Categories
мэдээ нийгэм

Д.Коркины нэрэмжит тэмцээнээс бөхчүүд таван мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Сахагийн «Триумф» ордонд есдүгээр сарын 6-8-нд хуучин ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж манай 8 бөх медаль хүртжээ.

Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан 11 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тэдний дунд олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодогложээ.

Манай эрчүүд Якутад ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 65 кг-д “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо мөнгө, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн эзэн болов.

Нэрт дасгалжуулагчийн дурсгалд зориулсан тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж аваргыг 7000, мөнгөн медалийг 5000, хүрэл медальтанд 3000 ам.долларын шагнал өгсөн байна.

Нийт 180 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд манайхаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин /гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад нь/ хүч үзсэн юм.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг тогтоон цагаатгасан байдаг. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдаж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Арван хүүхдийн найм нь цахимаас зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг

УИХ-ын цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 9-р сарын 7-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Тус нээлттэй хэлэлцүүлэгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин хамтран ажиллаж Дэд дарга Б.Халиун “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” хэсгийн чиглүүлэгчээр ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар “Хүүхдийн эрх, аюулгүй байдал, цахим орчин” сэдвээр илтгэл танилцууллаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудаас “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг авсан байна.

Судалгааны зарим чухал тоо баримтуудаас дурьдая.

1. Хүүхдүүдийн 85% интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурдаг.

2. Гар утасны дугаарын 35% нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байна.

3. Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 92% нь интернэт хэрэглэж байна.

4. Ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернет хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай гэж хариулжээ.

5. Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн авдаг.

6. 10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг.

7. Сурагчдын 32.5 хувь нь 1-2 цаг, 33 хувь нь 2-оос дээш цаг зарцуулдаг гэж хариулжээ.

8. Интернэт хэрэглэгдэггүй гэсэн хариултын дийлэнх буюу 76% нь орон нутгийн сурагчид бөгөөд үүнд 11-12 насныхан зонхилж байв.

9. Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байна.

Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг илтгэлийн үеэр онцлон хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 10-нд болох үйл явдал

08.30 цагт “Холидей Инн” зочид буудалд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган эхэлнэ. Утас:91915340, 88844482

09.00 цагт ГХЯ-нд “Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хуралдай” болно.

10.00 цагт Монголын Үндэсний музейд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт “IBIS STYLES” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” семинар болно. Утас:88210052

11.00 цагт Радио, телевиз, медиа урлагийн их сургуульд сэтгүүлч Б.Саруулын “Өөрөөс эхлэх амьдрал”хэмээх энэхүү номын нээлт болно.Утас:99094038

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Цагаатгалын тухай хуулийн 20 жилийн ойн талаар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хойтын буянд зориулан ном хурна. Утас:88048481, 88081261

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99027019, 88007709

12.00 цагт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Дуучин Ш.Хүрэлбаатарын “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт болно.

14.00 цагт “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хэлэлцүүлэг ГХЯ-нд болно. Утас:90110009

Categories
мэдээ цаг-үе

Шог зураач Цэвэгийн Байдыгийнх

Ц.Байды зураачийн өрөөний ханаар битүү уран зураг өлгөөтэй байх ажээ. Сүрлэг өндөр цаст уул, цэлмэг хөх тэнгэр, бүдүүн нарс модод, голын эрэг дээрх намар цаг гээд л өнгө будаг нь хосолсон тансагхан зургууд дүүрэн. Зураач маань өөр сүрлэг уулс зураад тун завгүй сууж байв. Ажиглан харахад Алтайн өвөр говийн хотгор хэсэгт орших Ээж хайрхан уулыг зурайтал зурчихсан байх юм. Бага зэрэг улаан шаргал зэс өнгө уусгажээ. Хайрхан уулын наахна талд хэдэн тоорой мод “ургаж” байна. Моддын наахна хот айл нэмээд зурчихвал энэ бүтээл нэгмөсөн гараас нь гарч, эзэнд нь хүлээлгэн өгөх гэнэ. Урт модон ширээн дээр цаас дэлгээд, хажууд нь усан будаг, бийрээ зэхээд орхижээ.

Хана түшүүлээд баахан зураг эгнүүлж, мөн шинэхэн нарсны үнэр ханхийх модон жааз энд тэндгүй харагдах юм. Өглөө Тасганы овоо руу алхаж ирчихээд хоёр ч шог зурагны санаагаа цаасан дээр буулгажээ.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Байды гуайн гэрт өнжихөөр очсон минь энэ. Гэрийн эзэн “За, та хэд манай гэрийг ганцхан асуугаад олоод ирэх юм аа. Ах нь яахав болсон болоогүй зураад л сууж байна. Өнөөдөр ёстой л зураад баймаар сайхан өдөр байна. Энэ жил ч бороо ихтэй, цэцэг навч алаглан ургасан тун чиг сайхан зун боллоо. Одоо бороо намжаад нар шараад өгөх хэрэгтэй юмсан” гэсээр угтав. Гэрийн эзнээс “За Байды ах, бид хоёр өдөржин танайд байна шүү дээ. Та зураг зурах гээд байхад гээд түвэгшээхгүй юм байгаа биз дээ” гээд асуучихлаа. Тэгсэн өөдөөс хараад инээснээ “Би говийн хүн. Манай говийнхон зочломтгой, бас уур уцааргүй тэнүүн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Та хоёр хоноод явсан ч болно. Яахав өдөржин, шөнөжин хууч хөөрөөд л хоноё” гэх. Ц.Байды зураач энэ жил Хэнтий аймгийн нутгийг хөндлөн гулд туулаад иржээ. Биндэр, Дадал, Батширээт, Цэнхэрмандал, Алтайн цаад говь, Дорнын их тал, Өмнөговь аймгийн Их говийн дархан цаазат нутаг Хэрмэн цав орчихоод ирсэн байна. Хөдөөгүүр зунжин “тэнэсэн” өвгөн зураач уран бүтээлийн өндөр их олз омогтой ирсэн гэнэ. Одоо судалбар зургаа томруулаад зурчихвал уран бүтээлийн цогц үзэсгэлэн гаргах хэмжээний “богц” бий аж. Энэ сардаа багтаад дөрвөн зураачийн Хэнтий аймгийн уул ус, ургамал, хүн, амьтны аж байдлыг дэлгэсэн үзэсгэлэн гарах гэнэ.

