Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонгуудыг цэгцэлж эхэллээ

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629, нийт 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708,6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байсан билээ.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглох” захирамж гаргалаа. Уг захирамж хэрэгжиж эхэлснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага “Техникийн шаардлагаМNS5924:2015 стандарт”-ын дагуу нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжтай болж, хамгаалалтад авсан усны сан бүхий газрын 28.554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12.708,6 га газрын хөрс, ус бохирдох нөхцөлийг эрс бууруулах юм. Мөн “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS5924:2015” стандартыг сурталчлах, хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох үйлчилгээ үзүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Баянзүрхийн товчооны замыг хаана

Сүүлийн саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км авто зам эвдэрч, зорчих орчин хязгаарлагдмал болсон. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж Баянзүрхийн товчоог буулгаад байсан юм.

Түүнчлэн өнөөдөр оройны 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ий өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 метр авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийх юм.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, дөрвөн эгнээтэй болгох аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо хийнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 21, 22, 23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийхээр болжээ. Тэрбээр 2011 онд анхны бие даасан “Давтагдашгүй”, 2012 онд “Эзлэн” тоглолтоо хийж байсан юм.
Энэхүү тоглолтод түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан дуунууд эгшиглэх юм. Мөн тэрбээр төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр үзэгч, сонсогчдынхоо оюуны сонорыг мялаах аж.
Тоглолтод Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Д.Жаргалсайхан, уртын дуучин Б.Мөнхбаатар, Б.Батцэцэглэн, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Никитон”, “Sweetymotion”, “S4” хамтлаг, поп дива С.Наран, дуучин Б.Замбалгарав, И.Мишээл, Софиа, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Үндэсний төрийн их найрал хөгжим, удирдаач Н.Буянбаатар, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нарын Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцох юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “One music” продакшн, “ON’n &OFF” продакшн ажиллаж байна. Тоглолтын тасалбар нь 50, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо эхэллээ

ОХУ-ын зүүн нутгийн боомт хот болох Владивостокт мягмар гарагт эхэлсэн Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид оролцож байна.

“Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож байгаа юм.

Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох ажээ.

Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа ажээ. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй нь энэ юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс дагалдан яваа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийг Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтан авчээ.

Categories
гадаад мэдээ

Жек Ма огцрохоо мэдэгдэв

Хятадын интернэт худалдааны томоохон төлөөлөгч болох “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма компанийнхаа захирлуудыг зөвлөлийн даргын албан тушаалаас огцорч буйгаа өчигдөр мэдэгдлээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Дэниэль Жан авах юм байна. Тэрээр ирэх оны есдүгээр сараас 10-нд үүрэгт ажилдаа орох юм байна. Юутай ч Жэк Ма албаа шилжүүлэх хүртлээ ТУЗ-ийн даргын албаа үргэлжлүүлэн хаших гэнэ. Тэрбээр гаргасан шийдвэрийнхээ талаар Хятадын твиттер гэгдэх “Weibo”-д жиргэхдээ “Алибабагийн бамбарыг Дэниэл болон түүний багийнханд шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн нь зөв цагт гаргасан зөв шийдвэр гэж үзэж байна. Дараагийн үеийн удирдагчдадаа бүрэн итгэж байна” гэв. Тэрээр цааш нь “Би боловсролын салбартаа эргэн орохыг хүсч байна. Миний хийх дуртай зүйл учраас маш их баяртай байгаа” гэжээ. Дашрамд дурдахад, Жек Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хүртэл удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байх аж. Тэрбээр интернэт худалдааны бизнест гайхалтай амжилтад хүрсэн нэгэн. Түүний компанийн нийт хөрөнгө 400 тэрбум ам.доллар гэх. Мөн дэлхийн томоохон компаниудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ.

Categories
мэдээ спорт

Унадаг дугуйгаар аялах “Чингис хаан-2018” Азийн наадмын бүртгэл эхэллээ

Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар аялах “ЧИНГИС ХААН-2018” Азийн наадмын бүртгэл эхэлжээ.

Тодруулбал, “Сити тоувер хотел” ХХК-ын “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болохоор товлогдсон байна.

Азийн орны дугуйчид “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж буй тус наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцох ажээ.

Аялалын маршрутын хувьд Сүхбаатарын талбайгаас гарч Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж туулын бэлчирээр яваад Цонжин болдогт барианд ордог энэхүү наадам нь тэмцээн биш аялал юм.

