Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлснээр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгын хүрээнд хэлмэгдэгчийн намтрын 40 гаруй судалгааны ном товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” баримт бичгийн эмхэтгэл зэрэг 20 боть ном, 30,378 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан”Цагаан ном”-ын 1-4 ботийг хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, харин амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож нийт 357 иргэнд 3.3 тэрбум орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламж олгожээ.


Categories
мэдээ нийгэм

Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Арабын Бүгд Найрамдах Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар эдгээр отгууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэг бүхий ажилтан сумаас томилуулан аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар сумдад малын халдварт өвчин тараах эрсдэлийг дагуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн хэмжээнд өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Булган аймгийн хэмжээнд 2018 оны есдүгээр сарын 10-14-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ.

Булган аймаг нь төвийн бүсийн хойд хэсгийн уулархаг мужийн ойт хээрийн бүс буюу газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд байрладаг. 16 сум, 1 тосгон, 75 багтай, 62 мянган хүн амтай.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, өсөлт, төвлөрөлтийн улмаас Булган аймагт тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, учруулах хор хохирол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, ган, зуд, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол, газар хөдлөлтийн давтамж тогтмол тохиолдож байгаа юм.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нэг зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна.

Дадлага сургуулиуд нь албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, үүнийгээ биечлэн дадлага хийлгэн баталгаажуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй шигшээ баг түрүүллээ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны аварга баг болж, багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогчоор шалгарлаа.

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж, эрэгтэйчүүдийнхээ адилаар долоон оноотой хэсгээ тэргүүлсэн юм. Үндэсний шигшээ багийнхан анхны тэмцээнээ амжилттай давсан бол манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг 16 насны шигшээ баг есдүгээр сарын 15-23-нд Азийн Хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд хүчээ сорино.

Тус тэмцээнийг анх удаа Монгол улсад зохион байгуулах бөгөөд Лаос, Энэтхэг, Хонгконг, Пакистаны шигшээ багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж өрсөлдөнө.

Харин эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хувьд 11 дүгээр сард 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм. Энэхүү тэмцээн хаана болох нь тодорхой болоогүй ч 11 дүгээр сарын 4-13-нд Монгол, Филиппин, Сингапур, Тайвань, Тажикстаны багуудын хооронд болно.

Мөн Зүүн Азийн АШТ-ий хоёр шатны тэмцээн 12 дугаар сард Гуамд болно. Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Хурд хэмжигч тогтмол ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Замын хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн жолоочоос үүдсэн зам тээврийн ослын дуудлага дүүргийн хэмжээнд өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх зам, Улиастайн зам болон Уулын замд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурчээ

Оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь улсын хэмжээнд 15 орчим хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон 1000 орчим мэдээлэл улсын хэмжээнд бүртгэгдэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар, хүүхэд хохирсон гэмт хэрэгт холбогдогчийн 90 орчим хувь нь насанд хүрэгчид юм байна.

Хүүхэд, хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тун бага, хүүхэд хулгайлах, танхайрах, булаах гэмт хэрэгт ихэвчлэн холбогдож байна. Мөн сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурчээ.

Хүүхэд ахуйн хүрээнд, гэр бүлийн орчинд, гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргийн хохирогч болж буй бөгөөд тэднийг ихэнхдээ насанд хүрэгчид хохироодог байна. Энэ төрлийн гэмт хэргийн 60 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ангарагаас ирсэн эмэгтэй” дахин тоглогдоно

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна. Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан.

Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглов. Эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд олон олон эмэгтэйн дуу хоолой болж чадсаныг хэлэх нь зүйтэй. Тасалбарыг https://www.ufilm.mn/ цахим хуудаснаас захиалж авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Амарбаясгалант хийдийн ур хийцийг сэргээн засварлахаар Вьетнам мэргэжилтнүүд иржээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, түүх соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд хатагтай Элчин сайдад БНСВУ тунхагласны 73 жилийн ойн баярын мэндийг хүргэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй жар гаруй жил болж байна. Манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж, энэ оны эхээр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Хоёр орны парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид бид эдийн засаг, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, орон нутгийн харилцааг дэмжих, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэлээ.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг “УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг” гэв.

Элчин сайд Доан Тхи Хыөнг, “2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа учир энэ зорилтын үр дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын харилцаа өргөжиж байгаатай санал нэг байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Манай Элчин сайдын яамныхан саяхан Төв аймагт ажиллаад ирлээ. Мөн хоёр улсын түүх, соёлын салбарын харилцаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Хорь гаруй жилийн өмнө Вьетнамын мэргэжилтнүүд Монголын түүх, соёлын өв болсон зарим сүм, хийдийг сэргээн засварлах ажлыг хийж байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн Монгол Улсад төдийгүй дэлхийд ховорт тооцогдох соёлын гайхалтай бүтээл болсон Амарбаясгалант хийдийн ур хийцийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр мэргэжилтэн ирсэн. Өвөрмөц ур хийцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахын төлөө манай мэргэжилтнүүд бүхий л чадвараа дайчлан ажиллах болно” гэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монголын өв соёлыг хадгалан үлдээхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа хатагтай Элчин сайдад талархал илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Дугуй зарсан хятад иргэн монгол жолоочийг зодож танхайрчээ

Монгол Улсын иргэн эх орондоо хятад иргэнд зодуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт чанаргүй дугуй зарсан хятад иргэн монгол жолоочийг зодож танхайрсан байна.

Энэ талаар хохирогч ярихдаа “Манай зургадугаар сард автобусны хоёр том дугуй авсан. Түүний дараа арван дугуй авсан. Гэтэл удалгүй нөгөө дугуй нь эхнээсээ бөөрөөрөө хагарсан. Тэгээд хагарсан дугуйных нь бичлэгийг утсан дээрээ хийгээд учир явдлаа хэлээд ирсэн чинь “Надад хамаагүй” гээд дээрэлхэж зодсон” гэжээ.

Дугуй зарсан хятад худалдаачин “Дугуй солихгүй” хэмээн зугтсан байна. Уг худалдан авсан дугуй нь нэг жил ямар ч асуудалгүй явах ёстой ч ийнхүү худалдаж аваад удаагүй байхдаа хагарсан аж.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны I давхарт ажилладаг үйлчилгээний газруудыг хаах санал хүргүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийлээ.

2018 оны төлөвлөгөөт хяналт шалгалтуудаар Орон сууцны тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Зөрчилийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм журам, стандартыг зөрчсөн нийт 123 газруудын тусгай зөвшөөрөл болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэрээг цуцлуулах нэрсийн жагсаалтыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүллээ.