Categories
мэдээ улс-төр

УИХ-ын өнөөдрийн үйл ажиллагааны хуваарь

УИХ-ын өнөөдрийн үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсэг 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Categories
мэдээ нийгэм

“Төрх хурах-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэ нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. 2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулж, тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчиж байна.

Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт хоёр мянга орчин иргэн тогтмол аялж байна.

Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Одгэрэл: 72 цагийн эмийг мини аборт гэж үздэг

Улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн дотор 20-24 насныхны төрөлт 20263-18028 болон буурсан байна. Харин 25-29 насныхны төрөлт 25741-23919-д хүрчээ. Тэгвэл 2017 онд 15-24 насныхны дунд үр хөндөлтийн 3871 тохиолдол бүртгэгдсэн бол 25-34 насныхны 9326 нь үр хөндүүлжээ. Тиймээс үр хөндөлт хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болон яагаад эмэгтэйчүүд үр хөндүүлдэг талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Одгэрэлээс тодрууллаа.


-Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдэд ямар сөрөг нөлөө илэрдэг вэ?

-Тухайн эмэгтэй жирэмсэн болсон цагаас эхлээд л бие махбодод нь шууд өөрчлөлт ордог. Учир нь урагт зориулагдан бодисын солилцоо нь өөрчлөгддөг гэсэн үг. Гэтэл үүнийг хиймлээр шууд таслахаар зарим эмэгтэйн бие махбод өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй улмаар олон төрлийн сөрөг гаж үзэгдлүүд илэрдэг. Хамгийн хэцүү нь абортоос болоод үргүйдэлд хүрч болдог. Мөн сарын тэмдэг ирэх мөчлөг нь алдагдаж, нэг бол маш их хэмжээгээр зогсолтгүй ирэх, эсвэл ор тас ирэхээ больж, зогсдог. Түүнчлэн бие сульдах, сэтгэлээр унах зэрэг шинж илэрдэг. Эдгээрээс гадна үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд өгсөх замын үрэвсэлтэй болдог. Энэ нь үргүйдэлд хүргэх гол шалтгаан. Нэгэнт өөрчлөлтөд орсон бие организм эргэн хэвэндээ орохдоо удаан, зарим нь ужиг өвчтэй болох тохиолдол ч байдаг.

-Яагаад сарын тэмдэг зогсчихдог юм бол?

-Сарын тэмдэг ирэх мэдээллийг тархи нугас руу дамжуулан, явсаар өндгөвчид хүргэдэг. Үр хөндөлт хийлгэхэд аль нэг газар нь доголдол гарчихдаг гэсэн үг. Тэгээд л хаагдаад ахиж хэзээ ч ирэхгүйгээр зогсох магадлалтай. Ингэсэн тохиолдолд үүнийг эмчлэхэд маш хэцүү.

-Анхдагч болон хоёрдогч үргүйдэл гэж байдаг гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Хамгаалалт хэрэглэхгүйгээр бэлгийн харилцаанд тасралтгүй хоёр жил орсон хэрнээ жирэмсэн болохгүй байвал үүнийг анхдагч үргүйдэл гэж үздэг. Харин тухайн эмэгтэй өмнө нь хүүхэдтэй болж, төрсөн хэрнээ гаднын нөлөөллөөс, эсвэл өөр бусад зүйлээс шалтгаалан дахин жирэмслэхгүй байхыг хоёрдогч гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөлхийн болон олдмол гэсэн үг. Олдмол гэдэгт үр хөндөлт орно. Анхны хүүхдээ авахуулчихвал үргүйдэлд хүрэх магадлал илүү ихэсдэг. Гаднын стандартаар тухайн эмэгтэй анхны хүүхдээ төрүүлчихээд хоёр дахь удаагаа хүүхэдтэй болохыг хүсч байвал үр хөндөлт хийлгэх хэрэггүй гэж үздэг. Учир нь хоёр дахь тохиолдолд ч гэсэн авахуулбал мөн л үргүйдэлд хүрч болдог. Харин юунд ч харамсах зүйлгүй болсон үедээ буюу хоёр болон түүнээс дээш хүүхэд төрүүлснийхээ дараа үр хөндөлт хийлгэвэл болно. Ер нь хүссэн ч бай, үгүй ч бай анхны олдсон хүүхдээ ямар ч тохиолдолд гаргах л хэрэгтэй.

