Categories
мэдээ нийгэм

АНУ-д хариуцлагатай аялсан иргэдэд визний хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

Гадаад харилцааны яам АНУ-ын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сард эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян хоёрдугаар сарын ээлжийн нээлт өнгөрсөн баасан гарагт гарагт болсон байна. Иргэдийн гадаад орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд виз мэдүүлэх, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй, хариуцлагатай аялахыг олон нийтэд уриалах зорилготой уг аян хоёр дах жилдээ үргэлжилж буй юм.

Мөн гадаад оронд аялахдаа тухайн орны хууль дүрмийг зөрчихгүй, хариуцлагатай байхыг тус мэдээлэл, сурталчилгааны аянаар дамжуулан уриалжээ. Аяны хүрээнд ирэх сарын 01-нээс АНУ-д хариуцлагатай аялсан монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.

Тухайлбал, АНУ-д аялахдаа хугацаа хэтрүүлээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй, хууль бусаар ажил эрхлээгүй, иргэд ЭСЯ-нд визийн мэдүүлгээ үлдээгээд явах боломж олгох юм байна. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд визийн хүчинтэй хугацаа нь дууссан, өмнө АНУ-д хууль ёсны дагуу зорчиж хариуцлагатай аялсан виз хүсэгч заавал ярилцлага товлохгүйгээр визээ шинэчлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Визийн хугацаагаа хэтрүүлж, хууль бус үйлдэл гаргах нь монголчуудад сөргөөр нөлөөлдгийг сануулжээ.

Өнгөрсөн онд АНУ-д визийн хугацаа хэтрүүлсэн монгол иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1-2.8 хувиар буурсан байна. Гэвч 2017 оны аравдугаар сард тус аян хэрэгжиж эхэлснээс хойш АНУ-д аяллаар явсан зорчигчдын долоон хувь, сурахаар явсан оюутнуудын 17 хувь нь визний хугацаа хэтрүүлж, тэнд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ.

Уг аянд Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын элчин сайдын яам нэгдсэнээ мэдэгджээ. Тус улсын визийн талаар үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх төв байгуулах төлөвлөгөөтэй буйгаа ГХЯ-наас мэдээлсэн байна. Түүнчлэн иргэд виз зуучлуулан хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд хөдөлмөрлөх, амьдрах таатай орчин хүсч байна

Дөрвөн жил тутамд болдог “Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн дунд бүсийн чуулган” Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад Ази Номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагын төлөөлөл болох 100 гаруй зочин, дотоодын 80 гаруй гишүүн оролцож байна.

Хурлаар Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулдаг, хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, тэдэнд тулгамдаж буй асуудал, Монголын хараагүй иргэдийн амьдралд дэлхийн сайн туршлагаас суралцан нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэж байна.