ДУНДГОВИЙН НОМОН БАЯНЫ ҮР УДАМ
Ц.БАЙДЫ

Ц.Байды зураач Дундговь аймгийн Хулд суманд төрсөн гэнэ. Өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг мэдэхгүй гэдгээ хэлж байна лээ. “Манайхан хэнэггүй улсууд байсан юм билээ. Тэгээд намайг хэдэн оны, хэдэн сард төрсөн бэ гэдгийг хэлж өгөөгүй юм” гэв. Тэрбээр “Миний аавын өвөг эцэг Номон гэж их малтай баян хүн байсан юм гэнэ лээ. Тэр л хүний үр удам юм. Номон гэдэг хүний мал, хөрөнгийг төр засаг гурван удаа хурааж авсан. Их заргач, өөрийн гэсэн ламтай, ойр хавийн хийдүүдээс лам залж авчирдаг. Лам нар хэдэн өдөр ном хурж байгаад явдаг байсан гэж манай нутгийнхан ярьдаг байсан. Номон гэх хүн нэг ч хүү байхгүй дандаа охинтой байсан. Ингээд өөрийн багш Равжир гавьжаас энэ их эд хөрөнгийг өвлүүлж үлдээх хүү алга байна. Эд хөрөнгөө охиддоо өгөлтэй нь биш гэж асуусан байгаа юм. Харин нутаг хошуундаа гайхагдсан эрдэм чадалтай Равжир гавьж миний өндөр өвөг Номонд 60 настайдаа танайх хүүтэй болно гэж хэлсэн байдаг. Равжир гавьжийн хэлсэн ёсоор болж, нэг охиноос нь 60 насны босгон дээр хүү төрсөн юм билээ. Лувсандорж гэх хүн гэнэ. Нутаг орондоо бурхан мэт шүтэгдэж явсан миний өвгөн ах Лувсандорж Төвдөд долоон жил бурхан номын мөр хөөж, эх орондоо ирсэн гэдэг. Түүний дараа Номон баяны нэг охиноос хүү мэндэлсэн нь миний аав Цэвэг” хэмээн удам судраа танилцууллаа. Аав Цэвэг нь 30 гаруй жил төрд зүтгэсэн бөгөөд Тээхийн хоршооны дарга, шүүхийн даргаар хүртэл ажиллаж байжээ.

ТҮҮНИЙ АНХНЫ
БҮТЭЭЛ НЬ ЭНГЭРТЭЭ ТОМ БӨӨС ЗҮҮСЭН ХҮҮ БАЙЖЭЭ

Ц.Байды гуай Хулд сумын бага сургуульд элсэн суралцсан байна. Хүүхэд байхаасаа л үлгэр, шүлэг, найраглалыг түвэггүй цээжилчихдэг байсан гэнэ. Түүний бага нас Дэлгэрхангай суманд өнгөрчээ. Мөн шог зураач болох эхлэл ч тэнд тавигдсан түүхтэй ажээ. Бага сургуулийн сурагч байхдаа Ц.Байды сурлага сайтай хүүхэд байсан гэнэ. Сургуулийнхаа багш нартай нийлж ханын сонин хийдэг байж. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй, сонин хэвлэл суманд цөөхөн ирдэг байсан учир Ц.Байдыгийн санаачилж хийсэн ханын сониныг багш, сурагчид төдийгүй эцэг, эхчүүд ч ихэд сонирхох болжээ. Тэрбээр хоёр дахь ханын сонин дээрээ сургуулийнхаа гурван сурагчийг “матарлаж” зурсан гэнэ.

Ариун цэврийн үзлэгээр бөөс, хуурстаа баригдсан, сургуулийн дотуур байрны гал тогооны гэрээс боорцог хулгайлсан гурван хүүхдийг зурах үүргийг сургуулийн багш таахай Дашзэвэг гэх багш нь үүрэгджээ. Ц.Байды ханын сонины цаасан дээр нөгөө гурван хүүг шоглоод зурчихсан байна. Боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүгээд, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явж байгаагаар зурчихжээ. Ханын самбар дээр тэр шог зураг гарснаас хойш сургууль, сум даяар нэг шуугиан болж. Одоогоор бол жаахан хүү сумандаа сенсааци тарьсан хэрэг. Тэгсэн зургийн эзэн гурван хүү Ц.Байдыг гэртээ харихаар явж байхад нь амдаж байгаад салам зодсон гэнэ. Тэр анхны шог зургийнхаа “шагнал”-ыг зодуулж авч байснаа дурсан ихэд бахдангуй инээж суусан юм. Гэсэн ч жаахан Байды зодууллаа гээд шантарсангүй, харин ч бусдыг шоглох, “матарлаж” зурах хүсэл тэмүүлэл нь улам хатгах болсон гэнэ.