-Зарим хүмүүс аборт хийлгэсэн ч жирэмсэн болчихсон л байдаг шүү дээ…

-Үр хөндөлт хийлгэчихээд дараад нь жирэмсэн болсон тохиолдол зөндөө байдаг. Тухайн хүний бие махбод өөрчлөлтийг хэр хурдан хүлээж авч, дасан зохицон хариу үйлдэл үзүүлж байгаагаас эдгээр нь хамаарч байгаа юм. Харамсалтай нь зарим нь анхныхаа хүүхдийг авахуулчихаад ахиж хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй нөхцөлд хүрдэг. Ийм тохиолдолд тохирсон эмчилгээг хийж болдог ч үр дүн багатай. Түүнчлэн үргүйдлээс гадна өндгөвч, дайвар, умайн хоолой болон бага аарцган явсны үрэвсэлтэй болчихдог юм. Бага аарцган дотор гуурсан хоолой, өндгөвч, дамжигч хоолой зэрэг нь байрладаг. Эдгээрт бөглөрөл үүсэх, наалдангитай болдог. Мөн аарцган хөндийн эрхтний үргүйдэл болон мэдрэлийн эрхтнээс ирэх мэдээлэлтэй холбоотой үргүйдэл гэж байдаг.

-Өсвөр насныхан бэлгийн боловсрол муу, энэ талын мэдээлэлгүйгээсээ болоод эрсдэлд ордог. Өөрийгөө яаж эрсдэлээс сэргийлэх ёстой вэ?

-Ер нь 12 настайгаас эхлээд хүүхдийн бэлгийн бойжилтын идэвхтэй үе эхэлдэг. Сарын тэмдэг ирсэн цагаас нэг жилийн дараа тухайн охин жирэмсэн болох магадлалтай болдог. Тэр цагаас эхлээд л бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болох нь чухал. Тэгэхээр охид өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгийг мэдэж, тоолж сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө өндгөн эс ялгарах өдрүүдийг мэдэж болно. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм ерөндөг, суулгац, тариа байдаг. Тэгэхээр жирэмслэхгүй гэж бодож байгаа хүмүүс эдгээрээс сонгоод хэрэглэж болно. Бэлгийн харьцаанд орсон залуу охидод ерөндөг зүгээр байдаг. Харин 35-40 насны эмэгтэйчүүдэд ширхэгтэй эмийг санал болгож байгаа. Төрөх насжилт залуужиж байгаа нь боловсролын систем муу байгаатай шууд холбоотой.

-Охид эмчийн зааваргүй 72 цагийн эмийг замбараагүй хэрэглэснээс болоод үргүйдэлд хүрч байна гэх юм. Үнэн үү?

-Уг эм нь эр, эм өндгөн эсийг хурдтайгаар салгаж, салстыг өөрчилдөг юм. Жирэмсэн болохоор бэлтгэгдсэн умайн ханын бүрхүүлийг ховхороож өгдөг үйлчилгээтэй. Энэ эмийг жилд нэг л удаа хэрэглэх ёстой. Гэтэл манайхан бараг сард нэг удаа хэрэглэж байна. Ингэснээр биеийн тэнцвэрт байдал алдагдана. 72 цагийн эмийг мини аборт гэж үздэг.

-Үр хөндөлтийг хувийн эмнэлгүүд ихээр хийх болсон. Үүнээс үүдээд ямар эрсдэл бий болдог юм бол?

-Энэ нь арай хэтэрхий байгаа юм. Үр хөндөлт нь эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой хамгийн чухал асуудал. Гэтэл хүссэн болгон нь ийм үйлчилгээ үзүүлээд байхаар хяналтгүй болчихоод байгаа юм. Хуучин энэ төрлийн мэс ажилбар хийдэг бүх байгууллагууд улсын мэдэлд байсан учир хүн бүрийг бүртгэж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байсан. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд элбэг байж болно л доо. Гэхдээ стандартаа барих ёстой. Аборт хийхэд умай цоорох эрсдэл үүсдэг. Хэрэв жаахан л гэмтэх юм бол эхийн амь насанд аюул учир ч мэднэ.

