Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд таван жилийн ял оноожээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Бундан Ча эмнэлэг Монгол Улсын III эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ын Байгалийн шинжлэх ухааны их сургуулийн харъяа Бундан ча эмнэлэг нь Монгол Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран зүрхний мэс заслын ур чадварыг эзэмшүүлэхээр “Зүрхний мэс засал хийх арга техник, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой эмчилгээний багийн боловсрол болон бэлтгэл” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэ талаар аравдугаар сарын 7-ны өдөр www.kyeongin.com цахим хуудаст мэдээлсэн байна.

Тус гэрээний дагуу Бүндан ча эмнэлэг нь Монгол Улсын 3 дугаар эмнэлэгт цаашдаа гурван жилийн хугацаанд зургаан удаа зүрх судасны төвийн, цээжний мэс заслын тасгийн профессор эмч болон эмчилгээний багийнхныг томилон явуулах ажээ.

Томилогдсон багийнхан зүрхний өвчтэй өвчтөнүүдэд мэс засал хийхээс гадна мэс засалтай холбоотой арга техник, ур чадварыг зааж сургах юм байна. Солонгос эмнэлгийн Жан профессор нь өнгөрсөн 16-наас 21-ний өдөр хүртэл улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчилж, зүрхний өвчтэй есөн өвчтөнд хагалгаа хийж, эмчилгээний багийнханд эмчилгээний багаж хэрэгсэл ашиглах арга зүй болон мэс заслын арга техникийг заажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний соёл эрс дордсон гэв

“Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат зөвлөгөөний үеэр нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 945 автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Гэвч чиглэлийн маршрут бодит орчинд төдийлэн нийцэхгүй байгааг зөвлөгөөнд оролцож буй иргэд шүүмжлэв. Мөн үйлчилгээний салбарын соёл эрс дордсоныг ч хэллээ. Тиймээс орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандартыг шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Тээврийн газар төсвөөс жилд 83 тэрбум төгрөгийн татаас авдаг. Сүүлийн жилүүдэд төлбөргүй зорчдог иргэдэд олгодог нөхөн олговрын зардал буурсан ч тээврийн компаниудын ажилласан цагт тооцон олгодог машин цагийн зардал эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, машин цагийн зардал нөхөн олговрын буурсан хэмжээнээс илүү хурдацтайгаар өссөнөөс нийт зардал өсчээ гэж дүгнэж болно. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл хотын төсөвт их дарамт учрах эрсдэлтэй. Тиймээс уг асуудлыг нухацтай хэлэлцэж, даруй арга хэмжээ авах шаардлагатайг оролцогчид хэлэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод барьцаалагдсан гурван хүүг Монголд авчирлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн мэдээлэл солилцсон билээ.Тус уулзалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) дарга О.Алтансүх хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд зарцуулж байгаа төсвийн тухай ярихдаа “БНХАУ-аас хүүхдүүд авчирсан зардал гэхэд 17-18 сая төгрөг болсон” гэж мэдээлсэн юм.

Энэ ямар учиртай хэрэг гарсан тухай холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Эцэг, эх нь бизнесийн өрөндөө хүүхдүүдээ БНХАУ-ын Эрээн хотод барьцаалан үлдээсэн хэрэг гарсан. Нэг айлын гурван хүүхдийг ямартай ч Монголд авчраад байгаа” гэж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхдүүдээ барьцаанд үлдээсэн эцэг, эх одоогоор олдоогүй эрэн сурвалжилж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

1072 хувьцааны данс нээж буй Үнэт цаасны компаниуд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байна.

Та данс нээлгэх бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны команиудад хандаж бүртгүүлэх юм байна.

http://www.mse.mn/mn/brokers/78 хаягаар орж 50 компаниас өөрийн сонгосон /Үнэт цаасны компани/ ҮЦК-тай холбогдон дансаа нээлгэх боломжтойг Монголын хөрөнгийн биржээс зөвлөлөө.

Үнэт цаасны данс нээлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ
  2. Насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх
  3. Данс нээгдсэн хураамж нэг хүний 5,000 төгрөг.

