Categories
мэдээ нийгэм

Бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн болов

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх 14 гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирж, хэргийг шалгаж байна. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийж иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас хууль бусаар алт олборлох явдал гарч байна хэмээн үзэж, аймгийн бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн хийж, хэргийг шалгаж байна. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийж иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас хууль бусаар алт олборлох явдал гарч байна хэмээн үзэж, аймгийн бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Нарийнтээл сумын Баянтээг багт болсон зөвлөгөөнд бичил уурхай эрхлэгч 60 гаруй иргэн оролцож, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, нөхөн сэргээх нөхөрлөлөөр ажиллах заавар журмын талаар мэдээлэл авсан. Зөвлөгөөнд оролцогчид хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, ашиглахгүй байгаа техник хэрэгсэлийг зарах эх дэлхий, байгаль орчноо хэвээр нь хадгалан үлдээх санаачилгыг дэвшүүлж, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болов.

Зөвлөгөөнд бичил уурхай эрхлэгчдээс гадна аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Д.Пүрэвдорж, БОАЖГ-ын дарга Т.Ариунболд, “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сумъяасүрэн болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн “Дээвэр” холбооны орон нутаг хариуцсан мэргэжилтэн Н.Нарантөгс, Өвөрхангай аймгийн бичил уурхайчдийн холбооны тэргүүн Б.Алтанхуяг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ спорт

Залуучуудын III олимпийн наадмаас жүдочид 2 мөнгөн медаль хүртлээ

“Буэнос-Айрес-2018” залуучуудын III олимпийн наадамд оролцож байгаа манай тамирчдаас жүдо бөхийн тамирчид хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ.

Аргентин улсын нийслэлд зохион байгуулж буй тус наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдсөн Г.Тэмүүжин анхны медалийн эзэн болж мөнгөн медаль хүртсэн. Өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны тамирчдыг цэвэр ялж , аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдсанаар энэ наадмын мөнгөн медалийн эзэн болж Төрийн далбаагаа Аргентины тэнгэрт 2 дахь удаа мандууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг төсөвт суулгаагүй байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Чамбай төсөв байна гэсэн хэсэг байхад муу төсөв болжээ гэсэн хүмүүс ч таарлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Орлого талдаа тодорхой зорилт тавиад шахаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл өмнөх Сангийн сайд нар орлогоо бага тавьчихаад түүнийг давуулсан болж харагдуулдаг байсан.

Энэ удаа илүү том зорилт тавиад түүндээ хүрэхийн төлөө ажиллана гэж байгаа нь зөв, энэ нь тэр чигтээ Төсвийн тухай хууль болж гардаг. Хуулиа биелүүлэхийн тулд Засгийн газар, төрийн өмчит болон бусад байгууллагуудаас нэхэж ажиллах шаардлага гарч ирж байгаа юм. Энэ нь зөв. Харамсалтай нь зарлага талдаа хэрэгцээ, шаардлагагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг тавьсан байна.

Яагаад ингэсэн гэхээр сонгууль жижиг мажоритар системээр явсан. Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт байгаа сумдад хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Энэ нь тухайн тойргоосоо дахин сонгогдох адын хүслээс болж байгаа юм. Сум орон нутагтаа сайхан харагдаж, нэр хүнд олж л байвал боллоо гэсэн шиг нэр хүнд олж болох бүх л зүйлийг бодож төсвөө хийж байна. Сонгуулийн тогтолцоо буруу байгаагийн нэр илрэл нь энэ л дээ. Улсын төсөв Монголын ирээдүй, хойч үеийн төлөө илүү хүнд үед хэрэглэх зайлшгүй хуримтлал бий болгосон байх ёстой. Харамсалтай нь тийм байсангүй. 2019 онд ахиухан бүтээн байгуулалт тавья. 2020 онд тэртэй тэргүй сонгуулийн өмнө ямар ч бүтээн байгуулалт хийж амжихгүй. Тиймээс иргэдийн сэтгэлд хүрэхгүй тул одоо шахаж ажиллан, намынхаа рейтингийг өсгөе гэсэн төсөв орж ирсэн.

-Та байнгын хорооны хурал дээр Ховд аймагт ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Ганц байшин барьсан нь шорон гэж байсан л даа…

-Үнэн шүү дээ. 2016, 2017 онд Ховд аймагт ганц ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. 2018 он дуусах гэж байна. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ганц ч байшин ашиглалтад орсонгүй. 2018 онд ажил нь эхлэх ёстой байсан бүтээн байгуулалт байсан ч яам, агентлагууд, албан тушаалтнуудын амбиц орсноос болж тендер шалгаруулалт нь хойшилсоор байгаад ийм байдалд хүргэлээ. Тендер шалгаруулалт нь дөнгөж дуусч байгаа юм. Тиймээс энэ жил хэд хэдэн бүтээн байгуулалт ашиглалтад орох ёстой байсан ч хойшиллоо. Тухайлбал, Ховд аймгийн Дөргөнө сумын Соёлын төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалт энэ жилийн төсөвт бүтэн суусан ч дөнгөж газар шорооны ажил нь эхэлж байх жишээтэй. Ер нь дунд шатанд төсвийн хуулийг биелүүлэх ажил маш муу байна.

-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдээр тооцсон юм бэ. Ноднин 2500 төгрөгөөр тооцсон ч одоо 2570 төгрөгт хүрчихлээ. Ханшийн алдагдлын зөрүүг хаанаас нөхөх вэ?

