Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатаж буй гэр дотроос “амь авраарай” гэж хашхирах дуу, хүүхдийн уйлаан сонсогдож байжээ

Сонгинохайрхан дүүргийн V хороо, Баянголын 15 дугаар гудамжны 03 тоотод түр оршин сууж байсан нэгэн гэр бүлийн таван гишүүн галд шатан нас баржээ. Тодруулбал, Баянхошууны Давхар хэмээх автобусны буудлаас 100 хүрэхгүй метрийн зайд орших нэгэн айл өчигдөр өглөө буюу энэ сарын 24-ний үүрээр галд өрж, таван хүн, их таван ханатай гэр дотроо шатаж тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэднийх автобусны буудлын чанх арын гудманд байдаг бөгөөд нүүрэн талаасаа хоёр дахь хашаа нь аж. Урдуур нь Баянхошуу, ХМК, Зүүн салаа чиглэл рүү явдаг гол зам оршино. Хэрэг болсон газар очиход будаг нь халцарсан саарал төмөр хаалга, галд шатан харласан модон хашаа, шатсан гэрийн нурманд дарагдсан буйр сааралтан харагдана. Хашааны гадна талд ойр орчмын айл, хөршийнхөн бололтой углааштай, гэрийн халаад, , дан дээл нөмөрсөн 40-50 орчим насны 10 гаруй хүн байлаа. Тус айлын баруун талын хамар хашаанд амьдардаг 50 гаруй насны нэгэн эмэгтэй “Манайх энд нүүж ирээд их удаж байна. Урьд хожид ийм айхавтар олон хүний амийг авч одсон гал түймэр ер гарч байсангүй. Хаа ганц нэг хүмүүс хашааныхаа өвс, ногоог л шатаадаг. Эднийх нүүж ирээд удаагүй байсан юм. Өвөрхангайгаас хотод суурьшихаар ирсэн. 30 ч хүрээгүй залуус хоёр хүүхэдтэйгээ өнгөрсөн есдүгээр сард нүүж ирж энэ хашааг түрээслэх болсон юм. “Шинэ гэр авч тусдаа гарч, айл болж өрхөө татаж байна эгч минь, бид хоёрт туслаад биднийг эзгүйд гэрийг минь хашааныхаа булангаар ч болтугай нэг шагайж байгаарай” гэж саяхан болсон дашням, балжинням давхацсан шинийн 17-ны өдөр нүүж ирсэн даруйдаа надад захиж байсан. Анх тэднийг хүрч ирэхээс өмнө энэ хашаанд хүн байгаагүй болохоор нэлээд их хог, үнс үүдээр нь тарчихсан байсан юм. Би “Залуу хүүхдүүд амьдралаа анх эхэлж байгаа бол үүднээсээ л цэвэрхэн байх хэрэгтэй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг юм” гэж хэлэн нэг өдөржингөө хашааг нь цэвэрлэлцсэн. Тэр үед айлын эзэгтэй “Би “Талх Чихэр” компанид ээлжийн ажилтан хийдэг юм. Заримдаа эрт тардаг, гэхдээ оройтохоо хүрвэл шөнө дүлээр ирдэг. Бид хэд ажилтайгаа ойртож байгаа ухаантай наашаа нүүж ирлээ” гэж ярьж байсан юм” хэмээв. Өчигдөр үүрээр яг юу болсон тухай асуухад тэрбээр “Цонхоор харахад дөнгөж цагаан гэгээ орчихсон, үүрийн дөрвөн цаг л өнгөрч байсан байх. Энэ үеэр манай хаалгыг нэг хүн их хүчтэй нүдэж, гал гарч байгааг хэлсэн. Гадаа нохой хуцаад хүмүүс шуугилдаж, хашхираад байсан болохоор би айгаад гарч чадаагүй. Харин манай нөхөр гал гарлаа гэсэн сургаар шанагатай ус самардаж аваад л ухас хийсэн. Тэгээд нэлээн удсаны эцэст уйлчихсан “Муусайн хүүхдүүд гэрээсээ гарч чадахгүй чарлалдаад байна” гэсээр орж ирсэн. Хожим нь сонсох нь ээ гал үүдний амбаараас нь эхлээд гарсан болохоор нөгөө хэд хоймор руугаа л мацаад хаалгаар гарч чадахгүй байсан юм шиг байна лээ. Түймэр гарахын урьд өдөр гэрийн эзний аав нь хоёр хүүхдийг нь цэцэрлэгээс нь авч ирж байгаа бололтой надтай гудманд таарсан юм. Хүмүүсийн ярианаас сонсоход таван хүн байсны нэг нь тэр хөгшин байсан бололтой юм билээ” гэлээ. Ийн ярих зуур нэгэн эр “Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд хүргэний талынхан ирж шатсан гэрийн шал, хана, туургыг портер машин дээр ачаад аваад явсан. Зайлуул гэрийн эзэн нь айлаасаа хоёулхнаа, дээрээ ганц ахтай. Тэр ах нь уйлчихсан шатсан гэрийн буйрыг нь шүүрдээд зогсож байсан. Харин гэрийн эзэгтэй нь дээрээ хоёр эгч, нэг дүүтэй, айлын дунд хүүхэд байсан юм билээ. Эхнэрийн талынхан нь Өвөрхангайгаас ирж яваа гэсэн” хэмээв. Гал гарсан хашаанд шавар нь уначихсан цагаан байшин байх бөгөөд уг байшингийн хаалганы яг урд шатаж, харласан гэрийн буйр нь харагдана. Мөн урдхан талд нь хамар хэсэг нь галт өртөн шатсан соната маркийн машин байсан юм. Түрээсийн хашааны жинхэнэ эзэд бололтой хоёр залуу шатсан гэрийн буурины наахна зогсож байлаа. Тэднээс хэргийн талаар асуухад хашааны эзэд биш, дүү нар нь. Хуучин амьдардаг байсан хүмүүс нь гэр бүлээрээ Солонгос явчихсан гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Цахилгааны утсаа хаанаас татсан тухайд асуухад “Энэ талаар мэдэхгүй байна. Хойд байшингаас л байх” гэсэн юм.

