Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй

Нийслэлийн хөдөлгөөний ачаалал их байгаагийн улмаас тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахдаа тэгш сондгой дугаараар хязгаарлана гэсэн мэдээлэл гарсан.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодруулахад, Замын ачааллыг бууруулах үүднээс автомашины улсын дугаарын тэгш сондгой тоогоор ээлжлэн хөдөлгөөнд оролцуулах санал гарсан. Гэсэн хэдий ч олон нийтийн санал бодлыг тусгах судалгаагаар дэмжигдээгүй. Тиймээс тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй гэж ойлгож болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад, дотоодынхон гэлтгүй булан тохойд ил задгай бие засаж байна

Нийслэлд нийтийн 00-ийн хүрэлцээ муу байгааг шүүмжилсээр удаж байна. Манайхан байшингийн булан тохойд бие засчихаад хэнэг ч үгүй яваад өгдөг. Энэ үеэр зургийг олон нийтийнсүлжээгээр цацаж, бүдүүлэг, ичдэггүй амьтан зэргээр элдвээр хэлдэг. Үүний цаана ямар асуудал байгааг харах хэрэгтэй. Нийтийн 00 хангалттай байсаар байтал ийм үйлдэл гаргаж байна уу, үгүй юу гэдгийг.

Тэгвэл монголчууд биш гадаадын жуулчид, оршин суугчид гудамж талбайд ил задгай бие засаж байгаад зургаа даруулдаг болжээ. Учир нь өнөөдөр Соёлын төв өргөөний хажууханд бие засаж байгаа гадаадын иргэний зураг сошиалаар олны бухимдлыг төрүүлж байна.

Энэ талаар иргэд “Гадныхан манайд ирж бие засах газар хайгаад олж чадахгүй болохоороо байшингийн булан тохойд бие засах болжээ. Монгол улсыг доромжилж байна гэж гадныханыг буруутгах уу эсвэл нийтийн ариун цэврийн газрын хүрэлцээг сайжруулах ёстой гэдгийг анхаарах уу” хэмээн бичсэн байв.

Манайд зарим цайны газар, ялангуяа банк санхүүгийн байгууллага олон нийтийн 00 өрөө байдаггүй. Иргэд олон цагаар дугаарлан үйлчлүүлэхдээ тав тухтай орчинд наад зах нь чөлөөтэй бие засах газар орж чадахгүй байна. Хүмүүс нийтээрээ амьдарч байгаа нөхцөлд нийтийн ариун цэврийн асуудлыг шийдэж өгөхгүй байна гэдэг дутуу дулимаг явдал гэдгийг анхаарч 00-ийн өрөөг шийдэж өгөх хэрэгтэй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орох өөрчлөлтүүд

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд оруулах өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

  1. Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.
  2. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.
  3. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.
  4. Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой.

ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш гурван эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг юм.

Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нар Ерөнхийлөгч Х.Баттулга, сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт шаардлага хүргүүлжээ

Цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад байгаа багш нар Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг нарт энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардаж өчигдөр албан бичиг илгээжээ.

Зургаа дахь өдрөө үргэлжилж буй ажил хаялтад 130 гаруй сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ. Багш нарыг нэгтгэн зохион байгуулж буй Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин нэмэх асуудлаар УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:

  • 2018 оны Улсын төсөвт тодотгол хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 9 сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх.
  • 2018 оны улсын төсөвт тусгасан төсвийн байгууллагын ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох нэг ажилтны 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10-р сарын 1-нээс олгох.
  • 2019 оны 1-р сарын 1-нээс БСШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалин 50 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх.
  • Ажил хаялтад оролцсон нийт багш нарын цалин хөлсийг бүрэн өгөх гэсэн 4 заалт бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлццэж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг багш нар шаардсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар зүүн эргэх боломжтой болно

Замын хөдөлгөөн зохион байгуулалтад орж байгаа өөрчлөлтүүдээс танилцуулж байна.

Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна.

Түүнчлэн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.

Хүүхдийн ордны баруун хойд уулзваар зүүн эргэх боломжтой болно

ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.

Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Скайтел төвийн автобусны буудлыг шилжүүлнэ

Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн#автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчиж байгаа иргэдийг “Mers” өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав.

Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварласан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь наймдугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод есдүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Тэрбээр буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад авчээ.

2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм.

Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ болно

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018”-ийн нээлт энэ сарын 15-нд Сөүлийн гудамжны фестивалиар эхэлнэ.

Энэ үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт болох болохоос гадна Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай танилцах асрууд ажиллах юм.

Энэ хүрээнд Солонгос киноны өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт I-Cinema кино театрт дөрвөн улирал дамнан өрнөсөн Солонгос залуусын сонирхолтой түүхийг өгүүлсэн “Little Forest”, Ханс Христиан Андерсены “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн Монголд үйл явдал нь өрнөж буй Кай, Мөсөн нуурын домог хүүхэлдэйн киног дэлгэцнээ толилуулах юм.

Мөн “Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн” энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд, “KCCIM’s CUP 7 дахь удаагийн олон улсын гоо даамны тэмцээн” энэ сарын 15-нд БНСУ-ын ЭСЯ-нд болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Солонгос, Япон, Хятад зэрэг орны тамирчид оролцох аж.

Тус улсын олон талт соёлыг таниулах зорилготой “Солонгосын долоо хоног” энэ сарын 22-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна.
Тодруулбал, 2018 онд нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 16, Архивын газар 20, Нийслэлийн газрын алба болон Байгаль орны газар тус бүр 2, Аялал жуулчлалын газар 6, тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний системд 9 үйлчилгээг цахимжуулаад байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдээд байна.
Мөн нийслэл хотын хэмжээнд энэ онд 363.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум төгрөг, Замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум төгрөг, эцэст нь улсын төсвийн хөрөнгийн 193.8 тэрбум төгрөг тус тус орж байна.

Categories
мэдээ нийгэм

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Олон улсын байгууллага хандив өгнө

Дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын хөдөлгөөнийг (ВАГГГС)дэмжигч Ази, Номхон далайн орнуудаас долоон улсын төлөөлөгчид өнөөдөр Монголын эмэгтэй скаутын холбоонд хандив өргөх гэж байна.

Уг байгууллага нь охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд хүчирхийллийн эсрэг сургалт, семинар зохиож, хүчирхийлэл гэж юу вэ, юуг хүчирхийлэл гэж үзэх вэ, хүчирхийллийг яаж ялгах вэ гэдэг талаар ойлголт өгдөг байна.

Энэ талаар дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбооны Ази, Номхон далайн бүсийн дарга Чин чин вэ онг-оос тодрууллаа.

-Яагаад Монголд ирэх болов оо?

-Дэлхийн эмэгтэй гайд, эмэгтэй скаутын холбоонд хамаарах Ази, Номхон далайн бүсийн орнуудыг“Андууд” хэмээх бүлэг хариуцдаг. Ази номхон далайн бүсэд 26 орон багтдаг. Энд Монгол Улс орно. Андууд бүлэг нь жил бүхэн тодорхой орнуудад очиж арга хэмжээ зохиож хөрөнгө босгож өгдөг. Өөрөөр хэлбэл жил бүхэн хамгийн хэрэгцээ шаардлагатай орнуудад очиж тусламж дэмжлэг үзүүлдэг. Энэ жил бид Монголыг сонгосон. Бидний өгсөн хандиваар монголын эмэгтэй скаутын холбоо охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах байх. Бид үүнийг дэмжиж хандив өгнө. Монголд ирснээр Монголын Эмэгтэй Скаутын Холбооны охид, залуу эмэгтэйчүүдийг Дэлхийн энэхүү хөдөлгөөний аргаар манлайлагч, зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, бусдад цаашлаад нийгэмдээ эерэг нөлөөлж өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ ЕБС-ийн янз бүрийн насны охидын эцэг эхчүүдийг, залуу оюутнуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж, дэмжигч удирдагч, насанд хүрэгч удирдагчаар сургаж бэлтгэхэд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна.

-Дэлхийн аль улс оронд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их байдаг вэ? Хөгжил дорой улс орнуудад их байх тохиолдол бий юу?

