Categories
мэдээ нийгэм

Арaвдугаар сарын 25-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил” форум болно.

09.00 цагт “Corporate convention center”-т ХААИС-ийн 60 жилийн ойд зориулсан “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, дээд боловсролын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:99287297

09.00 цагт Эрэлч нохойн сургалтын төвд ГЕГ-аас албаны нохой сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн дунд эрэлч нохойн тэмцээн зохион байгуулна.Утас: 99791818, 99841239, 99106505

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ЭМЯ, ДЭМБ-аас “Тамхидалтын эсрэг хувьсгал” компанит ажлын талаар мэдээлэл хийнэ. Утас:91119757 99026671

09.00 цагт “Чингис” зочид буудалд “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” чуулган болно. Утас:88054340

09.00 цагт Төрийн ордонд УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Үндэсний хөгжлийн газарт “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Утас:99089666, 99209315

10.00 цагт БОАЖЯ-нд Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн таныг сонсъё” уулзалт болно.

10.00 цагт МҮХАҮТ-д УБТЗ, ГЕГ, МХЕГ-аас төмөр замаар ачаа тээвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хамтарсан зөвлөгөөн зохион байгуулна. Утас:99091674, 86114818

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

10.00 цагт МҮЭСТО-нд “Хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүй-3” уралдааны оролцогчдын уулзалт болно. Утас:99885060, 88175060

11.00 цагт “Стартап Маркетинг Спэйс” төвд “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”-ноос “Монгол Маркетеруудын VI чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ. Утас:75776777, 99855995

11.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас сар бүрийн 25-ны ээлжит мэдээллээ хийнэ. Утас:80750912

11.30 цагт Тѳрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт тус эмнэлгийн 85 жилийн ойн баярын хурал болно.

14.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд “Монгол Улсын 2019 оны төсөв” хэлэлцүүлэг болно. Утас:11313207

14.00 цагт ШУТИС-д “Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:11315650, 80044109, 91889903

14.00 цагт МУИС-ийн Номын санд сэтгүүлч, доктор Ломбын Норовсүрэнгийн 70 насны ойн арга хэмжээ болно. Утас:86780073

15.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд”-ийн хүрээнд иргэдэд “Wild Еdens: Russia” киног толилуулна. Утас:94226008

16.00 цагт МУИС-ийн Номын санд “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны тайланг танилцуулна. Утас:88779173

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

09.30 цагт “Хөгжлийн харандаа 2018″ экспог зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулж буй болзолт уралдааны талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 24-ны 20 цаг 31 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тогтоож, төслийн хоёр дахь зүйлийг хасах гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2019 он гэснийг 2020 он гэж өөрчилснийг 2019 он гэж хэвээр үлдээх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн Ажлын хэсгийн зүгээс “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх орлого төвлөрүүлэх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж, тэтгэвэр олгох хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 01-н болгоход төсөвт хүндрэл үүсэхгүй гэж байлаа.

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлсэн арга хэмжээ авахгүй байхаар тохирсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-аар хэлэлцүүлэхдээ дээрх асуудлыг нэг мөр шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Оюунхорол танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 122,219.9 сая төгрөгөөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт буюу хуулийн төслийн хоёрдугаар хавсралтын YI дугаар бүлэг, Сангийн сайдын багцын YI.3-д Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног, төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,315.2 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүн бүхий Гаалийн шинэчлэл хийх ажилд төлөвлөсөн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12,000.0 сая төгрөгөөр, Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрээс 15,000.0 сая төгрөгийг, нийт 271,219.9 сая төгрөгөөр зардал бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрийг 2019 онд 14 хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэрэнд өөрчлөлт оруулах зарчмын саналууд дэмжигдлээ. Тухайлбал, хуулийн төслийн хоёрдугаар хавсралтын XI.1.1.65-д тусгагдсан “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар сургууль) гэсэн төсөл арга хэмжээний “320” гэснийг “640” гэж өөрчлөх, хуулийн төслийн XI.1.1.20-д тусгагдсан “Сургуулийн барилга худалдан авах, 960 суудал” (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо) гэсэн төсөл, арга хэмжээний “960” гэснийг “480” гэж өөрчлөх, хуулийн төслийн хоёрдугаар хавсралтын XI.1.1.129-д тусгагдсан “Цэцэрлэгийн барилга, 200 ор (Улаанбаатар Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж) гэсэн төсөл, арга хэмжээний “барилга” гэснийг “барилга худалдан авах” гэж өөрчлөх гэсэн санал тус тус дэмжигдэв.

Харин Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй, “Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн 144.0 тэрбум төгрөгөөс 27.0 тэрбум төгрөгийн хасаж, Хүүхдийн мөнгийг 27.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн “Сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютер авахад шаардагдах 7.0 тэрбум төгрөгийг нэмэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын нийт урсгал зардлын нэмэгдлийг 7.0 тэрбум төгрөгөөр бууруулах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжсэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгуудийн Мал эмнэлгийн газар болон сумдын Мал эмнэлгийн тасгийн урсгал зардлыг 8.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах” гэсэн саналыг тус тус дэмжсэнгүй. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор байгуулагдсан “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын урсгал зардлыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор тус байгууллагын өөрийн орлогыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж санал хураасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар Төсвийн байнгын хорооны хуралдаанд санал хураалгах боломжгүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг улсын төсвийн байгууллага хэвээр үлдээхтэй холбоотойгоор орон тоог буцаан нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 1.2-т тусгагдсан Төрийн өмчийн аж ахуйн тооцоот эмнэлгүүдэд олгох “22,266.1 сая” гэснийг хасч мөн зүйлийн 1.1-ийг Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох “244,554.0 сая төгрөг” гэж өөрчлөх, үүнтэй уялдуулан эмнэлгийн орон тоо, урсгал зардалтай холбоотой өөрчлөлтийг улсын төсөвт тусгах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төсөл багтжээ.

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНКазУ хоорондын гэрээ” болон ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлжэх хоёр төслийн санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Харин хуралдааны төгсгөлд Б.Болорчулуун гишүүнээс Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар БСШУС-ын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Та Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Их хуралд өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн бариад байгаа. Уг хуулийн зохицуулалтад ямар өөрчлөлт орох вэ. Валютын ханшийн савлагаа их байгаа үед Их хурал хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна л даа. Байнгын хорооны зүгээс хоёр төслийг хамтад нь хэлэлцэхээр болсон…

-Монгол Улсын эдийн засгийн дархлаа, цаашлаад улс орны үндэсий аюулгүй байдлын баталгаа нь нэг үгээр хэлбэл манай улсын гадаад валютын нөөц гэж ойлгож болно. Валютын нөөцтэй орнууд эдийн засгийн дархлаагаа бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж чаддаг. Таны банкны дансанд хангалттай мөнгө байгаа тохиолдолд таны гэр бүл эдийн засгийн тал дээр баталгаатай байна гэсэн үг. Үүн шиг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зорилго нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх юм.

Өнөөдрийн нөхцөлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш шокийн байдалд орчихлоо. Эдийн засагчид эдийн засгийн суурь бүтцээ өөрчлөхгүйгээр бид валютын ханшийг тогтоож барьж чадахгүй гэдгийг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Бид эдийн засгийн суурь бүтцийг өөрчлөхийн тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг авч үзье. Ингэхийн тулд зайлшгүй Валютын зохицуулалтын тухай хуульдаа шинэчилсэн найруулга оруулах болчихоод байгаа юм. Тэгэхгүйгээр энэ хууль өнөөдрийн нөхцөлд үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихлоо.

Валютын зохицуулалтын тухай хууль 1994 онд анх батлагдаж, түүнээс хойш 24 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд өнгөц өөрчлөлт хийснээс том зургаараа энэ цаг үед нийцсэн өөрчлөлт болж чадалгүй явж ирсэн. Эдийн засаг тэлэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж, нэг тэрбум ам.доллараас дээш борлуулалт хийх хэмжээний хөрөнгө оруулах хүмүүс их болсон. Экспорт, импорт өсөхийн хэрээр гадаад худалдаа нэмэгдэж байгаа тул гадаад улсад данс нээх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, богино хугацааны зээл авахаас эхлээд янз бүрийн санхүүгийн хэлцлүүд гарч ирсэн. Тиймээс Монгол Улс нэгдүгээрт валютын нөөцөө нэмэгдүүлье. Хоёрдугаарт, гадаад худалдаа, валютын зах зээлд тоглож буй хүмүүс, Монгол руу орж гарч буй валютын урсгалыг мэдчихдэг үндэсний статистикийн хэмжээний валютын мэдээллийн сантай байя гэж байгаа нь хуулийн үндсэн зорилго.

-Хуульд шинэчилсэн найруулга хийлээ гэхэд валютын ханшид хэр нөлөөлөх вэ. Таны өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй хэр яв цав нийцэж байгаа вэ?

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Их хурал баталлаа гэхэд төгрөгийн ханш чангарч, валютын ханш суларна гэж ойлгож болохгүй. Манай улсын валют арилжааг харж байхад зах зээлд том гурван банк тоглож байна. Эдгээр банк валют арилжаа, гүйлгээний 70 хувийг нь эзэмшиж байгаа. Тиймээс Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь валютын томоохон гүйлгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн гүйлгээ, данс тооцоо нь ил байх ёстой гэж байгаа юм.

Түүнээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлцэл, түншлэл, гадаад валютаар гэрээ хийхэд саад бэрхшээл болно, капиталын урсгалыг хаах нь гэдэг ташаа мэдээлэл гадуур гарч байна. Тийм зүйл огт байхгүй. Валютын урсгалыг хааж, хяналт тавьж, хориглох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Харин сайжруулах зүйлс зайлшгүй байгаа. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ өсөх, тогтвортой байх юм. Бид нэг улсын гадаад валютын хэт шүтсэнээс болж Монгол Улс ам.долларын ноёрхолд автсан байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Цаашид бид энэ бүхэнд зохицуулалт хийхгүй бол улам хүндэрнэ. Тиймээс шинэчилсэн най-руулгын төслийг оруулж ирсэн.

