Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Өнөөдөр Төрийн ордонд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг” болж байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны дарга, намын бүлгийн дарга нар, хуулийн шинэ төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн болон Ажлын дэд хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 1992, 2005, 2011 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 1993, 2012 онд батлагдсан хуулиар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 1996, 2007, 2012 онд батлагдсан хуулиар тус тус зохион байгуулж ирсэн. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулиар Улсын Их Хурлын сонгуулийн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэг хуулиар зохицуулах болсон.

Сонгуулийн тухай энэхүү нэгдсэн хуулиар Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан.

Гэвч эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд болон хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд, сонгогчид, нэр дэвшигчид, сонгуульд оролцсон нам, эвслүүдээс удаа дараа илэрхийлж байсан.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан сонгуулийн тогтолцоо, үндсэн зарчим, журмыг улам бүр тодорхой болгох, хуулийн тогтвортой байдлыг хангах, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан нар томилогдон ажиллаж байгаа.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулаад байна. Хуулийн төслүүдийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг барьж ажилласан” хэмээн онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгуулага бол Улсын Их Хурал бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг, түүнчлэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж зааснаас үзэхэд гурван өөр субъектыг сонгох сонгуулийн хуулиуд нь зайлшгүй тус тусдаа байх шаардлагатайг илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай бөгөөд ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг.

Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймээс Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ерөнхий зарчмыг баримтлан боловсруулсан. Ингэхдээ сонгууль тус бүрийн онцлогийг тусгаж өгсөн.

uihМөн төслүүдийг боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан дэд ажлын хэсгийг байгуулан саналыг нь авч сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудтай холбоотой зохион байгуулалтын шинжтэй зохицуулалтуудыг төсөлд тусгаад байна.

Ажлын хэсгээс дээр дурдсан гурван хуулийн төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад 2018 оны 9 сарын 12-ны өдөр урьдчилан хүргүүлсэн. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус хоёр байгууллага хуулийн төслүүдэд холбогдох саналаа ирүүлээд байгааг Улсын Их Хурлын дэд дарга танилцуулгадаа дурдаад энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нийт 28 нам, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 120 орчим төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгааг онцлов. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад гаргасан саналуудыг Ажлын хэсэг нэгтгэн судалж үзсэний үндсэн дээр эхний байдлаар боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлал, төслүүдийг улам боловсронгуй болгон сайжруулж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Тэрээр танилцуулгадаа, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулж явуулсан. Мөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиудыг тус тус зохион байгуулсан. Эдгээр сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах явцад хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, сонгуулийн зохион байгуулалт, хуулиар зохицуулаагүй харилцааны зарим асуудал, мөн хуулийн давхардсан, зөрүүтэй зохицуулалтууд зэргээс үүдэлтэйгээр хуулийн хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсч байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байсан болно.

Иймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуультай харьцуулсан байдлаар ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь 12 бүлэг, 90 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар 2016 онд зохион байгуулж явуулсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн явцад хууль хэрэгжүүлэх шатанд гарч байсан хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд гарч байсан эргэлзээг засаж сайжруулах үүднээс шинэ төслийг боловсруулсан талаар хуулийн тодорхой зүйл, заалтад үндэслэн танилцуулсан юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж нийгэмд хүлээлт үүсгээд байгаа ийм үед засаглалын асуудлаа тодорхой болгож байж сонгуулийн хуулиа ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн эхнээс зогсоох, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийг товлон зарласан өдрөөс эхлэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, мөн МҮОНРТ-ээр нэр дэвшигч бүрт сурталчилгааны цаг өгдөг байдлыг болиулж сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэлд нь тодорхой цаг өгдаг байх нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Мөн хуулийн зүйл, заалтууд биш гол нь хуулийн төслийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж ярилцмаар байна, энэ хуулийн төслийн гол зорилт нь улс төрийн намууд, иргэд сонгогчдод адил тэгш үйлчлэхэд чиглэсэн байх учиртай, намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох, хууль зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод түвшинг тодорхой хэмжээгээр өсгөсөн мөнгөн дүнгээр торгоод өнгөрөх биш нэр дэвшигчдийг эгүүлэн татдаг, төрийн албан хаагчдад хатуу чанга хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв юм гэсэн Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой санал нэг байгаагаа Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо илэрхийлж байв.