Түүний ах Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очиж ажилласан гэнэ. Улмаар ахыгаа дагаж, Увс аймгийн Баруунтуруун суманд очиж, тэнд дунд сургуулиа төгсчээ. Баруунтуруун суманд байхдаа шүлэг, яруу найраг оролдож, бас хошин шогийн зургаа ч зурсаар байжээ. Тэр цаасны булан л олдвол өөрийнхөө санаанд буусан болгоныг зурдаг, түүнийгээ ангийнхан, сургуулийнхаа багш нарт үзүүлж, магтуулдаг байсан гэнэ. Ц.Байды Увс аймгаас цэргийн албанд мордож, их бууны тусгай дивизионы цэргийн клубийн зураач болсон байна. Мөн дивизионыхоо ХЗЭ-ийн Үүрийн дарга гэж байгаа. Цэрэгт байхдаа зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийдэж, янз бүрийн шүлэг, найраглал бичих болсон байна. Зураач маань “Хуурддаг, барилддаг хоёр” гэж найраглал бичиж, түүнийгээ “Улаан од” сонинд нийтлүүлж явсан “зохиолч” аж. Хүссэн бүхний шүлэг, найргийг хэвлээд байдаггүй тус сонинд бүтээл нь нийтлэгдсэнд урамшаад шог зургуудаасаа явуулжээ. Гэтэл “Улаан од” сониныхон түүний шог зургуудыг ч нийтлээд эхэлж. Цэргүүдийн идэж байгаа талхаараа шидэлцэж тоглож байгаагаас эхлээд дарга нарынхаа талаар ч шог зураг зурсан байна. Эндээс эхлэн Ц.Байдыгийн нүдэнд янз бүрийн байдлаар өртөж, шог зурагт нь орохгүй гэж цэргийн ангийнхан нь “зугтаах” болжээ. Цэргийн албанаас халагдсан жилээ ОХУ руу Зургийн сургуульд явах өргөдлөө өгсөн байна. Гэвч зургийн чиглэлээр дунд сургуульд сураагүй гээд хасчихсан гэнэ. Улмаар Дундговь аймгийнхаа урчуудын салбарт гурван жил ажиллаж, Урчуудын эвлэлийн хоёр том үзэсгэлэнд оролцож, нас биед хүрсэн зураачидтай өрсөлдөн шагнал авсны хүчинд ардын зураач Н.Цүлтэм Москва хотын Строгоновын нэрэмжит уран сайхны академид түүнийг явуулсан байна.

Ц.Байдыгийн гэр бүл

ХУРАНДААГИЙН ОХИНТОЙ АЙЛ
ГЭР БОЛСОН НЬ

Ц.Байды гуайн бага хүү Б.Одонзай их үдийн алдад хүрч ирэв. Тэрбээр аавтайгаа хамт амьдардаг гэнэ. Амралтын өдрүүдэд энэ айл амь орох шиг болж, ач, зээ нар нь цуглараад гурван өрөө байрыг нь буулгачих шахдаг гэнэ. Бусад үед бага хүү Б.Одонзай, Ц.Байды хоёр нам гүмхэн аж төрдөг гэх. Түүнээс эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан тухай нь асуулаа. Тэрбээр “Би их сайхан ханьтай учирсан азтай хүн шүү. Надад дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн хүн. Аймгийнхаа Урчуудын эвлэлд ажиллаж байхад Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Гомбожав гэх дэд хурандаа автын байцаагчаар томилогдон ирсэн. Хурандаагийн охин Г.Наранцэцэгт татагдаж хайр сэтгэлээр жигүүрлэн ганц олдох амьдралын түшиг тулгуураа болгосон доо” хэмээн ярив. Түүний гэргий Г.Наранцэцэг нь Дорноговь аймгийн Анагаахын дунд сургууль төгссөн, эх барих бага эмч мэргэжилтэй нэгэн гэнэ.

Мэргэжлээрээ ажиллаж байгаад Монгол кино үйлдвэрт баримтат кинонд багагүй хугацаанд ажилласан аж. Тэрбээр олон зуун баримтат кино бүтээхэд гар бие оролцож байсан нэгэн ажээ. Ц.Байды гуайн том хүүхдийг Б.Одмандал гэдэг. Харин хоёр дахь хүүхэд нь өнөө цагийн уран зураачдын өнгө төрхийг тодорхойлж яваа Б.Одмэргэн билээ. Хүү Б.Одмэргэн нь саяхан уран бүтээлийн томоохон үзэсгэлэнгээ гаргасан. Харин гурав дахь хүүхдийг нь Б.Одцолмон, бага нь Б.Одонзай юм. Ууган хүүхдэдээ Б.Одмандал гэж нэр өгснөөс үүдэн бүх хүүхдэдээ “Од” гэх үгээр эхэлсэн нэр өгсөн хэмээн Байды гуай хуучлав.