Гэр дотроо шатаж нас барсан айлын эзнийг Төмөрбаатарын Базарсад гэдэг бөгөөд 1990 онд төрсөн. Дөнгөж 28 хан настай залуухан эр байжээ. Харин Содномдэлгэрийн Хандсүрэн гэх 1992 онд төрсөн, 26 настай бүсгүй бол уг гэрийн эзэгтэй нь байсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар гэрт байсан хүмүүс танигдахааргүй болтлоо шатсан. Хоёр нь хоорондоо тэврэлдчихсэн байдалтай байсан гэнэ. Гэрт байсан хүмүүсийн заримыг нь их галын улмаас тодорхойлоход хүндрэлтэй байгаа гэнэ. Ямар ч байсан хоёр хүүхдийнх нь том нь тав, бага нь хоёр настай байжээ. Гал гарч байхад гэрийн гадаа байсан хүмүүсийн хэлж буйгаар шатаж байсан гэр дотроос “амь авраарай” гэж хашхирах дуу, хүүхдийн уйлаан сонсогдож байсан гэнэ. Мөн гал унтраах ангид дуудлага өгсөн эсэхийг тодруулахад “Гал гарсан даруйд дуудлага өгсөн боловч манай арын гудам, энэ гудам хоёр их нарийхан, галын машин орж ирэхэд хүндрэлтэй. Бас хэдий төв замтай ойрхон ч гэлээ замын хажуугаар жалга байдаг болохоор заавал тойрч өөр гудмаар энэ гудам руу орж ирдэг. Галынхан тэр замыг мэдэхгүй болохоор жаахан хугацаа алдсан байх, гэхдээ нээх удаагүй шүү дээ. Монгол гэр болохоор гал дорхноо газар авч, хурдан болж өнгөрсөн. Ядаж байхад гудамны эхлэл, төгсгөл хэсэгт байх айлууд хашаагаа шахаад барьчихсан болохоор их давчуухан л даа” гэж байв. Гал гарсныг мэдсэн даруйдаа ойр хавийн хүмүүс унтраахаар гаднаас нь канистртай ус цацаж, сүү дусаах гэж оролдсон ч нэгэнтээ оройтчихсон байсан гэнэ. Хэргийн газар холбогдох албаны байгууллагууд ажиллаж мөрдлөгөө явуулсан бөгөөд гал юуны улмаас гарсан нь 14 хоногийн дараа гарах шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тогтоогдох аж.

Хүйтний улирал ирж буйтай холбоотой ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг Онцгой байдлын алба хаагчид хэлж байсан юм.

Иймд иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Б.Солонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг гэр бүлийн таван хүний амийг авч одсон харамсалтай гал түймэр гарчээ. Иргэд галын аюулаас өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалж болох вэ?

-Ард иргэд хог хаягдлаа тусгай зориулалтын төвлөрсөн цэг, саванд асгаж, тогтмол ачиж тээвэрлүүлэх хэрэгтэй. Мөн үнс, нурмыг ил задгай, шатамхай хог хаягдалтай хамт хаяхгүй байхыг сануулж байна. Иргэд хог хаягдал, шарилжаа устгах зорилгоор ил задгай галлаж, өөрсдөдөө эрсдэлтэй нөхцөлийг үүсгэдэг. Энэ нь ахуйн түймэр гарах нэг шалтгаан болж байдаг. Түүнчлэн гэр, сууцад пийшин байрлуулахдаа цонолт, шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалтыг хийж, дээврийн хөндийгөөр гарч байгаа яндангийн хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах хэрэгтэй. Иргэд гэртээ галласан бол хараа хяналтгүй орхиж явахгүй байх нь зөв.

-Иргэд өөрсдийн хийсэн буруу үйлдлээс болоод гал түймрийн аюулыг бүрдүүлдэг байж болох уу?

-Иргэд цахилгаан угсралттай холбоотой ажлаа мэргэжлийн хүнээр, аюулгүй байдлаа бүрэн хангаж хийлгээгүйгээс болоод аюул учирдаг. Манайхан зарим тохиолдолд гэр, байшингийнхаа цахилгааны асуудлаа өөрсдөө дур мэдэн шийддэг,холбодог. Энэ нь эргээд өөрсдийн амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөлийг бүрдүүлдэг юм. Үүнээс гадна иргэд, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байвал гэнэтийн тохиолдолд өөрийн болон гэр бүлийнхнийхээ амь насыг хамгаалах боломжтой.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ улс-төр

Я.САНЖМЯТАВ:ҮАБЗ-ӨӨС ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ЧИГЛЭЛ, ШИЙДВЭРИЙГ СОНССОНЫ ДАРАА ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙХ ШААРДЛАГА БАЙНА

Я.Санжмятав зурган илэрцүүд

УИХын дарга Я.Санжмятав: Төсөвтэй холбоотой хэлэлцэх асуудал байгаа. Сангийн яам гайгүй олон талаас нь ярьсан төсвийг их хурлын гишүүд бужигнуулчихлаа. Яагаад гэвэл орон нутгийн хөгжил түүнийг дэмжих, эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлийн бодлого бол үе үеийн Засгийн газарт байдаг. Үүнийг боймлох асуудлыг бүгдээрээ ярьж байгаад тасалчихлаа. Аймаг болгонд 9-10 тэрбум төгрөгийг өгсөн. Тодорхой хэмжээний тулгамдсан асуудлыг аймгийн иргэдийн хурал гээд орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэлэлцээд тодорхой энэ жил дээр зарцуулагдахаар хөрөнгө рүү хийх бодлогыг хаагаад шинэ хүмүүс ороод хуралдаж буй нэртэй ажлын хэсэг байгуулсан. Их хурлын гишүүний захирамжаар надад зар хэлээгүй, мэдээлэл байхгүй. Өчигдөр төсвийн байнгын хорооны хурал дээр орсон. Нэгээс тавдугаар хүснэгт гээд багцаар нь төсөв баталчихдаг юм уу. Хүснэгтэн доторх заалт агуулга, хөрөнгө, зураг төсөв гээд бүгдийг ярих ёстой. Бөөндсөн хуниралдуулсан зүйл хийсэн учраас энэ ноцтой зүйл болно. Үндсэн хуулийн цэц хүртэлх асуудал яригдаж эхэлж байна. Тиймээс энэ асуудал дээр онцгой анхаарал тавихыг Их хурлын даргаас шаардаж байна. Хоёрдугаарт МУ-ын ерөнхийлөгч анх үг хэлсэн. “Их хурлын дарга арван хувийн төсөв хэмнэнэ гэж байна би 15 хувийг хэмнүүлнэ санал нэг байна. Одоо гурвуулаа үндсэний аюулгүйн зөвлөл хуралдъя Хүрэлсэх дарга бас 20 хувь болгох байх гээд уриалж намайг дуудуулсан. Та гурав төсвөө нэмье гээд ярьсан юм уу хасъя гэсэн юм уу. Тиймээс та нарын Үндэсний аюулгүйн зөвлөл дээр юу яригдсаныг ард түмэн харж байгаа. Тиймээс үндэсний аюулгүйн зөвлөлөөс гарч буй шийдвэрийг төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хэлэлцүүлэхээс өмнө мэдээллийг сонсоод ямар чиглэлээр төсвийн байнгын хороо ажил өгсөн юм. Тиймээс төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг орж ирэхээс өмнө үндэсний аюулгүйн зөвлөл дээр яригдсан асуудал чиглэлийг сонсож байж төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээч ээ гэсэн горимын саналыг гаргаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ арилсанмэтээр зарим цахим хуудсууд нийтэлж байгаа нь судалж нягтлаагүй, үнэн бодит байдлаас зөрсөн ташаа мэдээлэл юм. Шар тэмдэглэгээ арилаагүй бөгөөд замын тоосжилт, агаарын бохирдол, авто машины дугуйны үрэлтээс үүдэж тэмдэглэгээний өнгө бүдгэрсэн байна. Иргэдийн төөрөгдлийг арилгах үүднээс хэсэгхэн газрыг угаахад өнгө нь тодорч байгааг харж болно. Дулааны улирал эхлэхэд авто замын арчлалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, тэмдэглэгээний өнгийг сэргээх боломжтой юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хашоггийн цогцсыг олсон гэлээ