Монгол Улсад валютын зах зээлд тоглож буй гурван том банкаас гадна гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкинд төл-бөрийн дансаа нээж болно гэж хуулийн төслийн 10.4-д маш тодорхой туссан. Арилжааны банк байх уу, хөрөнгө оруулалтын банк байх уу хамаагүй, Монгол Улсад л үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуульд нэг нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, Монгол Улсын стратегийн ордыг ашиглаж буй гадаадын хөрөнгө оруулагч төлбөрийн тооцооны дансаа Монголбанкинд байршуулж болно гэсэн заалт орж ирсэн. Утга адилхан гэсэн үг. Энэ мөнгө Монголын дансаар дамжина гэдэг нь Монголын баялаг алт, зэс, нүүрс гаргаад тэндээсээ хэдий хэмжээний валют ирдэг вэ гэх мэтчилэн мэдээлэлтэй байхгүй бол болохгүй. Одоо бидэнд ямар ч мэдээлэл байдаггүй.

-Монголбанк мэдэх боломжгүй юу?

-Энэ бүх зохицуулалтыг Монголбанк хариуцна гэсэн хэрнээ Монголбанкны тухай хуульд ямар ч зохицуулалт байдаггүй. Хэдий хэмжээний бүтээгдэхүүн гарч, хэр хэмжээний хөрөнгө олж байгаа талаарх мэдээллээ Монголбанк Үндэсний статистикийн газарт албан бичгээр хандаж мэдээлэл авдаг. Энэ нь бодитой юу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас дээр дурдсан заалт энэ хуулийн нэг чухал заалт болж байгаа юм.

Сүүлийн үед Оюу толгой компани янз бүрийн асуудлуудаас болсон уу, 800 гаруй сая ам.доллар оруулж ирэхэд 80 хувийг нь Монголбанктай хэлцэл хийсний дүнд нийлүүлсэн. Үлдсэн 20 хувийг нь арилжааны дөрвөн арилжааны банкинд үнэ хаялцуулах маягаар явсан. Зэс, алт олборлохоор орж ирсэн уул уурхайн компани валютын бирж шиг арилжаа хийгээд явсан нь хуулиар хориотой. Үндсэн хуулийн 6.1-ийг ч зөрчиж байгаа үйлдэл. Үүнийг Монголбанк мэдээд хянаж байх ёстой.

Гэтэл ямар ч хяналт байхгүй учраас Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ мэт зүйлсийг тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа юм. Арилжааны банкуудын зүгээс дөрвөн арилжааны банкинд ам.доллар үнэ хаялцуулж зардаг. Булаацалдан авсан хэдэн ам.доллараа жаахан үнэ нэмээд зарахаар тэр нь хар зах дээр очихоороо дахин үнэ нь нэмэгддэг. Ингээд төгрөгийн ханш улам унаж байна.

Нөгөө талд нь нефть импортлогч компаниуд дотоодод эргэлзэж буй валютын 60-70 хувийг авдаг. Тэд бүтээгдэхүүний ам.доллараар авдаг. Тиймээс ам.долларын эрэлт хэрэгцээ их байдаг. Үүнийг дагаад иргэд ам.доллар л хадгалъя. Ам.долларын ханш өсөх нь гээд дотоодын зах зээлд хиймэл эрэлтийг бий болдог л доо. Тиймээс эдгээрийг сайжруулах арга хэмжээ авахгүй бол болохгүй байна.

-Валют солих цэгүүдийн асуудал хөндөгдсөн үү. Тэнд жинхэнэ замбараагүй байдаг гэх юм?

-Валют солих цэгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хариуцна гэдэг. Гэсэн ч Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйл байдлын тухай хуулиндаа тодорхой тусгаж өгөөгүйгээс болж валют солих цэгүүдэд дүрэмгүй тоглолтууд их явагдаж байгаа. Тиймээс уг хуульд үүнийг мөн чиглүүлж өгсөн. Тэглээ гээд валют солих цэгүүдийг чангалж, хааж боосон заалт огт оруулаагүй. Валютын нэгдсэн платформ дэд бүтцийг нь сайжруулах, илүү ашигтай хэлцэл хийх, боловсронгуй болгох, олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Гэнэт валютын ханш өсч, төгрөгийн ханш унаад байдаггүй зохицуулалтуудыг зайлшгүй хийх шаардлага бий. Мөн Монгол Улсын газар нутагт валютын гүйлгээ хийх, валютын хяналтыг Монголбанк хариуцна гэсэн хэрнээ Монголбанкны тухай хуульд байдаггүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн нэмэлт, өөрчлөлтөөр Оюу толгой компани Монголбанкинд дансаа нээснээр банк дампуурч байршуулсан мөнгө нь алга болно гэж айхгүй, хэн нэгэн татварын байцаагч ирээд торгууль тавьдаггүй орчин бий болно гэсэн. ингэж байж Оюу толгойнхны итгэл сэргэж Монголын дансаар мөнгө нь дамжих боломжтой болох юм билээ. Таны өргөн барьсан хуулийн заалт адилхан уу?

-Бидний өргөн барьсан хуулийн концепц Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн нэг заалтын зорилго ижилхэн. Бидний хуульд стратегийн орд ашиглаж буй хөрөнгө оруулагч төлбөр тооцооны дансаа монголд үйл ажиллагаа явуулж буй банкаар дамжуулж болно гэсэн заалт бий. “Болно” гэж оруулж ирсэн нь болохгүй ч байж болно гэдэг санааг давхар агуулж байгаа тул үүрэгжүүлж өгөх хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байна. Ерөнхийлөгчийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Монголбанкинд” гээд шууд заагаад оруулж ирсэн. Монголбанк бодлого боловсруулж, түүндээ хяналт тавьдаг төв банк. Төв банк арилжааны үйл ажиллагаа явуулж, данс нээх гээд байна хэмээн гишүүд хэлж байгаа. Гишүүдийн хэлж байгааг бид бодолцох ёстой. Арилжааны банкууд гээд оруулахаар тэрбум гаруй ам.долларын борлуулалт нь яригддаг том компаниуд “Монголын арилжааны банкууд даах чадвар байхгүй. Оюу толгой компани дээр тохиолдсон шиг нэг татварын байцаагч ирээд данс хаадаг энэ зүйл дахин давтагдахгүй гэдэг баталгаа алга” гэдэг. Тиймээс “Монголбанк” гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирээд байгаа юм. Бид хуулийн төслийг боловсруулахдаа олон арилжааны банк, Монголын банкны холбооныхонтой уулзсан. Томоохон арилжааны банкуудын зүгээс “Бид даах чадвартай. Чадахгүй гээд байгаа нь худлаа. Бид бүрэн бололцоотой” гэдгийг хэлж байсан. Ажлын хэсэг дээр ярьж байгаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад байршуулна гээд заачихвал илүү бодитой. Гадны хөрөнгө оруулагчид магадгүй “Bank of China-гаар дамжуулна” гэвэл салбарыг нь нээгээд явбал болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой гэдэг бодлогыг гишүүд хэлж байгаа юм. Үүнийг нь зөв гэж хууль санаачлагчийн зүгээс харж байна. Ажлын хэсэг дээр энэ бүгдээ ярьж боловсронгуй болгох ёстой.

ОУВС-гийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуулинд гэрээ зөрчигдөх хоёр зүйл байна гээд саналаа ирүүлнэ гэсэн байна лээ. Тэрийг нь харъя.

-Гадны хөрөнгө оруулагчдад харшлах зүйл огт байхгүй юу. Эдийн засаг ийм эмзэг байхад ганц ч гэсэн хөрөнгө оруулагч чухал байна л даа. Засч болохгүй алдаа хийчихвэл бид одоо засна гэж мянга хэлээд хэрэггүй л дээ…

-Үүнийг бодолцох ёстой. Бидний гол зорилго гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг чинь хууль дүрэмгүй байна гэсэн үг биш. АНУ, Норвеги гадаадын хөрөнгө оруулалтыг маш сайн татаж чадсан. Гэхдээ тэнд хууль үйлчилдэг, хууль хэрэгждэг. Норвеги гэхэд газрын тосон дээрээ хуулиа сайн хэрэгжүүлдэг, татвараа ч сайн авдаг. Монголын хууль дүрмийн дагуу хөрөнгө оруулагчид төлбөрийн дансаа Монголд нээх ёстой гэж байгаагаас гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Бусад орнуудад байдаг л хууль. Гадны хөрөнгө оруулагчид хууль чинь тогтвортой байх ёстой гэдэг ганц зүйлийг хүсдэг. Түүнээс нэг татварын байцаагч гүйж очоод дансыг нь хаадаг байж болохгүй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх нэг жишээ болчихсон учраас үүгээр бамбай хийж “Танайх тэгдэг” гээд байгаа юм. Монголчууд Монголынхоо баялгийн эзэн тул гадны хөрөнгө оруулагч, ОУВС бүгдийг мэднэ гээд байж болохгүй. Үүнийг зааглах ёстой.

-Хууль батлагдсаны дараа валютын гадаад дотоод гүйлгээг хянаад байх юм биш биз. Хэрэв тийм бол хөрөнгө оруулагчид үргэнэ гээд байгаа?