-Ноднин 2018 оны төсвийг батлахдаа 2500 төгрөгөөр тооцсон ч харамсалтай нь нэмэгдээд явчихлаа. Энэ нь явсаар оны эцэст 2600 орчим төгрөгт хүрэх байх. Ханш 100 төгрөгөөр нэмэгдэж байна гэдэг нь нэгдүгээрт, Засгийн газар төсвөө ашигтай гаргах сонирхол байгаатай холбоотой. Зориудаар валютын ханшийг өсгөж, зөрүүгээр нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг гаргах гэж байгаа юм. Хоёрдугаарт, авлигач, албан тушаалтнуудын гэртээ хадгалсан ам.долларуудын ханшийг өсгөх зорилгоор ийм зүйл хийж байна. Нэг хурандаагийн гэрээс 1.3 сая ам.доллар гарсан гэдэг мэдээлэл түгсэн. Тэр хүн гэртээ 1.3 сая ам.долларыг зүгээр хадгалахад 130 сая төгрөгийн ашиг хийж байгаа юм. Монголбанкны хийж байгаа зүйл авлигачдын бэлнээр хадгалсан ам.долларын ханшийг өсгөхөд чиглэгдэж байна.

-Ам.долларын зээл авсан бизнесийнхэн илүүтэй хохирч байгаа даа…

-Ханшийн зөрүү ам.доллараар зээл авсан бизнесийнхэнд маш хүндээр тусч байгаа. Асар их дарамтыг бий болгож байна. Томоохон бизнесүүд ам.доллараар зээл авсан байх магадлал өндөр. Уул уурхайн экспорт нэмэгдэж байна л даа. Үүнийгээ дагаад валютын нөөц хангалттай нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээнд валютын зээл авбал ханш унах нь бидэнд ашигтай байна гэсэн бодлого байсан байж магадгүй.

Тийм учраас Монголбанк яаралтай арга хэмжээ авах ёстой. Гурван тэрбум ам.долларын нөөцтэй болчихоод тодорхой хэмжээнд интервенц хийж, төгрөгийн ханшийг чангатгах үндсэн үүргээ биелүүлэх ёстой.

-Интервенц хийснээр ам.долларынхаа хамаг нөөцийг шавхчих юм биш үү?

-Эдийн засгийн өсөлт бий болсон, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж, үнэ өссөн үед эсрэгээрээ монгол төгрөгийн ханш чангарах ёстой. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээгээд байна гэдэг нь Монголбанкны бодлого буруу явж байгаагийн нэг илрэл. Төгрөгийн ханш гаднаас орлого олоогүй үед унадаг. Экспорт хангалттай байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ийм өндөр байхад валютын ханшаа алдах ямар ч үндэслэл байхгүй. Зориудаар хийж байгаа ажил.

-Он гарсаар нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд хэдэн удаа нэмэгдчихлээ. Энэ үед валютын ханш чангарч байна л даа. Төсөв хэлэлцэхдээ маш их анхаарах байлгүй…

-2012-2016 онуудад нефтийн бүтээгдэхүүний үнийг бага байлгах, хэрэглэгчдийн хүсээд буй тэр үнэд байлгах ажлыг Засгийн газар, Монголбанк хамтраад хийсэн. Тодорхой хэмжээнд нефть импортлогч компаниудтайгаа ярилцаад зарим арга хэмжээг авч байсан. Гэтэл Монголбанк энэ ажлуудыг огт хийхгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч зөвхөн хэдхэн гавьяаг өөртөө бий болгохоор зорьж байна. Монголбанкны валютын нөөцийг би гурван тэрбум ам.доллараас давуулсан гэдэг нэр зүүхийн тулд ард түмэнд ирж буй ачааллыг юман чинээ тоосонгүй. Гаргуунд нь гаргачихлаа. Монголбанкны ерөнхийлөгч зоригтойгоор интервенц хийх хүсэл алга. Зүгээр л өөрийн нэр хүндийг хадгалж үлдэх бэртэгчин, аймхай хүн. Тиймээс зоригтойгоор мөнгөний бодлого явуулах арга хэмжээ авах сонирхолгүй байна.

Маш хурдан огцруулах хэрэгтэй. Засгийн газар энэ хүнээ хурдан явуулахгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг хөндөх болно.

-Зам, тээврийн хөгжлийн сайдыг баасан гаригт томиллоо. Томилогдсон сайдад дайх үг байна уу?

-Би сайд томилогдох үед “Замын стандартыг мөрдүүлж ажиллах хэрэгтэй” гээд асуулт асуусан ч тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ стандартыг мөрдөлгүй хүнд даацын машин нэг тэнхлэгт ногдох даацаас хэтрүүлэн ачдаг. Үүнээс болж зам эвдэрч, хүний амь нас эрсддэг. Монгол Улс зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн байдаг. Тиймээс авто зам хурдан эвдрэх магадлал өндөр. Мөн бид авто замаа хангалттай сайн чанартай тавьж чаддаггүй. Ийм учраас стандартыг мөрдүүлэх талаар илүү сайн ажиллах шаардлага тавьсан. Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам маш сайн чанартай тавигдсан ч хүнд даацын автомашинууд Увс аймгийн Наранбулаг сумаас төмрийн хүдэр зөөсөөр байгаад тэр зам бүрэн ашиглалтад орохоос нь өмнө эвдээд эхэлсэн. Үүнийг анхаарч ажиллаарай гэсэн. Үүн дээр харин анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Стандарт Монголын бүх авто зам дээр адилхан мөрдөгдөх учиртай.

-Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад нэг жил болж байна. Үйл ажиллагааг нь хэрхэн дүгнэх бол. Ерөнхий сайд АНУ-д айлчилж 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч чадлаа гэх юм?

