Categories
мэдээ цаг-үе

YOUTUBE дэх хоёр зохиолоос үүдээд…

ГҮН Г.АЮУРЗАНА

Урлагт ганц л аугаа чанар байдаг. Тэр бол сэтгэл татах увдис юм. Сүүлийн үед өөрийн огт танихгүй нэгэн хөгжмийн зохиолчийн хоёр бүтээлийг санаандгүй сонслоо л доо. Тэгээд сэтгэл татагдсан учраас доорх бяцхан өгүүллийг бичихэд хүрэв. Хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэлийн “1911” симфони, “Лүйжин” хэмээх хоёр зохиол. Ямар сайхан амар амгалан, ямар гайхалтай хүчирхэг мэдрэмж вэ! Аль аль нь youtube-д байна билээ. Холбоос нь энэ:

Жинхэнэ урлагт сэтгэл татагддаг байхын тулд бэлтгэгдэх, тодорхой хэмжээгээр урлагийн боловсрол олох хэрэгтэй. Тэгэхгүй бол урлаг биш зүйлийг урлаг хэмээн андуурч шүтээд, тэс өөр зүгт хадуураад одож мэднэ. Урлагийн боловсрол гэдгийг бид барууны үнэт зүйлс дээр суурилсан боловсрол хэмээн ойлгож болохгүй. Тэгээд ч дан гагц барууны урлагийг дагасан урлагтай болчихвол биднийг монгол хүн байлгаж буй тэр л оюун санааны үнэт зүйлс маань тун амархан гээгдэхэд хүрнэ. Урлаг өөрөө ямар ч улс төр, ямар ч эдийн засгийн ололт, ямар ч шинжлэх ухааны нээлтээс илүү үндэсний онцлогтой байдаг. Гадаадын ямар ч аугаа хөгжмийн мэргэжилтэн бай уртын дууг анх сонсоод л гүнд нь орж мэдэрч чадахгүй. Тэр хүн уртын дуу сонсож өсөөгүй, уртын дууг сонсох боловсрол олоогүй учраас тэр. Бид зураг танихын тулд нүд тайлсан, хөгжим ойлгохын тулд чих нээгдсэн, уран зохиол таашаахын тулд номоос утгыг нээн уншиж дадсан байх ёстой. Түүнтэйгээ яг зэрэгцээд үндэсний онцлог маань юу вэ гэдгийг мэдэрч, түүнийг хэзээ ч орхигдуулахгүй явж чаддаг байх ёстой. Тэгсэн цагт л урлагийн болосролын талаар жинхэнэ цогц утгаар нь ярилцаж болно.

Монгол хүнийг монгол байлгаж чадах хөшүүрэг нь чухамхүү урлагт л бий. Яагаад бид түүхээрээ бахархдаг юм бэ? Маш сайн, үгийн урлагийн дээд түвшинд бичигдсэн түүхэн зохиолууд өвлөгдөн ирсэн учраас л бид түүхээрээ бахархдаг. Үндэсний урлаг маань ч маш баялаг өв сантай учраас л бид монгол хүнээрээ үлдэх баталгаатай явж ирсэн. Тиймээс өнөөдөр дэлхийн сонгодог урлагийг үндэснийхээ өвтэй сөргөлдүүлж ярих нь бүдүүлэг хэрэг болно. Хүн төрөлхтний ололт бол нийт хүн төрөлхтнийх. Түүн дотор манай үндэсний урлаг ч багтана. Уртын дуутай ард түмнээс ямар ч хэмжээний дуучин төрөх бололцоотой. Амартүвшин, Ариунбаатар гээд түрүүчээсээ харагдаж эхэлж байна. Тиймээс мөдхөн дэлхийн хэмжээнд монгол зураач, монгол хөгжмийн зохиолч, монгол зохиолч үнэлэгдэх нь ердөө л цаг хугацааны явдал болой.

