Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жон Леннон: Оно бол миний цорын ганц багш

1940 оны аравдугаар сарын энэ өдөр домогт “Beatles” хамтлагийн гишүүн Жон Леннон төрсөн юм. Тэрээр Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч, дэлхийн энхтайвныг дэмжигч байсан бөгөөд Битлз хамтлийн гишүүн болон үүсгэн байгуулагчдын нэг байсан юм. Хамтлагийн гишүүн Пол Маккартнитай нийлж дуу бичиж байсан нь 20-р зууны шилдэг ая, дуу бичих хамтрагчид болгоход хүргэсэн ба түүгээр зогсохгүй, рок-н-роллын түүхэнд дэх хамгийн нэр алдартай дуунуудыг бичжээ. Леннон зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй ном, кино, дэлхийн энхтайван гээд олон салбарт өөрийнхөө нэрийг бичиж үлдээжээ. 1970 онд алдарт Битлз хамтлаг тарсны дараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, өөрийн байр сууриа цааш авч явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрчээ. Хэсэг хугацааны дараа Леннон дахин уран бүтээл туурвихаар Дабл Фантази цомог гаргасан юм. Цомог худалдаанд гарснаас хойш нэг сарын дараа буюу 1980 оны 12 сарын 8-нд Марк Дэвид Чэпмэн гэгчид буудуулан нас баржээ. Тэгсэн хэдий ч Дабл фантази цомог 1981 онд хөгжмийн дээд шагнал болох Грэммигээс оны шилдэг цомгийн шагналыг авч чадсан юм. Тэрээр хэрвээ амьд байсан бол одоо 78 настай байх байжээ. Түүний сая, сая шүтэн бишрэгчид Жон Ленноныг одоог хүртэл дурссаар л байна.

Жон Леннон Японы авангард зураач Иоко Онотой Лондонд танилцжээ. Тухайн үед түүний ирээдүйн эхнэр Иоко Оно-ийн “Дуусгаж амжаагүй бүтээл” нэртэй уран зургийн үзэсгэлэн гарч байсан аж. Жон тэр үед эхнэртэй байсан ч япон бүсгүйд татагдаж, харин Йоко Оно хариуд нь зүгээр л дотно харьцаатай байхыг л Леннонд санал болгосон байна. Гэвч тэдний харьцаа анд нөхдийнхөөс илүү гүнзгийрч 1969 оны 3 дугаар сарын 20-нд Жон эхнэр Синтия, хүү Жулиан нараа орхин Йоко Онотой албан ёсоор хуримаа хийжээ. “Иокотой нэг ч үг солиогүй хэрнээ түүн рүү яг л төмрийн үртэс соронзонд наалдахтай адил татагдаж, өөрийгөө салгаж чадаагүй” хэмээн хожим нь дурссан байдаг. Ийнхүү гурван жилийн турш Иокотой дотно харилцаатай байх үедээ Жон Леннон оргил бүтээлүүдийн нэг болох “Made love at down” бүтээлээ гаргаж байсан юм. Бал сараа дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал болох Амстердамын Хилтон зочид буудалд өнгөрүүлсэн бөгөөд тэдний бал сар түүхэн дэх хамгийн хачирхалтай бал сар байсан гэгддэг. Жон, Иоко хоёр Монреалийн “Queen Elizabeth” зочид буудлын өрөөнд найман өдрийн “ Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал”-аа эхэлсэн байна. Иокогийн сэдсэн “Орон доторхи үзүүлбэр” нь сурвалжлагчдын сонирхлыг маш их татсан юм. Тэд, хоёр хүний өргөн орон дээр гэрийн халаадтай хэвтэж дэлхийд энх тайвныг хэрхэн сахиулах талаар, өөр бас бус зүйлийг нухацтай ярьцгааж байжээ. Энэ үеэр Ленноны амнаас бараг анх удаа л нэлээд хариуцлагатай, ухаалаг, цэгцтэй vгс гарч байсан гэдэг. Энэ өвөрмөц “хэвлэлийн бага хурал”-ыг кино хальсанд буулгахад, Ленноны тэр өрөөнд зохиосон “Give Peace A Chance” дуу нь давхар бичигдэн үлдсэн байна. Хожим нь бичлэгийг бага зэрэг янзлаад сингл гаргасан нь Их Британи, Америкийн хитэд дээгүүр байрыг эзэлжээ. Одоо ч энэ дууг дайны эсрэг жагсаал цуглаанд их ашиглаж байгаа билээ. Амьдралын хэмнэлийн их өөрчлөлт, аз жаргалыг мэдэрч эхэлснийхээ дараа тэрээр Жон Уинстон Леннон гэсэн нэрээ Жон Оно Леннон болгож өөрчилсөн аж. Түүхэнд эхнэрийнхээ нэрний хэсгээс авч нэрээ ингэж өөрчилсөн алдартан түүнээс өөр байдаггүй билээ. Жон Иокод зориулж олон дуу зохиосон нь бүгд л хит болж байв. Зарим нэг клиптээ эхнэртэйгээ хамтран тоглож байсан юм.


