Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг цагдан хорьжээ

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэрэг гарч ажиллажээ. Ажлын хэсгээс тус хүрээлэнгийн шинжээчийг 30 хоног цагдан хорих саналыг гаргаж прокурорт хүргүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийг 30 хоног саатуулах санал ирүүлснийг 2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 30 хоног саатуулах шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг цагдан хорихоор болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй” сэдэвт сургалт эхэллээ

“Ногоон Ази сүлжээ” ТББ-аас нийслэлийн 6 дүүрэгт “Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй” сэдэвт сургалтыг есдүгээр сарын 11-нээс 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах аюул хохирлыг иргэдэд мэдүүлж ойлгуулах, улмаар бие даах чадварыг нэмэгдүүлэх, мөн жимс жимсгэний мод, нарийн ногоо тарихад мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч сургаж байна.

Гол зорилго нь “Хотыг ойжуулах” чиглэлээр мод тарих үйл ажиллагаанд иргэдийг идэвхитэй оролцуулж хотын агаарын бохирдол болон хөдөө орон нутагт цөлжилтийг бууруулж багасгахад чиглэж буйг зохион байгуулагчид хэлж байна. Иргэдэд зориулсан ойн аж ахуйн сургалтыг Баянзүрх, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран тухайн дүүргийн Иргэний танхимд явуулж 400 гаруй иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Тодруулга: “Ногоон Ази сүлжээ” нь 1988 онд БНСУ-д байгуулагдсан, Монгол Улсад 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлж цөлжилтийн эсрэг чуулга уулзалт зохиож, цөлжилтийг зогсоож, хөрсний доройтлыг бууруулан нөхөн сэргээх чиглэлээр Баянхонгор, Булган зэрэг аймагт хөрсний доройтлыг бууруулах ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хийж байна.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээх товтой байна

Өнгөрсөн зун ээлжит бус чуулган зарлах шахалт, шаардлага их байсан ч удахгүй намрын чуулгантай золгох нь. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жил ч гэсэн даваа гараг буюу ирэх аравдугаар сарын 1-ний өдөр намрын ээлжит чуулганыг нээх товтой байгаа талаар гишүүд хэлэлцэж байна.

Намрын чуулганаар хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Нөхөн сонгууль, Зам тээвэр, хөгжлийн сайдын томилгооны асуудал зэрэг олон хуулийн төсөл хүлээгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон.

Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Эрдэнэтийн асуудлыг зохицуулахгүй бол манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлана

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Таны хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх тус хуулийн төсөлд хичнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Их хэлмэгдүүлэлт 1937, 1938 онд үргэлжилсэн. Энэ их хэлмэгдүүлэлтийн хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Монголын үе үеийн төр засаг үе шаттай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг. Одоогоор 400 орчим хүн нөхөн олговор аваагүй байгаа. Гэхдээ эдгээртэй холбоотой асуудал шийдэгдсэн гэж болно. 2011 онд цагаатгах асуудлын өргөдөл хүлээж авах хуулийн хугацаа нь дуусчихсан байсан. Уг хуулийг 400 хүний асуудал шийдээд зогсчихсон хууль гэж ойлгож болохгүй. Энэ бол цагаатгалтай холбоотой асуудлаар өргөдлөө өгөх, хүлээж авах, улмаар цагаатгах ажлыг зохион байгуулах комисс, шүүхэд хандах боломжийг олгосон цонх бий болгож өгч байгаа юм. Ер нь бол хэлмэгдэгсдийн материалууд нь тодроогүй гэх гомдлууд тасрахгүй байдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд хэний ч өргөдлийг хүлээж авахгүй, ажил гацчихсан байсан. Үе үеийн парламент дээр хэлэлцээд хаагдчихаад байсан зүйлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл болон миний бие, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд маань ажлын хэсэгт орж ажиллаж, баталсан. Уг хуулийн төсөл энэ парламентийн үед хийгдсэн тодорхой асуудлуудын нэг.

-Хэдий хэмжээний нөхөн олговор олгох вэ?

-400 хүнтэй холбогдолтой асуудал тус бүр 40, 80 сая төгрөгөөр зохицуулагдахаар болсон. Нэг өрөө байрыг 40 сая, хоёр өрөө байрыг 80 сая төгрөгөөр авчих бололцоотой юм гэдэг байдлаар уг хуулийг баталсан. Харьцангуй хямд үнэтэй орон сууц санал болгож байгаа компаниудад хандана гэж ойлгож байгаа. Дур зоргоороо үнэтэй орон сууц авна гэвэл хүрэхгүй. Хүмүүс өргөдлүүдээ шүүхэд өгч байна. Тодорчихсон хүмүүс ч байгаа. Энэ жил улсын төсөв хэлэлцэгдэнэ. Энэ төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг яаралтай, болж өгвөл бөөнөөр нь мөнгийг нь оруулаад 2019 оны эхнээс олгох ёстой гэж үзэж байгаа. Энэ саналыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын хувьд Засгийн газарт өгсөн. Тэдгээр хүмүүсийн дотор 80, 90-ээд насны хүмүүс олон бий.

Амьд сэрүүн байхдаа шинэ орон байраа үзээд, үр ачдаа үлдээчихвэл зүгээр шүү дээ. Уг асуудал дээр ч Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой саналуудыг хэлж байгаа. Тухайлбал, хэлмэгдүүлэлтийн хар гамшгийг дараа үедээ таниулж, мэдүүлж байх үүднээс хэлмэгдэгсдийн музей байгуулах асуудлаар тодорхой саналыг Засгийн газарт хүргүүлэхээр бэлдэж байна лээ. Энэ хүрээнд намайг бас дуудаж уулзсан.