Тэр л цаг хугацааг ойртуулахад, зөвхөн уран бүтээлчид дээр дэнчин тавих нь хангалтгүй. Уран бүтээлчийг бэлтгэж мэргэшүүлэх нь тийм ч хэцүү ажил бус. Ихэнх тохиолдолд уран бүтээлчид бие даасан оюун санааны эрэлчид байдаг учраас, тэд өөрсдийн олж авсан итгэл үнэшлээрээ суралцаад дэлхийн урлагийн сонгодог болон өнөөгийн түвшинд амархаан хүрчих бүрэн боломжтой. Манайд Шарав, Жанцанноровоос эхлээд Соронзонболд, Алтангэрэл гэхчлэн нэрлэгдэх хөгжмийн зохиолчид, Гаваагаас эхлээд До.Болд, Ч.Болдбаатар гэхчлэн яригдах шилдэг зураачид цөөнгүй байна. Хэнээс нь ч өнөөдрийн дэлхий сонсогдож, өнөөдрийн дэлхий харагдана. Гэтэл манай урлаг нийтлэг цараараа яагаад дэлхийн энтэй урлагт өнөө хэр тооцогдож чадахгүй л явна вэ? Энэ асуултын хариуг бид уран бүтээлчдээс биш, харин үзэгчдээс, сонсогчдоос, уншигчдаас хайх ёстой юм. Бид сайн уншигч бэлтгэж чадахгүй бол сайн уран зохиолтой болохгүй, сайн үзэгч бэлтгэж чадахгүй бол сайн театртай болохгүй, дээд түвшний таашаалтай сонсогчгүйгээр сонгодог урлагаа дээш гаргаж мөн хүчрэхгүй. Ард түмнийхээ өмнө төр ерөнхий боловсролыг хариуцах үүргийг бүрэн хүлээсэн. Энэ бол дэлхийн ямар ч их сургуульд тэнцэх хэмжээний ерөнхий боловсролыг монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгоно гэж хуульчлаад, тэр боловсролынхоо чанарын баталгааг ард олныхоо өмнө батлан даасан гэсэн үг. Харин тэр л ерөнхий боловсрол маань жинхэнэ боловсрол байж чадаж байгаа юу? Математик, физик, хими, биолог, газарзүй гэх мэтийн нэн тодорхой шинжлэх ухааны үндэс болсон хичээлүүд боломжийн заагддаг байх аа. Харин хүнийг хүн болгогч урлаг, уран зохиолын суурь ойлголт өгөх хичээлүүд бол гаргуундаа хаягдсан шүү дээ. Мэргэжлийн хөгжмийн сургуульд суралцаагүй л бол ямар ч хүүхэд бүтэн симфони байтугай, сонгодог хөгжмийн бяцхан аяз ч сонсож үзэлгүйгээр ерөнхий боловсролын гэрчилгээгээ гарддаг. Төр бидний хүүхдүүдийн боловсролд нэг иймэрхүү л хандаж ирсэн. Засрах төлөв одоохондоо харагдахгүй л байна. Уран зургийн ч юм уу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг, шүлэг зохиолд сонирхолтой сурагчдаа тусгай урланд хамруулдаг сургууль байдаг болов уу? Байгаа бол их л цөөхөн дөг. Дүрслэх урлаг, хөгжим, уран зохиолын үндэс болох хичээлүүд гадаад хэл, математикаас доогуур тавигддаг хэвээрээ л энэ мэтчилэн үргэлжилсээр байвал, бид ирээдүйн монгол хүний оюун санааны баялаг ертөнцийн тухайд найдаж ярих ямар ч боломжгүй үлдэнэ.

