Categories
мэдээ нийгэм

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Дорнод аймгийн Матад суманд төрсөн түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, намтар, уран бүтээлийг сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тус аймгийн удирдлагууд өнөөдөр их эрдэмтний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ, соёлын тэргүүний ажилтан Ж.Цагаан нарын санаачлагаар их эрдэмтний 110 жилийн ойд зориулан урласан цагаан толгойн гэрэлт самбарын нээлтийг хийжээ.



Categories
мэдээ нийгэм

70 орчим гар утас хулгайлсан этгээдийг баривчилжээ

НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018.09.05-06-г шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган орхон багын нутаг дэвсгэрт байрлах “Манлай-тод” захаас монет мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг илрүүлэн дайчлан баривчилжээ.

Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 орчим настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчооны зам засварын үеэр явах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлийн замналд өөрчлөлт орж байна. Үүнд:

  1. Ч:12 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.
  2. ХО:3“Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  3. ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  4. ХО:5 “Налайх – Офицеруудын ордон – МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр, Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИС хүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.
  5. ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөв.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2018 оны есдүгээр сарын 11-ний 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж хийх тул зорчигч та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд 20 боть ном гаргана

Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн танилцуулаг, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын соёлын өвүүдийг танилцуулсан 20 боть номыг энэхүү төслийн хүрээнд хэвлүүлэх аж. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад монголын соёлын өв, Монгол Улстай холбоотой дурсгалууд хадгалагдаж байгаа аж. Тухайлбал, ОХУ-д хадгалагдаж байгаа үзмэрүүдээр гурав, Тайваны хааны ордны музейд байгаа цуглуулгаар хоёр боть гэх мэтээр 20 боть ном хэвлүүлэх юм байна.

Төслийн хүрээнд

  1. Монголын түүх, соёл, өв уламжлалтай холбоотой өв санг нэгтгэн системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж
  2. Нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн цахим санг байгуулах
  3. Монголын түүх, соёлтой шууд болон дам хамааралтай дурсгалуудын судалгааг нэгтгэн хэвлэн нийтлүүлж гаргах
  4. Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид.сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулалтад оруулах
  5. Монголын дэлхийн улс оронд хадгалагдаж буй соёлын өвийг дотоод болон гадаадад сурталчлах зорилготой аж.

Энэ үеэр түүх археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун ярихдаа “Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран дэлхийн улс орнуудад байгаа Монголын соёлын өвүүдийг нэгтгэж бүртгэх, бүтээл хийх зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний олж мэдсэнээр 34 улсад Монголын соёлын өв монголчуудын ул мөртэй холбоотой дурсгалууд байгаа юм. Бид монголын түүхэнд хэрэгжих хамгийн том төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Өнөөдөр хэлэлцүүлгийн шатыг зохион байгуулж байна. Монголын соёлын өвийн тухай 20 боть гарна. Тухайн улсаас нэг Монгол судлаач оролцох бол манай талаас хоёр эрдэмтэн оролцоно. Бид гадаад улсуудын номын сан архив музейгээс монголын соёлын өвийн бүрэн бүртгэл хийж байна. Манай судалгаа албан ёсны зөвшөөрөлтэй. Бид 34 улсын 20 гаруй улстай нь албан ёсны харилцаа тогтоож гэрээ хийсэн. Энэ бол том алхам. Узбекстан улс яг ийм төсөл хэрэгжүүлж өөрийн улсын өв соёлыг баталгаажуулжээ. Манай улс ингэж өв соёлоо баталгаажуулж авахгүй бол бусад улс орнууд өөрсдийн болгох эрсдэлтэй” гэв.

Монголчуудын тухай гэрэл зураг гадаадад 50 мянга орчим байдаг байна. 20 боть номоо гаргахдаа гэрэл зураг, гар бичмэл, бичгийн эх сурвалж, эд өлгийн зүйл гэх зэргээр төрөлжүүлэн хэвлэх аж. 2020 онд англи, монгол хэл дээр хэвлэгдэх энэхүү 20 боть номыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүд дэмжихээ илэрхийлжээ. Олон улсын монгол судлалын холбооноос санаачлан дэлхийн улс орнууд өөр өөрийн өв соёлтой холбоо бүхий өв санг судлах хамтын ажиллалааг өрнүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулах бүтээл туурвил гаргах ажлыг зохион байгуулж байна.