-Ирэх оны төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт зориулж хичнээн хэмжээний өртөгийг суулгахаар тооцож байгаа вэ?

-Нийт дүнгээрээ 40 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ асуудлыг Засгийн газар шийднэ.

-УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн зүгээс ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-51 хувь биш юм аа. Эрдэнэт үйлдвэр 100 хувь. Орос, Монголын хувьцаа нь нийлээд 100 хувь байхад Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүх дээр асуудал болсон. Энэ асуудлаарх шүүхийн шийдвэр нь гарчихсан. Гүйцэтгэл буюу төлөх асуудлыг Монголын тал хийгээгүй. Иймээс Стандарт банкнаас дахин Арбитрийн шүүхэд хандаж, манай 51 сая ам.доллар, дээрээс нь хүүгийн хүүгээр дамжигдсан 105 сая ам.долларын төлбөрийн асуудлыг шийдэх буюу манайхаар бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлаар долдугаар сарын 6-ны өдөр хуралдсан байна. Энэ бол аж ахуйн нэгж хоорондын маргаан. Гэхдээ 51 хувь нь төрийн өмчит компани шүү дээ. Тийм учраас энэ ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд хууль хяналтын байгууллагуудыг төрийн мониторинг хийгээч ээ гэж чиглэл болгосон. Энэ хүрээнд АТГ болон прокурорын энэ ажил дээр ажиллаж байгаа холбогдох хүмүүс очиж төрийн мониторинг хийсэн. Түүнээс аж ахуйн маргаанд хууль хяналтын байгууллага орох эрх нь хаалттай. Манай шийдвэрүүд хэр бодитой, ямар шийдэл гарч байгаа, асуудал нь ямар байна вэ гэдгээр мониторинг хийж байгаа юм. Ажлын хэсэг энэ талаарх тайлангаа УИХ-ын чуулган нээгдэх үеэр тавина. Эхний ээлжинд Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороогоор хамтарч орох болов уу гэж бодож байна. Энэ үед холбогдох хууль хяналтын байгууллагуудыг дуудаад зарим нэг асуудал дээр нь тодорхой мэдээлэл өгнө.

-Төлбөрийн хүүгийн тоолуур гүйсээр байгаа энэ үед ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг яаралтай нэг талд нь гаргахаар шахаж ажиллаж байгаа юу?

-Тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Энэ чиглэлээр Засгийн газар эдийн засаг, дипломат хүрээндээ ажиллаач ээ” гэсэн эхний тоотоо хүргүүлсэн юм. Бидэнд Засгийн газар дээр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Г.Баясгаланг дуудаж уулзахад “Энэ асуудал нь аж ахуйн нэгжийн маргаан учир бид зөвлөн туслах, шаардлагатай зүйл байвал биднээс асуугаарай гэсэн чиглэлтэй байгаа” гэж хэлсэн. Бид дахин “Тоолуур чинь гүйгээд эхэллээ, энэ асуудал чинь хүндэрлээ шүү” гэсэн хоёр дахь тоотоо хүргүүлсэн. Зээл авагдсанаас хойш Стандарт банкны 60 хувийг БНХАУ авсан юм билээ. Ямартаа ч Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн холбогдох яамд ажиллах шаардлагатай байгаа.

51 хувь авсан нь төлбөр төлнө гэвэл Засгийн газар 100 хувь хариуцна. 49 хувийнхан ашгаа авч байгаа бол алдагдлаа ч хүлээнэ. Тэгэхээр аль аль нь алдагдал хүлээнэ. Мөн Монголын эрх ашиг ч хөндөгдөнө. Иймд үүнийг зогсоох чиглэлээр ажиллаач ээ гэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, 49 хувийн хувьцаа эзэмшиж байгаа холбогдох хүмүүст зөвлөсөн. Энэ хүмүүс тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Зээл авсан Ш.Батхүүгийн хувьд зээлээ төлсөн, төлөөгүй гэх асуудал нь тодорхой болсон. Өөрийнх нь одоогийн ярьж байгаагаар “Би батлан даалт гаргах бичгийг зассан” гэсэн учраас энэ хүнтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдтэл ажлын хэсэг АТГ, шүүхийн аль ч процесст оролцож, хутгалдах боломжгүй.

-Долдугаар сарын 6-нд гарсан Английн Арбитрийн шүүхийн шийдвэрийг та харсан уу. Яг хэдий хэмжээний төлбөр төлөхийг шаардсан юм бэ?

-Эрдэнэт үйлдвэр дээр бичиг энэ тэр нь ирсэн байгаа. Тиймээс Монголын төр авснаа төлнө. Гэхдээ аль болох бага мөнгө төлөх асуудлыг аж ахуйн нэгжүүд хоорондын хэлэлцээрийнхээ хүрээнд ярина. Түүнээс юу юугүй Эрдэнэт үйлдвэрийг 105 сая ам.долларын төлбөрт тавиад, саалийн ганц үнээгээ алдчихна гэж бодож болохгүй.

Арбитрийн шүүхийн энэ шийдвэр бол эцсийн шийдвэр. Бид хэлэлцээд зохицуулахгүй бол ний нуугүй хэлэхэд манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлах, удирдлагуудын гадаад руу явж гэрээ хэлэлцээр хийх асуудал зогсоно, зэс молибденоо худалдсан төлбөр мөнгө нь орж ирэхгүй байх гээд олон эмзэг асуудал байна.

-Сүүлийн шүүх хуралд “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй. Энэ тухай тодруулаач?

-Өмнөх шүүх хурлын шийдвэрийг өөрчлөх гэж дахин шүүх хурал болоогүй. Өмнөх шүүх хурлын шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч ээ л гэж дахин шүүхэд хандсан. Арбитрийн шүүх дээр очиход “Эрдэнэт үйлдвэр” өмгөөлөгч авахад нэлээд их зардал болно. Нөгөө талдаа гарах үр дүн нь төлөх төлбөрийг бууруулах, үгүйсгэх боломж байхгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй юм байна лээ.

