Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм.

Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартад нийцсэн гүйлтийн замтай болов

Налайх дүүрэг дэх Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дуусаж, комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ.

Тус тартан замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирсэн байна. Улмаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.

Уг байгууламж ашиглалтад орж байгаа нь Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж буй юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын азтанууд ирэх ням гаригт тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та энэ оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18.327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20.354 иргэн азтан болсон. Харин супер шагналын эзэн тодроогүй юм.

Categories
мэдээ нийгэм

​Анхан шатны шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт болно

Анхан шатны шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт болно. Шүүгчийн нэр дэвшигчийн нөөцөд бүртгэлтэй хуульчдыг энэ сарын 21-нээс бүртгэж эхлэнэ гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 102 дугаар тушаалаар зарим Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 2018 оны долдугаар сарын 02-ны өдрөөс наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “шүүгчийн бэлтгэл сургалт”–д хамрагдсан хуульчид нэрээ дэвшүүлнэ.

Нэр дэвшигч баримт материалыг бүрдүүлэн 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагаас есдүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд ЭНЭХҮҮ цахим хаягаар бүртгүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Хуульчдын холбоотой хамтран aжиллах гэрээнд гарын үсэг зурав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Хуульчдын Холбоотой хамтран тодорхой чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тус холбоотой Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагын оролцоог чухалчилж цаашид хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцав

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцав.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй цогцолбор хорооллын барилгын ажилтай танилцсанаар ажлаа эхлүүлсэн юм. Тус хэсэгт өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 400 орчим өрхийн 200 гаруй нь орон сууцандаа оржээ. Тус компанийн төлөвлөгөөгөөр энэ онд дахин 170, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Инженерийн шугам сүлжээний ажил хонгилын системээр бүрэн хийгдэж дууссан байна. “Баганат өргөө” ХХК-ийн зүгээс хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг хүсч байсан юм.

Дараа нь тус дүүргийн 13-р хороонд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн барьж буй “Цагаан хуаран” хотхоны барилгын ажлын явцтай танилцлаа. Газар чөлөөлөлт 85 хувьтай явагдаж байгаа аж. Ирэх аравдугаар сард багтаан 528 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Газраа чөлөөлсөн айлуудыг өмнөх ээлжийн орон сууцандаа оруулсан байна. Одоо баригдаж буй орон сууцанд дараагийн ээлжийн газраа чөлөөлсөн 14 айл орох юм байна. Харин “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонтуяагийн зүгээс орон сууцны цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Ажлын хэсгийнхэн цахилгааныг ирэх сард бүрэн шийдвэрлэж өгөхөөр шийдлээ.

Мөн тус дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн барилгын ажилтай танилцлаа. Энэхүү барилга нь өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, барилгын ажил удаашралтай байгаа юм. Ажлын хэсгээс үүний талаар тодруулахад арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн удирдлагууд хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү иргэдийг хохироож байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд захиргааны арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өсчээ

Монгол улсад ирсэн нийт жуулчдын тоо наймдугаар сарын байдлаар өссөн үзүүлэлт гарчээ. Жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.44%-иар өссөн аж. Улс орнуудаар нь авч үзвэл Тайланд, Тайвань, Энэтхэг, Солонгос, Герман жуулчдын тоо өссөн бол Австрали, Япон, Канад жуулчдын тоо буурав. Аялал жуулчлалын салбарын орлого 25.8% хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хангайн бүсэд байгаль орчны судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн төв байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр баригдсан “Судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн Хангайн бүсийн төв”-ийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа Архангай аймгийн Цэцэрлэг хотод боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Кристиан Гласс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга ноён Х.Батжаргал, Германы сэргээн босголтын банкны Монгол дахь салбарын төслийн зохицуулагч хатагтай н.Энхзул, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зөвлөх багийн ахлах зөвлөх ноён Хартмут Аббергер, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зохицуулагч н.Оргил, Архангай аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын дарга, ажилтнууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт” болно

Гадаад харилцааны яамнаас энэ сарын 12-14-ний өдрүүдэд хоёр томоохон чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яам түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүдийг Монгол Улсын соёлын элчээр томилон хамтран ажилладаг.

Тэгвэл эдгээр соёлын элч нарыг нэгдсэн мэдээллээр хангах, тэдний уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулах юм байна.