-Идэр насандаа яваа эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх нь их байна гэх юм. Яагаад юм бол?

-Манай эмнэлэг зөвхөн залуу охид гэлтгүй нас тогтчихсон эмэгтэйчүүд ч “Хүүхэд жаахан учраас энэ удаадаа гаргамааргүй байна” гэж ирдэг. Тэгэхээр нь бид 12 долоо хоногийн дотор харьяа эмнэлэг рүү нь бичгийг нь бичиж өгөөд явуулдаг. Мэдээж гэр бүлийн тогтвортой байдал үр хөндөлтөд нөлөөлдөг. Хамгийн гол нь хамгаалах аргаа сайн мэдэж, ойлгох хэрэгтэй. Эм уувал жин нэмдэг, спираль тавиулбал бөгс нь бүдүүн болно гэхчлэн найз нөхөдтэйгөө ярьсан дам зүйлсээс болоод өөрийгөө хохироох хэрэггүй.

З.МӨНХСУВД

Categories
гадаад мэдээ

​Согтуу шувуу Гилберт хотыг дарамталж байна

АНУ-ын Миннесот мужийн Гилберт хотын иргэд нэгэн сонин үзэгдэлтэй тулгарчээ. Их сонин үйлдэлтэй шувууд цонх, мод, машин зэргийг дайрч, тэр бүү хэл явахдаа ганхаж байгаа гэнэ. Энэ талаар цагдаа нарт хэлэхэд, тэд шувуу согтуу байгаа талаар ярьсан байна.

Хотод эрт хүйтэрснээс болоод шувуудын иддэг жимс, жимсгэнэ хэт боловсорч исч эхэлсэн байна. Нүүдэллэн нисэхээс өмнө шувууд түүнийг идээд ийнхүү согтжээ. “Шувууны хоолонд байдаг чихэр согтууруулагч болон хувирсан. Шувууны элэг сул дорой байдаг учир ийм ачааллыг давж чаддаггүй юм. Тиймээс л тэд согтож байна” хэмээн АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн албаны төлөөлөгч Шэрон Штитлер ярьжээ.

Тиймээс согтуу шувуунаас болж байнга утасдахаа зогсоохыг цагдаагийнхан хүсчээ.

“Эрүүлжихийг нь хүлээ” гэсэн хариуг өгч байгаа гэнэ. “Хэрэв тийм шувуу харах юм бол харанхуй газар тавиад унтах боломж олгох. Дэргэд нь ус тавиарай. Энэ нь хордлого тайлах боломжийг олгоно” гэж Шэрон Штитлер мэдэгдсэн аж.

Т.БҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Алтай Таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүртэл

Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйлчлэгч хоёр залуу ширүүн “гар”-ууд байх юм. Онгоцноос буугаад хүлээлгийн өрөөнд ачаа бараагаа хүлээгээд зогсож байгаа дотоод, гадаадын олон хүний нүдэн дээр голынхоо дуугаар хашхираад л сүртэй гэж жигтэйхэн байх. Дугуй нь салах дөхөөд яажийж, өнгө нь гандсан чирэгч тэрэгнээс хүмүүсийн ачаа барааг баруун солгойгүй авч чулуудаад байх. Тэнд байсан хүмүүс “Та нар ачаа яаж буулгаад байгаа юм бэ. Хагарч, хэмхрэх юм байгаа шүү дээ” гээд дургүйцлээ илэрхийлэхээр өөдөөс нь казахаар чанга хашхирч яриад л хорсон зэвүүцэж байгаа юм шиг л гартаа тааралдсан ачаа болгоныг тээр хол чулуудах ажээ. Ядаж байхад манай улсад сайн үйлсийн аян эхлүүлж, хэдэн мянган еврогийн тусламж үзүүлсэн гадаадын 20 гаруй жуулчин Алтай Таван богдыг үзэхээр ирцгээсэн байгаа харагдлаа. Тэд нөгөө хоёр залуугаас айгаад нүр ам нь эргэлдээд, орчуулагч эмэгтэйгээ бараадан хошуурч гүйлдээд мөн ч их айж байгаа бололтой. Зүрх нь амаараа гарчих шахсан хүмүүс өөрсдийнхөө ачаа барааг санд мэнд аваад л үүд рүү гүйцгээх ажээ. Тэгтэл гай газар доороос гэгчээр бас нэг хөмхийгөө зуусан сахал үсэндээ баригдсан эр хаалга таглаж зогсчих юм. “Чи яг өөрийнхөө ачааг авч яваа нь үнэн юм уу. Бичиг баримтаа үзүүл. Ачааны бичиг чинь алга байна. Өөр хүний цүнх авч яваад дараа нь лай болоод байдаг муусайн п… ” гээд хараал унших. Баян-Өлгий аймагт жилдээ 20 гаруй мянган гадаадын жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Гадаадын жуулчид болгоныг ирэхэд иймэрхүү байдлаар угтвал мөн ч олон хүн дахиж ирэхээргүй алга болох байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдох ажээ.

ӨЛГИЙ ХОТ ҮЕРТ АВТАХАД ХОТЫНХОН БИД ХЭТ СҮРЖИГНЭЖЭЭ

Улаанбаатар хотоос гарах үед “Баян-Өлгий аймаг тэр чигтээ усанд автчихсан байна гэнэ. Аймгийн төвийн айлуудын хашаа, байшин гэрийг уулын эрчилсэн их үерийн ус тэр чигт нь хуу хамаад аваад явчихжээ. Орох орон ч үгүй, оочих аягагүй болсон иргэд аймгийнхаа төвийн талбай дээр яах учраа олохгүй, зогсож байна” гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүртэйхэн мэдээлэл цацагдаж байв.Биднийг очиход тэнгэр бүртийх ч үүлгүй цэлмэж, халуун нар шарах ажээ. Өлгий хотын төвөөр урсах Ховд гол улаанаараа эргэлдэж, саваа халин цовхчин шуугих ажгуу. Үер болоод айл өрхүүд гэр оронгүй баларч байгаа гэсэн. Улаан Загалмайн тусламжийн цуваа наашаа гарсан гэнэ гээд л жолооч залуутай хөөрөлдөж гарлаа. Тэгсэн 40 эргэм насны жолооч эр “Манай энд сүртэй үер болоогүй ээ. Зурагтаар л баахан гамшиг болсон гээд яриад байна лээ. Үнэндээ хэдэн айлын хашаа урсаж, гэрийн доод бүслүүрээр ус орж ирсэн. Аймгийн төвийн баруун уулнаас гэнэт их ус орж ирээд л хэдэн айлын хашааг урсгачихсан” гэдэг юм байна. Би ч үгүй аймаар юм болсон гээд л бөөн тусламж өгөх асуудал Засгийн газарт яригдаж байна лээ” гэтэл жолооч эр маасайтал инээд алдсаар “Үер болсон газрыг нүдээр үзэх үү” гээд л салхи татуулан давхилаа. Аймгийн төвийн замаар хэзээ мөдгүй эрэг боолт нь мултрах дөхсөн “69” янхийтэл тоормос гишгэн хоорондоо мөргөлдчих шахан давхих ажээ. Мөн сарампай эксель хүртэл энд тэндгүй явж байгаа харагдлаа.Үер болсон газарт очлоо. Хотод Баян-Өлгий аймагт үер болсон гээд бөөн шуугиан болж, хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр дүүрэн дуулиан шуугиан болж байсан. Гэтэл яг үер болсон газраа нам гүм байх ажээ. Айлууд норсон хөнжил гудас, хувцас хунараа эрийтэл дэлгэчихсэн. Хашаа хороогоо янзлаад, гэрийнхээ хананы тасарсан үдээрийг сэлбээд зогсож байх аж. Улс даяар шуугиан болж байхад Баян-Өлгий аймагтаа ийм л нам гүм байх ажээ. Өнгөрсөн жил аймгийн төвийн зүүн хойд талын хадат уулсын дундаас их ус ороод ирсэн гэнэ. Харин өнөө жил баруун уулнаас үерийн ус мэлтэс хийгээд л гэнэт ороод иржээ. Ирэх жилээс үерийн далан барих ажил хийгдэх юм гэнэ лээ.