-Төв Азийн цээжинд ардчиллыг дангаараа хамгаалж, төлөвшүүлж яваа Монгол Улсын ардчилалд оруулж буй хувь нэмрийг үнэлж АНУ-аас өгч буй буцалтгүй тусламж. Коммунистууд очиж гарын үсэг зурж байгаагаас биш ардчиллыг үнэлсэн үнэлэмж юм шүү тэр 350 сая ам.доллар гэж ойлгоорой. Засгийн газар хийх ажилгүй юм шиг гадна дотно маш их зугаалдаг. Гэтэл иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт уруудаж байна. Үүн дээр бодитой арга хэмжээ авахгүй байгаа Засгийн газрыг сайн ажиллаж байна гэх үү, муу ажиллаж байна гэх үү. Бодоод үзэхгүй юу.

-Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барина гэж байсан. Баригдсан тэр олон барилгууд нь борлогдохгүй байхад түрээсийн орон сууц гэж хамаг мөнгөө шавхах нь гэх юм?

-Түрээсийн орон сууц барьж болно. Энэ засгийн үед МАН-ыг дэмждэг бүлэг хүмүүс тодорхой шалгуураар түрээсийн орон сууцанд орно. Тиймээс энэ үр дүнтэй ажил биш. Харин бид гэр хорооллын иргэдийн хүсэл зорилго итгэлцэл дээр хувийн хэвшлийнхэнтэй нийлээд тэр газрыг нь орон сууц болгох ажлыг хийх хэрэгтэй. Эхний ээлжинд гэр хороолол руу хүрэх дэд бүтэц, дулаан болон цэвэр, бохирын шугамыг төр хийж өгөх ёстой.

Түүнээс биш бүгдийг барьж өгснөөр асуудлыг бүрэн шийдэхгүй. Бид гаднаас ирж буй зээл тусламжийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч хүн бүрийг ажилтай болгоход зарцуулах нь зөв. Түүнээс төр бүхнийг шийддэг, түрээсийн орон сууцыг нь хүртэл барьж өгдөг төртэй байх юм бол бидний зовлонг Монголын төр татвар төлөгчдийн мөнгөөр бүрэн шийдэх боломжгүй.

-Ирэх оны төсөв ямархуу батлагдах бол. Сонгуулийн урьд жилийн төсөв шүү дээ?

-Ардчилсан намын бүлэг хэдийгээр цөөхүүлээ ч гэсэн бид бодит зүйлийг ярьдаг, шүүмжилдэг. Засгийн газар, Сангийн сайдын нэг сайн зүйл нь сөрөг хүчнийхээ гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг эрх баригчидтайгаа адил хэмжээнд тавьж, хийж байгаа.

Үүнд нь талархах хэрэгтэй. Сөрөг хүчнийнхэн хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагтаа тавьж байна, тэр хэмжээгээр тавьж чадаж байна. Орон нутагтаа зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгож оруулж ирэх нь бидний үүрэг байх ёстой. Ардчилсан намынхан сэтгэдэг, хийдэг. Үр шимийг нь МАН-ынхан хүртдэг. Ийм л тогтолцоо руу орсон.

-АН-ынхан төсөв дээр тав хоногийн завсарлага авсан нь ямар учиртай юм бэ?

-2019 оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдаж байна уу гэдэг тодорхой мэдээлэл өг гэсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг төсөвт тавиагүй байна. Бид тэр хүмүүсийн татвараар төсвөө тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа хэрнээ яагаад тэднийгээ дэмждэггүй юм. Ийм тодорхой асуудлууд дээр Ерөнхий сайдын байр суурийг зайлшгүй сонсох шаардлага байсан.


Categories
мэдээ цаг-үе

А.Энхжин: Монголбанк энэ жил 22 тонн алт худалдан авбал гадаад валютын нөөц 760 сая ам.доллараар нэмэгдэнэ

-МОНГОЛБАНК ОРОН НУТГИЙН САЛБАРУУДААРАА ДАМЖУУЛАН АЛТ ХУДАЛДАЖ АВАХ ЗОРИЛТ ТАВЬСАН-

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.


-Өнөөдөр Монголбанк, УУХҮЯ, Bloomberg телевиз хамтран Алтны форумыг зохион байгуулж байна. Форумын зорилгын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэхүү форум нь алтны салбарт үүсээд байгаа асуудал, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлүүдийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Форум маань хоёр хэлэлцүүлгээс бүрдэж байгаа. Эхнийх нь “Алтны салбарын өнөө ба ирээдүй” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг юм. Алтны салбарын өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж харж байгаа, ямар ажлууд хийх шаардлагатай байгааг хэлэлцэнэ. Хоёрдугаар хэсэг нь “Алтны салбар дахь хүндрэлүүд, тэдгээрийн шийдлүүд юу вэ” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг юм. Алтны салбарт мэдээж байгаль орчны асуудлуудаас хамаарч орон нутгийн иргэдийн дунд нэлээд хүндрэл, бэрхшээл гардаг. Тиймээс ямар бэрхшээлүүд гарч байна, тэдгээрийг хэрхэн шийдэх талаас нь холбогдох бүх байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой энэхүү салбарын цаашдын өсөлт, хөгжлийг олон улсын жишигт хүргэх шийдлүүд гарах болов уу.

-Орон нутгийн иргэдийн дунд уул уурхайг эсэргүүцэх хандлага их байдаг. Энэ талаар?