Чуулга уулзалтад БСШУСЯ, СУГ, НСУГ, БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, соёл урлаг, аялал жуулчлал, түүх, соёлын өвөөр дамжуулан Монгол Улсыг хэрхэн гадаадад сурталчлах боломж, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Өнөөдөр дэлхий дахинаа монголын соёл урлагийг сурталчилдаг “Соёлын элч” цолтон 39 байдгаас 21 нь энэхүү чуулганд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тус чуулга уулзалтаар зөвхөн “Соёлын элч” нар төдийгүй соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийг өргөн хамруулах юм байна. Мөн үеэр үзэсгэлэн гаргаж, салбар тус бүрээр тусгайлсан уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин “Хилийн чанад дахь монголчууд” чуулга уулзалтад өнөөдрийн байдлаар 130 орчим төлөөлөл оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Тус чуулганаар гадаадад амьдардаг иргэд, оюутнуудад тулгамдсан асуудлыг хэдлэлцэж, төрийн түшээдэд хүргэхээр зорьж буй аж. “Хилийн чанадад дахь монголчуудын ТББ-уудын анхдугаар чуулга уулзалт”-ыг дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд хоёр жилд нэг удаа чуулах тов гарчээ.

Өнгөрөгч чуулга уулзалтаар гадаадад суралцагсдад зориулан цахим сурах бичигтэй болох асуудлыг шийдвэрлэсэн байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Баатарсайхан: Ш.Батхүү шоронд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй

“Өдрийн сонин”-ы наймдугаар сарын 30-ны өдрийн дугаарт “Жаст”-ын Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцсан ярилцлагийг хүргэж байна.

-“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн бие муу байгаа гэж дуулдаж байсан. Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Ш.Батхүүгийн бие нэлээн хүнд байгаа. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, мөн бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний архаг хүндрэл байгаа учраас яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Тиймээс яаралтай гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, үүсээд байгаа хүндрэлийг оношлох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа чихрийн шижин өвчний хүндрлээс урьдчилан сэргийлэх, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар түүний бие дэх сахарын хэмжээ жирийн хүнийхээс дөрвөөс тав дахин илүү үзүүлэлттэй байна.

-Батлан даалтад гарсан юм уу. Ер нь хаана байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагын зүгээс Ш.Батхүүг өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хэвээр байгаа. Энэ хүний эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал шалгаж, хяналт тавьж байгаа байгууллага нь хариуцлагаа хүлээх ёстой. Түүнийг анх цагдан хорихдоо эмнэлгээс авч явсан, мөн зургаан сарын 27-ны өдөр цагдан хорих шаардлагагүй гэж шүүхээс үзэж гаргасан боловч дөрөв хоногийн дараа мөн л эмнэлгээс нь дахин барьж цагдан хорьсон.

-Хоригдоод хэр удаж байна вэ?

-Хоригдоод нийт 15 сар орчим болж байна.

-Та өмнө нь ярилцлага өгөхдөө “Хадгаламж” банкийг хууль бусаар төрийн мэдэлд авсан. Энэ үйл явц эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай ажиллагаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр “Хадгаламж” банкны актив хөрөнгийг Төрийн банк хууль бусаар авсан гэж ойлгож болох уу?

-Хууль бусаар авсан, аваагүй асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад өмнө нь гомдол гаргасан байгаа. Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд тухайн үед Хадгаламж банкны өөрийнх нь хөрөнгийн хүрэлцээ дутагдсан гэдэг шалтгаанаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр авсан. Ингэхдээ Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ гэдэг нэрийн дор банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч томилогдож байна гэдгийг энгийнээр хэлбэл тэрхүү эрх хүлээн авагч нь тухайн банкийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, ямар нэгэн байдлаар тухайн банкийг босгож ирэх үүрэгтэй очдог. Гэтэл Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр томилогдож очоод үдээс хойш нь тамга тэмдгээ хийлгээд, энэ банк цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй юм байна гэдэг саналаа тухайн өдөртөө гаргаж Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Ингэж саналаа өгөхдөө “Хадгаламж банкны өнөөгийн зах зээлд эзлэх байр суурь нь сайн. Олон ажилтан, салбартай. Энэ банкийг аваач гэж Монголын хоёр, гурван том банкинд санал тавьсан ч авах боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлье” гэсэн санал хүргүүлсэн байдаг. боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлье” гэсэн санал хүргүүлсэн байдаг.

-Банкны эрх хүлээн авагч очоод тэр өдөртөө л тийм санал гаргаж байгаа хэрэг үү?