Үүнтэй холбогдуулан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болжээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5,000-6,000 данс нээгдэж байсан бол 8 дугаар сард 8,902, 9 дүгээр сард 24,682 данс тус тус нээгдсэн байна.

Миллениум CSD систем нь ҮЦК-иудын мэдээллийг нэгтгэдэг аж.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг хүргэе.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна.

Нийслэлийн зам, тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлтийн гажуудлыг засах, зөв гарц, шийдлийн талаар нэгдсэн ойлголцолд хүрэх зорилгоор хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл, төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэд оршин суугчидтайгаа нээлттэй зөвлөлдөхөөр энд хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж байгаагаа нийслэлчүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Ялангуяа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, саяхан нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн олонхийн итгэлийг хүлээж нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон Д.Сумьяабазар болон Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нар нийслэлчүүдийн болон Зам тээврийн салбарын өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хайх эл зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нь нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Улаанбаатар хотын түүхийг эргэн харвал 1954-2012 он хүртэлх хугацаанд хотын төлөвлөлтийг таван удаа өөрчилж байсан баримт бидний өмнө байна. Дээрх төлөвлөлтүүд тухайн цаг үетэйгээ зохих хэмжээнд нийцсэн шийдэл байсныг үгүйсгэх аргагүй юм.

Өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 70 хувиар өсөж өдгөө 1.4 сая гаруй хүнтэй болжээ. Үүн дээр нэмээд түр оршин сууж байгаа хүмүүс, хөдөө орон нутгаас бүртгэлгүй шилжиж ирсэн иргэд, гадаадын зочид, төлөөлөгч, жуулчдын тоог нэмбэл 2 сая орчим хүн хотын хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцож байна.

Хотын хүн ам өсөж, өргөжсөн ч харамсалтай нь төлөвлөлт, зохион байгуулалтын хяналтгүй тэлэлт явагдсны улмаас өнөөдөр хүнд ээлтэй бус хортой, иргэдийнхээ амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц болжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар баталсан хэдий ч уг ерөнхий төлөвлөгөө дуусах дөхөж буй энэ цөг мөчид хотын амьдрал хүнд, гарц шийдэл тодорхойгүй хэвээр байна. УИХ-аар баталсан дээрх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтийг бид бодитойгоор дүгнэж, цаашид гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой.

Учир нь яг энэ цаг үед нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж эхлээд байгаа.

Цаашид та бид хот төлөвлөлт, хот байгуулалтаа хийж хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, үндэсний баялаг бүтээгчид, барилгын компанийн төлөөллүүд, иргэд, оршин суугчдаа урин оролцуулж, ул суурьтай тооцоо судалгаа, дэвшилт техник технологид үндэслэн авто зам, дэд бүтцийн сүлжээг бий болгосон иргэнд ээлтэй, эрүүл хотыг байгуулах шаардлага тулгараад байна.

Үүний зэрэгцээ иргэд та бид авто замын нөхцөл байдлаа зөвөөр үнэлж ойлгон замын хөдөлгөөнд бухимдалгүй оролцох, нийтийн тээврээр ая тухтай, эрсдэлгүй зорчих шийдлийг хамгийн боломжит хувилбараар яаралтай гарган, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Учир нь нийслэл Авто замын хөгжлийн газартай ч тэр нь зөвхөн зам төлөвлөх зам барих, засах асуудал хариуцаад хүн, хөдөлгөөн хоёроо мартсан, нийслэлийн Нийтийн тээврийн газар байдаг ч энэ зөвхөн хэдэн автобусны маршрут, буудал, мөнгө гурав яриад зам, тээврийн хөдөлгөөний нийтлэг бодлого, үйлчилгээний чанар, стандартаа бүр орхигдуулсан, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй, тэр нь хэдэн камерын дэлгэц, гэрэл дохио хянадаг цөөн хүнтэй, хүн хүч нь хүрдэггүй, эрх мэдэл нь байдаггүй.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр улс болон нийслэлийн жил бүрийн төсөвт багагүй хөрөнгө суулгаж, авто зам, уулзварыг засаж, өргөтгөн шинэчилж, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээвэрт тусгайлан нэг эгнээг чөлөөлж зорчуулах зэрэг шат дараатай ажил хийж байгаа ч өнөөдөр иргэд, та бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна

Нарийвчилсан тооцоо судалгаа, тоон болон шинжлэх ухаанч аргачлалд суурилсан, амьдралын хэмнэл, цаг үеийн өөрчлөлттэй уялдсан зөв зохицуулалт хийгдээгүйн улмаас өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болохоор байна.

