Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1,4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав.


-2016 оны долдугаар сарын 6-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажилд томилогдсоноос хойш 800 хоног өнгөрчээ. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Замынхаа хагаст нэгэнт хүрчээ гэсэн үг. Замын дундаас эргэж харахад алдсан, оносон хоёрын аль нь илүү жин дарж байна?

-Хотын дарга гэдэг магтаалаас илүү зэмлэл хүлээдэг ажил. Сөрөг хүчнийхээ ч, намын нөхдийнхөө ч, хамгийн гол нь нийслэлийн иргэдийн бүтээлч, зарчимч шүүмжлэлийг би ажилдаа тусгаж ажиллаж ирсэн. Иргэддээ ээлтэй, “чих зөөлөн” засаг дарга байхыг хичээж ирсэн, цаашдаа ч хичээх болно. Ерөөсөө л магтуулахын төлөө ажиллана гэдэг өрөөсгөл л дөө. Эхлээд таалагдахгүй, эсэргүүцэлтэй тулж, шүүмжлүүлэх ч байсан хожмын өдөр, алсын үр дүнг нь зөв тооцсон бол зөвшилцөж, тайлбарлаж, ойлголцоод ажил урагшаа явж байх ёстой. Магтаалд булуулах нь миний ажлын нэгдүгээр зорилго биш гэдгээ энэ өрөөнд орж ирсэн эхний өдрөө би мэдэж байсан. Надаас өмнө нийслэлийг удирдаж байсан үе үеийн засаг дарга нар ч мөн адил. Газар зохион байгуулагч, барилгын инженер, эдийн засагч, физикч гээд үндсэн мэргэжил өөр өөр хүмүүс өмнө нь энэ албыг хашиж байсан. Жишээ нь, миний үндсэн мэргэжил бол хөдөө аж ахуйн инженер. “Өө, ийм нөхөр хот удирдаж чадах уу?” гээд ажлаа аваагүй байхаас л шүүмжлэл эхэлсэн юм шүү дээ. (Инээв.) Төрийн захиргааны удирдлагын менежмэнтийн докторын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэйг минь хэлдэггүй юм.

Тэгэхээр, би юу хэлэх гэж байна вэ гэхээр хотын дарга гэдэг даргалдаг, ямбалдаг хүн биш ээ. Энэ бол менежмэнт хийдэг мэргэжилтний ажил. “Бүрэн эрхийнхээ бүтэн хугацаанд бид 1,4 сая хүнийг ая тухтай, адил тэгш амьдрах менежмэнт хийнэ”гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхлүүлсэн. Нийслэлийн төр захиргаа, үйлчилгээний байгууллагад данстай хүн бүр ийм менежмэнтийг хамтран хийх менежерүүд гэж өөрсдийгөө ойлгох хэрэгтэй юм л даа.

-Өнгөрсөн 800 хоногийн ажлаа товч дүгнээч гэвэл та алийг нь онцлох вэ?