-Тэгсэн. Ирсэн өдөртөө, бүр тодруулбал нэг, хоёр цагийн дотор л санал гаргасан гэж үзэхээр байгаа юм. Банкны тухай хуульд зааснаар бол Хадгаламж банкинд үүссэн нөхцөлийг тогтворжуулах, цааш нь өсгөж дэвжүүлээд явах уу, татан буулгах уу гэдгийг тэмтэрч үзэж, ажиллаж байж гурван сарын дотор Монголбанкинд танилцуулах ёстой. Гэтэл Төрийн банкинд тэр өдөртөө Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлсэн. Нэг өдрийн дотор саналаа ч гаргаж, хөрөнгийг нь шилжүүлээд шуурхай ажилласан байна лээ. Ер нь Төрийн банкинд шилжүүлэх асуудал анх удаа гарч ирсэн юм биш. “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан асуудал 2013 оны зургаан сарын үед босож ирсэн. Үүнтэй холбогдуулан ТӨХ-ны шийдвэр гарч “Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөлийг судлах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурлын баримтуудаас үзэхэд Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдсан. Хоёрт, Хадгаламж гэдэг тэр том банкийг Төрийн банк авч байгаа асуудал хөндөгдсөн байдаг.

Тэгэхээр Хадгаламж банкны эрх хүлээн авагч 2013 оны долдугаар сарын 22-нд гэнэт гарч ирээд, Монголбанкинд санал тавиад байгаа зүйл биш ээ. Өмнө нь ярьж тохирсон зүйл гэж харагдаж байгаа. Хадгаламж банкийг Стандарт банкинд өрөө төлөхөөс өмнө төрд шилжүүлээд асуудлыг эцэслэнэ гэдэг байдлаар явсан нь тухайн үеийн баримт материалаас ажиглагддаг. Тийм ч учраас долдугаар 22-ны өдөр 12 цаг хүртэл Монголбанк эрх хүлээн авагч томилохоор хуралдсан байдаг. Үдээс хойш нь Хадгаламж банкинд ирсэн эрх хүлээн авагч тамга тэмдгээ авч, татан буулгах санал гаргасан, Төрийн банкинд мөн активыг шилжүүлсэн байдаг. Хууль зүйн хувьд болон практик дээр нэг өдрийн дотор Хадгаламж банкинд эрх хүлээн авагч томилоод, ажиллаад, гуравдагч этгээд рүү санал явуулаад,саналыг нь аваад, татан буулгах санал хүргүүлээд,татан буулгаад байгаа нь хуульчдын болон банкны мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татдаг. Хууль бусаар энэ ажлыг хийсэн үү гэдгийг хууль, хяналтын байгууллага нь шалгаад тогтоох байх. Тухайн үед Хадгаламж банкны активын хэмжээ нь 1.1 их наяд,хадгаламжийн хэмжээ нь 550 тэрбум, харилцагчдын тоо 2,7 сая, салбарын тоо нь 502, ажилчдын тоо 3300 байсан. Тэгвэл 2013 оны эхний байдлаарТөрийн банкны активын хэмжээ нь 319 тэрбум, хадгаламжийн хэмжээ нь 86,6 тэрбум, харилцагчдын тоо 970, салбарын тоо нь 35, ажилчдын тоо нь 330 байсан. Үүнээс харахад ямар банкийг ямар банк руу шилжүүлсэн нь хэнд ч ойлгомжтой.

Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийг “таны оруулсан хөрөнгө зээлийн эрсдэлээ даах чадваргүй болсон байна. Тиймээс та өөрийн хөрөнгийн хэмжээг 10 төгрөг байсан бол 50 төгрөг болго” гэж Монголбанкнаас шаардлага тавьсан. Үүнийг хангаагүй гэж Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа явуулсан. Тэгвэл нөгөө талаас нь харъя. Хадгаламж банкны актив хөрөнгийг Төрийн банк дааж чадах байсан уу гэдэг том асуулт гарч ирж байгаа юм. Хоёрт, яагаад заавал Төрийн банкинд шилжүүлэв гэдэг асуулт гарч ирнэ. Хадгаламж банкийг 10 төгрөгөө 50 төгрөг болгоогүй гэж татан буулгасан хэрнээ яагаад 5 төгрөгийн хөрөнгөтэй Төрийн банкинд аваачаад нийлүүлчихэв. Энгийнээр бол тэр том саванд байсан хөрөнгийг жижигхэн сав руу хийхээр хальж асгана биз дээ. Би ойлгомжтой болгох үүднээс энгийн жишээгээр тайлбарлаж байгаа юм шүү. Ингэж хальж гарах нь хэнд ч ойлгомжтой. Хальж гаргахгүй гэж том савыг төр хууль зөрчин гаргаад өгчихсөнд л хамаг учир байгаа юм.