Дараагийн нэг шалтгаан ньгазартай холбоотой мэдээллийн сан нэгдмэл биш, газрыг төлөвлөлтгүй олгосон явдал нь өнөөдрийн замын ачаалал, хүндрэл үүсгэх нөхцөлд хүргэжээ.

Та бүхэн мэдэж байгаа. Бид хотод автозогсоол байгуулах, зам гүүр барих, байгуулах гэхэд газар олдохгүй нөхцөлд орчихоод байга ань нууц биш. Үүнээс үүдэлтэй замын байгууламжийн хүрэлцээ тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм.

Улаанбаатар хотод 536 171 автомашин бүртгэлтэй. Улсын дугаарын хязгаарлалт, бусад шалтгаанаар үүдэн ойролцоогоор 350 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцдог гэсэн судалгаа бий.

Дундаж буюу 1600сс моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэг цаг сул зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг. Тэгвэл дээрх 350 000 автомашин ганцхан цагт 512.4 сая төгрөгийг шатааж байна. Хөдөлгөөний ачаалал багатай долоо болон наймдугаар сарыг тооцолгүй үлдсэн арван сард үржүүлбэл 110.4 тэрбум төгрөгийн шатахуун үргүй зарцуулж байна.

Та бид ийм хэмжээний мөнгөөр ойролцоогоор 250 хүүхдийн ортой 27 цэцэрлэг барьж болно. Гэвч ийм хэмжээний мөнгийг нийтийн тээврийн цогц шийдэл, хот төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтыг анхнаас нь буруу хийсний улмаас хотын зам дээр үргүй зарцуулж байна.

Улаанбаатарын нийтийн тээвэр иргэн таньд тогтсон цагтаа хүрч, чиглэлийн дагуу, аятай тухтай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу. Чанар, хүртээмж нь бусад улсын хотуудын жишигт нийцэж байна уу. Мэдээж үгүй. 87.9 тэрбум. Энэ бол нийслэлийн Тээврийн газарт төсвөөс олгож буй татаас. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүлж, парк шинэчлэл хийх гээд олон арга хэмжээ авлаа. Хотынхоо нийтийн тээвэрт илүү ухаалаг, дэвшилт технологи нэвтрүүлэхийг цаг үе болон нийгэм биднээс шаардаж байна.

Тооцоо, судалгаа байхгүй, сэтгэл хөөрлөөр хандаж гаргасан шийдвэрүүд иргэдийг хохироож, төсвийн хөрөнгийг үргүйдүүлж, эцсийн үр дүнд нийтээрээ “шаварт унадгийг” бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.

Тиймээс нийслэлийн ИТХ иргэдээсээ санал асууж, хамтдаа гарц хайхаар эрэлхийлж байна.

Хот төлөвлөлтийг хоосон цаасан дээр хийсвэр төсөөлж, ерөнхий төлөвлөгөө нэрээр ерөнхийд нь бүдүүвчлээд дунд нь эзэнгүйдүүлж биш нухацтай тооцож, нарийвчлан төлөвлөж, хатуу хянаж, зөв хэрэгжүүлдэг больцгооё.

Иймд нийслэлийн ИТХ-ын дэргэд Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтүүдээ урьж Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж боддог.

