Categories
мэдээ нийгэм

“Зам ба бүс” санаачилгыг дэмжихэд хэвлэл мэдээллийн салбар онцлох үүрэгтэй

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монгол, Хятадын сэтгүүлчдийн 9 дэх удаагийн форум энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай болж өнгөрлөө. Форумын арга хэмжээнд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөгч оролцож, өргөн хүрээг хамарсан үйл явдал болов. Хэвлэл мэдээллийн форумд зориулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлж, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг өндөрсгөсөн гэхэд болно. Энэ жилийн ээлжит форум нь “Бүс ба зам” санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” уриан дор зохион байгуулагдсан юм. Мөн форумд оролцогч хоёр улсын сэтгүүлчдийг Дундговь аймгийн засаг даргын тамгын газрынхан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Форумд оролцсон хоёр орны сэтгүүлчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай ч бас танилцаад амжсан.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монгол, Хятадын сэтгүүлчдийн IX форумыг нээж хэлсэн үгэндээ “Форумын хүндэт зочид, эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Энэхүү форумд өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга хатагтай Ж.Цэсэн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй нарт талархал илэрхийлье.

Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хооронд хамтран ажиллах таатай нөхцөл боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй 70 жилийн түүхтэй манай хоёр улсын найрамдалт харилцаанд томоохон орон зайг эзэлж, хоёр улсын Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж ирсэн. Энэ жилийн хувьд “Бүс ба зам санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” уриан дор зохион байгуулагдаж байна.

Энэ утгаараа хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын хамт олныг хүндэтгэн ирсэн хоёр орны төлөөлөгч, хүндэт зочид та бүхэндээ талархал илэрхийлье. Хоёр улсын төр засгийн удирдлагууд жилээс жилд энэхүү форумд ач холбогдол өгч, цар хүрээний хувьд өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд тал бүрээр анхаарч дэмжиж ажиллаж байгаад баяртай байна” гэсэн.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад томоохон дэмжлэг үзүүлсэн газрын нэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар. Уг форумд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар оролцож мөн үг хэлсэн. Тэрээр, “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, эрхэм төрийн түшээд, уран бүтээлчид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, тавтай морилохыг хүсье. Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 2010 оноос хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Монгол, Хятадын Хэвлэл Мэдээллийн IX Форумыг манай аймагт зохион байгуулж буйд бид баяртай байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэе. Манай нутагт алт зэсийн ордны нөөцөөрөө дэлхийд эхний зургаад жагсдаг “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэс Таван толгой” тэргүүтэй нүүрсний есөн уул уурхайн компани үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд дэлхийн жишигт нийцсэн “Оюу толгой” компани 14 мянган уурхайчинтайгаас 93 хувь нь буюу Монголын 13 мянган залуус ажиллаж байна. Үүний 21 хувь буюу 2963 нь Өмнөговь аймгийн иргэд байна. Мөн нүүрсний есөн уурхайн компаниудад манай аймгийн 1600 гаруй залуус ажиллаж төрөлх нутгийнхаа хөгжлийн түүчээ, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмрээ оруулан, гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа талаараа хэлсэн юм.

Мөн үеэр БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли хэлсэн үгэндээ “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлж өндөр шатанд хүргэх хэрэгтэй. Цаашид хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг тодорхойлоход энэхүү форум чухал үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ, Монгол Улс олон жилдийн турш сайн хөрш байсаар ирсэн. Тиймээс олон улсад нэгдсэн дуу хоолойтой байх нь чухал юм. Иймд хэвлэл мэдээллийн салбарт харилцан туршлага солилцох, хэвлэл мэдээллийн салбарт онцгойлон инноваци нэвтрүүлэх хэрэгтэй.

Энэхүү форумын үеэр төлөөлөгчид санал сэтгэгдлээ хуваалцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, үеийн үед хадгалах сайн үр тарина гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

-МСНЭ-Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг,

-МСНЭ-Өмнөд Монголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичиг,

-Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болж өнгөрсөн Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн IX форумын үеэр МСНЭ-ээс хоёр том санаачилга дэвшүүлсэн бөгөөд үүнд, 2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форум зохион байгуулах, Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилга гаргасан.

Мөн өөр нэг чухал зүйл нь сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү өргөжүүлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүл зүйн чиглэлээр суралцуулж, мэргэшүүлэх бололцоо нээгдэж байгаа талаарх мэдээллийг танилцуулсан юм.

Эдгээр санаачилга болон форумын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа, үр өгөөж сайтай болсон талаар оролцогчид онцолж байсан юм. Форумын үеэр үндсэн илтгэлүүд болон салбар хуралдаанууд явагдсан бөгөөд өргөн хүрээг хамарсан, агуулга ач холбогдлын хувьд чухал илтгэлүүд тавигдсан.

