Categories
мэдээ нийгэм

“Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийг “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т зарцуулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууцны хүртээмжийг сайжруулах тухай тогтоолын хэрэгжилтийн талаар БХБЯ болон НЗДТГ-ын холбогдох албаныхны мэдээллийг сонслоо.

БХБ-ын сайд 2018 оны 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгааг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцууллаа.

Тэрбээр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын “Эксим” банкны 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зарцуулах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ оны 3 дугаар сараас БНСУ-ын “Эксим” банкны ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, “Буянт-Ухаа II”, “Буянт-Ухаа III”, “Эко яармаг-1” зэрэг 8900 гаруй айлын орон сууцын төслийг танилцуулсан. Одоогоор тус банкнаас эцсийн шийдвэр ирээгүй байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Роснефьт компанитай таван багц асуудлаар хэлэлцээр хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас долоон асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа.

Энэ онд 94700 тонн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх үүргийг аж ахуйн нэгжүүд хүлээсэн бол ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэхээр болж байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Роснефьт” компанитай Засгийн газрын зүгээс хэлэлцээр хийх явцыг танилцуулсан. Роснефьт компанитай хамтран ажиллах хүрээнд боловсруулах үйлдвэрийн түлш дамжуулах хоолой, нөөц хангамжийн асуудал, онгоцны түлш нийлүүлэлт гэсэн таван багц асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөсөн.Ирэх сарын 15-ны дотор тус компанитай хамтран ажиллах хэлэлцээрийг хийж эцсийн шийдвэр гаргуулах чиглэлийг Засгийн газраас өглөө. Хасах 50 хэмийн хүйтэнд нефть дамжуулах хоолой татах ОХУ-ын туршлагаас судлахыг УУХҮЯ-нд үүрэг болгосон “хэмээв.

Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ-нд Төвбанктай хамтран шатахууны үнийг тогтворжуулах боломжуудыг судлахыг үүрэг болгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ компанид хөнгөлөлттэй зээл өгсөн нь батлагдлаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь тодорхой болсон. Мөн ЖДҮХС-г хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалынхаа “Тээвэр ачлал” компанид зээл авсан тухай мэдээлэл тараад байсан юм. Уг асуудлаар Б.Батзориг сайд хэвлэлүүд өгсөн ярилцлагадаа “Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт тийм компани байхгүй” гэж мэдэгдсэн. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой гэж байсан ч Б.Батзориг сайдын ярьсан худал болох нь батлагдаж байна. “Тээвэр ачлал” компанид хувь эзэмшдэг эсэх тухайгаа Б.Батзориг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй ч “Тээвэр ачлал” компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладаг гэдгийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайт мэдээлжээ. “Тээвэр ачлал” нь хувьцаат компани учраас мэдээллээ ил тод болгох үүрэгтэй. Тус компанийн тухай танилцуулгад Лхүндэв овогтой Отгонжаргалыг нэг захирлаар нь ажилладаг болохыг бичжээ.

Энэхүү дуулиан дэгдсэнтэй холбогдуулан ЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэвлэлд тодруулга өгөхдөө “Тээвэр ачлал” компани Л.Отгонжаргал гэж хүнтэй холбогдолгүй. Биднийг зээл өгөх үед тус компанийн захирал нь н.Баттулга гэж хүн байсан гэж мэдээлсэн байдаг.

Гэтэл Монголын Хөрөнгийн Биржийн сайтад “Тээвэр ачлал” компанийн захирлаар Д.Баттулга ажиллаж байсныг 2017 оны IV улирлын тайланд тодорхой дурджээ.

Ингэснээр “Тээвэр ачлал” компанид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгогдсон нь үнэн. Харин энэ компанийн захирлаар Д.Баттулга ч ажилладаг нь үнэн. Мөн Л.Отгонжаргал гэдэг захирал байдаг нь ч нь үнэн болж байна. Харин Л.Отгонжаргал нь Б.Батзоригийн гэргий гэдэг үнэн болохыг нэрээ нууцалсан эх сурвалжууд баталж байгаа. Ингэснээр УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын хоёр ч гишүүн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авсан болох нь батлагдаж байна.