-Монголбанкны зүгээс эдийн засгийн өндөр ач холбогдолтой түүхий эдийн олборлолтын хэмжээг аль болох өндөр байлгах зорилготой байдаг. Хөндлөнгийн зүгээс ажиглахад алтны эрэл хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа эрэл хайгуулын ажил сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орчихсон. Тиймээс эрэл хайгуулыг эрчимжүүлэх, энэ хүрээнд орон нутгийн харилцааг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Иргэдийн дунд хариуцлагагүй, хууль бус уул уурхайгаас шалтгаалж сөрөг хандлага бий болчихсон. Үүнийг засаж залруулах, нэгдсэн ойлголцолд хүрэх зайлшгүй шаардлага бий. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох юм. Учир нь алт том агуулгаараа улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, үндсэн мөнгөний тэмдэгтийн тогтвортой байдлын чухал баталгаа. Нөгөө нэг чухал ач холбогдол нь алтыг зах зээлд гаргах хүртэл бүх хүчин зүйлд хүний хөдөлмөр шингэж байгаа учраас тогтвортой ажлын байр бий болгодог. Энэ мэт үр өгөөжийг нь бид зүй зохистой хүртэх хэрэгтэй байна. Тиймээс Алтны форумыг зохион байгуулж байгаа юм.

-Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Уншигчдад товчхон тайлбарлавал…?

-Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Аливаа улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг. Манай улс шиг түүхий эдийн гадаад зах зээлийн мөчлөг дагасан эдийн засагтай, экспортолж байгаа түүхий эд нь цөөхөн нэр төрөлтэй оронд гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх ёстой. Одоогоор манай гадаад валютын улсын нөөц гурав орчим тэрбум ам.доллартай байна. 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг 12 сарын хэрэгцээг хангах түвшинд байлгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу гадаад валютын нөөцийг гурван тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай байна. Нөөцийг ийнхүү нэмэгдүүлэхэд алт маш их чухал үүрэгтэй. Монголбанкны зүгээс алт худалдан авалтаа нэмэгдүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Алт худалдан авалтын чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Монголбанк алт олборлогчдоос алтыг зах зээлийн үнээр худалдаж авдаг. Ингэхдээ Лондонгийн металлын биржийн тухайн өдрийн үнээс цэвэршүүлэлтийн зардлаа хасч тооцон худалдан авах үнийг тогтоодог. Алт олборлогч нарт дэлхийн хаана ч өрсөлдөхүйц өндөр үнийг санал болгодог гэсэн үг. Манай алт олборлогчдын хувьд олборлосон алтаа гадаадад цэвэршүүлэх, экспортлох шаардлагагүй юм. Мөн Монголбанк алт олборлогч нарт алтаа худалдахад нь янз бүрийн хүндрэл чирэгдэл гаргахгүй байх боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран нэлээдгүй ажлыг эхлүүлсэн. Монголбанк болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын хооронд сорьцын мэдээллийг цахимаар солилцдог болсон. Түүнчлэн Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын лаборатори байгуулан, тэдгээр аймгууд дахь Монголбанкны салбар хэлтсээр дамжуулан алтыг шууд худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Лабораториуд үндсэндээ аравдугаар сард ашиглалтад орно. Эдгээр ажлууд хийгдэх юм бол алт олборлогч нар олон шат дамжлагагүйгээр алтаа шууд орон нутагтаа тушаадаг болно. Алт олборлогчдоос шийдэж өгөхийг хүсдэг хамгийн тулгамдаж байсан асуудлыг бид үүгээр шийдэж байна.

-Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-Үүнд нөлөөлсөн чухал хүчин зүйл бол Монголбанк болон алт худалдан авах зөвшөөрөлтэй банкинд алтаа тушаасан тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь байхаар хуулийн өөрчлөлт орсон явдал юм. Тэрхүү хуулийн заалтын хэрэгжих хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаа. Тэгэхээр энэхүү татварын хөнгөлөлтийг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг Монголбанкны зүгээс холбогдох яамдад хүргүүлсэн. Нөгөө талаас алт үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа нэг бэрхшээл нь санхүүжилтийн зардал байдаг. Монголбанк нь банкны салбарын зохицуулагчийн хувьд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна.

-Энэ жил 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэж Монголбанкнаас мэдээлсэн. Он гарсаар хэдий хэмжээний алт худалдан аваад байна вэ?

-Алт нь манай улсын хувьд онцгой, чухал ач холбогдолтой түүхий эд. Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авч, 700 сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлсэн. Энэ онд 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 22 тонн алт авсан тохиолдолд гадаад валютын нөөцийг 760 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 14.3 тонн алт худалдан аваад байна. Монголбанкинд иргэн алтаа худалдахыг хүсвэл Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьцоо тогтоолгосон байх, данс нээсэн байх, иргэний үнэмлэхтэйгээ байхад хангалттай. Хэрэв аж ахуйн нэгж бол тухайн байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмалын лицензээ Монголбанкинд бүртгүүлэх ёстой.

-Цаашид алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор ямар ажлуудыг хийх вэ. Мэдээж Баянхонгор, Дархан-Уул аймгуудад байгуулж буй сорьцын лабораториос гадна?

-Өнгөрсөн тавдугаар сараас энэ аравдугаар сарыг дуустал “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аяныг өрнүүлж байна. Алтаа Монголбанкинд худалдсанаар улс орныхоо эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа талаар болон алтны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой аян юм. Найм, ес, аравдугаар сарууд алтны ид тушаалтын улирал байдаг. Тэгэхээр энэ сард алтны тушаалт нэлээд өндөр байж, 22 тонндоо хүрчих байх гэсэн хүлээлттэй байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

“Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ГХУСАЗЗ, ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ ТББ хамтран “БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД НИЙГМИЙН САЛБАРЫН ОРОЛЦОО” чуулганыг 2018 оны 10-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тус чуулганы зорилго нь Улаанбаатар хотын эрсдэлт нөхцөлд байгаа болон хүчирхийлэл дарамтад өртсөн, гэмт хэрэгт холбогдсон, хөдөлмөр эрхлэгч охид, эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтан, дүүргүүдийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.