Ю.ЦЭДЭНБАЛЫГ “ДОРОМЖИЛСОН” ХЭРЭГ ТУНАЖ,
ШОРОНДОРОХ ДӨХСӨН НЬ

Зураач Ц.Байды “Тоншуул” сэтгүүлд ажиллаж эхэлснээсээ хойш дуулиан шуугиан тарьдаг болсон байна. Түүний шог зураг муухан нийтлэлээс илүү хүмүүст хүрдэг тухай уншигчид андахгүй мэднэ. Тэр хошин шогийн мэдрэмж, авьяасаасаа болж эсэргүү хэрэгт шалгагдаж явсан түүхтэй. Бүр улс төрийн хэрэгтэн болж, шоронд орох дээрээ тулж байсан хүнд цаг үе түүнд бий. Ц.Байды Ю.Цэдэнбал даргыг шоглож зурсан хэргээр олон ч удаа НАХЯ-нд байцаагдаж, улс төрийн товчооныхон түүний зурсан зурагтай нь холбоотойгоор хуралддаг байсан гэдэг. “Тоншуул” сэтгүүл дээр гарахаасаа дарга нар үнхэлцэгээ хагартал айж, сандардаг. “Тоншуул” сэтгүүлийнхэн ирлээ” гэхэд хөдөө орон нутгийн ямар ч том дарга хөл алдан гүйдэг байсан түүхтэй” хэмээн ярив. Тэр нэгэн удаа нүдний шил зүүсэн хав нохойг орос эмэгтэй хөтлөөд явж байгаа шог зураг зурсан гэнэ. Мэдээж уран бүтээлч хав нохой хөтөлж яваа орос авгайг хамраа зангидсан их зантай хүнээр дүрслээд зурчихсан байна. Удалгүй түүнийг “Ю. Цэдэнбал даргыг эхнэртээ хөтлүүлж яваагаар шоглож зурсан байна” гэх хэрэг мандаж бөөн асуудал үүсчээ. Ц.Байдыг НАХЯ-ныхан барьж, байцаасан байна. Улс төрийн хэрэгт орж, шоронд орох дээрээ тулсан үедээ тэрбээр “Энэ зураг уран бүтээл. Ямар хүн энэ нохойг Ю.Цэдэнбал даргатай адилхан гэж хэлээд байгаа юм бэ. Тэр хүнээ хэлчих. Тэгж яриад байгаа хүнээ шалга” гээд л дайрчихсан гэнэ. Ингэж нэг өөрийгөө арайхийн хилс хэргээс аварч үлдсэн гэдэг. Ингээд зогсоогүй Увс аймгийнхны талаар, Хөвсгөл аймгийн цаатнуудын талаар зурсан шог зурагнаасаа болж цалингийн хувиар торгуулж, ажлаас халагдах дээрээ тулж байсан үе түүнд бий. Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад гаргаж, шог зургийн уралдаанд түрүүлээд ирснийх нь төлөө түүнийг “Бүтэн сар ажлаа хийлгүй алга болсон” хэмээн шийтгэл амсуулж байсан гэдэг. Мөн цагаан хоолны өдөрт зориулж зурсан шог зурагнаасаа болоод мөн л Ю.Цэдэнбалыг шоглосон хэрэгт дахин унаж, байцаагдаж явснаа дурссан юм. Тэрбээр “Нийгэм өөрчлөгдөөгүй байсан бол би шоронд орох байсан. Гэхдээ “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байснаараа бахархаж, сайн сайхнаар боддог. Монголын алдар цуутай зураачид, зохиолчидтой ойр ажиллаж, маш дотно танилцсан. Ц.Дамдинсүэн, Б.Ринчен гуайтай долоо хоног бүр уулзаж, үг яриаг нь сонсоход ямар ч академид сурснаас илүү байсан. Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид, Х.Пэрлээ, Ц.Доржготов, Ж.Шагдар, Ж.Барамсай, А.Гүрсэд нарын мундаг хүмүүстэй ойр байсан нь их аз завшаан шүү. Манай сэтгүүлийн Н.Иштавхай, Ж.Барамсай, Ц.Доржготов нараас дарга нар их айдаг байсан даа” хэмээн ярив.

Ц.Байды гуай оюун санаанд нь ургасан бүтээлээсээ болж сав л хийвэл ажлаасаа халагдчих гээд байдаг хүнд хэцүү цаг үеийг туулж явснаа учирлав. Ганцхан жишээ хэлье гэснээ “Хойно хамт сурч байсан орос найзыгаа нисэх онгоцны буудал дээр үдэж байтал өнөөх маань цүнхнээсээ архи гаргаж ирээд “Сайхан нөхөрлөлийнхөө төлөө” гээд задалдаг юм байна. Түүнээс нь хүртчихээд, найзыгаа үдчихээд ажлаасаа хоёр цаг гаруй хоцроод очлоо. Гэтэл ажлаас халах дээрээ тулж, хуралдлаа. Яг хурлын үеэр Ц.Намсрай эрхлэгч ирж учир байдлыг асуугаад “Та нар битгий ингэж сүржигнэж бай. Та нарт ЗХУ-д найзтай хүн байна уу. Энэ хүн найзыгаа л гаргаж өгчихөөд ирсэн байна. Энэ буруу зүйл биш” гээд авч үлдэж байсан даа” хэмээн дурсав.

ДЭЛХИЙД ШОГ
ЗУРГААРАА АЛДАРТАЙ Ц.БАЙДЫ

Шог зургийн эх мастер Ц.Байды Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдар нь түгсэн шилдэг уран бүтээлч. Дэлхийн олон орны зураач “Монголын Ц.Байды шог зургийн мастер” хэмээн үнэлсэн байдаг. Тэрбээр “Ардын засгийн төлөөлөгч”, Хаалга шинэтгэсний баяр зэрэг бүтээлүүдээрээ 1981 онд Москва хотод болсон олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль, 1985 оны “Хүн байгаль” олон улсын уралдааны тэргүүн байр гээд олон улсад болж буй уралдаанаас шагнал бүрийг “түүчихсэн” байдаг. БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи гээд олон оронд үзэсгэлэнд оролцсон нь түүний хувьд хоббигоороо тив дамнан аялж буй нэгэн бахархал нь.