“Зам ба бүс” санаачилгын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлууд, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор гэх сэдвээр гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын тавьсан илтгэл чухал илтгэлүүдийн нэг байлаа. Мөн ӨМӨЗО-ны Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Жөү Чүньжигийн “ӨМӨЗО болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагаа”, МҮОНТВ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын “Монгол Улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт гүйцэтгэх үүрэг” гэх мэт онц сонирхолтой илтгэлүүд тавигдсан.

Цахим хамтын ажиллагааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүд анхаарал татахуйц байж чадсан. “Цахим мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”, “Цахим мэдээллийн хэрэгслийн дижитал шилжилт”, “Цахим мэдээллийн хэрэгслийн чанар, контент хөгжүүлэлтэд анхаарах нь” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа. Монгол, Хятадын сэтгүүлчдийн X форум БНХАУ-д зохион байгуулагдах юм.

Я.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр хаалттай болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болно. Наймдугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хурал хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй шалтгаанаар хойшилсон.

Хоёр дахь удаад наймдугаар сарын 24-ний өдөр товлогдсон хэдий ч Д.Гантулгын дөрвөн өмгөөлөгчийн нэг А.Отгонбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас шүүх хуралд ирээгүй учир өнөөдрийг хүртэл дахин хойшлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

Түүнчлэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьж, байцаалт авахаар болсон байна. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол АТГ-т ирсэн аж.

Эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэгтэй холбоотой ийнхүү хоригдсон байж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Нүүрний булчингаа чангалах арван алхам

Нүүрний булчингаа хэрхэн хөгжүүлэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Эхний 30 секунтэд хөмсгөө дээшлүүлээд дараагийн 30 секунтэд хөмсгөө доошлуулах хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөр 3-4 удаа хийгээрэй.

Алхам №2

Нүдээ аниад зовхин дээрээ хуруугаа зөөлхөн тавь. Үргэлжлэх хугацаа 30 секунт.

Алхам №3

Нүдээ аних хэрэгтэй. Дараа нь зовхио дээш нь тат. Үргэлжлэх хугацаа 30 секунт.

Алхам №4

Шүдээ гаргаж инээ. Дараа нь хоёр гараараа хацраа тат. Үргэлжлэх хугацаа нэг минут.

Алхам №5

Цэх зогсоод “О”, “Е” үсгийг хэлэх хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 10-30 секунт.

Алхам №6

Зургийн дагуу хуруугаа хөмсгөн дээрээ байршуулаад дээшээ доошоо хөдөлгө.

Алхам №7

Цэх зогсоод нүүрээ үрчийлгэх хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 30 секунт.

Алхам №8

Цэх зогсоод уруулаа урагшаа болгох. Үргэлжлэх хугацаа 30 секунт.

Алхам №9

Инээмсэглэх. Энэ бол хамгийн энгийн алхам. Та гэрэл гэгээг өөрөөсөө цацруулж, өөрийгөө эерэг энергиэр цэнэглээрэй. Арьсаа зөв арчлах хэрэгтэй. Та гоо сайхандаа анхаарал тавих хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав. Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.Талууд ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урив.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзлаа

Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супэр сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урьлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Америкийн нэрт теннисчин шүүхэд гомдол гаргана

Австралийн “The Herald Sun” сонин шинэхэн дугаарынхаа нүүрэнд Америкийн нэрт теннисчин Серена Уильямсын шог зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг зургийг шог зураач Марк Книт зурсан ба зургийн тайлбартаа “Арьс өнгөөр ялгаварлагч” хэмээн бичжээ.

Тус сонин хэвлэлтээс буцаж, нүүр хуудсаа дахин өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон гэнэ.

Энэ амралтын өдөр Америкийн нээлттэй тэмцээний финалд Серена, Японы теннисчин Наоми Осакатай учраа таарсан юм. Уг тэмцээнд Осакагийн ялалтаар өндөрлөж, Японоос анхны гранд сламыг хүртлээ.

Тэмцээний дунд үед Серена талбайн шүүгчтэй бүдүүлэг харьцаж, хэл амаар доромжилсон нь олон нийтийг цочирдуулсан гэхэд болно.

Тэмцээний дараахан цахим ертөнцөд тамирчныг УУРТАЙ ХАР ХҮҮХЭН гэж, үйдлийг нь буруутгажээ.

Сонинд нийтлэгдсэн шог зургаас болж Серена дургүйцлээ илэрхийлэн, шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгдэв.

Серенаг ялж дуулиан тариад буй Осакагийн эцэг Гайти, ээж нь Япон юм.

Categories
мэдээ нийгэм

СТАТИСТИК: Монголчуудын дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг

Үндэсний статистикийн хорооноос оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалинг энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1,025,000 төгрөг хэмээн тооцжээ. Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39,700 аж ахуйн нэгж, байгууллагын 636,500 ажилтан хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,500 буюу 4.0%, өмнөх улирлаас 900 буюу 2.4%-аар өссөн бол

  • Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41,700 буюу 7.0%
  • Өмнөх улирлаас 34,400 буюу 5.7%-аар тус тус нэмэгджээ.

Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байгааг доорх график харуулж байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна.

График 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уламжлал ёсоор уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага хэвээр буюу 612.6 мянган төгрөг байна. Дунджаар 1,025,000 төгрөгийн цалинтай иргэн гар дээр хэдэн төгрөг авахыг доор харуулав.

Зураг 2. Нэрлэсэн цалин ба гар дээр ирэх дүнг тооцоолсон байдал.

Зураг 3. Медиан цалинг боддог аргачлал.

Ажиллагчдын тооны бүлгээр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар буюу 1-9 ажиллагчидтай ААН, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 634,500 төгрөг байгаа бол 100-199 ажиллагчтайнх 1.0 сая, 200 ба түүнээс дээш ажиллагчтай томоохон байгууллагуудын дундаж цалин 1.5 сая төгрөг гэсэн судалгааны дүн гарчээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна. Бусад төрлийн байгууллагад ямар байгааг доор график харуулж байна.

Зураг 4. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр.

Categories
мэдээ нийгэм

Маршал, Дүнжингарав орчмын уулзварыг бямба гаригт хаана

‘’Итгэл найдвар, боломж Улаанбаатар” хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр буюу бямба гаригт зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний спортоор хичээллэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой юм.

“Ахиллас Монгол” Төрийн бус байгууллага, “Ариг” банк болон Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран уг марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа аж. Энэ хүрээнд есдүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Газраа чөлөөлсөн 200 гаруй айл орон сууцандаа оржээ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцсан байна.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй цогцолбор хорооллын барилгын ажилтай танилцсанаар ажлаа эхлүүлсэн юм. Тус хэсэгт өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 400 орчим өрхийн 200 гаруй нь орон сууцандаа оржээ. Тус компанийн төлөвлөгөөгөөр энэ онд дахин 170, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Инженерийн шугам сүлжээний ажил хонгилын системээр бүрэн хийгдэж дууссан байна. “Баганат өргөө” ХХК-ийн зүгээс хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг хүсч байсан юм.

Дараа нь тус дүүргийн 13-р хороонд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн барьж буй “Цагаан хуаран” хотхоны барилгын ажлын явцтай танилцлаа. Газар чөлөөлөлт 85 хувьтай явагдаж байгаа аж. Ирэх аравдугаар сард багтаан 528 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв. Газраа чөлөөлсөн айлуудыг өмнөх ээлжийн орон сууцандаа оруулсан байна. Одоо баригдаж буй орон сууцанд дараагийн ээлжийн газраа чөлөөлсөн 14 айл орох юм байна. Харин “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Отгонтуяагийн зүгээс орон сууцны цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Ажлын хэсгийнхэн цахилгааныг ирэх сард бүрэн шийдвэрлэж өгөхөөр шийдлээ.

Мөн тус дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн барилгын ажилтай танилцлаа. Энэхүү барилга нь өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, барилгын ажил удаашралтай байгаа юм. Ажлын хэсгээс үүний талаар тодруулахад арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ “Моннис Урбан девелопмент” ХХК-ийн удирдлагууд хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү иргэдийг хохироож байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд захиргааны арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Зимбабын нийслэлд булчин задрах тахал дэгджээ

Зимбабве улсын нийслэл Хараре хотод булчин задрах тахал буюу холерын тархалт эрчимтэй нэмэгдсэний улмаас онцгой байдал зарласан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Нийслэл хотын зах хэсгийн хүн амын нягтшил ихтэй Глен-Вью болон Будириро дүүрэгт уг өвчний тархалт хамгийн өндөр байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт уг өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш 20 хүн нас барж, 2000 гаруй хүн өвчлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсын бусад бүс нутгуудад ч мөн тархаад байна.

Зимбабве улсын шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Овадия Мойогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, уг өвчний тархалтыг зогсоохын тулд мах болон загасны худалдааг хориглож, өвчинд нэрвэгдсэн бүс нутгийн сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

“Бид Хараре хотод онцгой байдал зарласан. Ингэснээр булчин задрах тахал, гэдэсний хижиг болон бусад төрлийн халдварт өвчин цаашид тархахаас сэргийлэх юм. Дахин хүний амь нас үрэгдэхээс бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж О.Мойо нийслэл хотын эмнэлгээр зочилсныхоо дараа мэдэгдлээ.

Өвчний тархалтын гол шалтгаан нь бохирдсон худгийн уснаас үүдэлтэй ажээ. Өвчин тархсан бүс нутгийн нэрвэгдсэн иргэдийг цэвэр усаар хангахад тусламж үзүүлэхийг НҮБ болон бусад хувийн компаниудаас хүссэн гэж О.Мойо мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд 2008 онд Зимбабве улсад булчин задрах тахал хүчтэй дэгдэж байсан ба тухайн үед ийм өвчин туссан 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас барж байжээ.