-Ээлжит бус чуулган хуралдах уу. Даргын зөвлөл дээр юу гэж ярьж байгаа вэ?

-Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэх чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлая гэсэн чигтэй л байгаа. Ээлжит бус чуулган зарлаж таарах байх.


Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ард түмнээ гэх сэтгэлгүй, хүйтэн хөндий хонгио шиг байгаа болохоор огцруулна гэсэн юм

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоногт явуулах УИХ-ын тогтоол гарсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө гэж байна. Үндсэн хууль батлалцаж явсан гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа зөрчиж шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байна. Цэц өнөөдөр улс төрийн захиалгын шийдвэр гаргадаг байдлаасаа салах байх гэж найдаж байсан юмсан. Харамсалтай нь миний хүсэл талаар боллоо. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ 76 гишүүнтэй байна, УИХ-ын гишүүдийг шууд сонгоно. Ард түмэн УИХ-д төлөөлөлтэй байна гэсэн зарчмыг Үндсэн хуулийн Цэц хамгаалах ёстой л доо. Салбарын хууль нь асуудалтай байгаа бол тусад нь шийдээд явах бүрэн боломжтой заалтууд байгаа юм. Үүнийг нь шалтаг болгоод ардчилсан Монгол Улсын парламентад байж болохгүй тийм л зам руу орчихлоо. Одоо бүр сонгуулиа хийж чадахгүй байдал руу орж байгаа нь бүхнээс хортой. Намрын чуулган эхлэхээр үүний үр дагаврыг сайтар ярилцах шаардлагатай боллоо. Хойшид иргэдийн сонгох, сонгогдох, парламентад төлөөлөлтэй байх эрхийг зөрчсөн, сонгуулиа явуулж чадахгүй ангал руу түлхлээ.

Өмнө нь би хэлж байсан даа. 2016 онд бид сүүлчийн сонгуулиа хийчихсэн юм биш үү. 2020 онд сонгууль болно. Гэхдээ ард түмний эрх ашиг, Үндсэн хууль салбар хуулиуд гэж байхгүй маш аймшигтай мафижсан хуйвалдааны төр бий болох суурийг тавьж байна гэдгийг хэлсэн. Үүний маш том нотолгоо нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр буюу Хэнтий аймгийн иргэдийн сонгох эрхэд халдсан байдлаар илүү тод харагдаж байна.

-МАН нөхөн сонгууль явуулахаас хамгийн их айж байгаа гэх юм. Ардчилсан нам нөхөн сонгуульд ороход бэлэн байв уу. МАХН-ынхан ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай илэрхийлсэн л дээ…

-Сонгууль нь зарлагдаж, хэн нь нэр дэвших нь тодорхойгүй байхад хэнийг ялна гэх юм. Цаг нь болоогүй. Гэхдээ үүний цаана Монголд ардчилал үгүй болчихож гэдэг нь харагдаж байна. Монголын улс төр ардчиллаасаа таталзаж, 60 тэрбумын тогтолцоо руугаа шилжээд Үндсэн хуульт төр өөрөө үгүй болж байгааг харуулж байгаа юм. Нөхөн сонгуульд хэн ялна гэдгийг сонгууль болсон өдөр л тодорхой болно.

Цаашид ард түмэн энэ тогтолцоог хүлцэнгүй хүлээж аваад явах юм бол ардчилсан төр мөхөх аюултай. Үүнд хөтөлж байгаа нотолгоо нь өөрөө Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс харагдаж байгаа л даа.

-МАХН-ынхан Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад оноос өмнө нөхөн сонгуулиа явуул гэдэг шаардлага тавьж байна. Тийм боломж бий юу?

-Ямар ч байсан Хэнтий аймгийн иргэдийн эрхийг хамгаалж, тэднийг төрд төлөөлөлтэй байлгах нь нэн тэргүүний асуудал. МАН-ынхан зориудаар үүнийг нь хуулийн тоглоом болгоод явах алхмыг эхлүүлж байгаа нь Монголын парламентын түүхэнд маш тод хараар бичигдэх үйл явдал болж байна. Бид Үндсэн хуулиа бариад нөхөн сонгуулийг яаралтай явуулах ёстой. Өөр ямар нэгэн байдлаар ухрах, эргэлзэх зүйл байхгүй. 2016 онд УИХ-ын сонгууль болж парламент бүрдэх нөхцөл бий болсон. Үүнтэйгээ уялдуулаад нэр дэвшигчийг бүртгэх маргааныг шийдвэрлээд хуулийн хүрээнд явах бүрэн боломжтой. Сонгуулийг хугацаа алдалгүй зохион байгуулахаас өөр аргагүй. Ингэж төрийн мухардал, улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлэх нь хамгийн чухал. Ганц зам нь энэ.

-Та ээлжит бус чуулган хуралдах ёстой гэж байсан. Гэвч хуралдсангүй. Ээлжит бус чуулган зарлаад Нийтийн сонсгол явуулна гээд байгаа нь ээлжит бус чуулган зарлах үндэслэлд байхгүй байгаа нь үнэн үү?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үндэслэлийг хэн нэгэн хүн тодорхойлохгүй. Сүүлдээ бүр байнгын хороо руу чихэж байна. Парламентад байж болохгүй жишиг рүү явуулах гээд байгаа л даа. Энэ нь өөрөө Монголын парламент парламент биш болсныг зарлаж байгаа хэлбэр. Үндсэн хуулинд төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа дээд байгууллага парламент. Тодорхой тооны гишүүд ээлжит бус чуулган хуралдуулна гээд хэлэлцэх асуудал, шалтгаан нь хэн нэгний таалалд нийцнэ, нийцэхгүй гэж байж болохгүй. УИХ өөрөө хуралдаж байж л энэ асуудлаа шийдэх ёстой. Ээлжит бус чуулган хуралдуулаагүйгээрээ Үндсэн хуулийг маш ноцтойгоор зөрчлөө. Одоо Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц нь өөрөө Үндсэн хуулиа, парламентын тогтолцоогоо хамгаалсан шийдвэр гаргах учиртай. Үүнд найдаж байна.

