Categories
мэдээ нийгэм

Нүхтийн аман дахь ойг цэвэрлэж байна

Богдхан уулын Залаат, Нүхтийн аманд ойн цэвэрлэгээ хийхээр болжээ. Тодруулбал, Залаатын амны 17.3 га газарт өнгөрсөн гурав, Нүхтийн аманд 12 га талбайд наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цэвэрлэгээний ажил эхэлсэн ч Нүхтийн ам орчмын зам бартаа саад ихтэй, уулын эгц огцом налуу болон халтиргаа гулгаатай зэргээс үүдэж цэвэрлэгээг хийж дуусаагүй байгаа аж.

Нүхтийн ам талаас айл ихтэй, хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний модыг зөөж байгаа юм байна. Зөвшөөрлийн дагуу ойн цэвэрлэгээ хийж буй компанийн үйл явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төвийн байцаагч, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хяналт тавин ажиллах буй гэсэн.

Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг хоёр дахин, түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулдаг аж. Түүнчлэн ойн модны түймэрт тэсвэрлэх чадварыг 2 дахин нэмэгдүүлж, хортон шавжны хэт олширлыг багасгадаг. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг байнгын ажлын байраар хангаж, гарсан модоор ахуйн хэрэгцээ, бордоо, барилгын материал, хавтан зэргийг үйлдвэрлэдэг ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Загвар өмсөгч Б.Цэрэндолгор гэрээний дагуу Сингапурыг зорилоо

Mongolia”s Next Top Model” шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр үзэгчдэд хүрч эхэллээ. Шоутай холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, тус “Mongolia”s Next Top Model”-ын анхны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ Сингапур улсыг зорилоо.

Өнгөрсөн жил болсон нэгдүгээр улирлын шалгаруулалтад түрүүлснээр Б.Цэрэндолгор 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрхээр шагнуулснаас гадна Сингапурын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхтэй болсон юм.

Шоуны шүүгч Норагийн тайлбарласнаар өмнө нь үсчний алдаанаас болж загвар өмсөгч бүсгүйн үсний эрүүлжиж ургах хугацааг хүлээсээр өдийг хүрсэн байна. Ингээд “Looque” агентлагтай хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл, тохироо бүрдсэн тул Цэкү хилийн дээс алхлаа.

Categories
мэдээ спорт

Залуучуудын олимп нээлтээ хийлээ

Залуучуудын III олимпийн наадам Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо өнөөдөр эхэлж байна. Тус олимпод ОУОХ-ны гишүүн 206 орны 4000 гаруй тамирчид оролцох аж. Манай улсаас жүдо бөхөөр хоёр , чөлөөт бөхөөр хоёр , тэквондогоор нэг, хүндийг өргөлтөөр нэг, буудлагаар нэг, “3х3” сагсан бөмбөгийн хөвгүүдийн багт дөрөв нийт 11 тамирчин Андын нурууны индианчуудын бэлд хүрэлцэн очжээ. Энэ удаагийн Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа ажиллаж буй аж.

Дашрамд дуулгахад, Монголын баг тамирчид өмнө нь “Сингапур-2010” залуучуудын олимпиос хоёр алт, нэг мөнгө (О.Дөлгөөн, жүдо), “Наньжин -2014” наадмаас чөлөөтийн Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

Монголын багийн хувцас, хэрэглэлийг Испанийн “JOMA” болон Монголын “Дэрэн-Наран” компанийн хамт олон бүрэн ивээн тэтгэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол дахь алмааз эрдэнэ

Бүх эрдэнэсийн хаан очир алмаазыг алт болон үнэт чулуунаас хэд дахин үнэтэй гэдгийг бүгд мэднэ. Манайд энэ төрлийн эрдэнийг худалдаалдаг хэд хэдэн дэлгүүр үйл ажиллагаа явуулаад удаж байна. Улаанбаатар хотын төв бүсэд байрлах эдгээр дэлгүүрүүдэд ямар ямар очир эрдэнэс худалдаалж байгааг сонирхуулъя.

МОНГОЛ ДАХЬ ДАЙМОНДЫН ДЭЛГҮҮРИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ 35 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БӨГЖ

“Улаанбаатар” их дэлгүүрт байрлах “Dream diamond” үнэт эдлэлийн дэлгүүрээр зочиллоо. Эдний бүх үнэт эдлэл албан ёсны сертификаттай бөгөөд худалдан авагчдад даймонд шалгагч тусгай багажаар шалгаж өгдөг байна. Энд хаан бугуйвч, хатан сүйх хос бөгжийг цэвэр цагаан алтан дээр дээд зэрэглэлийн өнгө, цэвэршилт бүхий байгалийн алмааз эрдэнийг суулгасантай таарав. Үнийн хувьд нийлээд найман сая гаруй төгрөг гэв. Размераа өгөөд зөвхөн өөрсдөдөө зориулан хийлгэх боломжтой бөгөөд бөгжин дотроо хосууд нэр, хуримын өдөр гэх мэт хүссэн үгсээ бичүүлж болох ажээ. Эдгээр бөгжний загварыг дотооддоо бүтээж, БНСУ-д захиалж хийлгүүлдэг юм байна. Уг дэлгүүрийн хамгийн үнэтэй нь 35 сая төгрөгийн үнэ бүхий, 1.54 каратын алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж байв. Голдоо тодрон харагдах очир эрдэнийг тойрсон жижиг алмаазуудтайгаа энэ бөгжинд орсон бүх алмааз нь хоёр карат хүрдэг хэмээн дэлгүүрийн эзэн Б.Эрдэнэбаатар ярилаа. Тэрбээр “Хэдий чинээ тунгалаг, гялтгануур байна, тэр хэрээрээ үнэтэй гэсэн үг. Бүрсгэр, тунгалаг биш алмаазууд ч бий. Үүний зэрэгцээ алмааз нь томрох тусмаа үнэтэй. Манайд дээрээсээ гурав, дөрөв дэх зэрэглэлийн алмаазнууд байгаа. Бусад даймондын дэлгүүрүүдээс манайх харьцангуй хямд үнээр худалдаалахыг зорьдог” гэлээ. Алмаазан шигтгээтэй үнэт эдлэл бүр Олон улсад зөвшөөрөгдсөн GIA (Америкийн гемологийн институт)-ын гэрчилгээтэй, шигтгээ бүр өөр дээрээ дахин давтагдашгүй лазар кодтой байдаг ажээ. Гэхдээ зөвхөн GIA гэрчилгээ нь 100 ам.долларын үнэтэй байдаг гэнэ.

Улсын их дэлгүүрт алмаазан үнэт эдлэлийн хоёр дэлгүүр бий. Үүний нэг болох “Goldjelly diamond” брэндийн дэлгүүрт алмаазан эрдэнэ шигтгэсэн бөгж, хүзүүний зүүлт, гоёл чимэглэлийг худалдаалж байв. Тус дэлгүүрийн худалдагч бидэнд “Монголд зарагдаж байгаа ихэнх даймонд үнэт эдлэлүүд Солонгос, Хонгконгоос орж ирдэг. Эдгээр орнуудад үнэт эдлэлийг зөвхөн үйлдвэрлэдэг. Ингэхдээ Өмнөд Африкаас алмаазаа оруулж ирдэг. Манай брэндийн хувьд 100 хувь баталгаатай” хэмээн тайлбарлалаа. Эднийх хуримын сарыг тохиолдуулан 30 хувийн хямдрал зарлажээ. Мөн л алмаазан шигтгээг тусгай багажаар таниулан, баталгаат сертификатын хамтаар худалдаалдаг байна. Үүнийн хувьд очир алмаазаас хамаарч 1-18 сая төгрөгийн хооронд байв. Хүн бүр очир алмааз, цагаан алтны үнийг мэддэг учир үүнийгээ дагаад хэрэглээ нь ч өссөн гэдгийг тэрбээр онцоллоо.