МУГЗ цол хүртэж байгаа нь. 2005 он

Түүнийг 2005 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан билээ. Ц.Байды гуай өдгөө 80 нас руу дөхөж явна. Нас бол тоо гэдгийг тэрбээр тод томруунаар харуулж байгаа нэгэн. Тэрбээр 03:00 цагт босч, өдөр дунд хүртэл зурдаг байна. Гэрийнхээ энэ өрөөнд уран бүтээлийн авьяас билгийн сор болсон бүтээлүүдээ бүтээсээр сууна. Ц.Байды гуай “Муу зураач олон зурагтай байдаг юм гэсэн. Ах нь уран зураг олныг зурж байгаа. Тэгэхээр би муу зураач гэсэн үг. Сүүлийн үед залуу зураач нар сайхан зурж байна. Гэхдээ яг л нэг өнгө гаргаад зураг зураад байх юм. Бүх зурагны тэнгэрийн өнгө нь яг адилхан байдаг болчихсон байна. Ижил юм олшрох ч тухайн хийгээд ирээдүй цагтаа ихээхэн хор хөнөөлтэй байж мэдэх юм шүү” хэмээсээр биднийг үдэн гаргалаа.

Намрын зөөлөн бороо шивэрсэн энэ өдрүүдэд Ц.Байды гуай өнгө будгийн төдийгүй оюун сэтгэхүйн их гайхамшгийг мэдрүүлсэн олон зураг бүтээх биз ээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хойд хөршөө нүүрсний зах зээлийн өрсөлдөгч гэж хармаар байна

– ОРОС УРД ХӨРШИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫГ ОНИЛЧИХООД БАЙХАД БИД НҮҮРСЭЭ ТЭЭХ ТӨМӨР ЗАМ Ч ҮГҮЙ СУУЖ БАЙНА –

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Энэ онд манай улсын нүүрсний экспорт 200 сая тонн давна. Мөн нүүрс олборлолт 420 сая тоннд хүрч, 1988 он буюу хуучин ЗХУ-ын үеэс хойш анх удаа түүхэн дээд рекорд амжилт тогтоож байна” гэж мэдэгдэв. Кемеровт болсон форумын үеэр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Сүүлийн 20 жилд манай ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадлаа” гэсэн үг унагана лээ. Өнгөрсөн онд ОХУ нийт 190 сая тонн нүүрс экспортолж, дэлхийд экспортын хэмжээгээр дээрээсээ гуравт бичигдсэн юм. Александр Новакийн мэдэгдлийн дараахан ерөнхийлөгч В.Путин “Бид энэ боломжоо ашиглаж, дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа улам бүр баталгаажуулна. Манай дотоодын нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлж, дэлхийд, ялангуяа Азийн зах зээлд илүү хүч түрж орж, зах зээлд эзлэх хувиа бүр их нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай Оросын нүүрсний уурхайнуудад асар их боломж байгаа” гэлээ. Хятадын нүүрсний дата мэдээллийн хамгийн том бааз, олон улсад мэдээлэл түгээдэг гол эх сурвалж болох sxcoal.com-д нийтлэгдсэн мэдээлэлд энэ тухай онцолсон байсныг тодотгоё.

Хойд хөрш бол нүүрсний салбарт манай аварга том өрсөлдөгч. Бүр тодруулаад хэлбэл нүүрсний зах зээлийн дарангуйлагч гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байна. ОХУ одоо гол зах зээл болох Хятадаас гадна зүүн өмнөд Азийн орнууд руу ч экспортоо хүчтэй тэлж буй. Хятадын зах зээлд байр сууриа тэлэхийн тулд оросууд маш эрчтэй бодлого явуулж байна.

Гэтэл манай улс Азийн гол зах зээлийн хаяанд байж жилдээ 30-хан сая тонн нүүрс гаргаж чадвал дээд амжилт хэмээн бахархан ярьж, тэрнийгээ гаргах гэж улаан шороотой замаар зүдэрсэн хэвээр 2018 онтой золгочихлоо. Ядаж ганц экспортын төмөр зам тавьчихъя гэхэд “Заавал манайхаар дайруулж, 5000 км тойрч зарвал зар” гэж хойд хөршийнхөн даапаалдаг нь бодитой үнэн. Хятадын хаяанд байгаа хамгийн гоё байрлалтай Монгол гэсэн өрсөлдөгчийг хөдөлгөхгүй хашиж байж оросууд өөрсдөө зах зээлээ бүрэн ашиглахыг хүсч байгаа нь зах зээл гадарладаг хэнд ч тодорхой асуудал. Энэ нь жил ирэх тусам улам тод харагдаж, батлагдаж нотлогдох болсныг дээр онцолсон мэдэгдлүүдээс харчихаж болно.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард гэхэд Оросын урд хөрш рүү хийсэн нүүрсний экспорт 83 хувиар өссөн юм. Хойд хөршийн коксжих нүүрсний нөөц Кузнецийн сав газарт байдаг гэдэг. Путин нүүрсний олборлолтоо 2030 онд 410-460 сая тоннд хүргэнэ гэж төсөөлж байна. Үүнээс 205 сая тонныг нь экспортолно гээд төлөвлөчихсөн. Бүр тодруулж яривал Азийн орнууд руу 120 сая тонныг нь нийлүүлнэ гэж буй. Ази гэдэгт нь бидний ганц зах зээл болох БНХАУ гол байр суурь эзэлнэ. Оросууд энэ зорилгоо биелүүлэхийн тулд Ази Дорнодын боомтуудын хүчин чадлаа 155 сая тоннд хүргэнэ гэсэн том тоо тавьчихсан байгаа.