-800 хоногийн ажлыг сар, жил болгоноор нь тайлагная гэвэл 80 минут ч багадах байх. Тоймлоод хэдэн тоо хэлье. Ажил авснаасаа хойш нийслэл хотын өмнө хуримтлагдаад байсан нийтдээ 100 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулсан, иргэдэд санхүүжилт олгоод эхэлчихсэн. Гүүр, гүүрэн гарцны дөрвөн том төслийн ажил ид дундаа явж байна. Сүүлийн 60 жилийн түүхэнд лав ийм богино хугацаанд гүүрний дөрвөн төсөл нэгэн зэрэг хэрэгжиж байсан удаагүй. Хотын дарга байх хугацаандаа энэхүү дөрвөн гүүрийг ашиглалтад оруулахыг зорьж эхлүүлсэн. Эхнээсээ энэ оны арваннэгдүгээр сараас ашиглалтад өгөх болно. Мөн 15 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөөд одоо дуусч байна. Улаанбаатар хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2017 оны арваннэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоосныг та санаж байгаа байх. Жил бүр бүр нийслэлд 20 000-30 000 иргэн шилжиж ирдэг байсан. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, нэг жилийн хугацаанд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар өмнөх оноосоо 11552-оор цөөн буюу 9567 хүн шилжиж ирсэн байна. Харин энэ хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутаг руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарсан юм. Судалгаанаас хархад орон нутгаас шилжин ирэгсдийн 80-90 хувь гэр хороололд бууж, яндангийн тоог ганц жилд 500-600-аар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 2017-2018 онд гэр хороолол хүрээгээ тэлээгүй, яндангийн тоо нэмэгдээгүй гэсэн үг. Хотоос гадагш чиглэсэн хүний тоо дотогш чиглэсэн хүний тооноосоо буурсан нь сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй үр дүн. Цаг хэмнэх үүднээс цөөн хэдэн жишээ дурдвал ийм байна. Маш товчоор хэлбэл, өнгөрсөн 800 хоногийн ажлын зүг чиг, үндсэн зорилго нь нийслэл хот өөрийн гэсэн стандарттай байя, тэр стандарт руугаа зорьё, хүрье гэсэн бодлогын эхлэл байсан. Өнгөрсөн хугацаанд бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Хууль батлагдвал Монгол Улсын нийслэлийн амьдралын хэмнэл шинэ амьсгалаар хүч нэмэх болно. Нөгөө кинон дээр гардаг ”Жанжаан, одоо манайх улс шиг улс мөн үү?” гэдэг шиг. Нийслэлийн стандарт нэг шат ахина гэсэн үг.

-Та сая нийслэлийн стандарт гэж яриандаа нэг бус удаа дурдлаа. Жаахан тодруулж болох уу?

-Улаанбаатар хот бол нийслэл хот. Нийслэл хот өөрийн нэгдсэн стандарттай байх ёстой. Эмнэлгийн орчин ийм байна, зам харгуй нь тийм байна, амьсгалах агаар нь цэвэр байна, нэг цэцэрлэгийн ор төдий байна гэхчлэн. Нэг хэсэгт нь илүү хүрсэн үйлчилгээ нөгөө хагаст нь дутуу байх ёсгүй. Нэг л стандартаар жигд сайн байх ёстой. Хотын хойд зах Хайлаастын агаарын чанар Зайсангийнхтай адилхан байх ёстой. Хорооллын замын ачаалал Яармагийнхтай ижил болж жигдрэх ёстой. Тийм учраас Нийслэлийн засаг даргын ажлын зорилго, уриа тодорхой. Бага тойргоос Багахангай хүртэл “Нэг хот, нэг стандарт”. Стандарт гэдэг бол хэм хэмжээ, үлгэр загвар гэсэн англи үг. Стандартыг зохиодог, зорьдог, дүрэм, журмаар зохицуулдаг. Нийслэлд амьдарна гэдэг иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг. Улаанбаатарыг удирдана гэдэг хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил ердөө л энэ. Жишээ нь, 2016-2018 оны хоёр жилд буюу өнгөрсөн 800 хоногт томоохон 18 эмнэлгээс 14-ийнх нь гадна тохижилтыг олон улсын стандарт ямар байдаг вэ, түүний дагуу хийж гүйцэтгэсэн. Тээврийн орц гарц, түрдэг тэрэгний зам, авто зогсоол, нисдэг тэрэг хөөрөх буух талбай гээд. Үлдсэн дөрвөн эмнэлгийн гадна тохижилтыг 2019 онд дуусгана. Үнэндээ 1980-аад оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдийн гадна тохижилтод улсаас анхаараагүй ирснийг Улаанбаатарынхан бүгд мэднэ. Хэдий миний ажил үүргийн харьяа биш ч гэсэн улсын гэх тодотголтой I, II дугаар шатлалын эмнэлгүүдийн гадна талбайг дэлхийн жишигт хүргэх бодол байсан юм. Би энэ хотыг автомашин, барилга байгууламж гэх мэт ямар нэг амьгүй зүйлд биш, зөвхөн хүнд ээлтэй хот байх ёстой гэж боддог. Тиймээс ч аюулгүй, амар тайван алхах боломжтой явган хүний зам, талбайн стандарттай болох, байгаагаа сайжруулах томоохон ажлууд энэ намраас хийнэ. Явган хүний зорчих хөдөлгөөнд саад хийсэн хаалт, хашаа, авто машины төлбөртэй, төлбөргүй зогсоолуудыг чөлөөлж, тав тухтай, аюулгүй зорчдог дэд бүтэцтэй болох ажил үүгээр эхлэж байгаа юм. Бас түүх, соёлын үнэт өв болсон байшин барилгын ойр орчмыг авто машины хөдөлгөөнөөс тусгаарлаж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгоно. Манай Улаанбаатар шиг Төв номын сан, Драмын театрынхаа урд талыг авто машины төлбөрт зогсоол болгочихсон улс, хот гэж энэ дэлхий дээр байхгүй байх. Энэ бол бас л стандартын тухай яриа юм.