Чуулганд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах нар оролцож нээлтийн үг хэлсэн. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хэрэгжилтэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо, Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, хамгаалал гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 09-нд болох үйл явдал

08.30 цагт Корпорейт зочид буудлын хурлын танхимд “Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Туушин зочид буудалд Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын /APT/ Удирдлагын хорооны 42 дахь хурал болно. Утас:89114787

09.00 цагт “Новотел” зочид буудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарынхантай уулзана.

09.00 цагт ЭМЯ-нд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалт болно. Утас:88027947, 86885060

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжих “Гол мөрний ай сав газрын түвшинд усны засаглалыг бэхжүүлэх” техникийн туслалцааны төслийн нээлтийн семинар болно.

09.30 цагт НЗТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас:88058053

10.00 цагт АМГТГ-аас өөрийн байрандаа шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99160069

10.30 цагт ГХЯ-нд ХБНГУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурах ёслол болно. Утас:90110009, 96652334

10.30 цагт БСШУСЯ-нд Боловсролын салбарын мэдээллийн системийг танилцуулна.

11.30 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Автобаазын байранд цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн эхэлнэ. Утас:99008498

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас:88075973

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Бөхийн өргөө түгжээтэй байх нь Л.Чинбатын холбооныхонд ашигтай

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжавтай ярилцлаа.


-Бөхийн холбоод эвлэрнэ гээд комисс хүртэл байгуулаад явж байсан. Үр дүн гараагүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн асуудлаар маргалдаж буй талууд дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлээд олон удаа уулзаж эвлэрлийн комисс хүртэл байгуулж ажилласан. Харамсалтай нь хэрэгжүүлсэн зүйлс ажил хэрэг болоогүй. Анх дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж асуудлын хамгийн зөв гарц нь маргаан эхлэхээс өмнөх буюу 2002 оны Цэцдийн зөвлөлөөр хурлаа зарлуулж хуралдаж тавдугаар сарын 5-нд 21 аймгийн төлөөлөлтэй уулзаж нэг талдаа гарахаар тохирсон. Дараахан нь тавдугаар сарын 3-нд хуралдаж эсрэг талын гол төлөөлөгч улсын заан Ж.Ганболд хурал удирдаж явуулахдаа тавдугаар сарын 5-нд хуралдаж амжихгүй гэж 18 хүртэл хойшлуулсан. 18-ндаа “ИхЭе” хийх гээд хүлээж байхад өмнөх өдөр нь дархан аварга Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал зарлаж маргааш “Их Эе” болохгүй ээ. Зохион байгуулбал шүүхээр заргалдана “Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй гэсэн зүйл яриад эхний эвлэрлийн асуудал өндөрлөсөн. Дараагийн эвлэрэх тухай асуудал зургадугаар сарын 10-наас 15-ны хооронд яригдсан. Энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр, Л.Чинбат захиралтай удаа дараа уулзсан. Хамгийн сүүлд зургадугаар сарын 15-нд уулзаж манай тал “Эвлэрье, хурлаа зарлая” гэсэн шаардлага тавьсан бол нөгөө талын нөхөд “Хурал хийхгүйгээр МҮБХ-ны бүтэц зохион байгуулалтад хүмүүсээ томилоод явах санал гаргасан. Хамгийн гол зөвшилцөлд хүрээгүй шалтгаан нь нөгөө талаас “Л.Чинбатыг баяр наадмын зохион байгуулах коммист оруулж өгөөч гэсэн хүсэлт байсан л даа. Баяр наадмын комисс хуралдаад маргалдагч талуудын аль ч талаас төлөөлөл оруулаагүй. Бөхийн салбар хорооны даргаар Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан, Бөхийн салбар хорооны орлогч даргаар БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, нарийн бичгийн даргаар Хууль зүйн яамны Жанчивдорж нарыг томилсон. Ингээд талууд тарсан даа. Манай зүгээс олон удаа эвлэрье, нэг талдаа гаръя гэсэн санал хүргүүлсэн ч тухай бүрт нөгөө нөхдүүд буруу харсан.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд намрын улирлын нээлтийн барилдааны тов зарлагдсан ч цуцлагдлаа. Бөхийн өргөөг дахиад л цагдаагийн хамгаалалтад авлаа?

-Есдүгээр сарын 29-нд 20 дахь удаагийн нээлтийн барилдаан хийхээр төлөвлөж бүх бэлтгэл ажлыг хангаад байсан ч дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар нэр зүс нь үл мэдэгдэх 30 орчим залуусыг дагуулж Бөхийн өргөөрүү нэвтэрч үймээн дэгдээлээ. Өмнө ч дөрөвдүгээр сарын 14, зургадугаар сарын 14-ний өдрүүдэд хаалга цонхыг нь хагалж дайрч орсон. Тухай бүрт нь цагдаа хэв журмыг сахиулах үүднээс хамгаалалтад авч байсныг бөх сонирхогчид мэднэ. Үүний дагуу нээлтийн барилдаан цуцлагдлаа.

-Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх эрхгүй учраас барилдаан цуцлагдлаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ярихгүй юу?