400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэгддэг Элегест, хоёр тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй Элга, Азийн зах зээлийг аль хэдийнэ онилсон Межегей, Тувагийн Улуг, Улуг хэм гэж ирээд жагсаавал хойд хөрш коксжих нүүрсний баялаг нөөц бүхий олон ордтой.

Маргааш болох “Coal Mongolia” чуулга уулзалтад манай гол зах зээл болох Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны компани, нүүрсний зах зээлийн тоглогчид ирнэ. Тэднээс гадна Оросоос ч төлөөлөл ирэх сураг дуулдсан. Коксжих нүүрсний зах зээл дээр хэрхэн яаж өрсөлдөх арга зам, гарц шийдлээ ярих цаг мөн үү гэвэл мөн. Ядаж л нүүрсээ ахиухан зөөж их мөнгө олох төмөр зам дээрээ гарц шийдэл гаргаад авах хэрэгтэй.

Австралийн өндөр чанарын угаасан коксжих нүүрсний үнэ өнгөрсөн гуравдугаар сард 220 ам.долларт хүрсэн юм. АНУ-д цаг агаарын нөхцөл таагүй байсан гэх мэт шалтгаанаар коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд дунджаар 190 ам.долларт хүртэл уруудна гэсэн “Блүүмбэрг интеллежинс”-ийн тооцоо бий. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ бууна гэж байгаа ч хамгийн багадаа 174 ам.долларт хэлбэлзэнэ гэж буй. Харин ирэх жил үнэ тонн тутамдаа дунджаар 148 ам.доллар байна гэсэн зураг гарчээ. Хамгийн ихдээ 165 ам.доллар, хамгийн багадаа 126 ам.долларт хэлбэлзэнэ гэж “Блүүмбэрг”-ийн шинжээчид онцолж байна. Харин 2020 онд 152 ам.долларт хэлбэлзэх нь. Эндээс харахад нүүрсний зах зээл дэх асуудлуудаа шийдчихвэл ирэх жилүүдэд овоо доллар олж мэдэхээр байна.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Арван хувийн Даваасүрэн гэж яг жинхэнэдээ хэн бэ?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Арван хувийн Даваасүрэн гэж яг жинхэнэдээ хэн бэ?” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Хотын дарга С.Батболд: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт хэмээв.

АТГ-аас сүр дуулиантай баривчилгаа хийж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон эрхэмүүдийн талаар мэдээлдэг. Гэвч тухайн үедээ л олны анхаарлыг татаж, дуулиан дэгдээж байгаад нам жим болдог. Харин өнөөдрийн дугаарт “Дуулиант хэргүүд ямар шатандаа явна вэ?” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Цахим сүлжээтэй холбогдуулж хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайгэж “Улс төр” нүүрт ярив.

Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан: Цахим гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Заавал визний цаг товлож, ярилцлагад орох шаардлагагүй. Энэ журам ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. “Улс төр” нүүрт АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг: АНУ руу хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор зарим ангиллын визний журмаа хөнгөвчилнө хэмээжээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мандухай: “Play time”-н үеэр гурван хүн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтайгаар баривчлагдсан гэжээ.

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй: Олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын тухай эерэг мэдээллийг өгч чадлаа гэж “Эдийн засаг” нүүрт өгүүллээ.

Майкл Вайсын хөлбөмбөгчид Азид нэг шат ахилаа хэмээн “Спорт” нүүрт бичсэн байна.

“Танайд өнжье” нүүрт “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмааг өөриймшүүлсэн гавьяат жүжигчин Б.Цэцэгийнд өнжлөө.

“Дэлхийн мэдээ” нүүрт Умард Солонгост цэргийн жагсаал болов гэлээ.

Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав хэмээн түүний 80 насны ойд зориулан “Ардын цолтон” нүүрт бичжээ.

“Дуулгах сонин” нүүрт Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Д.Дэлгэрцэцэг: Монголын эмч нар Зүүн хойд Азийг цөмийн зэвсгээс ангид бүс байлгахад дэмжлэг үзүүлнэ гэв.

“Нарны хүү Сарны охин” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гүрсоронз: Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас бууруулж, урьдчилгааг 10 хувь болгох бодит боломж бий гэж “Энэ тухай” нүүрт ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын эртний гар урлалын технологи

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлог шинж чанарыг хадгалсан соёлын дахин давтагдашгүй бахархалтай байдаг. Европын орнууд шар айраг, дарс исгэх, хадгалах нарийн технологио одоо гайхуулсаар байгаа бол азийн орнууд цай хандлах, торго нэхэх арга технологио дэлхийд гайхуулсаар байгаа билээ. Тэгвэл Хятад улс бол хүр хорхойг тэжээж, түүний шүлсээр торго нэхэж, сүлжих технологийг нэвтрүүлсэн дэлхийн анхдагч улс юм. Энэ ч утгаараа торгыг дагасан сүлжмэл, хэмэрлиг сүлжих, дарамлан будах, хатгах, ээрэх гээд Хятадын үндэстнүүдийн эртний гар урлалын технологиуд одоо ч гайхагдсаар байна. Нарийн хээ угалз, зүүг бийр мэт ашигласан нэхмэлүүд, сүлжмэлүүд Хятадын эртний үндэстний соёл, уламжлалыг илтгэнэ. Даавууг зүгээр л будаад өнгөрөх бус уяж будах технологиор дахин давтагдашгүй өнгө гаргаж, зөвхөн нэг л үндэстэн мэдэх аргачлалаар торгон даавуун дээр эртний хятадын уул, ус, ан амьтанг дүрсэлж, дэлхийд гайхагдах, соёл уламжлалаа авч үлдэж чадсан хятад үндэстэнг биширмээр. Эртний торго нэхэх, даавуу будах технологийг яг дэргэдээс нь харах боломж, Уран зургийн галерейд нээлтээ хийсэн ӨМӨЗО-ны соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд олдсон юм. Ингээд Хятадын эртний торго сүлжих, будах технологиос өөрийн сонссон мэдээллийг хуваалцая.