Жон Леннон: “Би хамтлагийнхандаа бид бурхнаас ч илүү алдартай болно гэж хэлсэн. Тэр нь ч биелсэн”.

beatles зурган илэрцүүд

“Би заримдаа тайзан дээр гараад боддог юм. Энэ бүхэнд хэрхэн хүрсэн
тухайгаа… мөн яг одоо бодит байгаа нь үнэхээр гайхалтай гэж үргэлж баярладаг”
хэмээн хэлсэн байна.

джон леннон йоко оно бал сар зурган илэрцүүд

“Амжилттай эр хүний ард үргэлж ухаалаг бүсгүй байдаг”

джон леннон йоко оно бал сар зурган илэрцүүд

“Би алдартай байж болно. Гэхдээ Оно бол миний цорын ганц багш. Би түүнээс маш ихийг сурдаг сурагч нь л гэсэн үг”


“Хайр бол яг л мод шиг. Үндэс сайтай байх юм бол цас шуурга, бороо аянганд ч үлдэж улам ногоорон ургадаг. Иоко бид хоёрын хайр яг л мод шиг. Би түүнийхээ ундаалах ус, гэрэлт нар. Харин тэр миний хөрсөнд дэлбээлэх хайрын ургамал”

“Би бусдад Йоко Жон хоёр бол яг л салхи. Хэнд ч харагдахгүй, гэхдээ тэд дэргэдүүр нь өнгөрөхөд модод найгана гэж хэлэхийг, үзүүлэхийг хүсдэг”

“Иокотой нэг ч үг солиогүй хэрнээ түүн рүү яг л төмрийн үртэс соронзонд наалдахтай адил татагдаж, өөрийгөө салгаж чадаагүй”

“Нэг зүйл нөлөөлсөн гэвэл тэр гарцаагүй Йоко. Тэр миний зүрх сэтгэлд үргэлж нуугдан байсан өөрийг минь нээн гаргасан. Үүнээс өмнө надад нэг л зүйл дутуу, хоосон, хөндий санагддаг байсан. Харин тэр…Йоко… Гайхмаар хэрэг шүү”

“Би Йокотой хамт насан туршдаа амьдрахыг хүсэж байгаа ч үхлээс айхгүй байна. Үхэх мөчид юу мэдрэхээ хэлж чадахгүй ч би итгэхгүй байгаа учраас түүнд бэлэн байна. Яг л нэг машинаас буугаад өөр машинд суухтай л ижил юм уу даа”

Домогт Жон Ленноны “Imagine” буюу “Төсөөл дөө”. 1971 онд гарсан энэ дуу Жон Леннон хүсэн мөрөөдөж буй төгс төгөлдөр ертөнцөө ямархан байж болохыг “төсөөлөн” дуулсан өгүүлэмжтэй юм. Үгийг нь зохиохдоо гэргий Йоко Оно-гийнхоо “Бэрсүүт жүрж” хэмээх яруу найргаас санаа, хэлбэрийг нь авсан аж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахууны үнийн өсөлт гадаад зах зээлээс шууд хамааралтай гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлт, нөөц хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тус газраас мэдээлж буйгаар гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад борлуулагдаж буй шатахууны жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэд өөрчлөлт орсон аж.