Тус хуралд УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд С.Чинзориг оролцож харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан гол асуудлын талаар ярив. Тэрбээр “Харааны бэрхшээлтэй иргэдэд халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшингээс доогуур олгогдож буй нь тэдний амьдралд хүрэлцэхгүй байна. Тиймээс халамжийн тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэх, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага үүссэн. 2019 оны төсөвт халамжийн хуулинд өөрчлөлт орж, халамжийн тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй дүйцүүлж олгохоор хуулийн төсөлд тусгасан. Мөн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгодог зээл тусламжид харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулах нөхцөл боломжоор хангах юм. Тухайлбал, сангуудаас олгож байгаа зээлийн тодорхой хэсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөв хөтөлбөрт зарцуулах юм. Эдгээр сангийн зээл нь голдуу цахимаар явагддаг болохоор тэдгээр иргэд тендерт оролцох боломжгүй байдаг. Энэ талын нөхцөл боломжийг хангаж бариал үсэг суурилуулахыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хүнийг харааны бэрхшээлтэй гэж үздэг. Монгол улсын хэмжээнд 16 мянга орчим харааны бэрхшээлтэй хүн байгаагаас 4,6 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг.
Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч /МХҮХЕ/ Д.Гэрэл хэлэхдээ, “Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төв”-д 320 хүн хамарснаас 70 орчим хувь нь массажистаар ажиллаж байна. Хараагүй иргэдийн дийлэнх хувь нь массажист болон хараагүйчүүдийн үйлдвэрт ажилладаг.
Бусад орны хараагүй иргэд компьютер, интернетийн мэдлэг эзэмшин хүмүүст мэдээлэл өгөх зэрэг ажил хийдэг. Энэ талаар судлан, бусад орны сайн туршлагыг нэвтрүүлнэ. “Хараагүйчүүдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”/ХМСҮТ/ -д бүрэн хараагүй хоёр хүнийг хамруулж, компьютер дээр ажиллах чадварт сургасан нь Нийгмийн даатгалын хэлтсийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх “Call center”-д амжилттай ажиллаж байна. Хараагүй хүмүүсийг ажил хийж чадахгүй гэж дүгнэдэг нь буруу. Хэрэв багахан дэмжлэг үзүүлээд, эхлэлийг нь тавиад өгвөл бидэнд боломж бий. Хараагүй иргэнийг ажиллуулаагүй аж ахуй нэгж, байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар торгууль төлдөг. Мөн хараагүй хүүхдийн боловсролын асуудал орхигдоод байна. Харааны бэрхшээлтэй хүүхэд багаасаа боловсрол эзэмшихгүй бол халамжлуулагч болж хувирдаг. Хөдөө орон нутгаас эцэг эхчүүд 7, 8 настай хүүхдээ сургуульд оруулахаар ирдэг. Гэвч хүүхдийг сургах бариал ном, сургалтын зардал байдаггүй. Энэ тухай эрх баригчдад ярьж хэлдэг ч бодит амьдрал дээр шийдвэрлэсэн зүйл алга. Тиймээс хөрсөн дээр буусан шийдвэр гаргаж, бидний оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлээсэй гэж хүсч байна” гэв.
Хуралд орон нутгийн төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд МХҮХ-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Мөнх-Эрдэний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Улс орнууд хараагүй хүмүүсээ хэрхэн дэмждэг, ямар туршлагаар ажилладаг тухай судалж, мэдэхийн тулд өнөөдрийн чуулга уулзалтад оролцож байна. Би FM-радиогийн салбарт 2000 оноос хойш ажиллаж байна. Төрөөс хараагүй хүмүүст чиглэсэн бодлого алга. Хараагүй иргэдэд тохирсон ажлаар хангах, тэдэнд хөдөлмөрлөх боломж ологохыг хүсч байна. Харааны бэрхшээлтэй хүнийг жаахан л дэмжээд өгөхөд төр, хувийн хэвшилд ч ажиллах бүрэн боломжтой. Миний хувьд алхам тутамд бэрхшээл тохиолддог. Ялангуяа хараагүй хүмүүст зориулсан зам байдаггүй нь өдөр тутмын ажилд саад болдог. Мөн зам хөндлөн гарахад дуут гэрлэн дохио, лифтэнд суухад дууны төхөөрөмжтэй байвал илүү хялбар” байх боловуу гэлээ.
Чуулга уулзалтад хараагүй иргэдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд тэдний гар ажиллагааг хөнгөвчлөх технологийг ч танилцуулж байв. Хараагүй иргэн уншиж, бичих боломжтой компьютер байсан юм. Тус компьютер нь Ази, Европын орнуудын хэрэглээнд бүрэн нэвтэрсэн бөгөөд өнгөрсөн онд тусламжаар 116 дугаар сургуульд нэг ширхэгийг өгсөн байна. Чуулга уулзалт энэ сарын 9-12-ыг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн ар гэрт олгох нөхөн олговрыг 2019 оноос өгч эхэлнэ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэр бүлийн гишүүдээ цагаатгуулахаар өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн асуудлыг 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулж ирсэн. Уг хуулийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-аас өргөдөл гомдол хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд Я.Санжмятав гишүүний санаачилгаар тус хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авхуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг аж.

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг 2 жилээр сунгаж, 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ. Харин нөхөн олговрын тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгох юм байна.

-Мөн өмнөх хуульд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс ач зээ нарт нөхөн олговор олгодог байсан бол энэ удаад эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан, нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн аль нэгт нь өгөхөөр болжээ. Гэхдээ эдгээр хүмүүсээс өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговрыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

-Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох аж.

