Categories
мэдээ цаг-үе

Далай ламын эмч Барри Керзин: Далай багшийг зорьж ирдэг төвд хүмүүс цөөрсөөр байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Түрүүч нь 207(6050) дугаар

Далай ламын эмч Барри Керзинтэй ярилцлаа.


-Хоёулаа өмнөх ярилцлагадаа тархи судлал, бясалгал зөв амьдралын тухай хөөрөлдсөн. Одоо таны тухай, Далай ламын тухай яримаар байна. Та хаана төрсөн бэ, гэр бүлээ танилцуулаач?

-Би Калифорнийн Холливудад төрсөн. Айлын том хүү. Нэг эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань Санфранцискогийн ойролцоо амьдардаг. Нийгмийн ажилтан хүн. Хүний эрхийн төлөө тэмцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг юм. Охин дүү маань Английн хойд хэсэгт амьдардаг, их дээд сургуулиудад генетикийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хүн бий. Хоёулаа гэрлэсэн. Харин би гэрлээгүй, Дарамсалад Далай багштай нэгэн дээвэр дор амьдарч байна.

-Таныг анагаах ухааны доктор гэдгийг мэднэ. Ямар чиглэлээр мэргэшсэн бэ. Анагаахын чиглэлээрээ ямар ажил албууд хашиж байна?

-Миний хувьд өрхийн эмчилгээ тусламжаар мэргэшсэн хүн. Хэд хэдэн сургуульд багшилж байна. Хонгконгийн их сургуулийн хүндэт профессор. Тэнд зөвлөх профессорын албатай. Анагаах ухааны сургуулиас гадна Буддын шашныг судлах сургууль гэж бас бий. Тэр сургуулийн зөвлөх, олон жилийн өмнө Вашингтоны анагаахын сургуульд дэд профессороор ажиллаж байсан. Одоогоор Вашингтоны анагаахын сургуульд зочин багшаар ажиллаж байгаа. Энэтхэгийн Баранаст Төвд судлалын их сургууль гэж бий. Энэ сургуулийн дэд профессор. Асрах энэрэх сэтгэлийн чиглэлээр төрийн бус байгууллагатай. Ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Японд “Хүний үнэ цэнэ” гэдэг байгууллага байгуулсан. Үүсгэн байгуулагчдынх нь нэг л дээ. Одоо ТУЗ-ийнх нь даргаар ажиллаж байна.

-Та хүмүүст анагаахын үйлчилгээ үзүүлдэг үү?

-Гуч гаруй жил анагаахын үйлчилгээг үнэгүй үзүүлсээр өнөөг хүрсэн. Зарим тохиолдолд санхүүгийн боломжгүй хүмүүст эм тарианы тусламж үзүүлдэг.

-Хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байх…?

-Японд насанд хүрээгүй-чүүдийн хориход ажилладаг. Төвлөрлийн бясалгал зааж, уур хилэнгээ жолоодож удирдах тухай сургалтууд явуулдаг юм. Үүнээс гадна Японд номын аялал буюу эргэл мөргөл хийдэг. Петерсбургийн анагаах ухааны их сургуульд 16 мянган сувилагчийг сургасан. Харин энэ жилийн сүүлээр Петерсбургт эмч нарт зориулсан сургалт явуулах гэж байгаа. Тэндэхийн цагдаагийн удирдлагуудтай уулзах ажил бий. Гангстеруудынх нь толгойлогчидтой бас уулзана.

-Гангстерууд тантай уулзахыг хүсэв үү, эсвэл та өөрөө уулзах гэж байгаа юу?

-Уулзах хүсэлт тавьсан юм. Ер нь бусад улс орны гангстерууд ч уулзах хүсэлт тавьдаг. Би тэдэнд өөрөө өөртөө итгэл зөв итгэлийг яаж бий болгох, уур хилэнгээ хэрхэн удирдах чиглэлээр сургалт хийдэг л дээ. Мэдээж бясалгал заана. Маш сайн хүлээж авдаг шүү.

-Буддизмын юу нь таныг бурханы шашин руу эргэлт буцалтгүй татсан бэ?

-Би 14 настайдаа зэн буддизмын хоёр ном уншсан юм. Тэр хоёр номноос “Хүн өөрөө л бодит байдлыг мэдэж бүтээдэг” гэсэн өгүүлбэр сэтгэлд тод үлдчихсэн. Бидний ярьж яваа зүйл, үзэл хандлага л бодит байдлыг бүтээдэг нь гарцаагүй үнэн. Эндээс л бүх зүйл эхэлсэн дээ.

-Далай ламыг маш эрт сэрдэг гэж сонссон…?