-Үнэхээр иргэндээ бус цементэн ширэнгэн дундах төмөр тэрэгнүүдэд зориулсан хот байгуулалт алдаа байжээ гэж дэлхийн олон улс дүгнэх болжээ. Энэ бол бас л шинэ стандартын яриа байх?

-Тийм ээ, Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин километр дэвсгэр нутагт нэг л стандарт байх ёстой. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гээд хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр шөнө шиг өөр өөр байх ёсгүй. “Баянхошуу”, “Сэлбэ” шинэ дэд төв мөн л энэ зорилгын хүрээнд хийж байгаа ажил. Гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэж өгөх их ажлын эхлэл нь энэ. Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ том төслийн зорилго. Гэр хороололд 10 мянган айлын орон сууц барих, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-ийг ирэх онд мөн хэрэгжүүлж, эхлэнэ.

Гэр хороолол маань орон сууцны хороолол болох эхлэл энэ. “Оргил” нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байна. Зургаан буудалд төрийн үйлчилгээний дөрөв дэх төвөө байгуулсан. Одоо нийслэлийн хойд хэсгийн иргэд төрийн үйлчилгээ авах гэж төв рүү явж, цаг үрэх хэрэггүй болсон. Эдгээр цөөхөн жишээ бол “Нэг хот-нэг стандарт” гэдэг их ажлын эхлэл. Энэ бол ганц миний, хотын даргын ажил төдий биш юм. Энэ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойрын жилүүдийн зорилго юм. Энэ бол их хотын иргэдийн хүсэл тэмүүлэл юм. Бид чадна. Чадах гэж би энэ ажлыг хийж байгаа.

Ингэж бид орчин үеийн хотуудын хөгжлийн туршлага, олон улсын байгууллагуудаас батлан гаргасан концепци, шалгуур үзүүлэлтийг хангаж байж “Азийн цагаан дагина” цолоо эргүүлэн олж авч чадна. Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй байсаар байвал “Аз жаргалтай хот”-ын тухай яриад ч хэрэггүй. Манай зорилтын үр дүнг товчхондоо “Нийслэлийн 1,4 сая иргэн бүрт нэг л стандарт” томьёолон ойлгосон ч болно.

-Төрийн үйлчилгээ, нийгмийн халамжаас дэд бүтцийн хөгжил, гадна тохижилтод хүртэл стандарт жишиг байх ёстой гэж та хэллээ. Олон хүн тантай санал нэг байгаа байх. Гэтэл яагаад урьд нь яг тодорхой стандартад хүрэхийн төлөө Улаанбаатар хот хөгжинө гэж бид ярьдаггүй, зорьдоггүй байсан хэрэг вэ?

-Үе үеийн хотын удирдлага энэ тухай ярьдаг, зорьдог байсан. Газар газрын олон хотынхны санаа бодол ч үүнд төвлөрч байгаа. Гол нь асуудлыг ойлгох, томьёолох арга барил нь л өөр байсан байх. Ирээдүйн үзүүлэн гэмээр гял цал төв, хүний байтугай мал амьтны амьдралын наад захын орчин бүрдээгүй хороолол зэрэгцсэн гадны зарим хотыг бид зурагтаар хардаг шүү дээ. Өдөр шөнө шиг бүү хэл өөр гариг шиг ялгаатай, “стандарт бус” хотууд дэлхийд олон бий. Хотын төв, хотын зах хоёр нь тэнгэр газар шиг хол ялгаатай Өмнөд Ази, Латин Америкийн зарим хотуудыг “стандарт бус”-ын жишээгээр дурдаж болно. Бас төвд нь, захад нь, хаана нь ч очсон хот шиг хотууд ч байна. Сидней, Сөүл, Сингапурыг жишээлж болно.