Аравдугаар сарын 23-нд “Эх орон” сөрөг хүчний намын тэргүүн Догу Перинчек The Washington Post сонины ажилтан Жамаль Хашоггийн цогцсыг Саудын Арабын Ерөнхий консулын газраас олсон гэж мэдэгдлээ. Гэтэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр цогцсыг консулын газрын тэргүүнийн байрладаг харшаас олсон гэж нотолж байгаа юм. Юутай ч албан ёсоор баттай зүйл хараахан гараагүй байна.

Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган “нүцгэн үнэнийг” тун удахгүй нээх болно хэмээн амласан билээ. Сэтгүүлчийн аллагыг хэд хэдэн хоногийн турш бэлтгэсэн талаар тэрээр мэдэгдсэн юм. Өөрийг нь дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ тэрээр Истамбулын консулын газарт болсон аллагыг хатуу харгис, зэрлэг гэж нэрлээд цогцос хаана байгаа, хэн алах тушаал өгсөн болохыг ил гаргаж ирэхийг Саудын Арабынхнаас шаардсан байна. Саудын Арабын консулын газрын мэдэлд байх Mercedes-Benz E ангиллын машиныг Истамбулын Султангази дүүргээс олсон талаар CNN Turk суваг мэдээллээ. Тухайн машинаас нас барсан сэтгүүлчийн компьютер, бичиг баримт олдсон гэнэ.

Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Эр-Рияд дахь ордондоо алагдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн гэр бүлийнхнийг хүлээн авсан тухай тус улсын хэвлэлийн агентлаг мэдээлэв. Сахль бен Ахмед Хашогги болон Салах бен Жамаль Хашогги нар хаан болон угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман нартай уулзсан ч чухам юун тухай ярьсан болох нь тодорхойгүй аж. Алагдсан сэтгүүлчийн турк гаралтай сүйт бүсгүй тус улс дахь Саудын Арабын консулын газрын гадаа ирж Жамаль Хашоггийн гэрэл зураг болон цэцэг авчран турк, араб, англи, франц хэл дээр шударга ёсыг шаардсан бичиг тавьжээ.

Аллагатай холбоотойгоор АНУ-д гэм буруутай этгэдүүдийн жагсаалтыг гаргаж тус улсад нэвтрэн орохыг хоригложээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн тухай Reu­ters уламжлав. Тус агентлагийн үзэж буйгаар Саудын Арабын 21 хүн энэ жагсаалтад багтсан болов уу. Ийм хориг арга хэмжээ нь сүүлчийнх биш гэдгийг төрийн нарийн бичгийн дарга онцолжээ. 2012 онд АНУ-д “Магнитскийн хууль” гэгчийг баталсан бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт холбогдуулан хориг арга хэмжээ авах эрхтэй болдог юм. 2016 оноос эхлэн ямар ч улсын иргэнийг энэ хоригт оруулах боломжтой болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Өнөөдөр манайд сэтгэл зүйн эдийн засаг хүчтэй байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.


-Уул уурхай доллар олох том боломжтой салбар, уул уурхайгаа зөв ашиглаж их мөнгө олох гарц л бидэнд бий. Гэтэл уул уурхайн төслүүд нэг л урагшилж өгөхгүй юм. Таныхаар шалтгаан нь юундаа байна вэ?

-Уул уурхайн засаглалд анхаарах хэрэгтэй. Уул уурхайн засаглал гэдэг сэдэв ганц манай ч биш, олон орны өмнө тулгамдсан асуудал. Уул уурхайгаас олсон мөнгөө зөв зарцуулсан улс байна. Чадаагүй нь ч бий. Уул уурхайгаас хожил гаргасан улсаас гадна байгальдаа хохирол учруулсан орон ч зөндөө. Энэ бүгдээс үүдээд уул уурхайн засаглалаа шинэчилж ойлгоод засах асуудлыг дэлхий нийтээрээ яриад эхэллээ л дээ.Уул уурхайн засаглал бол олон үе шатыг хамарсан ойлголт. Геологи, хайгуул хийх, олборлох, татвар хураамжаа хэрхэн авах, орон нутаг Засгийн газартай ямар аргаар ажиллах, байгалийн баялгаа ирээдүйтэйгээ хуваалцах шийдэл, зарцуулалтыг яаж хийх, олон нийтийн хяналтад оруулахын тулд хэрхэх гэх мэт цогц асуудлыг уул уурхайн засаглал гээд байгаа юм. Уул уурхайн яамны хэмжээний асуудал биш гэсэн үг.

-Наад зах нь стратегийн орд, стратегийн ач холбогдолтой учраас гээд төр нь оролцоод төслүүдээ тушаад байхаар засаглал мантай болчихоод байх шиг. Стратеги гэсэн ойлголтод та ямар байр сууринаас ханддаг вэ?