Шангри-Ла моллд байрлах Италийн үнэт эдлэлийн “Damiani” брэндийн салбар дэлгүүрийг зорьлоо. Уг брэнд нь 1924 онд үүсгэн байгуулагдсан юм. Монголд 2015 онд салбараа нээсэн ажээ. Энэ дэлгүүрийн хамгийн үнэтэй алмааз нь 15 саяар үнэлэгдэх сүйн бөгж байлаа. Мөн худалдан авагч сонирхсон загвараа Италиас захиалан авчруулах боломжтой гэнэ. “Damiani” брэнд нь үнэт эдлэлийнхээ бүхий л шат дамжлагыг гараар хийдэг гэдгээрээ онцлог юм байна.

Тэдний хэлж буйгаар хамгийн дээд зэргийн алмаазыг дэлхийн үнэт эдлэлийн брэндүүд ашигладаг байна. Түүнээс дооших зэргийн алмаазыг Монголд байгаа ихэнх дэлгүүрүүд зардаг. Алмааз нь цэвэр цагаан алтанд суурилдаг гэнэ. Байгалиасаа хэддүгээр зэрэлэлийн ямар даймонд гарч ирсэн, олон улсад хаана хаана бүртгэгдсэн зэргээс хамаарч үнэ нь тогтоогддог ажээ. Мөн өнгөнөөсөө шалтгаалан хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх очир эрдэнүүд ч бий.Алмаазны чанарыг 4С гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг байна. С-carat буюу жин, С-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэнэ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭД ХҮРСЭН “ЯГААН ОД”

Ягаан од хэмээх 59.60 каратын ягаан алмааз өнгөрсөн жил Хонгконг хотноо болсон дуудлага худалдаагаар 71.2 сая ам.доллараар зарагджээ. Энэ нь ямар ч алмааз эрдэнэс, үнэт чулууны түүхэнд хүрч байгаагүй өндөр үнэ юм. Зууван хэлбэртэй, холимог засалтай алмаз нь 60 сая ам.долларын үнэ хүрнэ гэж судлаачид дуудлага худалдааны өмнө тооцоолж байжээ. “Ягаан од”-ыг дуудлага худалдаанаас Хонгконгийн үнэт эдлэлийн “Chow Tai Fook” компани худалдан авсан байна. 2014 он уг эрдэнэс Женевийн дуудлага худалдаагаар 83.2 сая ам.долларт хүрсэн ч сүүлд ялагч нь худалдаж авч чадаагүй тул хамгийн дээд үнэ гэж дүгнэхэд хараахан тохиромжгүй ажээ. Үүнээс өмнө хамгийн өндөр үнэ хүрсэн алмааз нь “Оппенхаймерийн Хөх” алмааз байжээ.“Ягаан Од”-ыг 1999 онд Өмнөд Африкаас “De Beers” компани олборложээ. Түүхийгээрээ 132.5 карат хүрч байсан энэхүү эрдэнийг засаж янзлахад хоёр жилийн хугацаа зарцуулсан байна.

ЦУС ДАГУУЛСАН ЭРДЭНЭС

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том таван алмааз буюу “Найдвар”, “Орлов”, “Кохинур”, “Агуу Могол”, “Шах” зэрэг нь Энэтхэгээс гаралтай юм. Сүүлийн гурвыг Таж Махалын агуу бунхныг бариулсан Шах Жахаан хаан эзэмшиж байжээ. Эдгээр таван алмаазаас дэлхийд хамгийн ихээр танигдсан нь Кохинур алмааз. Кохинур гэдэг нь “Ертөнцийн уул” гэсэн утгатай ажээ. Энэтхэгт энэ эрдэнэсийг 1306 онд 739 карат жинтэйгээр олжээ. Британийн хатан хаан Виктория Энэтхэгийн эзэн хаан болсноор 1877 онд түүний эрдэнэсийн санд уг алмаазыг оруулжээ. Хожим нь 105,6 карат жинтэй болгон засан Елизавет хатан хааны титэм дээр заларч, Малтийн загалмайг чимсэн байна. Эртний Энэтхэгийн домогт “Энэ алмаазыг хэн эзэмшинэ, тэр хүн дэлхийн эзэн болно. Гэхдээ таагүй явдал дагалдаж магадгүй. Ганцхан эмэгтэй хүн, бурхан хоёр л үүнийг ямар ч шийтгэлгүйгээр эзэмшиж болно” гэж өгүүлдэг байна. Үүний шалтгаан нь уг эрдэнэсийн төлөө дундад Азийн орнуудын хаад, ноёд хоорондоо тэмцэлдэж байсантай холбоотой ажээ. Кохинурыг ямар ч дуудлага худалдаагаар оруулахгүй, ямар ч үнээр авах боломжгүй, үнэлэхийн аргагүй үнэт эрдэнэс гэж үздэг юм. Сьерра-Леоны иргэний дайн алмаазны төлөөх тэмцлээс үүдэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Уг дайн нь Баруун Африкийн Сьерра-Леоне улсад 1991-2002 он хүртэл үргэлжилсэн юм. Ингэхдээ Засгийн газрын арми ба сөрөг хүчин болох Хувьсгалт нэгдсэн фронт (RUF)-ын хооронд өрнөжээ. Алмаазын уурхайн эрх мэдлийн төлөө сөргөлдөөн эцэстээ дайн болон өргөжиж, 75 мянга гаруй хүний амь насыг хохироосон түүхтэй.

ЭРТНИЙ АРАБЧУУД КАРАТОЙН ЖИМСНИЙ ҮРЭЭР АЛМААЗЫГ ХЭМЖДЭГ БАЙЖЭЭ

Манай эриний өмнөх 800 жилийн тэртээ Энэтхэгийн Голконда хотод шороон ордоос алмаазыг олборлож эхэлжээ. Уг ордыг XVIII зуун хүртэл ашиглаж байжээ. Түүнчлэн эртний Египетчүүд манай эриний өмнөх олон зуун жилийн өмнө алмаазаар хийсэн багаж хэрэглэдэг байсан нь археологийн малтлагаар тогтоогдсон байна. Алмааз гэдэг нь “ялагдашгүй, дийлдэшгүй” гэсэн араб гаралтай үг ажээ. Алмаазын ер бусын шинж чанарууд нь зөвхөн гоёл чимэглэл, үнэт эдлэлд зориулагдаад зогсохгүй орчин үеийн техник технологийн үнэлж баршгүй чухал түүхий эд болдог байна. Түүний хатуулаг шинж чанарыг нь ашиглан гүний өрөмдлөг хийхэд ашиглаж байна. Цөмийн эрчим хүч, сансрын нарийн тоног төхөөрөмж нарийвчлал өндөртэй аппарат хэрэгсэлд, хэмжилтийн багаж төхөөрөмжийн суурь болгон хэрэглэдэг.

Алмаазыг карат гэдэг нэгжээр хэмждэг нь эртний арабчууд каратойн гэдэг жимст модны үрээр жинг дүйцүүлэн хэмждэг байсантай холбоотой ажээ. Уг модны үр нь бүгд нэгэн жигд байдгаараа онцлог байж. Карат гэдэг нь үр гэсэн утгатай юм.