Манай нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртон дөхөж гүйцэж хүрэх ёстой. “Стандарт бус” буруу муу жишээг дайралгүй тойрцгооё. Эртхэн дээр нь засч залруулъя. Үүний л тулд би “Нэг хот-нэг стандарт” гэж байгаа юм. Манай хотынхны хагасаас илүү нь, олонх нь Сүхбаатарын талбайгаас хойш амьдардаг. Олонход хүрэлцэхгүй байгаа нийгмийн үйлчилгээг нэг стандартад нийцүүлэн дээшлүүлэх нь миний, манай зорилго. Манай хот бол залуусын хот. Хүн амын олонх нь идэр залуус. Тэднийхээ хүсэл сонирхлыг хотынхоо хөгжлийн бодлогод тусгацгаая. Дэлхийн хотуудын стандартаас суралцъя. Жишээ нь, энэ зунаас нийслэл хотод Ubike түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрснийг анзаарсан байх. Ийм түрээсийн дугуйн үйлчилгээ дэлхийн бүх метрополитан хотуудад хэрэгждэг, авто машины түгжрэл бууруулах, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих гэж хотоос нь хэрэгжүүлдэг төсөл. Бид энэ үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгч, монгол залуустайгаа хамтран амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Анх энэ төслийг хэрэгжүүлэхээр зарлахад дэлхийн бусад хотуудад энэ төрлийн үйлчилгээ явуулдаг гадаадын том компаниуд хамтрах хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч Монгол Улсын нийслэлд монгол залуусын ур ухаан, инноваци шингэсэн дугуйн үйлчилгээ нэвтрэх ёстой гэдэг үзлээр “Никель Ганбаа” ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл маань ирэх жилээс U scoot­er, U taxi гэсэн шинэлэг үйлчилгээгээр хүрээгээ тэлнэ. Хотын дарга өөрөө дэлхийн хөгжил, залуу үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсдэг, хичээдэг байх ёстой. Улаанбаатар Инновацийн төвийг залуусынхаа дэлхийд өрсөлдөх, бүтээлч сэтгэхүйд тулгуурласан бизнесүүд бий болоход туслах зорилгоор байгуулсан юм.

-Үе үеийн хотын дарга нарыг сүүдэр шиг дагаж явдаг шүүмжлэл бол газрын асуудал. Таныг ч бас тойроогүй?

-Нийслэл хотын хөгжлийн үндэс нь газар. Газрын харилцааны шинэчлэл, реформ хийгүйгээр нийслэлийн хөгжлийн хүрэх түвшин, стандартад бид хүрч очиж чадахгүй. Ямар ч бүтээн байгуулалт, тохижилтын ажил байсан хүн хүч, хөрөнгө мөнгө, техник технологиос илүү эн түрүүнд “Хаана?” гэдэг асуултаар эхлэдэг. Шинэ цэнгэлдэх хүрээлэн, шинэ хотын захиргаа барих газаргүй болчихсон байсан шүү дээ, манай хот. Тийм болохоор бид газраас ажлаа эхлэсэн. Ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргаж байсныг та бүхэн санаж байгаа байх. 29 болон 33 дугаар сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд тал, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд “Унагатай хөшөө”-тэй талбай, хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Яармагийн V, VI хороонд 80 мянган кв.метр хууль бус газрыг хүчингүй болгосон гээд олон жишээ бий.

Газрын реформыг эхлүүлэхэд амар байгаагүй. Газраа алдсан цөөн хүмүүс зохион байгуулалттайгаар маш ихээр эсэргүүцсэн, шүүмжилсэн, гүтгэсэн. Гэсэн ч бид сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд хууль бусаар болон зөрчилтэй олгосон газруудыг хүчингүй болгосон. 50 ширхэг хөлбөмбөгийн газартай тэнцэх нийт 576 225 ам.дөрвөлжин метр газар гэсэн үг. 50 ширхэг хөлбөмбөгийн талбайн дайтай нийслэлийн газрыг иргэдэд эргүүлж авчирсан. 1041 СӨХ-д газар ашиглах эрхийг нь олголоо. 46 байрлалд 2000 машины түр зогсоол байгууллаа. “Зам чөлөөл!” аян явуулсныг манай хотынхон санаж байгаа байх. 173 байршилд чөлөөтэй зорчих, явах аргагүй болгосон хаалт, хашааг буулгалаа. Хууль бус, хугацаа хэтэрсэн газрыг иргэдийнхээ мэдэлд эргүүлж авчирсан гэдгээ бардам хэлнэ. Энэ бол газрын реформын эхлэл нь, үндэс нь болохоос эцсийн зорилго нь биш.