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр нэг заалт орсон. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцах ёстой гээд байгаа. Тэр заалт нь онцгой тохиолдолд Монголбанк түр зуур оролцож арга хэмжээ авах эрхийг нь нээж өгсөн заалт бий. Үүнийг хүмүүс буруу ойлгоод Монголбанк ороод данс, гүйлгээ хаах гээд байна гэж ойлгож, тайлбарлаад байгаа юм. Энэ заалтыг оруулсан шалтгааныг хэлье. Сая Грект хямрал боллоо шүү дээ. Нэг өдөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид валютаа татаж авснаас банкууд нь ямар ч валютгүй болсноос хямралд орсон. Өнөөдөр бид эдийн засгийн хувьд амаргүй байгаа учраас Грект тохиолдсон шиг зүйл болохгүйн тулд онцгой тохиолдолд Монголбанк түр хугацаанд орж зохицуулалт хийж болно гэсэн юм. Ажлын хэсэг дээр яриад цаашид боловсронгуй болгож тусгах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Далай ламын эмч Барри Керзин: Далай багшийн “Миний шашин бол сайхан сэтгэл” гэсэн айлдвар нь онцгой санагддаг

Уншигчидтайгаа Далай ламын эмч Барри Керзинийг уулзуулж байна. Анагаах ухааны докторын зэрэгтэй энэ эрхэм гэлэнгийн санваартай бурханы шашны хувраг. Бясалгалын үед тархи хэрхэн ажилладаг тухай судалгааг дэлхийн нэртэй эрдэмтэдтэй хамтарч хийсэн, өнгөрсөн зууны наяад оноос XIV Далай ламтай хамтран “Оюун санаа ба амьдрал” лекцийг тавьсаар ирсэн Барри Керзин энэ өдрүүдэд монголчуудад лекцээ түгээж байна. Бидний яриа эерэг бодол, зөв сэтгэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, стресс бухимдлаас гарахын тулд бясалгалд дурлахын шалтгаан, бясалгаснаар тархинд гардаг өөрчлөлт гэсэн сэдвээр өрнөлөө.


-“Стрессийн шууд ерөндөг бол бясалгал” гэсэн үг тань анхаарал татлаа. Хүн төрөлхтний хувьд стресс том асуудал болсон. Гэхдээ олон хүн “Бясалгал миний хийж барах зүйл биш” гэсэн бодолтой яваа нь анзаарагддаг. Бясалгал үнэхээр тийм хэцүү, холын сэдэв үү, энгийн хүмүүс бясалгаад үр өгөөжийг нь хүртэх боломжтой юу?

– Бясалгалыг стресст баяртай гэж хэлэх нэг том арга гэж хэлмээр байна. Энгийн хүмүүс бясалгалаар өөрчлөгдөх боломжтойг нотолсон судалгаанууд бий. Германы “Макс Планк” хүрээлэнд ажилладаг Японы Таня Сингер гэж залуухан эрдэмтэн бясалгаснаар энгийн хүмүүст ямар өөрчлөлт гарсныг судалсан байдаг юм.

Өмнө нь огт бясалгадаггүй байсан хүмүүсээр хоёр долоо хоногийн турш асрах, энэрэх сэтгэлийг төрүүлсэн бясалгал хийлгэхэд гайхалтай үр дүн гарсан. Бясалгал тийм холын сэдэв биш л дээ. Танай сонины уншигчдад хэн ч хийж болохоор бясалгалын нэг арга хэлж өгье. Хамрын нүхний доод, уруулын дээд хэсэг дэх хонхорхойд анхаарлаа төвлөрүүлээд л болоо. Нуруу эгц, толгой өөдөө, хэт хойш гэдийж, хэт урагш бөхийхгүй байрлалд суух хэрэгтэй. Тэгээд харцаа доош буулгана. Хагас аних маягаар зөөлөн харна. Ямар нэг зүйлийг цоо ширтсэн маягаар харж болохгүй гэсэн үг л дээ. Бүр тодруулж хэлбэл өөрөөсөө 1-1.5 метр газарт харцаа буулгаж харна. Болж өгвөл нүдээ анихгүй суувал сайн. Амаа хамхиж, энгийн зөөлөн амьсгална. Түрүүн хэлсэнчлэн хамрынхаа доод хэсэгт анхаарлаа төвлөрүүлээд суухад л бясалгал болно. Суудлын хувьд сандал дээр суух, завилах гээд өөртөө тухтай байрлалыг сонгоно. Энэ бясалгалыг өглөө бүр дор хаяж таван минут хийгээд үзээрэй. Ихэнх хүмүүс цаг алга гэдэг л дээ. Тэгж хэлсэн хүмүүсээс би “Та шүдээ угаасан уу” гэж асуудаг. Бүгд л “Мэдээж тэгэлгүй яахав” гэсэн хариу хэлдэг юм (инээмсэглэв). Бясалгал хийх нь шүд угаахтай л адил зүйл. Бие махбод, сэтгэлээ эрүүл байлгая гэвэл өглөөдөө таван минутыг бясалгалд гаргаад дадчих хэрэгтэй.

-Бясалгалыг тархи судлалын шинжлэх ухаантай харьцуулсан судалгаануудын гайхалтай үр дүнгүүд сүүлийн үед давтамжтай сонсогдох боллоо. Хамгийн сонгодог судалгаа гэвэл та ямар судалгааг онцлох вэ?

-Тархи судлаачид сүүлийн 20 жилийн турш хүний эерэг сэтгэл хөдлөлийг сонирхон судалсаар өнөөг хүрлээ. Бүр онцгой сонирхон судалж байгаа шүү. Эерэг сэтгэл хөдлөл хүний зан байдал, уураг тархинд хэрхэн яаж нөлөөлдгийг судалж байна. Тархи судлалын эрдэмтэд бясалгалыг сонирхож үзсэн хамгийн сонгодог судалгааг хийсэн хүмүүс бол АНУ-ын Уисконсин Мэдисон их сургуулийн тархи судлалын лабораторийн судлаач Ричард, Дэвидсон нар. Тэд бясалгал хийснээр тархинд илэрч буй өөрчлөлтийг судалсан юм. Тэд судалгаандаа 19 мянган цаг бясалгасан хүнийг хамруулсан. Ингээд ч зогсоогүй 44 мянган цаг бясалгагч ч хамрагдсан. Үүнээс гадна бясалгаж эхэлж буй хүнийг мөн хамруулсан байдаг. Тэд хүмүүсийг гурван аргаар судалсан. Эхлээд MRI-гаар судалсан бол дараа нь EEG буюу тархины бичлэг хийсэн. Гурав дахь арга нь сэтгэл зүйн асуулга. Урт хугацаанд бясалгал хийсэн хүмүүсийг MRI буюу тархины маш нарийн зураглалаар судалж үзэхэд духны дэлбэнгийн өмнөд хэсэг нь бусад хүмүүстэй харьцуулахад хамаагүй том байсан. Үүнээс гадна урт хугацаанд бясалгасан хүмүүсийн тархины цусан хангамж бусад хүмүүстэй буюу хяналтын бүлгийнхэнтэй харьцуулахад хамаагүй идэвхтэй сайн байсныг тогтоосон.

-Духны дэлбэнгийн өмнөд хэсэг гэдгээ тодорхой тайлбарлаач. Энэ хэсэг том байхын давуу тал нь юу вэ?

-Бодох, сэтгэх, мэдрэх, аливааг төлөвлөх, юмс үзэгдлийг учир шалтгааны үүднээс авч үзэх, төсөөллийн болон хүмүүстэй харилцах чадвар, бусдыг энэрэх хайрлах үйлдлүүд тархины энэ хэсэгт хийгддэг. Бүр үүнээс ч гайхалтай үр дүн Ричард, Дэвидсон нарын судалгаагаар ил болсон. Би түрүүн бясалгагчдад тархины бичлэг буюу EGG хийсэн гэж хэлсэн дээ. Тархины бичлэг хийсний эцэст тархи судлалын сурах бичиг, ямар нэг ном зохиолд хараахан бичигдээгүй нэг зүйлийг баталсан. Тодруулж хэлбэл шинэ төрлийн гамма долгион илрүүлсэн.

-Ямар учиртай долгион юм бол?

-Таны сонирхож асуусан гамма долгионы ачаар тархины эсүүд хоорондоо харилцаж байдаг юм. Духны дэлбэнгийн өмнөд хэсэг дэх тархины хэсгийн нейронууд буюу мэдрэлийн эсүүд хоорондоо илүү их холбогдож ажиллаж байна гэсэн үг. Бүр энгийнээр хэлбэл бясалгал хийснээр тархины үйл ажиллагаа илүү идэвхждэгийг баталсан хэрэг л дээ. Ийм хүмүүс шинэ зүйлийг хүлээж авах, эзэмшихдээ гойд байдаг нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан.

-АНУ-ын Умард Каролинагийн их сургуулийн судлаач Фредриксон сөрөг бодол хүний тархи, сэтгэхүйд хязгаар хашилт тавьдаг бол эерэг бодол маш олон боломж гарцыг олж харахад хүргэдэг гэдгийг тогтоочихсон байдаг. Таны сая хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна…?

-Бурханы шашны онолд бясалгал хийснээр тархи хөгжих ч түүнээс илүүгээр ухаан нь хөгждөг гэж үздэг л дээ.

-Та бага залуугаасаа бясалгасан хүн. Бясалгалаа хэзээ хийдэг вэ?

– Би 14-тэйгөөсөө бясалгал сонирхож эхэлсэн л дээ. Тууштай бясалгасан жил гэвэл хорь гаруй наснаас минь тоологдоно. Анагаах ухааны доктор, эмч хүн учраас уураг тархи хэрхэн ажилладгийг байнга сонирхож байсан л даа. Бурханы шашинтан болсноос хойш хүний сэтгэл, уураг тархийг нэг шугаманд судлах шаардлагатайг ойлгосон. Бясалгалын хувьд өглөө босоод шүдээ угаасныхаа дараа шууд бясалгадаг. Энэ дашрамд би танай сонины уншигчдад нэг л зүйлийг онцгойлж захиж хэлмээр байна. Өглөөний цөөхөн минутыг бясалгалд зарцуулаарай, үр дүн нь таныг гайхашруулна. Мэдээж тэр дороо эерэг өөрчлөлт мэдрэгдэхгүй байж болно. Балчир багаас тогтсон дадал зуршлыг өөрчлөх тийм амар зүйл биш. Уйгагүй удаан хугацааны дараа ямар үр дүн гарахыг би сая судалгааны үр дүнгээр жишээ татаж хэллээ шүү дээ. Дараагийн захих зүйл маань их энгийн. Гэхдээ маш утга учиртай, өгөөжтэй зөвлөгөө. Хүмүүст энэрэлтэй ханд. Бас өөрийгөө хайрла. Өөртөө сайхан сэтгэлээр хандаад үзээрэй. Хүн бүр өмнөө зорилго тавьдаг. Тэгнэ, ингэнэ гэсэн хүслийн жагсаалт хүн бүрт бий. Миний хувьд хүмүүст хүсч байгаагаа багасгаад үзээрэй гэж хэлэх дуртай. Ингэж чадвал өөртөө үнэнч хандаж, өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Бясалгал хийснээр өөрийгөө бусдаас илүү үзэх хандлага арилдаг. Омог бардам сэтгэл зөөлөрдөг. Бусдад атаархах сэтгэл алга болдог. Уур хилэн багасдаг. Омог бардам сэтгэл, бусдад атаархах сэтгэлийг яаж багасгах талаар би олон зүйл бичсэн. Фэйсбүүкээр миний нэрээр хайлт хийж нүүр ном руу минь ороход бүх бичлэг маань бий. Саяхан бас нэг ном хэвлүүлсэн. “Айдас үгүй, үхэл үгүй” гэсэн нэртэй. Дараагийн нэг чухал зүйл бол “Бид яавал өөртөө зөв итгэж сурах вэ” гэсэн асуултад зөв хариу олох. Хариу нь тун энгийн. Өөрийгөө доош нь хийхгүй, бусдыг дорд бодохгүй гэсэн хоёр дүрэм дээр өөртөө итгэх итгэлийг нэмчихэд л болчих асуудал. Өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох талаар миний фэйсбүүкээс харж болно.