-Стратеги гэдэг ойлголтыг зөв ойлгомоор байгаа юм. “Уул үзээгүй байж хормой шууна” гэдэг шиг уул уурхай гэхээр л маш том стратегийн асуудал ярьж байна гэж ойлгодог хандлага бий. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Хүн төрөлхтний түүхийг томоор харвал уул уурхай маш эртний түүхтэй. Сонирхуулж хэлэхэд Библид өнөөгийн Зимбабве гэж Африкийн улсад маш их алт байгаа тухай бичээстэй байдаг. Зимбабве гэдэг уул уурхайн эрдэс баялагтай орон Библийн сургаалд хүртэл орчихсон байх жишээний. Олон орон уул уурхайгаасаа орлого олж амьдардгаа стратеги гэж үзэхээ больчихсон. Уул уурхайн орлогоо их мөнгө өгдөг салбар гээд ойлгочихсон улс орон стратеги гэж харж, тэгж бодсоноосоо болж алдаа хийж эхэлдэг. Тэр орнуудын тоонд Монгол багтана. Монгол өөрийн стратегитай байж болно.

Гэхдээ өөрөөсөө зардал мөнгө, тоног төхөөрөмж гаргаад олборлож хүчрэхгүй учраас бусадтай хамтарч таарна. Тэгэхээр бусдын стратегийг хүндлэх хэрэгтэй. Бид стратегитэй гээд гаднаас орж ирж буй хөрөнгө оруулагчийг үргээгээд хаагаад байна л даа. Манай улсыг сонирхож ирсэн хөрөнгө оруулагч ч өөрийн гэсэн стратегитай. Стратегиа эвцэлдүүлэх учиртай. Миний стратеги гадны хөрөнгө оруулагчийнхтай эвцэлдэхгүй л юм бол бид хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Тийм учраас стратегийн гэж хэтрүүлэн ойлгодог байдлаасаа татгалзвал зүгээр санагддаг.

-Стратегийн түүхий эд уул уурхайд бий юу. Ер нь дэлхийн улс орнуудад уул уурхайн ямар бүтээгдэхүүнүүдийг стратегийн гэсэн ангилалд багтаадаг юм бол?

-Монголд стратегийн түүхий эд байхгүй. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж ирсэн байдаг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэс үүдэлтэйгээр тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байсан. 1939 онд “Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг баталсан.Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэдэг юм.Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. Гэхдээ эрэлт ихтэй критикал түүхий эд заавал стратегийн түүхий эд байх албагүй.

-Гэтэл манай улс стратегийн гээд баахан орд баталчихсан. Стратегийн орд гэдэг ойлголт дэлхийд бий юу?

-Супер циклийн үед уул уурхайгаас маш их мөнгө олдог гэж буруу ойлгочихоод тэрэндээ хөөрцөглөж стратеги гэсээр байгаад баахан ордыг стратегийн болгочихсон түүх бидэнд бий. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй. Түрүүн хэлсэнчлэн стратегийн түүхий эд л гэж бий. Европ, Америк, Япон гээд томоохон орнууд стратегийн түүхий эд гэсэн ойлголтыг тойрсон асуудлаар жил бүр хуралддаг. Эдгээр улс стратегийн түүхий эд гэдэгт юу багтах тал дээр дундаа нэг жагсаалттай болъё гэж ярьж эхэлсэн. Тэр жагсаалтад нь 30 төрлийн уул уурхайн түүхий эд байгаа юм. Тэр жагсаалтад нь зэс, нүүрс байхгүй. Жагсаалтад байгаа түүхий эдээс нэг нь ч Монголд өнөөхөндөө олдоогүй. Гэтэл бид энд огт өөр зүйлийг стратеги гээд буруу бодчихсон сууж байна. Өөрсдийгөө хэтрүүлэн үнэлэхээр буруу бодлого гаргах нь тодорхой шүү дээ.

-Та уул уурхайн баялаг гэж ярих нь буруу гэж бичсэн байсан. Баялаг гэж ярьж ойлгохын сөрөг тал нь үнэхээр таны хэлсэнчлэн эдийн засагт тээг болоод байна уу?

-Уг нь эрдэс түүхий эд, уул уурхайн нөөц гэж ярих ёстой. Гэтэл бид таны асуусанчлан баялаг гэж яриад байдаг. Баялаг гэсэн буруу үг хэрэглэдгээсээ шалтгаалаад өөрсдийгөө баян гэж бодоод байна л даа. Хөдөлмөр, зардал шингэсний үр дүнд газрын гадарга дээр гарч хэрэглээнд орсон тохиолдолд л баялаг болно. Баялаг болоогүй, газар доор хэвтэж байгаа бол уул уурхайн түүхий эд, нөөц. Нэр томьёо, ойлголтын алдаанаас болж “Бид баян юм чинь хэн нэгэн ирж гуйна” гэж бодоод харамлах сэтгэлгээгээр хандаж, эдийн засгийн хөгжлөө боомилоод суугаа байдал анзаарагддаг. ДНБ, экспортынх нь гол орлогыг уул уурхайн түүхий эд эзэлж байвал л тухайн орныг уул уурхайн баялагтай улс гэдэг. Гэхдээ баян гэдэг үг биш.

-Уул уурхайн баялгаас ахиу мөнгө олох боломжтой гэдэг утгаараа баян улс гэж харж болох юм биш үү?

-Би танд нэг харьцуулалт хэлье. Монгол Улсад хааш хаашаагаа нэг метр квадрат нутагт өнөөдөр олдчихсон байгаа баялгийг үнэлээд харахаар нэг ам.долларт ч хүрэхгүй байна. Гэтэл Африкийн орнуудын дундаж маш өндөр. Нэг квадрат метрт ногдож байгаа байгалийн баялаг нь 30 мянган ам.доллар. Европ, Америк, Япон гэх мэт хөгжилтэй орнуудыг бид байгалийн баялаггүй гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ тэдний үзүүлэлт үнэлгээ нь бүр өндөр. Нэг метр квадрат газарт ногдож буй байгалийн баялгийн үнэлгээ нь 125 мянган ам.доллар. Байдал ийм байхад монголчууд “Америк, Европ байгалийн баялаггүй, гэтэл бид газар дороо эрдэнээр дүүрэн улс” гэж цээжээ дэлддэг. Нэг ам.доллар, 125 мянган ам.долларын зөрүүг төсөөл дөө. Тийм учраас бид буруу ойлгоод, хамтрах хүмүүстэйгээ стратегиа эвцэлдүүлж чадахгүй, ажиллаж чадахгүй байдал үүсчихсэн. Тэгэхээр баян биш гэдгээ маш сайн ойлгох ёстой. Өнөөгийн эдийн засгийг эрүүл гэхээс илүү сэтгэл зүйн гэж тодотгомоор санагддаг юм. Юмыг буруу харчихсан, сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг нөхцөлд улсаа буруу удирддаг эрсдэл бий.