Бид заавал аравдугаар сарын ээлжит намрын чуулганыг хүлээх шаардлагагүй. Үндсэн хуульд нийцсэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага бий. Үүний дагуу ойрын үед хуралдах ёстой. Нэг харамсалтай зүйл хэлье. Байнгын хорооны хуралдааныг өглөө нь шууд зарлаж байгаа. Ядаж хэд хоногийн өмнө хэлээд гишүүд ирцээ бүрдүүлэх боломжийг олгох шаардлагатай. Тэгэхгүйгээр өглөө нь гишүүд рүү утасдаж, мессэж явуулаад ирц бүрдэхгүй байна гээд ингээд тарчихдаг байж болохгүй. Ийм хачин тогтолцоо Монголоос өөр оронд байдаг юм уу. Үнэхээр Байнгын хороо, чуулганы хуралдааныг долоо хоногийн өмнө зарлаад байхад гишүүд ирэхгүй бол харин Үндсэн хуулийн зөрчил биш болно. Ээлжит бус чуулган хуралдуулахаар гарын үсэг зурсан гишүүд ирээд бусад нь ирэхгүй байж болохгүй. Гишүүд ээлжит бус чуулган хуралдуулъя гэсэн бол УИХ-ын зүгээр л зарлах ёстой. УИХ-ын дарга УИХ-ыг бүрэн орлож шийдвэр гаргах хүн биш. Ямар ч байсан ээлжит бус чуулганыг яаралтай зарлах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаа зарлан хуралдуул гээд албан бичгээ УИХ-ын даргад өгсөн.

УИХ-ын гишүүд ч мөн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа тавьсан. Одоо ээлжит бус чуулган зарлалаа гээд оройтсон юм алга. Ажлаа хийе л дээ.

-МАН-ын бүлгийн доторх хоёр хуваагдал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуул, хуралдуулахгүй гэдэг рүүгээ орчихсон юм биш үү. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал М.Энхболд УИХ-ын даргаасаа огцорчих гээд, нөгөө талд нь У.Хүрэлсүхийн Засгийн газар уначих магадлал өндөр болоод байна л даа?

-Хүн бүр өөр өөрийн өнцгөөс асуудлыг ярьж байна. Үүний тулд Монголд парламент бий болсон байхгүй юу. Ээлжит бус чуулганаа зарлаад олон талаас нь энэ бүгдээ авч хэлэлцээд шийдэх л асуудал.

Түүнээс биш урьдчилаад УИХ-ын даргыг өөрчлөх гээд байна, Засгийн газрыг огцруулах гэж байна гэсэн таамгаар төрийн тогтвортой байдал ярьж, Үндсэн хууль зөрчөөд байж болохгүй. Ээлжит бус чуулган зарласнаар улс орныг туйлдуулж, сүйрүүлж байгаа энэ тогтолцоо цаашид байх юм уу, үгүй юм уу гэдгийг л ярих гээд байна шүү дээ. 60 тэрбум нь үнэн юм уу. Үнэн бол цаашид Монголын төрд ийм хар мөртэй зүйл орж ирэхгүй байх баталгааг яаж гаргах уу, ямар хууль өөрчлөх вэ гэдэг бодит зүйл ярих цаг болсон. Эдний дунд сандал ширээгээ булаацалдсан хүмүүс байгаа л байлгүй. Ингэчихвэл яах бол, тэгчихвэл тэгэх болов уу гэдэг увайгүй бодлоосоо салахгүй бол Монголын ирээдүй бараан л харагдаж байна шүү.

-АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцор гээд мэдэгдчихсэн. Засгийн газар огцрох ёстой юу?

-Бид төрийн тогтвортой байдлыг бий болгоё гээд байгаа юм. Гэхдээ хууль зөрчөөд, юу ч хийхгүй байгаад байвал тэр Засгийн газрыг байлгаад байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр бид Засгийн газар байн байн солигдсоноос болж улс орон хөгжихгүй байна гээд Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд байгаа. Үндсэн хууль руу хүрз барин дайрч байгаа гол шалтгаан ердөө л энэ. Ямар ч логикгүй асуудал. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээгээд огцорх хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газар ойр ойрхон солигдож байна зарим буруу шийдвэрийг нь өршөөе гэж болохгүй биз дээ. Манай Үндсэн хуулийн тогтолцоо ард түмнийхээ итгэлийг хүлээж чадахгүй, олонхоо бүрдүүлж чадахгүй, алдаа дутагдал гаргасан Засгийн газар огцордог тогтолцоо байхгүй юу. Харамсалтай нь үүнийг сандал ширээ булаацалдах гэх мэтээр буруу зүйлд ашиглаж байгаа.

-Юундаа байна?

-Энэ хуулиндаа биш, хүндээ байгаа юм. Улс төрийн намын хуулиас эхлээд олон хуулиудын гажгаас болж ийм үр могой бий болчихсон. Төрийн албанд хүмүүсийг сонгохдоо 60 тэрбумыг босгохоос эхлээд асуудал байна. Үүнийг өнөөдөр улс төрийн жам ёстой хутган ойлгоод байж болохгүй. Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хийж байгаа бодлогогүй алхам, ард түмнээ гэх сэтгэлгүй хүйтэн хөндий хонгио шиг байгаа болохоор огцруулна гэсэн юм. Угаасаа сөрөг хүчний үүрэг аль ч засгийг шахаж шаардаж ажлыг нь хийлгэх. Үүнээс хэн ч ухрахгүй, ухарч байгаагүй.