-Далай багштай анх хэзээ уулзаж байсан бэ?

-Анх 1989 онд Далай багштай уулзаж байлаа. Тэр үед би Далай багшаас нэг зүйл асуусан юм. Бурханы шашны билиг билгүүний чиглэлээр бясалгал хиймээр байна, зөвлөгөө өгөөч гэж хандсан л даа. Гэтэл Далай багш над руу нэлээд нухацтай харснаа “Дан билиг билгүүн биш шүү. Бодь сэтгэл буюу бусдыг асрах сэтгэл дээр бясалгал хийх учиртай. Билиг билгүүн, бодь сэтгэлийг тавь тавин хувиар бясалгавал илүү тустай” гэж айлдсан юм. Далай багшийн тэр үг зүрхэнд цахилгаан цахих шиг мэдрэмж өгсөн. Тэгээд л өдий хүртэл энэ их хүний сургаалыг дагаж бясалгаж явна даа.

-Ярилцлагынхаа эхэнд дурдсан стрессийн сэдэв рүүгээ эргээд оръё. Стресстэхэд хүний тархинд ямар өөрчлөлт ордог бол. Шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж өгөөч?

-Архаг стрессийн үед тархинд юу болдгийг энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Тархины хамгийн гол бүтэц, нарийн үйл ажиллагааг явуулж байдаг духны доод хэсэг архаг стрессийн үед хатангиршдаг. Маш жижигхэн болдог. Сэтгэж, бодож, мэдэрдэг хэсэг хатангиршина гээд төсөөл дөө. Дараа нь тархины гүн хэсэг дэх лимбийн тогтолцоонууд бас жижгэрдэг. Тархины энэ хэсэг хүний сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг юм. Товчхондоо архаг стресст орох хэрээр тархины маш нарийн үйл ажиллагаануудыг хийхэд бэрхшээлтэй болдог гэж ойлгож болно. Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө удирдаж зохицуулах чадвараа алдана. Бүр энгийнээр тайлбарлая. Стресстэхээр одоо цагт юу болж байгаагаа мэдэрч ухаарахаа байдаг. Стресст орохоор нэг бол өнгөрсөнтэйгөө зууралддаг, эсвэл ирээдүйдээ санаа зовнидог. Тэгэхээр стрессээ багасгая гэвэл сэтгэлээ өнгөрсөнд ч биш, ирээдүйд ч биш бодит байдал дээр, өнөөдөртөө авчрах хэрэгтэй. Тийм чадварыг үүсгэх хэрэгтэй. Хүүхдүүдийг анзаараарай. Яг одоо цагтаа амьдарч чаддаг учраас баяр баясалтай, чин сэтгэлээсээ талархаж чаддаг шүү дээ. Бясалгал ерөөсөө л энэ. Яг одоо дээрээ байх, өнгөрсөн ирээдүйд сэтгэлээ савчуулахгүй байхад л тусалдаг. Хүн байгальд яг одоодоо оршиж чаддаг.

-Цаг зав гарахаараа өөрийн эрхгүй л хөдөө гараад явчихмаар санагддаг шүү?

-Та яг зөв ярьж байна. Хүн бүр тэгж хүсдэг. Ая зөндөө, байгалиасаа, цаанаасаа тийм мэдрэмж хүмүүст байдаг. Харамсалтай нь бид хэтэрхий завгүй амьдралдаа, стресстээ дарлагдаад энэ чадвар, мэдрэмжээ хэсэгхэн хугацаанд мартаж гээгээд байна л даа.

-Та түрүүн стрессгүй эерэг амьдрах нэг том арга нь бясалгал гэж ярьсан. Бясалгалаас өөр юу хүнийг бодит байдалдаа, одоодоо байхад туслах бол?

-Иог хийх нь өгөөж тус ихтэй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл бодит байдал дээрээ байхад дадуулна. Эрүүл хооллохыг мартаж болохгүй. Кофе, архи, мах, өөх тосны хэрэглээгээ бууруулж зөв хооллоод эхлэхээр бие аяндаа цэгцэрч стресс багасдаг. Дахиад хэлье стрессгүй, одоодоо, жаргалтай амьдаръя гэвэл бусдыг энэрч хайрла. Өөрийгөө хайрла. Үнэнч шударга бай. Үнэн шударга байж чадвал бид ядаж л хүүхэд шиг гүн нойрсож чадна. Шударга биш байх хэрээр санаа зоволт ихэснэ, тайван амарч чадахгүй гээд зовлон үүсдэг. Стрессийг бууруулахын тулд бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч эрүүл, зохистой амьдрах хэрэгтэй. Стрессийг ийм аргаар буруулна гээд ярихаар зарим хүмүүс надад тохирохгүй гэдэг л дээ. Ингэж хэлдэг хүмүүст би “Танд ч тохирно” гэсэн хариу өгдөг.

-Таны аав, ээж бясалгадаг хүмүүс байсан уу?

-Манай гэр бүлд бясалгадаг хүн байгаагүй. Би 11 настайдаа тархины маш хүнд өвчин тусаад комд орж байсан юм. Энэ хүнд өвчнийг давж гарах үед ямар нэгэн чадвар надад бий болсон байж магадгүй. Магадгүй нуугдсан мэдрэмж маань сэрсэн байх. Өнгөрсөн амьдралдаа бясалгадаг хүн байсан ч юм билүү (инээмсэглэв). Гурав, дөрөвхөн настай хүүхэд гэнэтхэн төгөлдөр хуур, хийлийг гайхалтай тоглоод эхэлдэг. Богинохон хугацаанд мэргэжлийн хөгжимчин болчихдог. Гэтэл өчнөөн хичээллээд хөгжиж өгдөггүй хүүхдүүд олон байдаг. Өнгөрсөн амьдралдаа дадуулж хэрэгжүүлсэн ур чадвар нь нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг тийм ийм гэж хэлэхэд хэцүү л дээ. “Би хүүхэд байхдаа нээрээ тэгэх, ингэх дуртай байж билээ” гэсэн дурсамж хүн бүрт байдаг байх. Би арваад настайдаа найзуудаасаа бясалгалын тухай сонсоод л бясалгах хүсэл төрсөн. Бурханы шашинд эргэлт буцалтгүй орсон минь тэр үеэс эхлэлтэй.

-Хүмүүс хэт ахуйдаа анхаараад сэтгэлийн хөгжлөө орхихоор баруун тархи нь түлхүү хөгждөг, барууны тархины хэт хөгжил тархины бор гадаргыг гэмтээдэг гэдэг. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Хүмүүс материаллаг ахуйгаа илүү сайжруулахыг хүсч, зөвхөн тэрэндээ анхаараад ирэхээр тархины бүтээлч сэтгэхүйг сайжруулдаг, урлагийн мэдрэмж төрүүлдэг, аз жаргалтай амгалантай байдлыг бий болгодог хэсгийн хөгжил орхигддог. Хүмүүсийг анзаарах нь ээ материаллаг ахуйгаа сайжруулчихвал аз жаргал тэртэй тэргүй ирнэ гэсэн хандлага ажиглагддаг. Мэдээж бүрэн үгүйсгэх аргагүй хандлага. Материаллаг байдлаа сайжруулж чадвал маш олон давуу тал бий болно. Ая тухтай орчин бүрдэнэ. Тэр хэрээр сэтгэл таатай болдог. Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, сайн боловсрол эзэмших боломж гарч ирдэг. Гэвч дан ганц материаллаг байдал хүний дотоод амар амгаланг тэтгэж хүчрэхгүй, чадахгүй.

-Далай багшийн айлдвараас сэтгэлдээ тод байдаг сургаалыг манай уншигчидтай хуваалцаач?

-Далай лам монголчуудад хэлсэн байж магадгүй. Барууныханд Далай багшийн өгч байгаа хамгийн гол нэг мессэж бий. “Бие биедээ үргэлж найрсаг сайхан сэтгэлээр ханд. Миний шашин бол сайхан сэтгэл юм” гэсэн айлдвар нь надад ч онцгой санагддаг. Далай багшийн бусад орнуудад морилох бүртээ хэлдэг нэг үгийг нь танай сониноор дамжуулж монголчуудад хэлмээр байна. “Монголчууд хувь төгөлдөр улс. Шашин соёл нь бурханы шашин учраас тэр” гэж хэлдэг юм. Монголчуудын эсэнд буддизм шингэсэн байдаг. Барууныханд язгуураасаа нэг зүйл үгүйлэгддэг. Монголчуудтай адил үнэ цэнэтэй уламжлал, үнэ цэнэтэй барилдлага тэдэнд үгүй. Танай улсын иргэдийн хувьд жар, далан жилийн турш шашнаа дадуулах, сайн сайхныг нь мэдэх, сонсох, хэрэгжүүлэх боломж олдоогүй. Гэхдээ өнөөдрийн нийгэмд эсэндээ шингэсэн үнэ цэнэтэй уламжлал, ном, сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх, гүнзгийрүүлэн судлах боломжтой. Магадгүй хорь, гучин жилийн дараа монголчууд барууныхны толгой дохиж эхэлсэн зөв, ухаалаг сургаал, ухаан, амьдралын талаар маш сайн мэдлэгтэй болно гэдэгт итгэж байна. Учир нь та бүхэнд үндэс суурь нь байна шүү дээ. Үндэс сууриа сэргээх тийм ч хэцүү биш.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

С.Өлзийхүү: Энэ нийгмийн эцсийн цэг бол уучлал, өршөөл, нигүүлсэл

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-Гол дүрийг нь бүтээсэн “Нинжин сэтгэл” кино тань амжилттай нээлтээ хийлээ?