-Уул уурхайн засаглалаа зөв болгоё, уул уурхайгаасаа ахиу мөнгө олоод улсаа хөгжүүлье гэвэл бид яах ёстой вэ?

-Сая хэлсэнчлэн ямар хэмжээнд байгаагаа хамгийн түрүүнд сайтар ухаарах ёстой. Байгалийн баялгаар баян биш, байгалийн баялгаас хараат амьдардаг улс гэдгээ л мэдэх хэрэгтэй. Дахиад хэлье бид баян биш. Стратеги гэж нэг их чухалчлах асуудал биш, стратегийн түүхий эдийн нэг нь ч Монголд үгүй гэдгээ ухаарч чадвал ярьж хэлэх өнцөг, асуудал, харилцаа огт өөр болоод ирнэ.

-Европ, Америк, Япон байгалийн баялаг ихтэй юм бол яагаад ашиглахгүй байна вэ?

-Хүн төрөлхтнийг бүхлээр нь аваад үзвэл байгалийн баялгаа судалчихсан юм биш. Сансар, огторгуйг илүү их судалсан. Байгалийн баялгаа олон орон судалж чадаагүй. Хөгжилтэй том орнууд байгалийн баялгаараа биднээс баян. Яагаад ашиглахгүй байна вэ гэдэг асуултын хариу их энгийн. Хотжилт, дэд бүтэц нь хөгжсөн учраас хэцүү. Доогуур нь ухаад хайлтай биш. Ийм шалтгаанаар хүн ам сийрэг, нөөц нь илэрч нээгдсэн газар руу ханддаг. Нөгөөдүүл нь өгөхгүй байлаа гээд хэцүүдэхгүй. Бэлэн нөөц нь байгаа учраас.

-Уул уурхайн том төслүүд явахгүй байгаа шалтгаан орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцэл. Тэр хэсэгтээ мэдээлэл хүргэж, илүү ойлголцож ажиллах шаардлага бий гэдэг тайлбарыг та хүлээн зөвшөөрөх үү?

-Мэдээлэл бүхий иргэд гэсэн ойлголт бий. Бид уул уурхайн чигийн ойлголтуудыг сайн мэдэхгүй учраас мэдээлэл бүхий иргэдгүй гэсэн үг. Мэдээлэл бүхий иргэдгүй учраас эсэргүүцэгчид, босогчид, нураагчид болж хувираад байна л даа. Яагаад ингэж эндүүрдэг вэ гэхээр том компаниуд цараатай төсөл хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө зах зээлээс босгохын тулд “Манай компанийн Монголд хэрэгжүүлэх гэж буй орд газар их нөөцтэй” гэж мэдээлдэг. Тэр мэдээллийг нь энгийн хүн хөндлөнгөөс сонсоод “Бид чинь баян юм байна” гээд ойлгочихдог. Гэтэл компаниудын босгож байгаа мөнгө асар их зардалтай ажиллагаанд зарцуулагддаг. Мэдээлэл бүхий иргэдтэй болох зайлшгүй шалтгаанууд бий. Том төсөлд хээл хахууль гэх мэт асуудал үүсэх аюул хэвээр байгаа. Тэр эрсдэлийг олон түмний хараа хяналтаар хазаарлаж өгөх хэрэгтэй. Гэтэл хазаарлах ёстой хүмүүс нь мэргэжлийн бус хандаж, хардаж, том төслүүдийн садаа тээг болж зогсоочихоод байна. Тэгэхээр уул уурхайн засаглалыг өөрчилье гэвэл эхлээд хүмүүсийн мэдээлэл, сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Зөв мэдээлэлтэй иргэд хяналтын функц, камерын үүрэг гүйцэтгэнэ.

-Иргэдийг мэдээлэлжүүлж, мэдлэгжүүлэхийн тулд яах ёстой вэ. Дэлхийн загвар жишиг гэж байна уу?

-Байлгүй яахав. Энэ үзэгдэл ганцхан Монголд болж байгаа юм биш л дээ. Африкийн орнуудад болоод өнгөрчихсөн үзэгдэл. Би түрүүн танд Африкийн орнуудын байгалийн баялаг биднээс хамаагүй илүү гэдгийг хэлсэн. Африкийн орнууд дараагийн шат руу орох хэрэгтэйг ухаараад уул уурхайн засаглал гэсэн нэр томьёог системээр нь, бүхлээр нь ойлгочихсон. Тэгээд их зөв ажиллаж эхэлсэн. Уул уурхайн засаглалыг зөв тогтоож чадвал тэд түрүүлж хөгжинө. Манайд ч ялгаагүй. Зөв тогтоож чадвал тэднээс түрүүлж хөгжинө. Африк уул уурхайн засаглалыг хэрхэн тогтоох талаарх баримт бичгийг олон улсын хэмжээнд гаргаад байна. Тэр баримт бичгээ Африкийн холбоо гэж тусгай байгууллагаар батлуулчихсан. Бидэнд ч тийм тугийн баримт бичиг байх ёстой.

-Ямар баримт бичиг байна?

-Байгалийн нөөцийн харти гэж олон улсын баримт бичиг. Байгалийн нөөцийн хартиг би орчуулаад paxmongolica.org сайтдаа тавьсан байгаа. Нягт нямбай уншаад хичээл заалгаад эхэлбэл уул уурхайн засаглалыг ойлгож хардаг болно.Энэ баримт бичгийг Африкийн орнууд тугийн баримт бичгээ болгосон гэсэн үг. Танзанийн уул уурхайн нөөцийн харти гэж бий. Нигерийнх байна. Монголын уул уурхайн нөөцийн харти гэж гарах ёстой л доо.

-Байгалийн нөөцийн харти-г засгийн анхааралд хүргэх тал дээр хэн ажиллах ёстой юм бол, жишээ нь таны зүгээс төр засагт хүргэх тал дээр ажиллаж байна уу?

-Энэ асуудалд санаа зовоод надтай ярилцаад сууж байгаа тань засагт хүргэх нэг алхам. Орчуулаад сайтад байршуулчихсан байна гэдэг нь миний зүгээс санал болгож буй хэлбэр.

-Таныг Ерөнхий сайд байх үед батлагдсан Ашигт малтмалын хуулийг либерал гэж олзуурхах хүмүүс байхад нөгөө талд шүүмжлэл ч дуулддаг…?