Каталог нь

  • “Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
  • “Унгар, Австри дахь Монголын өв”
  • “Хятад дахь Монголын өв”
  • “БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
  • “Польш дахь Монголын өв”
  • “Япон дахь Монголын өв”
  • “Франц болон баруун Европ дахь Монголын өв”
  • “Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
  • “Умард Евроцдахь Монголын өв”
  • “Америк дахь Монголын өв”
  • “Герман дахь Монголын өв”
  • “Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр хэвлэгдэх аж.
Categories
мэдээ нийгэм

Хүний биеийн эрхтэнтэй ижил бүтэцтэй зарим жимс ногоо эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

Германы эрдэмтэд нэгэн гайхалтай нээлтийг хийсэн нь хүний бие эрхтэнтэй яг ижил хэлбэртэй бол түүндээ эергээр нөлөөлдөг хүнсний ногоо, жимсний ач тус юм. Хүн төрөлхтөн өөрөө байгалийн бүтээл учир эд эрхтнийх нь үйл ажиллагааг дэмжих хүнсийг байгаль дэлхий өөрөө ижилхэн байдлаар бүтээсэн байдаг ажээ. Германы эрдэмтэд хүний эд эрхтэнтэй ижил хэлбэртэй жимс, ногоо үнэхээр үр дүнтэй байдаг эсэхийг туршжээ. Гурван сарын туршилтанд оролцсон хүмүүс өвдөж, зовиурладаг эд эрхтэнтэйгээ ижил хэлбэртэй ногоо жимсийг хэрэглэсэн байна. Үр дүн нь гайхалтай эерэг, басхүү үр дүн өндөртэй гарсан гэдэг.

Хөндлөн зүссэн лууван хүний нүдний солонгон бүрхүүлийн бүтэцтэй ижил харагддаг. Лууван нүдний цусны эргэлтэнд сайнаар нөлөөлж, нүдний цагаа үүсэх, нүдний эвэрлэг бүрхэвчийн эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Улаан лоольд агуулагддаг lycopene нь зүрхний элдэв эмгэгээр өвчлөх эрсдлийг бууруулдаг болох нь анагаах ухаанд хэдийнээ нотлогдсон билээ.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Уушгины жижиг гуурсанцаруудын төгсгөлд байх альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангууд нь усан үзмийн хонгорцогтой адил байдаг.Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тусалдаг. Сайн чанарын усан үзэм тогтмол хэрэглэснээр астма, бронхит зэрэг амьсгалын замын өвчин тусахаас сэргийлж чадна.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Тархины үйл ажиллагаа дэмжих, ой тогтоолтоо сайжруулахын тулд хушга идэхийг зөвлөх байна. Хушга нь омега3-аар баялаг учир алцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу тархины хөгшрөлтийг удаашруулдаг ид шидтэй.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Хоолны шингэцийг сайжруулахаас эхлээд цагааны гааны ходоодонд үзүүлэх эерэг нөлөөг дурдаад байвал мундахгүй олон. Азиуд цагаан гааны ид шидийг 2000 жилийн тэртээгээс мэдэж хүнсэндээ хэрэглэж ирсэн байдаг. Зөвхөн ходоод ч гэлтгүй шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд цагаан гааг хэрэглэдэг гэдэг.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Цитрусын төрлийн жимс нь нарны цацраг мэт харагдах дотоод бүтцээрээ хөхний сүүн булчирхайтай ижил. Энэ төрлийн жимс хөхний тунгалгийн булчирхайн үйл ажиллагааг дэмждэг.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Инжир жимсийг үргүйдлийг эмчилдэг гэдэг. Хэдийгээр судалгаагаар батлагдаагүй ч шээс хөөх, бөөрний чулуунаас хамгаалдаг чанар нь инжир жимсийг нөхөн үржихүй, бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг гэж үзэн инжир жимсийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг эмч нар цөөнгүй бий.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Чихэрлэг төмсөнд агуулагдах байгалийн цэвэр чихэр нь нойр булчирхайн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, бие дэх сахарын хэмжээг зохицуулдаг байна.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Бөөрний үйл ажиллагааг сайжруулахад хар, бор өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн сайн байдаг.Тэдний дундаас хүрэн шош нь найрлагадаа төмөр агуулдаг учраас цус төлжүүлдэг учир бөөрөнд онцгой сайн аж.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Цоохор майлзыг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс айлтгүй болно. Зөвхөн цоохор майлз гэлтгүй чинцай, гишүүнэ зэрэг ижил хэлбэртэй ногоонууд нь бүгд ясны бөх бат чанарт онцгой нөлөөлж бэхжүүлдэг.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Мөөгөнд агуулагддаг Д аминдэм ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Нэн ялангуяа чихний хамгийн эмзэг, жижиг яс буюу хүний тархинд дуу чимээ дамжуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг хэсэгт маш сайн гэдэг.