-Нийслэлийн МАН-ын бага хурал энэ сарын 21-нд товлогдсон. Одоогоор та нийслэлийн намын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Та Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх үү?

-Би нийслэлийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө. НИТХ-д олонх болсон МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх ёстой. 2020 онд дүнгээ тавиулна, хариуцлагаа хүлээнэ. Энэ нь ч амжсангүй, тэрнээс ч боллоо, тэгчих байсан юм гэдэг тайлбар шалтаг хэлэх эрхгүй. Тийм тайлбар сонсох гэж манай хотын иргэд биднийг сонгоогүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тов тодорхой тоонууд бий. Цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ, 150 км шинэ зам тавьж, замын ачааллыг 50 хувь бууруулна, бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ, гэр хороололд шинэ дэд төв байгуулна гээд тодорхой зорилт, тодорхой тоонууд бий.

Тавьсан зам гүүр, татсан шугам сүлжээ, нэмэгдсэн ажил орлого, бууруулсан гэмт хэрэг, арилгасан утаа, барьсан сургууль цэцэрлэг, багассан хүнд суртал… Энэ хэдхэн үзүүлэлтээр л хотын ажлыг дүгнэнэ. Энэ бүхнийг сонгуульт хугацааны үлдсэн хоёр жилд хийх ёстой. Хийнэ. Энэ бол засаг дарга С.Батболд гэдэг хүний ажлаас гадна нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр юм. Тийм учраас нэг зорилгод зангидаж, нэг баг болж ажиллах гэж би нэрээ дэвшүүлнэ. Энэ бол улс төрийн шийдвэр. Гэхдээ Улаанбаатарын иргэдийн амьдралтай холбоотой шийдвэр. Улаанбаатар хотын ажил төрөл нь талцал хэрүүлгүй, бүтээн байгуулалт нь улстөржилтгүй урагшлах ёстой. Бие биетэйгээ барилдаж, тэмцэлдэх биш, цаг хугацаатай уралдаж урагшлах хэрэгтэй байна.

-Олны анхааралд байгаа “60 тэрбум”-ын гэх асуудалд та байр сууриа илэрхийлнэ үү?

-“60 тэрбумын” гэх асуултын тухайд хариуцлагатайгаар хэлье. Би ажлын байр, албан тушаалыг үнэлэн борлуулах тухай хаана ч, хэнтэй ч, ямар ч хэлцэл хийж байгаагүй. Тийм уулзалт, ярилцлагад оролцоогүй. Би УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хуул зүйн сайд хийж явсан. Хууль хаанаас, юугаар эхэлж, хаана, юуг хязгаарладаг гэдгийг мэдэхтэйгээ хүн. Нийслэлийн төр захиргааны байгууллагын 3200 ажилтнаас мөнгө төлж ажилд орсон хүн байхгүй. Төрийн ажилд сэтгэл зүрхээ зориулсан залуусаас мөнгө татах битгий хэл боломжтой бол эсрэгээр мөнгө цалинг нь арай ахиу өгөх ёстой гэж би боддог. “Шинэ дэд бүтэц” төслийн залуусыг жишээ болгон дурдъя. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил амжилттай явж байгааг түрүүн дурдсан. Баянхошуу дэд төвийн 240 ортой цэцэрлэг, МСҮТ төвийг энэ есдүгээр сард хүлээлгэж өгөх гэж байна. “60 тэрбумын” гэдэг” муухай үг их хотын ажил амьдралыг нуруундаа үүрч яваа төр захиргаа, үйлчилгээний байгууллагын бүх шатны ажилсаг, шударга, зуу зуун ажилтны сэтгэл рүү ус цацаж байна.