-Баярлалаа.

-“Нинжин сэтгэл” үзэгчдийг уйлуулаад байгаа сурагтай?

-Энэ кино нь хүн бүрийн дотоод сэтгэлд байдаг, нийгэмд хэлэх сэн, ийм байгаасай гэсэн хүсэл мөрөөдлийг цаад утгаараа харуулж чадсан бүтээл боллоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай нийгэм маш их бухимдалтай, элдэв зүйл болоод байгаа нь нүднээ ил байна шүү дээ. Тэгэхээр энэ дотор, энэ нийгэмд гаргах эцсийн цэг бол уучлал, өршөөл, нигүүсэл л дээ. Энэхүү санааг үзэгчид ойлгоод энэ киног таалаад дахин үзэх дуртай байна шүү. Манай киног хүмүүс их үзэж байна. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ цаг зав гарган зорьж ирж үзэж байгаад талархаж байна.

-Ц.Хүсэлбаатар найруулагч “Би олон кино хийж байсан ч ханьдаа зориулж бүтээл хийж байгаагүй юм билээ. Энэ киног ханьдаа зориулж бичсэн” гэж ярьж байсан юм?

-Надад л зориулсан юм биш л дээ. Олон сайхан эмэгтэйн амьдралыг харуулъя гэж зорьсон. Жишээ нь, “Аюултай харилцаа” киногоор бид гэр бүлээс гадуурх харилцааг аль болох байхгүй байлгая гэдэг санааг гаргахыг хичээсэн л дээ. Яг тэр утгаараа уг кино үзэгчдэд маш их таалагдсан. Энэ удаад ч бид шинэ бүтээлээрээ нийгэмд гоё мессэж өгье, Монголд хүмүүс бие бие рүүгээ инээмсэглэж, нэг нэгнээ хайрладаг байгаасай гэсэн санааг хүмүүст бага ч атугай ойлгуулъя гэж зорьсон л доо. Түүнээс биш зөвхөн надад зориулсан кино зохиол биш л дээ. Энэ кинонд олон эмэгтэй дүр байгаа. Бараг арваад эмэгтэй дүртэй шүү. Ийм олон эмэгтэй жүжигчин нэг дор тоглосон кино Монголд ер нь ховор байдаг юм л даа. Бараг л байдаггүй гэж хэлж болно. Голдуу эрэгтэйчүүд нь гол дүр байдаг ч юм уу, эрэгтэйчүүдийн амьдралыг харуулсан дүрүүд байдаг. “Нинжин сэтгэл”-д Монголын эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан. Ингэхдээ нийгмийн бүхий л давхарга, хүрээний бүсгүйчүүдийн амьдралыг нэг дор зангидаж харуулсан.

-“Нинжин сэтгэл”-ийн дүрийг тань харахаар “Цахилж яваа гөрөөс” кинонд бүтээсэн дүр тань санагдаж байна билээ шүү?

-Дэжид үү.

-Тийм. Та ойрын жилүүдэд ер нь ийм том хэмжээний дэлгэцийн дүр бүтээгээгүй санагдана?

-Сериал кинонуудад нэлээд тоглолоо. Харин уран сайхны бүрэн хэмжээний кинонд ойрдоо тоглоогүй байсан л даа. Гэхдээ кинонуудад тоглоод л байсан. Энэ киноны хувьд бол миний бүтээсэн дүр бол хөтлөх дүр нь. Түүгээрээ онцлогтой.

-Таныг хүмүүс гавьяат жүжигчин цол хүртчихсэн гэж ойлгоод байдаг. Битүүхэндээ энэ цолоо аваасай гэсэн хүлээлт үүсгээд байдаг нь анзаарагддаг?

-Баярлалаа.

-Та урлагийн хүн, уран бүтээлч гэгдээд хэдэн жил болж байгаа юм бэ. Урлагт зүтгээд их удлаа даа?

-Би 1992 онд Соёл, урлагийн их сургуулийг төгсөөд л энэ салбартаа орж ажилласан. Тэрнээс хойш одоог хүртэл ажиллаж байна гэхээр хэдэн жил болж байгаа юм бэ дээ. Тоолж байгаагүй юм байна. 26 жил юм байна шүү дээ.

-Та СУИС-д сурахаасаа өмнө, арван жилд байхдаа кино, жүжигт тоглож байсан уу?

-Арван жилдээ би дүр бүтээгээгүй. Би 24 дүгээр сургуульд жирийн л нэг сурагч байсан. Сургуулиа төгсөөд Сувилагчийн сургуульд орж дүүргээд улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт мэргэжлээрээ ажилласан юм. Тэнд ажиллаж байхдаа дуулж, хөгжимдөх авьяасаа ил гаргаж урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцдог сувилагч байлаа. “Бүх ард түмний урлаг”-ийн наадмаас мөнгө, хүрэл медаль авах зэргээр урам авч тэгээд Соёл, урлагийн их сургуульд элсээд жүжигчин болсон. Тэрнээс хойш энэ ажлаасаа хаашаа ч холдоогүй одоо болтол жүжигчин мэргэжлээрээ ажиллаж байна даа. Нэг л ажлын төлөө, нэг л юмныхаа төлөө тууштай л явж байна.

-Энэ хугацаанд таны бүтээсэн дүрүүд гэвэл тоогоо алдаа биз?

-Тоог нь гаргаагүй. Монголын хошин урлагт 1992 оноос хойш өдий хүртэл зүтгэж явна. Хажуугаар нь дэлгэцийн бүтээл, уран сайхны кино, олон ангит кино гээд жүжигчин хүний хийж болох, чадах юу л байна тэр бүгдийг хийгээд л, гүйцэтгээд явж байна. Уран сайхны кино гэвэл тоогоо алдсан байх аа. Том жижиг гээд тоолвол зөндөө зөндөө. Тоог нь хэлэхийнхээ оронд тоглосон кинонуудынхаа нэрийг л сонирхуулж зах зухаас нь хэлье л дээ, санаж байгаагаасаа. “Цахилж яваа гөрөөс”, “Их хааны удам”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Хөгжилтэй гэр бүл” гээд нэлээд кино байгаа. Драмын театрт гэвэл Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора бол миний бүтээсэн анхны албан ёсны дүр шүү. Мөн В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” гээд 30 гаруй жүжигт тоглосон байдаг юм.

Кино гэвэл манай продакшны хийсэн “Дурлалын сум”, “Бүтэлгүй новш” гээд урт жагсаалт гарна шүү.

-1990-ээд онд урлагийнхан өөр салбар руу орж мэргэжлээ өөрчилсөн нь их байдаг юм. Харин мэргэжилдээ үнэнч үлдэж, тэр хүнд хэцүү жилүүдэд хошин урлагаар ард түмэнтэйгээ уулзаж урлагийн салбараасаа холдоогүй хүмүүсийн нэг нь та. Холдох нь бүү хэл гэр бүл, удам судраараа урлагт байсаар ирсэн?

-Би урлагийн хүн. Урлагийн хүнтэй гэр бүл болсон. Тийм ч болохоор манайхаас урлагийн хүмүүс төрж гарсан. Өөр ажил хийж байсангүй, энэ замаасаа хазайж ч байсангүй. Насаараа л нэг ажлаа хийгээд нэг нөхөртэйгөө, найз нөхөдтэйгөө найзлаад л өдийг хүргэж байна. Хүүхдүүдээ өсгөөд л. Монголчуудын жишгээр л амьдарч байна.

-Урлагийн гэр бүлүүд олон бий. Гэхдээ танайх нээлттэй, илэн далангүй гэдгээрээ ялгагдаад байдаг юм?

-Манай охин АНУ-д киноны сургуульд магистр хамгаалж байна. Хүү маань Анагаахын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан болсон. Миний хүү чинь мундаг эмч болно. Эмчийн мэргэжил чинь гоё мэргэжил шүү дээ. Хүний төлөө гэсэн сайхан алба.

-“Нинжин сэтгэл”-д охин Х.Баярмаа тань тоглосон?

-Тэгсэн. Х.Баярмаа, Г.Отгонцэцэг хоёрыг Америкаас урьж авчраад тоглуулсан. Энэ хоёр маань өмнө нь “Аюултай харилцаа” кинонд хамтарч маш сайхан ажилласан. Г.Отгонцэцэг сүүлийн гурав, дөрвөн жил бараг кинонд тоглоогүй байсан юм билээ. Энэ кинонд Монголын өнөө цагийн шилдэг гэсэн сайхан жүжигчин бүсгүйчүүд тоглосон. Кино зурагт авалт гурван сар гарантай үргэлжилсэн юм.

Бидний хэдэн уран бүтээлчдийн хэлэх гээд байгаа энэ гоё санааг монголчуд минь дэмжээсэй. Олж мэдрээсэй. Урлаг гэдэг нийгэмд гоё гоё санаа хэлж, сайн сайханд хүмүүсийг уриалдаг. Хүн хэн нэгэнд санаатай болон санамсаргүй байдлаар муу юм хийчихлээ гэхэд тэрний дараа уучлал байх ёстой. Поп хатагтай Б.Сарантуяа манай киног үзчихээд яг энэ тухай их гоё хэлсэн байна лээ. Бидэнд байгаа, бидний гарт байгаа, ямар ч мөнгө нэхдэггүй том зэвсэг бол уучлал. Уучлал гэдэг зүйлийг л бид ашиглаж чадвал нийгмээрээ, монголчууд хотлоор сайхан амьдрах боломжтой юм.