-Тийм шүү, үүрийн гурван цагт сэрдэг. Сэрээд найм, есөн цаг хүртэл бясалгадаг. Дараа нь дугуйн дээр дасгал хийдэг. Өглөөдөө 40 минут, оройдоо 20 минутыг дасгал хийхэд зарцуулдаг. Бясалгалынхаа хооронд үүрийн таван цагийн үед өглөөнийхөө цайг барина. Ихэвчлэн есөн цагаас ажил нь эхэлдэг. Ном айлдахаар бол номоо айлдана. Хүмүүстэй уулзах хэрэгтэй бол уулздаг. Далай багш англи хэлээр ажлыг нь хөтөлж явуулдаг хоёр нарийн бичигтэй. Хятадаар ажил хэргийг нь явуулдаг нэг, төвдөөр явуулдаг нэг нарийн бичигтэй. Бүгдээрээ төвд хүмүүс. Далай багшийн заларч байгаа Бутанд төвд биш ганц хүн амьдардаг нь би.

-Нарийн бичиг гэхээр бичиг цаасных нь ажлыг хариуцдаг гэсэн үг үү?

-Нарийн бичиг гэдгийг арай өөрөөр ойлгоорой. Английн удирдах тогтолцооны дагуу явдаг нэлээд өндөр түвшний хүмүүс байдаг. Энгийнээр зүйрлэвэл захиргааны ажилтнууд гэж ойлгож болно.

-Далай лам өдрийн зоогоо барьсаныхаа дараа огт хооллодоггүй гэсэн, үнэн болов уу?

-Тэгдэг шүү. Ер нь буддын лам нар үдээс хойш зоог барьдаггүй. Лам хүний сахиж явах ёстой сахилын нэг л дээ. Далай багш өдрийнхөө зоогийг 11.30-12.00 цагийн хооронд барьдаг юм. Энэ үед нэлээд ахиу хооллоно. Тэгээд л болоо. Үдээс хойш бурханы шашны ном уншиж судалдаг. Орой харин их эрт нойрсдог. 17.00-18.00 цаг гээд нойрсох өрөө рүүгээ явдаг. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ мэдэрдэг нэг зүйлээ хэлмээр байна. Миний бодож байгаагаар Далай багшийн нойрсох нь бидэнтэй адил биш болов уу. Нойрсох үедээ ч хамаг амьтны тусын тулд бясалгадаг байх. Нотлох аргагүй л дээ, энэ бол надад төрдөг бодол, мэдрэмж (инээмсэглэв).

-Алдартай хүмүүс олноороо зорьж очно биз?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн улс орнуудын удирдагчид, урлаг, спортын алдартнууд зорьж ирдэг.

-Урт хугацааны бясалгалаа ямар давтамжтай хийдэг бол?

-Далай багш Дарамсаладаа жилд 1-2 удаа хэд хэдэн долоо хоногоор бясалгалын бүтээл хийдэг. Тэр үедээ хүн хүлээж авдаггүй. Дарамсалад байхаасаа бусад үед гэвэл Энэтхэгээр их аялдаг. Олон улс оронд очдогийг нь та мэдэх байх. Одоо Далай багшийн нас өндөр болсон учраас өмнөх шигээ олон улсад айлчилж аялдаг нь цөөрсөн.

-Төвдүүд Далай багшид олноороо бараалхдаг уу?

-Төвд хүмүүс олноороо зорьж ирдэг. Гэхдээ сүүлийн үед Далай ламыг зорьж ирэхэд хэцүү болж байгаа. Зорьж ирэх төвдүүдийн тоо цөөрч байна. Ерөнхийдөө баасан гаригийн өглөө төвд хүмүүс Далай багштай уулзах гэж урт дараалал үүсгэж зогсдог юм. Би танд нэг түүх ярьж өгье. Төвдөөс зугтаж ирсэн настай эрэгтэй хүн багшийг зориод ирж л дээ. Далай багш төвдүүдтэй уулзахдаа нэрийг нь, хаанаас ирснийг нь сонирхдог юм. Гэтэл өнөө настай хүнд Далай багш “Та түр хүлээж байгаарай. Дараа нь тухтай уулзъя” гэж. Хэсэг хүлээлгэсний эцэст тэр хүнтэй уулзахдаа “Хятадын цагдаагаас зугтах үед салаа замтай таарсан уу” гэж асуужээ. Мөнөөх эр “Тийм ээ, тэгсэн шүү” л гэж. Далай багш инээмсэглэснээ “Цагаан морьтой эрэгтэй хүн замыг тань зааж өгснийг санаж байна уу” гэж лавлажээ. Ахимаг насны эр “Аль замаар явахаа мэдэхээ байх үед үнэхээр тийм хүн гарч ирээд замыг минь зааж өгсөн” хэмээн гайхан хариулж. Тэгж хэлэхэд нь Далай багш баясгалантайгаар инээгээд “Тэр хүн чинь би байна” гэсэн гэдэг.

-Үнэхээр болсон явдал уу?