Үнэхээр Засгийн газраа огцруулахгүй гэж байгаа бол ард түмнийхээ итгэлийг олж авах бодит ажлуудыг хийх хэрэгтэй. Эцсийн бүлэгтээ Засгийн газрыг цөөнх биш олонх л унагадаг. Дотроо асуудлаа яриад шийдэх эрх нь нээлттэй байгаа шүү дээ.

-Өнгөрөгч долдугаар сард Лондонгийн арбитрийн шүүх Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар хуралдахад Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн гэж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн. 100 сая ам.долларыг бид төлөх болсон нь гарцаагүй юу?

-Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулбал энэ мэтчилэн асуудлуудаас эхлээд мэдээлэл авах зүйлс их байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шалтгаануудыг хаврын чуулган зарлахын өмнө нэрлэсэн. Бид яагаад Засгийн газрыг огцруулна гээд байгаа юм гэхээр тэд анх “Бид Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудлыг шийднэ” гэсэн. Энэ шийдэгдсэн үү гэдгийг асуумаар байна. Төсөв хөрөнгө оруулалттай холбоотой ярих зүйлс бий. Өмнө нь гурван сайд 807 тэрбум төгрөгийн концесс авлаа. Ийм хууль бус зүйл байж болохгүй гээд огцруулаа биз дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацааг үдлээ. Одоо дүнгээ тавиулаад яв л даа. Эрдэнэтийн асуудлаас эхлээд хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн амлалтууд нь яасан бэ гээд ярих зүйлс байна. Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл авъя гэхээр өгдөггүй.

-Та хүний эрх ярьдаг гишүүдийн нэг. Хүний эрхийн дэд хорооны ч гишүүн. Турк улсын иргэн Вэйсел Акчайн асуудал юу болов. Тухайн үед өөрийн цахим хуудаснаа өөрийн байр суурийг хамгийн их илэрхийлж байсан хүн нь та шүү дээ. Одоо харин нам гүмхэн байх юм?

-Мэдээлэл огт өгөхгүй байна. Чуулган завсарлахаар гишүүд үнэндээ хэн ч биш болдог. Ялангуяа сөрөг хүчний гишүүдийг огт тоодоггүй. Олонхын бүлгийн гишүүдээс мэдээллээр бие биенээ хангадаг байлгүй. Сөрөг хүчний бүлгийн гишүүд ард түмнээ төлөөлөх тийм эрхээ эдэлж чадахгүй байна. Ямар ч байсан Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьсан. УИХ-ын бүтцийн байгууллагууд ээлжит бус чуулганаар мэдээлэл сонсгох ёстой гэж бодож байгаа.

-Өөр нэг асуудал нь Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нэг газрын даргынхаа амийг бүрэлгэсэн. Төрийн яамны хашаанд төрийн албан тушаалтнууд ийм авир гаргах юм…

-Төрийн алба болохгүй байна гээд байгаа ард түмний дүгнэлт үнэн шүү. 60 тэрбумын тогтолцоог үгүйсгэсээр байгаад сүүлдээ ийм байдал руу оруулж байна. Төрийн албан хаагчдын хоорондын зөрчил ямар түвшинд хүрч байгааг харууллаа. Монголын нэрд маш том сэв суулгасан явдал болсон. Энэ талаар гишүүдэд яаралтай мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Хэргийн талаар бодит мэдээллийг авч чадаагүй байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй. Хүний эрх гэдэг чинь өөрөө маш эмзэг асуудал. Цаашид төрийн албанд ийм байдал үүсгэхгүй байх төрийн том тогтолцооны өөрчлөлт бий болжээ.

Цаашид ийм хэрэг яамдад гарахгүй гэх баталгаа алга. Мафижсан, авлигажсан тогтолцоо үе үе хүчээ авч байна. Бид эрүүлээр сэтгэж улс төрийн намуудын нэгдсэн зөвшилцөлд хүрч зөв голдрилд нь оруулахгүй бол ард түмэн хувьсгал хийх, хүчээр шийдэх тэр зам руу орно. Киргизстан гэхэд энэ асуудлаа шийдэж чадаагүйн улмаас таван жил тутамд хувьсгал гарч байна шүү дээ. Буруу тогтолцоогоо засахгүй бол ямар болдгийг хангалттай харлаа. Бид дэлхийд өөрсдийгөө ардчиллын баянбүрд гэж омойтдог байх аа. Парламентад суудалтай, суудалгүй бүх намууд оролцон зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Бид ардчиллын ам руу гал цутгаж байгаа улс. Эцэст нь улсаа л галдан шатаагаад дуусна.

-Та өөрийнхөө ярианд ардчилал үгүй боллоо гэж хэдэнтээ дурдлаа. Та ардчилагчдын нэг. Ардчилал үгүй болж байгаа юм бол та үгүй болохыг нь зүгээр хараад суугаад байж болж байгаа юм уу. Тэмцэхгүй юм уу?

-Болохгүй бол тэмцлийн бүх хэлбэр рүү орох ёстой. Орно гэж бодож байгаа. Ингээд хүлцэнгүй хараад суугаад байж болохгүй. Сүүлийн 10 жилд Их хуралд зорьж ажилласан бүхнээс аль нь ч ажил хэрэг болсонгүй. Иргэдэд баялгийг эзэмшүүлж чадсангүй, иргэн бүрт газар өмчлүүлнэ гэсэн худлаа болсон. Иргэдийн хашааны газрыг нь өмчлүүлсэн болоод газрын наймаа улам даамжирсан. Хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, төрийн ажлыг ард түмний хяналт доор хөгжүүлэх санаачилга хана мөргөөд уналаа.