-Тэр хуулийг гаргах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Хөрөнгө оруулалт байхгүй, геологийн хувьд ямар ч судалгаагүй, хийсэн жаахан судалгаа нь оросуудын гарт, өөрөө хийе гэхээр боловсон хүчингүй, хөрөнгө мөнгөгүй. Тийм учраас дэлхийн зах зээл дээрх геологи, хайгуул хийх сонирхолтой улсыг татах хэмжээний хууль баталсан юм. Тэр хуулийн үр дүнд Оюу толгойг олсон. Оюу толгой Монголын эдийн засагт асар том үүрэг гүйцэтгээд явж байгаагийн эхлэл нь 1997 оны Ашигт малтмалын хууль. Ийм ач холбогдол, өгөөжтэй эхлэлийг шүүмжилдэг улс бий. Гэхдээ одоо тэр дуу хоолой багасчихаж.

-Импортын татварыг тэглэсэн шийдвэр бас нэлээд шүүмжлэл дагуулдаг. Татвар тэглэх болсон хамгийн том шалтгаан нь юу байв?

-Манай дэд бүтцийн сул хөгжил, хоёр том гүрнийг давж хөрөнгө оруулна гэдэг өөрөө татвар. Байгалийн зохиочихсон татвар дээр УИХ татвар нэмж зохиох нь зөв биш. Импортын татварыг тэглэх олон шалтгааны хамгийн том нь гэвэл энэ. Тэгж байж хөрөнгө оруулагчдыг татаж чадсан. Хайгуул тэгж эхэлсэн. Харин олборлолтын үед яах ёстой, ямар үе шатыг давах вэ гэдгийг дараагийн үе нь ойлгоогүй, хийгээгүй. Баялгийн сангаа хэрхэн байгуулах тухай дараагийн үе ярьсан хэдий ч хийж чадаагүй. Дараагийн үеийн хийж чадаагүй зүйлийн төлөө эхлүүлсэн хүн нь буруутаж болохгүй биз дээ. Цогцоор нь хийдэг зүйл юм гэдгийг өнөөдөр л жаахан ухаарч ойлгох гээд та бид хоёр яриад сууж байна.


Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО” ирэх амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж байна.

Экспо энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хөгжлийн харандаа экспогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жил хөгжлийн харандаа экспог Зайсан хилл цогцолбортой хамтран зохион байгуулж байна. Экспо зохион байгуулагдах өдрүүдэд тус цогцолборын бүх үйл ажиллагаа гэр бүл, хүүхэдрүү чиглэсэн байх болно. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогт таарсан, сонирхсон дугуйлан, сургалт, хөгжлийн чиглэлийн үйлчилгээнээс сонгох боломжтой. Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хууль зүйн мэдлэг олгох сургалт, гэр бүлийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдүүд болон гэр бүлүүд дунд хөгжилтэй тэмцээн уралдаануудыг зохион байгуулна” хэмээн ярилаа.

“Оюуны ундраа группийн соёл, амралтын Зайсан хилл цогцолбороос нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хөгжлийн чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сурталчлан таниулах, гэр бүлийг зөв зохистой мэдээ мэдээллээр хангах, боловсрол олгох энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулахаар болсон. Зайсан хилл цогцолборын зүгээс энэ хоёр өдөр хүүхдэд зориулсан, урлагийн тоглолтууд, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанаас авахуулаад сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэж Оюуны ундраа группийн маркетенгийн борлуулалтын газрын ахлах менежер Л.Отгонцэцэг ярив.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Хөгжлийн харандаа экспод олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клубууд, чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төвүүд, номын сангууд, хүүхдийн зуслангууд гэх мэт хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой” гэв.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулагдана.

Экспод:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Төрийн болон хувийн ЕБС-иудыг “Halloween”-ний баяр тэмдэглэхийг хориглолоо

БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль “Halloween” буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ.

Энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлжээ.

АЛБАН БИЧИГ:

Сүнсний баяр Ирландчуудаас үүсэлтэй. Тэд аравдугаар сарын 31-ний үдэш дэлхийд бүх сүнс цугладаг хэмээн үздэг байж.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өсчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд хүргэн, сэтгүүлчдийн асуултад хариулав.

1.УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
1.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан байна.
1.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
1.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.
1.4. Гадаад худалдаа
2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3%) сая ам.доллараар өссөн байна.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 84.6%-ийг эзлэж байна.
Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.2%, чулуун нүүрсний 99.1%, жоншны 58.6%-ийг БНХАУ-д, 41.2%-ийг ОХУ-д; боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад тус тус экспортлосон байна.
Импорт
Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0%) сая ам.доллараар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний есөн сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр 224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6%-ийг автобензин, 66.4%-ийг дизель түлшний импорт эзлэж байна.
2.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3163 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3163

100%

9 128223.72

100%

5.8%

Хайгуулын

1496

47.3%

7 526114.2

82.4%

4.8%

Ашиглалтын

1667

52.7%

1 602109.70

17.6%

1.0%

2018 оны 9.10 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-10
Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-9
Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1
Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-6
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-55
3.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1.Газрын тосны олборлолтын чиглэлээр:
2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 %-тай явж байгаа бол 4.83 сая баррель (655 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 59.57%-тай байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж 79%-ийн гүйцэтгэлтэй байна.
3.2.Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр:
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
4.САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1. Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны төсвийн багцын санхүүжилтээр нийт геологийн судалгааны 29 төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:
•1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24 төсөл,
•Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийг К хавтгайн хэмжээнд нэгтгэх төсөл
•Улаанбаатар хотын геоэкологи, гидрогеологийн судалгааны төсөл
•Монгол орны голлох ашигт малтмалтын хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
•Төв, зүүн бүсийн Монголын алтны хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
•Монгол, ОХУ, БНХАУ, БНКазахстан улс, БНСУлсын хамтарсан судалгаа
Эдгээр төслүүдийн Геологийн судалгааны ажилд хээрийн шуурхай хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагуудаас 10.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирүүлснээс 9.3 тэрбум төгрөгийг олгоод байна.
2018 оны найм дугаар сарын 22-ноос эхлэн өнөөдрийн байдлаар дөрвөн багцаар 40-н талбайд 270426.07 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласнаас 38082.73 га бүхий найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуй нэгжийг шалгаруулж улсын төсөвт 4,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна.
4.2. ЭБМЗ-ийн “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаан:
•“Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх ЭБМЗ-ийн 13 удаагийн салбар хуралдаанаар хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн 129 тайланг хэлэлцүүлсэн. Үүнд: Алтны шороон орд-41, алтны үндсэн орд-5, ховор металлын орд-1, газрын ховор-1, нүүрс-9, мөнгө холимог металл-1, гянтболд-1, зэс-3, төмөр-1, хайлуур жонш-5, шохойн чулуу-4, барилгын чулуу-13, элс-хайрга-3, элс-3, шавар-2, цахиур-1, базальт-1. /2018.10.19-ний өдрийн байдлаар/.
•“Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж, ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн.
•Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх дөрвөн удаагийн хурлаар УТХ-өөр хийсэн судалгааны ажлын 10 тайлан, 24 төслийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцсэн.
4.3. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:
•Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-р нэмэгдүүлээд байна.
•Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлал, урьдчилсан тандан судалгааны хамтаар боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үзэл баримтлалыг батлуулахаар Сангийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн.
•Монголбанк 2018 оны 09 дүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 1 грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна.
•Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгууллаа. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэх юм.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цагдаа алуулдаг байснаас алдаг байсан нь дээр

