Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөөр 500 гаруй хүн сураггүй болжээ

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо хоёр долоо хоногийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цунами үүссэн билээ.

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар өчигдрийн байдлаар 1,763 хүн амиа алдаж, 265 хүн сураггүй болжээ.

Тэгвэл сураггүй болоод буй иргэдийн тоо хэдийнэ 500-д хүрсэн талаар Индонезийн Гамшгаас хамгаалах агентлагаас мэдээлэв. Гамшгийн бүсэд олон тооны аврагчид ажиллаж, сураггүй бологсдыг эрэн хайсаар буй аж.

Мөн 1,000 гаруй байшин эвдэрч, 62,000 иргэн хүндхэн нөхцөлд амьдарсаар байна.

Индонезид өнгөрсөн долоодугаар сард газар хөдлөлт болж, 500 гаруй хүн амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдлаа

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тус дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, А/250, А/472 дугаар захирамжуудын дагуу хэрэгжиж, эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, тарваган тахал өвчин, тээврийн хэрэгслийн ослын үед дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн команд штабын дадлага сургуулиар ажилласан юм.

Иж бүрэн сургуулийн хоёр дахь өдөр нийслэлийн хэмжээнд анх удаа орон сууцны хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж, Төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа, Байгалийн голомтод гоц халдварт тарваган тахал өвчин, Газар хөдлөлтийн үеийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээ, аврах ажиллагааны дадлага сургууль болон удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн үе шаттайгаар нийт 4285 хүнийг хамруулан зохион байгуулсан.

Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэд идэвх, санаачлагатай оролцож 93,25 оноо буюу “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2574 төгрөгт хүрээд байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2,567.15 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын валютын зах зээл дээрх дундаж ханш ийм дүнд хүрсэн гэсэн үг. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2565 төгрөгөөр авч, 2568 төгрөгөөр борлуулж байна. Амралтын өдрөөр тус зах дээр ам.долларыг 2563 төгрөгөөр худалдан авчээ. Зарах ханшид өөрчлөлт ороогүй өнөөдрийн үнэлсэн ханшаар зарсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнээ 50-250 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нөгөө талд ам.долларын төгрөгтэй харьцах ханш алгуурхан чангарсаар 2574 төгрөгт хүрээд байна. Долларын ханш хоёрхон долоо хоногийн дотор 70 гаруй төгрөгөөр чангараад байгаа. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
гадаад мэдээ

“Интерпол”-ын тэргүүнийг баривчилжээ

“Интерпол”-ын тэргүүн Мэн Хунвэй огцорч байгаа талаар тус байгууллагын мэдэгдэлд дурдсаныг “РИА Новости” агентлаг уламжлав. Өнгөрсөн ням гаригт Мэн Хунвэя-гийн огцрох хүсэлтийг Лион дахь Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан байна.

Тус байгууллагын дүрэмд зааснаар эдүгээ Интерполыг дэд ерөнхийлөгч Ким Чон Ян тэргүүлж буй юм байна. Ирэх арваннэгдүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад Интерполын ерөнхий ассамблейн чуулган болох бөгөөд энэ үеэр шинэ ерөнхийлөгчийн сонгууль болох ажээ.

Төрийн албан хаагчийн авлигын хэргийг шалгадаг БНХАУ-ын Үндэсний хяналтын хороо цахим хуудсаараа дамжуулан Мэн Хунвэйг шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Өмнө нь Францын цагдаагаас есдүгээр сарын сүүлээр Хятадад очсоноосоо хойш сураггүй алга болсон Мэн Хунвэйг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ. Түүний эхнэр нь цагдаа нарт Мэн Хунвэй өөрт нь гэрэл зургийн хамт хутга илгээсэн, энэ нь түүний аюултай нөхцөл байдалд орсноо мэдэгдэхийг хүссэн үйлдэл гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Мөн Грейс Мэн “Мэн Хунвэй “Миний дуудахыг хүлээж бай” гэсэн үг захиандаа бичсэн байсан ч түүнээс хойш холбоогүй байгаа талаар хэлжээ.

