Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулна. Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнөөдрөөс Булган аймагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын начин Д.Анар “Дэлхийн нүүдэлчдийн III их наадам”-д түрүүлэв

Энэ сарын 2-ноос 8-ны өдрүүдэд Киргизстан улсын Чолпан-Ата хотноо “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам” зохион байгуулагдаж, дүнгээ гаргажээ. Нийт 80 улсын 2000 тамирчин, спортын 37 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас 80 тамирчин оролцсон байна.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт анх удаа монгол үндэсний бөхийн барилдааныг багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол Улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөрмонголын бөх Алтансүх үзүүрлэжээ.

Энэ удаагийн наадамд зохион байгуулагч Киргизстан улсын баг тамирчид илт давамгай амжилтаар тэргүүлж, Казакстан улс дэд байр, ОХУ гутгаар байрт тус тус шалгарсан байна. Манай улсын баг тамирчид есдүгээрт жагсав. Монголчууд хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Хүрлээгийн шинэ цомгийн нээлт болно

Дуучин Ш.Хүрэлбаатарын 2018 оны уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо өргөн барихад бэлэн болжээ.

Тус цомгийг 20-р зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилсэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд багачуудад хүргэхээр бүтээсэн аж.

Цомог, кино концертын нээлт өнөөдөр буюу 10-ны өдөр 12:00 цагт Нийслэлийн 23 дугаар сургуулийн өмнөх Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр” энэ сарын 22-нд болно

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор есдүгээр сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Автомашингүй өдөр “-өөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаана.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг знайм дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Бельгийн вант улсад айлчлав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бельгийн Вант Улсад энэ сарын 06-07-ны өдрүүдэд айлчлав.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Европын комисс хамтран 2018 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулсан “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтад оролцох, Бельгийн Вант Улсын Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай уулзаж, Монгол, Бельгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцах зэрэг нь энэ айлчлалын үндсэн зорилго байсан болно.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтын үндсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн бодлого болон зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулж, Монгол Улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох зорилтын хүрээнд мал эмнэлгийн албыг бэхжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах, орон нутгийн мал эмнэлгийн лабораторуудыг сайжруулах, боловсон хүчнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр гишүүн улс орнуудтай үр өгөөжтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
Чуулга уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал ноён Хосе Грациано да Силва, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуа нартай тус тус уулзан, эдгээр олон улсын байгууллагаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, УИХ-аас “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” зэрэг хуулийг батлан энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа болон Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, Монгол Улсын Малын ерөнхий эмчийг томилон ажиллуулж эхэлсэн зэргийг мэдэгдэн, мал аж ахуйн салбарт нэмэгдсэн өртөг шингэсэн экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтын хүрээнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр техникийн хамтын ажиллагааг цаашид өргөн хөгжүүлэхээр тогтов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Бельгийн Вант Улсын Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай уулзаж, нөхөрсөгөөр ярилцав. Уламжлалт найрсаг харилцаатай Бельгийн Вант Улстай Монгол Улс олон салбарт хамтран ажиллах сонрхолтой байдгийг Б.Батзориг сайд илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарт тодорхой хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх саналууд тавив. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын европ стандартчлалыг Монгол Улсад нутагшуулах, үүнд нийцсэн монгол бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, үүний тулд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бельгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, малын махыг өндөр технологиор хамтран бэлтгэн дэлхийн зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг бэлтгэх, туршлага судлах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах санал тавьсныг Бельгийн Хөдөө аж ахуйн сайд ноён Дөни Дюкарм дэмжиж, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойрын хугацаанд хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдаан зохион байгуулж, төсөл хөтөлбөрийг тодорхой ярилцах санал тавив. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амыг чанартай эрүүл хүнсээр хангах зорилтын хүрээнд хийсэн энэ айлчлал амжилттай үр дүнтэй болж өндөрлөв.
Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК мэдэгдэл гаргалаа

Categories
мэдээ нийгэм

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварыг маргааш хаана

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэллээ. Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ дагуу энэ сарын 11-21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо. Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж энэ сарын 15-нд нээнэ.

Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 15-наас өмнө дулаанаа авч болно

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ. Үүний өмнө есдүгээр сарын 15-наас өмнө дулаан өгдөггүй байсан. Тэгвэл энэ жилээс залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчид тоолуураар дулааныг нь өгч эхэлжээ.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуйн нэгжүүд нийтдээ 117 газрыг дулаанд холбосон байна. Хэрэглэгчид дулаанаа авах гэж есдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ дулаанаа тоолуураар авч бас дулаанаа хэрэглээгээрээ багасгаж ч болох аж. 2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Байшингаа дулаалцгаая” аянд нэгдэцгээе

‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Байшингаа дулаалцгаая” сургалт судалгааны төслийг санаачлан зохион байгуулах гэж байна.

Тус сургалт 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын Чуулганы танхимд нээлтээ хийх бөгөөд есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Та бүхэн уг сургалтад хамрагдсанаар дулааны алдагдлаа хэмжүүлж, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм. Иймд иргэн, аж ахуй нэгж та бүхэн тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу.

Холбоо барих утас: 88002839, 96221111

Categories
мэдээ нийгэм

Д.Коркины нэрэмжит тэмцээнээс бөхчүүд таван мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Сахагийн «Триумф» ордонд есдүгээр сарын 6-8-нд хуучин ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж манай 8 бөх медаль хүртжээ.

Нэрт дасгалжуулагчийн 90 насны дурсгалд зориулсан 11 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, АНУ, Армен, Афганистан, Болгар, Беларусь, БНХАУ, Гүрж, Грек, Герман, Иран, Испани, Итали, Израиль, Казахстан, Колумб, Молдав, Македон, Финлянд, Турк, Румын, Унгар, Узбекистан, Украин, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон гээд Европ, Ази, Америк тивийн 30 орны 195 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тэдний дунд олимп, дэлхийн медальтай 20-иод бөх зодогложээ.

Манай эрчүүд Якутад ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ шалгаж таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 65 кг-д “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо мөнгө, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох хүрэл медалийн эзэн болов.

Нэрт дасгалжуулагчийн дурсгалд зориулсан тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж аваргыг 7000, мөнгөн медалийг 5000, хүрэл медальтанд 3000 ам.долларын шагнал өгсөн байна.

Нийт 180 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд манайхаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор сарын дараа Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох есөн тамирчин /гавьяат тамирчин Э.Бэхбаяраас бусад нь/ хүч үзсэн юм.