ЖДҮХС-ийн зээл нь гурван хувийн хүүтэй, хэн хүссэнд нь олгогддоггүй, тун боломжит нөхцөлтэй 300 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл юм.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн улсаас өгсөн орон сууцандаа орж байна

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Тэгвэл яг одоо талийгаачийн ар гэрийнхэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 60 м/кв шинэ хоёр өрөө байрандаа орж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Ирвэсний эх нутаг-2018” баруун бүсийн их наадам зохион байгууллаа

Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог “Ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Ирвэсийн эх нутаг-2018” баруун бүсийн их наадмыг “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа.

Наадамд Баян-Өлгий аймгаас дөрөв, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улс болон хөрш зэргэлдээ Увс, Ховд, Говь-Алтай аймгаас тус бүр сурагчдын хоёр баг, нийт 200 орчим хүүхэд оролцож, ирвэс болон түүний идэш тэжээл, хамгаалал, бусдын нөлөөлөл зэрэг асуудлуудыг театрчилсан тоглолт, уран зургийн үзэсгэлэн гаргах, ухуулах хуудас тараах зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр үе тэнгийнхэн болон олон нийтэд таниулав. “Ирвэсний эх нутаг-2018” их наадамд оролцогчдын төлөөлөл мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус аймгийн Толбо сумын Сайр ууланд судалгаа хийх, хамгаалах зорилго бүхий таван видео камер суурилуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жил аж ахуйн нэгжүүд 116 550 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа.

Энэ дагуу ирэх жил аж ахуйн нэгжүүд 116,550.0 тонн шатахууны нөөц бүрдүүлэх юм. Өнгөрсөн онд нэр бүхий 21 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж, тогтвортой хангасан. Хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн хүлэмж эрхлэгчдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар “Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл”-ийг эхлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр болов.

Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуйнууд байгуулж, жилд 6450 тонн хүнсний ногоо тарьж нийлүүлэх бөгөөд импорт 70 гаруй хувь буурна гэж тооцоолжээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн сумдын нутагт байна. 81 иргэн, аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Чили улс руу 90 хоногийн хугацаанд визгүй зорчино

“Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Түүнчлэн энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. Хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа маршал Г.К.Жуковын дурсгалын хорооны даргатай уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Зөвлөлт Холбоот Улсын Маршал Г.К.Жуковын дурсгалын хорооны дарга А.А.Павликовыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Элчин сайд Б.Дэлгэрмаа “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын жанжны ур чадвар Халхын голын дайнд анх илэрч, түүний удирдсан бүх тулалдаан ялалтаар төгсдөг гэсэн мэдээ дэлхий нийтэд таран түгсэн” гэдгийг онцлоод 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг санал болгоод ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох олон арга хэмжээнд оролцохыг урьсан болно. Г.К.Жуковын дурсгалын хорооны дарга А.А.Павликов Элчин сайдын урилгыг талархан хүлээн авч, 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох, эл ажлын хүрээнд ЭСЯ-аас зохион байгуулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, аугаа эх орны дайны угтал болсон Халхын голын дайнд монгол – зөвлөлтийн цэрэг дайчид ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр буюу Ялалтын баярыг угтаж тус ЭСЯ-ны байранд Халхын голын дайн болон маршал Г.К.Жуковын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой үзэсгэлэн гаргах, мөн үүний зэрэгцээ жил бүр Ялалтын баярыг угтан зохион байгуулдаг хуучны автомашинуудын авто аяллыг үзэсгэлэнгийн нээлттэй давхцуулан зохион байгуулах, авто аяллын гарааг тус ЭСЯ-аас эхлүүлэх саналыг дэвшүүлэхэд Элчин сайд дэмжив.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Одбаатар: Айрагийн гозгороос олдсон булшнууд Хүннүгийн үеийн хэв шинжийг агуулдаг

Монголын үндэсний музейд “Айрагийн гозгор археологийн дурсгалууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтийн дараа 2014-2018 онд Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газраас археологийн малтлага, судалгаа хийсэн судлаачид эрдэм шинжилгээний хурал хийв. Тус судалгааны багийнхан 110 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, 16-г нь малтан судалжээ. Мөн археологийн нарийвчилсан хайгуул явуулж, Хүннүгийн үед холбогдох таван оршуулгын газрыг нээн илрүүлсэн байна. Малтлагаас гарсан олдворуудыг Соёлын өвийн үндэсний төв, Японы Нара их сургууль, Осакагийн хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нагасаки мужийн соёлын өвийн төв, Кьюшюгийн музейн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлаж, Монголын үндэсний музей болон Орхон аймгийн музейн сан хөмрөгт хадгалуулжээ. Үзэсгэлэн 2018 оны аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 3-ны хооронд гарна.