Хоёр жил дараалан хоёр гурван сонгууль дамжсан энэ асуудлыг нэг мөр шалгаад эцэслэх ёстой. Тийм тохиолдол байвал хариуцлага тооцоод, үгүй бол энэ сэдвийг хаасан нь дээр. Ажил, бүтээн байгуулалт ярих хайран цагаа хэрүүл талцалд үрж байна.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүндэтгэл үзүүлэв

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэдэнтэй зэрэгцэн хэлмэгдэгсэддээ хүндэтгэл үзүүллээ. Хуучин, шинэ ерөнийлөгч нар хэлмэгсдийн үр, хүүхдүүдтэй уулзаж, ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахыг зөвлөлөө

Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүллээ. Газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад тариаланчдад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж байна. Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч, тариалалт эрс нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 2018 оны зургадугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га талбайд тариалалт хийж, 2018 оны ургацын урьдчилсан балансаар өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их ургац авах төлөвтэй байна. Төлөвлөсөн хэмжээнд буюу 450 мянган тонн үр тариа, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийг амжилттай хураан авахын тулд салбар яам, холбогдох байгууллагууд, газар тариалан эрхлэгчид эрчимтэй ажиллаж, бэлтгэл ажлаа базааж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллана.

Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах
  • Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах нь зүйтэй.
  • Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах
  • Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах
  • Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх
  • Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх
  • Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих
  • Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх
  • Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх
  • Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

​Ховд аймгийн Жаргалант сумын сургууль, цэцэрлэг нээлтээ хийлээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутагт боом өвчин гарсантай холбогдуулан тус аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 10 хүртэл хойшлуулаад байсан. Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийг хийлээ.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон холбогдох албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.

Ховд аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч хичээллэж, төрийн өмчийн 32 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна. Мөн энэ хичээлийн жилд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд, зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид бүрэн хамруулах зорилт дэвшүүлж, нэгдүгээр ангид 2013 сурагчийг хамруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, БСШУСЯ-ны зорилт, Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын салбарт шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар анхаарч, 2018-2019 оны хичээлийн жилд “Боловсролын салбарын ажилтнуудын харилцан хандлагыг сайжруулж, олон нийтийн оролцоог өргөжүүлэн, хүүхэд бүрийн эх хэлний чадварыг хөгжүүлж, сурагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргана” гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Япон улстай эдийн засаг, боловсрол соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Японы найрамдал, хамтын нийгэмлэгүүдийн хоёрдугаар хурал өнөөдөр Гадаад хэргийн яамнаа зохиогдож байгаа юм. Тус үйл явлыг сурвалжлахаар бид ирээд байна.

Биднийг очиход Монгол, Японы нийгэмлэгүүдийн төлөөллүүд хоёр орны хамтын ажиллагаа, хөгжлийн талаар илтгэл тавьж, санал солилцож байв. Уг хамтын үйл ажиллагаанд 10 нийгэмлэг, найман байгууллагын төлөөлөгчид орлцож байгаа гэдгийг зохион байгуулж буй хүмүүс хэлж байв. Мөн энэ хүрээнд хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашдын зорилтуудыг тодорхойлно гэсэн юм.

Монгол, Японы найрамдал, хамтын нийгэмлэгүүдийн хоёрдугаар хурлыг “Монгол, Японы харилцааг дэмжих түншийн холбоо” хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ талаар Ерөнхий сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих түншийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Содном “Монгол, Японы харилцааг дэмжих түншийн холбоо нь 1994 онд байгшуулагдаж байсан. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад энэ оны эхээр Япон улсад сууж байсан элчин сайд С.Хүрэлбаатарт шилжүүлсэн юм. Монгол, Японы хамтын олон нийгэмлэгүүд байдаг. Тэдгээр нийгэмлэгүүдийг хамтарч ажилладаг болгохоор 1999 онд анхны хурлыг зохион байгуулж байсан юм. Тухайн үед Монголын 11, Японы 15 нийгэмлэг оролцож байсан. Энэ удаа ч мөн олон төлөөллүүд оролцож байна. Нийгэмлэг нь өөрөө олон нийтийн байгууллага байдаг. Манай нийгэмлэгийн гол зорилго нь итгэлцлийг бэхжүүлэх, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Нийгэмлэгийн шугамаар хоёр оронд олон уулзалтууд хийгдэж байсан. Мөн одоо ч хийгдсээр л байна. Энэ хуралд хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил чухал байгаа. 2016 онд хоёр улсёын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдаж байсан. Энэ үед хамгийн анх удаа Япон улстай чөлөөт хэлэлцээр гэдгийг хийсэн юм. Өөрөөр хэлбэл хоёр улсын хооронд харилцан нийлүүлж байгаа бараа таваарт татварын хөнгөлөлт үзүүлэх, зарим барааг татваргүйгээр оруулж байх хэлэлцээр хийж байсан. Япон улсаас монгол улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдын хэлж байгаагаар хоёр улсын биенесийн харилцаа хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Үүнийг анхаараарай гэж ярьсан” гэв.