БҮРЭН КАМЕРЖСАН БАЯН-ӨЛГИЙ

Бид Баян-Өлгий аймагт болсон үерийг сурвалжлах гэж анхнаасаа зориогүй билээ. Алтай Таван богд, Хотон, Хурган нуур, мөсөн голоос эх авсан Ховд голыг өгсөж уруудах аяллын маршруттай явсан юм. Өлгий хотын төвөөс хоол хүнсээ сайтар базааж аваад их цас уулсыг зорин гарах юм. Лаа чүдэнзнээс эхлээд, гар чийдэн, дулаан хувцас, аяллын майхан, мишок зэргийг базааж авлаа. Баян-Өлгий аймгийн иргэд сүүлийн жилүүдэд их л уур уцаартай байх болсон гэнэ. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралтаараа улсад тэргүүлээд байгаа билээ. Банк, үүрэн телефоны компанид ажиллаж байсан залуус үгсэн тохиролцож, онц их хэмжээний бэлэн мөнгийг хонхойтол нь хулгайлаад хил гараад зугтчихдаг болжээ. Энэ мэт улсын нууцад хамаарах хэд хэдэн ноцтой асуудлаас үүдэлтэйгээр хууль хүчний байгууллагын дарга нарыг өөр аймагт ажиллаж байсан хүмүүсээр сольчихсон байна. Үүнээс үүдэлтэйгээр гэмт хэргийн гаралт багасчээ. Бүр гэмт хэргийн илрүүлэлтээр бусад аймгийг ардаа орхисон амжилттай байгаа ажээ. Улсын төсвөөс тэрбум гаруй сая төгрөг гаргаж, Баян-Өлгий аймгийг бүхэлд нь камержуулжээ. Камерийн тусламжтайгаар хэнийхээс хаанаас ямар хүн гараад явж байгааг дурайтал нь татаад гаргаад ирдэг болсон байна. Нутгийн иргэд хашаандаа байсан тугал, бяруу, даага, шүдлэнгээ гараад явчихаар нь хайж эрэхээсээ залхуурдаг болжээ. Шууд л цагдаагийн хэлтсийн өрөөнд давхиж очоод “Манай гудамжны камерийг ухааж үзэх гэсэн юм. Хашаанд байсан тугал алга болчихлоо” гээд л хяналтын камерийн бичлэг ухрааж үзээд олдог болчихжээ. Дархан-Уул, Баян-Өлгий аймаг иж бүрэн камерийн системд бүрэн холбогдоод байгаа гэсэн. Хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймагт Батлан хамгаалахын сайдын тушаалаар Барилгын цэргийн анги байгуулсан билээ. Цэргийн ангийнхан баяр ёслол болохоор техникүүдээ гаргаж ирээд буу барьж, нүүр амаа хар будгаар будсан булиа эрс аймгийн төвийн гудамжаар ярайтал хөл тавьж алхаад сүр хүчийг үзүүлдэг байна. Бас болоогүй ээ, цэргийн сургуулилт хийж, тоосго давхарлаж хага цохихоос эхлээд хутга барьсан хүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, олон хүн дайраад ирвэл ганц хүн тэднийг хэрхэн зодох арга техникийн үзүүлбэрийг нутгийн иргэдэд үзүүлж сонирхуулдаг болжээ

