Categories
мэдээ нийгэм

Маргааш замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн саналыг авна

Маргааш “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

Улаабаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Орон нутгаас Улаанбаатарт ирсэн тээврийн хэрэгслийн тоог оролцуулбал уг тоо нэмэгдэнэ. Хэдийгээр жил бүр авто замуудыг өргөтгөж, шинийг тавьж байгаа ч тээврийн хэрэгслийн тоо олширсны улмаас ачаалал нэмэгдээд буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд 70 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолд тусгасан ачаалал ихтэй уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ тавьж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, борлуулалт, түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар явуулах, замын автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг ажлын хэсэг судалж, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар уг зөвлөгөөний үеэр иргэдийн саналыг авах юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон холбогдох бүх албаныхан оролцох аж. Зөвлөгөөнд оролцож буй бүх хүн саналаа хэлэх боломжтой.

Зөвлөгөөний онцлог нь өмнөх жилүүдэд хийсэн ажлаа бус, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцэхэд оршиж буй. Тухайлбал, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүний ажил хэмээн албаны хүмүүс үзжээ. Гадаадын хотын цөөн хэдэн баримтыг дурдъя. Японы Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, зургаан хувь нь автомашинаар зорчдог аж. БНХАУ-ын нийслэл Бээжингийн иргэдийн 34 хувь нь автомашин унадаг гэнэ. Гэвч Улаанбаатарын иргэдийн 70 орчим хувь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролдог гэнэ. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэр, тухтай автобусаар үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг нийслэлийн ИТХ зорьж байгаа ажээ. Дээрх зөвлөгөөний үеэр нийслэлийн Тээврийн газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, BRT буюу тусгай замын автобус явуулж эхлэх гээд цаашид төлөвлөж буй арга хэмжээгээ танилцуулах гэнэ. Мөн автобусны чиглэл, маршрут зэрэг зөв зохион байгуулалтад хотын иргэдийн саналыг тусгах аж. Улмаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлэлцэж, ажил болгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Уурхайчин би” дуунд хөшөө босголоо

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ил уурхайн 40 жилийн ойн хүрээнд тус цехийн хамт олон “Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлууллаа.

Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон “Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж. Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд “Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Оросын Гадаад хэргийн яамдын Бодлогын зөвлөлдөх уулзалт болов

ОХУ-ын Москва хотноо Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалт өнгөрсөн баасан гарагт болов.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар, Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Гадаад Улс төрийн бодлогын газрын дарга О.В.Степанов тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тулгамдсан асуудлуудаар саналаа солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даваа гарагийн үйл ажиллагааны хуваарь

УИХ-ын маргаашийн үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсэг 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Хар тамхи авч явсан бүлэг залуусыг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэдийг илрүүлжээ.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 4-наас 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт хэсэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эргүүлийн үйл ажиллагааны явцад таслан зогсоожээ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Categories
мэдээ спорт

​“UFC 229”-ын ялагчаар Хабиб Нурмагомедов тодорлоо

Холимог тулааны “UFC”-ын тулаанууд болж өндөрлөлөө. Энэ өдөр хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшигч ОХУ-ын Дагестаны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын шилдэг тулаанч Конор Макгрегор нарын тулаан дэлхийн олны анхаарлын төвд өрнөлөө.
Хабиб Нурмагомедов “UFC”-ын дэвжээнд 26 тулаан хийж бүгдэнд ялаад байсан бол Конор Макгрегор 21 ялж 4 удаа ялагдаад байсан юм. Байлдааны самбын дэлхийн хошой аварга Хабибын барилдааны эсрэг Конор ямар тактик боловсруулсан нь олны анхаарлын төвд байв. Тулааны эхнээс л таамаглаж байсанчлан Хабиб барилдаж хэвтээ байрлалаас илүүрхэж байсан юм. Хоёрдугаар үед Хабиб мөн л хэвтээ тулаанд илүүрхэж баруун зүүн гарын ээлж дараалсан цохилтыг гүйцэтгэж байсан ч Конор тэсээд гарсан. Харин гуравдугаар үеэс Конор сэргэж эсрэгээр Хабиб Нурмагомедов суларч Ирланд эр илүүрхэж эхлэх нь тэр. Гэхдээ л дуусгах хэмжээний оновчтой цохилт гүйцэтгэж чадсангүй дөрөвдүгээр үетэй золгов. Харин энэ үед Хабиб өрсөлдөгчийнхөө хөлд орч улмаар хэвтээ тулаанд илүүрхэж боогоод дуусгачихав.
Хоё тулаанч спортын ёсоор гар бариад салсангүй. Хүчтэй өрсөлдөгчөө ялсан Орос октаган дээгүүр харайж Конорын дасгалжуулагчруу дайрч хоёр ч удаа цохиод авах нь тэр. Энэ үеэр Хабибын багийн хоёр дасгалжуулагч октаганд гарч Конорыг цохиж байгаа харагдсан. “UFC” түүхэнд урьд өмнө нь ийм үймээн гарч байгаагүй бөгөөд ерөнхийлөгч Данна Уайт аваргын бүсийг сахилгагүйтсэн Хабибад олгохоос татгалзлаа.
Энэ тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор 3 сая ам доллар, Хабиб Нурмагомедов 2 сая ам доллар халааслалаа. Үүн дээр бусад урамшууллууд нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