Тодруулбал, гадаад зах зээл дэхь газрын тосны үнийн өсөлт нь манай улсын жижиглэнгийн зах зээлд нөлөөлсөн байна. Энэ талаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, гадаад эх үүсвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Оюунбаяр “ Дэлхийн газрын тосны үнэд тодорхой өөрчлөлт орсон. Монголд ч гэсэн жижиглэн борлуулалтын үнийн ханшийн зөрүү гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 612-632 ам.долларын хооронд байна. Энэ бол сүүлийн сарын мэдээлэл. Нэг баррель тосны үнэ 80-83 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн байна. Мөн брэнт түүхий тосны үнэ есөн сарын сүүлийн байдлаар 83.2 доллар гэсэн үнэтэй орж иржээ.Шатахууныг гадаад зах зээлээс 100 хувь импортоор оруулж ирдэг. Бид газрын тосны тухай хууль холбогдох хууль дүрмийндагуу ажилладаг. Өөрийн дураар үнэ нэмсэн ямар нэгэн асуудал байхгүй. Шатахууны үнийн өсөлт гадаад зах зээлээс хамааралтай гэдгийг дахин хэлмээр байна” гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Дэлхийн худалдааны тайлан” гарчээ

Дэлхийн худалдааны байгууллага жил бүр “Дэлхийн худалдааны тайлан” нийтэлдэг. Энэ оны ээлжит тайлангаа тус байгууллага өнгөрсөн долоо хоногт болсон 2018 оны олон нийтийн форумын үеэр нийтэлсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагын энэ жилийн тайлан дижитал технологи нь дэлхийн худалдааг хэрхэн өөрчилж байгаа, мөн түүнээс бий болсон боломж, сорилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд бэлтгэгджээ.

Тайланд, хиймэл оюун ухаан, интернэт, 3D хэвлэл, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсний зэрэгцээ үүнээс үүдсэн сөрөг үр дагавар ч гарч байгааг онцлон дурдсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг технологийн энэ хурдтай шинэчлэлт, хөгжлийн сөрөг үр дагавруудын эсрэг оновчтой хариу арга хэмжээ авах, төлөвлөлт хийх шаардлагатай байна гэж тус тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо тус тайланг нийтлэх хуралд хэлсэн үгэндээ “Худалдаа, технологи хоёр нягт уялдаа холбоотой. Технологи нь худалдааны арга хэлбэрийг бүтээсэн юм. Одоо бид бүхэн урьд байгаагүй технологийн хувьсгалын эрин үед амьдарч байна. Зарим хүн үүнийг аж үйлдвэрлэлийн IV хувьсгал хэмээн нэрлэж, зарим нь шинэ аж үйлдвэрлэлийн хувьсгал, бүр шинэ дижитал хувьсгал гэж нэрлэж байна. Гэвч нийтлэг сэдэв нь маш тодорхой юм. Энэ бол ямар ч байсан хувьсгал мөн. Эдгээр технологи бидний нүдний өмнө эдийн засгийг шинээр бүтээж байна. Энэ бүгд бүтцийн чанартай өөрчлөлт юм” гэжээ. Азеведо тайланд дурдсан блокчлох технологиор жишээ татаж, технологи хэрхэн худалдааны практиктай харилцан нөлөөлж байгаа, мөн магадгүй бий болгох нөлөөний талаар ярьсан байна.

Блокчлох технологи нь жижиг компани арилжааны явцад дэлхийн олон газрын хамтран ажиллагч түнштэйгээ итгэлцэл бий болгох, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдааны үйл ажиллагааг дижитал болгохыг түргэтгэх, мөн гэрээний худалдааг автомат болгоход туслах, ийм хэлбэрээр компаниуд өөрийн өртгөө илэрхий багасган үр ашгаа нэмэгдүүлж болно гэж Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн онцолжээ.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Судалгаагаар, 2030 он гэхэд блокчлох технологийн үр ашиг дэлхийн хэмжээнд 3 их наяд ам.долларын үнэ цэнийг бүтээх төсөөлөлтэй байгаа аж. “Худалдааны өөрийн өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд 2 нэгжээр өгсөнө гэж тайланд төсөөлжээ. Энэ нь 15 жилийн дотор 31-34 хувиар өснө гэсэн үг. Технологийн ахиц дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай. Гэвч урьдын адил энэ нь зүй зохистой нэмэлт бодлогоос шалтгаална. Хэрэв энэ янзаар хөгжвөл 2030 онд хөгжиж буй орнуудын дэлхийн худалдаанд эзлэх хэмжээ өнөөгийн 46 хувиас 57 хувь хүртэл нэмэгдэх магадлалтай гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага тайландаа дурдсан байна.

