Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлнэ

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин үеийн үлгэр жишээ үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлж, Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ жил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4,67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулах юм. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд хийгээд байгаа бөгөөд цаашид ч дэд бүтцийн ажлууд шуурхай явагдаж, тэр хэрээр Нийслэл хотын барилгын салбарын хөгжил хурдсах, Налайх дүүрэгт бүтээн байгуулалт хийгдэж шинээр ажлын байр үүсэх гол хөшүүрэг болох юм.

Categories
гадаад мэдээ

Фэйсбүүк компани видео дуудлага хийдэг төхөөрөмж бүтээжээ

Фэйсбүүк корпораци “Portal”, “Portal+” гэсэн хоёр ухаалаг-яригч гаргаснаа даваа гарагт танилцуулжээ. Тус компаниас мэдээлснээр, эдгээр төхөөрөмж нь “Messenger” программын тусламжтайгаар видео холбоо тогтоох зориулалттай бөгөөд хувийн мэдээллүүдийг хадгалах хэд хэдэн үйлдэлтэй аж.

“Portal” ухаалаг-яригчийн дэлгэцийн диагналь нь 10 дюйм буюу 25,4 см бол “Portal+”-ийнх -15,6 дюйм буюу 39,6 см байна. Уг төхөөрөмжүүдэд суурилуулсан программ хангамжийн тусламжтайгаар видео дуудлагаар ярилцаж байх үед өрөөнд хэдэн хүн байгааг тодорхойлох боломжтой аж. “Portal”, “Portal+”-ийн чанга яригчууд нь мөн ярьж буй хүнийхээ дуу хоолойн сонсогдох байдлыг нэмэгдүүлдэг байна. Мөн долоон төхөөрөмжөөр нэгэн зэрэг дуудлага хийж хоорондоо ярилцах боломжтой.

Ухаалаг-яригчуудыг дуу хоолойгоор удирдаж болохоос гадна цаг агаарын мэдээ үзэж, бараа бүтээгдэхүүн захиалан, гэрийн автомат системүүдийг удирдаж болно.

Одоогийн байдлаар АНУ-д интернэт дэлгүүрүүдэд төхөөрөмжүүдийг урьдчилан захиалж эхэлсэн бөгөөд худалдан авагчдад ирэх сараас хүргэх аж. “Portal” яригчийн үнэ 199 ам.доллар бол “Portal+” нь 349 ам.долларын үнэтэй байна. Нэг төхөөрөмжийг худалдан авахад хоёр дахийнх нь үнийг 100 ам.доллараар бууруулах хөнгөлөлт үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна. Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу. Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй болохыг анхааралдаа авна уу. Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу.

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд АН-ын бүлгийн 2019 оны төсвийн төслөөс авсан завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр тухайн хуулийн төслүүдийг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлэг нь хойшилсон төслүүдээс олны анхаарлыг татаж буй төсөл нь хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд нь олгохыг зохицуулсан төсөл юм. Засгийн газар 2019 оны төсвийн төслийг өргөн барихдаа нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөний олголтыг ирэх онд 20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Гэвч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй 11 гишүүн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан. Уг тогтоолын төслийн агуулга нь ирэх онд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байцаагч алтны агууламжтай чулууг устгадаггүй байжээ

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч алтны агууламж бүхий чулууг устгалгүй өөртөө авч байсан хэргийг АТГ шалгаж байна.

Уг албан тушаалтан аймгийн нутаг дэвсгэр дэх “Зүүн шувуут” хэмээх газарт гар аргаар алт олборлогчдоос алтны агууламж бүхий чулууг хураан авч шийдвэрлүүлэхээр цагдаа нар хүлээлгэн өгснийг журмын дагуу устгаагүй байсан аж.

МЕГ-ын байцаагчийг хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас прокурорт хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд явагдана

Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг сар бүр зохион байгуулдаг. Есдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 21-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдахаар болжээ. Есдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцох эрхтэй болох юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19447, 200 мянган төгрөгийн азтан 1970, нэг сая төгрөгийн азтан 196, таван сая төгрөгийн азтан 20, арван сая төгрөгийн нэг азтан нийт 21634 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй.

Энэ удаагийн сугалаагаар супер шагнал 150 сая төгрөг болон нэмэгдсэн.

Categories
мэдээ нийгэм

Нийт 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 17 жилийн хугацаанд нийт гурван цэцэрлэг байгуулжээ.

Мөн 750 гаруй хүүхдийг их, дээд сургуульд сурах сургалтын тэтгэлэгт, 4050 хүүхдэд гадаад, дотоодын эмчилгээнд нь санхүүгийн дэмжлэг олгож,360 орчим өрхийг орон гэрээр хангасан аж.