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц та хоёрын асуудал юу болсон бэ?

-Б.Хурц намайг гүтгэсэн. Нөгөө талд нь би шүүхэд гомдлоо гаргасан. Гомдол нь хэлэлцэгддэггүй нэлээд явсан. Шүүх болохоор тэр хүнээ олохгүй байна, гэрийн хаяг нь тогтоогдохгүй байна л гэдэг. Нөгөө нөхөр болохоор Төрийн ордонд явж л байдаг. Манай тогтолцоонд байж болохгүй асуудал байгаа юм билээ. Хайж байгаа нэртэй хэдэн сарыг өнгөрүүлж, жил тойруулдаг. Маш аймшигтай тогтолцоо шүү. Шүүх хурал болно гэхээр нөгөө тал янз бүрийн шалтаг хэлээд шүүх хурлыг хязгааргүй хойшлуулдаг. Анхнаасаа намайг гүтгэсэн болохоор үнэн зөвөөрөө тогтоогдох нь гарцаагүй. Гэтэл шүүх хурлыг нь болгохгүй жил тойруулчихаж байгаа юм. Шүүх хурал хийсэн нь буруу гээд бүр ойлгомжгүй шалтгаан гаргаж ирээд ярих юм. Анхан шатны шүүх хурал дээр би ялсан. Нөгөө тал одоо давж заалдана гээд явж байгаа гэсэн. Энэ шүүх хурал нь дахин битгий олон удаа хойшлоосой. Хүний нэр төрийг гутаасан хууль бус үйл ажиллагаа цаашид дахин бүү үргэлжлээсэй. Би баримттай бүгдийг нь гаргаж танилцуулна. Одоо шүүхийн шатанд явж байгаа болохоор дэлгэж болохгүй байна. Хууль ёсыг гажуудуулсан, хүний эрхийг зөрчсөн ямар гажуу тогтолцоонд бид амьдарч байгааг ил болгоно.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбар хуралдаанд оролцлоо

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.

Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадам болох талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотод Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Бид энэхүү томоохон спортын наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 12-нд болох үйл явдал

8.30 цагт ”The corporate hotel & convention centre”-т ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын хурлыг зохион байгуулна.Утас:99815918

09.00 цагт “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын нээлт ГХЯ-нд болно.
09.30 цагт Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулганы “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ийг үзэглэх ёслол ГХЯ-нд болно.
10.00 цагт МУБИС-ийн “Эрдэмийн зөвлөлийн танхим”-д “TED science Хөгжлийн гарц” арга хэмжээ болно. Утас:96656561
10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Японы соёлын наадам 2018” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн 84 дүгээр цэцэрлэгт “Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue” клубын байгуулсан “Эко гэр цэцэрлэг”-ийн нээлт болно. Утас: 99044778
11.00 цагт “Эрдэнэс Таван Толгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70118585
11.00 цагт Сүхбаатарын талбайд ажил хаялт зарласан багш нар суулт хийнэ. Утас:99027019, 88007709
11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг танилцуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж, мэдээлэл хийнэ.
12.00 цагт Hotel Nine Зочид буудалд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газар, кофе шоп, ханган нийлүүлэгчдийн “RESTO EXPO-2018” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:89069227
15.00 цагт МУИС-ийн Номын санд АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Аръяаг урьж “Хүний микробиома, үрэвсэл, инсулин тэсвэрлэлт хөгшрөлтийн процесст нөлөөлөх нь” сэдэвт нээлттэй хурал зохион байгуулна. Утас:98119897
15.00 цагт “Улаан гэр” галерейд Монгол, АНУ хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдийг шалгарулах арга хэмжээ болно.
Categories
мэдээ цаг-үе

Б.Баасансүрэн: Ерөнхийлөгч Путин“Шинжлэх ухааны нарийн судалгааг өндөр түвшинд хийсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн

Түвдэд уламжлалт анагаах ухааны эмчээр, Улсын багшийн дээдийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн Б.Баасанжав 1993 оноос хойш ОХУ-ын Якутад 25 жил амьдарчээ. Есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл харанхуй байдаг. Өвөлдөө 70 градус хүйтэрдэг, Якутын хамгийн бөглүү, цахилгаан, дулаангүй бүсэд тэрээр зөвхөн цаа судлах зорилгоор энэ урт хугацаанд ажилласан гэнэ. Тэрээр анагаахын болон биологийн шинжлэх ухааны доктор хүн. ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин, В.Путин нарыг Якутад очиход уулзаж, цаа буга судлалын талаар хийсэн ажлаа өндөр үнэлүүлж байжээ.


-Хэзээ, яагаад ОХУ-ын хамгийн ширүүн байгальтай Якутыг зорих болов?

-Би 1993 оны намар Монголын цаа бугын цусыг сэлбэх зорилгоор Якутыг зорьсон. Дээр нь цаа бугыг шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа хийх үүрэг хүлээсэн.

-Хэн таныг явуулсан бэ?

-ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа тэргүүтэй академчид намайг зөвлөлдөөд явуулахаар шийдсэн байсан.

-Яагаад заавал сургууль төгсөөд хоёрхон жил болсон таныг сонгосон юм бэ?