“The South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадад Мэн Хунвэйг мөрдөн байцааж байгаа аж. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэрэгт сэжиглэж буй юм байна. Өнөөдөр BBC агентлаг “Хятадын эрх баригчид Мэн Хунвэйг цагдан хорьсон” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын түнш байгууллагуудыг анх удаа өргөмжлөв

Монголын болон дэлхийн багш нарын өдрөөр боловсролд ээлтэй байгууллагуудыг анх удаа шалгаруулж, өргөмжиллөө. “Боловсролыг тууштай дэмжигч байгууллага”-аар Азийн хөгжлийн банк, Оюуны болон техникийн хөрөнгө оруулагч байгууллага” -аар “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, “Боловсролын салбарын найдвартай түнш байгууллага” –аар Мобиком корпораци, “Хүүхэд, өсвөр үеийнхний оюун ухааныг тэтгэн хөгжүүлэгч байгууллага” -аар Монголын оюун ухааны академ, “Монгол агуулгыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага”-аар Монгол контент ХХК, “Бүтээн байгуулагч шилдэг байгууллага”-аар “Шинэ Монгол-Харамафүжи” сургууль тодров.

Боловсролын салбартай тууштай, тогтвортой хамтран ажилладаг, Монголын боловсролын салбарын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлсэн, тус салбарт хөрөнгө оруулалт хийж, сургууль, цэцэрлэг барьж байгуулсан, өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил хамгаалалд жинтэй хувь нэмэр оруулсан зэрэг хүндтэй үйлсийг бүтээсэн байгууллагуудад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өргөмжлөл гардуулаа.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан 1762 иргэнийг 79.4 сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээг төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай, нүүрсний 20-24 хоногийн нөөцтэй байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын хувьд 97 хувийн гүйцэтгэлтэй, ДЦС-4 ХК-ийн коллектороос Дэвшил САА-н баруун урд тал хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажилд долдугаар сарын 16-ны өдрөөс эхэлж тулгуурын траверс, тулгууруудыг цутгах, шугам угсралтын ажлууд хийгдэж ажлын явц 98 хувьтай байна. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 хорооны 20602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд нэг ком 110/10кВ дэд станц, нэг ком 35/10 кВ дэд станц, 120 дэд өртөө шинээр барих, 16 шугамын ачаалал хөнгөлөх, дөрвөн шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлсэн байна. Өвөлжилтийн үед гэмтэл саатал гарч болзошгүй халаалтын зуухны газар, 20 сургууль, 18 цэцэрлэг, дөрвөн ясли нийт 42 байгууллагын инженерийн шугам сүлжээ, дээвэрт үзлэг хийж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 16 сургууль, цэцэрлэгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Засварын ажлын явц 73.7 хувьтай, таван ажил бүрэн дууссан байна” гэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24936 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3089 нэгж буюу 14 хувиар, гэмт хэргийн шинжтэй 706 үйлдэл бүртгэгдсэн нь 84 нэгж буюу 12 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1762 иргэнийг 79.4 сая төгрөгөөр торгосон байна. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3584 дуудлага мэдээлэл хүлээн авч 908 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 2.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж, замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны энэ үед нийт 26421 зөрчил илрүүлж байсан бол 2018 оны мөн үед 42931 зөрчил илрүүлж 62.5 хувиар өссөн байна” гэв.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 3-7 хэм хүйтэн, өдөртөө 2-12 хэмийн дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-9 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 87 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 73, эрэн хайх, аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 71 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийн хугацаанд шалгалтын цэгүүдэд нийт 25592 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж, 113 тарваганы түүхий мах илрүүлэн холбогдох журмын дагуу устгалд оруулж, холбогдогч иргэдийг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэж танилцуулав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 678 хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд цахилгаан, эрчим хүчний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд зөрчилтэй 3 аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулан, 267 гэрлийн шонг таглуулж, ашиглалтын шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабель шугамыг хураасан. Ил задгай 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 11 агаарын тулгуурын тэшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгасан. Мөн аюулгүй ажиллагааны санамж, зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах цахилгаан тоног төхөөрөмжид байршууллаа” гэж ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Энэ онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Малжуулах хөтөлбөрт хамрагдсан залуус малчдыг зөвлөгөөнд оролцож мэдлэг сэлбэв

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Залуу малчдын туршлага солилцох зөвлөгөөн”-ийг 10 дугаар сарын 04-05-нд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 18 сумын 100 гаруй залуу малчин оролцож, төрөөс болон орон нутгаас малчдын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголт авсан юм. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас шаардлагатай мэдээлэл өгөв.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын аварга малчин А. Лундаажанцанмал маллагаа, амьдрах ухааны туршлагаа хуваалцсан бол Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэн “Гэр бүл амьдралын үнэ цэнэ”-ийн талаар оролцогчидой ярилцсан юм.