1907 онд Парис хотноо болсон олон улсын жин хэмжүүрийн чуулганаар алмаазыг карат буюу 0.2 рам гэсэн нэгдсэн хэмжүүрээр хэмжихээр тогтсон байна. Боловсруулаагүй алмааз тийм ч үзэмжтэй биш. Гол төлөв 2-4 мм хэмжээтэй, гадуураа төмрийн ислээр бүрхэгдсэн жижиг чулуулаг хэлбэрээр олборлодог. Жижиг ч гэсэн өөрийн ер бусын шинж чанараараа хүн төрөлхтнийг бишрүүлж чаддаг нь алмаазын онцлог юм. Алмаазыг талст гарган өнгөлсний дараа түүний гайхалтай өнгө үзэмж илэрдэг. Талстуудыг гэрэл нэвтрүүлэхгүй, бие биеэсээ ойж байхаар тооцож өнгөлдөг байна. 57 талст гаргаж зассан алмааз хамгийн үзэмжтэй бөгөөд шөнө гэрэлтэж харагддаг. Талстуудыг тусгай багаж хэрэгсэл дээр нарийн мэргэжлийн хүмүүс өнгөлөх бөгөөд маш чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой. Хамгийн чадвартай өнгөлөгч 88 талст гаргаж байсан ажээ. Бидний амьдарч буй орчлон хорвоо дээр даймондын өчүүхэн хэлтэрхий хосгүй үнээр эрдэнэст тооцогдож байхад сансар огторгуйд бүхэл бүтэн алмаазан гариг байдаг нь бас л сонин юм шүү.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Цусаа өгөхийн өмнө анхаарах зүйлс

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Хоёр га талбайд 2500 чацарганы мод тарьсан 8а ангийнхан

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочноор Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийг 1976 онд төгссөн 8а ангийнхныг онцолж байна. Тус ангийнхан энэ жил тохиосон Манхан сумын дунд сургуулийнхаа 90 жилийн ойгоор уулзацгаажээ. 42 жилийн дараахь ангийнхны уулзалт тунчиг сайхан болсон гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. 90 жилийн ойн уулзалтад 8а ангиас таван эрэгтэй, 10 эмэгтэй хүрэлцэн иржээ. “Биднийг уулзалтад очиход залуус эмээ, өвөө дээшээ суу гээд л байсан. Гэхдээ хүүхэд насны минь гэнэн цайлган үеэ хамтдаа туулсан тэднийгээ харахад хөгширсөн гэж ер санагдахгүй байсан” хэмээн ангийн охин Г.Сарангэрэл хэлэв. Б.Болормаа “Тухайн үеийн төгсөгчдөөс одоо 80 орчим хүүхэд энх тунх байдаг юм. Тэднээс 60 орчим нь ойн уулзалтдаа зорин ирсэн. Биднийг анх хөдөө гэрээсээ эрдэм сурахаар сургуулийн алтан босгыг алхан ороход Боловсролын тэргүүний ажилтан, Ардын багш Ольяа угтан авч, А үсэг зааж байлаа. Манай анги 32 хүүхэдтэйгээр наймдугаар ангиа төгссөн. Тэр үед сургуулийг маань цэнхэр будгаар гангалан будсан модон хашаа хүрээлдэг байсан юм. Сургуулийн хажууд байх дотуур байранд амьдардаг хүүхдүүд хашаанаасаа барагтай бол гадагш гардаггүй байсан шүү. Хөдөөнөөс аав, ээж нь эргэлтээр ирэхээр магнайгаа хагартал баярладаг. Хайрсан боорцог, хатаасан борцыг уут уутаар нь бэлдээд аваад ирдэг байлаа. Дотуур байранд суудаг хүүхдүүдийн нэг нь би байв. Өлсөөгүй хэрнээ ээжийнхээ хайрч авчирсан боорцгийг идээд л баймаар санагддаг байж билээ. Тухайн үед хичнээн охид, хөвгүүд сурдаг байсныг одоо бүр мартаж орхиж. Гэхдээ манайх хөвгүүд голлодог анги байсан санагдана” хэмээсэн юм.

8а ангид аймгийн аварга малчдаас авахуулаад дэлхийн аварга хүртэл бий гэсэн. Мөн төрийн одон медаль болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын тэргүүн, Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар 10 орчим хүн шагнуулж байжээ. Саяхан болсон ойн баярын үеэр ангийн найз Х.Бадамцэцэг нь Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Харин өнгөрсөн 2017 онд Д.Болормаа, Г.Сарангэрэл нар “Алтангадас” болон “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнуулсан байна.

Н.Батлаваас олон жилийн дараа ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж буй сэтгэгдлийг нь асуухад, “Биднийг 1976 онд төгсөж байхад ангийн уулзалт, нийллэг гэж байдаггүй байлаа. Хот газар ч ийм зүйл байхгүй байхад сумын сургуулийн хүүхдүүд хоорондоо уулзалт зохионо ч гэж юу байхав. Гэхдээ бидний хэдэн нөхөд нэгнээ санахын эрхэнд хамгийн анх 1978 онд сумын төвд байдаг байсан цоохор гэрт төгсөгчдийнхөө дунд анхны уулзалтыг зохиож, сургуулийнхаа багш нартай золгож, дурсгалын зураг татуулж явлаа. Энэ уулзалтыг одоо ч тэр үеийн төгсөгчид ярьдаг юм. Түүнээс хойш сургуулийн уулзалт, ангийн нийллэгийг төгсөгчид сумандаа зохиох болсон гэсэн. Манай анги сургуулийнхаа хамгийн анхны коллектив сайтай анги байсан гэж яригддаг юм гэнэ лээ. Нэгэндээ зовлон жаргал, баяр гуниг аль нь ч тохиолдсон тусалж, дэмжээд хамтдаа байхыг хичээдэг. Сүүлийн хэдэн жил бүр ч илүү нэгнээ санадаг болж. Яах вэ, зарим нь насны залууд, ааг омгондоо багтаж ядсан хүмүүс энд тэнд салан одож явсан ч жил ирэх тусам улам ихээр нэгнээ гэх сэтгэлтэй болж, ойр ойрхон уулзалддаг болсон. Энэ уулзалтаар манай хэд сэтгэлээ нэг сайн дэвтээж байна даа”гэв.

“Манай ангийн Н.Батлав үхэх сэхэхийн заагт очин амь тэмцэж арайхийж хөл дээрээ дахин босч ирсэн юм. Энэ маань л биднийгээ бөөгнүүлж, уулзалт цуглаан зохиодог юм. Саяхан болсон уулзалтаар бид ангийн найз Н.Батхүүгийндээ зочилж очиход манай төгсөлтийн Дарьжав биднийг угтан авч, тусгайлан таван ханатай хоёр гэр барьж, цай, хоол, идээгээр дайлсан. Мөн зочилж очсон хүн бүрийн гарыг цайлгаж, дээлийн торго, сүү, хадаг өгсөн. Яг энэ үеэр ангийн найзууд болох Жаргалсайхан, Бадамцэцэг нар бидний араас хэд хэдэн шуудай тарвас авчирч дайлсан шүү. Тэр үед тарвасаар хур буух шиг л болсон. Манай ангийн хүүхдүүдийн зарим нь хот газар амьдрах болсон учир хөдөө талын сайхан, нутгийнхаа онцлогийг эргэн дурсаж, санасан сэтгэлээ тайлж байна. Их баярлалаа та хэддээ гэж хүртэл хэлж байсан” хэмээн Г.Сарангэрэл дурсаж байлаа.