-Бид дэлхий даяар 150 гаруй орны 10 сая гишүүнтэй том байгууллага. Үүний гишүүн орон Монгол Улс. Хүчирхийлэл бол хөгжингүй, өндөр хөгжилтэй орон гэдгээс шалтгаалдаггүй. Эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарч, санаа бодлоо хэлэх ёстой. Бид өмнө нь охид, эмэгтэйчүүдэд юуг хүчирхийлэл гэх, хүчирхийллийг яаж ялгах вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар сургалт зохиож ур чадварын тэмдэг олгож байсан. Цаашдаа ч энэ чиглэлээр сургалт хийх болно.

-Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл яагаад ихсээд байна вэ?

-Манай байгууллага эмэгтэйчүүд рүү чиглэсэн дэлхийн хамгийн том эмэгтэй скаутын холбоо. Энэ утгаараа охидын эсрэг хүчирхийллийг зогсооё гэсэн кампанит ажлыг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөр гаргаж, улс орнуудад сургалт сурталчилгаа зохиож, охидод энэ талаар мэдээлэл өгч байна. Бид өмнө нь 2013 онд НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтраад “Хүчирхийллийн эсрэг дуу хоолой” нэртэй том сургалтын хөтөлбөр бий болгосон. Энэ нь албан бус боловсролоор дамжуулаад залуу эмэгтэйчүүдэд боловсрол олгох хөтөлбөр юм.

-Дэлхийн эмэгтэй скаутын байгууллага цаашдаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

-Охид, эмэгтэйчүүд ихэвчлэн гудамж талбайд явж байхдаа хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан. Тэд хэлэхдээ “Гудамжаар явахад хүмүүс өмссөн хувцсаар нь доромж үг хэлэх, алхаа гишгээ зэргийг шүүмжлэх, бие махбод болон сэтгэлзүйн хувьд дарамттай байдаг” талаар хэлсэн. Тиймээс энэ жил охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Аюулгүй гудамж ” сэдвийн доор дэлхий даяар арга хэмжээ зохион байгуулах болно.

-Охид, эмэгтэйчүүд хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Хүчирхийлэл гэж юу болох, юуг хүчирхийлэл гэж үзэх зэргийг өөрөө судалж мэдэх, үүний эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж байж эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах болно. Хүчирхийлэл гэдэг бол дан бие махбодод үйлдэгддэг зүйл биш. Жишээ нь анги хамт олны дунд, найз нөхдийн хооронд бие биенээ гадуурхах нь хүчирхийлэлд тооцогддог. Түүнчлэн охидыг муухайгаар шоолох, элдэв бусаар тоглох зэрэг бол мөн адил хүчирхийлэлд тооцогддог болохыг мэдэх хэрэгтэй. Бид нас насны ангилалаар сургалт семинараа зохион байгуулдаг. Аль насанд юуг ойлгуулах вэ гэдэг талаар тусгай хөтөлбөртэй.

-Танай байгууллагын зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Дэлхийн Эмэгтэй Гайд, Эмэгтэй Скаутын Холбоо нь ЕБС-ийн 8-17 насны охид болон 18-30 насны залуу эмэгтэйчүүдийгманлайлагч, багаар ажиллах чадвартай, өөртөө шийдвэр гаргагч, нийгэмдээ эерэг нөлөөлж, өөрчлөлтийг хийдэг, нийгэмдээ тустай, хариуцлагатай зөв хүн болж төлөвших бүхий л чадваруудаа хөгжүүлэхэд нь дэмжих зорилготой байгууллага.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын бага хурал болов

Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр нийслэл хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 17 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг гурваас тав хоногоор бууруулсан.

Түүнчлэн барааг хилээр нэвтрүүлэх үед хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж эерэг үр дүн гарч байгаа юм. Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаас Монгол Улсыг хүнсний хяналт шалгалтад эрсдэлд суурилсан аргыг хэрэгжүүлсэн загвар орон болох төдийгүй хөгжиж байгаа орнуудад зохицуулалтыг нэвтрүүлэх жишиг, сайн туршлага болсон гэж дүгнэсэн. Энэ амжилт, туршлага дээрээ суурилан экспорт, импортын хяналтыг шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх төдийгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц үр дүнд хүрч худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хангасан улс орнуудын жагсаалтад эзлэх байраа ахиулах нь чухал юм. Уг хуралдаанаар гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон нь онцлог байлаа.