Categories
мэдээ нийгэм

Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг Энэтхэг Улсын Пуне хотод болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр насанд хүрэгчдийн “Athletic Physique up to 165 cm” ангилал болон 35-аас дээш насны “Women’s Athletic Physique open” ангилалд аваргын алтан медалийг хүртэж, гурав дахь удаагаа Азийн аварга болж байна. Г.Угалзцэцэг 2016, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.

Сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа Г.Угалзцэцэг энэхүү спортыг сонгож, тив, дэлхийн тэмцээний тавцанд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд бодибилдингийн спортын түүхэнд олон амжилтын анхдагч нь.

Г.Угалзцэцэг 2017 онд сонирхогчдын бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд хоёр хүн амиа алджээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах гүний уурхайд агаарын хоолой тасарснаас нүүрс олборлож байсан хоёр иргэн хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдсан байна.

Энэ сарын 7-ны оройн 20 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай утсанд ирсэн дуудлагын дагуу Уул, уурхайн аврах албаны 19 албан хаагч цаг гаруйн хугацаанд аврах ажиллагааг хийж 82 метрийн гүнээс тус дүүргийн 3 дугаар хорооны нутагт оршин суух хаягтай 42 настай З, 28 настай Б нарын цогцсыг гаргажээ. Цогцсыг Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтэст хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинэ гүүр барих ажил үргэлжилж байна

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлсэн.

Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Би эндээс явахгүй” жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдоно

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 10 сарын 6,7, 12,13,14-ны өдрүүдэд дахин тоглогдох гэж байна.

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед …

Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” драм жүжгийн үйл явдал ийнхүү өрнөдөг. Эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар театрт тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Харин энэ удаад УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар Дорлигт Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Дулмаад Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Баярмаа, Б.Одгэрэл, Сэржмаад Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Одончимэг, Ц.Аззаяа нар тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат: Төсвийн урсгал зардлыг 10 хувиар бууруулах ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн байна.

Бүлгийн хуралдааны талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Ирэх оны төсвийн төсөлд хэд хэдэн хуулийн зөрчил гарсан байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой ажлуудыг яам, сайдад төвлөрүүлсэн байна. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийн зарлага 11 их наяд төгрөг байхаар тооцсон нь улс орны эдийн засгийг улам хүндрүүлэх магадлалтай тул урсгал зардлыг 10 хувиар бууруулах ёстой. Валютын ханшийн өсөлтийг хэрхэн хязгаарлах талаар Сангийн сайдаас асуусан ч “Монголбанк мэднэ” гэснээр өөр хариулт өгсөнгүй. Сүүлийн ганцхан сарын дотор өргөн хэрэглээний барааэ, шатахууны үнэ огцом өслөө. Тухайлбал, ам.доллар 22 төгрөг, дизель түлш 120 төгрөг, А-95 бензин 55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Энэ нь ард түмний нуруун дээр ачаа болж байна. Тийм учраас Засгийн газар, Монголбанк харилцан уялдаатай байж, асуудлыг шийдэх ёстой гэж харж байгаа” гэлээ.

Мөн С.Эрдэнэ гишүүн, “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн хэвээр байгаа. Мөн Монгол Улсад хүмүүнлэгийн байгууллагуудаас ирж буй тусламжийн хэмжээ ч буураагүй. Харамсалтай нь Засгийн газар ирэх оны төсөвд нийгэм, эдийн засгийн зөв хуваарилалт хийж чадаагүй байна. Сүүлийн гурван жилд л гэхэд Монгол Улсын төсвийн алдагдал нийтдээ 7 их наяд хүрлээ. Тиймээс бид Сангийн сайдаас хариуцлага нэхнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Бензиний үнэ 60-80, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгджээ

Ам.долларын ханш чангарч өнөөдрийн байдлаар 2,568 төгрөгт хүрэв. Үүнийг даган өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгджээ.