Яг энэ үеэр Б.Болормаа “Бид жаахан байхдаа спортын төрөлд манлайлдаг сурагчид байсан сан. Тухайн үед аймаг, сумын сагс, волейболын тэмцээнд хэн эхний хэдэн байрыг эзэлсэн байна. Тэр нь манай анги, эсвэл сургуулийн хүүхдүүд л байдаг байлаа. Сургуулийн шигшээ, аймгийн шигшээ багийн шилдэг тамирчдын гэрэл зургаар манай ангийн хүүхдүүдийн зургийг тавьсан байна лээ. Ольяа багш хааяа биднийг жаахан загнана. Уг нь ааш зөөлөнтэй, уурлана гэж ер нь мэддэггүй хүн сэн. Гэхдээ заримдаа биднийгээ жаахан дарж авахгүй бол бас даврах шинжтэй байх юм. Арга ч үгүй биз дээ. Амаараа дүүрэн черниль сорж байгаа хүүхдэд донго хүртээлгүй яах вэ. Нэг өвөл манай ангийн хөвгүүд анхны цас орлоо гэж баярлан охидынхоо нүүрийг цасаар угааж байгаад багшид баригдаад зөндөө загнуулж билээ. Гадаа тоглож, хотондоо ажил хийсээр байгаад зарим хүүхдийн гар нь сайртай, хацар нь холцруутаж, минчийтлээ улайчихсан байдаг байлаа. Одоо ингээд харахад тэр сахилгагүй, ангийн жаахан хүүхдүүд маань аль хэдийнэ зургаа, долоон хүүхэдтэй, 10 гаруй ач, зээтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн болчихжээ. Манай ангийн Оюунцэцэг, Сарангэрэл, Баясгалан, Оюунхүү, Цэцэгмаа, Бадамцэцэг, Оролмаа, Болормаа, Эрдэнэчимэг, Эрдэнэцэцэг, Лхамхүү, ЭнхАмгалан, Мөнхтүвшин нар Алдарт эхийн одонтой. Харин Жаргалсайхан боловсролын тэргүүний ажилтан. Дарьжав Соёлын тэргүүний ажилтан болсон” гэж байлаа.

Ийн ярилцах зуур тэд гэрийнхээ халуун яндангийн тоосыг арчиж байгаад захны цагаан даавуугаа хоёр тал руу нь сөөлжүүлэн татаж индүүддэг байснаа дурсаж инээд хөөр болоод амжсан юм.

Мөн Б.Болормаа “Тоо, Дүрслэх урлаг, Дуу хөгжим, Биеийн тамир, Гар хөдөлмөр, Амьтан судлал, Хими , Газарзүй, Геометр, Физик ордог байлаа. Манай ангийн Батхүү Монгол хэлнийхээ хичээлд хамгийн мундаг нь байсан юм. Түүнээс гуйж хуулахгүй хүн гэж бараг л байдаггүй байлаа. Харин манай ангийнхан гэлтгүй сургууль даяараа ганцхан хүүхдээс л айдаг байсан. Тэр нь манай ангийн Маамаахүү. Маамаа тухайн үед сургуулийн атаман байсан юм. Хаана ч явсан Маамаахүү ирж байна гээд ганц л хэлэх юм бол бүгд зугтаадаг байлаа. Хэрэв тааралдчихвал цүнх булааж, үсний туузнаас татаж чангаагаад ер зүгээр явуулдаггүй байсан хэрэг л дээ. Нэг өдөр би хичээлдээ сууж байлаа. Хоёрдугаар салааны араасаа хоёр дахь ширээнд Маамаа, түүний урд би сууж байсан юм. Багш хүүхдүүдийг самбарт гаргаад нэг нэгээр нь бодлого бодуулаад л байсан. Миний ээлж ирж босох гэтэл үс сандалтай орооцолдоод арагшаа татагдаад унах нь тэр. Би их урт үстэй, түүнийгээ хоёр сүлжээд арагшаагаа унжуулчихсан байсан юм. Гайхаад эргээд хартал Маамаахүү миний үсийг сандалтай нийлүүлээд сүлжчихсэн байж билээ. Бас Г.Жаргалсайханы гарыг хараад л бүгд айж зугтаадаг байсан. Тухайн үед өвөл байсан юм. Мал малладаг айлын хүүхдүүд өдөр шөнөгүй гэрийн ажил хийдэг байсан болоод ч тэр үү Жагаагийн гар хүйтэнд хөлдөөд, мойнийгоод сайртчихсан болохоор бүгд шоолдог байсан нь тэр. Сүүлд тэр маань аймгийн заан цолтой мундаг бөх болчихоод залуугаараа бурхны орон руу одсон юм. Бид хэд заримдаа уулзаж, Жагаагаа дурсахдаа яах гэж түүнийг дооглож, айж зугтаадаг байснаа харуусан ярьдаг” гэж байв.

Л.Оюунцэцэг “Болормаа, Цэцэгмаа бид гурав сургуулиа төгсчихөөд яаж амьдрах тухайгаа ярилцаж, ерөөсөө ажлыг хамгийн багаас нь эхэлж хийсээр оргилд нь гарч үзье гэж шийдэн Манхан сумын нийтийн хоолны газар угаагчаар ажлын гараагаа эхэлж байлаа” гэж хэлэхтэй зэрэгцэн “Манай Оюунцэцэг бидэн дундаа хамгийн зөөлөн сэтгэлтэй. Заримдаа холбоо барихгүй удчихвал гомдоно, уулзахгүй бол уурлана, биднийг санахаараа бүр уйлдаг гэсэн. Жаахан байхдаа ганцхан ширхэг ёотон олчхоод надтай хувааж идэх гээд дээлийнхээ энгэрт бараг бяцалчихсан ирж байсан” хэмээн Б.Болормаа нэмж хэлэв.

Багадаа тэдний ангийн хүүхдүүдийн ихэнх нь хурдан морь унадаг байжээ. Манхан суманд долоон хар морь наадам болгоноор нэг зурхайнаас гардаг байсан гэнэ. Тэр морьдыг дандаа 8а ангийн хүүхдүүд унадаг байсан аж. Ээлж дараалаад л түрүүлээд байдаг. Уралдаанд түрүүлсэн хүүхдэд нэг дэвтэр, ёотон, баярын бичиг өгдөг байж л дээ. Хөвгүүд нь бэлэг аваад гайхуулаад байхаар нь А.Баясгалан сумынхаа 20 жилийн ойгоор хурдан морь унасан ч 40д орж ирсэн хэмээн түүнийг ярихад ангийн нөхөд нь түүнийг шоолон инээлдэв.

Долоон жилийн өмнө 8а ангийн 20 гаруй хүүхэд хоёр га газарт 2500 чацарганы мод суулгасан аж. Бүтэн хоёр өдөр хонон өнжин суулгасан тэдгээр модод нь уржнан жил ургацаа өгчээ. Жил өнжиж дахин ургац хураадаг тул өнөө жил бүр ч их ургац хураах шинжтэй байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Долоон жилийн өмнө болсон энэ үйл явдлаас хойш тэд бие биетэйгээ улам ойртон нөхөрлөх болсон гэв.