Аймгийн ХХҮГ-аас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цөөн малтай залуу гэр бүлд тодорхой тооны мал худалдан авахад нь гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлж байна.

Үүнд 63 малчин өрх хамрагдаж, 270 гаруй сая төгрөгөөр мал худалдан авчээ. Малчид гэр бүлийн хамт сургалт, зөвлөгөөнд хамрагдаж мал маллах арга туршлагаас суралцаж байгаа юм. Түүнчлэн Ноосны үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд яаж оруулж байгааг газар дээр нь сонирхлоо.

Залуу малчдад өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлж, малын хивэг, тэжээлийг олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Lhamour” брэнд “OPEN TO EXPORT” олон улсын уралдааны тусгай шагналыг хүртлээ

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ДХБ-ын нээлттэй форум” 2018 оны 10 сарын 02-04-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрөв.

Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүлэв.

Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад дэлхийн олон компаниас тунж үлдсэн 10 компаний нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрны шагналаар шагнуулав.

Categories
мэдээ спорт

Английн премьер лигийн наймдугаар тойргийн эргэн тойронд

Английн премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтынөдрүүдэд болж өндөрлөлөө.

Хүснэгтийг тэргүүлэгч МанчестерЮнайтед болон Ливерпүүл багууд хоорондоо тулсан нь энэ тойргийн чимэг нь байв. Ширүүн уур амьсгалд дунд явагдсан тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө. Энэ өпөр Манчестер ситигийн төлөө анхны улиралдаа хүчин зүтгэж буй Алжир залуу Риад Махрез 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч амжилгүй болгосон юм.

Тэргүүлэгчдийн тэнцээг Лондоны Челси овжин ашиглаж Саутхептоныг 3:0-ээр ялж хүснэгтийг тэргүүлэгчийн эгнээнд 20 оноотойгоор орж ирлээ. Ойрд барцадтай байгаа Манчестер Юнайтед “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Ньюкаслд 2:0-ээр хожигдож байсан ч Чили залуу Алексис Санчесийн хичээл зүтгэлээр үндсэн цагт 3:2-оор илүүрхэж чадлаа. Тэд 13 оноотой хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна. Мөн Арсенал энэ тойрогт Лондоны Фулхемийг 5:1-ээр бут ниргэлээ.

Лигийн бусад тоглолтуудын үр дүн

Брайтон Хов Албион 1:0 Уэст хем

Бөрнли 1:1 Хадерсфиэлд таун

Уолверхемптон 1:0 Кристал Паласе

Уатфорд 0:4 Бөрнмут

Лестр сити 1:0 Эвертон

Тоттенхем 1:0 Кардиф сити

Английн премьер лигийн найман тойргийн дараах Манчестер сити, Ливерпүүл, Челси багууд 20 оноотой тэргүүлж байгаа бол Арсенал, Тоттенхем18 оноотойгоор удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн 20-р хороо иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжаар гэр хороолол, орон сууцны хорооллын 16 байршилд нийт 1 тэрбум төгрөгөөр иж бүрэн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хийж, ашиглалтад хүлээлгэж өгч эхлээд байна. НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иж бүрэн тоглоомын талбай ашиглалтад орлоо.

Энэхүү тоглоомын талбай нь ахмад настны чийрэгжүүлэлтийн тоноглолыг суулгаж, бага насны хүүхдүүдийн тоглоом, явган хүний зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг иж бүрнээр нь шийдэж өгчээ. Уг тоглоомын талбайн нийт өртөг нь 65 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниар “Сэлэнгэ хур ундрам” ХХК ажиллаж, ийнхүү хүлээлгэн өгч байна.

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны хувьд хүн ам ихээр суурьшсан хороо юм. Тоглоомын талбай ашиглалтад орсноор алслагдсан бүсийн хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх, ахмадууд дасгал хийх, амарч тухлах орчин бүрдэж байна гэж оршин суугчид энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.