Дотоод ертөнц нь баялаг бус хүмүүс бусдад атаархаж, хүний сайныг олж харахгүй, өөр хоорондоо хов жив хөөцөлдөн мөчөөрхөлцөж амьдардаг. Үгүйдээ л хүнд хүн ёсоор хандах сэтгэлээ гээдэг. Үүнээс улбаалан нийгмийн харилцаа доройтож ялзардаг. Улс орны хөгжил завхарч гажууддаг. Гэтэл урлагийн боловсрол л энэ бүхнийг сөрөн зогсож чадна. Наад захын жишээ хэлэхэд, урлагт суурилсан сургалт төлөвшүүлсэн улс орнуудад гэмт хэргийн эрс бууралт ажиглагдаж байна.

Өнөөдөр хүмүүс болохгүй бүтэхгүй байгаа бүхий л гажуудлыг мөнгөгүй хэмээн тайлбарладаг болж. Бидний аж төрж яваа цаг үе бол мөнгө зарахгүйгээр асар олон зүйл бүтээж болох боломж нээгдсэн цаг үе шүү дээ. Жишээ нь, би дээрх хоёр хөгжмийн бүтээлийг олж сонсохдоо нэг ч төгрөг зарлагадсангүй. Цахим ертөнцөд хүнийг боловсорч сэхээрэхэд дэмтэй мэдээлэл хязгааргүй их бий. Олж харах л хэрэгтэй. Хүүхдүүдээ ч бид аль л чухлыг, аль л шилдгийг олж хардаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө шилдэгт суралцаад, бусдыг шилдэгт уриалбал тэнд сая боловсролын тухай яриа эхэлнэ. Монгол үндэстний сэргэн мандлын тухай хичээл дээр түүхийн багш нь энэ өгүүллийн эхэнд дурдсан “1911” симфонийг сонсгоод, сурагчдынхаа түүхийн мэдлэгийг үндэсний бахархалтай нь хамт суулгачихдаг сан болж гэм, бид зүгээр нэг сурах бичиг уншуулснаас хавьгүй дээгүүр үр дүнтэй сургалт явуулчихаж буй нь тэр билээ. Бидэнд бахархах зүйл маань өнөөхөндөө түүх л байна. Гэхдээ аугаа түүхтэй ард түмэн аугаа ирээдүйтэй байх боломж бол бидний соёл, бидний урлаг юм гэдгийг хойч үе маань ухаарч өсвөл Монголын ирээдүй жинхэнээсээ дархлагдана.

Categories
мэдээ цаг-үе

Будааны чинээтэй ч асар өндөр чадалтай ТАГНУУЛЧ ЧИП

Энэ сарын эхээр “Bloomberg” Хятадын цэргийн тагнуулынхан АНУ-ын “Apple”, “Amazon” зэрэг технологийн томоохон компанийн сервер компьютерт суулгасан чипээрээ дамжуулан мэдээлэл авч байсан талаар мэдээлсэн юм. Тагнуулын зорилготой чипийг Хятад улс угсарсан компьютер болоод сэлбэгтээ суурилуулаад гадагшаа гаргадаг гэх хардлага гардаг байсан ч энэ удаагийнх шиг ингэж баримт нотолгоотой нь дэлгэсэн нь үгүй.