Одоогоор тэдний төгсөлтийнхнөөс П.Ичинхорлоо, С.Должинсүрэн, Р.Ганхуяг, Н.Оюунбаатар, А.Баясгалан, С.Дашжамц, Г.Сарангэрэл, Н.Болдсүрэн, Ц.Энхцэцэг, М.Жавзандулам, С.Мөнхтүвшин, Ш.Лхагважав, Л.Оюунцэцэг, Г.Төмөрбаатар, Н.Лхамхүү, Б.Оюунчимэг, Н.Батхүү, Н.Баатаржав, Л.Оюунцэцэг, Г.Сарангэрэл, Б.Болормаа, С.Дашжамц, Ц.Даваа, Б.Эрдэнэцогт, Х.Бадамцэцэг, М.Энхбаяр, Ц.Алтанхуяг, М.Жавзандулам, С.Лхамжав, Д.Жаргалсайхан, Н.Лхамхүү, Я.Дарьжав,Ч.Лачингалсан, Г.Энхтөр, Н.Батлав, Ц.Цэцгээ, Я.Бямбажав, Ч.Гэрэлсүрэн, Х.Пүрэв, О.Корво, Д.Эрдэнэцэцэг, До.Бадамцэцэг, Д.Эрдэнэчимэг, Д.Бямбабаяр, Н.Оюунхүү, Н.Баатаржав, Н.Сүхээ, Б.Нямдаваа, Т,Цэцэгмаа, С.Нямсүрэн, Х.ЭнхАмгалан, Н.Одонцэцэг, Ц.Бямбажав, Ж.Оролмаа, Б.Оюунчимэг, Г.Наранцэцэг, Т.Төмөрөө, Б.Энхбаяр, С.Оролмаа, О.Пүрвээ, О.Саранцэцэг, Х.Цэвэлмаа, М.Болдсүрэн, Д.Маамаахүү, Ш.Шинэдаваа, У.Хүрэлбаатар, Т.Баярхүү, Р.Дулмаа, Б.Нарацэцэн, М.Сүхбаатар, Э.Энхтуяа нар нутагтаа ажиллаж, амьдарч байгаа юм байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Тариалан сумыг нүүлгэн шилжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж байна. Энэ хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон өндөр уулнаас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өчигдөр Улаангом сумын хээрийн дадлага сургуулийн талбайд болжээ.

Орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон байна. Мөн нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургуулиудад Увс аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгээс гадна Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчид хамтран ажиллаж, эрэлч ноходыг оролцуулснаараа онцлог болсон аж.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Тариалан сумыг шинэ суурьшилын бүсэд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, удирдах бүрэлдэхүүний сорилоор үргэлжилэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Таван суманд нөхөн сонгууль болж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр өнөөдөр хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль болж байна. Санал хураалт өглөөний 07.00 цагаас эхлээд байгаа юм.

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан. Энэ дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт нөхөн болон дахин сонгууль болж, МАН болон АН-аас 15 нэр дэвшигч өрсөлдөж буй аж.

Эдгээр суманд нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Давааням: Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг хориглох нь Үндсэн хууль зөрчиж байна

Өчигдөр БХБЯ-нд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурин хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах гэрээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Тус төслийн захиалагч нь БХБЯ, гүйцэтгэгч нь Барилгын хөгжлийн төв юм. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурин хөгжлийн ерөнхий төсөл”-ийн талаар Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямтай ярилцлаа.


-Төслөө танилцуулна уу?

-Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурин хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлыг 2020 онд боловсруулж УИХ, Засгийн газраар баталгаажуулна гэж заасан. Төслийн зорилго нь Монгол Улсын хүн амын суурьшлыг ирэх 10-20 жилд нийгэм, эдийн засгийн салбар, тэр дундаа аж үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, байгаль орчны өөрчлөлттэй зохицуулан хэрхэн яаж зохион байгуулахыг төлөвлөнө.

-Өнөөгийн хүн амын тал хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдал засагдах уу?

-Монголд хүн амын нутагшилт, суурьшлын зохист харьцаа алдагдсан. Үүний баталгаа нь нэг хүнд ногдох газар нутгаараа Монгол Улс дэлхийд дээгүүрт ордог. Гэхдээ тал хувь нь ганц хотод амьдарч байна. Энэ нь хот улс, арал улсын дараа орж байгаа гэсэн үг юм.

-Өнгөрсөн жилүүдэд энэ талаар арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Өнгөрсөн 20-иод жилд бидний авсан арга хэмжээ сургамж л болж үлдсэн. Хүн амын төвлөрлийг сааруулах талаар хөдөө орон нутагт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ямар ч үр дүн гарсангүй. Хот хөдөөгийн ялгаа арилсангүй. Нийслэлийн удирдлагаас хөдөөгөөс шилжин ирэхийг хориглосон боловч бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Төвлөрлийг сааруулах онолоор хамгийн том хотоос дараагийн том хот хоёр дахин бага хүн амтай байхад зохистой гэж үздэг.

-Тодорхой ярихгүй юу?

-Хамгийн том хот Улаанбаатар нь нэг сая хүнтэй бол дараагийн том хот нь 500 гаруй хүн амтай нэг хот руу хүн ам нүүдэллэхгүй гэсэн үг.

-Тэгвэл манайд ямар харьцаатай байгаа вэ?

-Улаанбаатар, Эрдэнэт хотыг харьцуулахад суурьшсан хүн амын харьцаа 1:14 байна. Бид хүн амын төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутагт сайхан байшин барьж зорилгодоо хүрэхгүй юм байна.

-Юу хийвэл хүн амын төвлөрөл саарах вэ?

-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төвлөрлийн шалтгааныг тогтоож, асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

-Төвлөрлийн шалтгаан нь юу байна?

-Өнөөдөр яг шалтгааныг бүрэн хэмжээгээр судлаагүй байгаа. Удахгүй цогц судалгаа хийхээр хөдөө орон нутагт суурьших болон нийслэл рүү нүүдэллэх шалтгаанууд тодорхой болно. Одоохондоо орон нутгаас хот руу шилжих иргэдийн тухай ерөнхий ойлголт л байна.

-Тэр нь юу вэ?

-Хөдөө орон нутагт ажилгүйдэл, ядуурал байгаа учраас. Онолоор бол шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлс нь Улаанбаатарт байгаа юм.

-Энэ нөхцөлд бид яах ёстой вэ?

-Эхний ээлжинд нийслэлд төвлөрсөн шилжилт хөдөлгөөнийг татах хүчийг дагуул хотуудад тараан байршуулах хэрэгтэй. Жишээлбэл, нийслэлийн татах хүчийг Эрдэнэт, Дархан хот руу шилжүүлэх арга хэмжээ авна.

-Иргэд энэ төслийн хэрэгжилтээс юу хүртэх вэ?

-Төслийн хүрээнд ирэх 10-20 жилийн хөгжлийн чиг тодорхой болж хууль эрх зүйн орчноор баталгаажина. Төсөл хэрэгжсэнээр иргэн бүр оршин суугаа газраа эрүүл, аюулгүй орчинд, ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ нөхцөл бүрдэх хугацааг бид нэг жил, болж өгвөл 5-10 жилээр наашлуулахаар ажиллаж байгаа юм.

-Төслийн зорилго нийслэлийн төвлөрлийг сааруулахаар хязгаарлагдах уу?