-Би Түвдэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцсан. Би багадаа цааг их сонирхож, цаатай холбоотой эд, зүйлс цуглуулдаг байсан. Үүнийг мэддэг дархан аварга Дамдин намайг Хөвсгөлд аваачиж цаатай танилцуулсан юм. Мөн анагаах ухааны алтан үеийн мундаг эмч нар байсан. Тэд надад “Чи эхлээд Хөвсгөл яв. Дараа нь Якутад очиж судалгаа хий. Тэнд зэрлэг цаа буга маш их байдаг. Бид чамд итгэж байна” гэсэн. Миний ойлгосноор томчууд цаа буга судлалын талаар Монголд нэг мэргэжилтэн бэлдэх зорилготой байсан байх.

-Тэгээд яагаад 25 жил амьдрах болов?

-Би зүгээр нэг томилолтоор яваагүй. Монгол, Якутын ШУА-ийн хоорондын гэрээгээр Монголын ШУА-ийн бие төлөөлөгчөөр очсон юм. Одоо тэр маань хүчинтэй. (Үнэмлэх үзүүлэв) Би тэнд биологийн хүрээлэнгээс гадна эрүүл мэндийн хүрээлэнд ажилласан. Тэгээд л нэг мэдэхэд 25 жил болчихсон байна.

-Тийм хүнд нөхцөлд яаж дасав?

-Би хөдөө мал дагаж өссөн. Дугуйн спортоор хичээллэдэг байсан. Энэ бүхэн надад тэсвэр суулгасан гэж боддог. Намайг очиход төвдөө сайхан угтаж авсан. Дараа нь АН-24 онгоцоор арван цаг нисэж, жинхэнэ цааны голомтдоо хүрсэн.

-Тэнд хэр олон хүн амьдардаг вэ, амьдрах нөхцөл ямар байв?

-40-өөд хүн амьдарна. Дулаан, цахилгаан байхгүй. Цаа дагасан амьдрал гэж болно доо. Намайг “Чингисийн удам” гээд маш сайхан хүлээж авсан. Амьдрал нь манай хөдөөгийн амьдралтай төстэй.

-Зэрлэг цааг яаж гаршуулдаг вэ?

-Яг манай эмнэг адуу сургадаг шиг. Гэхдээ бид адууг уургалж, бугуйлдаж барьдаг. Харин цааг ямар ч хүчээр тогтоож дийлдэггүй.

-Тэгээд яаж тогтоох вэ?

-Урт бугуйл шидээд модонд ороож тогтоож авна.

-2-3 хүн дийлэхгүй юу?

-Тийм ойлголт байхгүй. Зэрлэг цаа буга маш хүчтэй амьтан.

-Та очоод ямар хэлээр ярьж байв?

-Дарга нар, төв суурин газар орос хэлтэй хүмүүс байдаг. Харин нутгийн гүн рүүгээ бол якут хэлтэй. Орос хэлтнүүд цөөхөн.

-Тэр их хүйтэнд хүн, амьтан тэсэх үү?

-Цельсийн 72 градус хүртэл хүйтэрнэ. Гэхдээ тэжээвэр цаа буга нь эзнээ хаяж явдаггүй. Хүйтрэхээр эзнээ дулаацуулдаг зуршилтай. Арван хоёрдугаар сараас эхлээд гуравдугаар сар хүртэл маш их хүйтэрнэ. Энэ хугацаанд нар үзэхгүй.

-Тэр хугацаанд яаж амьдрах вэ?

-Гадаа гарахад хэцүү дээ. Гэхдээ цааны арьсаар хийсэн хувцас, гутал л тэр хүмүүсийг хамгаална.

-Цааны годонгийн гутал гээд манайд зарагддаг мөн үү?

-Мөн. Гэхдээ зэрлэг цааны годонгийн гутал бол илүү чанартай. Тэжээвэр цааны годонгийн гутлаас чанарын ялгаатай. Цааны шилбэ их бүдүүн байдаг. Чөмгөнөөс жаахныг идээд гарахад тэр өдрийн өлөө даана.

-Манайх шиг дөрвөн улиралтай оронтой харьцуулахад хоёр улиралд амьдрах хэцүү биз дээ?

-Үгүй ээ. Би харин эсрэг зүйл ажигласан. Тундрийг зургаан улиралтай гэж ажигласан.

-Яаж?

-Би өөрийнхөө ажиглалтыг хэлэхэд түнэр харанхуй үеийг нэг улирал гэж тооцож болно. Хаврын туяа ирж байгаа бүрэнхий үеийг бас нэг улиралд тооцно. Тэр үе зунтайгаа бас ялгаатай. Намар өвөлтөйгээ адилгүй. Манайд намар хааяа цас бороо ээлжилдэг. Тэнд бол нэг өдөр цас дараад л өвөл болчихно. Хавар долоо хоногийн дотор л яргуй гараад ирнэ.

-Эрүүл мэндийн хүрээлэнд яагаад ажиллах болов. Манайхан Ленинградын цагаан шөнө гэж ярьдаг. Тэр бүрэнхий үе нь түүнтэй төстэй юу?

-Намрын бүрэнхий бол шал өөр хар бараандуу. Харин хаврын туяа гийх бүүдгэр өдрүүд нь их төстэй. Хаврын тэр өдрүүдэд борооны дараа гардаг солонго шиг их гэгээ гардаг. Зургийн аппаратаар авч болдоггүй юм билээ. Ямар ч аппаратаар авсан дүрс нь гардаггүй юм. Тэр туяаг япон аппаратаар авах гээд нүдээ гэмтээх шахсан. Дүрс нь ч гараагүй.

-Өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд учрыг нь олоогүй юу?

-Олоогүй, тэрнээс гадна Якут чинь коммунизмын үед хаалттай бүс байсан. Одоо ч нэг их нээлттэй болоогүй. Надаас өөр гадны ямар ч улсын иргэн энэ бүсэд байхгүй.

-Яагаад?