Монголын үндэсний музейн археологи, антропологийн секторын эрхлэгч Ц.Одбаатартай ярилцлаа.

-Ямар он цагт хамаарагдах олдворууд вэ?

-Сяньбичуудын оршуулгын зан үйлийн үеийн судалгаанд хэд хэдэн эх сурвалжийг ашигласан. Сурвалж бичгийн мэдээ, судалгааны аман зохиолууд, археологийн биет дурсгалууд, музейд буй Сяньбийн үед хамаарах цуглуулгуудыг ашиглан Айргийн гозгорын дурсгалыг дэлгэрэнгүй судаллаа. Яагаад Айргийн гозгорыг сонгон судалсан гэхээр таван жилийн судалгаанд үндэслэн сяньбичуудтай холбогдох хэд хэдэн он цагийн дарааллыг эхний ээлжинд гаргасан. Одоогийн байдлаар гурван булшинд баттай он цагийг тогтоолоо. Эхнийх нь Хүннүгийн сүүл үед холбогдох, нийтийн тооллын 88-90 оны хоорондох нэгдүгээр зууны сүүл үе, дараагийнх нь нийтийн тооллын 208-332 он гэсэн хугацаа гарсан. Айрагийн гозгороос олдсон булшнууд Хүннүгийн үеийн хэв шинжийг агуулдаг. Бид судалгааны дээжийг Герман, Хятад, Япон улс руу шинжлүүлэхээр явуулсан. Шинжилгээний хариу бүрэн байдлаар удахгүй гарна. Он цагаас гадна булшны зохион байгуулалт, булшнаас гарах олдворууд, хүний төрхөнд хийсэн палеонтропологийн судалгаа зэргийн үр дүн нь сяньбичуудтай холбогдох бололцоотойг харуулж байгаа юм.

-Оршуулгын газар нь голдуу хаана байрласан юм бол?

-Хятадад байгаа Сяньбийн дурсгалууд олон хэв шинжтэй. Уулын аманд, гол усны ойр байрласан байдаг. Айргын гозгорын дурсгал гол уснаасаа зайтай, уулын зүүн урагш харсан жижиг аманд байрладаг. Айргын гозгорын дурсгал гурван бүлэгт хуваагдаж байгаа. Он цагийн хувьд хамгийн анх үйлдсэн байх боломжтой. Дандаа жижиг булшууд байгаа. Сүүлийн үеийн булшийг зүүн талын дэнж рүү байрлуулсан байх магадлалтай.

-Байгууламжийн хувьд Хятад, Монголоос олдсон булшнуудад ялгаа бий юу?

-Монголоос олдсон байгууламжийн хувьд хоёр төрөл мэдэгдээд байна. Нэгт томоохон чулуун дараастай овгор байгууламж, голдуу зүүн, зүүн урагш зүг рүү харсан үүдэвчтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй. Нөгөө хэв шинж нь цагариган голдуу дараастай булшууд байдаг. Хятадаас олдсон Сяньби үеийн булшнууд гадаад зохион байгуулалт нь маш бүдэг. Хятадад олдсон булшнууд санамсаргүй байдлаар уул уурхай, газар тариалангийн ажлын явцад илэрдэг. Хятадын булшнуудад гадаад зохион байгуулалтын хувьд тодорхой судалгаа бараг байдаггүй. Айргийн гозгорын дурсгал нь гадаад зохион байгуулалтын хувьд маш тодорхой. Гадуураа сувагтай. Өнгөрсөн жил бид Хүннүгийн үед үйлдэгддэг чулуун үүдэвчийг олсон.

-Булшны дотор талын хэсэгт ялгаа харагдсан уу?