Түүнчлэн Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золжаргал сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараагийн сонгууль болохоос 12 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол өөрчлөлт оруулдаг босго тогтоох, сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдлыг арилгахын тулд бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох, айлын хаалга татаж сурталчилгааны материал тараадаг байдлыг болих шаардлагатай гэсэн саналтай байгаагаа хэлж байв.

Түүнчлэн улс төрийн бусад намууд, иргэний ниймгмийн карим байгууллагын төлөөллүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хэлсэн хүмүүсийн ихэнх нь энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасны дараа дахин хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатайг ажлын хэсэгт санал болгож байв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зарим асуултад Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, нэмэлт тайлбар, тодруулга хийсэн юм.

Хэлэлцүүлэг үдээс хойш үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно

Нийслэлийн 379 жилийн ой, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас маргааш “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болжээ.

Уг зөвлөгөөн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Зөвлөгөөнд нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудынтэргүүний 300 архивчдын төлөөлөл оролцоно.Улаанбаатар хотод 1958 оноос архивын тасаг үйл ажиллагаа явуулах болсноор өнөөгийн нийслэлийн Архивын газрын түүхэн замнал эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд нийслэлийн Архивын газар нь Улаанбаатар хотын түүх соёлын өвийг бүрдүүлэх, хадгалан хамгаалах, архивын хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, олон улсынхотуудын архивын жишигт нийцүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, үр дүнд хүргэн ажилласан.

Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй зөвлөлдөж, асуудлыг шийдвэрлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Др.Томас Бахтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпын холбооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Ноён Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Олон улсын олимпын хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпын хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, олимпын хорооныхон “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэж байгаа зэрэг Олон улсын олимпын хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрчимжсэн хөдөө, аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Швейцар улсын Женев хотын сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдэл болох 1911 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Лайтерс Руйнерс” компанид зочилж, тус байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Нэгдлийн захирал Тьерра Чарьветийн танилцуулснаар Швейцар улс нь цаг, банк, оюуны өмч, олон улсын байгууллагуудын төвүүд байрладаг зэрэг олон зүйлсээрээ алдартай хэдий ч хөдөө, аж ахуйн бодлого, орлого нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн танилцуулсан юм. Тухайлбал, Женев хотын газар нутгийн 40 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж, хөдөө, аж ахуйн салбар нь жил ирэх бүр төрөлжиж, худалдаа логистикийн салбарын дийлэнх орлогыг бүрдүүлэх болжээ.

Жишээ нь, энэхүү нэгдэл 180 гаруй фермерээс жилдээ 47 сая литр сүү цуглуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн бус мах, махан бүтээгдэхүүн, худалдаа логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж 2017 оны байдлаар 215 сая швейцар франкийн орлоготой ажиллажээ.

Энэ нь фермерийн аж ахуйгаас өндөр ашиг тус гаргах тус улсын технологи, фермерийн буюу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлоготой нягт холбоотой гэж тус улсын Сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдлийн удирдлагууд танилцуулсан юм.

Танилцуулгын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэлийн явцтай нь танилцаж, Монгол Улсын хөдөө, аж ахуй, энэ салбарт ашиглаж буй технологийг нэвтрүүлэх, ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон юм.

Categories
гадаад мэдээ

2019 оны зун Хэмингуэйн хэзээ ч нийтлэгдэж байгаагүй хоёр өгүүлэл нийтлэгдэнэ

2019 оны зун Хэмингуэйн Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан тухай өгүүлэх хоёр өгүүллийг олны хүртээл болгох гэж байна. Эдгээр өгүүлэл нь дахин хэвлэгдэж буй “Хонх яагаад дуугарна вэ” номонд багтах аж. “Сүрлэг хөшөө” болон Индейчүүдийн нутаг ба цагааны арми” гэх нэртэй эдгээр өгүүллүүдийг зохиолч 1950-иад оны дундуур бичсэн гэнэ.