-Худлаа гүтгэлэг л дээ. Энэ бол шүүхийн шатанд явагдаж байгаа асуудал. Манай зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн бүртгэгч Оюумаагийн энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсон, түүнд бүртгэл хийж шинээр гэрчилгээ олгосон явдлыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг хэлэлцэх шүүх хурлыг нөхдүүд таван удаа хойшлуулсан байдаг. Улмаар долдугаар сарын 24-нд хурал болоход улсын бүртгэгчийн гаргасан шийдвэрийг нэг сар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд бүртгэлийг зохих ёсоор хийлгэхгүй бол гэрчилгээг хүчингүй болгох шийд гарсан. Заасан хугацаанд юу ч хийгдээгүй. Хуулийн дагуу Л.Чинбатад олгосон гэрчилгээ хүчингүй болсон л доо. Энэ шийдвэрт гуравдагч этгээдээр Л.Чинбат давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс есдүгээр сарын 26-ны өдөр “Л.Чинбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож, зарим дутуу хийгдсэн ажиллагааг нөхөн хийлгэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал удахгүй гараад ирэх байх. Магадлал гарч ирэхэд талууд 14 хоногийн дотор гомдол гаргаж Дээд шүүхэд хянуулах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа. Анхан шатны шүүх рүү буцаж байгаа асуудлыг нөхдүүд “Шүүхийн шийдвэр Б.Бат-Эрдэнийг хүчингүй” гэж гарсан гэж яриад явж байгаа юм.

-Маргааныг шүүхийн шатанд хэлэлцээд явж л байг. Аль нэг холбоо нь бөхийн барилдаанаа зохион байгуулаад явж болдоггүй юм уу?

-Энэ нөхдүүд тамга тэмдэгний асуудал их яриад явж байна. Яг бөхийн хөгжлийн төлөө юу хийх, барилдааныг яаж өөрчлөх юм, ямар шинэчлэл хийх нь нэг ч зүйл яриагүй. Сэдэл нь буруу учраас явцгүй л дээ. Тиймээс барилдаан сайхан зохион байгуулах нь эд нарт хэрэгцээгүй зүйл. Бөхийн өргөө цоожтой байвал Л.Чинбат захирлын талын хүмүүст ашигтай. Иймээс л 30 орчим тооны залуусыг аваачиж үймээн гаргаж байгаа. Цөөхүүлээ ирээд зөвшилцвөл бөхийн өргөөг цагдаа хамгаалалтад авахгүй шүү дээ. Үймээн гаргаж байгаа нь барилдааныг цуцлах нэг төрлийн арга юм даа.

-Саяхан баяр наадмын допингийн шинжилгээний хариу гарлаа. Том цолтой бөхийн ч нэр дуулдаж байна. Албан ёсоор допингийн шинжилгээний хариуг хаанаас зарлах вэ?

-Наадмын допингтой холбоотой асуудлыг 100 хувь Допингийн эсрэг үндэсний төв, баяр наадмын зохин байгуулах комисс хоёр шийднэ. Манайд наадмаар шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариу удаж ирдэг гэсэн асуудал яригддаг. Долдугаар сарын 12-нд хамрагдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу 17-20 хоногийн дараа ирдэг юм билээ. Энэ жилийн тухайд 13 бөхийн хариу сөрөг буюу допинг хэрэглээгүй гэсэн хариу гарсан. Үүнийг нь долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний хооронд бөхчүүд рүү утасдаж хэлсэн юм билээ. Үлдсэн гурван бөх нь “Б” шинжилгээнд хамрагдах бүрэн эрхтэй байхад энэ 13 хүн илрээгүй байна гэвэл үлдсэн гурав нь тодорхой болчихно шүү дээ. Хүний эрхийг зөрчсөн асуудал болно. Тэгэхээр “Б” шинжилгээний хариу иртэл зарлахгүй байхад хугацаа алддаг юм билээ. “Б” сорьцын хариу илэрсэн үед нь Баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж допинг хэрэглэсэн бөхөд хуулийн дагуу хариуцлага тооцно. Баяр наадмын бус үед допинг илэрвэл МҮБХ-оо хариуцлага тооцно.

-МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж найман аймгийн цолыг эрэмбэд багтаагаагүй байсан. Ямар зөрчил гарсан юм бэ?

-Үндэсний бөхийг ёс зүйтэй байлгахын төлөө хийж буй нэг ажил нь энэ л дээ. Орон нутгийн Үндэсний бөхийн холбоод дураараа авирлаж эрэмбэ зөрчиж оноолт хийдэг болсон. Үүнийг цэгцлэхийн тулд аймгийн баяр наадмын оноолтоо есдүгээр сарын 10-ны дотор явуул гэсэн шаардлага тавьсан ч зарим нь ирүүлээгүй. Мөн тойргийн цолоор барилдуулсан допингтой бөхчүүдийг барилдуулсан зэрэг зөрчил илэрсэн. Аймгуудаас эргэж холбогдож хүсэлтээ ирүүлж байгаа. Зарим тохиолдолд ганц нэгхэн хүний алдаанаас шалтгаалж олон залуусын хөлс, хүч үнэгүйдэх асуудал гарч байгаа. Тухайн асуудал дээр алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа гэсэн. Тухайн наадмыг зохион байгуулж байгаа хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудал шүү дээ. Үүнийг шийдэхэд амархан л даа.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулсан Чойр, Говь-Алтай, Налайх дүүрэг гээд газруудын аймгийн наадмын цол чимгийг яах вэ?

-Улсын заан Б.Соронзонболд Говь-Алтайд, аймгийн арслан Б.Гончигтавхай Говьсүмбэрт барилдсан. Энэ хоёр бөх МҮБХ-ны зохион байгуулж байсан барилдаанд барилдаж байхад нь допингийн шинжилгээнд хамруулаагүй. Чөлөөт улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Б.Гончигтавхайгаас Допингийн төрөлд багтах бодис илэрсэн, Б.Соронзонболд шинжилгээнд хамрагдаагүй асуудал үүсгэсэн. Үүнийг чөлөөт бөхийн холбоо хариуцлага тооцож допингийн эсрэг үндэсний төв мэдэгдэх асуудал байгаа. Чөлөөт бөхийн холбоо наадмын дараа хариуцлага тооцож нэг жилээр эрхийг хассан. Тухайн аймгуудад наадмаас өмнө очоогүй болохоор ээдрээтэй байдал үүсч байгаа юм. Чөлөөт бөхийн холбооны өмнөөс бид хариуцлага тооцож болохгүй тэднийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ бол цэгцлээд явахаас өөр арга байхгүй. Залуучууд ухамсарлаж өөрсдөө барилдахгүй байх хэрэгтэй.