-Хадгаламж банкинд очсон Эрх хүлээн авагч тухайн үед банкны үйл ажиллагааг хэвийн болгох ямар нэгэн ажил хийгээгүй шууд л Төрийн банкны активыг өсгөх, том банк болгох даалгавраа яаравчлан биелүүлжээ гэж ойлгогдож байна…

-Баримтаас харахад Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн хийсэн энэхүү ажил нь нэг банкийг унагаж, нөгөө банкийг томруулах ажиллагааны нэг хэсэг болж харагдаад байгаа юм. Хадгаламж банкны эрх хүлээн авагч үйл ажиллагааны зардал гэж тухайн үед долоон тэрбум төгрөг бэлэн авч үлдсэн байдаг. Энэ бол санхүүгийн баримттай. Дээр нь эрх хүлээн авагч нь Ш.Батхүү гэдэг хүний 84 тэрбум төгрөгийн хөрөнгийг авч, ямар зээлийг хаасан, юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл мэдэгддэггүй. Хамгийн гол нь Төрийн банк нь Хадгаламж банкны тэр том активыг дийлэх санхүүгийн болон боловсон хүчний чадвар чадамж байсан уу гэдэг нь маш том асуудал.

-Тийм боломж байгаагүй юу?

-Төрийн банк бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жирийн л нэг банк, хуулийн этгээд. Ялгаа нь Хадгаламж банкинд Ш.Батхүү гэдэг хүн хөрөнгө оруулсан, Төрийн банкинд төр хөрөнгө оруулсан. Гэхдээ тэр том актив хөрөнгийг авах гэж байгаа 5 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөө 50 төгрөг болгож нэмэх ёстой. Төр хувьцаа эзэмшигч байлаа гээд хуулиас дээгүүр давуу эрх эдлэх ёсгүй. Энэ 50 төгрөгийг хаанаас Төрийн банк олсон байх вэ? Би энгийн жишээгээр л тайлбарлаж байгаа юм шүү. Үүнийг яаж нэмэгдүүлсэн хэрэг вэ. Мэдээж, тухайн үед Төрийн банк Хадгаламж банкийг авах санхүүгийн болон эрхзүйн боломж байгаагүй. Төрийн банкинд хэн нэгэн чадалтай этгээд хөрөнгө оруулж тусалж байж л өөрийн хөрөнгө нь нэмэгдэж, Хадгаламж банкны активыг авах боломж бүрдэнэ. Батхүүд тавьсан өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагаТөрийн банкинд ч мөн адилхан тавигдах ёстой. Төрийн банк өөрийн хөрөнгөө тэр шаардлагын хэмжээгээр нэмэгдүүлсэн байж таарна. Хэн санхүүгийн дэмжлэг үзүүлэв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

-Хэн өгсөн гэж…

-2013 оны нэгдүгээр сард Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсан. Хуулийн зорилт нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкин дахь албан журмын даатгалыг үйл ажиллагааг эрхлэн явуулахад оршиж байсан. Энэхүү даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит, тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд Хадгаламжийн даатгалын корпораци эрхлэхээр хуульчлагдсан. Энэ байгууллага 2013 оны зургаан сард Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байдаг. Даатгалын үйл ажиллагаанд зориулж Монголбанкнаас 50 тэрбум төгрөг, Засгийн газраас 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх УИХ-ын тогтоол мөн нэг сард гарсан. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хадгаламжийн даатгалын корпораци өөрийн чиг үүрэгт хамааралгүй, даатгалд зарцуулах хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж,Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 2013 оны хуулиар Хадгаламжийн даатгалын корпорцид бусад банкуудад хөрөнгийг нь нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх байгаагүй. Тийм учраас Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар Төрийн банкинд шилжүүлэх ажиллагаанд Хадгаламжийн даатгалын корпораци оролцсон гэж үзэхээр байна.

-Та тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байна уу?

