Categories
мэдээ нийгэм

18 аймагт байнгын хяналтын постыг шинээр байгуулж өгчээ

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гардаг гэсэн харамсалтай тоо баримт бий.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, нас баралтыг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 аймагт байнгын хяналтын 27 пост шинээр байгуулж байгаа ба өнөөдөр ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас дээрх постуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ 4 музейг шинэчлэхээр төлөвлөжээ

Улаанбаатар хотод 11, орон нутгийн хэмжээнд 25 нийт 36 музей улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр музейн цаашдын хөгжил, эрх зүйн байдлын талаар СУИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуультай хамтран “Тогтвортой хөгжил- Өв ба музей” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

БСШУСЯ-ны соёлын биет өвийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Улсын өмчийн 36 музейд нийт 83 барилга байгууламж ашиглагддаг. Эдгээр барилгууд насжилт өндөртэй, стандарт шаардлага хангадаггүй. Үүнээс ердөө 5 барилга нь л музейд зориулагдсан. Яамнаас барилгыг эрэмбэлж, дарааллын дагуу 4 музейг шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн боломжтой гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгож, музейн барилгыг шинэчлэн, өргөтгөх төслүүд явж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад музейн хууль байгаагүй. Одоо музейн хуулийн хэрэгцээ өндөр байна. Шинээр бий болох музейн хууль үйл ажиллагааг эрх зүйн орчинд таатай зохион байгуулах боломж бүрдүүлнэ” гэв. Тус хурлаар Монгол Улс болон ОХУ-ын музейн хөгжлийн чиг хандлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, мэргэжилтэн бэлтгэж буй тогтолцоо, үр дүн хөгжлийн талаар хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагаа болон хамтарсан төслүүдийн үр дүнгийн талаар харилцан санал солилцсон юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

УИХ-дахь АН-ын бүлэг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 5 хоногийн завсарлага авлаа. Тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг дахин нягтлан үзэж, хуулийг хийдэлгүй гаргах шаардлагатай гэсэн юм.

АН-ын бүлгээс УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани ЖДҮХС-аас зээл авчээ

Нэр бүхий улс төрч, албан тушаалтнууд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) -гаас өөрийн нэр дээр болон эхнэрийнхээ эзэмшдэг компани, ААН-ын нэрээр их хэмжээний зээл авсан талаарх мэдээлэл цацагдсан.

Уг хэрэгт нэр бүхий гурван гишүүний нэр дурдагдаж байсан. Тэгвэл энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц холбогдож байна.

Түүний 2017 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Гранд степп” компани ЖДҮХС-аас зээл авсан ААН-ын жагсаалтад оржээ. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үедээ буюу 2016 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ. Тухайн үед ХОМ-д мэдүүлснээр Б.Хурц нь “Гранд степп” компанийн 30, 100%-ийг эзэмшдэг гэсэн байна. Тэрбээр Тагнуулын Ерөнхий Газрын дарга байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж мэдүүлж байсан. Үүнийгээ дараа нь хадам эцгээсээ өвлөж авсан урлагийн бүтээл гэж тайлбарлаж байсан юм.

Баримт 1, ЖДҮХС -ийн зээл олгосон компаниуд


Хурцын эзэмшдэг компаниуд


Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв. Энэ хүрээнд концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах ёстой юм. Уулзалтаар нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж, дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцав. Дотоодын нислэгийг шинэ нисэх буудал руу үе шаттай шилжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобуснууд техникийн бүрэн байдлыг хангахгүй байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон иргэдийн ая тухтай, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн тээвэр чухал үүрэгтэй билээ.

Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болж байна. Тус албанаас гаргасан судалгаагаар 2017 онд нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цагийн зогсолтыг зам дээр эвдэрч, унтарч зогссон байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг зохиомолоор нэмэгдүүлж байгаа бөгөөд 15-20 минут зогсоход үүссэн замын хөдөлгөөний ачааллыг хэвийн байдалд оруулахад 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог байна. Тухайлбал, өчигдөр /2018.10.25/ “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Трансбус” ХХК зэрэг байгууллагуудын 6 том оврын автобус нь хий хөлдсөн, техникийн хувьд эвдэрсэн зэргээс шалтгаалж замын зорчих хэсэгт зогсож ачаалал үүсгэж байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн зөөж шилжүүлэн ажиллалаа. Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг хүлээн авлаа