-Ерөнхйлөгч Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Эрх зүйн талаас ийм чадамж байгаа юу?

-Ерөнхийлөгч өөрөө бөх хүн. Энэ маргааныг анхааралтай ажиглаж байгаа. Эд нар бөхийн өргөөнөөсөө болж маргаад байдаг юм уу гэж үзсэн ч байж болох юм. Удаан ажиглаж байгаа. Энэ үүднээс Ерөнхий сайдад бөхийн өргөөг төр авах талаар санал хүргүүлсэн. Энэ саналыг төрийн эрх бүхий байгууллагууд судалж үзээд шийдвэрээ гаргана биз. Энэ дээр нэмж тодруулахад Монгол бөхийн өргөө 1992 оны зургадугаар сарын 4-ний өдөр шаваа тавиад баригдаж эхэлсэн. Энд бөхөд элэгтэй ард түмний хандив, зөв зохион байгуулалттай баг хамт олны нөр их хөдөлмөрийн дүнд өргөө боссон. Шав тавьсанаас хойш зургаан жилийн дотор буюу 1998 оны хоёрдугаар сар гэхэд ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн байсан юм байна. Улмаар 1998 оны хоёрдугаар сард Засгийн газарт “Бөхийн өргөөний 70 хувийг босгочихлоо, та бүхэн шаардлагатай байгаа нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлээчээ” гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүнийг тухайн үеийн засгийн газар хэлэлцээд 800 сая төгрөг олгоё 322 саяыг нь хандив туслалцаа, нэр төрийн арилжаа, сугалаа зэрэг ажлуудаа дахин хийгээд ол гэсэн байна. Дараа сард нь энэ хөрөнгө, санхүүжилт шийдэгдээд 9 сарын дараа буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 25-нд улсын комисст хүлээлгэж өгсөн. Ингэхэд улсын комисс тухайн барилгыг хоёр тэрбум гурван зуун хорин зургаан сая төгрөгөөр боссон гэсэн акт гаргасан. Үүнээс 800 саяыг нь төрөөс олгосон.

-Цаашдаа МҮБХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд яах вэ. Гарц гаргалгаа нь юу байна?

-Энэ асуудал дээр хоёр гарц бий. Нэг нь шүүхийн асуудлуудыг дуустал хараад явна. Үүнийг хүлээвэл нэгээс хоёр жил болно. Нөгөөх нь шүүхийн асуудлаа хаяад бөхчүүд өөрсдөө асуудлаа шийдэх боломж байх болов уу. Бөхийн өргөө хаалттай байснаар ид барилдаж байгаа бөхчүүдэд их хор хохиролтой. МҮБХ тасралтгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байж цолны хишгээ өгнө шүү дээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн айлчлал Улаанбаатар хотын ундны усыг 100 жил айлтгүй болголоо

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх “Цагаан ордон”-ы урилгаар Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.Айлчлалын хүрээнд тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар буюу 890 тэрбум төгрөгийг Улаанбаатарын ундны усны хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. АНУ-ын Мянганы Сорилтын сангийн судалгаагаар Улаанбаатар хотын хөгжил тэлэлтэд ундны усны асуудал хамгийн чухал аж. Улаанбаатар хотын хүн ам арваас хорин жилийн дараа гэхэд тодорхой хэмжээгээр өсөн нэмэгдэж таарна, тэр хэрээр ундны усны хэрэглээ мөн нэмэгдэнэ. Гүний усаа зөв зохистой хэрэглэж, дахин боловсруулах үйлдвэртэй болохгүй бол цэвэр усны хомсдолд ороход нийслэлчүүд ойрхон байгаа.

Нэгдсэн улсын хувьд дэлхийн тэргүүлэгч гүрэн гэдгээрээ манай гаригийн том жижиг гэлтгүй бүхий л асуудлуудад анхаарлаа хандуулах үүрэг хүлээгээгүй ч тодорхой хэмжээнд хариуцлагатай байдаг. Тэр ч утгаараа өөрсдийнх нь ардчиллыг төв Азийн цээжинд үлгэрлэн хөгжүүлж яваа гэдгээр нь монголчуудын ундны усыг анхаарч үзсэн болов уу. Нийслэлийн ундны усны асуудал 2030 он гэхэд улам хурцдаж, одоо өгч буй 350 сая ам.доллараас ч их зардал гарч мэднэ гэж үзээд зовлонтой нь бус зовлонгийн шалтгаантай нь бага дээр нь тэмцэж байгаа юм байна.

Мянганы Сорилтын сангийнхан шинэ гүний усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Биокомбинат, Шувуун фабрик орчимд 50-иад гүний усны худгийг гаргахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ одоогийн Төв цэвэрлэх байгууламж дор хуримтлагдсан асар их бохирдол үүсээд байгаа хөрснөөс дооших хэсгээс гүний усаа гаргаж авна гэж тооцоолжээ. Тэндээс гарсан усыг боловсруулах гүн цэвэршүүлэх үйлдвэртээ ашиглана. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг хадгалах байгууламжтай нь мөн төвлөрсөн системд дамжуулах шугам сүлжээтэй цогцоор нь байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатарт баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин боловсруулах үйлдвэрийг хамтад нь барина. Ингэснээр Улаанбаатар хот баруун тийшээгээ тэлэх боломж нь нэмэгдэх юм.