ХУЛГАР ШАР МАШИНД ДАЙРУУЛЧИХ ГЭЭД ЗАМ ХӨНДЛӨН ГҮЙГЭЭД Л

Сүрлэг хөх уулсын хадат өндөр хавцал дундуур бидэртэн явлаа. Аймгийн төвөөс гараад 20 орчим километр замаар тоос татуулан давхиад л ийнхүү хавцал дунд ороод ирэх ажээ. Жолооч залуу “Энэ жил бороо ороод зам явахын аргагүй болсон. Эвгүйхэн явах юм бол эрэг, ганга руу нисэж үхнэ. Хотоос ирсэн та нараа сүйд хийчихвэл баларсан юм болно” гээд л явж ядан машинаа тэнчигнүүлэн “мөлхөх” ажээ. Түүний хэлснээр үнэхээр зам найгүй эвдэрчээ. Үерийн ус замын ховилыг онги татаад гүнзгий нүх болгочихсон байх юм. Бидэнд замчилж яваа Онгар гэх 60 гаруй насны эр замдаа элдвийн сонин сайхан яриад л яваад байх ажээ. “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат ирчихсэн байгаа. Сумдуудын наадмын морины түрүүг байлж, их хэмжээний мөнгө өгөөд л яваад байгаа сураг байна. Манай аймгийнхан одоо морь уядаг болсон шүү” гээд л бидэнд сонин сайхан ярих ажээ. Тэгэхээр нь “Д.Мураттай шүүхдэлцээд байгаа хүүхэн аймгийн төвдөө байдаг юм уу” гээд асуусанд нэг л ёозгүй царай гаргаад “Нутгийн нэр хүнд унагасан хоёр юм. Энэ талаар ярихаар уур хүрээд байгаа юм. Манай нутгийнхан тийм ч айхтар хэл амтай хүмүүс биш. Хэн хэндээ л буруу байгаа юм. Үүнийг нь улстөрчид улам бүр дэвэргэж, Баян-Өлгий аймгийнхныг доромжлоод байна” гэх. Бид ийн хөөрөлдөж явсаар хэдийнэ 30 гаруй километр газрыг туулжээ. Хавцал дундуур явж байгаад цэлийсэн их хөндий мэлтэсхийтэл угтаад авах нь тэр. Тэртээ холоос мөнгөн дуулгатай хөх уулс хөхрөн дуниартаж, улаан будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг шовх оройтой өндөр халил болсон хадат уулс дүнхийгээд даан ч сайхан нутаг ажээ. Мөнгөн утас шиг гол цаст уулсаас эх авах хөндий талаар мяралзан урсах ажээ. Голын ногоон ширэг бараадаад казах гэрүүд дүнхийх ажээ. Ёстой л оосор бүчгүй орд цагаан гэрүүд ярайх юм. Айл болгоны гэрийн гадаа гадаадын жуулчид үзэж, зураг хөргөө авах зориулалттай бүргэд байх. Өл халзан толгойны үс нь бууралтсан хөгшин бүргэд гэрийнхээ гадаа “сойжээ”. Бүргэд хөгшрөөд ирэхээрээ хошуу, хумс нь зөөлрөөд ангаа барьж чадахгүй болчихдог байна. Ан хийж чадахаа байсан бүргэдүүдийг эзэн нь гэртээ тэжээгээд жуулчид зураг хөрөг авахуулахад ашигладаг байна. Сагсай сумын хойгуур Ховд гол урсана. Харин сумын төвийн урдуур Сагсай гол урсана. Сүүлийн жилүүдэд Сагсай сум овоо хөгжиж байгаа гэнэ. Нутгийн иргэд навсайсан амбааруудаа шинэчилж, дүнхийсэн тоосгон байшин барих болжээ. Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. 1956 онд сумыг татан буулгаж Алтанцөгц, Буянт, Улаанхус суманд зургаан багийг хоёр хоёроор нь нийлүүлсэн байдаг. Гурван жилийн дараа 1959 онд Сагсай нэртэйгээр дахин байгуулсан түүхтэй. Урианхай түмний эх өлгий болсон Сагсай сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баатар гээд олон алдартнууд төрөн гарсан байдаг юм билээ. Бид Сагсай сумын төвд түр саатаад цааш хөдөллөө. Эндээс 200 орчим километр давхиад Цэнгэл сум орж хонох юм. Сагсай сумын хойд энгэрийн хэдэн товцог тойроод л тарваганы эх орон ажээ. Алтайн тарвага улаан шаргал өнгөтэй, том биетэй ажээ. Сунайсан урт биетэй хулгар гарууд машин замаар хөндлөн гүйж орж ирээд машинд дайруулчих гээд байх ажээ. Зэрвэсхэн харахад газар буцлаад байна уу даа гэлтэй энд тэндгүй тарвага гүйлдэх юм. Машин ирж байгааг тоосон шинжгүй хэдэн усан мөндөл тошин дээрээ гараад гозойчихсон “Хэг хог” гээд л дуу дуугаа авалцан хошгирох. Бид машинаа зогсоогоод бууцгаалаа. “Буцалж” байгаа тарвагануудыг үргээж оруулах гэж бид хэрэндээ л юм болцгоолоо. Бүгд хоолой нийлүүлээд хашхирч үзлээ, үргэж байгаа шинж алга. Хамт явсан залуу амаараа “пан” гээд л чанга дуугараад ч нэмэр болсонгүй. Арай л нохой хөөж байгаа юм шиг чулуу шидэж жов гэж хөөсөнгүй. Нутгийн иргэд тарвага огт агнадаггүй, ерөөсөө тоодоггүй болохоор хүнтэй ингэж л ижил дасал болжээ. Тарваганы мах идэх сонирхолтой хүмүүс ирээд ганц нэгийг нь буудаад боож идэж үзсэн гэнэ. Хангайн тарваганаас мах нь шал өөр амттай, газар амтагдаад адууны мах шиг сонин амтагдаад идэж болохгүй байжээ. Алтайн тарвага өсч үржээд байгаа цаад шалтгаан нь мах нь олигтой амт байхгүй байгаатай холбоотой ажээ.