Энэ өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр тус хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. Мөн өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчилэн хийд хэлмэгсдийн хойдын буянд зориулан хурал ном хурж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Алтанцэцэг: Багшийн цалинг 15 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд багш нарын цалинг 15 хувиар нэмэхийг шаардаж суулт хийлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд багш нарын цалинг 15 хувиар нэмэхийг шаардаж суулт хийлээ.

Багш нар эхний ээлжинд 15 хувиар нэмээд цаашдаа 35-аас 50 хувиар шат дараатай нэмэхийг шаардаж байгаа юм.

Энэ талаар 58-р сургуулийн багш Б. Алтанцэцэгээс тодрууллаа.

-Засгийн газар цалинг найман хувиар нэмсэн шүү дээ. Одоогоор үүнээс илүү нэмэх боломжгүй гэсэн. Гэтэл яагаад нэмэхийг шаардаад байгаа юм бэ?

Цалин нэмэх боломжтой гэдгийг судалж үзсэний үндсэн дээр бид шаардлагаа хүргүүллээ. Засгийн газар, Боловсролын сайд худлаа мэдээлэл тарааж иргэдийн тархийг угааж байна. Ажил хаялт зогссон, бид цалинг хангалттай нэмсэн гэх мэтчилэн мэдээлэл тараасан. Худал учир ажил хаялт үргэлжилсээр байгааг та бүхэн харж байна.

-Цалин нэмэхгүй бол яах вэ?

Нэмэх хүртэл нь жагсаалаа үргэжлүүлсээр байх болно. Цалин нэмэхгүй гэсэн ойлголтыг бид хүлээж авахгүй. Нэмнэ гэдэгт бид бат итгэлтэй байна.

-Үүний цаана хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Багш нар хүүхдийн эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой биз дээ?

-Мэдээж хэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Гэхдээ бид хүүхдийн эрх ашиг, төр засгийн боломж бололцоог олон жил харж, хүлээлээ. Төр засаг хүүхдийн эрх ашгийг боддог байсан бол эхлээд сурагчийн сурах бичгийг хангалттай бэлдэж өгөх байсан. Бид хүүхдүүдийн гэрийн даалгаврын материал, зарим номын хуудас зэргийг хэвлэж тараадаг. Өнөөдөр боловсролын салбар үнэлэмж маш муу байна.

-Ажилт хаялт зарлаад байгаа багш нарын оронд цалингаа голохгүй ажиллая гэсэн багш нар зөндөө байна гэсэн мэдээлэл байгаа?

-Энэ бол худлаа. Монголд багшийн орон тоо маш их. Ирж ажиллаж байгаа багш нар алга. Наад зах нь багшлах эрхийн шалгалтандаа тэнцээгүй хүмүүс их байна. Энэ хүмүүс багшилж чадах уу. Ямар ч туршлага, мэдлэггүй хүмүүс л байгаа.

Багшийн сургуульд хамгийн бага оноотой хүүхдүүд суралцаж байна. Энэ бол эмгэнэл. Яагаад гэвэл багшийн цалин бага байгаатай холбоотой.

-Хүүхдүүд хоцорсон хичээлээ яаж нөхөх вэ?

-Бид илүү цагаар ажиллаж байгаад нөхнө. Эртхэн нэмсэн шиг нэмчихсэн бол хүүхдийн эрх ашиг хохирохгүй, бидний ажил удаашрахгүй байх байсан. Бид эрх ашгийнхаа төлөө, хуулийн дагуу жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. Жагсаал цуглаан хийж, цалингаа нэмэхийг шаардаж байна гэдэг бол бид эрхээ эдэлж байгаагийн нэг илрэл гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна гэв.


Цуглааныг зохион байгуулагчдаас ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийллээ. Ажил хаялтын хүрээнд тавьсан шаардлагыг талууд зөвшилцөлд хүрвэл ажил хаялт зогсож хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ.
Энэхүү ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэв. Нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа аж. Мөн ажил хаялтад оролцож буй сургуулиудын багш нарыг дарамтлахгүй хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа. Тэд салбарын сайд нь гадаадад томилолттой, холбогдох албан тушаалтнууд тэднийг хүлээн авч уулзахгүй байгааг хэлэв.