Өглөө 5.30 цагт эхэлж 18 цаг хүртэл барианд орох аяллын зам бартаа ихтэй, ус гол гаталсан, даваа гүвээ давсан дугуйчин бүрийн чадварыг сорьсон, сонирхолтой аялал байх учир аялалд оролцогч бүр баг бүрдүүлэн хамтын хүчээр туулдаг юм байна.

Гол ус их, зам бартаатайг тооцож зохион байгуулагчид том голын гармууд дээр Онцгой байдлын албатай хамтарч ажиллан, мөн эмнэлгийн үйлчилгээтэй машинаар аяллыг дагалдах аж.

Бүртгэлийн хугацаа 2018 оны 09 дугаар сарын 14-ний өдрийг дуустал бүртгэх бөгөөд бүртгэлийн хураамж нэг дугуйчин 35 000 төгрөг аж.

Унадаг дугуй сонирхогч хүн бүхнийг энэхүү наадамд оролцож, ОХУ, БНСУ, БНХАУ-ын унадаг дугуй сонирхогчидтой аялахыг урьж байна.

Бүртгэлийн хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Сити центр” барилгын 1301 тоот.

Холбоо барих утас: 8828-8223

Categories
мэдээ нийгэм

Шивээ-Овоо сумын 44 хүүхэд хоолонд хорджээ

Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын гуравдугаар цэцэрлэгт явдаг 44 хүүхэд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хоолны хордлогод оржээ. Тэдний зарим нь эмнэлэгт, зарим нь гэрээр эмчлүүлж байгаа аж. Одоогоор тус цэцэрлэгийг түр хугацаанд хааж, хоолонд хэрэглэсэн мах сүүг нь аймгийн Хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа гэнэ. Мөн багш нарын эрүүл мэндийн асуудлыг аймгийн Эрүүл мэндийн төвд шалгуулахаар өгчээ. Өнөөдөр /2018.09.11/ орой гэхэд хариу нь гарна гэж холбогдох албаныхан хэлсэн юм. Ингээд энэ талаар Шивээ-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Эрдэнэбаттай утсаар холбогдож товчхон тодруулга авлаа.

Тэрбээр “Өнгөрсөн Баасан гаригийн оройноос тус цэцэрлэгийн зарим хүүхдүүд бөөлжиж, суулгаж эхэлсэн байдаг. Бямба гаригийн өглөө гэхэд 44 хүүхэд суулгалт өгч, бөөлжих, халуурах зовуурьтай эмнэлэгт хандсан. Ингээд аймгийн эмнэлэг рүү гурван хүүхэд шилжүүлж, сумын эмнэлэг дээр долоон хүүхэд эмчлүүлж байна. Үлдсэн нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Тус цэцэрлэг өнгөрсөн жилээс дотоод асуудалтай байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил удирдлагуудыг нь хууль бусаар халж, намын томилгоо хийсэн. Ингээд шинэ удирдлага нь арга зүйч авахдаа өмнө нь цэцэрлэгийн хоолны мөнгийг шамшигдуулж байсан хүнийг ажилд авсан. Энэ хоёр нөхөр жил гаруй гуравдугаар цэцэрлэгийг удирдаад явахад ийм асуудал гарлаа. Тэд хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнсэнд анхаарахаас илүү намын асуудалдаа анхаарсны улмаас ийм асуудал үүссэн гэж би хувьдаа дүгнэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шонхор барьж байсан арабуудаас галт зэвсэгт илэрчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт шонхор шувуу барьж буй отгуудад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд отгуудад байрлах араб иргэдээс галт зэвсэг хүртэл гарсан байна. Тус аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлыг хэсэгт Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах ТББ, Монголын сайтуудын холбооны төлөөлөл, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид багтжээ.

Т.Мөнхболд хэлэхдээ, Ажлын хэсэг хоёр хоногийн хугацаанд Мөнххаан сумын долоо, Уулбаян сумын хоёр отогт шалгалт хийхэд маш олон зөрчил илэрлээ. Отог бүрт барих шонхор шувууны тоо хэмжээг заагаад өгсөн ч түүнийг хэтрүүлсэн, шонхроос гадна тагтаа, ногтруу шувуудыг их хэмжээгээр барьж агнасан, ашиглаж буй техник хэрэгслүүдийн ашиглалтын зөвшөөрлийн гэрчилгээ учир дутагдалтай гэх мэт алдаа дутагдлууд гарсан байна.