Мөн худалдааны бүтцэд бий болж мэдэх өөрчлөлтийн талаар онцолжээ. Тухайлбал, дижитал технологи үйлчилгээний худалдааг ахиулж, шинэлэг үйлчилгээ бий болгоно. 2030 он гэхэд үйлчилгээний худалдааны эзлэх хэмжээ 21 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөлтэй байна. Энэ нь бодлогын чухал асуудлыг бий болгоно гэж тэмдэглэжээ. Тайланд технологи ахиж дэвшихийн хэрээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломж бүрдэх болно гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр хурдтай бүтцийн өөрчлөлтөд хүмүүс дасан зохицож, хариу арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхий нийт шинэ эдийн засгийн эринд орж байгаа тул шинэ сэтгэхүй хэрэгтэй гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага энэ оны тайландаа дурдсан байна.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Categories
мэдээ нийгэм

Хадлан 70 хувийн бэлтгэлтэй байна

2018 оны аравдугаар сарын 7-ны байдлаар 895.9 мянган тонн өвс, 353.1 тонн сүрэл, 21.5 мянган тонн ногоон тэжээл, 1.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 30.9 мянган тонн гар тэжээл, 1.8 мянган тонн дарш, 29.3 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 11.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Аймгаар авч үзвэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн хадлан, тэжээл бэлтгэл 80-аас дээш хувийн биелэлттэй байна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс 7.8 мянган тонн, тэжээл 2.1 мянган тонныг тус тус бэлтгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гариг бүх нийтээр мод тарих өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар Зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон.

Иймд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх бямба гарагт зохион байгуулна.

Мод тарих үндэсний өдрөөр Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: МЭХ бол ТББ-ын гишүүдэд биш, монгол эмэгтэй хүн бүрт үйлчилдэг байгууллага байх ёстой

94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган энэ сарын 12-нд болох гэж байна. Монголын хүн амын 50 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн тэргүүнийг сонгоно гэдэг утгаараа МЭХ-ны энэ удаагийн чуулганд эмэгтэй хүн бүр анхаарал хандуулж буй. Тэр тусмаа Ерөнхийлөгчид хэн нэр дэвших, ойрын хэдэн жилд Монголын эмэгтэйчүүд ямар бодлого, үзэл баримтлалтай байх нь энэ чуулганаас тодорхой болно. Одоогоор МЭХ-ны ерөнхийлөгчид олон хүн өрсөлдөхөөр яригдаж байна. Тэдний дундаас нэр дэвшихээ хамгийн түрүүнд зарлаж, эмэгтэйчүүдийн анхаарлын төвд орсон Батнасангийн Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Өөрийг тань манай хэвлэл мэдээллийн салбарынхан “Монголын сонины холбооны” Оюунгэрэл гэдгээр тань андахгүй. МЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан нь өнгөрсөн долоо хоногийн хувьд цахим ертөнцийнхний анхаарал татсан гол хүн байлаа. Миний хувьд өөрийг тань бараг 20-иод жилийн өмнөөс МСХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс тань мэднэ. Яагаад МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр болов гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Энэ гэнэтийн шийдэл байв уу?

-Би 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд 20 хэдхэн настайдаа Монголын сонины холбоо (МСХ)-ны гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Тэр үеэс л би хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж сонин хэвлэлд юм бичиж нийтэлдэггүй ч тухайн үедээ жинхэнэ утгаараа дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж байсан 300 орчим чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээн авч байлаа.