-Томоохон булшны дотоод зохион байгуулалтын хувьд голдуу зүүн талаасаа ордог үүдэвчтэй. Булшны гүн 5-6 орчим метр. Бунхны үүд нь тоногдоогүй бүтэн булш нь дараас чулуунуудтай. Том хэмжээтэй хавтгай чулуугаар хаахаас гадна олон жижиг чулуугаар 2-3 үе давхар өрсөн байдаг. Хятадаас олдсон булшнууд адилхан үүдэвчтэй. Чулуун хаалтаар хаасан байсан. Бунхан дотроо том дөрвөлжин дүнз зангидан хөндий хийхээс гадна шууд байгалийнх нь байдлаар хөндийлж ухсан шинжтэй байсан. Жижиг булшны хэд хэдэн төрөл бий. Газрын хөрсийг доош ухаж нүх болгон хийсэн энгийн булш. Энэ нь Хүннүгийн үеийн булшнуудтай адил. Булшны хажуу ёроолыг сэндийлж тавьсан булшнууд илэрсэн. Тавихдаа хажуу талаар нь шургуулж хийсэн байдалтай, их бие талаар хөндлөн шургуулсан байх магадлалтай хэдэн янзаар хийсэн байна.

-Цугт нь оршуулсан тохиолдол байгаа болов уу?

-Талийгчийг оршуулахдаа авсанд тус тусад нь хийдэг. Хэд хэдэн цогцсыг нэг дор оршуулсан ч бүгдийг нь нэг нэг авсанд тус тусад нь хийж оршуулсан байна. Банзан авсанд хийж тусгаарладаг. Их бие, гарыг тэнэгэр байдалтай, хувцас эдлэлийг нь хийж оршуулжээ. Хос болон түүнээс дээш булшууд илэрч олддог. Бидний судалгаагаар хоёроороо, гурваараа булш илэрсэн. Гэхдээ бүгд тусдаа банзан австай.

-Эртний булшны олдворуудыг олоход хэр тоногдож эвдэрч сүйдсэн байдаг бол?

-Зарим булш маш их тоногдсон харамсалтай байдалтай олддог. Бид нэг хос булш олсон. Харамсалтай нь маш их тоногдож, сүйдсэн байдалтай олдсон. Магадгүй тэр хоёр хүнийг хоёр тийш нь зөрүүлж харуулсан байх магадлалтай гэж таамаглаж байгаа. Зарим нь эвдэрч сүйдээгүй, анхны булсан байдлаараа олддог.

-Онцлохоор сонин булш илэрсэн үү?

-Өнгөрсөн жил олсон нэг олдвор хэдийгээр хоёр авс мэт харагдах боловч нэгэнд нь хүнээ тавьсан. Нөгөөхөд нь хэдэн ваар, зуух тавьсан анхны байдлаараа олдсон. Банзан шалтай. Нэгээс нь хүн тавьсан гэх ул мөр илрээгүй.

-Авсны хийц нь өвөрмөц зүйл бий юу?

-Өмнөд Монголоос олдсон авснууд цээж буюу толгой тал нь өргөн. Толгой тал руугаа ялимгүй өндөрссөн, хөл рүүгээ намссан байдалтай авснууд ажигладдаг. Манайд бол энэ шинж тэмдэг тодорхой харагддаггүй. Гэхдээ дээр доороо нэг см-ийн зөрүү гардаг. Зарим авсыг бүхэлд нь торгоор бүрсэн шинж мэдэгддэг. Авсыг хэд хэдэн янзаар үйлддэг. Ихэвчлэн том зузаан банзаар шулуун углуурга гаргаж зангидаж, маш чадварлаг хийсэн байдаг. Зарим авсыг бүр тусгай дугуйтай хийгээд үүдэвчээр шургуулж оруулдаг байсан баримт олдсон.

-Тухайн үед эдэлж хэрэглэдэг байсан эд зүйлээс нь гадна унадаг морь малыг нь цуг оршуулах тохиолдол байдаг гэсэн?

-Тахилга зан үйлийн хувьд хонь ямааны толгой түгээмэл гарсан. Мөн адууны толгойг дагалдуулж их тавьдаг байжээ. Одоогийн байдлаар дөрвөн булшинд адууны толгой илэрсэн. Энгийн жижгэвтэр булшинд бог малын голдуу эвэртэй, нас бага, жижиг малын ясыг түлхүү дагалдуулж тавьсан байна. Зарим тохиолдолд үүдэвчний хэсэгт адууны толгойг шийрний хамтаар, арьстай нь тэлж тавьсан байх магадлалтайг илрүүлсэн. Хөндөгдөөгүй үед тэр байдлаа хадгалах боломж байдаг.