Бид үдшийн бүрийгээр Цэнгэл суманд очлоо. Баян-Өлгий аймгийн хамгийн том сум ажээ. Засмал зам сумандаа тавьчихсан, нутгийн залуус мотоцикльтой давхилдсан хөл хөдөлгөөн ихтэй байв. Зуны гурван сардаа Цэнгэл сум гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг байна. Нутгийн иргэд уулнаас мод цагаалж ирээд палкан байшин барьчихсан байх юм. Мөн хоёр давхар байшингууд нутгийн иргэд хашаандаа барих болжээ. Бидэнд газарчилж, Алтай Таван богд, Хурган, Хотон нуур хүртэл дагуулж явах залуу цэнхэр 69 хаазалсаар давхиж ирэв. Тэр залуу биднийг гэртээ урив. Бид тэндээ хоноод өглөө эртлэн зорьсон газраа хүрэх юм. Бидний хоносон айлын гэрийн эзэгтэй казах түмний зочломтгой зангаар ширээ дүүрэн идээ, будаа засч, спармек гэх нэртэй мах чанаж өгөв. Казахуудын нэг онцлог нь архи дарс тэгж их уугаад байдаггүй юм байна. Тэр тусмаа ахмад хүмүүсийнхээ хажууд залуус нь архи уудаггүй ажээ. Архи уухгүй болохоор залуучууд нь манайхан шиг ийш тийшээ тэнэж алга болоод байхгүй. Гэрийнхээ хар бор ажлыг хийж, ажил хүнд энэ тэр гэж голж шилэлгүй мөнгөний ямар ч ажлыг хийдэг байна. Тиймдээ ч амьжиргааны түвшин сайн байдаг бололтой.