Улаанбаатарчууд бид ундны усны асуудалдаа 100 жил айлтгүй боллоо гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон хэлсэн. Буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар буюу 890 тэрбум төгрөгөөр хэрэглэсэн усаа дахин боловсруулдаг үйлдвэртэй болно. Дахин боловсруулсан усаараа цахилгаан станцуудаа хангаад эхэлнэ. Монголчууд бид түүхэндээ усаа дахин боловсруулж байгаагүй. Гүний цэвэр усаар машин тэргээ угаадаг, жорлонгийн усаа татдаг манайхан шиг тансаг улс байдаггүй. Хорин жилийн дараахь Улаанбаатар одоогийнхоос хоёроос гурав дахин том болж тэлнэ гэж байгаа, хотын ундны усны асуудлаа шийдсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Алтансүхээр үнэлэгдэх хэмжээнд аваачлаа гэж улс төр судлаачид үзээд байгаа нь ийм учиртай юм билээ.Уг төсөл нь таван жилийн хугацаатай. Америкийн засаг захиргаанаас мөнгөнийхөө нэг цент бүрийнх нь зарцуулалтыг бүрэн хянаж ажиллах аж. Монгол Улсын хувьд 1900 оноос хойш 32 Ерөнхий сайд ажилласан байдаг. Үе үеийн Ерөнхий сайдууд Америк болон барууны улс орнуудтай гуравдагч хөршийн бодлого ярьж, сайн харилцаатай байхыг зорьж ирсэн.

Тэгвэл энэ удаагийн айлчлалаар талууд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн цоо шинэ түвшинд хүрсэнээ зарлав. Өргөтгөсөн иж бүрэн түншлэл нь хоёр улсын бизнес, соёл урлаг, хүмүүнлэг, боловсролын бүхий л салбарт харилцан хамтран ажиллах нөхцөлүүд нь илүү өргөн хүрээнд бүрдсэнийг илэрхийлж буй юм. Манай улс ноос, ноолууран бүтээгдэхүүн болон дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ хойд Америкийн зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа. Цаашдаа Монгол Улсаас экспортлох түүхий эд, бараа бүтээгдэхүүн, тэдний стандартад нийцсэн юу л байна, тэр бүхнийг нийлүүлэх үүд хаалга нээгдэж байгаа нь манай улсын бизнесийнхэнд цоо шинэ зах зээл болж байна. Монгол Улсын хувьд Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөрштэй бол АНУ ч мөн адил Канад, Мексик хоёртой мөнхийн хөрш улсууд билээ. Тэр ч утгаараа Цагаан ордны зүгээс манай улсын гуравдагч хөршийн гадаад бодлогыг тууштай дэмжиж ирсэн юм. Нэгдсэн улс бол 320 сая давсан хүн амтай маш том зах зээл. Энэ зах зээлд нэвтэрч чадвал манай улсад дор хаяж 30 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Экспортоо дагаад гадаад валютын урсгал ч нэмэгдэнэ. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ шат ахиж байгаа нь Америкийн ард түмэн Монгол Улсыг төв Ази дахь найдвартай түншээ гэж үзсэнийх биз ээ.

Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал гуравдагч хөршийн бодлогодоо өндөр түвшинд хүрсэн айлчлал болсон нь гарцаагүй. Мэдээж уг айлчлал Монгол Улсын үе үеийн төрийн зүтгэлтнүүд болон ахмад дипломатчуудын хамтын хүчин зүтгэлээр бий болгосон үр дүн. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтон хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санаа бодлыг нь сонсов. Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудал, мөн визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчилж өгөх талаар саналуудаа Цагаан ордонтой тодорхой хэмжээнд ярилцаж, мөн Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан конгрессын гишүүд, сенаторуудтай уулзаж ярилцсан тухайгаа хэлж ярьж, Америкт ирснээсээ хойш ямар ямар ажил амжуулж яваагаа тэнд ирсэн монгол иргэддээ товч тайлбарлан ярьсаар уулзалт гурван цаг орчим үргэлжлэв.

М.БАЯНБУЛАГ

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын битүүн, Тэргүүн дагуул одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 7:03 цагт мандан, 18:16 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол төрийн сэнтийг бузарлаж дууслаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Долларын ханшийн галзуурал
шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол
төрийн сэнтийг бузарлаж дууслаа” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төрийн алба гэдэг сонгуульд хүчин
зүтгэсэн хүнийг цалинтай байлгах нэг
механизм болж хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Монголын хуульчдын
холбооны гишүүн хуульч,
өмгөөлөгч Э.Ганхөлөг: Шүүх олны анхаарал татсан
хэргүүдэд холбогдсон хүмүүсийг заавал хорьж,
цагдах болсон нь буруу хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

Б.Оюунгэрэл: Мэх бол тбб-ын гишүүдэд биш монгол
эмэгтэй хүн бүрт үйлчилдэг байгууллага байх ёстой хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Танин мэдэхүй” нүүрт “Хүний эрүүл мэндийг хянах ухаалаг төхөөрөмжүүд” хэмээн өгүүлжээ.

Эмч нүүрт Монголын аутизмын
холбооны гүйцэтгэх
захирал Л.Алтангэрэл: Аутизмыг оношлохдоо харилцааны байдлыг нь
ажигладаг. Ямар нэгэн тест, эмнэлгийн тоног төхөөрөмж шаардлагагүй гэжээ.

“Уул уулын цаадах умард нутаг” хэмээснийг “Аян замын тэмдэглэл” нүүрээс хүлээн авч уншаарай.

Нобелийн энх тайвны шагналыг бэлгийн
хүчирхийлэлтэй тэмцэгчид хүртлээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, тогтмол гаргад булангууд, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