“Bloomberg”-ийн мэдээлснээр уг жижиг эд ангийг хяналтын багаж, төхөөрөмж, программаар шалгахад илрэхгүй байхаар зохион бүтээж Хятадад үйлдвэрлэгдсэн, угсарсан компьютерүүдийн эх хавтанд суулгадаг байжээ. Ийм шуугиан гарсны дараа Хятадын IT, технологийн чиглэлийн Le­novo, ZTE зэрэг томоохон компани, корпорациудын хувьцаа 14-23 хувиар унасан бөгөөд Хятадын технологийн зах зээлд донсолгоо мэдрэгджээ. Үзүүрлэсэн харандааны үзүүр гэхээр хэдэн мм-ийн хэмжээтэй эд байх вэ. Өчүүхэн тэр чип нь суусан компьютерийн бүх мэдээллийг нь дэлгээд хаанаас яаж ч холбогдоход саадгүй нэвтрэх боломжийг “эздэд”-ээ олгодог гэсэн үг. Супер чип, тагнуулч чип гэж нэрлэгдээд байгаа уг зүйлийг Хятадын Ардын чөлөөлөх армийн кибер халдлагын мэргэжилтнүүд бүтээжээ. Одоогоос гурван жилийн өмнө Хятадаас оруулж ирсэн компьютер, компьютерийн эх хавтанд ямар үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй, цагаан будааны ширхгээс ч жижиг хэмжээтэй цагаан, тунгалаг өнгийн чип байгааг олж илрүүлж, технологийн томоохон компаниуд, банк санхүүгийн болон Засгийн газрын харьяаллын бүхий л газрын мэдээлэлд нэвтэрч байгааг зарлаж байжээ. Компьютер, мэдээлэл хангамжийн алдартай компаниудын дийлэнх нь гол эд ангиудаа Хятадад захиалж хийлгэдэг нь тагнуулч чипийг найр тавиад оруулсан явдал гэж тухайн үедээ шүүмжилж байжээ. “Bloomberg”-ийн энэ мэдээллээс үүдэж Хятадын технологийн зах зээлд аравдугаар сарын эхний долоо хоногт бага зэргийн донсолгоо мэдрэгдэж, болсон явдалтай холбогдуулж тус улсын тал няцаасан мэдэгдэл хийсэн бол нэр нь дурдагдсан Apple, Amazon, Super Micro Computer зэрэг компани ийм төрлийн чип байхгүй гэж эрс няцаагаад байгаа юм.

Хэрвээ тагнуулч чип гэж байдаг бол дэлхийн суурин компьютерийн 90 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Хятад улс хамгийн ихээр хардуулах нь ойлгомжтой юм. Хятадын тал болон Хятад улсаас эд ангиа захиалгаар авдаг АНУ-ын технологийн компаниуд “Bloomberg”-ийн мэдээллийг нэгэн дуугаар эсэргүүцээд байгаа ч уг мэдээллийг дэлхий нийтэд цацсан “Bloomberg”-ийнхэн баттай эх сурвалжийн нотолгоотой нийтлэл гэж тайлбарлаж байна.

Тагнуулч чипийг зоостой харьцуулсан байдал

2015 онд серверүүдийн эх хавтан дээр суурилуулсан жижиг хэмжээний зүйлийг анх хараад “Дизайнтай холбоотой болов уу гэж бодоод гайхсан. Цагаан будааг бодвол том биш байсан” гэж мэргэжлийн хүмүүс ярилцаад тагнуулын газрынханд энэ талаар дуулгаж байжээ. Гурван жилийн турш нарийвчлан судлаад уг цагаан эд сүлжээнд гаднаас саадгүй нэвтрэх хаалгыг нээж өгөх даалгавартай тагнуулын зорилготой төхөөрөмж гэдэг дээр санал нэгдсэн байна. Бичил чипүүдийн гарал үүслийг судлахад АНУ-ын компаниудтай гэрээтэй ажилладаг Хятадын компаниудынх болохыг мэджээ.