Үүнээс гадна шинэ номонд “Цэцэрлэг рүү гарсан өрөө” гэх өгүүлэл ч багтсан бөгөөд энэ өгүүлэл 2018 оны наймдугаар сард “The Strand Magazine” сэтгүүлд нийтлэгдэж байсан аж. 1956 онд Эрнест Хемингуэй сурвалжлагчаар Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон тухайгаа дурссан таван өгүүлэл бичсэн байдаг юм. Эдгээр өгүүллүүд нь хүмүүсийг сэртхийлгэх болов уу гэж зохиолч үзэж байсан учир хэвлэлийн төлөөлөгч Чарльза Скрибнерт хандан нас барсных нь дараа нийтлэхийг захиж байсан гэдэг. Тэдний нэг болох “Уулзвар дээрх хар илжиг” өгүүлэл хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн бөгөөд сүүлчийн өгүүлэл болох “Хөөсөн нэр хүнд” өгүүлэл хэзээ нийтлэгдэх нь тодорхойгүй байгаа юм.

Эрнест Миллер Хэмингуэй (1899-1961) Америкийн алдарт зохиолч бөгөөд 1954 онд утга зохиолын салбар дахь Нобелийн шагнал хүртэж байжээ.Түүний зохиолууд, мөн адал явдлаар дүүрэн амьдрал Э.Хэмингуэйг алдартай болгосон юм. Зохиолууд нь олон хэл рүү хөрвүүлэгдэн хэвлэгдэн гарсан байдаг.

Хэмингуэй Дэлхийн хоёрдугаар дайнд цэргийн сурвалжлагчийн хувиар Герман болон Францын нутаг дэвсгэр дээгүүр Их Британийн бөмбөгдөгч онгоцныхонтой хамт нисч байсан аж. Нормандид газардсан холбоотнуудын талаар бичиж 1944 оны наймдугаар сард Америкийн цэргийн хамт Парис хотод орсон бөгөөд баатарлаг гавьяаг нь үнэлэн Хүрэн одоор шагнажээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зохиолч сэтгэл санааны гүн хямралд орсноос үүдэн 1961 оны долдугаар сарын 2-нд амиа егүүтгэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Сувилагчид судалгааны ажлын бүтээлүүдээ танилцууллаа

“Сувилахуйн хүний нөөц” сэдэвт Олон улсын хурлыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Монголын сувилагчдын нийгэмлэг, Солонгос улсын Чусоны их сургуультай хамтран зохион байгуулж, сувилагчдын судалгааны ажлын бүтээлүүдтэй танилцлаа. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын 150 орчим сувилагч оролцож байна.

Энэхүү арга хэмжээнд Солонгос улсаас МҮИС-аар дамжуулан хэрэгжүүлж байгаа “Сувилахуйн бакалаврын боловсролын чанарыг сайжруулах” төслийн баг үйл ажиллагаагаа танилцуулж, сувилахуйн ёс зүй, Үр дүнд суурилсан сувилахуйн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй зэрэг олон чухал сэдвийг хөндсөн илтгэлүүдийг сонсч хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил Өмнөговь аймагт 85 хувьтай байна. Тус аймагт энэ жил ойрын хэдэн жилд ороогүй их хэмжээний бороо орж, намаржилт сайхан байгаа юм. Сумдын хувьд 324 тонн өвс, 437 тонн тэжээлийг бэлтгэсэн бөгөөд малчид гар дээрээ 400 тонн байгалийн гар хадлан 1200 тонн даршийг бэлтгээд буй.

Аймгийн засаг даргын аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 50 тонн хорголжин, 50 тонн хэвэг бэлтгэжээ. Мөн энэ жилийн хувьд 279,5 га-д төмс хүнсний ногоог тариалж 1841 тонн ургацын хураан авсан нь өнгөрсөн оныхоос 300 тонноор ургацын хэмжээ нэмэгдсэн хэмээн ХХААГ-ын дарга Т.Батжаргал хэллээ.