Ажлын гараагаа анх ТББ-аас эхэлж байсан маань миний ажил амьдралыг хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн байгууллагатай холбож өгсөн гэж би боддог. МСХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг НӨАТ–аас чөлөөлүүлэх асуудлыг Засгийн газарт тавьж, амжилттай шийдвэрлэж байлаа. Мөн МСХ-г өөрийн гэсэн байртай болгож, Хэвлэлийн эрх чөлөөний болон Эрүүгийн зэрэг хуулиудын Ажлын хэсэгт орж ажилласан. Одоо “Мэдээллийн сайтуудын ассоциацийн” тэргүүн, “Сайны төлөөх өөрчлөлт” ТББ-ын тэргүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийт хариуцсан зөвлөх гээд л дандаа сайн дурын, олон нийтийн ажлыг сүүлийн 16 жилийн турш хийж ирсэн байна. Үүнийхээ зэрэгцээ “Айсоо Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулж “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001” стандартыг боловсруулж, Монгол Улсын үндэсний стандарт болгон нутагшуулан ажиллаж байна. Энэ мэтчилэн олон нийтийн эрх ашгийн төлөө ТББ-тай хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.

Миний хувьд МЭХ-г нэг л еглее бодож сэрээгvй ээ. Монголын эмэгтэйчүүдийн төлөө, эхчүүдийн төлөө юу хийж, яаж ажиллавал бүх эмэгтэйчүүдэд хүрсэн даацтай, далайцтай ажиллаж болох вэ гэдгийг удаан бодож тунгаасны эцэст гаргасан шийдвэр юм.

-Тэгэхээр МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр биш, өмнө нь шийдчихсэн байсан гэсэн үг үү. Өөрийг тань сая нэр дэвшихээ мэдэгдэхэд л МЭХ гэж байгууллага одоо хүртэл “амьд” байдгийг хүмүүс мэдэх шиг болсон?

-Магадгүй зарим нэг хүмүүс мартсан байх л даа. Уг нь энэ байгууллага чинь бүр бидний эмээ, ээжийн үеэс эхлэлтэй Монголын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн байгууллага юм шүү дээ. Түүх яривал 1924 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд идэвхтэй оролцуулах зорилгоор байгуулж, алдарт Дашдоржийн Нацагдоржийн эхнэр Пагмадулам гуай анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм билээ. Түүнээс хойш үйл ажиллагааны бодлого, чиглэл нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан шинэчлэгдсээр өнөөдрийг хүрсэн. Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Сономын Удвал, нийгмийн нэрт зүтгэлтэн Доржийн Мөнхөө гээд Монголын үе үеийн нийгмийн хөгжилд өөрийн гэсэн тод үүргээ гүйцэтгэж, түүхээ үлдээсэн эмэгтэйчүүдээр удирдуулсан байгууллага шүү дээ.

-Одоо ямар хүн МЭХ-г удирддаг юм бэ.

-Одоо 2000 оноос хойш Ж.Эрдэнэчимэг ерөнхийлөгч МЭХ-г удирдаж, өнөө зэрэгтэй авч ирсэн байдаг.

-ТББ гэдэг бол хувь хүнээс маш их нийгмийн идэвх, санаачилга, хүчин чармайлт бас их дайчин шаргуу байхыг шаарддаг. Хэн нэг хүнээс эсвэл, төсвөөс цалин авч ажилладаг хүний хувьд халширмаар л ажил. Гэтэл чи халширсангүй 20 жил ТББ-ын ажил хийсэн хүний хувьд их туршлага хуримтлуулсан байх. МЭХ-г ямар болгох гэж, юу хийж чадна гэж нэр дэвшиж байгаагаа нууц биш бол хуваалцахгүй юу?