-Үгүй. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах нь төсөлд хамрагдах нэг л үзүүлэлт. Төслийн хүрээнд аймаг, сумдын нийгэм, эдийн засгийг хамгийн оновчтой, зохистой, ашигтай байх хувилбарыг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ төслийн хэрэгжилт нь гал унтраах төдий биш. Цаашдаа орон нутаг тогтвортой хөгжиж, иргэд суурьшсан газраа тохитой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Төлөвлөлтөд төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай байх, байгаль орчинд хөнөөлгүй эко үйлдвэрлэл явуулах, орон нутгийн онцлогт тохирсон бизнес эрхлэх орчин бүрдүүлэх, зах зээл үүсгэх зэрэг боломжийг тусгахаар ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалт гэх мэт олон асуудал үүснэ дээ…

-Орон зайн оновчтой төлөвлөлт нь хөрөнгө оруулалтын ашгийг нэмэгдүүлдэг. Нийгмийн үйлчилгээний байгууллагуудын байршлаас хамаарч хүртээмж, чанарын түвшин тодорхойлогдоно. Өнөөдөр нэг суманд сургууль бариад хоёр анги дүүрэхгүй байхад нийслэлд нэг сургуулийн байшинд бараг хоёр сургуультай тэнцэх сурагчид чихцэлдээд сууж байна.

-Яагаад энэ байдал ингэтлээ гүнзгийрэв?

-Салбар хоорондын байгууллагын уялдаа холбоо муугаас.

-Энэ нүсэр ажлыг хийхэд багагүй хэмжээний хөрөнгө шаардана. Санхүүжилт хаанаас гарах вэ?

-Энэ төслийг хэрэгжүүлэх бүтцэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний хороо ажиллаж байгаа. Үндэсний хороонд бүх яамдын төрийн нарийн бичиг, агентлагуудын төлөөлөл орсон. Шаардлагатай хөрөнгө улсын төсөвт суусан.

-Гаднаас ямар нэгэн зөвлөгөө, техникийн туслалцаа авах уу?

-Жайка зөвлөхүүд болон техникийн туслалцаа үзүүлнэ. Цаашдаа өөр байгууллагууд ч оролцох байх. Орос, Хятад улсууд хоёрдогч буюу дунд хотуудыг байгуулж байгаа. Тэр туршлагыг судална. Бид хөрөнгө оруулалтыг бүх засаг захиргааны нэгжид тэгш тараагаад хөгжинө гэдэг бүтэхгүй болохыг өнгөрсөн хугацаанд харлаа.

-Тэгээд яах ёстой вэ?

-Засаг захиргааны нэгж, бүтцэд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Тэгвэл “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай” хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу?

-Тэгэх шаардлагатай болж байгаа юм. Замын-Үүд сум гэхэд бараг аймагтай тэнцэх хэмжээний оршин суугчтай. Гэтэл сумын статусаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ тохиолдолд төрийн үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал ярьж болох уу.

-Гадны жишиг ямар байдаг вэ?

-Манай хөршүүд Замын-Үүд шиг хотыг тусгай статустай бүс болгож байна. Ингэснээр бизнесийн орчин эрс сайжирна. Ямар хэмжээний нутаг дэвсгэр хүн амтай бүс байхыг судалгааны үндсэн дээр тогтооно.

-Оюу толгой, Таван толгойн бүс гэж байгуулагдах байх даа?

-Мэдээж судалгаанд хамрагдана. Зөвхөн энэ бүс биш. Уул уурхайн томоохон бүсүүдийн талаар судалгаа хийж, хүн амын суурьшлаас гадна цаашдын үйл ажиллагаа явуулах дэд бүтцийн асуудлыг ч нэг мөр судалгаанд хамруулна. Судалгаа хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Цогцолбор судалгаа хийсний дараа бүх шатанд хэлэлцүүлэг явуулна.

-Эхний ээлжинд нийслэл рүү чиглэсэн нүүдлийг зогсооно гэж ойлгох уу?

-Зарчмын хувьд иргэдийн нийслэл рүү ирэх нүүдлийг зогсоох зорилго тавиагүй.

-Яагаад?

-Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг хориглох нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Үндсэн хуулиар “Иргэд оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй “ гэсэн заалт бий.

-Гэхдээ нийслэлийн удирдлагаас иргэдийг орон нутгаас шилжиж ирэхийг нь хориглосон шийдвэр гарсан шүү дээ…

-Хэрэгжээгүй биз дээ. Түүний оронд эхний ээлжинд орон нутагт байгаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Шилжилт буурсан тохиолдолд төвлөрлийг задлах ажиллагаа явагдана.

-Яаж?

-Нийслэлийн ойролцоо дагуул хотууд байгуулах, хуучин хүн ам, засаг захиргааны төвүүдийг томруулах гэх мэтээр.

-Нийслэлийг тойрсон Төв аймгийн сумдыг томруулж болохгүй юу?

-Бас л нэг байж болох хувилбар. Гэхдээ хаана, юу, ямар хэмжээтэй байх нь судалгааны үр дүнгээр шийдэгдэнэ.

-Та нарын боловсруулсан төслөөс юу харж болох вэ?

-Монголын хөгжлийн зургийг цогцоор нь харж болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Багш нарт 21 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Та ажлаа аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд боловсролын салбарын ирээдүйн хөгжлийг юу гэж харав?

-Хөгжлийн нууц нь концепцийг оновчтой зөв тодорхойлох гэж би хувьдаа үздэг. Боловсролын салбар шилжилтийн он жилүүдэд төдийгүй үндсэндээ сүүлийн 30 жилд урсгалаараа явж, хэт олон асуудал хуримтлагджээ. Үүнтэй маргах хүн гарахгүй гэдэгт итгэж байна.Тодорхой төсөөлөл, мөрөөдөл, чиглэлгүйгээр урсгалаараа явна гэдэг аль ч салбарт маш их хохиролтой.Ийм л дүр зурагтай салбарыг хүлээж авсан. Ер нь боловсролоо урсгалаар нь орхино гэдэг улс орны хөгжлийн ирээдүй болсон үр хүүхдүүдээ зөнд нь хаясантай ижил шүү дээ. Өрх гэр хүртэл амьдралаа төлөвлөдөг. Компаниуд мастер төлөвлөгөө гаргадаг болсон цаг. Тиймээс хуримтлагдсан олон асуудлуудыг сэтгэл хөөрөл, гадна дотнын жишээн дээр биш системтэй судалгаа, оношилгоо, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тооцоо, судалгаа, эрэмбэ дараатай засна. Энэ салбарын ойрын, дундын болон урт хугацааны алсын хараа, зорилго, концепцийг бий болгохыг зорьж байна. Энэ оны хоёрдугаар сард БСШУСЯ, Азийн хөгжлийн банк болон Сангийн яамтай хамтран “Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө боловсролын салбарын урт хугацааны бодлого бүхий төлөвлөгөө байх болно. Үүний төлөө ажлын хэсгийнхэн маань чармайн ажиллаж байна. Эндээс их аятайхан дүр зураг, урт хугацааны бодлого гарчих үр дүнг хүлээж байна.

-Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг өмнө нь боловсруулан хэрэгжүүлж байсан. Энэ удаагийн мастер төлөвлөгөөний онцлог юу вэ?

-Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Түүнээс хойш 2000-2005, 2006-2015 оны хооронд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн.