Ижил бүтэцтэй эрхтэндээ эергээр нөлөөлдөг жимс, ногоо

Авокадод агуулагддаг Е, А аминдэмүүд нь эмэгтэйчүүдийн шээс бэлгийн тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Ацтекаар төмсөг гэсэн утга бүхий авокадо жимсийг бэлгийн сэрэл өдөөгч гэх нь ч бий.

Categories
мэдээ нийгэм

Загас судлал, гидробиологийн судалгааг хийжээ

Загас судлал, гидробиологийн судалгааг хийжээ

Монгол-Оросын Шинжлэх ухааны академи хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 1970 оноос Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ. Уг экспедицийн 2018 оны төлөвлөгөө ёсоор Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэмтэн судлаачид хоёр чиглэлд 8 сарын 12-ноос 9 сарын 5-ны хооронд хээрийн судалгаанд амжилттай оролцоод ирлээ.

Усан орчны хоруу чанарын судалгааны отрядад Оросын талыг Борок хотын Дотоодын усны хүрээлэнгийн доктор Удоденко Юрий Геннадьевич, ахалж Комов Виктор Трофимович, Сажнев Алексей Сергеевич нарын хамт тус хүрээлэнгээс доктор Ч. Жавзан, М. Жансагсодном, Б. Рэнчинбуд нар оролцож Бороо голын тодорхой цэгүүдээс гадна Шарын голын уртын дагуу явж усны чанар, ёроолын хагшаас, загас, усны амьтанд мөнгөн усны болон бусад хоруу чанартай элементүүдийн хуримтлалын судалгааг хийж, лабораторт шинжлэх сорьц материал бүрдүүлжээ.

Загас судлал, гидробиологийн отрядын судалгааг явуулж Монгол оронд шинээр баригдсан усан цахилгаан станцын үүсмэл усан санд биологийн олон янз байдал бүрэлдэн тогтох процессыг судлах, Их нууруудын хотгор, Говийн нууруудын хөндийн гол, нуурт тархан амьдрах Потанины Алтайн сугас, Монгол хадран, Алтайн давжаа сугасны насны бүтэц, өсөлтийг тогтоох, судалгаанд хамрагдсан нуур, голын усны экосистемийн өнөөгийн төлөв байдлыг тогтооход чиглэгдсэн байна. Ийнхүү тус экспедицийн бүрэлдэхүүн хүрээлэнгийн захиралтай уулзан судалгааныхаа ажлын үр дүнг танилцуулж ирэх онд болох Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойг угтаж цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав.

Иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үүднээс нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах талаар мөн ярилцсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа юм.

Зарим төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс түгжрэл үүсдэг. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүдэг. Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өглөө.

Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс зарим уулзварт зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Төв шуудангийн уулзвараас ГХЯ-ны уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс дээрх хөдөлгөөнийг ГХЯ-ны уулзвараар эргүүлж П.Гэндэнгийн гудамжтай холбож гэрлэн дохиотой уулзвар болгон зохицуулах зохион байгуулалтын ажил хийгдэхээр боллоо.

Авто замын хөдөлгөөнийг зохицуулах алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, нэмэлт цалингийн асуудлыг хотын дарга шийдэхээ мэдэгдлээ.

