Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон удирдах албан тушаалтнууд сургалтанд хамрагдаж байна

ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад шинээр томилогдсон удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагчаар шинээр томилогдсон удирдах бүрэлдэхүүнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалтын үеэр “Цэргийн нийтлэг дүрэм” болон “Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн ажиллах журам”-ын төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ шинээр дэвшин томилогдсон удирдах ажилтнуудад удирдахуйн ухааны онол аргазүйн талаар сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм.

Сургалт маргааш буюу 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзлээ.

Уг дүгнэлтэд, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна” гэжээ.

Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 17-нд хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзсэн байна.

Дүгнэлтийг хэлэлцэх үед Л.Болд гишүүн, “Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товыг хойшлуулсан. Үүний улмаас Хэнтий аймгийн иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж, УИХ 75 гишүүнтэй ажиллаж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай” гэсэн санал хэлж байлаа.

Ийнхүү санал хураалт яваалахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэд байгууллагын дуудлагаар ажиллах “Шуурхай бүлэг”-ийг байгууллаа

Цэвэр, бохир, халаалтын шугамд гэмтэл гарах, ус алдах зэрэг асуудал гарахад иргэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар санал гомдлоо өгөхөөс өөр хаана хандахаа мэддэггүй. Тэгвэл Өвөрхангай аймаг уг асуудлыг шийдвэрлэхээр “Шуурхай бүлэг”-ийг байгуулжээ.

Аймгийн Онцгой байдлын газар, “Арвайхээр ТҮГ”, “Онги ус суваг” ТӨҮГ-ын ажилтнуудаас бүрдсэн “Шуурхай бүлэг” иргэдийн дуудлагаар ажиллаж, гэмтлийг засварла, буруутай аж ахуйн нэгж, байгууллагыг тогтоо” гарсан зардлыг нөхөн төлүүлэх юм.

Ингэснээр айл өрх, албан газрын халаалт дулаан, цэвэр, бохиртой холбоотой асуудал цаг хугацаандаа шийдэгдэж, энэ чиглэлийн гомдол, мэдээлэл эрс багасна хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт явагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор бэлтгэл офицерийн сургалтыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг заагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, 32 цэргийн үүрэгтэн хамрагдлаа. Сургалтад оролцсон бүрэлдэхүүнд гэрчилгээ гардуулж, бэлтгэл дэслэгч цол олгох үйл ажиллагааг өчигдөр Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зохион байгууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.


Categories
мэдээ спорт

ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа Дэлхийн мөнгөн медальтан боллоо

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д , Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирч чадлаа. Тэрбээр “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.

О.Насанбурмаа 10 дахь ДАШТ-дээ зодоглож Будапештйн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гран при”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Гавьяат тамирчин О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунчимэг: Би хүүхдүүддээ “Өглөөний мэнд”, “Амжилт”, “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж заавал хэлдэг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 204р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэгтэй ярилцлаа.

Сайн байна уу? Фэйсбүүк сошиалаар танай цэцэрлэгийг өглөө бүр өөр өөр амьтдын баг өмсөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг угтдаг гэсэн.Энэ талаар яриагаа эхлүүлье.

Манай цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн жил болж байна. Харин энэ арга хэмжээ нь гурван жилийн өмнөөсодоог хүртэл хэрэгжсээрбайгаа.Гуравдагч багш болон туслах багш нар маань амьтдаа өглөө болгон ээлжлэн дуурайдаг учраас ачаалал харьцангуй бага. Амьтад маань хүүхдийн дуун дээр бүжиглэнгээ хүүхдүүддээ заавал “амжилт” гэж хэлэн угтдаг. Энэ нь хүүхдүүдэд урам өгч цэцэрлэгтээ явах эрч хүчийг өгдөг гэж боддог. Хүүхдүүдэд зөв дадал зуршил, төлөвшил олгох нь бидний зорилго шүү дээ.

Энэ багны цаана багш нар байдаг уу?

Янз янз. Нэг хэсэг би өөрөө өмсдөг байсан. Энэ жилээс цэцэрлэгийн дөрвөн бүлгийн багш нар, манаач зэрэг ээлжлээд өглөө бүр угтаж байна.Манайд нийт зургаан төрлийн баг байдаг. Энэ багаа ээлжлээд өглөө бүр өмсдөг. Уг нь хоёр хүн баг өмсөх боломжтой ч хүн хүч сул. Эцэг эхчүүдээ дайчлахад болох юм байна гэж бодсон ч бас л мэргэжил шаардагдаж байна.