-Хуулиар бол даатгалын нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардал, зээл болон гаргасан бондын үндсэн өр, хүүгийн төлбөр төлөхөд л Хадгаламжийн даатгалын корпораци зарцуулах ёстой. Бусад байдлаар зарцуулахыг тухайн үед хуулиар хориглосон. Хэрэв “Хадгаламж” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлд орсон тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр өгөх ёстой. Тэрнээс биш хууль зөрчин Төрийн банкинд хөрөнгө оруулах ёсгүй. Энэ үйлдлийг шалгаж тогтоох ёстой. Төрийн эрх бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн Хадгаламж банкны актив хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн, шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь энэ юм.

-Хадгаламжийн даатгалын корпорцийн хууль зөрчсөн үйлдлийг хуулинд өөрчлөлт оруулж баталгаажуулсан гэж сонсож байсан…

-Хууль бус үйл ажиллагаагаа хуулинд өөрчлөлт оруулах нэрээр халхавчилдаг байдал сүүлийн үед ажиглагдаж байгаа. Үүний бодит жишээ бол 2018 оны хоёрдугаар сарын 10-нд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулинд нэмэлт оруулснаар илэрсэн гэж би үздэг. Ингэхдээ миний тав зургаан жил хууль зөрчсөн гэж яриад байгаа асуудлыг хуульчлаад өгсөн байна лээ. УИХ-ын гишүүд ийм агуулга бүхий нэмэлт, өөрчлөлт орсныг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хуулинд зөвхөн Хадгаламжийн даатгалын корпорци бусад банкинд өөрийн хөрөнгө нь дутагдвал санхүүгийн дэмжлэг үзүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Хуульчийн хувьд шууд хэлэхэд хууль бус ажиллагаагаа халхавчлах гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж би үзэж байгаа гэдгээ дахин хэлье. Гэтэл 2013-2018 оны хооронд Хадгаламжийн даатгалын корпорци нь Төрийн банкнаас өөр ямар хувийн болон төрийн хөрөнгө оруулалттай банкинд өөрийн хөрөнгө нь дутагдсан гэдэг үндэслэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм бол. Үүнийг бас тайлагнах байх гэж би бодож байна. Төрийн оролцоотой хуулийн этгээд төрөөс хууль бус дэмжлэг авчихаад, хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хууль бусаар авдаг нь ардчиллын зарчим уу. Энэ ялгааг л би яриад байгаа юм.

-Хадгаламж банкны үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь Ш.Батхүү өөр банкинд нэгтгэх зэрэг бусад арга хэмжээг яагаад аваагүй юм бол…

-Төр хамгийн муу менежер гэсэн хэлц үг байдаг. 2013 оны долдугаар сарын үед Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн хувьд санхүүгийн хүндрэлээс гарах, Стандарт банкны өрийг төлөх хуульзүйн оролдлого хийсэн. Энэ юу вэ гэхээр Хадгаламж банкийг олон улсын санхүүгийн үнэлгээний аудитын компаниар үнэлүүлэхэд 300 сая долларын үнэлгээтэй гэж тогтоосон. Мөн дотоодын хэд хэдэн аудитын компаниуд ч ийм үнэлгээ хийсэн байдаг юм байна лээ. Үүний дагуу Хадгаламж банкны 65 хувийг 200 сая ам.доллараар зарж дүрмийн сангаа нэмэх зорилго байсан. Үүний дагуу Стандарт банкнаас авсан зээлээ бүрэн төлөх зорилгоор хувьцаа эзэмшигчийн асуудлаар Монголбанкинд хандсан байдаг. Монголбанк зөвшөөрөл өгөөгүй. Түүгээр ч зогсохгүй тэр том банкинд тэг үнэлгээ өгч, албадан татан буулгачихсан. Өнөөдөр хөдөлмөрлөж, өөрийн өмч хөрөнгөтэй болж, Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт гаднаас татаж, томоохон бизнес эрхэлж байсан хүнд яагаад луйварчин, залилагч гэдэг нэр зүүгээд байна вэ.