Тагнуулч чипийг илрүүлснийг дуулсан зарим мэргэжлийн хүмүүс “Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг хамгаалалтад ийм чипийг сэм шургуулсан гэвэл “Солонгон дээгүүр ганц эвэрт морь үсэрч байгааг харсантай адил үйл явдал болно” гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тагнуулуудад компьютерээс мэдээлэл авах хоёр арга бий. Эхнийх нь мэдээлэл дамжуулах эд анги, тоног төхөөрөмжийг сэлбэг маягаар компьютерт суулгах. Хоёр дахь арга нь үрээр тарих арга. Анхнаас нь үр суулгаж тариа тарьдаг шиг Хятад улс дэлхийн гар утасны 75 хувь, суурин компьютерийн 90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг учраас үйлдвэрийн угсралтын шат дамжлаганы үед л чипээ суулгаад орхичихно. Худалдан авагч компьютерээ асаагаад сүлжээнд холбогдох үеэс л тагнуулч чип ажиллагаанд орж “тарьсан” эзэндээ тариаг шуудай шуудайгаар хурааж өгөх зарчимтай. Гэхдээ энэ бүхэн бол АНУ-ын мөрдөгчдийн олж мэдсэн зүйл гэдгийг санаарай. Тэд Хятадын Ардын чөлөөлөх армийн ажилчдаас энэ талаарх зарим мэдээлэл олж авсан гэж тайлбарлажээ. Хятад улсын хувьд технологийн салбарт АНУ гэлтгүй бүхий л улстай гинжин холбоо үүсгэсэн бөгөөд үүнийг шогч үзэлтнүүд “Бид нэг дэлхийн иргэд. Нэгнээсээ юм хэзээ ч нууж болохгүй. Сайхан сэтгэлийн үүднээс нэгнийнхээ тухай мэдээллийг хөршөөсөө сонсдог биз дээ. Хөрш бодит үйл явдлыг давсалдаг талтай. Харин ийм чипээр бол тухайн мэдээллийг ямар ч хачиргүйгээр, үнэн бодитоор, дамжлагагүй хүлээн авч байгаа нь сайшаалтай” гэжээ.

Хурууныхаа өндгөн дээр тавихад

Тагнуулч чип ингэж харагдана

Мөрдлөгийн явцад Хятадын тагнуулч чип дэлхийн томоохон 30 гаруй компани, байгууллагын төв серверийн компьютерт орж “ажилласан”-ыг тогтоожээ. Улмаар ийм чип суурилуулагдсан 30 мянган компьютерийг Хятадад захиалахаар төлөвлөж байсныг нийтэд дэлгэсэн байна.

Обамагийн засаглалын үеэс эхэлж Трампын удирлага дор үргэлжилж байгаа энэ тагнуулын ажиллагаа, мөрдөн байцаалтыг технологийн компаниуд эсэргүүцсээр байгаа ч “Apple”-ын ажилтнуудын дунд явуулсан мөрдөлтийн явцад ийм чип байх талтай гэдгийг үгүйсгээгүй байна.

Тагнуулч чипнүүд алдартай корпорациудын нууцлал, АНУ-ын Засгийн газрын холбоотой сүлжээнүүдийг урт хугацааны турш тагнаж байхдаа ямар ч мэдээлэл хулгайлаагүй нь өдий олон жил хүмүүст мэдэгдээгүй байх талтай гэж АНУ-ын Засгийн газрын нэгэн албан тушаалтан ярьжээ.

Бичил чип хэрхэн ажилладаг вэ. Хятадын армид өндөр нууцлалын дор үйлдвэрлэсэн уг чипийг эхлээд харахад дохиолол юм уу, агааржуулалтын холбоос мэт харагдана. Асар өндөр санах ойтой, сүлжээнд өндөр чадлаар ажиллах бөгөөд довтолгооны хувьд хангалттай боловсруулагдсан эд юм.

АНУ-ын тагнуулын албаныхан Хятадын тагнуулчид сүлжээнд хортой бичил чипийг цаашид ч нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг анхааруулах үүднээс мөрдөн байцаалтын явцад олж илрүүлсэн зарим мэдээллээ ил гаргасан нь энэ юм байна.


Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг байна. Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт бага улс орны хүн амын дунд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнүүд тухайлбал улаанбурхан, улаанууд, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчний дэгдэлтүүд бүртгэгдсээр байна.

“Дархлаажуулалтын 10 хоног“-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын аравдугаар 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байгаа.

Монгол улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улсад цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж,сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан. Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 0-15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг.

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Дархлаажуулалтын ач холбогдлын талаар та мэдэх үү

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн тооллого орон даяар үргэлжилж байна

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр галт зэвсгийн тооллого болон шинээр мөрдөгдөх замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Галт зэвсгийн тооллого орон даяар арванхоёрдугаар сарын 12 хүртэл явагдана. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байна. Мөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ тооллогод бүртгүүлэх шаардлагатай. Үүнд, гаазан болон баллоноор цэнэглэдэг, үрлэн сумтай харуул хамгаалалт, спортын чиглэлээр хэрэглэдэг буу багтана.