– Нэгэнт нэр дэвшихээ зарласан болохоор одоо нууцлаад байх юм байхгүй ээ. Толгойнд бол маш олон л төлөвлөгөө, санаа эргэлдэж байгаа. Энэ бүх төлөвлөгөө, санаагаа гаргаж хэрэгжүүлэхийн тулд гол нь монгол эмэгтэй хүн бүрийг бие биенээ дэмждэг, хүндэлдэг, нэг туган дор нэгдээд өөрсдийнхөө төлөө ажиллаж чаддаг болгох эхлэлийг л зөв тавих хэрэгтэй. Эмэгтэйчvvд бидний жаргал, зовлон нэг л байдаг шүү дээ. Тиймээс харилцан нэгнээ дэмжиж, хvндэлж чадвал хийж чадахгvй зvйл, гаргахгvй амжилт гэж vгvй гэж боддог.

Миний бодлоор бидэнд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн байгууллагаа Монгол эмэгтэй хvн бүрийн эрхээ хамгаалуулж, vзэл бодлоо илэрхийлдэг нээлттэй байгууллага болгохын төлөө хичээнгvйлэн ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэл гарган ажиллах естой.

-Нийгмийн идэвхтэй байх, олон нийтийн ажилд манлайлагч байна гэдэг бол хүн бүрийн ажлынхаа хажуугаар, хичээл номынхоо завсар зайгаар амжуулдаг ажил биш. Бүр сурагч байхаас нь л эхэлдэг ажил юм шиг санагдаг. Өөрийн тань хувьд 10 жилдээ ямар сурагч байв. Ер нь өөрийнхөө тухай танилцуулаач. Аав, ээж тань ямар хүмүүс байдаг гээд л…

-Миний аавыг Х.Батнасан,ээжийг маань Н.Жаргалсүрэн гэдэг. Аав, ээж маань Ховд аймагт төрж, өссөн. Насаараа нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Би аав, ээжээсээ наймуулаа. Гурван эгч,хоёр ах, хоёр дүүтэй. Биднийг бага байхад манай гэрт айлчин, зочингүй өдөр гэж байгаагүй. Багаас маань аав, ээж минь биднийг олонтойгоо байх, олон түмэнд тусалж, чадах чинээгээрээ дэмжихийг сургаж хүмүүжүүлсэн. Тийм болохоор миний нийгмийн идэвхтэй, олон нийтийн дунд байдаг маань гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх аа. Миний ханийг Б.Эрдэнэзул гэдэг. Хань маань ч бас нийгмийн идэвхтэй болохоор миний ажлыг дэмжиж тусалдаг. Ховд аймгийн нэгдүгээр 10 жилийн сурагч байхаасаа л олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог сурагч байсныг манайхан мэднэ дээ.

-Хоёр хөөрхөн охины ээж, айл гэрийн эзэгтэй. Том охин нь их сургуульд оюутан болсон гэхээр өөрийг тань бас тийм залуу хүн биш гэдгийг уншигчид ойлгох байх.

-Эмэгтэй хүн насаа хэлдэггүй л гэдэг юм билээ. Гэхдээ миний хувьд насаа нуугаад байдаггүй. Би 40 настай. Зарим нэг хүнд 40 нас гэдэг залуу санагдаж магадгүй. Нэгэнт нас ярьсных 1920-иод оны боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Пагмадулам гуай дөнгөж 20 гаруй насандаа эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах зорилгоор Эмэгтэйчүүдийн байгууллагыг анх байгуулж, удирдаж байсан түүхтэй юм билээ. Сонирхуулбал, мөн нэрт зохиолч, нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал 28-хан насандаа энэ байгууллагыг удирдаж байсан бол одоогийн ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг ч бас дөнгөж 30 гаруй насандаа нийслэлийн Эмэгтэйчүүдийн холбоог, 40 насандаа МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм билээ. Тийм болохоор үе үеийн эмэгтэйчүүд ид хийж бүтээх 20-40 насандаа МЭХ-г удирдаж, тухайн цаг үедээ нийгмийн хамгийн чухал асуудлуудыг хөндөж, төр засгийн бодлогод нөлөөлж байсан. Тийм болохоор миний хувьд 40 нас гэдэг бол эмэгтэй хүний хувьд ажлын дадлага, туршлага нь жигдэрч, ид хийж бүтээх нас гэж бодож МЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн.