Хүүхдүүд энэ тал дээр баярласнаа яаж илэрхийлдэг вэ?

Хүүхдүүд ихэвчлэн пороронд дуртай байдаг. Маргааш нь пороро ирээгүй бол ямар амьтад ирэх бол, дотор нь хэн байгаа бол гээд өглөө нь их дуртай ирдэг. Анх амьтад маань зүгээр мэндчилгээ хэлдэг байсан. Дараа нь бид өдөр бүр хүүхдэд итгэл өгөх зорилгоор хоёр гараараа “амжилт” гэж цохьдог болсон.

Эцэг эхчүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Бид санал асуулга дандаа явуулдаг. Удирдлагууд хүлээж авдаг нь манай цэцэрлэгийн давуу тал. Багш нарын баяраар захидалаар баярласан сэтгэгдэл ирдэг. Гэхдээ энэ үйл ажиллагаан дээр ирж байгаагүй.

Үйл ажиллагаа зохион байгуулахад ямар бэлтгэл ажил хийсэн бэ?

Надад олон жилийн өмнөөс хэрэгжүүлэх юмсан гэсэн бодол байдаг байсан.Хөөрхөн амьтадтай харьцуулвал сонирхолтой байх болов уу? Цэцэрлэгээ дөнгөж байгуулагдаад тэр жилийн хавар энэ санааг бодоод урлангийн нэг хүнээр хийлгүүлсэн. Хийхэд нэлээн ажиллагаатай 750 мянгаар гурван амьтдын толгойг хийлгээд, үлдсэн хувцасыг манай ажилчид оёж байсан. Тухайн үед сая гаруй төгрөгний зардалтай хийлгүүлээд шинэ жилийнхээ үйл ажиллагаанд бас ашигласан. Тэр үед эцэг эхчүүд хүртэл гайхаж байсан шүү.

Э.АНУЖИН

Categories
мэдээ нийгэм

Фото: Замын нөхцөл байдал

Боржигон Овогт Дуламсүрэнгийн Чимэддамба-н зураг.Дуучин Нямжав-н зураг.С. Эрдэнэбаяр-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Манжуур хотын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллана

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй 2015 оноос хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулан, аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшиг осолд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ӨМӨЗО-ны Манжуур хотын Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлах зорилгоор “Туршлага солилцох уулзалт”-ыг энэ сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улаанбаатар-Дорнод-Манжуур чиглэлд зохион байгуулагдсан тус уулзалтанд 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар болон Улаан загалмайн хороодын дарга нарын нийт 70 орчим хүн оролцсон юм.

Уулзалтын хүрээнд аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагууд Улаан загалмайн дунд шатны хороодтойгоо хэрхэн хамтран ажилладаг талаар сайн туршлагаа хуваалцлаа.

Мөн Дорнод аймгийн Онцгой байдлын газар болон Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцаж, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Чойбалсан хотын Хан-Уул цогцолбор сургууль болон хоёрдугаар цэцэрлэгийн туршлагатай танилцсан юм.

Түүнчлэн туршлага солилцох уулзалтад оролцсон төлөөлллийг БНХАУ-ын Манжуур хотын намын хорооны дарга Чи Байжинь, намын хорооны дэд дарга Лян Пэн, Гао Минь, тус хотын Онцгой байдлын асуудал эрхэлсэн дарга Хү Ши Хэ нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Манжуур хотын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, Дорнод аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн Их сургуулийн 100 жилийн ойд оролцож байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-26-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ тус мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзав. Уулзалтаар талууд Эрхүү мужийн их, дээд сургуулиуд Монголын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн БСШУС-ын сайд Байгалийн улсын их сургуульд сурч буй монголын 10 оюутантай уулзаж тэдний сургалтын талаар халуун дотно яриа өрнүүлсэн. Оюутнууд БСШУСЯ-ны зардлаар орос хэлний бэлтгэлд сурч байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм. Салбарын сайд оюутнууддаа хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болохыг захив.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 24-ний 20 цагаас 10 дугаар сарын 25-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Өдөртөө үүл багасна нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2018 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.