Categories
мэдээ нийгэм

Гоё хүүхэн одтой, цагаан бар өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7:26 цагт мандан, 17:48 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд

Түрүүч нь №207(6050) дугаарт

НЭГ. ГАНЦ ХӨРШӨӨС ХОЁРДОГЧ ХӨРШ

Монголын тусгаар тогтнолд гол заналхийлэгч нь Хятадууд болох тухай, тэд хэзээ хэзээгүй манай орныг эзлэх гэж байгаа тухай сүрдүүлэг-ухуулга цоо шинэ юм огт биш. Манай хоёр хөршийн нэг нь өөрийн улс төрийн бүрэн хяналтанд эргүүлэн оруулахын тулд нөгөөгөөр нь айлган, дарамталдаг баримт-түүх бас байна.

1949 онд одоогийн БНХАУ байгуулагдав. Нангиадын нутагт цогцолсон 25 дахь династи гэдэг санагдана. Тэд 1945 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Чи Кайшигийн хятадын бодлогыг хэвээр үргэлжлүүлж Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээжээ.

Ийнхүү 1928 онд гадаадын бүх улстай дайсагнаад Зөвлөлтөөс өөр гадаадгүй болчихсон байсан Монголын гадаад харилцаа тэлэв. Угаасаа, Зөвлөлттэй тогтоосон тэр үеийн харилцааг “гадаад харилцаа” гэхэд ч хэцүү байсан. Учир нь БНМАУ-д ЗХУ-ын хууль үйлчилж, нам төрийн тэргүүн асан П.Гэндэн, А.Амар нарын олон хүнийг Зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрт хүчинтэй үйлчилдэг Зөвлөлтийн эрүүгийн хуулийн зүйл ангиар яллан, шүүж цаазалсан байдаг.

1945 оноос ч монголчууд санаачилгаараа гадаад харилцаагаа тэлсэн хэрэг биш, Зөвлөлтийн нөлөөний бүсдээ, социалист лагерь дотроо харилцаа хөгжүүлэхийг Улаанбаатарт зөвшөөрсөн хэрэг байв. Зөвлөлтүүд өөртэй нь адилхан коммунизм байгуулах болсон Мао-гийн БНХАУ-тай харилцахыг монголчуудад зөвшөөрчээ л гэсэн үг.

Монголын тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрсөн явдлыг маршал Х.Чойбалсан маш чухалчлан үзсэн байна. Монголын тусгаар тогтнол нэг талын дэмжлэгтэй байсан бол одоо хоёр талаасаа баталгаатай боллоо гэж тооцжээ.

Энэ санааг Баабар бататган бичихдээ “Хэрвээ Хятад байгаагүй бол Монгол оронд буриадуудын хувь заяа давтагдах байсан. Хэрвээ Зөвлөлт байгаагүй бол Монгол оронд Өвөр Монголын хувь заяа давтагдах байв” гэж.

Үйл явцыг Монгол Улсын тусгаар тогтнол бодитой болов гэдэг утгаар хүлээн авсан Х.Чойбалсан 1946 оны наадмыг “Ардын хувьсгалын 25 жилийн ой”нэрийн дор урьд өмнө байгаагүй сүр жавхлантай тэмдэглэжээ. Зөвлөлт болон Хятадын томоохон зочдыг урьж оролцуулсан ба өөрөө наадмын талбайд биечлэн очиж сур харваж ард түмэнтэйгээ цэнгэлээ. Учир нь энэ ой бол Монгол Улс хөрш улсуудаараа хүлээн зөвшөөрөгдөж жинхэнэ ёсоор тусгаар тогтносны баяр, Х.Чойбалсан нарын хэсэг эх орончид өөрийн хань нөхөд ба лам багш, алтан ургийнхныхаа цусан дундуур туучин байж зорьсон ИХ ХЭРЭГ нь биелсний баяр байлаа…Тусгаар тогтнолд өргөсөн даншиг наадам юм даа.

Маршал Х.Чойбалсан энэ баяр наадамд маш их ач холбогдол өгч , сэтгэл догдолж байсан нь олон баримтаас харагддаг. Гэвч олон юм түүний санасан шиг болоогүйд их бачимдсан бололтой. Өглөө ч таагүй эхэлж. Залгамжлагч Ю.Цэдэнбал нь шөнөжин архидаад өглөө найгүй шартсан амьтан ирснийг загнаж байгаа зураг архивт үлджээ. 1945 онд Улаан талбайд болсон шиг парад хийж, морь унасан парад командлагчаас рапорт авахаар төлөвлөж. Гэтэл парадан дээр Г.Жуков жанжны дүрд тоглох үүрэг хүлээсэн жанжин Мижид мориноосоо унаж шараа болгов. Улсын дайтай улс болоод парад шиг парад хийлгэх гэтэл олны нүдэн дээр түлсэн явдалд уурласан Маршал оройн хүлээн авалтан дээр Мижидийг сэлэмдэх гэж хөөсөн байдаг. Улмаар Тува-гаас ирсэн зочин Сальчиг Тогоо “тувагийн үлдсэн нутаг дэвсгэр”-ийн тухай асуудал сөхсөн нь том доромжлол болжээ. Тэрээр Тува-гийн ерөнхийлөгч С.Тогоог алгадаж унагаад, хэдэн тува дагуулсан чигээрээ зайл хэмээн хөөсөн ажгуу. Албан ёсоор Тока, Салчак Калбакхорекович болсон Сальчиг Тогоо түүнийг Кремльд матна гэдгийг мэдэж байсан нь лав.

Улмаар, зорьсон хэргээ бүтээсэн гэж үзсэн учраас Сталинд хайхрамжгүй хандаж эхэлсэн байдаг. Тэрээр “Чухам энэ өдрийг л үзэхийн тулд Коминтерний хий гэсэн болгоныг хийлээ, хань нөхдөө хөнөөлцлөө. Одоо хангалттай. Коминтерн хийдгээ хийлээ, одоо хэрэггүй” гэж үзсэн шиг байгаа юм. Ингээд дэлхийн хувьсгалын их удирдагч И.Сталины 70 насны ойд очиж хүндэтгэл илэрхийлэх шаардлагагүй гэж үзжээ.

Гэвч түүний мөрөөдөл биелсэн ч гэсэн хүсэл биелэх болоогүй байж. Х.Чойбалсанг ийм зан гаргана гэдгийг урьдчилан харсан Зөвлөлтүүд аль 1930-аад оноос БНМАУ-ын шинэ удирдагчийг бэлдэж эхэлсэн байжээ. Москва Монголын шинэ хунтайж Ю.Цэдэнбалыг түүнд гэнэт танилцуулахад Маршал маш их гайхаж байсан гэдэг.Гайхаад зогсохгүй шинэ залгамжлагч нь эх орноо татан буулгаж, зөвлөлттэй нэгтгэх тухай ярихыг сонсоод маш гутарч партизан нөхөр Г.Бумцэндэдээ “Бид шинэ үеэ хүмүүжүүлж чадаагүй байна” хэмээн халаглан гашуудаж суусан ажгуу.

ХОЁР. “ДАЙСАН” НӨХӨР

Цаг үеэ эртдүүлэн дүгнэсэн Х.Чойбалсан Москвад эмчилгээнд дуудагдан, 1952 онд, монгол уламжлалт цагаан сарын өмнөх битүүн хэмээх их мацаг өдөр мэс заслын ширээнээс тэнгэрт халив.

Тухайн үеийн марксист удирдагч Ю.Цэдэнбал Мао-гийн хятадуудад итгэх тал дээр Маршалаас давж байсан нь сонин. 1950-60 онд түүний шийдвэрээр БНМАУ-ын хилийн цэргийг татан буулгаж, улсынхаа хил, хязгаарыг ямарч хамгаалалтгүй болгожээ. Энэ сиймхийгээр Шинжааны нутгаас олон зуун айл өрх чөлөөтэй нүүдэллэн ирж Баян-Өлгийд аймагт нутагшсан ажуу.

Ю.Цэдэнбал дарга, Хятад улсад коммунизм байгуулснаар Зөвлөлттэй нэгдэн нийлж байгаа хэрэг, иймээс нэгдэн нийлж байгаа орнуудын дунд хил хязгаар байх хэрэггүй гэж үзэж байсан бололтой. Цэдэнбал тэгж үзэх ч юу байхав дээ, зөвлөлтийнхөн тэгж хэлсэн, эсвэл зөвлөлтүүд арай өөр юм хэлснийг нь манай хүн тэгж ойлгосон хэрэг. Тэрээр маршал Х.Чойбалсангийн зүгээс гарсан хятадууд дураараа орж ирээд суучихвал яах тухай болгоомжлолд, тэд коммунизм байгуулж байгаа учраас айх юмгүй тухай тайлбар өгч байжээ.

Удсан ч үгүй Зөвлөлт Хятадын харилцаа хүйтэрлээ. Хятадын удирдагч Мао Зэдун эх орондоо коммунизм байгуулах боловч Москвагийн удирдлага дор, Кремлийн үгнээс гарахгүй явах хүн биш гэдгээ харуулж эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад, 1960-аад онд хэд хэдэн жилийн зайтай БНМАУ-ын түүхийн гурван боть гарсан юм. Үзэл суртлын үүднээс гуйвуулсан дүгнэлтүүдийг нь эс тооцвол ХХ зуунд гарсан орчин үеийн бичлэгтэй, шинжлэх ухаанжсан анхны түүх байв. Харин энэ түүхийг Монгол-Зөвлөлт-Хятад гурван улсын шинжлэх ухааны академи хамтран гаргахаар зэхэж байсныг тэр бүрий хүн мэдэхгүй байх аа. Түүхээ хамтран бичих, бүтээх хэмжээнд л хоёр хөрштэйгөө ойртож эхэлж байсан хэрэг. Гэвч харилцаа муудсаны улмаас хятадтай хамтран түүхээ бичих бүү хэл өмнөд хөршөө үзэн ядсан түүх зохиогдов.