Энэ удаа бид дөрөв дэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар боловсруулан ирэх оны зургадугаар сард бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамтатгаж дуусгана. Энэ мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлнэ. Мастер төлөвлөгөөнд, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн, ялангуяа малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зэрэг шинэ, дээд эрэмбийн асуудлуудыг санал болгон, холбогдох судалгаануудыг хийж байна.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн монгол хүн бэлтгэх боломжуудыг эрэлхийлж, бодлого, стратеги, менежмэнт, зохион байгуулалт, сургуулийн байршил бүтэц, сургалтын агуулга, стандарт, багш нарын чадвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлд шинэлэг агуулгыг тусгах юм. Дээд боловсролын салбарт их сургууль, дээд сургууль, коллежийн ялгааг илүү тодотгон, энэ дагуу тухайн боловсролын байгууллагын төвлөрөн суурьших байршлыг тодорхойлох зэрэг алхмыг хийхээр урьдчилан төлөвлөж байна. Ингэснээр дээд боловсролын чанарыг ахиулах цогц бодлогын загвараа гаргана.

-Мастер төлөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэх хүмүүс нь багш нар. Багшийн хөгжилд хэрхэн анхаарч байна вэ?

-Боловсролын салбарт сүүлийн 30 жил асар олон асуудал хуримтлагдаж, зарим талаар уналтад ороод байна гэж би дээр хэлсэн. Энэ уналтыг зогсоож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гол хүмүүс нь багш нар. Багш сайн байж сайн шавь төрнө, төлөвшинө. Ингэж байж л Монголын ирээдүй гэрэл гэгээтэй, оюунлаг байх болно. Тиймээс БСШУСЯ-наас 2018 оныг Багшийн хөгжлийн жил болгон зарласан. Багш өөрөө хөгждөг, сайн ажиллавал цалин урамшуулал нь нэмэгддэг тогтолцоо руу бид шилжих цаг болсон. Энэ чиглэлээр яамнаас багагүй ажил хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард Багшийн хөгжлийн тухай бие даасан хууль УИХ-аар батлагдлаа. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1нээс хэрэгжиж эхэлнэ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байрандаа хөгжих, нийгмийн баталгааг хангах асуудал өмнө нь Боловсролын тухай хуулиар зохицуулагддаг байсан. Харин одоо Багшийн хөгжлийн хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл багшийн хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн зохицуулалттай болсон гэсэн үг. Энэ бол том дэвшил.

-Тус хуульд багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямар зохицуулалтууд туссан бэ?

-Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувийг буюу дунджаар 10 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно. Багш нарыг ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем бий болно. Ер нь сайн багш сайн л цалин авах ёстой гэдгийг би ажлаа авсан өдрөөс л онцолж байгаа. Тиймээс сайдын хувиар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, багшийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувиар тогтоох, сургууль, цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Ингэснээр 2018 онд 21 тэрбум төгрөгийн урамшууллыг багш нарт олгоод байна. Багшийн хөгжлийн тухай хуулийн дагуу сургуульд 44өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгоно. Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны их, дээд сургуульд суралцаж байхдаа дадлагажигчаар ажилласан хугацааг кредитэд тооцох зэрэг зохицуулалтууд шинээр батлагдсан. Түүнчлэн багш нар 510 жил ажиллаж байж зэрэг нэмэх зохицуулалттай байсныг өөрчилж, ажлын өндөр үр дүн гаргасан тохиолдолд нэмэх бололцоог бүрдүүлж байгаагаараа залуу багш нарт урам өгсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

-Сургалтын чанар, үр дүнд сурах орчны асуудал маш чухал нөлөөтэй. Яамны зүгээс энэ талаар ямар ажлууд хийж байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин хүүхдэд ээлтэй байх ёстой. Орчны аюулгүй байдлын тухайд цахим аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй гээд олон зүйл багтана. Энэ чиглэлээр нэлээд ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн. Нэн тэргүүнд хүүхдийн хоол тэжээлийн асуудалд салбар яамны зүгээс онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд БСШУСЯ цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлээд байна. Ингэснээр 2019 оноос хүүүхдүүд чанартай, баялаг орц найрлагатай үдийн цай хэрэглэдэг болно. Мөн энэ аравдугаар сарын 1ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн ойр орчимд 500 метр дотор хийжүүлсэн ундаа, чипс, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ. Хоёрт, хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдүүдийг цахим халдлага, донтолтоос сэргийлэх, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулсан.

-Эрүүл мэндийн хичээл ЕБС-ийн бүх ангид орохоор болж байгаа. Ингэснээр ямар давуу талууд бий болно гэж үзэж байгаа бол?

ЕБСийн бүх ангид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг оруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу сургалтын агуулга, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Ингэснээр сурагчид хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр ойлголттой болж төлөвших нийгмийн маш чухал ач холбогдолтой бодлогын ажил эхэлсэн. Ер нь эрүүл, боловсролтой иргэн бэлтгэх, тогтвортой, олон жил хэрэгжих сайн хөтөлбөрийг бид бий болгох ёстой. Үүний гол хөшүүрэг нь сайн сурах бичиг. Сурах бичиг олон дахин солигддог байх нь суралцагч хүүхдүүдэд маш хортой. Сургалтын хөтөлбөр нь ойр ойрхон өөрчлөгддөг байдал багш нарыг залхааж, нийгмийг ч төөрөгдүүлж, энэ нь эцэстээ салбарыг тэр чигт нь тогтворгүй болгож байна. Энэ замбараагүй байдлыг өөрчилж, тогтворжуулж, хуулиар хамгаалж өгөхийг зорьж ажиллаж байгаа. УИХын намрын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн төсөл батлагдсанаар боловсролын салбарт олон сайн өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байгаа. Бид олон багш нараа оролцуулсан хэлэлцүүлгүүдийг хийж хамгийн сайныг нь авч тусгаж байгаа.

-Манай улс 12 жилийн тогтолцоонд шилжээд чамгүй удаж байгаа. Гэтэл ердөө энэ жил л бүрэн хөтөлбөр, сурах бичигтэй 12 жилийн тогтолцоонд шилжиж байна гэх юм. Энэ үнэн үү?

-Харамсалтай нь үнэн. 2008 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Гэвч шулуухан хэлэхэд сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргасан шийдвэр байсан санагддаг. Хөтөлбөр болон сурах бичгийг нь төлөвлөхгүйгээр шилжсэн байдаг. Өнгөрсөн жил гэхэд 12 дугаар ангийн сурагчид сурах бичиггүй төгссөн. Үүний хор уршиг хожим хүүхдүүдэд маань гарах нь харамсалтай. Ер нь Монголын боловсролын мастер төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлагыг 10, 15 жилийн хугацаатайгаар төлөвлөх нь зөв гэдэг бодлого гаргасан. Томилогдсон сайд бүрийн үзэл бодлыг дагаж, дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөх төсөл, хөтөлбөрийг үр хүүхэд дээрээ туршдаг гашуун туршлагыг таслан зогсоох цаг болсон. Энэ салбарт тогтвортой хөтөлбөр, сурах бичиг, бодлого юу, юунаас чухал байна. Үүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хуульчилж, дархлаатай болгохын төлөө ажиллаж болно.

-Зургаан наснаас эхэлж ерөнхий боловсролыг олгох энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Нийгэмд асуудал дагуулсан сэдэв шиг санагддаг?