269 монгол хүүхэд гадаадад үрчлүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Энэ хүрээнд Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын албан хаагчид Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн Наранцацралт буюу Hannah Williams охиныг эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзлаа. Охин одоо 17 настай бөгөөд ирээдүйд хүүхдийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж бяцхан хүүхдүүдэд туслах хүсэлтэй гэнэ. Тэрбээр эх орныхоо өв соёлтой танилцахаас гадна нэн ядуу хоёр гэр бүлд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн байна.

Дашрамд, Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн дагуу 269 хүүхэд үрчлүүлжээ. Үүнээс 2018 онд гурван хүүхэд үрчлэгдсэн гэх мэдээлэл бий.

Categories
мэдээ спорт

Хабиб Нурмагомедов аваргын бүсээ хамгааллаа

ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдлээ. Харин Ирландын “сагсуу сармагчин” Конор МакГрегор жил гаруй хугацаанд эзгүй байсны эцэст UFC 229-д эргэн ирсэн ч тулааны дөрөвдүгээр үед боолтод орж ялагдал хүлээсэн байна. Тэдний тулаан Лас-Вегасын “T-Mobile Arena” цэнгэлдэхэд болсон юм.

Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан боловч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Улмаар рингний дотор болон гадна үймээн үүссэн байна.

Ийнхүү өдгөө 30 настай Конор МакГрегор 21 ялалт, дөрвөн ялагдалтай боллоо.

Categories
мэдээ нийгэм

Усны төлбөрийн орлогын зохих хувийг сав газрыг хамгаалахад зарцуулна

БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ хамтран аравдугаар сарын 04-нд зохион байгуулсан Усны сав газрын захиргаадын анхдугаар зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат оролцож үг хэлэхдээ ус ашигласны төлбөрийн орлогын зохих хувийг сав газар, ус хамгаалахад зарцуулахаар төлөвлөх болно гэсэн.

Тус аймаг жилд дунджаар 13-14 тэрбум төгрөгийн орлогыг ус ашигласны төлбөрөөс олдог байна. Булаг шандны эхийг хамгаалах, хөв цөөрөм байгуулах, сав газрын хамгаалалтын бүс тогтоох зэргээр жил бүр төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг ч цаашид нэмэгдүүлэх шаардлага байгаа аж.

Тиймээс аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нарт дэлхийн хэмжээний анхаарал татаж байгаа усны асуудал, усны нөөц, сав газрыг хамгаалах талаар ойлголт өгч ирэх жилүүдийг төсөвт ус хамгаалах хөрөнгө тусгах бодлого баримтлахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг бүл нэмжээ

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох М.Анхцэцэг, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал хоёр бүл нэмж, хүүтэй болжээ.

М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт “Гурван гал” эмнэлэгт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VII байр М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортын амжилтын эзэн билээ. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд 4-р байр эзэлсэн тэрбээр Ази тив, Азийн залуучууд, Залуучуудын ДАШТ, Оюутны ДАШТ, Дэлхийн цом хүртэж байсан.

Мөн “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртэж байсан юм.