Баянзүрхийн товчоо, яармаг орчмын замуудыг хэсэгчлэн хаана

Зарим замын засвар, өргөтгөлийн ажилтай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо орчмын авто зам засварын ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засварлах, өргөтгөл шинэчлэл хийх гэж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам эвдрэлтэй байдгаас хөдөлгөөний эрчим удааширч, осол аваар гарах, авто машин түгжирдэг байсан. Энэ орчимд 4-5 км газар авто машины түгжрэл үүсдэг байсан. Баянзүрхийн товчоог буулгасан. Дээрх нөхцөл байдалд холбогдуулан засварын ажил эхлэх гэж байна. Баянзүрхийн товчооноос гүүр хүртэлх, Богд уул руу эргэх хүртэл замд засвар өргөтгөлийн ажил хийгдэж 4 эгнээтэй болох юм. Энэ ажлыг бид маш хурдан хугацаанд буюу 10 хоногт багтаан засварлахаар төлөвлөсөн. Энэ сарын 11-21-ний хооронд замыг хэсэгчлэн хаана. Баянзүрхийн товчооноос Богд уулын зам хүртэлх далангийн барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Хөдөлгөөний ачааллыг багасгах, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүднээс түр замуудыг нээсэн. Баянзүрхийн товчооны гүүрээр урагш далан эргээд төмөр замын зурвасын хойд замыг сонгож зорчсоноор тус түр зам Богд уулын замтай нийлэх юм. Энэ замаар зөвхөн бага оврын тээврийн хэрэгсэл зорчино.

Харин Замын-Үүд орон нутгаас ирж байгаа том оврын ачаа тээшний тээврийн хэрэгслүүд Чойрын замруу эргээд төмөр замын 4-р зөрлөгөөр Төв аймгийн замаар дамжин нийслэл хот руу нэвтрэх боломжтой. Эдгээр хөдөлгөөний зохицуулалтыг тухайн замын цагдаагийн албатай хамтран газар дээр нь зохицуулалт хийх юм.

Мөн Яармагийн гүүрийн урд хэсэг буюу Богд уулын зам, гүүртэй холбогдож байгаа хэсэгт гүүрийн дам нуруу тавих ажил хийгдэнэ. Далангийн Д рамп нь Яармагийн замтай нийлэхдээ хуучин автозамын даланг өргөх ажил эхэлнэ. Энэ ажлыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн замыг хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан чиглэлд эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох замаар хөдөлгөөнийг зохион байгуулах юм.

Яармагийн гүүрийг энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр график хугацааны дагуу ажиллаж байгаа. Хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Улаанбаатар хотод 534 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 350 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрчээ. Өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнод, Хабаровскийн хязгаарын далайн боомтуудыг ашиглан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлэх ажилд хамтран ажиллах талаар ярилцаж, бодит хамтын ажиллагааг эхлүүлэх санал, хэлбэрийг хамтран боловсруулахаар тохиролцов. Уг ажлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс бүхий л дэмжлэг үзүүлж ажиллахаа Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорт нотлов. Түүнчлэн Хабаровскийн хязгаарт Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашид хоёр талын хамтын ажиллагааг соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарт хамтран хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Ванино далайн боомтын удирдлага болон уг боомтод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм

Италид мууранд зориулагдсан таван одтой зочид буудал нээгджээ

Италид мууруудад зориулсан зочид буудал нээгдэж, үйлчлүүлэгчиддээ үзвэр үйлчилгээний танхим, тусгай өрөөнүүд, ахлах тогоочийн бэлтгэсэн тусгай хоолны цэс зэргийг санал болгож байгаа талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Зочид буудалд байрлах үнэ харьцангуй бага аж. Нэг өдрийн 15 еврогоор тус зочид буудалд тухлах боломжтой бөгөөд түүнд бүх төрлийн үйлчилгээ, мөн хоол багтдаг байна. Зочид буудлын эздийн хэлж буйгаар, таван одтой энэхүү зочид буудал нь бусад, ялангуяа онцгой анхаарал, халамж тавьдаггүй, төмөр торонд байдаг мууранд зориулсан халамжийн газруудаас тэс өөр аж.

Тус зочид буудлаар 3-4 сараас дээш настай муурууд үйлчлүүлэх боломжтой юм байна. Бусад зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс мууруудад гэрийн тэжээвэр, тарилга хийлгэсэн, гэрчилгээтэй байх шаардлага тавьдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд зохиогдох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор мордлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины санаачлагаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар оролцох ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон бусад орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна.

Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.