Тухайн үед эрүүлээр сэтгэж, төрд ч, Стандарт банкинд ч хохирол учруулахааргүй асуудлыг зохицуулж яагаад болоогүй юм бол гэдэгт би маш их гайхдаг. Асуудал түвэгтэй байсан, гэхдээ аливаа зүйлийг бүх талаас нь бодож, зөв шийдвэр гаргах нь маш чухал. Гэтэл төрийн үйл ажиллагаа нь банкны зээлийг барагдуулахад төрийн дэмжлэг үзүүлэх бус банкийг шуурхай татан буулгахад, хөрөнгийг нь шилжүүлж Төрийн банкийг томруулахад чиглэгдсэн нь цаанаа ямар зорилго агуулж байсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой гэж би үзэж байна. Мөн нэг зүйлийг онцлоход тухайн үед Хадгаламж банкны нэг ч харилцагчийн хадгаламж эрсдэлд ороогүй байсан. Зарим этгээд олон мянган харилцагчийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалсан гэж хэлэх байх. Ш.Батхүүгийн хувьд тухайн үед 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг Монголын топ 10 татвар төлөгчийн нэг байсан. Энэ хүний хийж бүтээн бий болгосон үнэт зүйлийг төр яагаад хууль бусаар нурааж байгаа юм бэ.

-Хадгаламж банкийг татан буулгаж Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагаа маш бага хугацаанд буюу нэг өдрийн дотор болсон гэлээ. Ингэж хурдавчлахын цаад шалтгаан нь юу вэ?

-Аливаа зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Хадгаламж банкийг татан буулгаж төрд авсан энэ ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн үү, хууль бус байсан уу гэдгийг өнөөдөр тогтоох ёстой. Өнөөдөр хэн хохирсон бэ гэдгийг ч тогтоох ёстой. Хадгаламж банкийг татан буулгах ажиллагаа нэгхэн өдрийн хагаст болсон үйл явдал. Бэлтгэл нууц ажил нь хэр удаан үргэлжилснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ бол хууль бус ажиллагаа гэдгийг би тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгөөд шалгуулж байгаа. Ард түмэн Ш.Батхүүг үнэхээр бүтээлч, бүтээгч, хөдөлмөрч хүн үү, залилан мэхлэгч байсан уу гэдгийг үнэн зөвөөр нь мэдэх ёстой. Үүнийг л би өмгөөлөгчийн хувьд хүсч байгаа юм.

-“Жаст” групп топ-10 татвар төлөгчийн нэг байсан гэлээ. Тэгвэл Хадгаламж банкийг татан буулгаснаар Ш.Батхүү гэдэг хүн хохирсон уу. Эсвэл төрд банкаа өгөөд өр ширнээсээ салж байна уу?

-Өнөөдөр Ш.Батхүү гэдэг хүн банк ч үгүй, бизнес ч үгүй, бизнес хийх боломж ч үгүй, хууль хяналтын байгууллагад зургаа дахь жилдээ шалгагдаж байна. Нөгөө талаас Ш.Батхүүг төр хохироож, ийм нөхцөл байдалд хүргэсэн гэдэг асуудлыг шалгаж л байх шиг байна.

Монгол Улсад хувийн өмчийг шахаанд оруулж авдаг, хүнийг юу ч үгүй хэн ч биш болгодог, нэр төрийг нь гутаадаг, гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарладаг, сүүлдээ хууль бус ял тулгадаг хэмжээнд очжээ. Бид Ш.Батхүүд нэг их наяд төгрөгийн хохирол учирсан гэдэг тооцоог АТГ-т гаргаж өгсөн. Өнөөдөр хүмүүс зарим зүйлийг их энгийнээр бодож байж болно. Зүгээр нэг хөрөнгийг аваад Төрийн банкинд өгчихсөн юм шиг ойлгож байж болно. Банкны актив бол байнга үржиж, өсч байдаг хөрөнгө. Төрийн банкны санхүүгийн тайлангаас харахад 2012 оны жилийн эцсээр 1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2013 онд Хадгаламж банкийг нэгтгэсэн таван сарын хугацааг оруулаад 6,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр Ш.Батхүүгийн босгосон Хадгаламж банкийг Төрийн банк аваад үр шимийг нь хүртэж байна гэсэн үг. Нөгөө талаас 1,1 их наяд төгрөгийн активтай банк жилдээ 40-50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо байдаг.

Ш.Батхүүг өнөөдөр залилан мэхлэгч мэтээр дуудаж байна. Тэгвэл энэ хүний Хадгаламж банкинд бэлнээр оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна вэ? Үүнийг Хадгаламж банкны эрх хүлээн авагч юунд зарцуулсныг АТГ шалгаж тогтоох байх. Өнөөдөр Стандарт банкнаас авсан зээл, Арбитрийн шүүхэд ялагдсан тухай л ярьж байна. 100 гаруй сая доллар төлөх боллоо гээд л. Энэ бол 250 орчим тэрбум төгрөг. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг. Даруй дөрөв дахин их байгаа. Энэ хүн төрөөс нэг ч компани хувьчилж аваагүй.Өөрөө компани байгуулж, гаднаас хөрөнгө оруулалт татаж, төдий зэрэгтэй том групп болгож Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж байсан хүн. Өнөөдөр зээлгүй компани гэж байхгүй. Зээл авч түүгээрээ ажиллаж, зээлээ төлж л явдаг зарчимтай.