Би одоогоор хоёр охинтой ч “Одонтой ээж” болох хүсэл сэтгэлд минь нууцхан байдаг. Мартын-8, эх үрсийн баяраар “Алдарт эхийн” одон авч байгаа сайхан ээжүүд, эмэгтэйчүүдийг хараад би үнэхээр бахархдаг, сэтгэл хөдөлдөг. Монголын бүх эмэгтэйчүүд өөрт ногдсон их ажлынхаа хажуугаар өөрийнхөө сайн сайхны төлөө бага ч гэсэн цаг гаргаж зарцуулдаг, хайртай хань, хүүхэд бүрийнхээ бахархал, үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг.

Монгол ээжийн тархиар дамжиж монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог. Тийм болохоор хамгийн том боловсрол бол гэр бүлийн хүмүүжил гэдгийг монгол ээж бүрийн оюун санаандаа суулгах нь эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын бас нэг үүрэг гэж боддог.

-Би ч гэсэн Монголын бүх эмэгтэйчүүдийг сэтгэлдээ үрчлээсгүй байгаасай гэж хүсдэг. Гэвч эмэгтэйчүүд бүхэнд тийм боломж бага л даа. Эмэгтэйчүүдийн тухай ярихад өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн талаар хөндөхгүй орхихын аргагүй юм. Тэдний хувьд сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчид нэг удаа гараа сунгахаас бусад үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе олон тохиолддог. Ийм эмэгтэйчүүдийнхээ төлөө л МЭХ илүү анхаармаар байгаа юм?

-Тийм ээ. Манай улсын хүн амын 51,7 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсад сүүлийн 17 жилийн турш гэр бүл салалт дөрөв дахин нэмэгдэж, хүчирхийлэл газар авч, хүний эрх алдагдаж, хүүхэд залуучууд хар тамхинд донтож, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж, нийгмийн өмнө тулгамдсан олон чухал асуудлууд орхигдсоор байна. Үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл борви, бохис хийлгүй ажилладаг 130 гаруй мянган малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлүүлэх, гэр бүлийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол гээд олон чухал асуудлуудаар тэдний эрх ашгийг хамгаалдаг, төр засагт эрх ашиг, дуу хоолойг нь хүргэдэг, нээлттэй, ил тод, нийгэмд сайн сайхныг түгээж, саар бүхний эсрэг зогсож чаддаг байгууллага болгохыг зорьж ажиллана.

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа эрс нэмэгдсэн. Тэд улстөрждөг ч гэсэн МЭХ-ны орон зайг энэ хугацаанд бага ч гэсэн нөхөж байсан болов уу. Цаашид МЭХ идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд эмэгтэйчүүдийн дунд нэгэнт үүссэн улс төржилтөөс хол байж чадах болов уу?

– МЭХ бол монгол эмэгтэй хүн бүрийн өмнө нээлттэй байгууллага байх ёстой. Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэн рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг олон холбоо, ТББ, клубүүд бий. Үүнийг би зөв гэж боддог. Цаашид ч олон болох хэрэгтэй. Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад улстөржилт байх ёсгүй. Харин эмэгтэйчүүдийн нэрийг барьж, ашиг хонжоо харж, улс төрийн зорилгоор ашиглах үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Эмэгтэй хүний асуудал бол нэг хүний асуудал биш. Нэг улсын ч асуудал биш. Нийт хүн төрөлхтний асуудал юм.

-Одоо МЭХ хэдэн гишүүнтэй вэ. Уг нь монгол эмэгтэй хүн бүхэн л энэ холбооны гишүүн баймаар юм. Гэтэл хүмүүс МЭХ одоо хүртэл “амьд” байсныг сая л мэдлээ шүү дээ?

– 1990 он хүртэл Монголын эмэгтэйчүүдийн хороо нэртэй байхдаа аймаг орон нутаг бүрт салбар зөвлөлтэй, бүх эмэгтэйчүүдэд хамаатай, төрийн бодлоготой, төсвөөс санхүүждэг байгууллага байсан. Тэгээд 2000 оноос дүрмэндээ өөрчлөлт оруулж эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчлэх ТББ болсон юм билээ. Танилцуулгаас нь харахад одоо бол 70 гаруй эмэгтэйчүүдийн байгууллага МЭХ-нд гишүүнчлэлтэй байсан.