-Их гүрний бодлого байдаг биз. Оросын эрдэмтэд 2-3 хоноод буцдаг. Цаг уурын хүнд нөхцөлөөс гадна өөр шалтгаан байдаг байх.

-Бид цаатнуудыг урцанд амьдраад л, цаа дагаад явдаг хүмүүс гэж төсөөлдөг. Тэр орчин мөн үү?

-Мөн.

-Та 25 жил урцанд амьдарсан гэж үү?

-Тийм.

-Танд цалин урамшуулал байгаа юу?

-Монголын ШУА-ийг төлөөлж байгаа хүний хувьд Монголоос цалин авдаг. Академи намайг Монголдоо ирэхэд нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлэг, даатгал гээд бүрэн үйлчилгээ үзүүлдэг.

-Якутад таны амьдарч байгаа бүсэд дулаан, цахилгаан, холбоо байхгүй. Тэгээд яаж энэ том эрдэм шинжилгээний ажлыг хийж чадаж байна?

-Ер нь дасан зохицоод давж гарсан гэж хэлж болно. Надад нэг хуучны хүлээн авагч байдаг. Түүгээрээ хааяа орон нутгийн суваг сонсоно. Бас дээр үеийн цэргийн ангиудад байсан холбооны гараар эргүүлж ярьдаг холбооны хэрэгсэл байдаг. Түүгээр зарим сумтай холбогдож болно.

-Та эмнэлгийн хүрээлэнд ажилладаг тухай ярьсан.

-Би эмч хүн. Намайг очихоос өмнө манай тэнд эмч байхгүй. Эмнэлэг дуудахаар нисдэг тэргээр эмч ирдэг байсан. Харин намайг ирснээр дуудлага багасч, эмч нар нь надад талархал илэрхийлсэн.

-Танд эмчлэх эрх бий юу?

-Одоо бол бий. Өмнө нь эмчлэх эрхгүй байхдаа хүнд мэс засал хийгээд асуудал үүсч байсан.

-Тэр тухайгаа сонирхуулаач…

-Нэг залуу мухар олгой нь өвдөөд, эмч дуудахаар хугацаа алдах гээд байсан учраас би хагалгаа хийгээд эдгэрүүлсэн. Одоо эрүүл саруул яваа.

-Энэ чинь Орост нэлээд ноцтой асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эмчлэх зөвшөөрөлгүй. Стандарт бус газар эмчилгээ хийсэн гээд асуудал яригдсан. Төв дээр дуудаад байцаалт авсан. Тэгээд мэс засал хийлгэсэн хүн нь амьд болохоор “Хүний амь аварсан” нэрийн дор мултарсан. Дээр нь “Наад хүнээ орхи оо. Их буян үйлдэж байгаа” гэх мэтээр намайг өмгөөлөх хүн олон байсан юм шиг байгаа юм. Бас Эрүүл мэндийн яамнаас “Наад хүний чинь ачаар дуудлага маш их цөөрсөн” гэх мэтийг ярьсан байсан. Цааны шөрмөсөөр оёдол хийж орхисон.

-Тэнд эмнэлгийн багаж төхөөрөмж байсан юм уу?

-Би өөрийн багажийг ашиглаад хагалгаа хийж орхисон байхгүй юу. Гол нь цаг алдаж болохгүй байсан.

-Та бусад орнуудад очиж лекц уншдаг гэсэн. Заавал Монголоор дайрах уу?

-Тэгнэ. Монголдоо ирж виз авна. Тэр бүр маш их зардал гарна.

-Якутад бүсийн хөнгөлөлтөөр иргэд 13 жил ажиллаад нас хамаарахгүй тэтгэвэрт гардаг гэсэн үнэн үү?

-Үнэн. Иргэн 13 жил ажиллаад л тэтгэвэрт гарна. Манайхаар бол сая гаруй төгрөг. Дээр нь нас ахих тусам нэмэгдэнэ.

-Якутуудын дундаж нас нь хэд вэ?

-65-70

-Тэр хүртэл тэтгэврээ нэмэх үү?

-Нийт нэмэгдлийн хэмжээ 40 орчим хувиас хэтрэхгүй.

-Танд энэ тэтгэвэр хамаарахгүй юу?

-Хоёр удаа намайг иргэн болох санал тавьсан. Хангамжаа бодвол зөвшөөрмөөр байгаа юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй.

-Та ОХУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзаж байсан уу?

-Хоёр ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Ельцин, Путин хоёртой.

-Хаана, яаж?

-Оросын ерөнхийлөгч нар Якутад ирдэг юм. Тэр тусмаа цааны аж ахуй дээр. Намайг байх хугацаанд Ельцин нэг удаа, Путин хоёр удаа ирсэн.

-Тэд таныг Монгол гэж мэдэх үү?

-Мэднэ. Тэр бүү хэл Путин дөнгөж төрсөн тугал барьж байгаад зургаа авхуулсан. Миний бүтээлийг ерөнхийлөгч Путин “Шинжлэх ухааны нарийн судалгааг өндөр түвшинд хийсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн.

-Ерөнхийлөгч нар цааны тухай тийм мэдлэгтэй байдаг юм уу?

-Академчид танилцуулсан гэсэн. Хүний газар ч бас хэцүү л дээ.

-Юу нь?

-Хаа газар байдаг атаа, жөтөө.

-Тэр нь юу байх вэ?

-Миний ажил амжилттай болоод өндөр түвшинд яригдаад ирэхээр тэнд ажиллаж байгаа улсуудад таагүй санагдана биз дээ. Хэдийгээр нүүрэн дээр магтах боловч цаагуураа юм ярина аа.

-Оросуудад цааны аж ахуй тийм чухал уу?

-Амарна. Цааны мах иднэ. Цааны бүх эрхтэн хүний эрүүл мэндэд маш сайн.