“Хийх хүнд арга олддог, хийхгүй нэгэнд шалтаг олддог” гэж Монголчууд бид ярьдаг. Нөхцөл байдал хэдий хүндхэн байгаа ч аргыг нь олж ажиллахыг хаана хаана эрмэлзэх хэрэгтэй. Үүний тулд л бид эл зөвлөгөөнөөс тодорхой үр дүн хүлээж байна.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлийг гаргахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлон хэлэх байна. Та бүхэнд амжилт хүсье.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг тоглогдоно

“Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-наас эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчид, хүүхэд багачуудад толилуулна.

Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм.

Жүжгийн баатруудыг урьдчилан танилцуулах зорилгоор Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 20 ангит комик зохиол бичиж эрхэм уншигч, хүүхэд багачуудад толилуулж буй.

Дашрамд дуулгахад “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн санаачлагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, сэнхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, хамтран ажиллагчаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, есөн дүүргийн Засаг даргын тамгын газар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөгөөн, эрдэм шинжилгээний бага хурал зохиогдлоо

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори энэ сарын 03-05-ны өдрүүдэд хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээний лабораторийн эрхлэгч нарт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнөөр “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025-2018” стандартын шилжилтийн бодлого, “Био аюулгүй байдал, био хамгаалал” зэрэг сэдвээр онол, дадлага, лабораторийн био аюулгүй байдал, ариутгал, халдваргүйтгэл, халдвар хамгааллын хэрэгслүүд, био аюулгүйн анхан шатны дадал, хээрийн нөхцөл дэх био аюулгүй ажиллагааны арга техникийг бодитоор үзүүлэх зэрэг дадлагажуулах сургалтууд хийгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм. Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

УУЛЗАЛТЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүхний ирүүлсэн тайлантай танилцлаа. Тайлангаас тодруулах зүйлсээ асууна. Надад иргэдээс маш олон өргөдөл, гомдол ирдэг. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх ямар гарц байгаа вэ гэдгийг бид эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин, дахин уулзаж, ярилцана…” гэлээ. Ингээд Төрийн тэргүүн өөрт нь ирүүлсэн зарим тайлангаас тодруулж асуув.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулан дуусгаж, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ямар ажил хийсэн бэ. Стандартыг яагаад одоо хүртэл боловсруулж дуусахгүй байгаа юм бэ?

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Манай яам эрчимтэй ажиллаж байгаа. Хэрэгжилт нь 50-100 хувьтай үргэлжилж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлагуудад болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр стандартыг хангах ямар бололцоо байгаа вэ гэдгээ судалж бидэнд эхнээсээ хариугаа ирүүлж байгаа.

-Энэ ажил хэзээ дуусах вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард дуусна.

-Орчны аюулгүй байдалд үнэлгээ хийсэн байна. Улсын хэмжээнд нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй, 31 хувь нь дунд эрсдэлтэй, 57 хувь нь бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ. Эрсдэлгүй сургууль гэж алга. Эрсдэл байгаа бол гол хохирогч нь хүүхдүүд болно. Эрсдэлгүй байлгах боломж байгаа юу?

-Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээгээ хийж бидэнд ирүүлсэн. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байгаа. Үүнээс 15 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын дийлэнх нь 1970 оноос хойш баригдсан барилгатай. Эхнээсээ насжилт нь 50 жил болж байгаа. Бид эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна.

-Орон нутагт зургаан настай хүүхдүүдийн сургуулийн асуудал тулгамдсан хэвээр байна. Бичгээр болон иргэдтэй уулзах үеэр энэ асуудал их яригдсан. Хөдөө байгаа малчид хүүхдээ сумын төвд сургуульд нь хүргэж өгөх асуудлаас үүдсэн маргаан их байгаа юм. Энэ талын шийдэл байна уу?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар:

-Боловсролын тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гаргасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх асуудлыг тусгасан байдаг. Ийм хүсэлтийн дагуу бид зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургуульд орохыг нь хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1335 хүүхэд энэ маягаар элсэлтээ хойшлуулсан. Тиймээс бид хариу арга хэмжээ болгож дотуур байрныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, хүүхдээ үлдээгээд явахад аюулгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

-Хүүхэд бүр, бүх насны хүн аюулгүй орчинд байх ёстой. Энэ бол шийдэл биш. Зургаан настай хүүхдүүд бүгд ирээд дотуур байранд орно гэж байхгүй шүү. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай. Мөн өдөр өнжүүлэхийн асуудал яригдаж байгаа. Стандарт шаардлагад нь хэн шаардлага тавих ёстой вэ. Хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна.

-Сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд бол Боловсролын яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руу бид саналаа хүргүүлсэн. Зөвхөн сургууль дотор байгаа тохиолдолд манай яам хяналт тавих боломжтой. Одоо стандарт, шаардлагыг шинэчлэн боловсруулж байгаа.

Нийслэлийн боловсролын газраас ямар мэргэжлийн багш Монгол Улсад шаардлагатай байгаа вэ гэж асууя. Багшийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах ямар алхам хийж байгаа вэ?

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг

-Энэ хичээлийн жилд бага ангийн болон хөгжмийн багшийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Боловсролын яаманд хүсэлт тавьж, МУБИС-ийн дэргэд хөгжмийн анги нээгдэж 275 оюутан суралцах боломжтой болгосон. Мөн Соёл, урлагийн дэргэд 60 багш бэлтгэх анги ажиллаж байна. Хөгжмийн 90 гаруй багш мэргэжлийн бус хүмүүс байгаа. Бага ангийн багш дутагдалтай байгаа ч багшлах эрхийн шалгалтыг авахаа больсон тул хүрэлцээ сайжирна. Яг мэргэжлийн багш ажиллаж чадахгүй байна.

-Өмнөх уулзалтан дээр цэцэрлэгийн тарах цаг нь эцэг эхийн ажлаа тарах цагтай давхцаж байгаа асуудал яригдсан. Энэ асуудлаар ямар шийдэл гаргасан бэ?

-Уртасгасан цагийн бүлэг ажиллуулах шийдэл гаргасан. Одоо эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байгаа. Харин бид Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Мөн төсөв суулгах шаардлагатай байгаа тул тодорхой алхам хийгдэх байх гэж бодож байна.

-Үдийн цай 600 төгрөгт багтаж байгаа. Ам.доллар 1400 орчим төгрөг байхад 600 төгрөг гэж баталсан байдаг. Одоо ам.доллар 2500 төгрөг давчихлаа. Үдийн цайг үдийн хоол болгож төсвийг 1200 болгож нэмэх, мөн стандартыг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагууд ямар ажил хийж байна вэ. Түрээсийн мөнгө суутгаж буйгаас болоод нэг хүүхдэд ногдож байгаа 600 төгрөг чинь 300-400 төгрөг рүү буурч, үүнийг дагаад шим тэжээл нь багасаж байна. Энэ асуудалд цаашид холбогдох байгууллагууд анхаарч ажиллана уу.

МХЕГ аюулгүй байдлыг хангахаар багагүй ажил хийсэн байна. Тодорхой тоо, баримт дурдаж, тайлангаасаа танилцуулахгүй юу?

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр:

-Улсын хэмжээнд 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан. 27 албан шаардлага өгчихсөн байгаа. Харин 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан.

-Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний асуудал мөн МХЕГ-т хамаарах байх. ТҮЦ болон зарим худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, эсвэл үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байна. МХЕГ очиж шалгаад зохицуулах боломжгүй гэх юм. Гэнэтийн шалгалт гэж байдаггүй юм уу.

-Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр ийм төрлийн зөрчил мэдэгдэхгүй байдаг.

-Мэдээлэл өгч байгаад шалгадаг нь ямар ч үр дүнгүй зүйл. Хуулийг эргэж харах хэрэгтэй. Газар дээрээ шийдвэр гаргадаг боломжтой болмоор байна.

-Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд зарим эмээ нуудаг. Мөн ТҮЦ зарим бүтээгдэхүүнээ нуудаг. Ийм тохиолдолд зөрчил илрэх боломжгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид тав хоногийн өмнө мэдэгдэж байж л шалгана. Хэрэв өөрчлөх юм бол манай байцаагчид гэнэтийн хяналт, шалгалт хийхэд бэлэн байгаа.