Уул нь 1962 онд Ю.Цэдэнбалтай хил тогтоох асуудлаар хэлэлцээ хийсэн БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай хэлсэн байдаг юм. Зөвлөлт, Хятадын харилцаа хүйтрэх төлөвтэй байгааг сануулаад энэ бүхнээс болж бид хоорондоо муудалцах албагүй, та нар ч гэсэн Москватай муудалцалгүй төвийг сахиж болно гэсэн санаа хэлжээ. Хариуд нь арай “хуц,уль” гээгүй болтой юм билээ. Учир нь тэр Бээжинтэй муудах командыг ар талаасаа авсан байв. Энэ мөчөөс хойш тэрээр хятадыг цуутай үзэн ядагч, тэр хэрээрээ Зөвлөлтөд үнэлүүлэн магтуулагч байсаар хүйтэн дайныг дуусгажээ.

Гуравдагч хөршийн эсрэг дайн (II)

Хоёр монгол гудамжинд ярилцан сууна.

Том биетэй хятад жуулчин явж өнгөрөв.

-Би энэ хужааг зодчих уу?

-Чамайг эргүүлээд зодчихвол яана?

-Намайг яасан гэж зодох юм бэ?

Шинэ цагийн онигоо.

ГУРАВ. “НӨХӨР” ДАЙСАН

Чухам эндээс монгол орныг өнөө маргаашгүй эзлэх гэж байгаа хятадуудын тухай шинэ шинэ аймшигт домог гарч эхэллээ. Ингээд, хятадтай тангараг тасарсан БНМАУ-ын хувьд зөвлөлтөөс өөр түших юмгүй болов. Ганц түшгийнхээ үгнээс гарах зүрхгүй болов. Үгнээс нь зөрвөл “хятад ирнэ” гэж айлгана. Ард түмэн “Зөвлөлтийн хүнийг гомдоовол”, “Зөвлөлтийн мэргэжилний сэтгэлд юм хийчихвэл” хятад хэмээх “Хадны мангаа” ирнэ хэмээн итгэж, бүхнийг тэвчин давна.

Төр засгийн албан ёсын ял шийтгэлд “Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан” буюу “сэв суулгахыг оролдсон” хэмээх аймшигт яллагаа бий боллоо. Нам төрийн олон зүтгэлтэн энэ заалтаар буруутгагдан хэлмэгдсэн билээ.

Энэ үеэс үлдсэн хамгийн аймшигтай өв бол Хятадыг учир утгагүй үзэн ядах үзэл, Хятадыг л завсарт нь муулж байгаа бол юу ч хийсэн зөвддөг туршлага, ийм асуудалд эрүүл ухаанаар хандсан хүмүүсийг Хятадын эрлийз, Хятадын тагнуул болгон шившиглэдэг буруу практик билээ.

Гэвч Жунаньхайн ордныхон Кремльтэй муудалцсан болохоос Хятад улс мөхчихөөгүй тул БНМАУ-ын тусгаар тогтнол хэвээрээ хадгалагдан үлдсэн юм.

1980-аад оны дундаас Зөвлөлт-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн, Москвагийн зүгээс харилцаагаа сайжруулах сонирхлоо бататгахын тулд БНМАУ-тай холбогдсон хэд хэдэн алхам хийлээ. Олон улсын харилцааны шинэ уур амьсгалыг мэдрэх чадваргүйн улмаас “Хятадад муу байхын хэрээр Зөвлөлтөд хайрлагдана” гэж бодсоор явдаг Ю.Цэдэнбал энэ алхамд өртжээ. Хуучин итгэл үнэмшлээсээ болж Улаанбаатарт байгаа хятад иргэдийг 1983 онд Улаанбаатараас хөөж гарган Бээжин-Москвагийн дөнгөж эхэлж байсан ойлголцлыг нураан алдсан гэдэг. Бээжин тэр даруйд нь Москва руу (Улаанбаатар руу биш) нот илгээж, өнгөн дээрээ харилцаагаа сайжруулах тухай ярьж байгаа ч, Цэдэнбалаараа дамжуулан дайсагнаж, хоёр нүүрт алхам гаргахаа болихыг шаардсан байдаг.

Кремлийнхэн Бээжинг тайтгаруулахын тулд “хятадуудыг хөөж гомдоосон” Ю.Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь зайлуулан эргүүлж татлаа. Бээжингээс нот авмагцаа Москва тусгай томилолт өвөрлөсөн багийг Улаанбаатарт буулгав. Тэнд Зөвлөлтийн шинэ Элчин сайд С.П.Павлов, КГБ-ын шинэ зөвлөх Радченко нар багтсан байв. В.Радченко “Главная профессия-Разведка (Тагнуулч- гол мэргэжил)” номдоо Ю.Цэдэнбалыг бүх албанаас нь чөлөөх үүргээ амжилттай биелүүлж Зөвлөлт-Монголын удирдагчдад өндөр үнэлэгдсэнээ “Вся процедура освобождения Цеденбала от занимаемых постов и кадровые изменения в руководстве получили высокую оценку политических аналитиков и высшего руководства, как в Улан-Баторе, так и в Москве” хэмээн дурьдсан байна.

Удалгүй, Зөвлөлт-Хятадын харилцааны шинэ үеийг эхлүүлэх үүднээс БНМАУ-д байрлаж байсан Зөвлөлтийн армийн 100,000 цэргийг буцаан татах шийд гаргав.

Тогтсон дүрэм ёсоор бүх асуудлыг Москвад шийдээд дараа нь монголчуудад дуулгаж байлаа. Ю.Цэдэнбалыг өөрчлөх шийдвэрийг дуулсан БНМАУ-ын зарим удирдагч нараас энэ мэдээг өөрт нь очиж дуулгах хүн олдохгүй сандарч байсан аж. Харин Зөвлөлтийн удирдагч М.Горбачев 1989 онд Владивостокт Монголоос цэргээс гаргах мэдэгдэл хийхэд сая БНМАУ-ын удирдагчид дуулж мэдсэн байдаг.

Ингээд 1980-аад оны дундаас дахин хоёр хөрштэй болов. Улмаар 1990-ээд оноос гуравдагч хөрштэй болсон нь дэлхийн социалист систем нуран унаж, ЗХУ тарж, Кремлийн хараа хяналт түр алдарсантай холбоотой юм.

ДӨРӨВ. ЗУУН ДАМЖСАН “ХАНИАД”

Харин сүүлийн арваад жилд “ганц хөрштэй үлдэх”-эд чиглүүлж байна уу гэж хардахаар, ялангуяа 1960-аад оны сүүлээр Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтэрсний дараахь үеийг санагдуулам суртал нэвтрүүлэг оргилж байна. ХХ зууны сүүлийн хагаст “Хятадыг яаж ч гүтгэсэн зөв”, “Хятадыг эсрэг л лоозонтой бол юу ч хийсэн байсан зөв” гэсэн гаргалгаанууд эргэн сэргэсэн нь түгшүүртэй юм.

Хятадын төр засаг ба иргэдийн эсрэг суртал ухуулга, тэднийг улайм цайм хүчирхийлэх, зодох дээрэмдэхийг уриалсан зүйлс, үйлдлүүдийг БНХАУ үл анзаарсан дүр үзүүлж байгаа нь бүр ч түгшүүртэй. Яагаад анзаараагүй дүр үзүүлээд байгаа юм бэ, энэ сүржигнэл ямар хэмжээнд очихыг нь хүлээж байгаа бол, зөвтгөшгүй хэмжээнд очихоор нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар алхам хийх гэж байгаа бол гэдгийг бодох ч түгшүүртэй. Ямар ч байсан өнөөдөр бяр хүч нь амтагдаад, дэлхий дахины асуудлуудыг шийдэлцэнэ гэдгээ ойлгуулж эхлээд байгаа Бээжингийнхэн зүгээр доромжлуулаад удаан тэвчихгүй.

Нууц хаягны араас “Хятадыг ал, хяд” гэж жиргэчихээд гэртээ суугаа амьтас өөрийгөө аюулгүй гэж итгэдэг л байх л даа. Гэтэл манай интернэтийн бүх шугам Хятадаар дайрч ирдэг, чиний эх оронч жиргээг энд уншихаас өмнө Хятадын зохих албад уншдаг, чиний байгаа газрыг Монголын цагдаа тодорхойлохоос өмнө Бээжингээс олох чадвартайг төсөөлөх ч үгүй суугаа даа, хөөрхий.

(Энд ч ямар хамаа байх вэ, санаанд орсон юмаа асуухад, манайхан Европоос хүн хулгайлж ирээд бөөн юм болов доо. Гэтэл туркүүд манайхаас хүн хулгайлах гээд паактлав. Харин та нар хятадыг хүн хулгайлж чаддаггүй гэж боддог уу, хулгайлсан ч баригддаггүй гэж үздэг үү)

Нөгөө талаасаа, Хятадын эсрэг бүх үйлдлийг Москвагийн зохион байгуулалтын дор биш юм гэхэд зоригжуулалтын дор, үгүйдээ л Кремлийн өмгөөлөлд найдсандаа хийж байгаа гэж Бээжин хардаж байгаа. Тийм биш байсан ч тэгж хардаж байгаа. Цаашдаа, Орос-Хятадын сайн харилцааны нэг болзолд Монгол дахь “Хятадын эсрэг үндэсний үзэлтэн”-үүдийн асуудал орж яригдах бүрэн магадлалтай.

Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч М.Энхболд “Хятадын эрлийз” гаралтай байж магадгүй шалтгаанаар ихээхэн доромжлогдсон. Хоч нь хүртэл “Панда” хэмээх хятад баавгай болсон М.Энхболд нь ариухан амьтан ч биш л дээ. Авлигын томоохон сүлжээг (нам дамжсан) үүсгэгч, ямар нэгэн бизнес эрхлэлгүйгээр баяжсан төрөөс төрсөн тэрбумтан, газрын наймааг үүсгэн хөгжүүлэгч гэхчлэнгээр яригддаг нэгэн. Түүнд ялагдах, олон нийтийн зүгээс яллагдах шалтгаан олон байсан.