– ТББ-ууд л гишүүнээр элсдэг гэсэн үг үү.

– Тийм.

– Аль нэг ТББ-ын гишүүн биш эмэгтэйд МЭХ хамаагүй гэсэн үг юм уу?

-Одоогийн дүрмээр бол бараг л тийм. Гэхдээ үүнийг энэ чуулганаар хэлэлцүүлж монгол эмэгтэй хүн бүр гишүүн нь байдаг байгууллага болгох хэрэгтэй байна. Тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана аа.

-Дээхнэ үед салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн багаар МЭХ-ны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байлаа. Одоо ч бас энэ хэвээрээ байгаа байх. Гэвч МЭХ-ны үйл ажиллагаа, сурталчилгаа хангалтгүйгээс ч юмуу хүмүүст мартагджээ гэж ойлгож байна…

-Тийм байх. МЭХ-ны Удирдах зөвлөлд өнөөдрийг хүртэл үе үеийн шилдэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Тэдний туршлага, мэдлэг, чадварыг ашиглахгүйгээр МЭХ ээлжит чуулганаараа бүхнийг шинэчлээд л шинээр эхэлнэ гэж байхгүй л дээ. Харин таны хэлсэнчлэн үйл ажиллагаа, сурталчилгаа хангалтгүй байсан бол үүндээ дүгнэлт хийж Монгол орны өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд, тэртусмаа малчин эмэгтэй бүрийн гэрт хүрсэн үйл ажиллагаа явуулахын төлөө л ажиллахыг хүсч байна.

– Зургаахан жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх МЭХ-г энэ унтаа байдлаас нь хуу татан босгож ирээд монгол эмэгтэй хүн бүрт хүрч чадах холбоо болгох таны зорилго биелэхийг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Ярилцсан Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлнэ

Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо танилцууллаа. Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам. доллараар 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ШУТИС–ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ лаборатори байгуулагдаж, МХТ-ийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх болно.

ШУТИС дээр хэрэгжих энэ төсөл нь саяхан Монгол улсын засгийн газраас баталсан “Судалгааны Их Сургуулийг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Дээд Боловсролын Бодлогын Газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад харилцааны сайд Франц улсад айлчилж байна

Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан-тай уулзав. Сайд нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар санал солилцож, хоёр талын харилцааг цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, чингэхдээ түншлэлийн тухай замын зураглал гаргахаар тохиров.

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан тэмдэглэж, хөдөө аж ахуй, сансар судлалын салбарт цаашид онцгой анхаарч, эрчимтэй ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр Франц Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлж, гуравдагч зах зээлд экспортлох асуудлыг сайд Д.Цогтбаатар тавьж, талууд хамтран ажиллахаар тогтов. Мөн соёлын салбар, түүний дотор түүх, архелогийн салбарт шинэ төслүүд эхлүүлэх, Франц Улсын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг манай тал тавьж, санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Франц улсад айлчилж байна

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюйтай уулзаж, тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах салбарууд, ЮНЕСКО-д ажиллаж буй Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын санаачлан хэрэгжүүлж буй бодлого болон бүтцийн шинэчлэлийг Монгол Улс дэмжиж буйг мэдэгдэв. Дэлхийн нийтийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурал Монгол Улсад 2019 онд зохион байгуулахыг мэдэгдэж, ЮНЕСКО-гоос дэмжиж ажиллахыг хүссэнээс гадна Монгол Улсын боловсролын салбарын бодлогод дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ЮНЕСКО дэмжиж, техникийн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлсэн болно. ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа болон цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголд хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсад Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, экспортыг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн Тэргүүн дэд дарга Жером Шартьетэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцлаа. Жером Шартье нь Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажилладагаас гадна Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монгол андууд” хэмээх сан байгуулсан.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараахь жагсаалтаас харна уу.

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;
  • Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ нийгэм

Нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт өнгөрөгч есдүгээр сарын 29-нөөс эхлэн нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Албаны эрэлч нохойтой алба хаагч “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад томоохон зах, худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нохойт эргүүлийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт ажиллуулахаар төлөвлөжээ.