Хятадын Сүжөүгийн үндэсний зурагт торго сүлжих технологи

Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн нэгэн төрөл. Сүжөү болон тухайн бүс нутаг хавьцаа илүүтэйгээр дэлгэрсэн байдаг. Эрт цагт мод болон хулсаар хийсэн орхиц, товшуур зэргийг ашиглан таван өнгийнхүрийн ширхгээр өнгө будаг ялган сүжлдэг байжээ. Ингэж л зурагт торгон сүлжмэлийн анхны технологи үүссэн бөгөөд цагийн явцад улам боловсронгуй болж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн байна.


Сүлжмэлийн хээ угалзыг ар өвөр гэж ялгадаггүй. Зурагт торгыг үрэх, нухах, угаах зэрэгт тэвсэртэй болохоор “Мянган жилд элэгдэхгүй урлагийн бүтээл” хэмээн онцлон нэрлэжээ.

Дай үндэсний хэмэрлигийн технологи

Хэмэрлиг бол зурагт торгон сүлжмэлээс арай хожуу үед үүссэн гэх боловч нэхмэлийн салбарын хамгийн төгс технологи юм. Дай үндэстний хөдөлмөрч зангийн илрэл. Эртний Дай үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг зэрэгтэй хэмэрлиг нь нягт уялдаа холбоотой байж.

Дай үндэсний хэмэрлиг нь цагаан дээр дан цулгуй хээ угалз бүхий байна. Гэхдээ хээ угалзны дүрс амьдлаг, олон дахин давхардсан хичээнгүй ажлын үр дүн байдаг. Угалзууд тэгш хэмт, үргэлжилсэн, сийрэг нягтыг уялдуулсан, бодит болон хийсвэрлэлийн уран сэтгэмжийн илэрхийлэл байдаг. Тиймээс ч Дай үндэсний хэмэрлиг Хятадын хэмэрлигт тодорхой, үнэ цэнэтэй байр суурийг эзэлдэг байна.

Бай үндэстний уяж будах технологи

Уяж будах технологи нь Хятадын эрт цаг үед хамаардаг. Далигийн Бай үндэстэн уяж будах аргачлалаар хамгийн алдартай нь. Хятадын Соёлын яамнаас Бай үндэстэнг “уяж будах технологийг үндэслэгч” хэмээн нэрлэсэн байдаг байна. Уяж будах гол дараалал бол хээ угалз зурах, уях, дэвтээх, будах, жигнэж чанах, ээж хатаах, уяа утсыг авах, тээрэмдэх зэрэг юм.

Энэ нарийн ажиллагааны дараа гайхалтай өнгө даавуунд шингэсэн байдаг байна. Технологийн зангилаа бол уях болон будах ажиллагаа юм. Будах хувин, будах шийдэм, жааз, чулуун тээрэм зэрэг нь уяж будах технологийн чухал багаж хэрэгсэл юм.

Манж үндэстний хатгамал

Хатгамал бол Манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлал юм. Өдөр тутмын амьдралын хэрэглэл, бүхий л зүйлсэд хамгамалын үр нөлөө их байдаг. Үндэстэн бүр өөр, өөрийн гэсэн онцлог хатгамалтай. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуанжөүгийн хатгамал зэрэг хятадын үндэстний шинж чанараа хадгалж үлдсэн хатгамалууд байдаг.

Эднээс Манж үндэстний хатгамал илүү уран нарийн, гоо сайхнаараа ялгардаг. Торго болон өөрсдийн нэхсэн хөх, цагаан даавууг түүхий эд болгон ашигладаг. Хатгамал нь зүүн баруун талд тэгш хэмтэй байхыг эрхэмлэдэг. Тухайлбал, баруун талд хөх луу дүрсэлсэн бол зүүн талд цагаан бар дүрсэлдэг нь Манж хатгамалын онцлог давуу тал юм.

Хэжэ үндэстний загасны арьсан технологи

Умард Хятадын хүйтэн усны загасны арьсаар олон төрлийн эд зүйлс хийж болдог гэдгийг Хэжэ үндэстний технологиос харж болно. Загасны арьсаар эд зүйлс хийх соёл бол урамд өргөргийн 45 хэмээс дээш бүс нутгийн өвөрмөц соёл юм. Түүхэнд энэ бүсэд оршдог бүхий л үндэстэн загасны арьсаар эдлэл хийх соёлын арга барилтай байсан гэдэг. Гэвч он цагийн явцад загасны арьс ашиглах соёлын арга барил гээгдсээр Хармөрөн мужийн Тунжян хотын Жүжиньжөү шянгийн Хэжэ үндэстэн уламжлалт соёлоо авч үлдэж чаджээ. Хэжэчүүд урт хугацааны туршид загас агнуураар амьдарч, загас барих, идэх, загасны арьсаар байшин барих, завь хийх, хувцас хунар оёх зэргээр “Загасны арь эзэгнэгч үндэстэн” болж чадсан байна.

Уламжлалт загасны арьсны технологи нь нэг иж бүрдэл боловсруулах явц юм. Үүнд өвчих, хатаах, элдэх, эсгэх, оёх, урлагийн засал чимэглэл хийх зэрэг дараалал багтдаг бөгөөд Хэжэ бүсгүйчүүд бүгд энэ технологид гаршдаг байдаг байна.