Гэхдээ л энэ сонгуулиар дамжуулан Монгол улсын засгийн эрхийг хятадууд тайван замаар булаан авахаар завдсан мэтээр Монголын нийгмийг айлгаж чадсан билээ, түүний өрсөлдөгчид. Мөв мөрөөрөө явж байгаад “Монголын төрийн эрхийг булаан алдаад шившигтэйгээр ялагдсан” дүгнэлттэй үлдсэндээ Бээжин ямар дүгнэлт хийсэн нь сонин.

Бээжингийн зүгээс энэ сонгуулийн үр дүнг сонирхоогүй байх. Учир нь хэн ч сонгогдсон ялгаагүй, Монгол Улсыг нүүлгээд явчихгүйгээс хойш Хятадтай харилцах л болно. Хамгийн гол нь улс төрийн уур амьсгал, Монголын нийгэмд жолоодлоготой болон жолоодлогогүй оршиж байгаа Хятадын эсрэг үзэл санаа тэднийг ноцтой цочроож үлдсэн.

Бид 800 жилийн өмнө Хятадыг нэг айлгасан нь бол үнэн. Харамсалтай нь одоо болтол монгол хүнээс айсан хэвээрээ байгаа гэж боддог маань эндүүрэл. Захын монгол хүн л гэхэд Брюс Ли, Чаки чан хоёрыг холбож байгаад зодчихно гэж бодоод байх шиг байгаа юм. Түүнчлэн Зөвлөлтийн өмгөөлөл, Монголд байрласан тэдний 100 мянган цэргийн хамгаалалтад дулдуйдан, Хятадыг юу ч гэж доромжилсон болно, юу гэж ч хочилсон гомдохгүй, гомдсон ч хариугаа авч чадахгүй гэдэг ХХ зууны эндүүрлээсээ салахгүй бол бол болохгүй байна.

Бид орос хүнийг үндэстнийх нь хувьд хэзээ ч доромж үздэггүй. Захын нэг Иван дурактай барилцаж авах бол тусдаа асуудал. Тэднийг орос үндэстнийх нь хувьд тэднийг гомдоовол ард нь Кремль байгааг мэдэрч айдаг. Харин яагаад хятад хүнийг үндэстнийх нь хувьд доромжилбол ард бяр нь өнөөдөр амтагдсан Бээжин байгааг ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа нь сонин.

1980-1990-ээд онд Зөвлөлт-Хятад хоёр харилцаагаа сайжруулах их үйлсийн золионд хөөрхий муу Цэдэнбалыг албанаас нь хусч, Москвад гэрийн хорионд суулгасныг бид мэднэ. Сүүлийн үед барууны ертөнцтэй зөрчилдөн эдийн засгийн хоригт орсон, түүнийхээ улмаас Хятадтай илүү дотносон нөхөрлөх шаардлага хэрэгцээ Оросуудад гарч байгаа.

Ийм нөхцөлд Бээжингийн зүгээс Монгол дахь Хятадын эсрэг хэт үзэлтнүүдийн асуудлыг нөхөрлөлийнхөө болзол болгон сөхөж тавих маш магадлалтай юм.

Яг л Ю.Цэдэнбалыг зайлуулахад хүргэсэн шиг болзол. Москвагийн санаачилгад түшиглээгүй байж болох ч тэдний хамгаалалтад найдлага тавьсандаа Хятадыг үзэн ядах, доромжлох үйлдлээ гааруулж буй зарим монголчуудын асуудлыг шийдэхийг ОХУ-аас шаардаж магадгүй. Ийм нөхцөлд оросууд тэднийг шийтгэхээ байг гэхэд, эднийг турхирдаггүй, түүнчлэн хамгаалдаггүй гэдгээ харуулсан алхам хийх хэрэгцээ гарна.

Энэ алхмыг хоёр хөршийнхөө шахалтад автсан Монголын төр ч хийж мэднэ. Ямар алхам хийхийг хэн мэдэх билээ, ямар ч байсан өнөөдөр нэрээ нуусан, нуугаагүй сэнтэглэж байгаа “эх оронч” нарт ямар нэгэн юм тохиолдоно гэсэн үг. Энэ ямар нэгэн юмны дараагаар хэнбугай ч тэдний замаар замнаж зүрхлэхгүй болох нь лав. Эцсийн дүндээ, хичнээн тэнэг, өөдгүй байлаа ч гэсэн ардаа гэр бүл, үр хүүхэдтэй бидэн шиг л монголчууд тэнд өртөнө гэхээр хайран.

Зөвлөлтүүд байгаагүй бол ХХ зууны Монголын тусгаар тогтнол санашгүй зүйл байсан. Гэхдээ Хятад улс байгаагүй бол БНМАУ байгуулагдах нь бас л бүтэшгүй зүйл байсан аж. Учир нь Гадаад монгол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг Бээжин тэвчихгүй, эсрэгээрээ Хятадын бүрэлдүүнд орохыг Москва хүлцэхгүй байснаас “Орос-Хятадын хэнийх нь ч биш, тусгаар тогтносон БНМАУ” гэдэг хувилбар гарч ирсэн ажгуу.

Москва, Бээжин хоёр хоёулаа байж байж Монгол Улсын тусгаар тогтнол бодитой. Орос орон нураад уначихаагүй цагт бид “Монголын өөртөө засах орон” болж Бээжинд нэгдэхгүй. Хятад улс сүйрчихээгүй цагт бид “Монгольская Автономная Республика” болохгүй. Энэ утгаараа, хоёр хөршийн хөгжил дэвшил, хүчирхэг байдал нь бидний тусгаар тогтнолын баталгаа. Харин энэ хоёрын хүчний баланс алдагдвал бидэнд муугаар тусна. Эрүүл ухаантай монгол хүн бол “Орос ч хөгжөөд, хятад ч дэвжээд, хүчний харьцаа нь тэнцүүхэн байгаасай” гэж шөнө болгон зул өргөж байгууштай.

Улмаар, асар уудам орон зайд хиллэдэг, ерөнхийдөө хоорондоо зөрчилтэй явж ирсэн хоёр их хөрш Хятад, Орос гүрэн дундаа жийргэвч бүстэй байх нь аль алиных нь сонирхол юм. Энэ жийргэвч бүс 1915 онд анх байгуулагдсан бөгөөд Дундад иргэн улсын Автономит Монгол нэртэй улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засгийн хувьд Москвагаас хамааралтай, цэрэггүй бүс байхаар зохицуулагдаж билээ.

Дараа нь энэ бүс дээр тусгаар тогтносон БНМАУ байгуулагдсан явдал Орос, Хятадын хоёулангийнх нь эрх ашигт нийцэж байлаа. Өнөөдөр байгаа Монгол Улс ч мөн адил тэдний эрх ашигт нийцэж байгаа. Гэхдээ хэт их Хятадын талыг барих нь Оросын хувьд тэвчимгүй, мөн хуучин БНМАУ шиг зөвхөн Москвагийн талыг барих нь Бээжинд тэвчишгүй алхам болно. Тэгэхээр БНМАУ, Цэдэнбал хоёрыг сэргээх оролдлого бас л боломжгүй гэсэн үг.

БНХАУ-ын ч, ОХУ-ын хүсэл сонирхол нь: Аль тал руу нь хэтэрхий хэлбийгээгүй, аль нэгийг нь ард түмний болон төрийн хэмжээнд үзэн ядаагүй, төвийг барьсан нейтраль бодлоготой тусгаар тогтносон Монгол Улс оршиж байх явдал юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хоёрдогч хөрш ба түүний “Дайсан”-ууд” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дарамталж байна гэж “Улс төр” нүүрт ярив.

“Өөрөөс нь” нүүрт М.Энхсайхан: Өнөөдөр манайд сэтгэл зүйн эдийн засаг хүчтэй байгаа гэжээ.

Шатаж буй гэр дотроос “амь авраарай” гэж хашхирах дуу, хүүхдийн уйлаан сонсогдож байжээ хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт бичжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээл “Хадгаламж” банк, “Олон овоот”-д орсон гэв.

О.Пүрэв: Бидний нэгдмэл үйл ажиллагаа боловсролын чанарыг сайжруулна гэж “Багш” нүүр өгүүллээ.

“Улс төр” нүүрт М.Оюунчимэг: Утааг бууруулахын тулд 800 тэрбум төгрөг зарцуулсан ч 100 гаруй тэрбум төгрөг нь үр дүнгүй үрэгджээ гэжээ.

“Улс төр” нүүрт Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр 20 хувьд нь өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан хэмээв.

Улсын арслан У.Мижиддорж: Төрийн наадамд 20 жил зодоглохдоо 17 удаа шөвгөрчээ хэмээн “Дэвжээ” нүүрт ярилаа.

“Дэлхийн мэдээ” нүүрт 2019 оны зун Хэмингуэйн хэзээ ч нийтлэгдэж байгаагүй хоёр өгүүлэл нийтлэгдэнэ гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Амгалан дулааны станцыг жилийн дөрвөн улиралд ажиллуулна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 он хүртэл станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ эх үүсвэрийг бий болгоно хэмээн мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2018-2021 он хүртэл хэрэгжих эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Амгалан дулааны станцыг 50 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж, жилийн дөрвөн улиралд ажиллуулна. Мөн “ТЭЦ-III”-ыг 250 мегабайтаар өргөтгөн 75 мегабайтаар хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ. Улмаар “ТЭЦ-IV”-ийн 1-4 генераторыг шинэчилж хүчин чадлыг нь 92 мегабайтаар нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгасан. Эдгээр станцын дэд бүтцэд суурилан өргөтгөл хийснээр хямд зардлаар 400-500 мегабайтын эх үүсвэр нэмэгдэнэ. Түүнчлэн “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах ажлын хүрээнд Улаанбаатар –Мандалговь хүртэл 300 киловаттын шугам татаж эхлээд байна” гэлээ.