Жагсаалд оролцогчид “цалин нэм, цалин нэм, цалин нэм…” хэмээн нэгэн зэрэг шаардлага тавьж байсан юм. Хойд Солонгосын барилгын ажилтан 500 ам.доллар авч байхад манай багш 200 ам.долларын цалинтай гэж цуглаанд оролцогчид болон Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа сонордууллаа.

Уг шаардлагад, 2018 оны есдүгээр сарын 03-ны өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хугацаагүй ажил хаялтанд төв, орон нутгийн 130 гаруй сургууль цэцэрлэг оролцож байна. Бид цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд дараах шаардлагыг хүргүүлээд байгаа. Үүнд:

1.2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсадын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

2. 2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсадын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох

3. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

4. Ажил хаялтанд оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.

Уг шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардсан байна.

хэлж байлаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Эрдэнэт үйлдвэр төлөвлөснөөсөө илүү хүдэр боловсруулжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө энэ оны эхний 8 сарын байдлаар бүх үзүүлэлтээр 100 хувь давж биелжээ.
Үйлдвэрийнхэн төлөвлөж байснаас илүү хөрс хуулж, уулын цул олборлосноор 398 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Мөн төлөвлөснөөс 2.9 сая тонн зэсийн, 255 тонн молибдений баяжмал илүү үйлдвэрлэсэн талаар тус үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлтээ хийлээ

Өнөөдөр дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт өнөөдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Тус цомгийг 20-р зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд багачуудад хүргэхээр бүтээсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Бидний бага байхдаа дуулдаг байсан тэрхүү гайхамшигтай төгсөгчдийн дууг албан ёсоор зөвшөөрөлтэйгээр дуулж өнөөдөр цомгийн нээлтээ хийж байна. Энэхүү цомогт маань арав гаруй дуу орсон. Цоморлогийн өдөрлөгт соёл урлагийн тоглолтууд циркийн үзүүлбэрүүд багтаж байгаа. Би багадаа энэ л дуунуудыг сонсож хүмүүжсэн. Мартагдах шахсан дуунуудаа сэргээе хэмээн бодож дуулсан. Одоогоор хэд хэдэн дуугаа дүрсжүүлсэн. Шинэ цомогт орсон таван дуугаар дүрсжүүлэн кино концерт хийсэн. Шинэ цомгийн нээлтэй давхцан кино концерт нээлтээ хийж байгаа. Өнөөдрөөс эхлэн цомог худалдаанд гарсан. Ирэх хавраас цомгийн баяр тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ

“Samsung Electronics” компанийн зах зээлийн үнэлгээ өсчээ

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 орчим хувиар өсч, 80.1 тэрбум долларт хүрсэн байна.

Их Британийн “Brand Finance” компаниас гаргасан БНСУ-ын шилдэг 50 компанийн үнэлгээний жагсаалтыг ухаалаг утас үйлвэрлэгч “Samsung Electronics” компани тэргүүлжээ. “Samsung Electronics” компанийн үнэлгээ 88.8 триллион вонд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 57 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Үүний зэрэгцээ тус компанид “Brand Finance” компаниас өгдөг хамгийн дээд буюу “ААА+” үнэлгээг өгсөн байна. Ингэснээр ийм үнэлгээ авсан цорын ганц компани нь “Samsung Electronics” болж байна.
Харин автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани 11.3 триллион воны зах зээлийн үнэлгээтэйгээр уг жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол “LG Electronics” компани 8 триллион воны үнэлгээтэйгээр гуравдугаарт оржээ.
Мөн “Samsung Electronics” компанийн эцэг компани болох “Samsung Group” 105 триллион долларын үнэлгээтэй байна гэж тайланд дурджээ. Энэ нь дэлхийн хэмжээнд “Amazon”, “Apple” компанийн дараа гуравдугаар бичигдэх үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар шинэ байрны нээлтээ хийлээ


Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар шинэ байрныхаа нээлт болон алба сурталчилах үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ОБЕГ-ын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана, Онцгой байдлын газрын ахмадын төлөөлөл оролцов.