-Энэ бол ам дамжин яригддаг түүх. Яг болсон эсэхийг нь би мэдэхгүй. Гэхдээ маш олон хүн ийм зүйл болсон гэдэгт бат итгэдэг. Заримдаа Далай багш энгийн хүний дүрд хувираад тус бүтээдэг гэж ярьцгаадаг. Ингэх боломжтой. Номын тийм чадал Далай багшид бүрэн бий. Би танд дахин нэг түүх ярьж өгье. Энэ түүх бодитой, яг надад тохиолдсон үйл явдал. Далай багш Бразилийн Рио де Жанейрод байгаль орчны чиглэлээр 1990 онд болсон нэг чухал уулзалтад оролцож байсан юм. Тэр уулзалтад оролцохоо шийдэж амжаагүй байхад нь нэлээд аюултай халдварт өвчин дэгдэж таарсан. Яг тэр өдрүүдэд намайг өрөөндөө дуудаад “Чухал хүмүүс байгаль орчны анхаарал татахаар сэдвээр ярилцана. Би оролцмоор байна, ийм өвчин дэгдсэн үед Бразил руу явбал яах бол” гэж асуухад нь би хоол ундандаа сайн анхаарч, вакцин тариулаад явах боломжтой гэсэн хариу өгчихлөө. Далай багш тухайн үед уламжлалт анагаах ухааны маарамбаасаа бас тэгж асуусан юм билээ. Тэр хүн яваад хэрэггүй гэсэн зөвлөгөө өгсөн л дөө. Хоёр өдрийн дараа Далай багш өрөөндөө дуудлаа. “Хуралд оролцохоор шийдлээ” гэдэг юм. Яг тэр агшинд би “Уламжлалт анагаахын маарамба нь яваад хэрэггүй гээд байхад миний зөвлөгөөгөөр аюултай сонголт хийчихлээ” гэсэн бодолдоо дийлдсэн үү, нэг тийм сонин мэдрэмжид эзлүүлчихлээ. Далай багшийн өрөөнд орсон хүмүүс гарахдаа нуруугаа харуулдаггүй ёстой. Хойшоо ухран ядан гарах гэж байх агшинд гэнэт гараас минь атгадаг байгаа. Сандарсныг минь мэдэрсэн хэрэг л дээ. Гараас минь хөтлөөд бясалгал хийж суусан өрөө рүүгээ дагуулаад ордог юм. Тал талдаа метр хагасын хэмжээтэй ширээн дээр хагас үнэт чулуунууд дүүрэн харагдлаа. Тэр жижгэвтэр өрөөний хана дагуух шилэн хоргонд залсан бурхадын дүр ихэмсэг, сүрлэг, амгалан гэж. Далай лам намайг хөтөлсөн чигээр үнэт чулуу өрсөн тэр ширээг гурван удаа тойрсон шүү. Сүүлд нь надад хоёр чулуу бэлэглэсэн. Нэг нь эрхий хурууны чинээ болор, нөгөө нь төвдийн нэлээд эртний оюу. Далай багшийн өгсөн болорыг би Дарамсала дахь өрөөнийхөө шүтээний хэсэгтээ залсан. Оюуг нь хүзүүндээ зүүж явдаг. Далай багш хүнийг тэгж айхавтар мэдэрдэг. Миний хувьд маш хүчтэй мэдрэмж төрүүлсэн өдрийн нэг.


Categories
мэдээ цаг-үе

“Харш”-ийн Бааска: “Хос залуус” дуу миний нэрийн хуудас юм

“Харш” хамтлагийн дуучин Бааска буюу Сэрчмаагийн Баасандоржтой ярилцлаа.


-Та урлагт хүүхэд байхаасаа л хөл тавьсан. “Улаан бүч” чуулгаас урлагийн зам мөр тань эхэлсэн болов уу?

-Миний урлагийн зам мөр яалт ч байхгүй “Улаан бүч” чуулгаас эхэлсэн. Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэд хүүхдийн “Улаан бүч” чуулгыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж санаачлан байгуулсан түүхтэй. Тэр чинь 1979 он. Олон улсын хүүхдийн жил байлаа. Чимэддорж гэж тэр мундаг хөгжмийн зохиолчийг “Ургацын далай”, “Нас тогтох сайхан” гээд олон дуугаар нь хүмүүс мэднэ. Мөн Монголын орчин үеийн страдын урлагийн тулгын чулууг тавьсан “Баян Монгол” чуулгыг байгуулсан гэдгээр нь урлагт хайртай хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Чимэддорж багш урлагийн төлөө өөрийгөө тэгж зориулсан нуруутай, буурьтай сайхан хүн байлаа. “Манай гариг баярласаар”, “Цэнгэлийн орон” гээд дан хөгжмийн бүтээлүүд, хүүхдийн магтуу дуу олныг бичсэн дээ.

Энэ хүний удирдлагад миний бие таван жил болсон. “Улаан бүч” чуулгад “Аяны шувууд”, “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу гээд олон сайхан дууны хөгжим бичсэн төрийн шагналт Зундуйн Хангалын төрсөн эгч Оюун гэж хүн бидний багш байлаа. Мөн Зундуйн Зундарь бас л бидний хайртай багш байлаа. Бат-Өлзий гавьяатын төрсөн эгч Осорын Сарантуяа гэж багш маань байна. Урлагийн гэр бүлээс тодорсон тэр эрхэм хүн “Улаан бүч” чуулгад миний концертмейстер байсан бол дараа нь Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид ороход мөн л миний багш байсан. Осор гэж мундаг жүжигчний хүүхэд шүү дээ. Манай “Улаан бүч”-ээс сор болон гялалзсан урлагийн одууд төрөөгүй. Анхны дөчөөд хүүх-дээс би “Харш” хамтлагийн дуучин гээд явж байна. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Болормаа гэж байлаа. Баасанжаргал гэж ардын дууг сайхан дуулдаг дуучин одоо Польшид амьдарч байгаа. Урлагаас гэвэл ийм хүмүүс байна.