Монголчууд их эртнээс “Эрийн муу цагдаа” гэж ойр зуураа хэлж ярьсаар ирсэн. Энэ сэтгэлгээ Манжийн үеэс эхтэй байх гэж боддог юм. Гадны улсын хараан дор аж төрсөн он жилүүдэд цагдаа нар яах нь тодорхой. Харийн орны хуулийг дагаж мөрдүүлж явсан байж таарна. Ер нь ямар ч хүн хуульд захирагдах дургүй, эрх зоргоороо байхыг илүүд үздэг мөн чанартай. Ийм мөн чанартай, тэгээд дээр нь харь улсын хараан дор амьдарч, зохиож баталсан хуулийг нь мөрдөж дагана гэдэг хүсэхээр зүйл биш. Тэгээд л эрийн муу цагдаа гэсэн хандлага гаарсан хэрэг. Социализмын үед ч ялгаагүй. Цагдаа нарт хандах хандлага хөндий хүйтэндүү хэвээр үргэлжилсэн. Шууд нэг улсын хараа мэдэлд биш хэр нь ганц улсаас хамаатай амьдарч байсан учраас “Эрийн муу цагдаа” гэсэн эртнээс улбаатай хандлага төдийлөн эерээгүй. Цагдаагийн тухай энэ мэт сөрөг аяс сүүлийн жилүүдэд харин мартагдах зүг рүүгээ эргэсэн. Учир нь сүүлийн 28 жилийн турш монголчууд төрийн эрхээ өөрсдөө барьж буй. Ямар нэгэн улсын эрх, хүсэл, хараан дор аж төрөөгүй он жилүүдэд цагдаа нарын нэр хүнд өсч байгаа нь бодитой үнэн. Өөрсдөө дэг журмаа тогтоож, тогтоосон дэг журмынхаа дор амьдарч яваа учраас “Эрийн муу цагдаа” гэсэн үг элэрч баларч байна. Хүйтэн халуун ямар ч үед замын түгжрэлийг зохицуулж зогсдог, согтуу хөлчүү жолооч нарыг илрүүлж эрдэнэт хүний амь сүйдэхээс сэргийлж явдаг замын цагдаа нарын тухай эерэг сайхан түүх өчнөөн дуулддаг. Үхэл, аюултай нүүр тулдаг эрүүгийн цагдаагийнхны ажлын хүнд хүчрийг амьдралаараа, биеэрээ мэдэрсэн улс хэдэн мянгаараа бий. Цагдаа нарыг эерэгээр харж ойлгохоор жишээ барагдахгүй л дээ.

Аливаа зүйл хоёр талтай. Цагдаа нарыг муухай харагдуулдаг шалтгаан, мэдээ мэдээлэл ч цөөнгүй дуулддаг. Төр засгийн үлбэгэр сул байдал, ашиг хонжоогоо нийгмийн эрх ашгаас дээгүүрт тавьдаг бүлэглэлүүдийн зөрчил, тэр бүлэглэлүүдэд үйлчилж буй, үйлчлэхээс аргагүйд хүрдэг цагдаа хүчин, хөрөнгөжсөн хурандаа нар гэж ирээд яривал цагдаагийн нэрийг унагасан түмэн өнгө анзаарагддаг. Ийм шалтгаануудаар цагдаагийн нэр хүнд нийгэмд унаж байгаа нь мөн л үнэн.

Сүүлийн үед цагдаа амиа алдлаа гэсэн мэдээ давтамжтай дуулдах боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан амиа алдлаа. Тэрбээр энэ сарын 15-нд албан үүргээ гүйцтгэж явахдаа сэжигтэй машиныг зогсоож шалгахад машиныг жолоодож явсан залуус зугтахыг оролдсон, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг алдахгүйн тулд машинаас нь зүүгдэж, цонхыг нь хагалах гэж оролдсон ч харамсалтайгаар осолдож амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хөвөрсөн юм. Дөрвөн хүүхдийн аав, дөч гаруйхан настай цагдаа залуу өнөөдөр бидний дунд алга.

Одоогоос таван жилийн өмнө Ховд аймгийн Булган суманд хорьхон настай цагдаа залуу гэмтнүүдийн гарт амиа алдаж байв. Цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг зэвсэглэсэн этгээдүүд буудаж хөнөөсөн юм. Тухайн үед цагдаагийн гурван албан хаагч Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа “Бүрэн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоож эвдэрснийг анзаарсан байдаг. Хулгай орсон байх гэж сэжиглэсэн цагдаа залуус өнөө дэлгүүрт яваад орж. Дэлгүүр тонож байсан буутай хүмүүс цагдаагийн аминд хүрсэн нь тухайн үед шуугиан болоод өнгөрч байв. Согтуу иргэнд арав гаруй удаа хутгалуулж амиа алдсан цагдаагийн түүх ч хуучраагүй, өнөө ч сэтгэл эмзэглүүлдэг.