Онцгой байдлын газрын шинэ барилга нь 20 автомашины тавиулан, оффис, 6 айлын орон сууц, бялдаржуулах танхимтай 1296 м2 талбай бүхий иж бүрэн цогцолбор бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилгын гадна талбайн тохижилтыг алба хаагчид өөрсдийн хүчээр бүтээн байгуулсан юм.

Харин нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Онцгой байдлын газарт КОВШ-150 трактор, 24 айлын орон сууц барих газар олгохоор шийдвэрлэлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т нэгдэнэ

Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Бид өмнөх их цэвэрлэгээнүүдийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, ААН, байгууллага, иргэдийг уриалж, түлхүү оролцуулж байсан. Энэ удаад хог үүссэн тодорхой цэгүүд дээр ажиллана. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүргүүдийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэх үүрэг өгч, тушаал гаргасан. Мөн УБЗАА-наас тодорхой санхүүгийн дэмжлэгтэйгээр төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүрэгт үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг тохижилт үйлчилгээний компаниудаар бүрэн цэвэрлүүлэх үүрэг өгсөн. Хувийн хэвшлийнхэн болон иргэдийг энэхүү цэвэрлэгээний ажилд оролцохыг уриалж байна” гэв.

“ЖиСиАй конгресс” зулуучуудын байгууллага Туул гол дагуу цэвэрлэгээ хийх юм байна. УБЗАА болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүрэг 20-р хороо Шар хоолойн ам, 24-р хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэг, Хан-Уул дүүрэг 10-р хороо Морингийн даваа, 4-р хороо БУК-ийн урд хэсэг дэх барилгын хог, Баянгол дүүрэг 22-р хороо 10-р хэсгийн 10, 13, 15-р гудамжны ойролцоо, Материал импексийн орчим, Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо рашаантын хогийн цэг, Нарийн шар хадны хэмэг, Сүхбаатар дүүрэг 20-р хороо Тоосгоны эцсийн буудал орчим, Хангай хотхоны ойролцоо, Чингэлтэй дүүэг 5-р хороо Үлэг гүрвэлийн музейн хойд хэсэг, Налайх дүүрэг 1-5-р хороо, Тэрэлжийн сав газар орчимд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Нийт 80 мянган мКв талбайгаас 2250 тонн хог хаягдлын цэвэрлэх юм байна.

“ЖиСиАй конгресс” салбар байгууллагын дэд ерөнхийлөгч Ц.Түвшинжаргал “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр нь анх 2007 онд Стони улсад үүссэн. Энэ өдөрт Монгол Улс 2018 оноос нэгдэж байна. Иргэд, ААН, хамт олон, найз нөхдөөрөө нэгдэх боломжтой. Манай байгууллагаас Туул голын эрэг дагуу зургаан байршилд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар Монголын ротари клуб, АПУ компани, Монголын барилгын хөгжлийн үндэсний ассоциаци, Стони улсын өргөмжит консул зэрэг байгууллагууд зохион байгуулалтад оролцож, санхүү болон хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тайваний эмнэлэгүүдээс туршлага судлана

Монгол улсын томоохон эмнэлгүүд Тайваний эмнэлгүүдээс туршлага судалж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Тайваний Эмнэлгийн холбооны эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг хэлэхдээ “Манай эмнэлэг Тайванийн эмнэлгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсандаа баяртай байна. Эхний ээлжинд гурван эмч Тайваньд сургахаар боллоо. Цаашид жилдээ 2-3 эмч сургана. Мөн Монголд эмчилж, оношлогдохгүй байгаа арьсны өвчнүүдийг хамтарч эмчлэх тохиролцоонд хүрлээ.

Монголын томоохон эмнэлгүүд Тайваний туршлагыг судална

Тайваний эмнэлгүүд орчин үеийн дэвшилтэт технологи, эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн соёлоороо дэлхийд тэргүүлдэг. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үүднээс Тайваний эмнэлгүүдээс туршлага судалж, дэвшилтэт технологи, хөтөлбөрүүдийг нь эмнэлэгтээ нэвтрүүлэхээр ажиллахаар төлөвлөж байна.