Урлагийн мөр хөөгөөгүй ч гэсэн амжилттай яваа мундаг хүмүүс бий. Төрийн өмчийн хорооны дарга байсан Баярсайхан байна, Хашчимэг гэж хошууч цолтой, хүүхдийн байцаагчаар олон жил ажилласан бүсгүй байна. Ирэх жил чуулгын маань 40 жилийн ой тохиож байгаа. “Харш” хамтлагийн 30 жилийн ой мөн тохиож байна.

-Ерээд оны эхээр та СУИС-ийн дуулаачийн ангид орсон байдаг. Танай ангийнхан гэвэл поп Сараа, Алтанцэцэгээс аваад ёстой нөгөө урлагийн сорууд чинь байгаа даа?

-Наян хоёр онд наймдугаар ангиа төгсөөд багшийн сургуулийн соёлын ангид элсэж суралцсан. “Хөвөн зөөлөн цасан ширхэг хацар дээр чинь буулаа хайрт минь, Хүйтэн цасан хайрав уу гэтэл хайлан урслаа хонгор минь” хэмээх “Дөрвөн улирал хоёр амраг”-ийг дуулдаг Галхүү гэж мундаг дуучнаар онолын хичээл заалгаж явлаа. Ингээд ерэн хоёр онд хорин таван настай нөхөр СУИС-ийн оюутан боллоо. Тэр үед чинь хорин дөрвөн наснаас дээш настай хүмүүсийг оруулахгүй гэдэг байв. Тийм болохоор паспортоо нууж, насаа дарж байгаад шалгалт өгсөн. Овор багатай болохоор багш нарт залуу харагдсан байлгүй. Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай, мөн одоогийн хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай, зууны манлай Х.Уртнасан гуай, гавьяат Д.Жамьянжав гуай аваргууд шалгалт авсан. Би тэнцчихлээ, гэтэл 25-тай гэдэг асуудал гараад ирдэг юм. Нөгөө аваргууд чинь “Энэ хүүхдэд материал байна.

Авьяастай юм байна, цаашаа явна аа” гэж хэлээд нас харгалзалгүй элсүүлж билээ. Ингээд хорин таван настай амьдрал хэдийнэ үзчихсэн, авгай хүүхэдтэй болчихсон луухгар нөхөр дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа 18-тай охид хөвгүүдтэй нэг анги болсон. Манай ангийнхан гэвэл дуурийн Б.Эрдэнэтуяа гавьяат байна, поп Сараа байна, поп дива гавьяат Ж.Алтанцэцэг байна, “Тэнгисийн цагаан бороо”-гийн Б.Мягмарсүрэн байна, Д.Ширмэнтуяа гавьяат байна. Ардын дууны Г.Бямбажаргал, “Элкондр”-ын Жаргалсайхан, “Цэцгэн зүйрлэл”-ийн Н.Гантулга гээд Монголын урлагт нэртэй мөртэй яваа одууд нэг анги байсан. Сараа манай дээд ангид байсан ч дунд нь жилийн чөлөө авч сургуулиа өнжөөд манай ангид орж ирж байсан. Бидний дундаас өнөөдөр таван гавьяат төрөөд байна.

Ангийнхнаараа би үнэндээ бахархдаг. Удахгүй миний уран бүтээлийн тоглолт болно. Уг тоглолтод дуурийн Эрдэнэтуяатайгаа ч, Сараатайгаа ч, Алтанцэцэгтэйгээ ч дуулна. Эрдэнэтуяа бид хоёр Шарав гуайн “Аав ээж хоёр” сонгодог дууг дуулна. Ангийнхан маань надад хайртай байдаг юм. Таван жил хамтдаа бужигнасан болохоор арга ч үгүй биз дээ.

-Тэрхүү таван жилийн дурсамжаасаа хуваалцаач?

-Лекцэнд бүгдээрээ цуглаж аваад сууна. Гоо зүй, англи хэл, урлагийн түүх гээд хичээлүүд орно. Эрдэнэтуяа, Сараа энэ хэд англи, орос хэлэнд мундаг. Сараа чинь бүр унаган орос хэлтэй хүн. Сарантуяагаас би хичээлээ их хуулна. Манай хүн ч надад хуулуулна. Оюутан байхдаа би чинь орой үдэш бааранд дуулж хэдэн төгрөг олдог байлаа. Шөнөжингөө бааранд дуулаад маргааш нь хичээлдээ ирэхээр юу ч ойлгохгүй. Тэгээд л Сараа руугаа харна, түүнээс будаа иднэ. Тэрхүү дурсамжаа бид хоёр ярих дуртай. Шалгалтанд Сараа байхгүй бол би дууслаа л гэсэн үг. Оюутан насны аль ч хөгжөөнтэй, инээд наргиантай өдрүүдийг хэлж барах билээ. Сэлэнгийн Хүдрийн сангийн аж ахуйд намрын ажлаар явлаа. СУИС-ийн ихэнх оюутнууд оччихсон байсан. Дуурийн театрт ажиллаж байсан Батцэрэн гэж Дорнодын буриад багш биднийг хариуцан явж байв. Намрын ажилд би тогооч хийнэ. Манай гэр бүлийнхэн хоолонд гаргуун. Ээж маань нийтийн хоолны хүн байсан. Бид эхээс есүүлээ, бүгдээрээ л хоол сайхан хийнэ.