Малчид өөрсдийнхөө өвөлжөө хаваржаа болон худаг усаа дулаалах, зарим сумдад малчдын бэлтгэх хадлан тэжээл бүрэн хангагдаагүй байгаа тул хатуу өвлөөс урьтаж бэлтгэлээ бүрэн базаахыг албаныхан холбогдох байгууллагууд болон малчдад анхааруулав.

Categories
мэдээ спорт

​Ойрын үед болох үндэсний бөхийн барилдаанууд

Ойрын өдрүүдэд болох үндэсний бөхийн барилдаануудыг танилцуулахад, “Мөнхийн үсэг” группын спорт зааланд маргааш буюу 10-р сарын 26-нд Улсын харцага Ч.Даваадорж агсны нэрэмжит “Их Монголын хүчтэн” дэвжээний ээлжит барилдаан болно.

Харин 10 дугаар сарын 28-нд Дундговь аймгийн харьяат улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болох бол энэ өдөр “Аса” циркт аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийн нээлтэнд зориулсан 256 бөхийн барилдааныг зохион явуулах юм. Харин 11 дүгээр сарын 8-нд Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдааныг “Буянт ухаа” спортын ордонд зохион байгуулахаар товложээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын өдөр буюу НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хэмээн тэмдэглэдэг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын 73 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан НҮБ-ын байранд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ нөр их хүч, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өөрийн улсын тусгаар тогтнолоо бататгасан бахархалтай гишүүн хэмээгээд НҮБ нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон сорилт бэрхшээлүүдийг ёс зүй, олон улсын хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага гэдгийг онцлов. Түүнчлэн НҮБ хүн төвтэй байгууллага гэдгээрээ хэнийг ч үл орхигдуулах зарчмыг тунхаглан баримталж байгааг сайшааж, цаашид тус байгууллагыг улам бэхжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманн үг хэлсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес-ийн мэндчилгээг мөн толилуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүй”-г шалгаруулна

МҮЭСТО-ноос “Хамгийн урт гэзэгтэй Монгол бүсгүй-3” уралдааныг зохион байгуулж байна. энэхүү уралдаан гурав дах удаагаа зохиогдож байгаа аж.

Уралдааны нэгдүгээр шатанд аймаг, нийслэл, дүүргээс шалгарсан 6-75 хүртэлх насны 50 гаруй урт гэзэгтэй эмэгтэйчүүд өнөөдөр МҮЭСТО-д уулзалт зохион байгууллаа. Уралдааны хоёрдугаар шат 11 дүгээр сарын 11-нд болох бөгөөд оролцогчдоос

-Сайхан гэзэгтэй авьяаслаг эмэгтэй

-Сайхан гэзэгтэй үзэгчдийн талархал хүлээсэн эмэгтэй

-Хамгийн сайхан эзэгтэй фото мисс эмэгтэй

-Хамгийн ахмад урт гэзэгтэй эмэгтэй

-Хамгийн залуу урт гэзэгтэй эмэгтэй гэх мэт төрлөөр шалгаруулах юм.

Уралдааныг санаачлан зохион байгуулагч СТА А.Мядагмаа “Монгол бүсгүйчүүдийг чимдэг гоёлын нэг нь урт гэзэг. Дарьганга бүсгүйчүүд алдартай уран дархчуудынхаа урласан, монгол өв соёлоо хадгалсан гоёл чимэглэлээр үс гэзгээ гоёдог байсан. Манай уралдаанд Сүхбаатар аймгийн урт гэзэгтэй бүсгүйчүүд олноор оролцоно. Бид өнөө үед мартагдаад байгаа өв уламжлалаа сэргээх зорилгоор эл уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд 8 настнаас 80 настай буурал ч оролцох боломтой. Хамгийн залуу оролцогч 6 настай, хамгийн ахмад нь 75 настан байна. Тэмцээний гол шалгуур нь үсний уртын хэмжээ, арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзнэ. Хамгийн холоос ирсэн оролцогч Увс аймгийнх бол хамгийн олон оролцогч Багануур дүүргээс ирж байна” гэв.