Эрдэнэт дэх салбар 2001 оны гуравдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт анх байгуулагдсан бөгөөд төслийн нэгжийнхэн 17 жилийн түүхэн үйл явдлаа дурсаж хаалтын арга хэмжээгээ зохион байгуулсан юм.

Эрдэнэтчүүдийн хөгжил дэвшил, хүүхэд багачуудын сурах үйлсэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн төслийн нэгжийн хамт олонд орон нутгийнхан талархал илэрхийлж, амжилт хүсэв.

“Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, орон нутгийн тогтвортой байдал гэсэн таван чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж нийт 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Categories
мэдээ улс-төр

Герман улс манай улсад 55 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Монгол Улсыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хэлэхдээ, “Монгол ХБНГУ-тай 25 жил хамтран ажиллаж байна. Бид хоёр жил тутамд хэлэлцээрээ шинэчилдэг. Энэ жилийн хувьд ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламжийг авахаар болж байна. Хэлэлцээрийн үр дүнд биологийн олон янзын хадгалах, эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг салбарт дээрх буцалтгүй тусламжийг зарцуулахаар төлөвлөөд байна” гэв.

ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс ярихдаа,“Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай ач холбогдол бүхий төслүүдэд санхүүжилт олгохоор шийвэрлэсэн. Юуны түрүүнд боловсролын салбарт мэргэжлийн боловсрол хөгжлийн сургалтын төсөлд, хоёрдугаарт, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн Мөн Боловсролын салбарт 8 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт өгөхөөр тохиролцлоо. Улмаар биологийн олон янз байдлын салбарт хөрөнгө оруулснаар Монгол Улсын тусгай хамгаалалтай газуудыг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна. Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатарын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн байгууламжийг дулаалахад хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад анхаарна. Сургууль, цэцэрлэгийн дотоод агаар сайжирсанаар хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сурах боломж бүрдэнэ” хэмээв.

ХБНГУ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 1990-ээд оноос буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд нийт 400 сая еврогийн хөрөнгө оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгоныг өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, ирэх оны төслийг батлах тухай хэлэлцэж НИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлтэй холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Үндсэн чиглэлд тусгасан зарим ажлыг хэн хариуцаж хийж, ямар үр дүн гарч байгаа, цааш яаж хийж бүтээн байгуулалт хэрхэн өрнөх талын мэдээллийг солилцдоггүй, гүйцэтгэл дээр ажлын уялдаа холбоо байхгүй байна. Үндсэн чиглэлд тусгасан ажлууд дээр, ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд дээр тооцоо, судалгаа, мэргэжлийн багийн оролцоо дутагдаж байна” хэмээн шүүмжлэлттэй хандаж байв. Өнөөдрийн хуралдаанаар мөн “Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах”, “Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгоны хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос оруулж ирсэн хүүхэд багачуулын “Уншлагыг дэмжих-2021” төслийг дэмжих, НИТХ-ын ээлжит 19-р хуралдааныг зарлах, шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ. “Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгонуудын хувьд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулж, Нийслэлийн Орон сууцны корпорациас оруулж ирсэн энэ талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчид баталсан тогтоол гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэх уралдаан

Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчны хүүхэд хамгаалал, зохистой хэрэглээг дэмжих зорилгоор эцэг, эх, багш нарт зориулсан хүүхдийн ухаалаг гар утасны хэрэглээнд хяналт хийх боломж бүхий “Интернетийн шүүлтүүрийн аппликейшн” хөгжүүлэх уралдаан, Үндэсний OTT үйлчилгээг бий болгох зорилгоор Интернетэд суурилсан харилцааны аппликейшн буюу “OTT communications” төрлийн аппликейшн хөгжүүлэх уралдаануудыг 2018 оны 10-р сарын 01-нээс 2018 оны 12-р сарын 07-ийг хооронд хүлээн авахааар зарлаад байна. Уралдааны шагнал, урамшуулал: Нийт 3–н байр уралдаан тус бүрээр шалгаруулна.

“OTT Communications” аппликейшн:

Тэргүүн байр: Өргөмжлөл 9,000,000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл 3,000,000 төгрөг

Гуравдугаар байр: Өргөмжлөл 2,000,000 төгрөг

Интернэт шүүлтүүрийн аппликейшн:

Тэргүүн байр: Өргөмжлөл 9,000,000 төгрөг

Дэд байр: Өргөмжлөл 3,000,000 төгрөг

Гуравдугаар байр: Өргөмжлөл 2,000,000 төгрөг

Уралдаанд тэргүүн байранд шалгарсан оролцогчтой тус хороо хамтран үндэсний хэмжээнд төслийг хэрэгжүүлэх бөгөөд аппликейшны зохиогчын эрхийг тус хороо эзэмшинэ.

Тавигдах шаардлага

Аппликейшний эхний хувилбар болон цаашид хөгжүүлэх төслийг бэлтгэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.crc.gov.mn/k/2Uw