Тодруулбал, бензиний үнэ 60-80 төгрөгөөр, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.Энэ удаагийн үнийн өсөлт нь ам. долларын ханш өссөнтэй холбоотой гэж шатахуун импортлогчид тайлбарлаж буй юм.

Өнөөдрийн байдлаар:

  • Петровис компанийн шатахуун түгээх станцууд АИ-92-ыг 1,885, АИ-95-ыг 2,215, Дизель түлшийг 2,245 төгрөгөөр;
  • ТЭС Петролиум ХХК АИ-92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр;
  • Шунхлай ХХК АИ-92-ыг 1,885, АИ-95 шатахууныг 2,220, Дизель түлшийг -2,245 төгрөгөөр;
  • Магнай Трэйд ХХК АИ 92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Харин зарим шатахуун импортлогчид, тухайлбал Содмонгол, Синчи Ойл зэрэг компаниуд одоогоор үнээ нэмээгүй байгаа юм. Энэ талаар тус газруудаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар нэмэгдээгүй байгаа ч, цаашид нэмэгдэнэ. Долларын ханш өдөр ирэх тусам чангарч байна” гэсэн хариуг хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 болон түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.

Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах зэрэг сөрөг тал их байгааг гишүүд болон хэлэлцүүлэгт оролцсон эхчүүд онцолсон юм.

2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байгаа аж. 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар танилцуулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сард 2724 иргэнд ипотекийн зээлийг олгожээ

Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсанбайна.

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2018 он дуустал 150 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тухай Монголбанкнаас мэдээлэл хийх үеэр тус банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Болгарын эрэн сурвалжлагч сэтгүүлчийг онц хэрцгийгээр хөнөөжээ

Болгарын TVN сувгийн эрэн сурвалжлахын сэтгүүлч Викториа Маринова бусдын гарт амиа алджээ. Орон нутгийн цагдаагийнхан Русе хотын Дунай голын ойролцоох цэцэрлэгээс бүсгүйн цогцсыг олсон байна. Бүсгүйг хүчиндэж дараа нь аминд нь хүрсэн гэж Дотоод явдлын яамны сайд Младен Маринов мэдэгдсэн байна. Цагдаагийнхан цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж байгаа аж. Викториа Маринова эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг сэтгүүлчдийн нэг төдийгүй улс төрчдийн увайгүй үйлдлийг дэлгэн тавьдаг зоригтой бүсгүй байсан гэж Болгарын хэвлэлийнхэн дурсчээ. Авилгыг эсэргүүцэн авилга авсан эрх мэдэлтнүүдийн нэрийг айх зүйлгүй зарладаг байсан Викториа Мариновад өс санасан хүний тоог гаргахад ч хэцүү гэнэ. Сэтгүүлч бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн гэдгээс өөрийг цагдаагийнхан мэдэгдээгүй байна.

2017 оноос хойш Европын холбооны улсуудын дөрвөн сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Л.Балхжав “Миний дуунууд” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Хөгжмийн зохиолч, найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтын 20 жилийн ойн энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “UB Palace”-ын концертын их танхимд болохоор товоо зарласан.

Харин өнөөдөр “Миний дуунууд-20 жил” тоглолтын хэвлэлийн хурал МУЭ-ийн Арт галерейн “Best Art” танхимд боллоо. Уран зургийн танхимд тоглолтын хэвлэлийн бага хурлаа хийсэн ч учиртай аж. Үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн 20 жилийн турш тасралтгүй эгшиглэсэн “Миний дуунууд” тоглолтын гэрэл зургийн цомгийг дэлгэн цаг хугацаагаар аялууллаа. Түүнчлэн үзэсгэлэнд их урлагт 45 жилийг зориулж буй хөгжмийн зохиолч Л.Балхжавын дурсамжит гэрэл зургууд, амьдрал, уран бүтээлтэй холбоотой сонирхолтой үзмэрүүдийг дэлгэжээ.