Сангийн аж ахуй дээр юм юм л болно. Амбий, Бооёо гээд кино драмын ангийнхан хамт явж байсан. Амбий маань үтрэмийн талбай руу гахай хөөж оруулаад түүнийгээ нударч надаар гахайн махтай цуйван сэгсрүүлж л байлаа (инээв). Үтрэмийн дарга гахай аллаа гээд асуудал дэгдээдэг юм. Тэгтэл Амбий, Бооёо тэр хэд “Үтрэмийн талбай руу орсон гахайг алаарай гэж та өөрөө хэлсэн биз дээ” хэмээн амыг нь таглаж байсан. Тэгж л зүггүйтэж явлаа даа. “Ус мөрөн олон чиг”, “Аав ээж хоёр минь” гээд олон шилдэг дууг дуулж амьдруулсан хүчирхэг дуучин гавьяат П.Ганбатын ангийнхан тэгэхэд бас л хамт явсан юм. Манай дээд анги л даа. Одоо Америкт байгаа дуучин Саран, Баярмаа гавьяат гээд тэдний ангийнхнаас бас л шилдгүүд төрсөн шүү. Ганбат гавьяатын ангийнхан, манай ангийнхан байх тэр үед Соёл урлагийн их сургуулийн алтан он жилүүд нь байж дээ гэж боддог.

-Таныг “Харш”-ийн Бааска л гэдэг. Ингэхэд хамтлаг байгуулагдсан түүхээс ярихгүй юу?

-1987 онд Тээвэрчдийн соёлын ордон гэж байхад Зундуйн Зундарь “Одод” нэртэй хамтлаг байгуулаад нэг хэсэгтээ л бужигнуулсан. Ингээд хоёр жилийн дараа буюу наян есөн онд “Одод” маань “Харш” нэртэй болсон. “Харш”-ийн түүх Монголын страдын хөгжмийн загалмайлсан эцэг Зундарь багштай минь холбогдоно. “Соёл-Эрдэнэ”-ийн “Сэтгэлийн жигүүр”, мөн “Ар цармын цэцэг” гээд зуун дамжигдан дуулах олон шилдэг дууг багш минь бүтээсэн. Одоо тэр тухай ярьдаг, дурсдаг хүн цөөрч дээ. Би багшийнхаа “Хунгийн дуу”, “Зөвхөн чи мэднэ”, “Бүжин” гээд олон дууг нь дуулдаг, хориод дууг нь дуулж радиогийн алтан фондод бичүүлж байсан. Дорнодын Энхтүвшин гэж залууг ерэн нэгэн онд хамтлагтаа татаж оролцуулсан. “Хос залуус гэдэг аз жаргалтай, хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь…” гэх энэ сайхан дууны хөгжмийг бичсэн залуу юм. Уг дууны шүлгийг Баатархүү гэж манай бөмбөрчин байсан залуу бичсэн түүхтэй. Энэ дууг хамгийн анх би дуулсан. Өнгөрсөн гучаад жил энэ дуу миний нэрийн хуудас болж явна. “Хос залуус”-ыг бичдэг Энхтүвшин бид хоёр мянгаад оны эхэн үеэр Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал яруу найрагч Саруулдалай найзыгаа бараадаж зохиолчдын хороогоор орж гардаг, өрөө түрээсэлж уран бүтээлээ хийж байсан үе ч бий дээ. Энхтүвшин минь өнөөдөр бидний дунд алга. Гэвч хайртай хосууд, оюутан залуус дууг нь дуулаад алхалж явахад баяр төрдөг.

-“Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр ард түмний танил болсон жүжигчин Пүрэвмаа таны төрсөн эгч юм билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй байх шүү?