Согтуу иргэний хүйтэн мэсэнд өртсөн, галаас хүн аварч яваад амиа алдсан, хэмжилт хийж яваад машинд дайруулж орчлонгооос буцсан гэх мэт ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан цагдаа нарын тоо 70 хүрсэн гэсэн статистик дуулдаж байна. Бүр тодруулж хэлбэл 1961 оноос хойш 18-35 насны 70 орчим албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн тоог өнгөрсөн долдугаар сард цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Энэ бүхнийг эргэж шүүгээд бодоход Монголын цагдаа гар нүцгэн учраас аюулын өөдөөс яаж ч чадахгүй амиа алдаж байна. Бусад улсын цагдаа нар шиг буутай явдаг байсан бол “Цагдаа амиа алдлаа” гэсэн гунигтай мэдээ байсхийгээд цацагдахгүй. Хуулийн дор амьдардаг нийгэм дэг журамтай, цэгцтэй, амьдрахад аятай тухтай, хөгжил нь дажгүй байдаг нь хүн төрөлхтний түүхийн жам. Хуулийг хэрэгжүүлж мөрдүүлдэг цагдаа нар нь хүчтэй, зэвсэгтэй байж жинхэнэ хууль сахиулагч шиг харагдаж үнэлэгдэнэ. Иргэд нь хуулиа тоохгүй, цагдаагаа үл хүндэтгэдэг улс орныг хүний нийгэм цогцлоосон гэхэд хэцүү. Тийм орчинд адгуусны нийгэм л бүрдэнэ. Тэгэхээр цагдаа нараа гэмтний өөдөөс зоригтойгоор сөрөөд орох чадалтай болгоё. Бүр тодруулж хэлбэл буутай болгоё.

Америкаас эхлээд дэг журмыг эрхэмлэсэн ямар ч улсад цагдаа нар нь буутай явдаг. Америкт хэн нэг цагдаа хүн буудаад хөнөөсөн тохиолдол сонсогдож л байдаг. Тэр тохиолдолд “Цагдаа эрхээ хэтрүүлээд хүний амь эрсэджээ” гэсэн мэдээлэл цацагддаг. Хэзээ ч цагдаа хүн буудсан нь буруу хэрэг боллоо гэсэн утгатай мэдээ цацагддаггүй. Цаад шалтгаан нь өөр учраас тэр л дээ. Гэмт хэргийг зогсоох гэж яваад хэн нэгнийг буудахаас аргагүй байдалд хүрсэн бол яах ч аргагүй гэдгийг соёлт хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Гадаадын ямар ч улсад цагдаа нь буудах эрхтэй, гэмт оролдлогыг бүр боломгүй үед буугаар зохицуулах эрхтэй байхад Монголын цагдаа л гэмт этгээдүүдэд буудуулж, хутгалуулж, дайруулж амиа алдсаар байна. Ардчилсан нийгэмд цагдаа алуулж байснаас, цагдаад алуулж байсан нь илүү дээр шийдэл гэдэг юм билээ. Улс орнуудын түүхийг харах нь ээ амьдралд батлагдсан үнэн л дээ.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий дөрвөн медальт О.Насанбурмаагийн сонирхолтой баримтууд

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алтай констракшн” компанийн бөх, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын К.Жюстинад ялагдан, мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын спортын түүхэнд дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль авсан анхны тамирчин болов.

-Тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ах, дүү долуулаа бөгөөд айлын отгон хүүхэд. Түүний аав Баянхонгор аймгийн Жинст, ээж нь Увс аймгийн Хяргас сумын уугуул.
-Нийслэлийн 73 дугаар сургуулийг төгссөн О.Насанбурмаа багадаа Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэж байж. Төрсөн эгч О.Мягмарсүрэн нь түүнд “Миний дүү чөлөөт бөхөөр хичээллэ. Хэрвээ амжилт гаргавал аав, ээжийнхээ нуруунаас ачаа хөнгөлнө” гэж зөвлөснөөр Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлагад чөлөөт бөхөөр 2003 онд хичээллэж эхэлжээ.
-Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдыг дэлхийд тахалж явсан, түүний эгч О.Мягмарсүрэн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, улсын долоон удаагийн аварга. Эмэгтэй бөхчүүдээс эгч, дүү хоёр улсын аварга болсон ганцхан тохиолдлын эзэн нь тэд.
-О.Насанбурмаа чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байхдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.
-16 настайдаа буюу хамгийн залуудаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн бахдам амжилт түүнийх.
-Тэрбээр насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилтын эзэн.
-Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн дэвжээнд хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан (2008, 2011, 2013) цорын ганц тамирчин.
-“Гуанжоу-2010” Азийн наадмын дэд аварга тэрээр Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, нэг хүрэл, залуучуудын ДАШТ-мөнгө, хүрэл медальтай.
-Залуу тамирчдад боломж олгохын тулд Азийн АШТ-д төдийлөн зодоглодоггүй тэрбээр энэ жил тус тэмцээнд үзүүрлэсэн. Тивийнхээ аваргад дөрөв дэх удаагаа оролцон, 10 жилийн дараа хоёр дахь мөнгөн медалиа авсан юм.
-О.Насанбурмаа 2011 оны ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Улмаар түүний эрхээр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг оролцон, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
-2012 онд Гавьяат тамирчин болсон тэрбээр 2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд дийлдэн, V байрт шалгарсан. Улмаар эл амжилтаараа Риогийн олимпын эрх аван, зодоглосон.
-Өнөө жил ДАШТ-д хамгийн олон буюу 10 дахь удаагаа оролцож буй О.Насанбурмаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жинд өөрчлөлт оруулсны дагуу 69-өөс өгсөн 72 кг-д барилдаж байна.
-Тэрбээр 2005 онд өсвөрийн Азийн аварга болсноо дурсах дуртай. Учир нь шавийнхаа барилдааныг камераар бичихээр очсон Т.Сүхбаатар дасгалжуулагчийг асаах хооронд нь аль хэдийнэ ялчихсан өөдөөс нь алхаж явсан гэдэг. Тэгж дөрвөн өрсөлдөгчөө богино хугацаанд цэвэр ялснаас болоод Т.Сүхбаатар гавьяат түүний барилдааныг дүрсжүүлж чадаагүй юм билээ.
-Монголын спортын түүхэнд ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болов, О.Насанбурмаа. Жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан зургаахан хүчтэн байдаг нь Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (хоёр алт, нэг мөнгө), З.Ойдов (хоёр алт, нэг хүрэл), Х.Баянмөнх (нэг алт, хоёр мөнгө), Д.Сумъяа (алт, хошой хүрэл), Гавьяат тамирчин О.Бурмаа (нэг мөнгө, хоёр хүрэл) нар юм.
-Баруун, зүүн хөл авах, толгой уургалж, сугадах барилдааны онцлогтой түүний хань нь Завхан аймгийн харьяат, аймгийн начин С.Доёддорж юм.

Ganjuurjav Ganjuurjav-н зураг.

Б. Буяндалай-н зураг.Б. Буяндалай-н зураг.Б. Буяндалай-н зураг.Б. Буяндалай-н зураг.