууллагын гишүүнээр элссэнээр манай улс бусад гишүүн оронтой нэн тааламжтай үндэстний нөхцлөөр худалдаа хийх боломжтой болж, шаардлагатай мэдээллээр чөлөөтэй хангагдах, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, байгууллагын техникийн туслалцааг авах боломж нээгдсэн байна.

Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэнээс хойшх хугацаанд гадаад худалдааны хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч, гадаад худалдаа, түүнтэй холбоотой 30 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэчилсний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна.

Мөн манай улсад дамжин өнгөрөх тээвэр чухал ач холбогдолтой байдаг тул худалдааг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.

Ингээд хэлэлцээрийн үр дүнд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бий болж, хэлэлцээрт манай улс 2016 оны арваннэгдүгээр сард нэгдэн орсон юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав

Швейцарын холбооны улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус хотод төвтэй Олон улсын худалдааны төв /ОУХТ/-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад худалдаа, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлд сүүлийн 20 гаруй жил ОУХТ Монгол Улсад олон дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод, хатагтай Аранча Гонзалез болон тус байгууллагын хамт олонд түүгээр дамжуулан талархал илэрхийллээ.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал хатагтай А.Гонзалез Монгол лсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай илэрхийлэн, ОУХТ-ийн Монгол Улс дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй гээд ОУХТ, Монгол Улсын эдийн засгийн харилцааны асуудлаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улс зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, экспортыг төрөлжүүлэхэд тус байгууллагатай хамтран ажиллах саналаа дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Европын орнуудын технологийг Монголд нэвтрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн Зүүн Ази болон бусад зах зээлд нийлүүлэх боломжтойг танилцуулж, эмэгтэйчүүд болон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд чухал ач холбогдол бүхий тус байгууллагын “Худалдаа ба эмэгтэйчүүд” санаачилга, “Худалдаа ба залуус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудлаар санал тавьж ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез удахгүй Монгол Улсад айлчлах гэж байгаа талаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, 2020 онд болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг найрсгаар хүлээн авч байгаагаа илэрхийллээ.


Олон улсын худалдааны төв нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын төр, хувийн хэвшлийн гадаад худалдааны чадавхыг дэмжих зорилгоор 1964 онд байгуулагдсан. Эрх зүйн статусын хувьд ОУХТ нь Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын дундын агентлаг юм. Монгол Улс, Олон улсын худалдааны төвтэй хамтран Монгол Улсын экспорт худалдааны стратеги төслийг 2018 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат буюу Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын “замын зургийг” боловсруулах ажил эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 23-нд болох үйл явдал

08.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” Үндэсний бага хурал болно. Утас:99829895, 88210052

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд төрийн болон ТББ-уудад зориулсан “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих нь” сургалт болно. Утас:91989890

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Дэвжээ” тэмцээн болно. Утас:89021096, 80776192

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги, баримт бичгийг хэлэлцэх анхдугаар чуулга уулзалт болно. Утас:88054340

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Мэргэжлийн сэтгүүл зүй ба Дижитал эрин үе” форум болно.

09.30 цагт “Holiday Inn” зочид буудалд “Ойн генетик нөөц хамгаалал” төслийн явцын семинар болно. Утас:70162775, 99096941

11.00 цагт Үндэсний аудитын газарт “Цэвэр агаар” сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгийн тайланд хийсэн аудитын дүнг танилцуулна.Утас:88059005

11.00 цагт “Эрдэнэс Таван Толгой” компанийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд иргэн бүрийн 1072 хувьцааны асуудлаар мэдэгдэл хийнэ. Утас:99191388, 88117157

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас Олон голын бэлчир орчимд БНХАУ-ын хөрөнгө оруулаттай компани төмөр зам тавих талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Гэрлэх ёслолын ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна. Утас:99851606, 99042569

14.00 цагт “Бишрэлт” зочид буудалд Нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох семинар болно.

14.30 цагт ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд Япон Улсын Засгийн Газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2 сая долларын лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өгөх ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.