-Пүрэвмаа эгч бид хэд чинь Сэрчмаа гэж ээжээрээ овоглосон. Манай аав Пүрэвжавын Дашдорж гэж одоо ерэн нас руу дөхөж яваа сайхан буурал бий. “Би чамд хайртай”-гийн Үрлээг миний төрсөн эгч гэдгийг хүмүүс нээрээ тэр бүр мэддэггүй байх. Нэг гэр бүлээс тодорсон урлагийн хүмүүс гээд зураг хөрөгтэй мэдээлэл цацагдсан. Тэгэхэд эгч бид хоёрын зургийг хараад хүмүүс “Хүүш ээ, та чинь Үрлээгийн дүү юм уу” гээд байж билээ. Эгч маань оюутны ширээнээс гараад Хүүхэлдэйн театрын жүжигчин байхдаа 23 настайдаа Үрлээгийн дүрийг бүтээж байсан. Өөрөө овор багатай болохоор арван жилийн сурагч охины дүрд тоглосон. Тэр үед нь би оюутан байлаа. Манайх Хорооллын хоёр өрөө байранд байсан. “Би чамд хайртай” кино гарсны дараа нэг хэсэг манай хаалгыг залуучууд амраагаагүй. Бүгд л Үрлээд дурлаад сүйд болсон. Ямар сайндаа ээж минь “Хүүхдүүд ээ, наад хаалгаа онгорхой орхичих. Өдөржин хонх дуугараад хэцүү юм” гэж байхав. Тэгж л манай эгчийг залуучууд эргүүлж байсан. Үрлээг хөөрхөн царайтай, гоё нүдтэй гэдэг. Үнэндээ манай эгч царайлаг. Ээжийг минь дуурайсан. Манай ээж чинь ямар гоё нүдтэй, царайлаг, сайхан сэтгэлтэй гоё хүн байсан гэж бодно. Миний амьдралын утга учир ээж минь байсан. Би бол ааваасаа илүү ээждээ хайртай хүн юм.

-Удахгүй болох тоглол-тынхоо тухай сонирхуулахгүй юу?

-Энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд “Яг ийм” нэртэй уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо хүргэнэ. СУИС-ийн ангийнхан оролцох талаар дээр би хэлсэн. Миний хувьд 25 дуу дуулахаар төлөвлөөд байна. Намайг сонсдог түмэндээ ингэж л тайлангаа тавья гэж бодсон. “Чингис хаан”-ы Жагаа, Ариунаа, Энхманлай гээд Монголын рок попын аваргууд бүгд ирнэ. Рок поп ч гэлтгүй зохиолын дууныхан ч надад хайртай байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 17, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7:27 цагт мандан, 17:46 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Зарим хүнд мөргөж сөгдөөд ч олддоггүй зээл заримд нь өөрөө мэдээгүй байхад орчихсон байх юм” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Зарим хүнд мөргөж сөгдөөд ч олддоггүй зээл
заримд нь өөрөө мэдээгүй байхад орчихсон байх юм” хэмээх нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн, Зам,
тээврийн хөгжлийн
сайд Я.Содбаатар: Эхнэр бид хоёр тус компанийн үйл
ажиллагаанд оролцохоо болиод удаж байна гэж “Улс төр” нүүрт ярив.

УБТЗ-ын орлогч
дарга Г.Ганболд: Төмөр замын
нэвтрүүлэх хүчин чадал
дутагдаж байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт Д.Сумъяабазар: Су.Батболд ажлаа сайн
хийж байвал миний хувьд хотын
даргыг солих асуудлыг хөндөхгүй хэмээн ярьсан байна.

Улсын аварга Н.Батсуурь: Надад
улсын арслан болохоос аймгийн
арслан болох нь хэцүү байсан хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гэдгээ
Б.Батзориг, Я.Содбаатар, Х.Болорчулуун Г.Солтан
нар эхнээсээ хүлээн зөвшөөрч эхэллээ хэмээн өгүүлснийг “Баримт үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

“А”, “Б”-ээрээ ялгараагүй,
“70-аад он”-ы арвынхан хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлсэн байна.

АТГ: Прокурорууд үндэслэлгүйгээр
хөрөнгөжсөн тухай асуудлыг шалгаж байна хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Хилларигийн
нэр хүнд завсрын
сонгуульд нөлөөлөхөөс
эмээж байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн түлхүүр Ус” ном хэвлэгдэн гарлаа

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” боллоо.

Усны салбарын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлыг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш. Мягмар танилцууллаа. Мөн энэ үеэр “Хөгжлийн түлхүүр Ус” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Номын редактор Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, ХАА-н ухааны доктор, Усны барилгын зөвлөх инженер Ц.Балдандорж, ХААИС-ийн инженер Технологийн Сургуулийн доктор, профессор Ш.Батчулуун нар оролцлоо.Тэд ном бүтээхэд гар бие оролцсон салбарын мэргэжилтнүүдэд номын дээжээс гардууллаа.

Түүнчлэн 80 жилийн ойн хүрээнд БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2018 онд салбарын хүрээнд нэлээд ажлуудыг хийж байна. Үүний нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах “Усжуулагчдын төгөл”-ийн шав тавих ёслол энэ үеэр болсон юм.

Уг төглийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ , “Эрдэнэдрийлэнг” ХХК хамтран байгуулж байгаа юм. Төгөл байгуулах саналыг усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд санаачлан холбогдох байгууллагууд дэмжсэнээр ийнхүү шавийг тавилаа. Усжуулагчдын төглийн шавь тавих ёслолыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэлсэн бөгөөд ирэх хавар буюу 4 дүгээр сарын 20-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг хэллээ.

Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал 2018 оны 10 дугаар сарын 26-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн болон төрөлжсөн архивуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар “Хөгжлийн алтан гурвалжин” үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хоттой хил залгаа орших төвийн бүсийн аймгийн архивуудтай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтын үйл ажиллагаа тогтоох хөгжлийн бодлогыг нийслэлийн Архивын газрын хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилгын хүрээнд нийслэл, дүүргийн архивын удирдлагын бүрэлдэхүүн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Дархан-Уул, Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архивын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулан, санал солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн дарга Ч.Төмөрбаатар нар энэ сарын 10-ны өдөр, Булган аймгийн Архивын тасгийн дарга Т.Дорж нар энэ сарын 11-ний өдөр, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Архивын тасгийн дарга Б.Одонтуяа нар энэ сарын 12-ны өдөр мөн Орхон аймгийн Архивын тасгийн дарга М.Мөнхбаяр нар энэ сарын 12-ны өдрүүдэд тус тус 2018-2020 оны хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд нийслэлийн дүүргийн Архивын тасгийн дарга болон мэргэжилтнүүд байлцаж, нягт хамтын ажиллагаа байгуулж ажиллахаа илэрхийллээ.

Талууд төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор архив албан хэрэг хөтлөлт, засаглалын чиглэлээр болон нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг сургах, харилцан туршлага судлуулах зэрэгт чиглэн ажиллана гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөлдөв

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтэнэ сарын 24-нд“Континентал” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, мэс заслын тасгийн эрхлэгч нар оролцсон юм.

Уулзалтын хүрээнд нийслэлийн иргэдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж буй Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, цаашид хийх ажлын талаар танилцуулсан бөгөөд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулах бэлтгэл ажлын талаарх илтгэлийг хэлэлцлээ.

Мөн улсын хэмжээний лавлагаа шатлалын эмнэлгийн дарга нар дүүргийн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийг хөгжүүлэхэд чухал шаардлагатай зөвлөмжийг өгч, цаашид хэрхэн уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин энэ үеэр нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурсан, мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан зэрэг олон дэвшил байгааг онцлон дүгнэж, цаашид мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд /дурангийн мэс заслаар хийж байгаа өндөр өртөгтэй зарим мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх гэх мэт/, шаардлагатай санал, хүсэлтийг дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлэх түвшинд арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уулзалтын хүрээнд авч хэлэлцсэн, нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс заслын тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, багаж тоног төхөөрөмж зэрэг зарим асуудлыг шийдвэрлэхэд бүхий л шатны байгууллагатай хамтран ажиллах, НЭМГ-аас мэс заслын тусламж, үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж буй талаараа мэдээлэл хийж, дүүргийн эмнэлгийн удирдлагуудад цаашид хийх ажлын үүрэг чиглэлийг өглөө гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Архивын газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Нийслэлийн 379 жил, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан төрийн архивын үйл ажиллагааг сурталчлах, архивын лавлагаа, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Архивын газраас энэ сарын 19-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүрэг, хороодын архивын ажилтан, зохион байгуулагчид болон О.Галбадрах багштай “Тэнгэр дээд сургууль”, Ш.Чанагнянгар, Э.Хонгорзул багштай “Хангай дээд сургууль”, Б.Алтанцэцэг багштай “Шинэ иргэншил дээд сургууль”-ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн төлөөлөл 50 оюутан болон иргэд оролцсон байна.

Өдөрлөгийн үеэр Архивын онлайн лавлагааг сурталчлан цахим системийн танилцуулга хийж, “Олноо алдартай Улаанбаатар”, “Өнөөгийн Улаанбаатар”, киног дэлгэцээр үзүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын холбогдолтой гэрэл зургаар бичил үзэсгэлэн гаргажээ.

Өдөрлөгийн арга хэмжээнд 280 гаруй иргэн оролцсоноос 94 иргэнд архивын лавлагаа үнэ төлбөргүй олгож, 39 иргэнтэй биечлэн уулзаж зөвлөгөө, мэдээлэл өгч, 150 гаруй иргэнд гарын авлага тараах материал тарааж ажилласан байна.

Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд архивын лавлагаа, хуулбарыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ бүх төрлийн лавлагааг цахим мэдээллийн сангаас 3-10 минутанд шуурхай олгож байсан.

Мөн Архивын газарт хадгалагдаж буй татан буугдсан зарим байгууллагын хөдөлмөрийн дэвтрийг иргэд олон нийтэд сурталчилж, нэг иргэнд хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэргийг нь олгосон байна гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг илтгэгчдийг шалгаруулна

“Эврика-2018” ЭШИХ-ын салбар хуралдаан болж байна. Монголын залуучуудын холбооноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлыг 2018 оны 9,10, 11 дүгээр саруудад зохион байгуулж, үргэлжилж байна. Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуус, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой билээ. Хуралд оюутан судлаач (Бакалаврын эрдмийн зэргээр суралцаж буй), залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), эрдэмтэн судлаачид (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) оролцох юм. Эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар явах бөгөөд энэ үеэр шилдэг илтгэлүүдийг шалгаруулах юм.