Цагаан гэгээ дөнгөж хаяарч байхад Цэнгэл сумын төвөөс хөдөллөө. Эндээс шууд Алтай Таван богд орох юм. Шавартай, хад чулуутай замаар давхисаар их цаст уулын хаяанд ирлээ. Эндээс л сурвалжлага минь эхэлж байгаа билээ. Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд урсана. Мөсөн голууд сүүн цагаан өнгөөр халгин цалгиж, хад чулууг эмтэлчих шахан зэлэндээ номхроогүй унага шиг л цовхчин шуугих ажээ. Алтай Таван богдын мөсийг манай улсын болоход ОХУ-ын эрдэмтэд судалж үзсэн байна. Мөс болгоны давхаргыг өрөмдөж үзээд 60 сая жилийн өмнөх мөстлөгийн үеийн мөс байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байна. Харамсалтай нь, энд цаг агаар хэт их дулаарч байгаагаас нөгөө 60 сая жилийн тэртээх мөс өдөр шөнөгүй хайлж урсах болжээ. Мөн Потанины мөсөн гол цагаан өнгөөр урсаж байгаа нь голын эхэнд шохойн асар их нөөц байгаатай холбоотой гэнэ. Мөс хайлж урсахын хэрээр шохойнд уусч найрагдаад сүүн цагаан өнгөөр урсдаг байна. Сүүлийн жилүүдэд уулын мөс тэр чигтээ урсаад байгаа нь эрдэмтдийн анхаарлын төвд ороод байгаа аж.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 08-нд болох үйл явдал

09.00 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран Монгол орныг гадаадад сурталчилан таниулах зорилгоор хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Соёлын төв өргөөнд “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Утас:88058053

09.00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн хөгжил хамгаалалд зарцуулж буй зардлын талаар мэдээлэл хийнэ. Утас:86094455, 88059360

09.30 цагт “Holiday Inn” зочид буудалд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” сэдэвт чуулган болно.Утас: 88059360

11.00 цагт “Бодь” цамхагт “Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 94009471

11.00 цагт ХСҮТ-д хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгааны чиглэлээр МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамран ажиллах гэрээ байгуулна.Утас:99002019

11.00 цагт МҮЭХ-нд “Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас:99027019, 88007709

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ардчиллын өргөөнд Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд БХБЯ-наас “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Олон улсын чуулга уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно. Утас:99002019

15.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Миний дуунууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99059638, 99059620, 89116365

Төрийн ордонд

11.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна” сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэдийн эрхийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрсөн өдөр нь тохиож буй ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Билгийн тооллын 29, Тугчин одтой, харагчин тахиа өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 29, Тугчин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:02 цагт мандан, 18:18 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 17 цаг 38 минутад хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан ганц ч төгрөг алга байна?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Танайд өнжье” буланд “Зовлонг угтаж, жаргалаар үдсэн
Нэгдсэн эмнэлгийн нэг өдөр” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан
ганц ч төгрөг алга байна?” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Жижиг, дунд
үйлдвэрлэлийг дэмжихэд
зориулж нэг ч төгрөг
төсөвт суулгаагүй байна
хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт үйл явдал” нүүрт Нийгмийн сэтгэл зүйн
судалгааны хүрээлэнгийн
Удирдах зөвлөлийн дарга О.Лхагвадорж: Дорой сэтгэл зүйтэй бол
хөгжил рүү тэмүүлсэн ч их удаан байдаг хэмээн өгүүлжээ.

“Эдийн засаг” нүүрт Монголын хог хаягдлыг
дахин боловсруулах
үндэсний холбооны
Удирдах зөвлөлийн гишүүн,
“Эко парк Улаанбаатар”
ХХК-ийн гүйцэтгэх
захирал Д.Батжаргал: Японы 3.5 сая доллараар боссон
үйлдвэрийг гадны нөлөөтэй шатсан гэж ярьж байсан хэмээсэн байна.

ШУА-ийн Олон улс
судлалын хүрээлэнгийн
судлаач А.Даваасүрэн: Оросоос Хятад
руу байгалийн хий дамжуулах
хоолой барих асуудал зүгээр
шоу юм биш үү хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Өөрөөс нь” нүүрт Философич С.Молор-Эрдэнэ: Монгол
хүн хүний нийгэмд
гологдож байна хэмээн ярьжээ.

Давсыг нарийн ногоо болон
байгалийн гаралтай хүнсээр
орлуулан хэрэглэдэг гэв хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

Волейболын ДАШТ-ий эхний шатны
тоглолтууд өндөрлөлөө хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

Өмнөд Солонгос Хойд
Солонгосоо өмөөрөв хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, тогтмол гаргад булангууд, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.