-Тамхины хяналтын тухай хуульд зааснаар ЕБС-ийн 500 метр орчимд тамхи худалдаалахгүй байгаа ч согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг. Энэ асуудалд цаашид МХЕГ анхаарч ажиллаарай.

Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ. Долоо хоног орчмын өмнө цахим орчинд маш ноцтой хэрэг гарлаа. Энэ асуудлыг яах ёстой вэ. Азийн орнуудад хэрэглэдэг ямар туршлагууд байна?

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Түүнчлэн бид олон улс орнууд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг судалж байгаа.

-Тээврийн цагдаагийн алба зарим байгууллагатай хамтран зам тээврийн осол хэрхэн гардаг, хүүхэд хэрхэн бэртэх талаар үзүүлэх тоглолт амжилттай хийсэн байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гэхэд зам тээврийн ослын улмаас 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 орчим хүн нас барсан байна. 40 орчим хувь нь хүүхэд байсан. Дээрх арга хэмжээг заавал үргэлжлүүлэх ёстой шүү.

-Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөтбат:

Энэ үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд олноор ирүүлж байна. Энэ сургалтыг нийслэлийн хэмжээний 134 сургуульд зохион байгуулахад 276.3 сая төгрөг, нэг сургуульд 2 сая 60 мянга орчим төгрөг шаардлагатай болж байгаа.

-Энэ зардлыг одоо төсөвт суулгах ёстой. 270-хан сая төгрөгөөр бид 20, 30 хүүхдийн амийг аварч байгаа шүү. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан сургалт амжилттай болсонд баяр хүргэе. Цаашдаа жишиг болгох ёстой.

Өнгөрсөн жил бид хүүхэд хамгааллын чиглэлээр төсөв 5 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл 3.7 тэрбум төгрөгөөр нь эд хогшил тавилга авсан гэх шүүмжлэл гарч байна. Мөнгө суулгангуут конторлож, тэндээсээ ажил хийх гээд байх юм. Энэ 5 тэрбум төгрөгийг суулгах гэж бөөн юм болсон биз дээ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

-2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр суулгасан мөнгө тавилга болоод байна гэж тайлан дээр бичсэн байна. Тиймээс үйл ажиллагаагаа тайлагнах хэрэгтэй байна. Одоо хүүхэд хамгааллын чиглэлээр 6.4 тэрбум төгрөгөөс буухгүй төсөв суулгах хэрэгтэй гэлээ.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД:

Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналыг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна.

Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг онцлон дурдав.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгой” ХХК ажилчиддаа ялгавартай цалин олгож байна гэв

Монголын Эрчим хүч геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оюу толгой компани Монголын уул уурхайн титэм юм бол уул уурхайн салбарт зөв жишиг тогтоох ёстой. Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид “Оюу толгой” компаниас 2-3 дахин бага цалин авдаг. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын томоохон компаниудын ажилчид манайхаас 5-10 дахин их цалин авдаг. Энэ ялгаа заагийг арилгаад Монгол ажилчид эх орондоо хөдөлмөрлөх эрхээ хангуулж, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлэх ёстой” гэж ярьсан юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Оюу толгой төслийн менежментийн баг, Олон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахаар болоход Оюу толгой компанийн нөхцөл байдалтай танилцсан байна. Манай талаас туслан гүйцэтгэгч компанийн саналыг тавьсан ч судалж үзнэ гэх хариу өгчээ. Гэтэл хүсэлт тавьснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөхөд хариу өгөхгүйгээр барахгүй шаардлага тавьсан ажилчдыг туслан гүйцэтгэгч компаниуд хяхаж хавчих тохиолдол гарсныг үйлдвэрчний эвлэлийн байгууллага мэдэгдсэн юм.

Энэ шалтгааны улмаас МЭХГУУ-н үйлдвэрчний эвлэлийн холбоо Оюу толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал Армандо Торрес, Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Таван зүйл бүхий уг шаардлагад оноос өмнө ямар нэгэн хариу өгөхгүй бол хөдөлмөрлөх эрхээ хангуулахаар олон улсын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.