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүндэтгэлийн хаалганы хажууд баригдсан замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг улсын комисс хүлээн авлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны Барилга, байгууламжийн тасгийн дарга,цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар,инженер Ц.Энхтөр нар барилгын үйл ажиллагаатай танилцаж постыг ашиглалтад хүлээн авлаа. Замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 70 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. “Тус пост ашиглалтад орсноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гэмтэл буурах, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэргээс сэргийлэх, хулгайн замын хяналт шалгалт сайжрах, жолоочийн хариуцлага сайжрах зэрэг олон үр дүн гарна” гэдгийг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн бэлчээрийн газрын 63,3 хувь нь өөрчлөгдөж доройтжээ

Говь-Алтай аймгийн бэлчээрийн газрын 2018 оны төлөв байдлыг бэлчээрийн мониторингийн судалгааг 311 цэгийн мэдээлэлд суурилж тодорхойлоход нийт бэлчээрийн 36.7 хувьд нь бэлчээрийн ургамлын зүйлийн бүтэц бүрэлдэхүүн нь байж болох түвшиндээ буюу соргог, 63.3 хувь нь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон байна.

Төлөв байдлын хувьд өөрчлөгдсөн 63.3 хувь бэлчээрийн 41.3 хувь нь 3-5 ургалтын хугацаанд сэргэх, 14.74 хувь нь 5-10 жилийн хугацаанд сэргэх боломжтой буюу экосистемийн хувьд өөрчлөгдсөн хэмээн тодорхойлогджээ. Түүнчлэн 7.2 хувь нь 10-аас дээш жилийн хугацаанд сэргэх боломжтой буюу унаган зүйл ургамлууд устаж түрэгч ургамлууд нэмэгдсэн төлөвтэй гарсан байна. Тус аймгийн бэлчээрийн газрын 2018 оны төлөв байдлыг тодорхойлсон судалгааны үр дүнд тулгуурлан бэлчээрийн даацыг тооцоход аймгийн нийт бэлчээрт 3558675 хонин толгой мал бэлчээрлэх боломжтой байгаа бөгөөд даац нь 2045742 хонин толгойгоор хэтэрсэн хэмээн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олон нийтэд мэдээллээ. Одоогоор Говь-Алтай аймгийн 8334424 га бэлчээрт 5604417 хонин толгой мал бэлчээрлэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Польш Улсад амьдарч буй монголчуудын нийгмийн баталгааг хангана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ГХЯ-ны Консулын газраас Польш улсад Монголын 939 иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа бөгөөд дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байна. Тус улсад ажиллаж буй иргэдбогино хугацааны даатгалд хамран эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг авч байгаа юм. Гэхдээ урт хугацааны буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тус улсад тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэсгүй байна. Тиймээс хуулийн төсөлд тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмуудыг тусгасныг ХНХ-ийн сайд С.Чинзориг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Цаашдаа БНСУ болон бусад оронд ажиллаж буй монголчуудын нийгмийн баталгааг хангахад анхаарахыг мөн захив.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын визний дугаар наймаалцдаг ТББ-аас сэрэмжлэхийг анхаарууллаа

Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байна. Тус байдлыг далимдуулан виз мэдүүлэгчийн дугаарыг наймаалдаг төрийн бус байгууллага, иргэд байгааг анхааруулсан байна. Тодруулбал, “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх төрийн бус байгууллага http://visa2018.mn/ цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэдэд сэрэмжүүлэг хүргэж байгаа аж.

Энэ талаар БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ аваагүйг албан ёсоор мэдэгдэж байна.

БНХАУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд,

“Сүүлийн өдрүүдэд олон тооны “Дугаар наймаалагчид” манай яамны виз мэдүүлэх дугаарыг наймаалж, зарим этгээд нь FACEBOOK цахим сүлжээнд www.visa2018.mn гэсэн цахим хуудсыг нээсэн байна. Мөн холбогдох ТББ-ыг байгуулж “БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз мэдүүлэх дугаарын үйлчилгээ” -г тусгайлан зохицуулна гэсэн зар тараажээ. Дээрх ТББ болон хувь хүний үйлдэл нь хууль бус бөгөөд манай ЭСЯ Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Мөн дээрх арга замаар дамжин “Дугаар наймаалагчид”-аас дугаар худалдан авч мэдүүлсэн материалыг буцаах болно. Бичиг баримт үйлдэгч нь www.visa2018.mn цахим хуудас зэрэг “Дугаар наймаалагч” ТББ -аар дамжин дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх байгууллага болон хувь хүнд мөнгө хураамж мэхлүүлсэн бол хуулийн дагуу цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын Газар” гэжээ.