-Энэ тогтолцоо ялангуяа хөдөө орон нутгийнхны хувьд амьдралд хүнд тусч байна. Гэр бүлд маш хортой нөлөөлж байна. Ийм бодитой асуудал нүүрлэсэн учраас малчдын хүүхдүүдэд сонголт үлдээхээс өөр аргагүй болсон. Магадгүй, малчин өрхөд өсөж өндийсөн хүүхдүүд боловсрол эзэмшээд, хожим нь уламжлалаа дагаад өрх гэрийнхээ мал аж ахуйг авч явж болох шүү дээ. Авч явах ч учиртай нь үнэн шүү дээ. Тиймээс малчдын хүүхдүүдийн сургуульд элсэх насыг эргэж харах шаардлага зайлшгүй байна. Малчдын хүүхдүүдийн хувьд, хэрэглээ, цаг үе, үйл явдлын онцлогт тохируулж цагаан cap, мал төллөлт гэх мэтээр сургалтын программаа гаргах бол, хотын хүүхдүүдийг ид утааны үеэр амраана гэдэг ч юмуу зохицуулалтыг хийж өгөхийг цаг үе нэхэж байсан. Тус зохицуулалтыг энэ хичээлийн жилээс хийж өгсөн.

-Их, дээд сургуулиудыг цөөлөх шийдвэр гаргаж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээр дээд боловсролын байгууллагуудад нэлээд том шалгуур, анхааруулга өгсөн гэж ойлгож болох уу?

-Дээд боловсролын шинэчлэл бол нийгмийн, цаг үеийн захиалга. Нэгдүгээрт, цөөлнө гэдгээр хаалгыг нь шууд хаагаад явахгүй байгаа. Боломжуудыг нь олгож, шаардлагаа өндөрсгөсөн. Энэ 96 дээд сургууль дотроос 30 гаруй нь статусаа өсгөөд бүр их сургууль болчихсон. Их сургуулийн статус гэдэг ямар байх ёстой вэ. Байшин нэмж барьж, барилгаа өргөтгөснийг их сургууль болчихлоо гэж эндүүрч болохгүй. Сургалтын агуулга, мэргэжлийн багш нарын баг чухал. Төгссөн оюутнуудын 65 хувь нь ажилгүй гэдэг статистик тоо үнэн шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж буй хүн ч ховор байна. Тиймээс их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог өндөрсгөсөн. Дээд оноо 800, ядаж 400 оноо авч байж дээд сургуульд элсэнэ. Төрийн өмчийн их сургуулиудад 480 гэдэг босго оноог тавьсан. Ингэснээр элсэгчдийн чанар сайжирч дагаад дээд боловсролын чанар, нэр хүнд өснө гэж харж байна.

-Хувийн их, дээд сургуулиудын босго оноо улсын их, дээд сургуулийнхаас арай бага байсан. Угтаа бол адилхан байх ёстой биз дээ?

-Нуух юу байхав, бүх зүйл хоёр талтай. Босго оноо өсгөснөөс болж эсэргүүцэл их ирсэн. Улмаар хувийн их, дээд сургуулиудын консорциум саналаа ирүүлснээр босго оноон дээр тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийсэн нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхааруулсан. Төлбөрөө төлөөд элссэн оюутнуудад чанартай боловсрол олгох, төгсөөд ажлын байранд ажиллах чадвартай болгож өгөх шаардлагыг тавьсан. Ер нь бол хатуухан хэлэхэд боловсролоор дамжуулж бизнес хийж болохгүйг хэн хүнгүй л мэдэх учиртай. Оюутан бол төлбөр төлөгч гэж харж болохгүй шүү дээ. Тэд Монголын ирээдүйг нуруун дээрээ үүрэх сэхээтнүүд болж бэлтгэгдэх ёстой.

-Дээд боловсрол гудамжинд гараад удаж байна гэх шүүмжлэл нийгэмд байсаар байна. Ер нь дээд боловсролыг чанаржуулахын тулд яах ёстой вэ?

-Дээд боловсролын чанар бол нийгмийн захиалга мөн үү гэвэл мөн. Дээд боловсролын либералчлал нэрийн дор барилгатай, ширээ сандалтай л бол дээд боловсролын үйлчилгээ явуулах эрх өгч, элсүүлэх оюутны тоонд төрөөс хяналт тавихаа больж, тухайн сургуулийн ТУЗд хүсвэл хэдэн ч оюутан авч болно гэж журамласнаас хойш чанаргүй их, дээд сургуулийн тоо ихэссэн. Төлбөрөө төлж л чадаж байвал хэн ч их, дээд сургуулийн оюутан болох үүд хаалгыг нээсэн шийдвэрийг 20122015 онуудад бий болгосон нь харамсалтай. Өнгөрснөө үгүйсгэж, муулж, өөрийгөө дөвийлгөх гэсэнгүй шүү. Чухам эндээс дээд боловсролын үнэгүйдэл эхэлсэн гэж болно. Харин 2018 оноос буюу ажлаа авснаас хойш дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлсэн. Чанаргүй их, дээд сургуулийн тоог багасгаж, чанаржуулах зорилгоо ил тод зарлаж ч байсан. Зарим их, дээд сургуулийг татан буулгаж, зарим ижил төстэйг нь нэгтгэлээ. Тодруулбал, 18 их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, боловсролын байгууллагад тавигдах стандарт шаардлага хангаагүй, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг, үйл ажиллагааны зөрчилтэй таван дээд сургууль, коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, мөн таван сургууль өөрсдийн хүсэлтээр бусад сургуультай нэгдсэн. Цаашид хяналт, үнэлгээг сургуулийн үйл ажиллагаанд төдийгүй сургалтын хөтөлбөрүүдийн түвшинд үргэлжүүлэн явуулна.

-Огцруулах дөрвөн сайдын нэрэн дунд таных ч бас явж байсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ингэж ярьж байгаа хүмүүсээс асуусан нь дээр байх аа. Ер нь “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг бүх муу муухай зүйлийг надтай холбох гэж үзэж байгаа хандлагыг сүүлийн хоёр сар хангалттай мэдэрлээ. Тэглээ гээд гомдоллох, эмзэглэх юм алга. Улстөрч хүний хувьд сонгосон зам минь энэ. Бүгдийг нь даваад гарна даа. Ер нь би ийм асуудалд цаг зарцуулж дадаагүй юм билээ. Өмнөх ажлаа л чин сэтгэлээсээ хийж, итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ итгэлийг зүтгэлээр хариулахыг л өөртөө үүрэг болгодог доо. Хувь хүний нэр нь гэхээсээ илүү хийсэн ажил нь яригдаж үлддэг шүү дээ.

-Өнөөдөр багш нарын баярын өдөр тохиож байна. Таны хувьд ЗХУ-д багш мэргэжил эзэмшсэн байх аа. Багшийн ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Монголын үе үеийн багш нартаа дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эх орны минь ирээдүйг гартаа, сэтгэлдээ өлгийдөн авч ажилладаг мэргэжил нэгт багш нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Хүнлэг, сайхан, мэдлэгт суурилсан, хүнд ээлтэй нйигмийг бүтээх үйлсэд нь амжилт хүсье. Би ЗСБНХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн багшийн ангийг төгссөн. Төгсөж ирээд төрөлх нутаг Ховд аймгийнхаа Багшийн дээд сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Одоо бодоход дөнгөж оюутны ширээний араас ирсэн хүүхэд үе тэнгийн шахуу оюутнууддаа хичээл зааж байж. Хэдийгээр өөр ажилд шилжиж ажилласан ч багшийн мэргэжил, багшийн ажилдаа үнэхээр хайртай.