Энэ нь маш их боломж гэдгийг ч уг хурлаар онцолж байгаа юм. Учир нь манай улсаал Япон улсад бараа нийлүүлэхэд татваргүй гэсэн үг. Япон улсаас оруулж ирэхэд мөн адил байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан бараа нийлүүлэх, худалдаагаа өсгөөд зогсохгүй хөрөнгө оруулалт давхар нэмэгдэх бололцоотой аж.

Мөн энэ маягаар хөрөнгө оруулагчдын хоорондын хамтын ажиллагааг өсгөх нь чухал гэж хэлэлцүүлэгт илтгэгдэж байна. Энэ удаагийн хуралд яригдаж буй илтгэлүүдээс ажихад эдийн засгийн харилцаанд түлхүү анхаарч байгаа нь харагдаж байсан юм. Илтгэгч, төлөөллүүд ч Монгол, Японы хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар ярьж байлаа.

Тус нийгэмлэгүүдэд тогтсон хурлын өдөр гэж байдаггүй аж. Тиймээс уг хурлаас хойш орйхон уулзаж байхаар тохиролцсон байна. Мөн илтгэлд эдийн засгийн харилцаанаас гадна хоёр орны залуучуудын харилцааг өргөтгөх асуудал яригдаж байна. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар Монголоос Япон улсыг зорих иргэдийн тоо 20 мянга орчим, харин Японоос зорин ирж буй иргэд 1800 орчим байдаг гэсэн тооцоо байдаг байна. Үүнээс хоёр улсын иргэдийн харилцаанд анхаарч байх шаардлагатай нь харагдаж байгаа гэж ярьж байлаа. Түүнчлэн Япон улсын Их, дээд сургуульд 2500 орчим залуус суралцдаг байна. Эдийн засгийн хамтын харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл зэрэг хамтын ажлуудад анхаарч ажиллах зэрэг асуудлууд яригдсан юм.

Мөн Монгол, Японы Засгийн газар хооронд 1000 орчим залуусыг техникийн чиглэлээр суралцуулахаар тохиролцсон гэдгийг дурдлаа. Зөвхөн сурахаас гадна тухайн үйлдвэр, техник дээр нь ажиллаж дадлагаждаг олон залуус байдаг байна.

Монгол, Японы нийгэмлэгүүдийн төлөөллүүд уг хурлын үр дүнд хэд хэдэн уриалга гаргаад байна. Тодруулбал, хоёр улсын Төр, Засгийн газар, Орон нутгийн захиргаанд болон Найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдэд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сайн жишээг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дэмжиж ажиллах уриалга гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 40 жилд болоогүй том цэргийн сургуулилалт зүүн Сибирт болно

Энэ долоо хоногт ОХУ сүүлийн 40 орчим жилд үзэгдээгүй том цэргийн сургуулилалтыг зүүн Сибирийн бүс нутагт зохион байгуулах гэж байгаа.

Уг сургуулилалт нь Алс Дорнод, Сибирийн нийт 5 сургалтын талбай, Япон тэнгис, Берингийн хоолой, Охотскийн тэнгисийн дөрвөн агаарын сургалтын орон зайд явагдах юм.

Оросын талаас 300,000 цэрэг, 1,000 орчим нисэх онгоц, 36,000 танк, хуягт, машин техник оролцох тухай ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зарласан.