-Ингэж хохирсон асуудлаа Ш.Батхүү гомдол гаргаад шалгуулж байгаа юу?

-Хадгаламж банкийг хууль бусаар татан буулгасан асуудлыг цогцоор нь, Эрдэнэт үйлдвэрийг Арбитрийн шүүхэд ялагдуулсан асуудал, мөн “Олон-Овоот”-ын асуудал зэргийг гомдол гаргаж шалгуулж байгаа. “Олон-Овоот”-ын хувьд тухайн үед 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гадны банкинд барьцаалагдсан байсан лицензүүдийг Монголбанкинд авчирч төвлөрүүлсэн. Гэвч 18 тонн алттай гэж Эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоосон нөөц худлаа болох нь олборлолтын явцад батлагдсан. “Олон-Овоот”-д асар их хөрөнгө оруулж олборлолт хийхэд ердөө зургаа, долоон зуун кг алт л гарсан. Тэгэхээр төр нөөцийг худлаа тогтоож Ш.Батхүүг хохироосон гэж би үзэж байгаа.

-Та хууль хяналтын байгууллагад үнэн зөвийг тогтоолгохоор хандсан гэж ярилаа. Үнэхээр таны хүсэлтийн дагуу энэ бүхнийг шалгаж байгаа юу. Харин ч Ш.Батхүү гэдэг хүнийг л шалгаад байгаа юм биш үү?

-Яг үнэндээ бол одоо гадуур Стандарт банкнаас авсан зээлийн тухай л ярьж байна. Ш.Батхүү гэдэг хүн амьдралынхаа турш залилан хийж, хөрөнгөжсөн мэтээр үзэж, хорьж шалгаж байна. Гол нь энэ бүх бизнесийг босгож ирсэн нь хэн нэг хүнд саад болсон юм шиг байна. Стандарт банкнаас би зээл аваагүй гэж Ш.Батхүү хэлээгүй. Харин ч авсан зээлээ төлнө л гэж хэлдэг. Үүний тулд Хадгаламж банк, “Олон-Овоот”, Эрдэнэт үйлдвэрийг ялагдуулсан асуудлыг зөвөөр шалгаж, миний оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна гэдгийг нь тогтоогоод өгөөч л гэж хүсч байна. Тэд Ш.Батхүүг шоронд хорьчихоод “Энэ хүнээс болж 109 сая ам.доллар алдлаа. Луйварчин” гэх мэтээр цоллож, хорьж байна. Ш.Батхүү тэнд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хорьж байх хооронд Төрийн банкны хувьчлалын талаар ярьж байна. Төрийн банк Хадгаламж банкны тэр их актив хөрөнгийг хууль бусаар авсан уу гэдгийг тогтоох цаг нь болсон. Хамгийн ноцтой нь, Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг ашгийн бус төрийн байгууллага ашгийн төлөө Төрийн банкны хувьцааг 2013 оны есдүгээр сарын 27-нд шилжүүлээд авчихсан байдаг. Өнөөдөр хүмүүс үүнийг мэдэхгүй л явж байна. Яагаад төр хөшигний цаана хуйвалдаж болдог, энгийн иргэн шударгаар явж болдоггүй хэрэг вэ. Үүнийг л прокурор, АТГ-ынхан шалган тогтоож өгнө үү гэж бид хүсч, АТГ-т бүх баримтыг гаргаж өгсөн.

Ш.Батхүү өнөөдөр хураасан хөрөнгөө оффшор дансанд хийж гадагш нь зөөгөөгүй, нуугаагүй. Авсан зээлээ цаг хугацаанд нь төлөөд бизнесээ хийгээд явж байсан. Тодорхой хэмжээнд эрсдэлд орсон нь үнэн. Гэхдээ энэ эрсдэлийг төр үүсгэсэн гэж би үзэж байна. Түүнийг хууль бусаар хорьсоор байгаа ч үнэн мөн нь олдох цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байна.