Галт зэвсгийн эх үүсвэрийг шаардахгүй, өмнө нь бүртгүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. Цахим орчинд болон зах дээрээс бүртгэлгүй галт зэвсэг худалдан авахгүй байх энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад хандан мэдээллийг иргэдээс хүсэж байна. Галт зэвсгийг тоологод иргэд ивэхтэй хамрагдаж хуулиар хүлээсэн үүргийн биелэхийг хүсч байна” гэв. Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:

Галт зэвсгийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна. Галт зэвсэг эзэмшигч зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Сургалт долоо хоног бүр хоёр өдрийн хугацаанд болдог.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрхтэй боллоо

ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв” нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо.

Тус төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгодог Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх бүхий гэрчилгээтэй болоод байна.

Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эздийн болон шинээр ажилд орж байгаа иргэний сургалт, цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтан, химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны сургалт зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бүх төрлийн сургалтуудыг зохион байгуулах боломжтой боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв”-өөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монгол охид Хонконгийн шигшээ багийг 1:0-ээр хожлоо

Ливан улсын Бейрут хотноо болсон 19 хүртэлх насны охидын Ази тивийнАШТ-ий “А” хэсгийн хоёр дахь тоглолтоо/10.26/ Хонконгийн багтай хийсэн Монголын охидын шигшээ баг 1:0-ээр ялсан байна.

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй энэхүү урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг хотуудад зэрэг болж байгаа юм. Хонконгийн багтай хийсэн тоглолтын туршид манай охид эсрэг багаас зохион байгуулалт, ур чадварын хувьд илүү байж 7 дугаартай Э.Энхмаргад гоол оруулснаар ийнхүү 1:0-ийн харьцаатай анхны ялалтаа байгуулж чадлаа. Эхний тоглолтод Австралийн шигшээ багт 18:0-ээр хожигдсон манай охид Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод нэг хожигдол, нэг хожилтой болсон бөгөө дараагийн тоглолтоо маргааш /10.28/ зохион байгуулагч Ливаны шигшээ багтай хийнэ.


Categories
мэдээ нийгэм

Шри Ланка улсын парламентын дарга Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа 2018 оны 10 дугаар сарын 28-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламент хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.

Ноён Кару Жаяасурьяа айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Мөн тэрбээр энэ сарын 30-ны өдөр болох Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цамбагаравын ард байрлах барилгыг албадан буулгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншснаар “Цамбагаравын балгас”-ыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1004 дүгээр захирамжийн дагуу нийслэл, дүүргийн Газрын албанаас албадан буулгаж газрыг чөлөөлж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байсан учраас албадан буулгасан. Мөн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3,600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг нийслэлийн Газрын албанаас албадан буулгаад байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сараас хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ТЦА-наас мэдээлэл хийв. Одоо мөрдөж буй дүрмээс гадна 60 гаруй зүйл заалт нэмэгдэж орсныг дуулгаж иргэд шинэ дүрмээ сайтар уншиж судалвал зам тээврийн осол гарахгүйг хэлэв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, “Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүйгээс зам тээврийн осол гардаг. Тиймээс шинэ дүрмийг иргэд “legalinfo.mn” вебсайтаас уншиж танилцахыг зөвлөж байна. Мөн иргэд, албан байгууллагууд шинэ дүрмийн сургалтад хамрах хүсэлтээ ТЦА-нд өгөх боломжтой.

Одоо мөрдөж байгаа дүрэм 165 зүйл ангитай байсан бол шинэ дүрэм 227 заалттай болсон. Хуучин дүрмээс 60 гаруй зүйл шинээр нэмэгдсэн гэж ойлгож болно” гэв.