Харин Хятад, Монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд анх удаа “Восток 2018”-д оролцох гэж байгааг тэр мөн мэдээлжээ. Хятадын талаас 3,200 цэрэг оролцох бол Монголын талаас хэр хэмжээний хүн хүч оролцох нь тодорхойгүй байна. Монгол, Хятадын цэргүүд Байгалын чанадын Цугол цэргийн сургуулилалтын талбайд байрлаж, уг ажиллагаанд оролцохоор болжээ.

Цугол нь гурван улсын хилийн уулзвар хэсэгт байрладаг юм.

Өмнө нь Алс Дорнод, Сибирьт цэргийн сургуулилалт хийхдээ ОХУ үргэлж Хятадтай мөргөлдөөн үүсэх үед дайтах бэлтгэл хийдэг байв. Гэтэл энэ жил анх удаа Хятадын цэргийн хүч оролцож байгаа нь Өрнөдийн ажиглагчдыг гайхшруулж байна.

Карнегийн Москва дахь төвийн Хятад судлаач мэргэжилтэн Александр Габуев “Восток сургууилалтанд Хятад улс найз нөхөр, зарим талаар холбоотны үүрэгтэй оролцож байна” гэж тайлбарлажээ.

Пентагоны төлөөлөгч “Восток 2018”-ыг АНУ анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд энэ бол Орос, Хятадын зүгээс өгөх стратегийн дохио юм гэж тодорхойлсон байна.

“Восток 2018” маргааш эхэлж, энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны есдүгээр сарын 10-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


Хугацааны эхэн ба дунд үеэр бороо хур тунадас орж, сэрүүснэ

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 10, 13-нд ихэнх нутгаар, 11, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11, 13-14 нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, 11, 14-нд хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.



Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11, 15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ. Өдөртөө 8-13 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ спорт

Барилгын салбар үүсч хөгжсөний ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д болж Улсын арслан П.Бүрэнтөгс түрүү бөхөөр тодорлоо.

Энэхүү барилдаан улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон бөгөөд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс зургаа даван түрүүлсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч тав даван үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.

Тус барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардлаа.

Categories
мэдээ нийгэм

Өндөг худалдан авахдаа юу анхаарах вэ?

Өндөг худалдан авахдаа анхаарах зүйлс

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 29807, гэмт хэргийн шинжтэй 973, бусад 1642 дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран нийт 16 алба хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэн, 7739 зорчигчдын ачаа тээш, 42847 тээврийн хэрэгсэл, иргэдийн эзэмшлийн болон тууварлаж яваа 7571 толгой малд шалгалт хийсэн. Шалгалтаар 9 тээврийн хэрэгсэл журамлаж, 2526 санамж, сэрэмжлүүлэг тарааж, зөрчил гаргасан 1345 иргэнд 29.307.000 төгрөгийн торгуул ногдуулсан” гэж танилцуулав.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө +15, +17 хэм, шөнөдөө +3, +6 хэм дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 101 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, эрэн хайх, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 103 иргэн, 220 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай “Газрын тос олборлодог, хадгалдаг, борлуулдаг байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар 9 дүүргийн нийт 106 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлж, 140 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 89, мэдэгдэл 9-ийг тус тус хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. “Абсолют кэш энд кэрри” ХХК-нд төлөвлөгөөт бус шалгалт хийж 6 сая төгрөгийн торгууль ногдуулж, албан шаардлага болон “Эрх бүхий албан тушаалтны албан даалгавар” хүргүүлж, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх газруудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан 15 иргэн, ААН-ээс “Мал төхөөрөх үйл ажиллагааг үнэлэх” үнэлгээрээр бага эрсдэлтэй гурав, дунд эрсдэлтэй хоёр, их эрсдэлтэй 10 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжид илэрсэн зөрчил дутагдалд 7.8 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан саналаа энэ долоо хоногтоо багтаж НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст тулгаж дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга нарын хамтрасан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тодорхой үр дүн гаргаж ажиллах, Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээлэж байгаа сургуулуудын судалгааг гаргаж, хоёр ээлжинд шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засврын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах, Авто зам болон хот нийтийн аж ахуйн хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.