Нэг отог дээр л 2-3 араб иргэн байхаас гадна зарим нь галт зэвсэг биедээ авч явж байгааг илрүүлсэн. Үүн дээр ажлын хэсэг онцгой анхаарал хандуулж байна. Тиймээс бид энэ ажлыг цэгцлэх үүднээс отог бүрээс төлөөллийг авчирч уулзан, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газруудаас холбогдох зөрчлүүдийг арилгуулах талаар үүрэг чиглэл өглөө. Зөрчил арилгах ажлын хүрээнд дээрх отгууд Мөнххаан, Уулбаян сумдын төсөвт 100 орчим сая төгрөгийг төвлөрүүлэх ёстой. Эдгээрийг хэрэгжүүлсний дараа отгуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх чиглэлтэй байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эмч, багш, сэтгүүлчид БНСУ-ын олон удаагийн виз авах эрхтэй боллоо

Олон удаагийн виз олголтын журманд өөрчлөлт орсон талаар БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр мэдээлэл хийлээ. Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба шинэчилсэн байна. Сүүлийн үеийн судалгаагаар 1000 орчим Солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих олон удаагийн визийг авсан байна. Харин 37 мянган Монгол иргэн БНСУ-руу зорчих олон удаагийн виз авчээ.

БНСУ-руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан.

1. БНСУ-руу зорчиж байсан иргэн

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан

4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар

5. БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхдэд олон удаагийн виз авна.

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”, “Vip” байх

7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байсан.

Харин шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байгаа юм байна.

Олон удаагийн визний журманд дараах өөрчлөлтүүд оржээ.

-Олон улсад ашиглагддаг кредит карт нь “Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн визийг олгох эсэхийг шийднэ.

-Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгааг гаргажээ. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг аж ахуй нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд

-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз авах боломжтой. Мөн тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн визийг авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд

-Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин тухайн холбогдох нөхцөлийг хангасан иргэнд

-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн визийг олгохоор журамд өөрчлөлт оржээ.

Олон удаагийн визийг 1,3,5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.

Энэ үеэр “Солонгосын 7 хоног-2018” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Элчин сайд Консул Кил Ганмуг “Есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл “Солонгосын 7 хоног-2018” үргэлжилнэ. Арга хэмжээнд Сөүлийн гудамжны фестиваль, кино өдрүүд, Го даам, Таэквондогийн тэмцээн болно. Өнгөрсөн жилүүдэд соёлын долоо хоног зөвхөн Монголд суугаа Солонгос иргэдэд чиглэн зохиогдож зааланд болж байсан. Энэ удаагийн арга хэмжээг ил талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол болоод солонгос залуу үеийнхэн нэгдэж зохион байгуулж байгаа юм” гэв.

Categories
гадаад мэдээ

В.Путин, Ш.Абэ нар уулзав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Ш.Абэг өчигдөр Владивосток хотноо хүлээн авч уулзжээ. Оросын төрийн тэргүүн мэдэгдэхдээ “Хоёр талын харилцаа эрчтэй өрнөж байна. Мөн хоёр орны цэргийн байгууллагуудын хувьд энэ нь анхны хамтын ажиллагаа болох юм” гэжээ. Японы Ерөнхий сайд онцлохдоо хүмүүнлэнгийн салбарын хөгжлийг жишээ болгож, хоёр орны худалдааны эргэлт өссөнийг цохон дурдсан байна. Тэрбээр ярихдаа “Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт мөн өссөн үзүүлэлттэй гарч байсан. Сүүлийн зургаан сард энэхүү үзүүлэлт 20 хувиар нэмэгдсэн” гэжээ. Мөн тэрбээр хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болоод энхийн гэрээний талаар хэлэлцэх болно гэдэгт найдаж буйгаа онцолжээ. Сануулахад, өнөөдөр Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форум эхлэх юм. Японы ерөнхий сайд тус форумд оролцоно. Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болох үед хоёр тал энхийн гэрээ байгулахаар хэлэлцэж байсан ч тохиролцож чадаагүй. Учир нь Японы тал маргаантайд тооцогдох Кунашир, Шикотан, Итуруп, Хабоман арлуудыг нутагт нь буцаан өгөх нөхцөл тавьсан байдаг. Гэвч тал тэдгээрийг өөрсдийн эзэмшлийнх гэж үзсээр байгаа юм.