Арга технологи нь анхаарал татсан цөөн соёлын өвөөс танилцууллаа. Хятадын их гүрний соёлын өвийг бүгдийг нь танилцуулна гэдэг ихээхэн хөдөлмөр шаардсан ажил болох биз. Гэхдээ л Монголдоо Хятадын эртний соёлын өв, загасны арьсан эдлэл, даавуу будах технологи, зурагт торго нэхэх аргачлал зэргийг харж танилцсантай баяртай байна. Удахгүй Улаанбаатарын соёлын өдрүүд Хөх хотод зохион байгуулагдана. Тэр үеэр манай ноолууран эдлэл, арьс шир бэлтгэх арга аргачлал, Дарьгангын урчуудын соёлын өвд бүртгэгдсэн бүтээлүүдээ танилцуулж, гайхагдана гэж итгэж байна. Соёлын солилцооны нэг зорилго ч энэ болов уу. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнээс хөрш зэргэлдээ орших найрамдалт улс орнуудыг эртний өв соёл, орчин цагийн технологитой хэрхэн уялдаж, хэрхэн хөгжиж байгаа талаар мэдэж, танилцах, өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүлж өгч байгаад хоёр орны иргэд талархалтай хандаж байна.

Categories
мэдээ нийгэм

Вакум цонх дулаалах зөвлөмж

Байшингийн дулаалга мөн ямар төрлийн сууц гэдгээсээ шалтгаалан өөр өөр байна. Мэдээж барилга байгууламжаа барихаас өмнө дулаалгын материалаа зөв сонгоод анхнаасаа дулааны алдагдал багатай байшинд амьдарвал сайн хэрэг ч нэгэнт танай барилга дулааны алдагдал ихтэй бол нэмэлт дулаалга хийхээс өөр сонголт үгүй юм. Гадаа хасах хэм хүртэл хүйтэрсэн тохиолдолд барилгын гадна дуулаалага хийх бололцоо бага талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Иймд дотроосоо дулаалахаас өөр сонголт үлдэхгүй нь. Дулаан алдаж байгааг хэрхэн мэдэх вэ? Таны амьдарч байгаа байшин, орон сууцны цонх болон хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж байна гэж оношилж болно.

Вакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд жийргэвч резинийг сольдог. Эсвэл цонхоо бүгдийг нь сольж сайжруулахаас өөр сонголт байхгүй гэнэ. Үүнээс гадна хамгийн энгийн байж болох нэгэн аргыг танилцуулахаар бэлдлээ. Энэ аргыг турших эсэх нь эрхэм уншигчийн шийдэх хэрэг бөгөөд Монголд ийм маягаар цонхоо дулаалсан тохиолдол байсныг харж байгаагүй учир үр дүнтэй болно гэж баттай хэлж чадахгүй юм. Гэхдээ энэ арга нь их хөрөнгө шаардсан эсвэл хохирол учруулахаар биш билээ. Ингээд тайлбартаа оръё.

Вакум цонх Монгол орны нөхцөлд гурван давхар шилтэй байх нь хамгийн зөв сонголт боловч бид санхүүгийн байдлаас шалтгаалан хоёр давхар шилтэйг сонгодог нь нууц биш. Энэ тохиолдолд цонхны жийргэвч резинээр дулаан алдахаас гадна шилнээсээ дулаанаа алддаг. Магадгүй таны гэрийн дулаан хангамж хангалттай сайн бол энэ төдийлөн мэдэгдэхгүй байж болох ч угаас дулаан алдагдал ихтэй бол энэ хэсгийн дулаан алдагдлыг доорх аргаар зогсоож болох гэнэ. Ингэхдээ юуны өмнө бидний сайн мэдэх амархан хагарч, гэмтдэг эд зүйлсийг савлаж хайрцаглахад хэрэглэдэг жижиг жижиг бөмбөлөгтэй гялгар цаасыг дулаалах цонхны хэмжээтэй бэлдэх шаардлагатай юм. Бид ийм гялгар цаасын бөмбөлөгийг хагалаж зугаацах дуртай байдаг шүү дээ. Магадгүй үүнийг гадуур метрлэж зардаг ч байж мэднэ.

1.Гадаа нартай дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас сайтар цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа усыг хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наах хэрэгтэй.

2.Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг скоч эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох гэнэ. Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөр гэрт орж ирэх байгалийн дулааныг бууруулахгүй тухай зөвлөсөн байна лээ. Мөн цонхыг нэлэхүйд нь энгийн гялгар цаасаар бүрж болох ч дээрх арга илүү гоёмсог харагдахаас гадна үр дүнгийн хувьд 1,5-2 хэмийн дулаан байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд суудлын автомашин 6,547-оор нэмэгджээ

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 606.4 сая ам.долларт хүрч, 2017 оны мөн үеийнхээс 204.7 сая ам.доллараар өсжээ. 2018 оны эхний найман сард суудлын автомашин 41,429, ачааны автомашин 14,499 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 5213-аар багасан бол ачааны автомашины импорт 6235-аар нэмэгдсэн байна.

Харин энэ тоог 2018 оны эхний долоон сарын үзүүлэлттэй харьцуулж тооцвол зөвхөн өнгөрсөн наймдугаар сард суудлын автомашин 6,547, ачааны автомашин 2,017-оор нэмэгджээ.

Гаалийн ерөнхий газраас гаргасан 2018 оны эхний долоон сарын судалгаагаар суудлын автомашин 34,882, ачааны автомашин 12,482 орж ирсэн байсан юм.