Эрдэм шинжилгээний их хурлын нэгдүгээр үе шат: есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд явагдсан. Энэ үеэр Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаач төрлөөс гурван салбар ангилал бүрээс шилдэг оролцогчдыг шалгаруулж, хоёрдугаар шатны шалгаруулалтад тодорхойлсон юм.
хоёрдугаар үе шатны шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд явагдлаа. хоёрдугаар шатанд багш 75, оюутан 78, эрдэмтэн 41 судлаач оролцохоор болсон.
Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика-
оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдэг есөн илтгэгч буюу нийт 27 илтгэлийг шалгаруулна. Гуравдугаар үе шатанд
II үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд III үе шатны шалгаруулалт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр явагдана.
Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гуравдугаар шатны шалгаруулалтад шилдэг оролцогчид эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэх юм Шалгаруулалт Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика- оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдгийн шилдэг гурван илтгэгч буюу нийт есөн илтгэлийг шалгаруулна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байрны 100 хувь тамхигүй орчин компанит ажил хэрэгжинэ

ДЭМБ-аас ажлын байран дах тамхидалтыг бууруулах зорилгоор “Тамхидалтын эсрэг хувьсгал” сэдэвт компанит ажлын нээлтийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Дархан,Эрдэнэт, Сүхбаатар, Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотын захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ, НЭМҮТ зэрэг байгууллага оролцов.

Манай улсад 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ. Тамхидалт нь сэтгэцийн өвчин. Олон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Эрүүл мэндэд ийм хор нөлөөтэй гэдгийг хүмүүс мэддэг ч татсаар байгаа нь харамсалтай.Тамхины утааны үнэр шингэсэн газар хүүхэд хүрэхэд амьсгалын зам нь цочирддог. Тиймээс тамхигүй ажлын байрны бодлогыг бий болгож, дам тамхидалтаас сэргийлэх нь чухал юм.

ДЭМБийн Халдварт бус өвчний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Наранчимэгээс энэ талаар тодруулав.

-Тамхинаас үүдэж ямар халдварт өвчинүүд үүсдэг вэ?

-Тамхинаас болж жилд долоон сая хүн амь насаа алддаг. Түүний сая гаруй нь дам тамхидалтанд өртдөг. Тамхи нь дотроо олон бодисуудтай тул хүнд эргээд янз бүрийн байдлаар өвчлүүлдэг. Үүнд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчин. Энэ нь дэлхийд нас баралтын ихэнх хувийг эзэлдэг. Монгол улсад тамхины нөлөө нь зүрх судасны өвчлөлөөр тусах нь элбэг байдаг. 2015 онд тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2000 гаруй хүн нас барсан.

-Тамхинаас гэнэт гарах нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

-Гэнэт гарах нь сөрөг нөлөөгүй эрт хаях тусмаа сайн. Тамхи татсанаас хойш 20 минутын дараа зүрхний цохилт хэвийн болж эхэлдэг. Тамхи татдаг хүн 15 жилийн дараа зүрх судасны өвчний эрсдэл байхгүй болж тамхи татдаггүй хүнтэй ижил болно.

-Ажлын байрны 100 хувь тамхигүй орчин компанит ажил нь ямар давуу талтай вэ?

-Тамхийг хаях хөтөлбөр нь харьцангуй өртөг бага, урт хугацааны туршид санхүүгийн үр өгөөж өгнө. АНУ-ын тамхинаас гаргах хөтөлбөрийн цэвэр ашгийг тооцоолоход ажил олгогчдод ойролцоогоор 4,5 сая доллараар ашиг нь тооцогдсон гэсэн судалгаа бий. Ажлын байранд 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх нь тухайн байгууллагын бизнесийг үр ашигтай болгож, ажилчдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн илүү бүтээлч ажилчдыг бий болгоно. Тамхигүй ажлын байр хүн бүрт ашиг тустай.

-Үйлчилгээний газрууд тамхи татуулахгүй бол үйлчлүүлэгчээ алдах эрсдэлтэй байх?

-Тамхи татахгүй байх нь бизнест нөлөөлдөггүй. Дэлхий даяар тоон судалгаа баримтаар нотлогддог. Үнэн хэрэгтээ зарим үйлдвэрүүд тамхи татахгүй болсоноор борлуулалт нэмэгдсэн.

-Тамхи татах цэг байсан нь дээр үү? Эсвэл 100 хувь тамхигүй орчин байвал дээр үү?

-Тамхины цэг нь ажилчид, үйлчлүүлэгчдийн дам тамхидалтад өртөх орчин юм. 100 хувь тамхигүй орчин бүрдүүлснээр тамхины аюулыг зайлуулж чадна.

-Яагаад агааржуулалттай тамхи татах өрөөг гаргаж болохгүй гэж?

-Хамгийн дэвшилтэт агааржуулалтын систем ч тамхины утаа, түүний эрсдлээс сэргийлэхгүй. Зөвхөн 100 хувь тамхины утаагүй орчин эрүүл мэндийг хамгаална.

Э.АНУЖИН