Тухайлбал, эмийг цахимжуулах технологийг судалж байна. Цахим эмийн систем нэвтрүүлснээр эм олголт хяналттай болохын зэрэгцээ өвчтөн аль эмнэлгийг сонгож үйлчлүүлэх эсэх нь нээлттэй болно гэж харж байгаа. Бид дэвшилтэт хөтөлбөрүүдээс туршлага судлахыг эрмэлзэж байна. Одоогоор манай эмнэлэг үйлчилгээний соёлыг сайжруулах хүрээнд эмнэлгийн үйлчилгээг цахим системд холбогдсон байгаа. Ингэснээр эмч, эмнэлгийн ачааллыг хэд дахин буурснаас гадна үйлчлүүлэгчид цахим бүртгэлийн дагуу эмнэлэгт ирэх цагаа тохируулах, үзлэгийн мэдээллээ нээлттэй харах боломж бүрдсэн” хэмээсэн байна.

Харин Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр “Манай эмнэлэг гадаад харилцааныхаа шинэ эх үүсвэрийг нээж байна. Бид Тайваний Эмнэлгийн холбоонд багтдаг Цэргийн Ерөнхий эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Энэхүү нэр хүндтэй эмнэлэгтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эхний ээлжинд эмч мэргэжилтнүүдээ Тайваньд сургах талаар ярилцсан. Цаашлаад Тайваний эмч нарыг урьж авч ирж, эмчилгээ, оношилгоо хийлгэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Монголын томоохон эмнэлгүүд Тайваний туршлагыг судална

Манай эмнэлэг шинэ байртай орчин үеийн эмнэлэг боловч бидэнд Тайваний эмнэлгийн хөгжил, дэвшлээс суралцах зүйл их байна. Учир нь, Тайваний анагаах ухааны хөгжил дэлхийд тэргүүлдэг. Тайваний эмнэлгийн давуу тал болсон технологи, инновацийн хөгжил, эмчилгээний дэвшилтэт үйлчилгээ, эмнэлгийн соёлоос суралцах, туршлага судлах, авах зүйл маш их бий” гэдгийг уулзалтын үеэр тодотгожээ.

Монголын томоохон эмнэлгүүд Тайваний туршлагыг судална

Тайваний Эмнэлгийн холбооны удирдлагууд энэ сарын 3-6-ны өдрүүдэд Монголд зочилсон байна. Энэ үеэр дээрх хоёр эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлсэн ажээ. Түүнчлэн хамтран ажилладаг зарим эмнэлгүүд болох Улсын Нэгдсэн Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдэд зочилж, Монгол эмч нартай хамтран иргэдэд болон хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн байна. Мөн хоёр орны эмнэлгүүдийн туршлага солилцох уулзалтыг хийж, эмч нарт зориулсан сургалт зохион байгуулжээ.

Тайваний Олон Улсын Эрүүл мэндийн холбоо нь Монголын эмнэлгүүдтэй 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголоос эмч нарыг урьж, туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгуулсаар ирсэн байна. Үүний зэрэгцээ Монголоос очсон өвчтнүүдийг тохирох эмнэлэгтэй нь холбон, Тайваний Эрүүл мэндийн яамны баталсан журмын дагуу хөнгөлөлттэй эмчилгээ, үйлчилгээнд хамруулдаг аж.

Тайванийн Эрүүл мэндийн холбоонд Тайпей хотын Цэргийн Ерөнхий эмнэлэг, Тайчун хотын Ахмад дайчдын эмнэлэг, Хятадын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг /China Medical University/, Юанлин хотын Юань Рөн, Юань Шин зэрэг Тайваний томоохон эмнэлгүүд багтдаг бөгөөд Монголчууд эдгээр эмнэлгүүдэд ихээр үйлчлүүлдэг байна.

Үүнээс гадна манай Улсын Нэгдсэн I, II, III төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Дорнодын Бүсийн оношилгооны төвтэй хамтран ажилладаг аж.